Толины бэлгэдэл

Сальвадор Дали – Нарциссын хувирал

Толины бэлгэдэл нь Грекийн Нарциссын домгоос үүдэлтэй. Барууны ертөнцийн бэлгэдэлт объектууд дундаа толь нь нилээн чухал байр суурийг эзэлдэг. Дундад зууны үеэс эхлэн өнөөг хүртэл толь нь улам олон утга бэлгэдэх болж, ач холбогдол нь өссөөр иржээ. 

Толины үндсэн бэлгэдэл нь ерөнхийдөө сөрөг санааг илэрхийлдэг. Нарциссын домгоос үүдээд энэ нь бардамнал, биеэ тоох шуналт нүглийг бэлгэддэг. Гэхдээ толь нь мөн ухамсартай ариун цэвэр ёс журам, дотоодоо танин мэдэх зэргийн эерэг бэлгэдлийн обьект гэгддэг аж.

Италиар толийг specchio гэдэг бөгөөд энэ нь латины specere (ойлгох, харах, ажиглах) хэмээх үгнээс гаралтай. Уг үг бодит байдлыг “ойлгох” хэмээх агуулгатай байгаа нь үндсэндээ танин мэдэхүйн үүргийг нь тодотгож байгаа юм.

Харин францаар Le miroir гэх нь латины mirare (анхааралтай ажих) гэдэг үгнээс үүссэн тул бодол бясалгалын шинжийг илүү тодотгож өгдөг. XVI зууны эхэн үеэс уран зургийг уран баримлаас дээгүүр гэдгийг нотлохыг хүсэгчид өөрсдийн зурагтаа толийг нилээдгүй дүрслэх болсон гэдэг.

Венерагийн ариун цэврийн өрөө – Жоржио Вазари

Дээрх зургийн бэлгэдэл: Толь нь хайрын бурханы чухал хэрэгсэл бөгөөд дурлал, сээтэгнэлийн хүчтэй зэвсэг юм. Мөн толь нь мөнх бус хүмүүст бурханы нүүр царайг харах ганц хэрэгсэл аж. Бурханыг шууд харах нь мөнх бус хүмүүсийн хувьд хориотой бөгөөд шийтгэлд нь сохрох юм уу үхдэг байна.

Эмэгтэйн гурван нас – Ханс Бальдунг Грин

Дээрх зургийн бэлгэдлүүд: Элсэн цаг нь цаг хугацааны эргэж буцашгүй урсгалыг бэлгэднэ. Толинд гоо үзэсгэлэнгийн хэврэг болоод цаг зуурын шинж чанарыг илчилж дэлгэх үхлийн дүр туссан байна. Үхлийн дүрслэл нь газар дэлхийн таашаал цэнгэлийн хий хоосон түр зуурын байдалтай холбогддог. Залуу бүсгүй өөрийн залуу нас гоо үзэсгэлэнгээ бахдан харавч илтэд үхлийг олж харахгүй байна.

Нүглээ наманчлагч Мариа Магдалена – Жорж де ла Тур

Дээрх бүтээл дэх бэлгэдэл: Мариа Магдалена толийг хамгаас зөв хэрэглэх үлгэр жишээ аж. Хэдий залуу бүсгүй ч толинд биеийн хуял тачаалын дэмий хэрэггүйг олж харжээ. Чичигнэн буй дөл, лааны утаа нь амьдралын хий хоосон шинж чанартай холбоотой. Гавлын яс нь амьдралын төгсгөлийн бэлгэдэл. Сүнс болоод сэтгэлийн толь нь дотоодоо таньж мэдэх хэрэгсэл. Ёс журам гэгээрэлд хүрэх эхний алхам нь үндсэндээ өөрийн дотогш өнгийхүй ажээ.

  • Матильд Баттистинийн “Symboles et allégories” номноос

Сэтгэгдэл бичих