Эртний Хятадын философи болон Маркс, Мао нарын үзэл

Сонгодог эдийн засгийн амин сүнс нь болсон капиталист нийгмийг эсэргүүцсэн Маркс, Мао хоёр. Тэдний хувьд чөлөөт зах зээл нь тэгш байдлыг үгүй хийн, анги давхаргын ялгааны улмаас ард иргэд маш ядуу байна гэдэг байж. Гэхдээ эдгээр 2 хүний үзэл бодол болоод социалист нийгмийг бүтээх арга нь өөр байсан. Хамгийн гол ялгаа нь Маркс диалектик материалист байсан бол Мао идеалист сэтгэлгээтэй байжээ. Тэдний хүсч байсан нийгэм мөн адил өөр өөр байсан. Карл Маркс хүн бүр тэгш утопи нийгмийг хүсч байсан бол Мао Зе Дун хувьсгалт ертөнцийг үгүй болгохыг хүсээгүй. Магадгүй ийм байсан болохоор л Марксын үзэл бүх социалист дэглэмүүдийн үндэс суурь болон ашиглагдаж, харин Маогийн эдийн засгийн шинэчлэлийн үр дүнд 20 сая тариачид өлсгөлөнгөөр нас барсан байж болох юм. Энэ 2 хүний үзэл бодолтой Хятадын эртний сургааль зарим нэг талаараа төстэй. Хүнлэг байдал, шударга ёсыг номлодог энэхүү эртний сургааль нь олон хүний хувьд амьдралын философи болсон байдаг. Марксын зарим нэг санаа нь хүртэл үнэхээр ижилхэн учраас энэхүү эссенд эртний Хятадын гүн ухааныг харьцуулан оруулж байгаа юм. Эцсийн үр дүнд хүн болгон л энх тайван, тэгш, шударга нийгэмд амьдрахыг хүсэмжилж байсан боловч аль ч социалист дэглэм энэ бүхнийг гүйцэлдүүлж чадаагүй.

Эртний Хятадын сургааль нь ёс суртахууныг дээдлэн шүтсэн, автократ буюу хаант засаглалыг дэмжсэн шинжтэй өвөрмөц сургааль байсан. Күнзий болоод Лао Цү нараас эхлээд одоог хүртэл хөгжиж ирсэн энэхүү философийн гол үндэс нь ин ян буюу эсрэг тэсрэг зүйл харилцан оршин байх тухай сургааль юм. И-чинг буюу “Өөрчлөлтийн сурах бичиг” бол Хятадын философийн хамгийн гол гэж нэрлэгдэх бүтээл ажээ. Энэ ертөнц дээр мөнх орших хүн гэж үгүй, харин өөрчлөлт өөрөө мөнх оршдог. Бидний ирээдүйг бурхан биш харин мөнхөд үргэлжлэх өөрчлөлт тодорхойлдог. Тухайн үеийн хүмүүсийн ёс суртахуун, үйл хөдлөлд нь энэ үзлийн нөлөө ихээр байсан учраас “Өөрчлөлтийн сурах бичиг” алдартай болсон гэж үздэг байна.

Энэхүү философийн гүн ухаантнууд дотроос Лао Цү нь ин янийн эсрэг тэсрэгийн дотоодын хөдөлгөөн, өөрчлөлтөөр Дао тодорхойлогддог бөгөөд, Дао нь өөрөө хүний үйл хөдлөлийн хэм хэмжээг зааж байдаг гэж үзжээ. Энд өгүүлэгдэж буй Дао гэдэг нь төгс энх тайвныг илэрхийлнэ. Хүмүүс Даод өөрсдийн хүслээ тулгаж биш харин энх тайвнаар үйл хөдлөлөө хийх хэрэгтэй гэж тэрээр бусдад номлож байв. Энэ бүхнийг энгийнээр хэлвэл Марксын диалектик материализмтай нэгэн адилаар ямар нэг зүйлийн эсрэг зүйл нь тэр зүйлд өөрчлөлтийг бий болгодог бөгөөд энэ бүхэн мөнх үргэлжлэх болно. Диалектик болоод Даогийн ялгаа нь диалектикт “thesis”-ийг  “antithesis” үгүйсгэн өөрчлөлтийг бий болгодог бол Даогийн сургаальд ин ян нь өөрсдөө эсрэг тэсрэгийн туйлууд юм.

Дараагийн алдарт гүн ухаантан болох Күнзийн хүнлэг ёс болон шударга байдлын талаарх сургаалиуд нь магадгүй ирээдүйд Марксын философийг Хятадад хүлээж авах суурийг бүрдүүлсэн байх. Хамгийн гол мөн чанар нь “чамд бусад хүмүүс битгий хийгээсэй гэж хүссэн зүйлийг бусдад чи өөрөө бүү хий.” Күнзийн сургааль утопи нийгмийн нэгэн адил хүн бүрийн тэгш байдлыг эрхэмлэдэг. Хүн ганцаараа байснаараа өөрийн бүхэл шинжийг олж чадахгүй, харин бусадтай хамтран амьдарснаараа өөрийгөө бүтэн гэдгээ мэдрэх болно. Сонгодог эдийн засагт үзсэнчлэн хувь хүний өөрийгөө гэх үзлээс илүүтэйгээр хамтын нийгэм үр ашигтай гэж үздэг байсан нь социалист үзэлтэй төстэй байдлыг илтгэнэ. Гэхдээ энэ нь хувь хүн ганцаархнаа байснаараа үнэ цэнэ багатай гэсэн үг биш, харин ч өөрийгөө төгөлдөржүүлэн бүтээмжээ нэмэгдүүлэх нь нийгмийн сайн сайхныг байдлыг дээшлүүлэх юм. Мөн Марксын нэгэн адилаар нийгмийн хамгийн чухал эд эс бол хүн гэж үзсэн байгаа. Хэдийгээр тухайн үедээ Күнзийн үзэл суртал голлох байр суурь эзэлж чадаагүй ч дараа дараагийн Хятад хүмүүсийн амьдралд дагаж мөрдөх ёстой чухал үзэл болон дэлгэрч чадсан.

Карл Маркс хөрөнгөтнүүдийг үзэн яддаг байсан ч өөрөө хөрөнгөтөн шиг мөнгө үрдэг байсан.  Энэ зангаасаа болж нэгэн хэсэг ядуу амьдарсан нь магадгүй коммунизмыг бий болгоход нөлөөлсөн байх. Түүний эдийн засгийн талаарх үзэл бодолд хамгийн ихээр нөлөөлөгч нь Дэвид Рикардо байсан бөгөөд  эдийн засгийн үндсэн санаануудаа түүнээс авч ашигласан гэдэг. Марксын хувьд ангигүй нийгмийг хүсч байсан. Хөрөнгөтний давхаргыг арилгаснаар анги давхаргын ялгаа арилж бүх хүн тэгш нийгэмд амьдрах болно гэдэг ч үнэндээ эдийн засгийн үр ашгийн алдагдлыг тийм ч анхаарч үзээгүй бололтой.

Маркс өөрийгөө сонгодог эдийн засагч гэж нэрлэдэг байсан хэдий ч өөрөө сонгодог эдийн засгийн маш хүчтэй дайсныг бий болгосон. Түүнийг зарим хүмүүс эдийн засагч гэж үздэггүй ч түүний эдийн засагт хийсэн гавьяа бас бий. Марксын үзлээр нийгмийн хамгийн гол суурь нь эдийн засгийн бүтэц. Энэ бүтцийн агуулгад хоёр чухал зүйлийг онцлон авч үздэг бөгөөд юун түрүүнд үйлдвэрлэлийн хамгийн чухал хэсэг нь хөдөлмөр буюу ажилчид гэж үзэж байсан юм. Харин дараагийн чухал бүрдүүлэгч хэсэг нь үйлдвэрлэлийг зохицуулагч буюу нийгэм улс төр нь үйлдвэрлэл болоод хуваарилалтыг хянагч байх явдал аж. Гэвч Карл Маркс эдгээр 2 чухал бүрдүүлэгчийнхээ нарийн холбоог тодорхой гаргаж ирээгүй байдгаас магадгүй дараа үед нь үүссэн социалист дэглэмүүд нуран унасан байх гэж бодож байна.

Тэр хэдийгээр барууны ертөнцөд амьдарч байсан хэдий ч түүний үзэл бодлыг цэвэр барууны хэмээн дүгнэж болохгүй. Тэр Миллийн бичсэн байдагчлан Утопи нийгмийг шүтэгч. Мөн эртний хятадын ёс суртахууны сургаальтай 2 байдлаараа нилээн төстэй. Эдгээр 2 сургааль аль аль нь барууны соёлт ертөнцийн дарангуйлал, уламжлалт нийгмийг эсэргүүцэж байснаас харахад Марксийг цэвэр барууны философич хэмээн дүгнэх аргагүй. Түүний хувьд Европын хөрөнгөтний нийгэмтэй тэмцэж буй үзэл бодол нь 3 зүйлээр илэрдэг. Эхний 2 нь Гегелийн санаан дээр тулгуурласан байдаг. Учир нь Марксын философи нь Гегелийн философи, Францын утопи үзэл, Рикардогийн сонгодог эдийн засгийн нэгдэл гэж ойлгож болох юм. Нэгдүгээрт хүн оршин байх гол нөхцөл нь байгаль оршин байх, хүн бол байгалиас салгаж болшгүй нэгэн чухал эс нь гэж үздэг. Маркс их шашин шүтдэг хүн байсан учраас энэ үзлээ бурхантай холбон тайлбарлах явдал бий. Гэвч түүний шашны философи эдийн засаг болоод улс төрийн үзэл бодолд нь тийм ч их зайг эзэлдэггүй ажээ. Хоёрдугаарт хувьсан өөрчлөгдөхгүй зүйл гэж үгүй. Түүний диалектик материализм нь үүнтэй холбоотойгоор гарч ирсэн. Бүх зүйл тасралтгүй дахин давтагддаг гинжин урвалаар өөрчлөгддөг бөгөөд үүнийг диалектик хэмээн нэрлэдэг. Эдгээр хувьслын үр дүн нь бодит матер байх ёстой гэсэн үзлээрээ Маркс Гегелиэс ялгагдаж байсан юм. Харин гуравдугаарт нийгмийг өөрчлөх анхдагч хүч нь хөдөлмөрийн бүтээмж гэжээ.  Хүний үнэ цэнэ хөдөлмөрөөр илэрхийлэгдэнэ.

Нийгэмд өөрчлөлт авчирч чадах ажилчидын хүчээр л улс орон хөгжиж яваа учраас ажилчин анги хамгийн чухал хүмүүс байх ёстой. Түүний шинжлэх ухаанч социализмыг харамсалтай нь бүрэн гүйцэд ойлгон зөв хэрэглэсэн улс орон энэ дэлхий  дээр алга бололтой. Марксын мөрөөдөж байсан ямар нэг хүч хэрэглэлгүй амьдрах социализм мөрөөдөл чигээрээ л үлдсэн.

Хятадын олон сая хүний хувьд агуу удирдагч нь байсан Мао Зе Дун эдийн засгийн төлөвлөгөө гаргахдаа “trade off” хэмээх ойлголтыг ойлголгүй өнгөрсөн. 1958-1960 оны хооронд хийгдсэн “Great Leap Forward” нь Хятадын ард түмэн Англи улсаас илүү аж үйлдвэржсэн улс болох гэсэн хүсэлтэй нь холбоотой авч харамсалтай нь Хятадын ард иргэдийн ихэнхи нь газар тариалан эрхэлдэг тариаланчид байсан учраас өөрсдийн амин зуулгын ажлаа орхин үйлдвэрт ажилласнаар маш их хэмжээний үр тариа, хоол хүнс үйлдвэрлэгдэлгүй олон сая хүн өлсгөлөнд нэрвэгдэн амиа алдацгаасан.

Мао Марксын үзлийг шууд Хятаджуулан авч хэрэглэсэн гэж үзэж болохгүй. Тухайн үеийн Орос оронд Октябрын хувьсгал ялан, социалист дэглэмийг сонгосон байсан нь Маод Хятадыг мөн адил социалист улс болгох гэсэн хүсэл төрүүлсэн байж болно. Хөрөнгөтнүүд болоод Японы эзлэн түрэмгийлэгчид, мөн Хятадын үндэсний нам болох Коминтаны эсрэг тариачдыг удирдан “Улаан арми” бий болгосныхоо ачаар л тэрээр Хятадын ард түмний удирдагч болон сонгогдсон. Түүний үзэл бодол болоод зорилго Марксынхаас өөр хэмээн дээр өгүүлсэн. Маогийн үзэл бодолд эртний Хятадын философи, тэр дундаа Күнзийн сургааль, Даогийн нөлөө ихээр байсан. Тухайн үеийн Хятадад боловсролтой хүнийг өв тэгш хүн хэмээж байсан боловч худалдаачид, цэргийн алба эрхэлдэг хүмүүс нийгмийн хувьд бүдүүлэг, соёлгүйд тооцогдож байв. Гэвч эсрэгээрээ барууны ертөнцөд эдгээр хүмүүс л улс орны баялгийг бүтээдэг гэж итгэдэг байсан нь хачирхалтай.

Орос орон социалист орон болсон учраас Ленины үзэл бодол түүнд мөн нөлөөлсөн, гэвч Хятадад хэрэгжүүлсэн арга зам нь бага зэрэг өөр байсан. Учир нь Орос болон Хятад орон түүх соёл, газар нутаг, ард түмний үзэл суртал гэх мэт маш олон зүйлээрээ ялгаатай байсанд оршино. Мао Марксын онолыг ашигласан нь үнэн боловч Марксын бодит амьдралд хэрэгжиж үзээгүй онолыг тэрээр Хятадын хөрсөнд буулгахыг зорьсон юм. Хэдэн зуун жил Даогийн номлолыг шүтсэн тариачин ард түмнийг Оросын нэгэн адил коммунист нийгэм лүү хөтөлсөн түүний хувьд барууны онолыг Хятадад тааруулах хүндхэн бэрхшээл тулгарч байсан нь ойлгомжтой.

Түүний Марксаас ялгарах хамгийн гол ялгаа нь анги давхрагын хийсвэр ангилал, мөн тасралтгүй хувьсгал. Тэрээр эдийн засгийн үүднээс бус харин өөрийн хийсвэр ангилалаар ард түмний анги давхаргыг тодорхойлсон. Маркс хөрөнгөтөн ангийг устган ангигүй нийгэм бий болгохыг хүсч байсан бол Мао анги давхарыг дахин тодорхойлож байсан. Ерөнхийдөө түүний хувьд хүмүүсийг хувьсгалын талынх эсвэл эсрэг талынх л гэж хуваасан. Зөвхөн үүнээс болоод л Хятадын элит давхаргын олон сая сэхээтэн хэлмэгдэж, олон олон хуурмаг хэрэгт холбогдон цөлөгдсөнөөрөө Маод садаа болж чадахааргүй дуугүй болцгоосон. Түүний хувьсгалыг мөнх байлгах гэсэн үзэл, мөн өөрөө л их удирдагч нь байх гэсэн хүслээс болоод яг л Сталины нэгэн адил их хэлмэгдүүлэлт түүхэнд бараан сүүдрээ үлдээсэн юм. Гэвч Марксын бий болгосон социалист нийгэм ийм зүйлийг огт хүсээгүй гэдэгт итгэлтэй байна. Бүх зүйлийн удирдагч болсноороо, ялангуяа Хятад Орос гэх мэт том гүрний дарангуйлагч болсноороо хүмүүс маш харалган болдог. Үүний хажуугаар зах зээлийн нийгэмд байх ёстой хуулиудыг үгүйсгэснээрээ эдийн засгийн үр ашгийн алдагдал дээд цэгтээ хүрч ард түмний амьдрал доройтсоор л байсан нь тодорхой.

Түүхэн цаг хугацаагаар нь авч үзвэл эртний Хятадын философи нь хэдэн зуун жил оршин тогтнож буй гүн ухаан юм. Энэхүү номлолын ин ян эсрэг туйлуудын харилцан үйлчлэлийн үр дүн дэх тасралтгүй үргэлжлэх өөрчлөлт мөнх оршдог гэх үндсэн тулгуур ойлголт нь Гегелийн диалектик, бүр тодруулбал Марксын диалектик материализмтай санааны хувьд ижил. Эдгээр сургаалиудын өөр нэгэн төстэй тал нь нийгмийг гол бүрдүүлэгч нь хүн юм гэсэн үзэл. Сонгодог эдийн засагтай адилгүйгээр хүний хамтран ажиллах, хүний үнэ цэнэ, тэгш байдлын талаарх үзэл бодлууд нь  эртний Хятадын гүн ухаан Марксизм хоёрыг холбодог. Күнзийн сургаальд өгүүлснээр хүнлэг ёс, шударга зангийн ачаар энх тайван тогтоно гэх нь Марксийн хөдөлмөр мөлжиж буй шударга бус хөрөнгөтөн анги, энх тайван тэгш нийгмийн үзэлтэй нь утга нэгэн гэж үзэж байна. Ямар нэгэн хүчирхийлэлгүйгээр социализм тогтоно гэж Маркс үздэг байсан боловч харамсалтай нь энэ амьдрал дээр хэрэгжээгүй юм. Бодит амьдрал дээр онол яг таардаггүйтэй адил.

Хятад орны хувьд түүхэн гүн ухаан нь Марксын философитой ойролцоо байснаар хүмүүсийн социализмыг хүлээн авах хандлага тодорхой хэмжээгээр нааштай байсан гэж хэлж болно. Гэвч Марксын онол барууны ажилчин анги болон хөрөнгөтөн давхаргын ялгааны талаар өгүүлдэг учраас анги давхаргын асуудал Мао Зе Дуны хувьд хүндхэн байсан. Тэрээр хүмүүсийг эдийн засгийн чадамжаар нь бус тодорхойгүй 5 хэсэгт ангилснаараа Марксаас ялгаатай. Мао хувьсгалыг тасралтгүй оршин байлгахын тулд харгис арга хэмжээ авч байсан гэж би бодож байна. Хүн амын 80% нь хөдөө аж ахуй эрхэлдэг улсын хувьд ганцхан хөтөлбөрийн үр дүнд, ялангуяа социалист дэглэмийн үед эдийн засгийн үр ашигт хүрнэ гэдэг хэцүү асуудал. Маогийн хэрэгжүүлсэн эдийн засгийн шинэчлэлийн арга хэмжээ уламжлалт Хятадын гүн ухааны эсрэг чиглэгдсэн бөгөөд учир нь энэхүү хөтөлбөр нь газар хүн хоёр салшгүй холбоотойг умартсан аж. Тухайн үеийн Англи гэх мэт өндөр хөгжилтэй орнуудад олон жил аж үйлдвэр явагдаж байгааг тэрээр мартсанаас болж олон сая хүнээ үхэлд хүргэсэн. Мао Марксизмыг эртний Хятадын гүн ухаантай хослуулахаас ихийг өөрийн орондоо туршиж үзсэн. Харин Марксын социализм өөр нийгмийг хүсч байсанд би итгэлтэй байна.

Социалист удирдагчид ард түмний хайрыг ихээр хүртдэг. Учир нь ард түмний олонх байсан ядуу тариачид, ажилчидын эрх ашгийг өөрийн амь биеийг хайрлалгүй хамгаалсан мэтээр ойлгоцгоодог. Үнэндээ тэд бол эдийн засгийн үүднээс харахад алуурчид байсан юм. Зах зээлийн эдийн засагтай байсан бол хичнээн хүн одоо байгаагаасаа дээр амьдарч, улс орны өсөлт хэдэн хувьтай байх байсныг хэн ч мэдэхгүй. Өөрийн хичээл зүтгэлийн ачаар хөрөнгөтэй болж байгаа хүмүүсд атаархсандаа, тэднийг илүү баян болгохгүй гэсэндээ, тэднээс дутахгүй амьдрах гэсэндээ тэднийг дундаж мөн ядуу иргэд үзэн яддаг. Тухайн үеийн нийгэмд эдийн засгийн боловсролтой хүн цөөн байсан учраас нийтээрээ тэгш байдлыг хүсч байсан байх. Энэ бүх сонголтууд зөвхөн богино хугацааных байдгийг олон орны түүх гэрчлэн харуулсан. Бид урт хугацаанд үр ашигтай, өсөлттэй эдийн засагтай байхын тулд капитализмыг сонгохоос өөр аргагүй. Энэ сонголтынхоо төлөө тэгш байдлыг золиослодог. Өөрөөр хэлбэл төлбөрөө төлдөг. Гэвч ямар анги давхаргад орох нь тухайн хүнээс зөвхөн өөрөөс нь  шалтгаалах нь тодорхой бөгөөд өөртөө тусалсан хүнд л бурхан тусалдаг юм шүү дээ.

Ашигласан материал:

Koller, J. M. (1974). Philosophical Aspects of Maoist Thought. In Studies in Soviet Thought (pp. 47-59).

Rogaski, R. (2008). “Mao Zedong”. Microsoft Student . Redmond.

“Karl Marx.” Microsoft® Student 2008 [DVD]. Redmond.

Mao Zedong. (2010). Encyclopædia Britannica. Encyclopædia  Britannica 2007 Ultimate Reference Suite.

Marxism. (2010). Encyclopædia Britannica. Encyclopædia  Britannica 2007 Ultimate Reference Suite. Marx, Karl. (2010). Encyclopædia Britannica. Encyclopædia  Britannica 2007 Ultimate Reference Suite.

Confucianism. (2010). Encyclopædia Britannica. Encyclopædia Britannica 2007 Ultimate Reference

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s