Караважжогийн ороо бусгаа амьдрал

Итали, 1606 он, Микеланжело Меризи да Караважжо зугтсаар явна. Түүнд ял тулгах гэсэн хүмүүс замаар нь мөшгөнө. Өөрийн огцом уур хилэнгээс болж энэ суут уран бүтээлч олон хэрэг төвөгт холбогдож явав. Харин энэ удаад тэрээр хүн амины хэрэгт холбогдсон ажээ.

Түүний толгойг авчирсан хүнд асар их үнэ амалж байсан цаг. Караважжо Ромыг орхиод аюулгүй байж болох өөр Италийн хотуудыг зориод байлаа. Караважжо зугтаж явахдаа ч өөрийн хамгийн сайн чаддаг зүйлээ л хийсээр байв…

Католик сүм дэх зургууд дан ганц урлагийн бүтээл биш чухал үзэл суртлын зэвсгүүд байсан юм. Ийнхүү 17-р зууны эхэн үед Ромд сүмүүдийг сэргээн засварлаж, заримыг нь шинээр барихдаа олон мянган зургаар чимэх болжээ. Энэ зургууд л католик итгэлийг хамгаалах ёстой байлаа. Гэхдээ Ватиканаас гадуур, өндөр сүм, харш болон тэндхийн язгууртан, хамба лам нараас гадуур тэс ондоо Ром оршин байлаа. Бохир заваан, дуу шуу ихтэй, зуу зуун мянган ядуус, дундаж иргэд зах зээл, гудамжаар хөлхөлдөх тэрхүү Ром. Муу дарс, муухай үнэр, хулгайч нар, дургүй хүргэсэн нэгнийхээ хоолойг хормын дотор л огтолж мэдэх хөлсний цэргүүд, гуйлгачид, гудамжны бүжигчид, дэмий сэлгүүцэгчид, биеэ үнэлэгч нарын Ром. Энэ Ром л Тибр мөрний урсгалыг дагаж амьдрах, өөрсдийн амьдралын урсгалыг мөн дагах боловсрол нимгэн, бүдүүлэг ардын Ром байлаа.Ром, 1600 он. Христийн шашны түүхэн дэх хамгийн аугаа үзэл суртлын аяны гол цөм хот урьдын адил Ром хэвээрээ. Католик сүмүүдийг Хойд Европын Протестантууд эзлэн түрэмгийлж эхэлсэн үе. Протестантуудын гаргаж ирсэн санаа нь гэвэл “Зөвхөн үг л бүхнээс ариун, Христэд итгэгчийн хувьд хэвлэмэл библи хамгийн бодит үнэнийг илтгэгч, ханан дээрх зургууд бол оюуныг сатааруулагч, бүгдийг нь устгавал таарна”. Протестантууд ингэж л хэлж байлаа. Тиймээс ч Протестант сүмүүд ихэвчлэн хүйтэн хөндий, зураг чимэггүй байдаг биз. Католикууд энэ бүгдийн өөдөөс хариу хэлсэн нь “Бичиг үсэг мэдэхгүй олон сая хүмүүс яах болж байна? Тэд ч гэсэн аврагдах ёстой биз дээ? Ядуус бурханы амьдралын дүр зургуудийг үзэх эрхгүй гэж үү?”

Караважжо ч энэ Ромын л нэг хэсэг байв. Хямдхан өрөөнд амьдарна. Бусад амжилтгүй зураачдын хамт архины мухлагт өнгөрөөсөн согтуу хөлчүү шөнүүд үргэлжилнэ. Хийсэн бүтээсэн зүйлгүй олсноо л гударч сууна. Тэд уриагаа гудамжаар дүүрэн эрээчиж явна: Nec Spe, Nec Metu – Найдвар үгүй бол айдас үгүй. 

Караважжогийн хөрөг (1621) – Оттавиа Леони

Мэдээж, суут зураач маань ийм газар төрөөгүй. Тэрээр Ломбарди дахь жижигхэн тосгон Караважжод төржээ. Эцэг нь тэр хавийнхаа том язгууртны эдлэн газар, гэр оронг хардаг ажилтай. Тийм ч ядуу биш, баян ч биш. Гэсэн ч тахал ямар ч найдварыг үгүй хийнэ. Караважжог дөнгөж 5-тай байхад тахал түүний эцэг, өвөг эцэг хоёрыг нь нэг өдөр л аван оджээ. Түүнийг 19-тэй байхад ээж нь нас барж хүүхдүүд нь ийш тийш таржээ. Караважжо Миланд зураачийн туслахаар хэсэг ажиллах болов. Гэхдээ чадалтай зураач болгон нь Ром руу явдаг нь ёс болоод байлаа.

Караважжо Ромд 1593 онд иржээ. Ирэхээс нь өмнө аугаа зураач болохын тулд юу хийх ёстойг нь хэн нэгэн хэлсэн байж таарна. Эхлээд хуучны баримлуудыг хуулж зур. Тэд Хаа сайгүй л байлаа. Хоёрдугаарт их мастеруудыг хуул. Жишээ нь Рафаэлийн зураг бүрийг хуулж болох юм. Энэ бүхний эцэст залуу зураач урлагийн гол зүйл болох төгс зохицол, үзэсгэлэн төгөлдрийг ойлгож таарах байлаа. Тэнгэрлэг ариун байдлыг бийр будгаар төгс бүтээх чадалтай болсон нэг нь хамгаас хэрэгтэй газарт нь зориулж бүтээлээ туурвих ёстой байв. Сүмд зориулж.

Гэвч Караважжо арай өөр бодолтой байлаа. Диваажин ямар вэ гэдгийг хэн эргэлзээгүй мэдэх юм бэ? Түүний мэдэх зүйл нь Өнөө цаг, өдөр тутмын аж ахуй л байлаа. Энэ л түүний урлагийн гол  утга учир болох болно. “Зурах” хэнд хэрэгтэй юм бэ? Караважжо амьдралдаа хэзээ ч “зурж” байсангүй. Тэр зүгээр л бүгдийг маш гярхай ажигладаг байлаа. Дараа нь тэрээр бүтээн туурвина. Нэг удаа түүнээс Уран зураач ямар хүмүүсийг бүтээлдээ тусгах хэрэгтэй вэ? гэж асуухад тэр гудамж руу зааснаа “Тэднийг” гэж хариулжээ. Караважжо тэднийг л урландаа авчирч зотон дээрээ амьдруулдаг байв. Үүрд мөнх.

Жимстэй сагс барьсан хөвгүүн (1594)

Караважжогийн “Жимстэй сагс барьсан хөвгүүн” зураг нэг л тав тухгүй. Энэ зураг Сэргэн мандалтын үеийн мастеруудын хээнцэр бүтээлүүдээс нэг л өөр. Бүр анхнаасаа л Караважжо бүтээлээ уламжлалт маягаар туурвихыг хүсээгүй нь энэ.

Бахус (1597)

Харин энэ бол Караважжо Сонгодгуудыг дахин дахин хуулахыг эсэргүүцэж байсны нэг баталгаа. Тэрээр өөрийнхөө хөргийг Дарсны бурхан Бахусаар дүрсэлжээ. Бахус нь үржил шим, зугаа цэнгэл, залуу нас, гоо үзэсгэлэнг илтгэх бурхан. Мөн яруу найраг, дуу хуур, уран зурагт онгод оруулагч.

Харин энэ бол Караважжогийн хувилбар. Мөнхийн залуу насны оронд тэр тэс эсрэг дүр төрхийг гаргаж иржээ. Өвчтэй царай. Арьс нь ногоон туяатай, уруул нь саарал, нүд нь ядруу, хүчээр инээмсэглэх гэж оролдсон царай. Хүний дүр төрх дээр тулгуурлан бурханы дүрийг бүтээхийн оронд Караважжо тогтсон нэгэн бурханы ойлголт, дүр төрхийг аваад дэндүү энгийн хүн болгон хувиргажээ. Наргиж цэнгэсний эцэст өглөө нь шартаж, бие нь муу босож байгаа эр.

Тэр усан үзмийг нь бас хараарай. Зэрвэс харахад зүгээр ч юм шиг. Гэвч сайн харвал муудаж эхэлсэн нь илт болно. Бас жимс барьсан гар нь завсраа хиртэй, тослог хумстай байх ажээ.

Хойд Италийн зураачид ур чадвар сайтайгаараа алдартай байв. Тэдний натюрмортууд тун сайн. Гэхдээ Караважжогийн натюрмортууд ямар байсан юм бол? Тэрээр мэдээж өөрийнхөөрөө л зүтгэсэн байж таарна.

Сагстай жимс (1596)

Урлаг гоо үзэсгэлэнг бэлгэдэх чанарыг тэр сөрж сагстай жимсийг үхэл, амьдралын хүчтэй драм болгон хувиргажээ. Караважжо тогтсон хязгаарыг тэлж, уран зургийн талаарх тогтсон ойлголтыг эвдэж эхэлсэн нь энэ. Ийм хурц дүрслэлтэй түүний зургуудийг чанар чансаа харж явдаг гярхай нүдтэнгүүд анзаарахгүй байж чадсангүй. Баян ганган хамба лам Франческо Мариа дел Монте анх Караважжогийн бүтээлийг өндөр үнээр худалдаж авсан анхны хүний нэг. 16, 17-р зуунд Хамба лам нар сүмд биш харин асар том орд харшид амьдардаг байлаа. Тэрхүү орд харшдаа яруу найрагч, зохиолч, уран зураачдыг цуглуулах их дуртай. Хэрсүү нүдэт Дел Монте урлагийн бүтээлийн худалдаачдын дундаа ч их нэр хүндтэй байлаа.

Хөзрийн булхай (1594)

Нэгэн худалдааны үеэр Хамба ламын нүд нэг бүтээл дээр тусжээ – “Хөзрийн булхай”. дел Монте энэ бүтээлийн өнгөний уран зохицол, тохуурхсан байр байдал, хошин егөө дүрслэлийг нь тоолгүй явж чадаагүй юм. Хамгийн гол нь тэрээр энэ хүмүүсийг хажуудаа байгаа юм шиг л мэдэрчээ. Гэнэн царайтай мэхлүүлж буй хөвгүүн, донжтой хувцасласан овжин хөзөрчин түүний нүдний өмнө дахин амилна.

Хамба лам Караважжогийн зургийг худалдаж авсан бөгөөд дараа нь түүнд татгалзахааргүй санал тавьжээ. Хамба лам Караважжог харшдаа нүүж ирэхийг урьсан байна. Яруу найрагч, гүн ухаантнууд гээд Ромд байж болох хамгийн том сэхээтнүүд энд цуглана. Гайхалтай гал тогоо, тансаг хангамж, уйдах зав гарахгүй мөчүүд, бас хөгжим, чи хөгжимд дуртай л биз дээ? Караважжо уухайн тас зөвшөөрөлгүй яах вэ. Караважжо хөгжимд аргагүй дуртай нэгэн байжээ.

Хөгжимчид (1595)

Караважжо энэ зурагтаа хөгжимчдийн нэгний дүрээр ардхантай нь сууна. Залуус хайрын дуу дуулж байгаа гэдэгт эргэлзэх хүн гарна гэж үү? Гол дуучин маань дуундаа уяран нүдэнд нь нулимс цийлэгнэжээ. Ромд өчнөөн л олон пийпаа барьсан хөвгүүдийн зураг байлаа. Гэхдээ энэн шиг нь хэзээ ч байгаагүй юм. Энэ зураг дээрх бүх юм бидэнд нэг л дотно. Дөрвөн залуу сууж байхыг хараад та “Уучлаарай, саад болохыг хүсээгүй юм шүү” гээд гарах гэтэл “Үгүй дээ, ороод ир, бид зүгээр л бэлдэж байна” гэж хэлэх мэт. Энэ зургаар Караважжо үзэгч, зураг хоёрын дундах хаалтыг үгүй хийсэн юм. Караважжогийн бүтээл зургийн тогтсон жаазны барилтыг зад тэлсэн нь энэ. Тэгснээрээ хөндий байдлыг арилгаж зураг танд шууд хүрэх болно.

Гэгээн Матвейн дуудлага (1599-1600)

Дел Монтед зориулж царайлаг хөвгүүд зурж өгөх бол нэг хэрэг, харин Ромын том сүмүүдэд зураг зурна гэдэг бас нэг өөр хэрэг. 1599 онд Караважжо Сан Луйжи сүмийн харъяа Контарелло дуганд Гэгээн Матвейгийн амьдралыг харуулсан хоёр зураг туурвих ажилд шалгарчээ. Энэ ажил нь түүнийг маш чухал газар буюу Сүмд өөрийнхөө шинэ төрлийн урлагийг хүргэж чадах эсэхийн шалгуур болох байлаа. Өөрөөр бол Хүмүүсийн итгэл үнэмшлийг бататгаж, бишрүүлж чадах эсэхийн шалгуур.

Гэгээн Матвейн төлөө боссон дуган сүмийнхний хувьд толгойных нь өвчин болоод байв.  Сүмийг чимэглэх гайхалтай зургийг хэн зурах ёстой вэ? “Ариун Матвей диваажин руу дээш ширтэн, үүлэн дээгүүр зуу зуун сахиусан тэнгэрүүд ниснэ”. Энэ бол Лам нарын анхлан хүссэн зүйл нь. Гэтэл Караважжо ийм зүйл хийж чадахгүйгээ сайн мэдэж байлаа. Мухардсан тэрээр өдөр тутам очдог нэг газраа очив. Архины мухлаг руугаа орж ирэх тэрхэн үед нь Христ Матвейг дуудах тэр мөч санаанд нь оржээ.

Матвей нь Христийн арван хоёр найдангийн нэг байсан бөгөөд эцгийнхээ адил татвар цуглуулагч байлаа. Ийм үед нь л Христ түүнийг дуудсан хэрэг. Гэгээн Матвей Евангелист хэмээн хожмоо алдаршсан тэрбээр энэ үед гэгээрсэн нэгэн биш харин нүгэлтэн байсан юм. Энэ бүгд Караважжогийн оюун санаанд анхлан зураглагдсан нь ойлгомжтой. Сүмийнхний хайж байсан бас нэг зүйл болох Энгийн аж амьдралаас ариун дүр зураглалыг гаргаж ирэх нь Караважжогийн хамгаас сайн чадах зүйл байв.

Ямар нэг бодит бус ариун газар Матвейг дуудах дүр зургийн оронд Караважжо Есүс Христийг 16-р зууны Ром дахь нэгэн харанхуй өрөөнд авчирсан нь энэ. Мөрийтэй тоглоомч, бас бус хүмүүс нэгэн том мөчийн гэрч болж байна. Гэтэл зарим нь хоёр нууцлаг хүн болох Христ, Петр хоёр ирснийг ч анзаарахгүй. Хуруугаараа өөрийгөө заасан нь татвар цуглуулагч Матвей. “Хэн би юу?” “Тийм ээ, чи Матвей. Өөдгүй амьтан. Энэ ажилд ариун гэгээнтэн хэрэггүй, чам шиг л дорд нэгэн хэрэгтэй.”

Яг энэхүү ухаарлын мөчийг гаргахдаа Караважжо бас нэгэн суут сэдэл олжээ. Христ дээр гэрэл өгөхийн оронд харанхуйд нуучихъя. Христийн дүрийг бага харах тусам бид түүний заах хуруунд анхаарлаа төвлөрүүлнэ. Энэ хуруунаас л гэгээрэл мэдрэгдэх ёстой. Энэ хуруу л нүгэлт Матвейг Христийн найдан болгох ухаарлыг олгоно. Тэгэхээр гэрэл юу юунаас илүү чухал. Бусад тод гэрэл дэндүү цэвэр, хурц тул биднийг мөнгө авах гэж буй нүдний шилтэй эр шиг ойрын харалган болгоход хүргэнэ. Энэ зургийн тайлбар театр, эсвэл киноны тайлбар мэт сонсогдож байвал та зөв сонсжээ. Караважжогийн хүссэн зүйл гэвэл хүмүүс орж ирээд зургийг зүгээр ажиглаад зогсохгүй, бодит үйл явдлын гэрч болох ёстой юм.​

Гэгээн Матвейн тарчлал (1600)

“Матвейн дуудлага”-ыг дуусгасны дараа Караважжо нөгөө тал хананд нь зориулсан зургийнхаа ажлыг эхэлжээ. Энэ бол ”Матвейн тарчлал”. Караважжо нөгөө хананд нь зориулж бас нэгэн ариун гэгээн зүйл бүтээхийг хүссэнгүй. Энд Караважжогийн арга барил маш хүчтэй илэрдэг. Айж, сандарч, хашхичих энэ дүр зургийг хэн нэг нь хажуугаар нь гүйж явахдаа л хараад өнгөрсөн мэт. Караважжо яг ийм байдлаар л өөрийгөө дүрсэлжээ.

Өнөөгийн ойлголтоор бол энэ зураг нь бодит үйл явдлыг гар дээр барьсан камераар гялс авсан бичлэг мэт. Гэвч энэ бүх замбараагүй байдлын дунд ганц л зүйл онцгойрон тодорно. Бие дээр нь гэрэл тод туссан зандалчин. Матвейн толгойг авах гэж буй зандалчин. Бүх зүйл гэгээнтнийг биш харин нүгэлт зандалчныг тойрон эргэлдэнэ. Энэ бүх эмх цэгцгүй байдал дундаас зураач нь хүртэл айн зугтана. Гэвч энэ бүтээл асар их амжилтыг дагуулжээ. Караважжо ч өөрийн бүтээлдээ бардам байлаа. Тэрээр одоо 30 настай. Матвейн зургууд түүнийг нэг шөнийн дотор л Ромын хамгийн алдартай зураачдын нэг болгожээ.

Сүмийн захиалгууд ар араасаа цуврах болов. Гэвч энэ бүхэн эцэстээ Караважжогийн харанхуй талыг ил гаргажээ – Хэрцгий, хараал урсгагч, гэнэтийн догшин авиртай Караважжо. Караважжо амжилт олох тусам зан авир нь улам жигтэй болж байв. Караважжогийн дүү болох жижиг тосгоны лам Жиованни Баттиста Ромд ах дээрээ ирэхэд нь Караважжо “Надад дүү байхгүй, байгаа ч үгүй” гэж хэлжээ. Дүү нь хүнд цохилтод орж, нулимс урсгасаар явж одсон гэдэг.

Изаакийн тахил (1602)

Караважжо өөртөө тансаг хар хувцас хийлгээд түүнээ урагдтал өмсдөг байлаа. Бас өөрийн тэжээдэг “хэрээ” нэртэй хар нохойгоо хойд хөл дээр нь  явж сургасан байдаг. Караважжод гайхуулах юм их байлаа.

Хэрвээ та тэр үеийн Ром хотод зураач хийдэг нэгэн байсан бол энэ нөхрийг ирж явахыг харвал шууд л холдох хэрэгтэй болно. Караважжо дагалдагчидтайгаа хамт өрсөлдөгч, даган дууриагч зураачдыг элдвээр хараан зүхэхдээ гаргууд байв. Энэ бүх хэрцгий догшин авир нь түүний урлаг, амьдрал хоёрыг холбож байсан бөгөөд үр дүн нь ч сэтгэл цочирдуулам сайн байжээ.

Гэгээн Павел сүсэг итгэлийг олсон нь (1601)

Энд Гэгээн Павел далаараа уначихсан, зовхи нь илчлэлтийн хүчтэй гэрлээс болоод улайсчихсан байна.

Гэгээн Петрийн цовдлолт (1601)

Харин энд Гэгээн Петр айдас, нүглээ өөртөө тээгээд доош харан цовдлуулж байгаа нь харагдана. Караважжо түүнийг Христтэй адил цовдлуулах эрхгүй хүн гэж үзжээ. Энэ дүр зургийг Караважжотой адил түвшинд буулгаж чадах хүн байсангүй.

Гэгээн Томасын үл итгэл (1601-1602)

Ромын хамгийн ядуу тарчиг хүмүүстэй мөр зөрж явсан хүн л энэн шиг зургийг бүтээж чадна. Христ гайхсан Томасын бугуйнаас бариад хурууг нь өөрийн шарх руугаа гүн оруулж, эцэст нь Томас энэ бүхэнд итгэх дүр зураг.

Караважжо хүмүүс зургийг нь зүгээр л үзээд ажиглаад зогсохгүй, харин мэдрэх болно гэж бодсон нь лавтай. Бид мэдрэх л юм бол итгэх болно. Ромд тэр үед энэ нүгэлт эртэй адил Католик шашны илгээмжийг хүчтэй хүргэх хүн байсангүй. Христ “Золгүй ард түмэн аврагдах болно” гэж хэлдэг. Яг л энэ мэдрэмжийг Караважжо бидэнд мэдрүүлдэг. Библи таны нүдний өмнө амилж байгаа нь энэ.

Хүмүүс сүмд ирээд Караважжогийн зургуудыг хараад цочролд ордог байлаа. Тэдний мэлмий нээгдэж, зүрх нь хүчтэй цохилж улмаар итгэл үнэмшил нь сэргэнэ. Дэндүү бодит, дэндүү хүчтэй Ариун драмын бодит дүрүүдийг харсан ямар ч нүгэлтэн, ямар ч элэглэн дооглогч итгэх болно. Ийм л зураачыг сүм хүсэн хүлээж байжээ.

Түүний зургууд дахь бүх дүрүүд бодит. Хэдий бурхны хүү байсан ч бодит махан биетэй мэт. Гэхдээ Библид ингэж бичээгүй гэж үү? Христ дэлхийд жингүй сахиусан тэнгэр биш, энгийн хүний дүрээр ирсэн юм. Хамгийн гол нь Караважжо зүгээр ч нэг урлагт хувьсгал гаргагч биш харин үнэнхүү шүтлэгтэн, ядуучуудын хувьд евангелист нь байсан юм.

Энэ л зураач ядуу, барлаг амьдралаар амьдрах ямар гэдгийг мэднэ. Ялангуяа түүний дүр сонголт тун зоримог. Түүний Лоретогийн Мадонна нь зүгээр л хаалган дээрээ зогсож байсан ядуу бүсгүй байжээ.

Лоретогийн Мадонна (1604)

Хөдөө нутгийнхан Италийн Иерусалим болох Ромд ирээд энэ зурагны өмнө зогсоод өөрсдийнхөө дүрийг олж харах нь гайхалтай биш гэж үү. Энэ зураг дээр олон бишрэгч ардын оронд харин олон бээрийг туулж ирсэн хоёр хөгшин эвэршсэн хөлтэйгөө сууж байгаатай таарах болно. Энэхүү бохир хөлийг хараад сүмийнхэн Караважжог арай хэтэрлээ гэж бодож эхэлсэн нь лавтай. Түүний нэр дурдагдах бүрт “ёс зүйгүй” гэсэн үг дагалдах болжээ. Ийм учраас л шинэ Есүйтийн сүмд Есүсийн дахин амилалтын зургийг зурах ажилд Караважжо биш харин түүний даган дууриагчдын нэг Жиованни Балиони шалгарсан байх. Удсан ч үгүй Ромын буурчийн газруудаар нэгэн шүлэг эргэлдэх болжээ.

Жиованни Балиони чи бол хэн ч биш.

Чиний зургууд зүгээр л сараачмал цаас.

Тэднийгээ зараад нэг зэс зоос ч олохгүй гэдэгт чинь итгэж байна.

Дотуур өмдөө хийх ч даавуу авч хүчрэхгүй биз.

Тэгэхээр чи хотоор нүцгэн гүйсэн нь дээр.

Магадгүй өгзгөө арчих цаас авч хүчрэх юм.

Ёстой уучлаарай, би таныг магтах хүн хаанаас ч эрээд олсонгүй.

Чиний зүүсэн гинж чамаас илүү үнэтэй юм.

Чи бол уран зургийн хүрээний шоовдор.

Энэ мөртүүдийг Караважжо, түүний нөхөд бичсэн эсэхийг хэн ч мэдэхгүй. Гэвч Балиони нэр хүндээ сэргээлгэхээр зарга гаргаснаар Караважжо баривчлагджээ. Шүүхийн тэмдэглэгээнээс л бид Караважжогийн үгийг шууд сонсох юм.

Энэ шүлэг үү? Надтай ямар ч холбоогүй шүлгүүд байна. Бичсэн хүн байдаг бол урлаг шүүмжлэгч л биз.

Хэдэн сарын турш Караважжо шоронд суусаар л байв. Эцэст нь нэг юм шүүхийн шийд гарч Караважжо гэрийн хорионд шилжжээ. Ямар нэг зөвшөөрөлгүй гадагш гарвал албадлагаар завь сэлүүрдэх боолийн ажил хийнэ. Энэ нь түүнийг зогсоож дийлсэн болов уу? Бараг л үгүй.

Намайг Сан Амброгио сүмийн гадна Корсод явахад сэлэм, чинжаалтай явна гэж баривчилсан. Надад сэлэм биедээ авч явах зөвшөөрөл байхгүй ч Ромын амбан захирагч намайг сэлэм авч явах эрхтэй гэсэн аман зарлиг буулгасан юм.

Шашны гайхалтай ариун зургуудийг туурвигчийн маань сайн найзууд хүртэл түүнийг яагаад ийм зан аягтайг нь ойлгодоггүй байлаа. Нэг удаа буурчийн газар сууж байхдаа Караважжо үйлчлэгчийг өөртэй нь соёлгүй харьцсаных нь төлөө дүрсхийсэн уурандаа алах дөхжээ. Караважжо ганц буурчийн газар хүмүүстэй сөргөлдөггүй байв, тэр уран зургийн өнгөрсөн болон тэр үеийнхээ уламжлалтай сөргөлдөж байлаа. Караважжо Трастевер дахь Санта Мариагийн сүмд захиалгийн ажил олжээ.

Ромын хамгийн ядуу хэсгийн цөм нь болсон Трастевер дүүрэгт Гэгээн Мариаг шүтэгч Гэлэнмаа нарын сүм оршино. Тахалд өртсөн, өвчинд нэрвэгдсэн хүмүүсийг эдгээх мөргөлөө үйлддэг сүм нь энэ байлаа. Караважжо тэдний захиалгаар Мариагийн үхлийг зурахаар болжээ. Христийн уламжлалын дагуу бол Мариагийн үхэл нь энгийн үхэл биш байлаа. Харин диваажин явахаас өмнөх унталт ажээ. Хүүгээ олж, төрүүлсэнтэйгээ адил түүний үхэл ч мөн ариун гайхамшиг байжээ. Харин Караважжод энэ ойлголт таалагддаггүй байлаа. Тэр энэ зурагтаа жинхэнэ бодит үхлийг дүрсэлжээ.

Гэгээн Мариагийн үхэл (1606)

Кармелитийн гэлэнмаа нар түүний зургийг хараад л бүгдийг ойлгожээ. Караважжогийн Мариа үхсэн байв. Чарлах мэт улаан хувцас дор арьс нь ногоорч, бие нь бага зэрэг хөөсөн Мари хэвтэнэ. Энэхүү Гэлэнмаа нарыг цочирдуулсан явдал нь Караважжогийн тухай улам л муу цуу яриа тарахад хүргэжээ. Цуу ярианы зарим нь Караважжог живсэн биеэ үнэлэгчийг авчирч Мариагийн дүрээр зурсан гэх мэт.

Энэхүү зурагт Мариагийн орны хажууд ирсэн найдангууд гашуудан бөхийнө. Мариа магдалена эхэр татан уйлна. Хэрвээ Мариа диваажин хүрэхээс өмнө зүгээр л нойрссон бол яагаад бүгд ийн гашуудна вэ? Диваажин дахь үүрд мөнх байдал биш, харин жинхэнэ үхэл ноёлно. Кармелитын гэлэнмаа нар цочролоосоо гарсан хойноо зургийг эргүүлэн өгсөн гэдэг. Энэ нь зураачийн хувьд томоохон цохилт болж, түүний амьдралын нэгэн эргэлтийн цэг болжээ. Энэ цагаас хойш Караважжо гэнэт догшрон уурсах нь бүр ихсэв.

Түүний амьдралд удалгүй хэд хэдэн уруудахад хүрэх явдлууд тохиож, эцэст нь цус асгарсан үйлдлийн нүгэлд унана. Энэ бүгд нэгэн эмэгтэйгээс эхэлжээ. Нэр нь Лена, Ром хотын үзэсгэлэн гоо бүсгүйчүүдийн нэг. Караважжогийн хэд хэдэн зурган дээр гарсан байдаг.

Хөөрөлд автсан Мариа Магдалена (1606)

Бүсгүй мөн Мариано Паскуалоне хэмээх эрийн нүдийг булаажээ. Паскуалоне Ленагийн ээж дээр очоод охинд нь хайртайгаа хэлж, гэрлэж, язгуур угсаа сайтай гэр бүл товхинуулахыг хүсжээ. Гэхдээ энэ үедээ Ленаг Караважжогийн урланд зургаа зуруулж суухдаа юу хийдгийг нь асуугаад амжжээ. Ленагийн ээж нь зураачтай очиж уулзахаар болов.

Үүний дараа юу болсныг бодож сөхөөд байх зүйлгүй. Караважжо галзуу юм шиг уурлаж Паскуалонег халз тулаанд дууджээ. Гэвч Паскуалоне нь аймхай нэгэн байж таарч. Тэр өдөр Корсод хоёр эрийн дунд хүчтэй хэрүүл өрнөжээ. Орой нь Навонагийн ойролцоо Паскуалонегийн араас хэн нэгэн дайрсан байна. Хэдий гүн хутгалуулж, нилээн цус алдаж, үхтлээ айсан ч аз болоход Паскуалоне амьд үлдсэн гэдэг. Хэн ингэсэн гэдгий нь та таамаглаж байгаа байх.

1606 оны 5 сарын сүүлээр энэнээс ноцтой хэрэг тохиох болно. Бас л тэрхүү зуны халуун, нойргүй шөнүүдийн нэгэнд энэ бүхэн тохиожээ. Караважжо Рануччио Томаззонитой тэрсэлдэн хэрүүл үүсгэжээ. Томаззонитой орооцолдох тийм ч сайн хэрэг биш. Том биетэй тэрээр бас алдартай сэлэмч байж. Энэ бүхэн мөн л хэн нэгэн эмэгтэйгээс болжээ. Томаззони олон эмэгтэйчүүдтэй холбогдож явсан нэгэн. Гэвч Караважжо өөрөөс нь илүү гарах гэсэн хүн болгонд дургүй байлаа. Ийнхүү халз тулаанаа тэд делла Скрофа дахь тэнхимд хийхээр болсон байна. Караважжо сайн сэлэмч Томаззониг өрсөж бүлж амжсан байна. Шархадсан Томаззониг гэрт нь хүргэжээ. Томаззони тэнд эцсийн наминчлалаа үйлдээд цус алдаж өнгөрсөн байна.

Хүн амины хэрэгт холбогдсон Караважжо зугтах хэрэгтэй болжээ. Алга болсон хойно  нь түүнийг Ромд дээд ялтанаар тодорхойлжээ. Энэ нь түүний толгойг үнэлсэн гэсэн үг. Сагсанд түүний толгойг аваад ирэхэд л шагналын мөнгөө авна. Азаар Караважжог дэмжигч, туслагч нар нь аюулгүй байдалд байлгахыг л хичээж байв. 1606 оны зуны турш тэд түүнийг нуужээ. Харин хийсэн хэрэгтээ гэмшсэн Караважжо зургаа л зурж суулаа. Зурсан зургууд нь түүний аминд орж Папын хуульчлал хүрэхгүй газарт, цагдаа, гэмт хэрэгтнүүдийг баригч  хөлсний хүмүүс ч түүнийг олохооргүй газар ирж дөнгөжээ – Неаполь.

Гэвч энэ хотод нэгнийхээ хоолойг хэрчих нь энгийн л үзэгдэл байлаа. Мөн дээр нь энэ хотод Караважжо тун их нэр алдартай болов. Түүний зургуудаас энэрэл хайр, ариун шүтлэг нэвт шувт үнэртэж байв. Хүний амь бүрэлгэсэн тэрээр сүнс нь том нүгэлд унасныг ойлгож байлаа. Хүн амины хэрэг үйлдсэнийг нь мэдэж байсан ч Неаполитанчууд зураачийг хүндэлж, биширсээр л байлаа. Караважжо галзуу юм шиг л ажиллаж байв. Хачирхалтай нь тэрээр дахин хэнтэй ч маргаан өдсөнгүй, уурлаж хашгирсан ч үгүй. Тэгвэл яагаад тэр амжилт их олсон Неаполийг орхиод Мальтад очиж суурьшсан юм бол?

Туркчуудын эсрэг аян дайнд яваагүй нь гарцаагүй. Мусулманчуудаар хүрээлүүлсэн газрын дундад тэнгис дэх энэ Мальт аралд Неаполитанчуудын өгч чадахгүй нэг зүйл байжээ. Нэр алдраас гадна хөлөг баатрын хэргэм цол. Караважжогийн дэмжигч нарын нэг нь түүнийг Баптист Жоны ариун бүлгэмийн нөлөөтэй язгууртнуудтай танилцуулж өгчээ. Энэ нь Европ дахь хамгийн баян, хүчирхэг бүлгэмүүдийн нэг байлаа. Хөлөг баатар (Cavaliere) цолтой болно гэдэг нь хэргэм, хүндлэлээс гадна хийсэн цуст нүгэлээ цэвэрлэх боломж ажээ.

Уг нь эрэн сурвалжлагдаж байгаа хэнбугай ч энэхүү бүлгэмд орох боломжгүй байдаг ажээ. Гэвч Караважжогийн хувьд энэ бүгд хаалтгүй байлаа. 1608 оны 7 сарын 14-нд Мальтийн загалмайтай даавууг түүний мөрөөр ороож, тэрээр албан ёсоор амьд болон өнгөрсөн бүх зураач нараас хамгийн аугаа нь хэмээн өргөмжлөгдсөн юм. Энэ бүхнийхээ төлөө Караважжо Хөлөг баатруудын сүмд зураг зурах байлаа.

Баптист Жоныг цаазалж буй нь (1607)

“Баптист Жоныг цаазалж буй нь” хэмээх зураг нь Караважжогийн бүтээсэн хамгийн том хэмжээтэй зураг юм. 5 метрийн урттай энэ зураг сүмийн зүүн ханыг дүүргэнэ. Энэ бол кино дэлгэцтэй дүйцэх хэмжээ. Зураг дээрх үйл явдал мөн л асар хүчтэй. Яг л энэ бүхэн бодитоор болж байгаа мэт. Энийг үзсэн хүмүүсийн нуруу хүйт оргидог гэхэд гайхаад байх юмгүй. Энэ бол шоронгийн хашаан дотор Баптист Жоныг чирч гаргаж ирээд толгойг нь авахад бэлдэж байгаа нүд халтирам дүрслэл.

Энэ бол ямар ч өршөөлгүй хэрцгийллийг харуулсан зураг бөгөөд тэр үеийн урлагийн үнэлэмжийг орвонгоор нь доош харуулсан юм. Урлаг бидэнд гоо үзэсгэлэнг мэдрүүлэх ёстой гэдэг. Гэтэл энэ хэдэн хүмүүсийн дүрийг хараад та энэ зураг дээрх бүхэн аймшигтай оргилдоо тулж ирсэнийг мэдрэх болно.

Бүсгүйн Дун цагаан гарт бариулсан алтан тавган дээр Баптист Жоны толгой унах болно. Дарангуй эрхийн төлөөлөл болсон хуяг цаазаар авах ялын тушаалыг өгч байна. Харин голд зогсох төгс биетэй нүцгэн эр нь хутгаар толгой тасдагч зандалчин юм. Энэ үйлдэл үүрд үргэлжилж байгаа мэт. Цөхөрсөн хөгшин эмэгтэй адил таны хийж чадах зүйл бол ганцхан өрөвдөх. Караважжо бидэнд үхлийг хоёронтоо дэлгэн тавьжээ. Баптист Жоны үхэл, мөн бидний урлагийн тухай хамгийн буруу бодлын үхэл.

Урлаг биднийг улам хүнлэг, эрүүл болгох ёсгүй юм. “Битгий мөрөөд” гэж Караважжо хэлж байна. Энэхүү бодит үнэний өмнө бидний хийж чадах ганц зүйл бол харанхуйгаас энэ явдлыг харах гэж оролдох хоригдлуудтай л адил юм. Энэ урлаг ямар ч тайтгарал, гэгээрлийг авчирах үүрэггүй урлаг. Энэ бол бодит үнэн. Миний хувьд энэ нь хүн төрөлхтний тухай уран бүтээлчийн өргөн барьсан хамгийн хүчтэй илэрхийлэмжүүдийн нэг юм. Өөрөөр хэлбэл энэ зураг хүний хэрцгий авир, аллагын тухай өгүүлнэ.

Караважжо өөрийнхөө гарын үсгийг зурахдаа Баптист Жоны цусаар бичсэн байдаг. Гагцхүү хэрэгтээ гэмшсэн нэгэн л энэ бүх харгислалыг дуусгахыг хүсэх болно. Ганцхан Караважжо л энэхүү гэгээнтний цус өөрийнх нь гэм нүглийг цайруулаасай гэж залбирна.

Ингээд түүх дууссан бол сайхан л байх байлаа. Оргодол уран бүтээлч аугаа бүтээлээ туурвиж, урлаг орвонгоороо эргэж, нүгэлтэн аврагдлаа. Гэвч Караважжогийн хувьд бас л бүгд амар сайхандаа жаргасангүй. Хүчирхийллийг зогсоохыг хүсэгч уран бүтээлч маань өөрийн уураа барьж мөн л чадаагүй гэдэг. Баптист Жоны бүлгэмд ороод сар ч болоогүй байхдаа өөр нэг хөлөг баатрыг дайрч доромжилсон хэргээр хоригджээ. Баптист Жоны бүлгэмийн шорон газар дор, бас маш чанга харуул хамгаалалттай байлаа. Хамгийн гайхалтай нь Караважжо энэ шоронгоос оргоод зогссонгүй цайзыг даваад завинд сууж Сициль руу явж дөнгөжээ.

Тэрээр удалгүй ганц аюулгүй хот Неапольдоо ирсэн боловч энд л дайснуудтайгаа нүүр тулжээ. Тэр буурчын газраас огло харайн гарахдаа нүүр, толгойдоо хүндхэн гэмтэл авсан байна. Энэ нь түүний амьдралын хамгийн харанхуй үеүүдийн нэг байлаа. Энэхүү хүнд шарх нь эдгэж байх үеэр харин Ромоос нэгэн мэдээ иржээ.

Ромын Папын зээ дүү Сципионе Боргезе өршөөл үзүүлэхээр болжээ. Тиймээс Караважжо түүнд өөрийнхөө чаддаг ганц аргаар бэлэг барихыг зорьсон нь илт. Өөрийнхөө хамгийн сайн чаддаг зүйлээрээ. Тэрээр өөрийнхөө хөрөг зургийг урьд өмнө нь ямар ч зураачийн зурж байгаагүй байдлаар зурах болно.

Давид Голиафын толгойг барьж буй нь (1609-1610)

Энэ бол түүний зурсан хамгийн сүүлийн зургуудын нэг. Давид Голиафын толгойг барьж буй нь. Энэ зураг нь түүний өөрийн хөрөг зураг юм. Гэвч Караважжо өөрийгөө яагаад Давид баатрын хувиар зурсангүй, харин Голиаф мангасын дүрээр зурсан юм бол? Магадгүй энэ зургийг зурснаар өөрийгөө өршөөгдөнө гэж бодсон байх. Зураг дээр Караважжо өөрийн толгойгоо өргөн барьснаар бодит амьдрал дээр амь хэлтэрч мэдэх юм.

Ихэвчлэн зураачид өөрсдийгөө толинд харахдаа залуу, хөгшин байлаа ч энэ хорвоод урлаг, гоо үзэсгэлэнг бэлэглэгчийн хувиар дүрсэлдэг. Харин Караважжог хараарай. Хэрцгий мангас Голиафийн тасдуулсан толгой Караважжогийн өөрийн хөрөг. Энэ зурагт Караважжо өөрөө нүгэл, хүчирхийллийн биелэл болжээ. Мууг дарсан ялалтын тухай сэдэвтэй энэ зурагт баатар Давид анхаарлын төвд байх ёстой баймаар. Гэвч энэн шиг дурамжхан баатрыг та харж байсан уу өмнө нь?

Түүний сэлмэн дээр бичсэн латин үгийг “Доромжлол бардам занг ялна” гэж сийрүүлдэг.

Тулаан Караважжогийн толгой дотор болсон тулаан бөгөөд энд сайн, муу хоёр тал тод дүрслэгджээ. Шүтлэгтэй, зоригтой Давид, бас харгис догшин, нүгэлт Голиаф гэсэн хоёр тал.

Би хэн байснаа мэднэ.” хэмээн бидний нүд рүү эгцлэн харж чадалгүй тасдуулсан толгой хэлэх мэт. “Би юу хийснээ ч мэднэ

Энэхүү зургийг дан хар дэвсгэр өнгөн дээр дүрсэлжээ. Ямар ч гэгээрэл, ариун байдлын илрэл үгүй. Гагцхүү Караважжогийн толгой доторх хийсэн хэрэгтээ гэмшсэн хар үнэн л энд ноёлно. Миний хувьд түүний урлагийн хүч нь үнэнийг илэрхийлэх суут хүчинд нь оршино. Бидэнд Хэрвээ гэмээ цайруулах боломж олдвол бид бүхний дотор сэтгэлзүйн сөргөлцөл үүснэ. Өөрөөр бол Голиаф Давидын хоорондын тулаантай адил сөргөлдөөн гарах нь тодорхой.

1610 оны 7 сард Караважжо зургуудаа эвхэж аваад Неаполийг орхиод Ром руу зүглэжээ. Хойд зүг рүү явж буй хөлөг онгоц замдаа Ромоос холгүйхэн Палогийн боомт дээр зогсжээ. Энд боомтийн харуулын ахмад түүний өршөөлийн тухай сонсоогүй байсан уу, эсвэл өөр хэрэгтэнтэй андуурсан уу түүнийг хорьсон байна. Дахиад л хоригдов.

Тэр шоронгоос төлбөр төлөн байж арай хийн гарч иртэл ирсэн хөлөг онгоц нь аль хэдий нь Боргезед өргөн барих зургуудтай нь хамт хөвөн одсон байв. Үнэтэй зүйлийг нь тээж яваа онгоцоо гүйцэхийн тулд хойд зүгийг чиглэн Ерколе боомт руу явжээ. Тэр ийнхүү 100 км үргэлжлэх, малариа өвчин дэгдсэн намагт тал Мареммаг туулах хэрэгтэй болов. Энд түүнд эцсийн азгүй явдал нь тохиожээ. Онгоцны анхаарлыг татах гэсэн үр дүнгүй оролдлого хийн Караважжо 7 сарын халуун наран дор эрэг даган гүйж яваад ухан алдан унажээ.

Караважжо маш өндөр халуунтай байсан бөгөөд ойролцоох сүмийн эмнэлэгт хүргэгдсэн байна. Тэр үеийн тэмдэглэлээр хүн болоод бурхны алины ч туслалцааг авч чадалгүй аугаа зураач тэнгэрт хальжээ. Папын зээ дүү Сципионе Боргезе хэсэг хугацааны дараа Караважжогийн өршөөл эрсэн уран зургуудыг хүлээн авсан байна. Хамба лам зураачийн хөргийг тасдсан толгойн дээрээс олж харсандаа цочирдсон нь мэдээж.

Энэ би байна” хэмээн үхмэл царай өдгөө хүртэл амьд мэт хэлнэ. “Миний толгойг авчирсан хэн ч шагнал хүртэнэ гэсэн. Тэгвэл би өөрийнхөө толгойг таньд өргөе. Би шагналаа авч болох уу? Намайг өршөөнө биз дээ?” гэхэд Хамба лам “Уучлаарай, ёстой уучлаарай, чи дэндүү хожимджээ” гэсэн байна.

Зураачид энэ хорвоод гоо үзэсгэлэнг дүрсэлж, хүмүүст энэрэл хайр, хүнлэг чанарыг олгоход туслах ёстой гэж тэр үед үздэг байлаа. Гэвч Караважжо хэзээ ч юмыг тогтсон ном журмынх нь дагуу хийж байсангүй. Энэ нь түүний гоц авъяас, суу билгийг хурцалж байсан нь тодорхой. Караважжо амьд сэрүүндээ ч , өнгөрснөөсөө хойш ч хамгийн аугаа зураачдын нэгээр зүй ёсоор тооцогдсоор иржээ. Түүний гэрлийг ашиглах чадвартай зөвхөн Рембрандт, Жорж де Ла Тур, Тер де Бругген нарын авъяас л дөхөж очино. Караважжогийн нөлөөлөл асар их бөгөөд бүхэл бүтэн уран зургийн Барокко урсгал түүний нөлөөн дор хөгжсөн гэхэд хилсдэхгүй. Түүнийг даган дууриагч асар олон зураачдыг Италид Караважжистууд (Caravaggisti), мөн Тенебристууд буюу “Сүүдэрлэгчид” гэж нэрлэх болжээ. Учир нь Караважжо л киароскуро (гэрэл сүүдрийн драмт зохицол) урлалыг анхлан төгс болгосон суут авъяастан билээ.

Нойрсож буй хайрын тэнгэр (1608)

Эх сурвалж: Simon Schama – Power of Art баримтат кино

One thought on “Караважжогийн ороо бусгаа амьдрал

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s