Мөрдөгч эдийн засаг

Хүн бүхэн байгалийн зохиосон хүслийн тухай яруу найраг юм (Р.Чойном). Гэвч тэрхүү хүсэл гэгч зүйлс хэрхэн бий болж, хэрхэн биелэгдэж байгаа талаарх олон зүйлсийг эдийн засгийн онолоор тайлбарлаж болно. Бид олон зүйлийг ертөнц дээр тогтсон зүй тогтлын дагуу өөрийн эрхгүй хийж, үйлдэж байдаг. Үүний учир нь энгийн л нэгэн эдийн засгийн онолын ойлголт буюу хэрэглэгч, үйлдвэрлэгчдийн ханамжаа эсвэл ашгаа хамгийн их байлгах гэсэн хүсэлд захирагддагтай холбоотой. Энгийнээр хэлвэл хүн бүр нийгмийн хуулинд захирагддаг. Хүн нийгмийн л амьтан учраас үйл хөдлөл нь эдийн засгийн хуулиудаар тайлбарлагдана. Гэвч энэхүү “хууль” хэмээх ойлголт нь огт хувьсан өөрчлөгддөггүй статик шинж чанартай зүйл огт биш юм. Шилдэг эдийн засагчдийн ачаар эдийн засгийн онол улам шинэчлэгдэн баяжигдаж байдаг. Эдийн засгийн бүтээл бүрийг илэрхийлж буй уран зохиолын хэлбэр нь үе үеийн уншигчдын сонирхолыг ихээр татсаар байгаа билээ. Тэр дундаа эдийн засагч мөрдөгч 2-ын хоорондын холбооны талаар энэхүү эссенд өгүүлэх болно.

Зөгнөлт адал явдалт зохиол нь хэргийг хэрхэн илрүүлж байгаа, мөн зохиолын бүтцийнхээ хувьд эдийн засгийн шинжлэх ухааны нийтлэлтэй төстэй шинж чанартай. Адал явдалт зохиол бүхэнд уншигчдийг төөрөгдүүлж чадахаар маш их ээдрээтэй үйл явдлууд өрнөдөг ч зохиолын баатрууд болох мөрдөгчид энэ бүхний учрыг энгийн нэгэн зүйлээс бий болсныг илрүүлж чаддаг. Учир нь манай дэлхий ертөнц дээр ер бусын үзэгдэл гэж байдаггүй юм. Харин сайтар нуугдсан, өөрөөр хэлбэл хэн нэгэн гаднаас нь харахад ер бусын мэт байхаар төлөвлөгдсөн энгийн хэргүүд оршдог. Эдийн засагчдад ч дээрх асуудлууд байнга тохиолдоно. Хэрэг илрүүлэх арга зам нь зөгнөлт адал явдалт зохиол болон эдийн засгийн бүтээлд адилхан гэж хэлж болно. Тэд хэрэглэгч буюу хүмүүсийг рациональ үйл хөдлөлтэй хэмээн таамаглах бөгөөд мөн тэнцвэрийн нөхцлийг сайтар ашиглаж чаддаг. Хэрэв энэ бүхнээс гажууд үйл хөдлөл хийж байвал түүнийг сэжиглэж эхлэнэ. Ингээд л зохиолууд маань сонирхолтой түвшинд гарч, хэрэгтэнг илрүүлэхийн тулд мэддэг онолуудаа ашиглан хэргийг шийдвэрлэхийг зорьдог.

Үүний хамгийн тод жишээ нь Харвардын их сургуулийн эдийн засгийн профессор ноён Хэнри Спирмэний талаарх сонирхолтой тууж юм. Энэ зохиол нь адал явдалт болон эдийн засгийн бүтээлүүдийн хоорондох нийтлэг талыг маш сайн гаргаж ирсэн бөгөөд зохиолчид болох Вильем Брейт, Кэннэт Элзинга нар анх удаагаа эдийн засгийн шинжлэх ухааныг зөгнөлт зохиолоор илэрхийлсэн эдийн засагч нар болсон. Магадгүй өмнө нь хэнд ч ийм санаа төрөөгүй байх. Вильем Брейт багаасаа адал явдалт уран зохиолын үнэнч шүтэн бишрэгч байсан ба өөрийн мэргэжлийг энэ салбартай холих санааг Харри Кимелманы нэгэн номыг уншсанаар олж авсан гэдэг. Тэдний хувьд Маршал Жевонс хэмээх нууц нэр нь Английн агуу эдийн засагчид болох Альфред Маршал болон Вильем Стенли Жевонс нарын нэрний нэгдэл юм. Зарим эдийн засагч нар энэхүү номын ач холбогдлыг багаар үнэлж байсан боловч одоогоор энэ бүтээл эдийн засаг суралцаж буй оюутнуудын заавал унших номын тоонд орсон байдаг. Уг зохиолын гол баатар болох профессор Спирмэний хувьд амьдрал тэр чигээрээ түүний мэргэжлээр илэрхийлэгддэг. Профессор Спирмэний бодит амьдрал дээрх дүр төрх нь Чикагогийн их сургуулийн алдарт эдийн засагч Милтон Фридман бөгөөд аливаа зүйлийг эдийн засагтай холбож ярих нь түүний хувьд амьдралын философи нь аж. Хэнри Спирмэний эхнэр болох хатагтай Пидж хэрэг явдлыг илрүүлэх хамтран зүтгэгч нь, яг л Артур Конан Дойлын бүтээлүүд дээрх Шерлок Холмсийн хамтрагч доктор Ватсон гэсэн үг. Цагдаа нарын илрүүлж чадахгүй байгаа хэргийг эдийн засгийг онол ашиглан тодорхой болгож байгаа нь эдийн засагч мэргэжилтэн бидний хувьд маш бахархууштай зохиол болсон юм.

Хүмүүсийг рациональ үйл хөдлөлтэй хэмээн таамаглах нь хэрэг явдлыг илрүүлэх явдалд дөхөм болгож өгдөг. Үнэндээ хүмүүс татгалзахын аргагүйгээр рациональ үйл хөдлөлийг ихэнхи тохиолдолд хийдэг. Гэвч энэ бүхнээс гажууд байдлыг бий болгож буй хүн бүрийг хэрэгтэн хэмээн үзэх албагүй юм. Магадгүй тэрхүү нууц адал явдалт зохиолд ийм этгээд бодит байдалтай харьцуулахад цөөн байдаг гэж үзэж байна. Бодит амьдрал дээр хүмүүс олон шалтгаанаар иррациональ үйлдлийг бий болгодог. Эдийн засагч нарын хувьд томоохон корпораци гэх мэт хуулийн этгээдүүд рационалиас гажууд үйлдэл хийх нь сонин бөгөөд сонирхолтой санагддаг үйл явдал. Хэрэв пүүсүүд ашгаа хамгийн их байх сонголтын оронд өөр зүйл хийж байвал үүний цаана ямар нэг нууц зүйл байгааг илтгэнэ. Жишээлбэл: IBM корпорацийн нэгэн сонирхолтой кейс байна. Энд өгүүлсэнээр бол хүснэгтлэгч машиныг ашиг хамгийн их байх үнээр заралгүйгээр заавал түрээслэх, тэр дундаа өөрсдийн картаар авах шаардлага тавьжээ. Энэ бүхэн эхлээд харахад IBM иррациональ үйлдэл хийж, улмаар шүүхээс 2 бүтээгдэхүүний хувьд монополь болох оролдлого хийсэн хэмээн буруутгагдсан боловч үнэндээ байдал өөр байжээ. Роберт Борк энэ кейсийн үнэн байдлыг илрүүлэхдээ яг л аугаа мөрдөгч маш нууц далд хэргийг илрүүлдэг аргыг ашигласан байна. Түүнийхээр бол хэрэг явдал үнэндээ энгийн байв. Харин үүнийг илрүүлэх зам нь сонирхолтой бөгөөд адал явдалт уран зохиол болон эдийн засгийн шинжлэх ухааны бүтээлийн дундаж гэсэн үг. Үр дүнд нь IBM хэрэглэгчдийн мэдрэмжийг тооцож чадсаны үндсэн дээрээс түрээслэх шийдвэр гаргаж, ашгаа хамгийн их байлгаж чадаж байгаа талаар бичсэн байдаг.

Тэнцвэрийн нөхцөл бол энэ 2 шинжлэх ухааны төрлийн нийтлэг шинжийг хамгийн ихээр илэрхийлсэн хэсэг юм. Адал явдалт зохиол бүтээлүүд ихэвчлэн тухайн газар нутаг дахь тэнцвэрт оршин буй амгалан байдлыг илэрхийлсэн байдлаар эхэлдэг. Эдийн засгийн өгүүллэг ч мөн адил тухайн үеийг хүртэлх тодорхой болсон зүйлсийн талаар оршлоо бичдэг. Аль алинд нь тодорхой бус, гэнэтийн хачирхалтай явдал тохиолдсоноор тэнцвэрийн нөхцөл алдагдаж эмх замбараагүй байдал бий болно. Энэ бүхнийг хэвийн байдалд оруулж иргээд амгалан амьдрал тогтоохын тулд мөрдөгч эдийн засагч 2 шаргуу ажиллана. Тэдгээр тодорхой бус байдлыг бий болгогч хүчин зүйлсийг олж харах чадвар хүн болгонд байдаггүй. Гэнэн нэгэн байсан бол ер бусын үзэгдэлд итгээд л өнгөрөх байсан. Шерлок Холмсийн хэлснээр шинжлэх ухаанаар тайлбарлагдах аргагүй гоц үзэгдэлд хэрэг явдлыг даатган орхиж хэрхэвч болохгүй. Бид дотоод хувьсагчдаа сайтар судалж чадвал гадаад орчны нөлөөллийг хялбархан харж чадна. Өөрөөр хэлбэл бүх зүйлс гадны хүчин зүйлсээр тайлбарлагдах аргагүй. Тиймээс бидний дотор оршин буй хүчин зүйлийн нөлөөллийг сайн гаргаж ирэх хэрэгтэй. Эдийн засагчдын хамгийн гол авьяас чадвар харж байгаа зүйлсээрээ хязгаарлагдалгүйгээр цаад нарийн учрыг олж харж чаддагт байгаа юм. Үүнтэй холбоотойгоор л эдийн засагч нар маш олон зүйлсийн нарийн учрыг олж чаддаг гэдэгтэй хэн нэгэн хүн маргахгүй байх. Тэнцвэр ахин тогтоно. Гэхдээ нөхцөл байдал шинэ хүчин зүйлийн нөлөөллийг тусган шинэ түвшинд хүрч, шинэ тэнцвэр тогтох юм.

Вильем Брейт, Кэннэт Элзинга нарын “Эдийн засаг бол зөгнөлт адал явдалт уран зохиол” хэмээх өгүүллэг нь эдийн засгийг илэрхийлэгч уран зохиолыг адал явдалт зохиолтой харьцуулсан сонирхолтой бүтээл болсон гэж миний хувьд бодогдож байна. Профессор Хэнри Спирмэний адал явдалт цуврал 3 зохиолууд дундаас “Үхлийн тэнцвэр” тууж нь Жевонсын ахиу ханамжийн ойлголтыг ашигласан боловч өмнөх цувралтай нь харьцуулахад илүү бодит амьдралыг илэрхийлж чадахуйц болсон байгаа юм. Энэ нь эдийн засагч хүн тааруухан гэлтгүй сайн мөрдөгчдийн ч илрүүлж чадахгүй байгаа хэргийг нээн илрүүлж чадна гэдгийг батлах нэгэн баталгаа мөн.

Байгалийн шинжлэх ухаан нь байгаль, амьтан, ургамлыг судалдаг бол нийгмийн ухаан тэр дундаа эдийн засгийн салбар нь хүн хэмээх амьтаны үйл хөдлөл гэсэн хийсвэр хэрнээ бодит зүйлийн учрыг олохыг хичээдэг. Эдийн засагчид өөрсдийн онолдоо олон таамаглалууд тавин хязгаарлалт хийдэг нь нэг талаасаа тайлбарлахад хялбар болгож байгаа боловч нөгөө талаараа бол бодит амьдралаас тэр хирээрээ холддог. Магадгүй амьдралд 100 хувь таарах онол гэж хэзээ ч байхгүй байж болох ч онолын загварыг гаргаж ирэх хамгийн боломжтой арга нь энэ байж болох юм. Үнэндээ эдийн засагч болно гэдэг амьдралыг илүү өөр өнцгөөс, бүр тодорхой хэлбэл яг л эрүүгийн хэргийн мөрдөгч шиг хардаг болох болно. Өмнө нь энгийн хэмээн тодорхойлогдож байсан зүйлсийн нарийн учрыг олохын тулд нөлөөлөгч хүчин зүйлсийг ганцыг ч орхилгүйгээр анхаарч үзэх ёстой. Энэ утгаараа бидний мэргэжил бусад мэргэжилүүдээс онцгой шинжтэй. Хэдийгээр эдийн засгийн онолоо сайн мэддэг байсан ч эдийн засагч шиг сэтгэж, үүнийгээ амьдралдаа хэрэгжүүлж чадахгүй бол эдийн засагч хэмээх нэр алдар хүртэхэд учир дутагдалтай. Зардлаа оновчтой түвшинд тооцоолж, ханамжаа хамгийн их байлгаж, ашгаа мөн хамгийн их байлгах эдгээр нь эдийн засгийн онол дахь зорилгын функцууд болно. Өөрөөр хэлбэл энэ тэгшитгэлүүдийн хариуг олсон хирнээ амьдралдаа энэхүү тооцооллоо хайхрамжгүйгээр ашиглалгүй өнгөрнө гэдэг нь ямар ч зорилгүйгээр тоо бодоод өнгөрөхтэй адил утгагүй хэрэг. Авьяас чадвараа ашиглан хэрэг илрүүлдэг мөрдөгч шиг байх хэрэгтэй юм.

Дээрх бүгдээс дүгнэхэд эдийн засагч бол мөрдөн байцаагч мэт ажилладаг байх учиртай болж байна. Эдийн засагч хүн мэргэжлийн мөрдөн байцаагч болж чадахгүй ч бусад мэргэжилтэй харьцуулахад сэтгэхүйн хувьд хамгийн дөхөж очихоор мэргэжил юм. Тийм ч учраас энэхүү 2 мэргэжилтний талаарх зохиол бүтээлүүдийн үйл явц болоод ерөнхий бүтэц адил хэмээн таамаглаж байгаа билээ. Үүнийг дараах хэдэн ойлголтуудаар баталъя:

Нэн түрүүнд эдийн засагч, мөрдөгч 2 ихэнхи тохиолдолд хүмүүсийг рациональ үйл хөдлөлтэй гэж таамагладаг. Энэ таамаглал бодит амьдралаас хол зөрөхгүй боловч бүх хүмүүсийг ийм байдаг гэж үзэж болохгүй юм. Аль ч судалгаанд гардаг алдааны түвшинг энд тооцох хэрэгтэйг сануулах юун. Рациональ үйл хөдлөлийн таамаглал нь хэргийг илрүүлэх явцад суурь ухагдахуун болон оролцох үүрэгтэй. Өөрөөр хэлбэл бүх хүмүүсийн ерөнхий нийт хэсэг нь ижил үйл хөдлөлд захирагддаг бол үүн дээр тулгуурлан цаашдын судалгаа болон гэмт хэргийг илрүүлэх үйл явцад ихээхэн тус нэмэр болох юм. Нэгэнт хүмүүс ямар тохиолдолд юу хийдгийг мэдэж байгаа нөхцөлд үүнээс гажууд үзэгдэл бүр нь бидний нүдэнд нууц адал явдлын эхлэл түүхийг харуулна. Эдийн засагт болж буй иррациональ үйлдэл бүрт нь эдийн засагчид тайлбар олохыг хичээдэг. Бидний өнөөг хүртэл судалж буй гол загварууд маань хэрэглэгчийн рациональ зан үйл дээр тулгуурладаг учраас энэ таамаглалыг хамгаалж үлдэх нь магадгүй бидний үүрэг байх. Үнэндээ бид өмнө нь мэдэгдэж байгаагүй шинэ бөгөөд хачин үйл явдлыг ихэвчлэн иррациональ хэмээн үздэг ч учрыг нарийн тунгаан үзвэл хэлбэр дүрсээ өөрчилсөн бидний л мэдэх зүйлс байдаг. Эдгээрээс харахад эдийн засагч болоод мөрдөгч 2 рациональ зан үйлийн таамаглалыг ажлын талбартаа нэгэн адил хэрэглэдэг нь гарцаагүй үнэн бөгөөд энэхүү 2 мэргэжлийг холбогч анхдагч гүүр гэж хэлж болно.
Бид анхдагч таамаглалаа батлан харуулсны дараагаар хэрэг илрүүлэх үйл явцын аргазүйд нийтлэг тал байгаа эсэхийг шинжлэх хэрэгтэй. Эдийн засагч хүнд эдийн засгийн онол, математик статистикын дүгнэлт хийх ур чадвараас гадна улс төр, санхүү, мөнгөний бодлого, нийгмийн байдал болоод хүмүүсийн сэтгэлзүй, даяарчлалын сэтгэлгээ, дэлхийн түүх, байгаль орчин гэх мэт бусад олон салбарын мэдээлэл хэрэгцээтэй байдаг. Эдийн засгийн онол бол бидний судалгаагаа хийх багаж бөгөөд эдгээр бусад салбарууд нь эдийн засагч бидний тулалдааны талбар юм. Эдийн засагчид тулалдааны багажтай байж юу хийхээ мэдэхгүй байх нь дээр дурдсан олон салбарын мэдээлэл дутсаных. Аливаа зүйлийг илрүүлэх үндэс нь судалгаагаа зөв бөгөөд нарийн зарчмын дагуу хийх ёстой байдаг. Нэг л нөлөөллийг буруу тооцвол судалгааны үр дүн бүхэлдээ гажуудна. Тийм ч утгаараа эдийн засагч мэргэжлийн онцлог нь нэг бол хүмүүст мэдэгдэлгүйгээр сайхан худлаа ярих боломж олгодог, эсвэл маш сайн судалгаа хийн учирч болох аюул заналаас сэргийлэн анхааруулдаг. Мөрдөн байцаагчид ч гэсэн өөрийн мэргэжлийн бус бусад салбарын энэхүү олон талт мэдээллийг мөн л мэдэж байх үүрэгтэй. Эс тэгвээс гэмт хэрэгтэнг ямар сэдэлтэйгээр хэрэг үйлдэж байгааг ухаарч ойлгох гэж нилээн цагаа зарцуулахад хүргэнэ. Хэрэг явдал болж өнгөрсөн газрын орчны байрлал, цаг хугацаа, тухайн үеийн нийгмийн байдал гэх мэт хүчин зүйлсийн нөлөөллүүдийг гаргаж ирэх хэрэгтэй. Мөрдөгч эдийн засагч 2 маань хэрэг илрүүлэх болоод судалгаа хийх ажилдаа олон хүчин зүйлсийн нөлөөллийг оруулах үүрэгтэй бөгөөд үр дүнгээ зөв гаргаж ирэхийн тулд маш няхуур ажилцгаадаг юм.

Мөрдөгчдийн талаарх адал явдалт уран зохиол бүхэн найруулгын хувьд маш гайхалтай бөгөөд сонирхолтой бүтэцтэйгээр хийгдсэн байдаг. Сэтгэхүйн цар хүрээгээрээ бусдаас өндөр мөрдөгчид маань хэргийн нууц уялдаа холбоог гаргаж ирэхийн тулд өөрийн мэргэжлийн болоод бусад төрлийн мэдээллийг сайтар ашиглаж чаддаг. Хэрэг явдал эхлэснээсээ хойш оньсого мэт байх боловч хамгийн сүүлд бүх хэргийн учрыг тайлбарлахад л ямархуу үйл явц болж өнгөрснийг ойлгоно. Эдийн засагчид мөн адил бүтээлээ туурвихдаа уран зохиолын хувьд нийтлэг арга хэрэглэдгийг өмнө нь олон жишээ баримтуудаар баталгаажуулсан байгаа билээ. Тиймээс эдийн засагч мөрдөгч хэмээх мэргэжилтэнүүдийн талаарх уран зохиолын илэрхийлэл нь нэгэн нийтлэг шинж чанартай бөгөөд ижил сонирхолтой бүтэцтэй гэж хэлэхэд огт буруудаад байх зүйлгүй.

Амьдралд тохиолдох үйл явдал бүхнээс бид алхам тутамдаа суралцдаг. Миний хувьд үзэл бодолд минь хамгийн том нөлөөг үзүүлсэн, амьдралыг минь чиглүүлэгч болсон өөрийн мэргэжлээрээ бахархахгүй байхын аргагүй. Магадгүй хэн нэгэн биднийг нарийн мэргэжлийн бус ерөнхий мэдлэгийн хэмээн шүүмжилж болох юм. Ийм байх тусмаа бид бусдаас илүүг мэдэж, илүүг хийж амьдрах ёстойг үргэлж сануулж байдаг. Үнэндээ эдийн засагч болоод бид ямар нэг онол гэхээсээ илүүтэйгэр аливаад хандах рациональ хандлагыг сурч байгаа. Бүр тодруулбал мөрдөгч болох анхан шатны чадваруудыг сурч байгаа гэж хэлж болно. Мөрдөгч эдийн засагч 2-ын мэдлэгийн хүрээ өөр байж болох ч хандлагын чиг баримжаа адил. Хэрэг явдлыг илрүүлэх мөн илэрхийлэх арга нь адил. Тиймээс бид өөрсдийгөө адал явдалт уран зохиолын баатар шиг гавьяа хийх хүндтэй хүмүүс гэдгийг санаж явах хэрэгтэй. Бид жинхэнэ эдийн засагч шиг мөн адал явдалт уран зохиолын баатар болох мөрдөгчид шиг амьдрах ёстой.

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s