Оросын эдийн засгийн түүх

Дэлхийн хамгийн том газар нутгийг эзлэн оршиж буй Орос орон.   Энэ улсын ард түмэн 13-р зууны Монголчуудын эзлэн түрэмгийллээс Дэлхийн 2-р дайны нацист германчуудын заналхийлэл хүртэлх маш олон зовлонг туулан байж өнөөдрийн энэ их газар нутаг, баялагтайгаа үлдэж чадсан хүмүүс. 19-р зуунд хамжлагат ардууд чөлөөлөгдсөн ч 20-р зууны эцсээр л өөрсдийн жинхэнэ эдийн засгийн эрх чөлөөг олж авж чадсан юм. Тэд Агуу Петрийн хаанчлалын үед дэлхийд нөлөөлөгч томоохон гүрэн болж чадсан бөгөөд энэ хүчээ одоо ч алдаагүй, тодорхой хэмжээгээр хадгалсаар яваа хэмээн би боддог. Үүний хамгийн том илрэл нь яах аргагүй ЗХУ. Хүйтэн дайны нэгэн талыг тодорхойлогч байсан энэ гүрэн 70 жилийн туршид оршин тогтносон. Эдийн засгийн хувьд маш үр ашиггүй зарцуулалттай байсан хэдий ч төмөр хөшигний ачаар энэ бүхнийг барууны ертөнцөөс нууж чадсан байдаг. Тэглээ гээд хэзээ нэгэн цагт нурах нь тодорхой байсан энэхүү эдийн засгийн систем аврагдаж үлдэж чадаагүй. 1990-ээд оны шинэчлэлийн ачаар зөв замдаа бага зэргийн гажуудалтайгаар давхин орсон. Энэ бүх түүхэн үйл явдлуудын дараагаар ч Орос улс өөрийн гэсэн дэлхийд нөлөөлөх нөлөөллийн хүчээ алдаагүй л яваа юм.

Орос орны эдийн засгийн сэтгэлгээний түүхэн хөгжил 16-р зууны Киев гүрнээс эхлэлтэй. Тухайн үед бичигдсэн “Домострой” зохиол нь олон талаараа өрхийн аж ахуйд чухал нөлөөллийг үзүүлэгч байв. Энэ бүтээлд өрхийн амьжиргааны талаар, эдийн засгийн шийдвэр гаргалт, үүнд зориулсан зөвлөмж зэргийг багтаасан байжээ. Харин 17-р зуунд  олон үндэстэн ястан, эдийн засгийн төвлөрөл, хөдөлмөрийн төрөлжилт гэх зэрэг асуудлуудтай холбоотойгоор эдийн засгийн сэтгэлгээ боломжийн хирээр хөгжиж байв. Энэ үеийн хамгийн гол төлөөлөгчид нь мерканталист үзэлтнүүд болох  Ордин Нашекин, Юрий Кризанич нар байжээ. Кризанич гадаад худалдааг дэмжигч байсан бөгөөд үүний тод илрэл нь түүний “17-р зууны Орос орон” хэмээх ном юм. Энэхүү бүтээлд худалдаа, Орос орны газар нутаг, ядуурал болоод баялгийн асуудал, мөн хүсэл, аз жаргалын тухай өгүүлжээ. Түүнийхээр бол баялаг мөнгөөр тодорхойлогдож байсан.

17, 18-р зууны өөр нэгэн агуу сэтгэгч нь Агуу Петр хаан өөрөө байсан юм. Орос орныг хүчирхэгжүүлж чадсан түүний гавьяа тухайн үеийн эдийн засагт үнэлж баршгүй хувь нэмрийг оруулж чаджээ.

Үнэндээ 19-р зуун буюу 1800-аад онд Орос улс нь барууны соёлт орнуудтай харьцуулахад эдийн засгийн сэтгэлгээний түүхэн хөгжлийн хувьд нилээн хоцорсон байдалтай байв. 1800-аад оны эхний хагаст Орос оронд өөрсдийн эдийн засагчдын бичсэн ном бүтээл, сурах бичиг маш ховор байлаа. Ихэнхи зохиол бүтээлүүд нь Адам Смит, Жан Батист Сэй гэх зэрэг алдартай эдийн засагчдын бүтээлүүдийн орчуулга байжээ. Энэ бүхэн ийм хаалттай, хоцронгуй байх нэгэн шалтгаан нь тухайн үеийн эзэн хаан Николайгийн дарангуйлал байсан гэж хэлж болно. Кримийн дайн энэ оронд шинэ үеийг авчирсан. Улмаар улс оронд шинэчлэл эхэлж шинжлэх ухаанч эринд хаалгаа нээсэн юм.

Энэ үеийн хамгийн чухал үйл явдал бол хамжлагат ард, боолууд чөлөөлөгдөн эрх чөлөөт ард түмэн болсон явдал. Үр дүнд нь улс оронд хэрэгцээтэй маш олон институциуд бий болон, тэдгээрийг зохицуулах чадварлаг эдийн засагчдийн нийлүүлэлт дутагдаж байв. “Economist” сэтгүүл шинээр үүсч тухайн үеийн эдийн засагт хэрэгцээтэй байгаа өгүүллэгүүдийг нийтэлдэг байв. Энэ сэтгүүл олон нийтэд эдийн засгийн ойлголтыг бага ч гэсэн түгээж явсан юм. Зохиол бүтээл туурвихад хэрэглэгдэх орос хэл нь бусад орны хэлүүдтэй харьцуулахад нэгэн онцлог шинж чанартай. Өөрөөр хэлбэл илүү чөлөөт хэл юм. Германаар бичигдсэн зохиолууд ихэвчлэн мэргэжлийн хязгаарлагдмал шинжээсээ гарч чаддаггүй аж. Тиймээс Орос хэл дээрх зохиол бүтээлүүд илүү олон орны хэлний шинжүүдийг нэгтгэн агуулж чадсан, сонирхолтой байдаг. Шинээр зохиол бүтээл туурвиж ном гаргана гэдэг амар ажил биш. Үүний тулд хичээл зүтгэл болоод шинжлэх ухаанч мэдлэг хэрэгтэй. Тухайн үеийн залуу эдийн засагчид нэг бүтээл гараасаа гаргахын тулд олон орны номын сангуудаар хэсч өөрсдийн хэрэгцээт мэдээллийг цуглуулдаг байсан бөгөөд хир чанартай бүтээл хийх нь харин оюун ухаанаас нь шалтгаалдаг байв.

19-р зууны Орос орны эдийн засаг бусад орнуудтай харьцуулахад маш ялгаатай, өөрийн гэсэн маш олон асуудлуудтай байв. Тэдгээрийн нэг нь яах аргагүй өмчийн эрх. Тариачдын эд хөрөнгө нэгдэл хэмээх зүйлийн өмч байсан бөгөөд эдгээр нэгдлүүдийг байлгах эсэх талаар их удаан хэлэлцэж байсан түүхтэй. Тухайн 1888 оны үед нэгдлийг тараагаагүй бөгөөд учир шалтгаан нь хөдөө аж ажуйг аюулд учруулж болзошгүй хэмээн үзсэнтэй холбоотой.

Дараагийн гол асуудал нь хөдөө аж ахуйн салбарт олгогдож байсан урт хугацаат зээл. Тэрхэн үедээ зөвхөн засгийн газрын банкууд байсан ба эдгээрийн үйл хөдлөл нь нилээд рациональ бус шинж чанартай байсан. Газрын эзэд хамжлагат албатгүй, мөн багаж зэвсэггүй болсон болохоор газар тариалангаа үргэлжлүүлэн эрхлэхийн тулд ажилчид хөлслөж ажиллуулах, эсвэл тоног төхөөрөмж худалдаж авах сонголттой тулгарсан. Аль ч аргыг сонгосон тэдэнд мөнгө хэрэгцээтэй болж, улмаар зээлийн эрэлт огцом ихэссэн байжээ. Мөнгө зээлийн бодлого, хувийн банк зэрэг ойлголтууд оросуудад шинэ зүйл байсан бөгөөд нөгөө талаар иргэдийн санхүүгийн мэдлэгийн ялгаа ихээр тодорч байсан. Өөрийн санхүүдээ хариуцлагатай ханддаг фермерүүдийн хувьд зээл нь аж ахуйгаа өргөтгөх сайхан боломж олгодог боловч хариуцлагагүй, мэдлэггүйн улмаас олон тооны хүмүүс банканд газраа алддаг байжээ. Өөрийн эзэмшиж байсан газраа өөр хэн нэгэн танихгүй этгээдэд зээлийн барьцаанд өгөх нь  тариачдад үнэхээр хэцүү байлаа.

Тариачдын газар эзэмшилтэй холбогдон гарч буй гурав дах чухал асуудал нь тариачдын зээл. Боолчлол чөлөөлөгдсөнөөр энгийн тариачид газартай болж,  энэхүү өмчийнхөө төлөө татвар төлж, улмаар зээлийн хүүг давж гарах гэж хамаг хүчээ барж байсан цаг. Мөн гэр бүлээ тэжээхэд хангалтгүй хэмжээний газартай иргэд нэмж газар авахын тулд зээл авсаар байсан.

Орос орон бол хөдөө аж ахуйн томоохон эзэнт гүрэн. Тэдгээрийн бүтээгдэхүүн болох үр тариа, ногоо нь иргэдийн гол орлого болдог байсан. Сүүлийн жилүүдэд нь гадны хүчэй өрсөлдөгч нартай тулгарсаар ирсэн боловч хэн нь ч орос орноос хөдөө аж ахуйн зах зээлийг нь булааж чадаагүй аж. 1840 н гэхэд Орост ганц ч төмөр зам байгаагүй гэнэ. Харин социализмын үе дэх бүтээн байгуулалтын ачаар Орос орон төмөр замаар баялаг болсон. Анхандаа энэхүү нийтийн шинжтэй бараанд хөрөнгө оруулах сонирхол залуу бизнес эрхлэгчдэд төдийлөн их байгаагүй боловч төмөр зам хөгжиж чадсан юм.

Орос орны хувьд 1914 он өөрийн газар нутгийн хэмжээгээрээ оргил цэгтээ хүрч байсан цаг. Дэлхийн нийт хуурай газрын зургааны нэг хэсгийг эзэлж байсан хэдий ч улс төрийн хувьд тогтворгүй байсан. Орос Японы дайнаас болж эдийн засаг ихээр муудан улмаар ард иргэд хаант засаглалыг эсэргүүцсэн 1917 оны Октябрын хувьсгал бий болсон түүхтэй. Энэ түүхэн үйл явдал Орос орны ирээдүйг тэр чигээр нь өөрчилсөн.

Феодализм, капитализмаас болж зовж зүдэрсэн олон тооны энгийн иргэд тэгш сайхан нийгмийг тэр үедээ хүсч байсан юм. Тиймээс большевикүүд хаант засаглалыг унаган, социалист нийгмийг бий болгохыг зорьжээ. Владимир Ленин Марксын онолыг шүтэгч байсан бөгөөд улс орноо төвлөрсөн төлөвлөгөөт системээр удирдсанаар л ард түмэн тэгш байна гэж хувьдаа үзэж байсан байх. Харамсалтай нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг нь барууны орнуудыг өндөр хөгжилд хүргэсэн капитализмыг үгүйсгэсэн ба сонгодог эдийн засгийн гол тулгуур болох “Laissez Faire” –ийг үзэн ядагч байсан юм. Ард иргэдийн хувьд өмнөх нийгмийн адил анги давхрагын улмаас ядуу байх зовлон арилсан боловч эдийн засгийн хувьд үр ашгийг их хэмжээгээр алдаж байсан. Эдийн засгийн онолын дагуу бол үр ашиг болоод тэгш байдал хоёр нь хэзээ ч нэг нэгнээ дэмжих ойлголт биш юм. Учир нь бид тэгш байдал бий болгож байгаагийнхаа хирээр үр ашгаа алддаг. Энэ бүх үр ашгийн алдагдал 1990 он хүртэл үргэлжилсэн.

Гэхдээ социализм нь бүх зүйлийг муугаар эргүүлсэн хэмээн ойлгож болохгүй. Өмнөх зуунуудад Орос орон хөдөө аж ахуйн орон байсан бол социализмын ачаар хүнд үйлдвэр дээр тулгуурласан эдийн засагтай орон болж хувирч чадсан. Хөдөө аж ахуйн салбар нь аж үйлдвэржилттэй харьцуулахад бүтээмж багатай нь ойлгомжтой бөгөөд магадгүй дээрээс бүхнийг удирддаг байсны үр дүнд томоохон бүтээн байгуулалтууд босч чадсан байх.

Харамсалтай нь эдийн засагт хамгийн их аюул учруулагч нь орлогынхоо дийлэнхи хэсгийг зарцуулдаг цэрэг дайны салбар болоод, эрэлтийг тооцож үзэлгүй үйл ажиллагаагаа явуулдаг хүнд үйлдвэрүүдийн зардал, мөн ардчилсан нийгэмд байсан бол төрийн оролцоод байх хэрэггүй маш олон асуудлуудын трансакцийн зардал гэх мэт байлаа. Эдийн засаг нь хувь хүний өөрийгөө гэх ашиг сонирхлоос үүдэлтэй бөгөөд энэ сэтгэлгээ амьд байж чадсанаараа л эдийн засаг амьд байх боломжтой гэх сонгодог эдийн засагчдын үзэл амьдралд биеллээ олсон явдал нь ЗХУ задран унан, чөлөөт зах зээл хүчтэйгээр үгүйлэгдэж байснаас харагдана. Гэсэн хэдий ч дээр өгүүлсэнчлэн чөлөөт зах зээлийг хэрэв сонгосон л бол бид үр ашигтай эдийн засагтай байхынхаа хирээр тэгш байдлаас холдон, баян ядуугийн ялгаа улам ихэссээр байх болно. Энэ бол нийт эдийн засаг хөгжихийн тулд төлж буй нэг ёсны төлбөр гэж ойлгож болох юм. Эдийн засагт үнэгүй бараа гэж байдаггүйтэй адил.

1992 онд Борис Елцин ерөнхийлөгч болсноор социалист дэглэм ахин тэжээгдэх аргагүй болж, эдийн засгийн шинэчлэлийн эрин эхэлсэн. Орос орон ардчилсан нийгмийг эргэлт буцалтгүйгээр сонгосон. Өмнөх социализмын үед баримталж байсан зорилгоосоо шал өөр чиглэлээр улс орноо хөгжүүлэх шаардлага урган гарч ирэн, тухайн үеийн удирдагчдын эдийн засгийг зохицуулах чадварыг сорьсон үйл явдал болсон юм. Хэрвээ улс төрийн оролцоо эдийн засагт бага, ялангуяа эдийн засгийн шийдвэр гаргалтанд ч тэр хэмжээгээрээ бага байсан бол магадгүй өнөөдрийн Орос орны хөгжлийн түвшин өөр байсан байж болох талтай. Зах зээлийн эдийн засагт шилжсэнээрээ эдийн засгийн хувьд олон асуудлууд үүссэн. Хүчээр төрөөс барьж байсан үнийг чөлөөлөн, төрийн өмчит байгууллагуудыг хувьчилснаар гарч ирэх үр дагавар богино хугацаанд олон тооны дундаж амьдралтай Орос иргэдийг туйлдуулсан авч урт хугацаанд үр өгөөжөө өгнө гэдгийг олон хүн ойлгохгүй байсаар байсан.

Елцины багийн “Амь тариа” нь нэгэн зэрэг ардчилал, санхүүгийн зах зээлийн тогтворжилт, хувьчлал, нээлттэй зах зээл гэсэн 4 зорилгод хүрэх эдийн засгийн шинэчлэлийн арга байв. Энэ арга хэмжээ зарим талаараа хэрэгжиж байсан боловч өмнөх үеийн улс төрчдийн нөлөөгөөр бүрэн хэрэгжиж чадаагүй юм. Үүний хажуугаар Төв банкны алдаатай бодлогын гайгаар инфляци жирийн ард иргэдийг үнэхээр их зовоосон. Мөнгөний онолд наад захын мэдэж явах ёстой ойлголтуудыг тоолгүйгээр зээлийг их хэмжээгээр өгөн, мөнгөний эмиссийг их хэмжээгээр хийж байсан нь инфляцийг хөөрөгдөхөд хамгийн ихээр нөлөөлсөн гэж би бодож явдаг.

Шинэчлэлтэй холбоотой дараагийн хөндөгдөж байгаа асуудал нь далд зах зээлийн хөгжил юм. Олигархи гэх Оросын шинэ залуу баячуудын бизнес улс төртэй нилээн холбогдсон, тэр хэмжээгээрээ тэдний эрх мэдэл илт ихэсэн эдийн засгийн далд зах зээлийг хөгжүүлсэн гэж хэлж болно. Тэд эрх мэдэлтэй учраас татвар төлөлт маш бага, гэвч орлогын хэмжээ маш их байсан нь нийт орлогоо улсад мэдүүлэлгүй өөр газар хийж байгаа гэсэн таамаглал дэвшүүлэхэд хүргэсэн юм. Орос оронд хувьчлалын асуудал маш маргаантай бөгөөд бүрхэг явагдсан. Хувьчлалын эхний үе шат нь тухайн үйлдвэрийн хувьцааг менежер болоод ажилчдад нь хямд үнээр өгсөн явдал. Эхний үе шат улс орон даяар амжилттай хэрэгжсэн бөгөөд өмнө нь улсын мэдэлд байсан жижиг дунд үйлдвэрүүдийн 90% нь өнөөдөр хувьчлагдсан байгаа гэнэ. Харин ашигт малтмалын орд газар, стратегийн ордууд гэх мэт үйлдвэрүүдийн хувьчлал үнэхээр бүрхэг болсон бөгөөд өнөөдрийн Оросын тэрбумтнуудын ихэнхи нь металлургаас баяжсан хүмүүс байдаг. Нэг талаараа тэд эдгээр үйлдвэрүүдийг хувьчилж авснаараа үр ашигтайгаар удирдаж байгаа боловч нөгөө талд тэдний татвар төлөлтийн түвшин маш муу байгаа нь эдийн засгийн нийт үр ашигийг бас л бууруулж байгаа гэж болно.

Хувь хүний өөрийгөө гэх аминч үзэл нь эдийн засгийн үр ашгийг бүрдүүлдэг. Гэтэл эдийн засгийн үр өгөөжийг цөөн хэдэн элитүүд хувааж авч байгаа тохиолдолд ард түмэн өөрсдийн эрх ашгийн төлөө, өөрөөр хэлбэл өөрт нь очих ёстой байсан ашгийг олж авахын төлөө тэмцдэг. Энэ бүхэн нь хаант засаглалыг унагасан жирийн ажилчин анги, тариачдын бослогоос харагдаж байгаа юм. Бодит амьдрал дээр тэд л хөдөө аж ахуй, үйлдвэрүүдийг авч явж байгаа ажилчид боловч тэдний хөдөлмөрийн орлогыг хаант засаг авч байгаа нь мэдээж шударга биш явдал байсан. Тиймээс большевикуудын нийгмийн тэгш байдал, шударга ёсыг  хангах зорилготой Оросын социалист дэглэм, үр ашиггүй эдийн засаг нь 70 жилийн дараа эргээд л бослогыг бий болгосон. Зүгээр л тэгш нийгэм байснаараа хүмүүс аз жаргалтай байдаггүйг бүгд ойлгосон байх. Хүний хамгийн нандин зүйл бол эрх чөлөө. Адам Смитийн үл үзэгдэгч гарын онолын дагуу эрх чөлөөтэй бизнес эрхэлж байгаа үед л эдийн засаг хөгждөг гэдэг. Үнэндээ амьдрал мөн адил хэн нэгний зохицуулгаар бус, харин зах зээлийн дагуу л зохицуулагддаг гэдгийг Ленин ойлгодог байсан бол түүх хэрхэн өөр байхсан бол…

Ашигласан материал:

Charkov. (1888). “Economic Thought in Russia”. The Quarterly Journal of Economics , 233-243.

Engelmann, Kurt E., et al. “Russia.” Microsoft® Student 2008 [DVD]. Redmond

The Development of Russian Economic Thought. (n.d.). 245.

Zaostrovtsev, A. (2005). The Principal Conflict in Contemporary Russian Economic Thought: Traditional Approaches Against Economics.

Russia. (2010). Encyclopædia Britannica. Encyclopædia Britannica 2007 Ultimate Reference Suite.

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s