Жак Лакан (1901-1981)

“Дэлхийн өнөөгийн урлаг, утга зохиолын психоаналитик шүүмжийн ихэнх нь Лаканиан.”

– Славой Жижек

Дэлхийн хоёрдугаар дайны дараачаас Францын психоаналист Жак Лакан (Jacques Lacan – Лакон гэж дуудна) өөрийн гаргаж ирж, хөгжүүлсэн “структураль психоанализ”-аараа эхлээд европ даяар, дараа нь Америкийн элит их сургуулиудын дунд ихэд алдаршиж байв. Тэр цагаас хойш Лаканы бүтээл сэхээтнүүдийн мэтгэлцээн маргаанд томоохон байр суурь эзлэх болжээ. Хэдий Лаканиан хэмээн нэрлэгдэх болсон үзэл баримтлал, онол нь ихээхэн маргаан дэгдээдэг ч өнөө үеийн дэлхийн психоанализ, гүн ухааны салбарт нөлөөллөө хадгалсаар байгаа юм.

Lacan

Жак Лакан 1901 онд Парист төржээ. Тэрээр их сургуульд анагаах ухаанд суралцаж, дараа нь Сэн-Аннийн эмнэлэгт сэтгэл мэдрэлийн эмчээр мэргэшсэн байна. 1932 онд докторын зэрэг хамгаалахдаа бичсэн “Паранойд сэтгэцийн өвчлөлийн хувь хүний зан чанартай холбогдох байдал” нэрт шинжилгээний ажлыг тухайн үеийн психоаналистууд авч хэлэлцээгүй боловч уран бүтээлчдийн дунд, ялангуяа сюрреалистуудын дунд ихээхэн алдаршсан бүтээл болжээ.

Лакан хамгийн зүүн талд зогсож буй нь
Лакан хамгийн зүүн талд зогсож буй нь

Мөн энэ үедээ тэрээр сюрреалист Андре Бретон, зохиолч Жорж Батаи нартай нөхөрлөжээ.

lacan freud

Лакан Фройдын адил өнгөрсөн амьдралынхаа олон баримт сэлтийг олж устгасан нэгэн. Гэвч Фройдоос ялгаатай нь хожим бага болон ид залуу насны үеээ огт дурсаагүй юм.

sylvia

Лаканы амьдралыг тойрсон элдэв цуурхал, домгууд нь үнэн худал эсэхийг батлах боломжгүй. Жишээ нь Дэлхийн 2-р дайны үед Сильвиа Батаи хэмээх жүжигчинтэй ургуулсан хайр сэтгэлийн холбооны талаарх бие биетэйгээ эсрэгцэх олон дам яриа байдаг.

borromean-knot

Лаканы хүний оршихуйн гурван дэг:

  • Хоосон талбар (Фройд)

Дүр дүрслэл, тусгал, төсөөлөл, хуурмаг илэрхийллийн талбар.

“Хөндийрөл бол хоосон талбарын нэг хэсэг.” – Лакан.

  • Бэлгэдлийн талбар (Фердинан де Соссюр)

Хэлний талбар. “Хүний нийгмийг захирах хууль болон бүтэц нь бэлгэдлийн хэрэглүүргүйгээр оршихгүй.” – Ж.Л

  • Бодит

Хоосон талбарын эсрэгцэл. Бодит байдал гэдгээс өөр ойлголт. Бэлгэдлийн талбарын гадаад хэсэг.

Энэ гурван дэгээс тодорхойлогдох нэг зүйл нь хүн бол нийгэм соёлтой салшгүй холбоотой организм. Мөн хүний үнэт зүйлс нь бүгд бэлгэдлүүд буюу хэлний тодорхойлох тэр зүйлс болохоос биш бодит материаллаг зүйлс биш юм.

mulvey_graph2_mirror_stage

1934 онд Лакан өөрийн психоаналист онолын амин зүрх болсон “толин үе шат”-ны ойлголтын анхны хувилбарыг боловсруулжээ. Дайны үеэр нам жим байж байгаад дараагаар нь өөрийн “толин үе шат”-ын тухай онолын илүү нарийн төвөгтэй хувилбарыг нийтэд дэлгэсэн юм.

“Толин үе шат” гэдэг нь нярай хүүхэд өөрийгөө толинд хараад биологийн организм гэдгээ хэрхэн ухаарах явдал нь тухайн хүүхдийн ирээдүйн сэтгэл санааны хөгжлийг тодорхойлогч томоохон ач холбогдолтой хэмээх онол юм. Хүүхэд энэ үедээ (ойролцоогоор 6-8 сартайд) өөрийн эцэг эх нь бүхий л шаардлагыг нь биелүүлэх боломжгүй гэдгийг мэдэрч, хэл яриа эзэмших ёстойг ухаардаг байна.

babysee6w1abc

Фройдын онолын дагуу Эдипийн үе шатанд хүүхдийн сэтгэлзүйн дүр төрх бүрэлддэг гэж үзэгсэд Лаканы энэхүү шинэ хувь нэмрийг огт үнэлээгүй юм.

Лаканы хувьд хүүхэд биеэ бүрэн дүүрэн удирдаж сураагүй атал өөрийгөө толинд хараад таньж байгаа нь хүүхэд обьектификациар Эгог бүрэлдүүлж эхэлдэг. Энэхүү Эго нь толинд харсан өөрийн тусгал, сэтгэл хөдлөлийн мэдрэмж хоёрын зөрчлөөс үүсэж байгаа аж.

Нярай хүүхэд өөрийн хүслээр бие махбодио удирдаж чаддаггүй нь түүнд ширхэглэг (цогц бус), арчаагүй мэдрэмжийн анхны хувилбаруудыг мэдрүүлнэ. Гэвч хүүхэд анх удаа толинд харахдаа өөрийгөө бүрэн бүтэн организм хэмээн мэдэх бөгөөд эхлээд энэ организмтай өрсөлдөж эхэлнэ. Өрсөлдөөний үр дүнд хэрцгий зан чанар илрэх магадлалтай бөгөөд хүүхдийн сэтгэл санаа тогтворгүйжиж эхэлнэ.

L schema

Учир нь тусгалыг хүүхэд өрөөл гэж хүлээн авч, хөндийрөл мэдэрнэ. Гэвч өрөөл нь үнэндээ хоосон тусгал бөгөөд энэхүү хоосон талбарын хүчээр хүн болох анхны шатыг давдаг юм.

Харин хүүхэд толинд дахин дахин харахдаа тэрхүү бүрэн бүтэн тусгал, дүр зургийг өөрөө хэмээн хүлээн зөвшөөрсөн цагт өрсөлдөөн сарниж, хүүхэд баяр баясалд автана. Толин тусгал ийнхүү хүүхдийг аажмаар өөрийн Би-г бий болгоход тус дэм, таяг болж өгдөг. Хүүхэд толин тусгалаа өөрийн ирээдүй хэмээн харж бүрэн бүтэн байдал руу тэмүүлж эхлэнэ. Анх өөртэй нь эсрэгцсэн толин тусгал өөртэй нь нэгдсэн цагт хүүхдийн Эго ийнхүү бүрдэнэ.

Мөн толинд хүүхдийг харуулахад тэврэх насанд хүрэгч байх цагт хүүхэд өөрийгөө толин тусгалтай нэг хэмээн баярлахын сацуу насанд хүрэгч рүү өөрийн ирээдүйн бүрэн бүтэн, чадварлаг байдлын илтгэл болох Өрөөл хэмээн хардаг.

LAcan 2

Лакан удалгүй бага насны үеийн далд ухамсарт шигдсэн сэтгэлзүйн шархыг эдгээхийн тулд өвчтөнүүдтэй өөр арга барилаар хандаж эхэлсэн тул 1953 онд Олон Улсын Психоаналитик Холбооноос хөөгджээ.

Лаканы психоаналитик онол нь Фердинанд де Соссюр*-ын структураль лингвистик (хэл шинжлэл)-ийн нөлөөллөөр хөгжсөн гэдгээрээ бусад психоаналитик онолоос эрс ялгардаг. Структурализм нь хүний нийгмийн элементүүд нь бүгдийг багтаах систем буюу бүтэц (структур)-тэй ямар харилцан хамааралтай гэдэг талаасаа тайлбарлагдаж, ойлгогдох юм гэдэг парадигм (тогтсон үзэл) юм. Структураль лингвистикүүд нь харин хүний хэл ярианд илрэх нийтлэг оюун санааны бүтцийг системтэйгээр тодорхойлох гэж оролддог ажээ. Тэд хэл ярианы тэмдэг (агуулга) болон илэрхийлэмжийн дагуу дээрх хүний оюун санааны нийтлэг бүтцийг тайлбарлана хэмээдэг байжээ.

lacan

Лакан өөрийн анхаарлыг “ухамсаргүйн хэл яриа” хэмээх ойлголт дээр хандуулсан юм. 1950-иад оноос эхлэн Лаканы олон нийтэд хандан тавьсан семинарууд нь ихэд алдаршсан бөгөөд 1960-аад оноос 2000 оныг хүртэл Парисын интеллектүүдийн дунд Лакан болон психоанализ томоохон байр суурь эзэлж байв.

Фройд болон түүнийг дагагсад уран бүтээлчдийг ба тэдний бүтээлийг психоанализ талаас нь оношилж байсан боловч Лакан тэс өөр арга барилыг энэ салбарт гаргаж тавьжээ. Лаканы структураль лингвистик арга нь урлагийг үнэлж цэгнэхэд нь зүйрлэлийн болон метонимик** чиглэл рүү олонтоо үсэргэсэн гэдгээрээ тун сонирхолтой.

Picture1

Эдгар Аллан Погийн “Гээгдсэн захиа” (The Purloined Letter) нэрт өгүүллэгт анализ хийсэн Лаканы алдартай семинар нь Америкийн утга зохиол шүүмжлэгчдэд ихээхэн нөлөөлсөн гэдэг.

Лакан нэгэнтээ “Психоанализ нь хэлтэй адил бүтэцтэй (структур)” хэмээсэн нь үнэндээ аналист болон өвчтөний далд ухамсрын харилцааг илтгэж байгаа юм.

* – Швейцарын хэл шинжээч, гүн ухаантан. 1950-иад оныг хүртэл дэлхийн хамгийн томоохон хэл шинжээчээр нэрлэгдэж байв. Гэвч өнөө үеийн хэл шинжлэлийн шинэ арга барил Соссюрийг бараг бүрэн үгүйсгэжээ.

**- Метонимийн ойлголт нь ямар нэг зүйлийг өөрийнх нь бус өөр нэрээр тодорхойлох явдлыг хэлнэ. Жишээ нь Холливүд гэдэг үг нь үнэн хэрэгтээ Америкийн кино үйлдвэрлэлийг илтгэдэг.

Сэтгэгдэл бичих