Herpes Simplex вирус

Грек хэлний herpein буюу “мөлхөх” гэсэн үгнээс энэ вирусын нэр гаралтай. Herpes Simplex вирусын 2 төрөл байдаг (HSV1 ба HSV2). HSV-ийн 2 дэд ангийг серологи дээр үндэслэн гаргажээ. Энэ вирус нь ямар ч амьтны ямар ч төрлийн эс дээр ургаж чаддаг ажээ.

Лабораторид энэ 2 төрлийн серотипыг ургуулахад хоёр өөр үр дүнг үзүүлдэг байна. HSV1 нь мэрэгчдийн эсийн өсгөвөр дээр илүү нейровирулент байдаг байна. HSV1 нь эдийн өсгөвөр дээр эсүүдийг дугариг хэлбэрт оруулдаг байхад HSV2-ээр халдварлагдсан эсүүд хоорондоо наалддаг байна.

Бүтэц, шинж чанар 

  • Вирион нь 4 үндсэн хэсгээс бүрдэнэ – бүрхүүл, тегумент, нуклеокапсид, ДНХ агуулсан цөм.
  • Эдгээрээс нуклеокапсид нь 105 нм-ийн диаметртэй бөгөөд 162 капсомерээс тогтоно.
  • ДНХ-ийн молекул нь 150 кbp урттай ба 100 хүртэлх уургийг кодлодог (нарийн тоог гаргаагүй).
  • HSV-ийн геном нь олон урт болон богино сегментүүд тал тал тийшээ чиглэн байрласан байдаг.
  • HSV1 ба HSV2 хоёрын геномын 70% нь гомолог байдаг.
  • HSV-ийн антигенүүдийн зарим хэсэг нь бусад герпес вирусуудийнхтай, ялангуяа варичелла (VZV)-тай адил байдаг.

Халдварлалтын үе шат

Үндсэн халдварлалт

Хүн бол НSV-ийн цор ганц байгалийн эзэн юм. Вирус нь хүрэлцэснээс нэг хүнээс нөгөөд дамжина. Гол дамжуулагч нь арьсны болон салслаг бүрхүүлийн мембраны үлдэгдэл юм. Халдварласан тохиолдолд акантолиз явагдаж цэврүү үүсдэг. Цэврүү хагарснаар хомхой долоосныг илтгэх хагархай цэврүү бий болдог. HSV халдварласан хэсгээс бусад хэсэг рүү дамжих нь элбэг. Гэхдээ тархи руу вирус халдварлахгүй л бол гадаад шинж тэмдэг ор үндэсгүй арилдаг.

Хомхой долоосон хүн бусдад вирусыг маш амархан халдааж болно.  Хомхой долоосон үед болон цэврүү арилсны дараах хэд хоногт үнсэлцэх, аяга таваг дундаа хэрэглэх, хүрэлцэх байдлаар шууд халдана. Хомхой долоосон үед гараа байнга угаах хэрэгтэй бөгөөд цэврүүнд гараа хүргээд дараа нь нүдэндээ хүргэх тун аюултай.

Нуугдмал үе

HSV дархлааны системийн үйлчлэлээс зугтан тодорхой эсүүдэд нуугдмал хэлбэрээр үлдэх нь элбэг байдаг. HSV-ийн нуугдмал хэлбэрт орох нарийн механизмыг тодруулаагүй байна. Вирусын нуугдмал байдал нь:

а. Бодит нуугдмал байдал – вирус эзэн эсийн хромосомд интеграцилан репликаци явуулахгүй байдалтайгаар оршино.

b. Динамик нуугдмал байдал – вирус олшрох боловч нарийн зохицуулгаар эсийг задлахгүйгээр байх.

Дахин сэргэлт

HSV-ийн дахин сэргэлтэд нөлөөлөх хүчин зүйлүүд:

    1. Стресс (бие болоод сэтгэл санааны)
    2. Пневмококкийн халдварлалт
    3. Менингококкийн халдварлалт
    4. Халуурах
    5. Цацраг идэвхт бодис, хэт ягаан туяа, нарны гэрэлд шарагдах гэх мэт.

Тархалт

HSV нь хүрэлцэх замаар дамжина. Вирус нь шүлс, нулимс, үрийн шингэн зэргээр дамжиж болно. Вирус үнсэлцэх замаар дамжих нь элбэг байдаг. HSV1 нь бүсэлхийнээс дээгүүрх хэсгүүдэд, HSV2 нь бүсэлхийнээс доогуурх биеийн хэсгүүдэд халдварладаг байна.

Анхдагч халдварлалт

Анхдагч халдварлалт нь 0-5 насанд, өсвөр насны сүүл үеийн аль нэгэнд тохиолдох нь элбэг. Энэ үед вирус эрчимтэй олшрох боловч үндсэн халдварлалт нь ихэвчлэн клиник шинж тэмдгийг үзүүлдэггүй. Бага насны хүүхдэд вирусыг тээсэн насанд хүрэгч ганц удаагийн үнсэлтээр л HSV вирусыг халдварлуулж болдог. Залуу насанд хүрэгчдийн 10% нь өсвөр насны сүүл үедээ вирусыг бэлгийн замаар авсан байдаг. Анхдагч халдварлалт аваагүй 30-аас дээш настай хүмүүст анхдагч халдварлалт үүсэх нь маш ховор.

Давтан халдварлалт

Анхдагч халдвар авагсдын дотроос амаар дамжин вирусыг авсан хүмүүсийн 45%-д, бэлгийн замаар вирусыг авагсдын 60%-д вирусын халдварлалтын шинж тэмдэг илэрдэг. Энэ шинж тэмдэг илрэх явдал нь хувь хүнээс ихээхэн хамааралтай. Дахин шинж тэмдэг илрэлт дунджаар жилд 1-2 удаа илэрдэг бөгөөд нас ахих тусам буурна. Зарим хүмүүст ямар ч шинж тэмдэг илэрдэггүй атлаа вирусыг дамжуулсаар байдаг.

Клиник шинж тэмдэг

Доорх шинж тэмдгүүд HSV-ийн халдварлалтын үед ажиглагдаж болно:

1. Хурц гингивостомаз
2. Herpes Labialis (хомхой)
3. Ocular Herpes (харааны герпес)
4. Cutaneous herpes (арьсны герпес)
5. Mенингит
6. Энцефалит

1. Хурц гингивостомаз нь анхдагч шинж тэмдгийн хамгийн түгээмэл хэлбэр юм. Энэ үед тагнайд цэврүү үүсэх, буйлнаас цус гарах, хүзүүний булчирхай халуурснаас болж томрох, 1-8 мм урттай некротик суурьт цэврүү ам, хэлэн дээр гарах зэргээс гадна хоолой өвдөх, улаан хоолой нарийсах (dysphagia) зэрэг шинж тэмдэг илэрч болно. Энэ хурц хэлбэрийн шинж тэмдэг илрэлт 13 хүртэлх хоногоор үргэлжилдэг.

2. Уруул, хүзүү, нүүр, хамар, чих хавьцаа herpes simplex вирус халдварладаг. Үүнийг хомхой гэж нэрлэдэг. Үүсгэгч агент нь нүүрний нервт үлдэж дахин дахин хомхойг үүсгэдэг. Өвчин намдаах лосьоныг эс тооцвол үүнийг эмчлэх эмчилгээ одоохондоо бий болоогүй байна.

3. Окуляр герпес нь хөнгөнөөс хүнд хэлбэр хүртэл илэрдэг:

  1. Анхдагч HSV кератитис – Энэ тохиолдолд өвчтөний нүдэнд ямар нэг зүйл орсон мэт мэдрэмж байнга төрдөг. Үүнээс гадна өвдөлт, фотофобиа (хурц гэрлээс айх), лакримаци (нулимс гоожих) зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Энэ шинж тэмдгүүд 3 долоо хоног хүртэл үргэлжилж болно.
  2. Давтагдсан HSV кератитис – Энэ бол офтальмиан хүнд хэлбэр юм. Энэ нь дендритлэг болон стромал хэлбэртэйгээр илэрнэ. Дентритлэг хэлбэрийн үед хараа муудах шинж тэмдэг илэрдэг бол стромал хэлбэрийн үед нүдний эвэрлэг бүрхэвчийн опаципикаци, эвэрлэг бүрхэвчийн утаслагуудын некроз явагдаж эвэрлэг бүрхэвч ихээр гэмтэхэд хүргэдэг.

4. Герпетик дерматит нь HSV-ийн халдварлалтын үеийн энгийн шинж тэмдгүүдийн нэг юм. Нүүр, гуяа, салтааны хэсгээр цэврүү үүсэх нь элбэг.

5. Herpes simplex-ийн менингит нь ихэвчлэн хөнгөн хэлбэрийн асептик менингит байдаг ба HSV1 ба HSV2-ийн бэлгийн замаар авсан анхдагч халдварлалтаас үүдэлтэй байдаг (ихэнх тохиолдолд HSV2-оос үүдэлтэй байдаг).

6. Энцефалит (тархины үрэвсэл)

HSV-ээс үүдэлтэй энцефалитын (HSE) хамгийн түгээмэл хэлбэр нь хүнд фокаль сүйтгэх энцефалит юм. Энцефалит нь хурц болон архаг хэлбэрээр илэрдэг. Энэ өвчнөөр өвчлөгсдийн 70% нь нас бардаг бөгөөд амьд үлдэгсдийн хувьд мэдрэлийн архаг үрэвсэлтэй үлддэг байна. Шинж тэмдэг эхлээд толгой өвдөх, халуурах, зан чанар өөрчлөгдөх мэтээр илэрч байсан бол өвчний хүнд үед гар хөл татах, парези (биеийн аль нэг хэсэг мэдээгүй болох), яриа нь ойлгогдохгүй болох мэтийн шинж тэмдэг илэрч эцэст нь комад орох нь бий.

Оношлогоо

1. Гэрлийн микроскопоор оношлох нь

Эсэд үзүүлж буй цитофатик эффект

Гэмтсэн эдээс авсан дээжийг гэрлийн микроскопоор харахад Лифщутцийн бие илэрдэг. Вирусаар халдварлагдсан эсүүд хөөж, бөмбийсөн байна.

2.Электрон микроскопоор оношлох нь

Цэврүүнээс авсан шингэн дотроос вирусыг илрүүлдэг ч яг ямар төрлийн вирус гэдгийг тогтоох боломжгүй.

3. Шууд антигенээр тодорхойлох

Эпителийн эсээс HSV-н антигенийг эерэг иммунофлуоресценцийн тестээр тогтоох нь

Ацетоноор дээжийг үйлчилнэ. FITC нь ихэвчлэн фиксацилсан материалыг будахад хэрэглэгдэнэ. Энэ нь гэрлийн болон электрон микроскодийг бодвол илүү нарийн тодорхойлно (90%-ийн нарийвчлалтай).

3 thoughts on “Herpes Simplex вирус

Сэтгэгдэл бичих