Улс орны хөгжлийн тухай

Хэрэв энэ ойлголтыг нэгэн өгүүлбэрээр тодорхойлдог байсан бол дэлхийн олон улсуудын хувьд хөгжил гэдэг тийм ч асуудал байхгүй байх байсан. Үүнийг тодорхойлдог олон онол загварууд байдаг ч бүгд нийтлэг болон ялгаатай талуудтай. Хөгжил гэдэг үгийн утгаас харахад өөрийн одоогийн байгаа доогуур түвшингээ илүү дээшлүүлэх, сайн сайхан амьдрах эрмэлзэл гэж ойлгож болно. Угтаа хэн ч бусдаас доогуур амьдрахыг хүсдэггүй.

Үүнээс улбаалаад хөгжлийн асуудал нь өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад одоогийн хөгжиж буй орнуудын хувьд илүү хурцаар тавигдаж байна. Хөгжлийн эдийн засгийн эхэн үед эдийн засагчид хөгжил нь цэвэр гадаад хүчин зүйлсийн нөлөөллөөр явагддаг гэж үзэж байсан ба энэ үедээ хөгжиж буй орнуудын дотоод хүчин зүйлийг төдийлөн их авч үзээгүй байдаг. Учир нь хүн болгон өөр өөр байдгийн адилаар улс орон болгоны хувьд дотоод болон гадаад хүчин зүйлсийн тухайн улсын хөгжилд үзүүлэх нөлөөлөл өөр өөр юм. Магадгүй буурай хөгжилтэй орнууд өндөр хөгжсөн орнуудын дайтай хөгжинө гэдэг их урт удаан хугацаа шаардагдана гэж зарим хүмүүс үздэг байх, гэвч өнөөгийн азийн баруудын түүх бидэнд заавал тийм байх албагүйг батлан харуулсан. Зүүн азийн хөгжил аль ч бүс нутгаас илүү хурдацтай байв. Тэдний хувьд зүгээр сууж байгаад өнөөдрийн түвшинд хүрээгүй нь ойлгомжтой. Гадагш чиглэсэн экспортын бодлого нь үнэхээр үр дүнтэй байсан юм. Тэгвэл яагаад бусад улс ингэж хөгжиж чадахгүй байгаа юм бэ? Хэрэв эдийн засаг зөвхөн гадаад хүчин зүйлсээс хамаардаг байсан бол олон улс өнөөдөр өндөр хөгжилтэй орон болж чадах байсан. Харамсалтай нь үүнд нөлөөлөх бусад олон зүйлс бий. Жишээ нь гэхэд Африкийн хувьд тэр харанхуй иргэний дайны он жилүүд байгаагүй бол амьдрал нь илүү сайн сайхан байхсан. Латин америкийн орнуудын хүн амын өндөр өсөлт болон 80-аад оны эдийн засгийн хямрал тэдний хөгжлийн түвшингээс хойш татсан хэрэг болсон. Эдгээр орнууд хөгжлийн өөр өөр замналаар ирээдүй өөд явж байна. Хөгжиж чадах эсэх нь өөрийн орны онцлог дээр тулгуурласан сайн бодлогыг хэрэгжүүлж чадах эсэхээс л шалтгаална. Өөрөө өөртөө тусалсан хүнд л бурхан тусалдаг гэдэг. Тиймээс аль ч улс орны хувьд хөгжлийн гарц үргэлж нээлттэй байдаг гэдэгт би итгэдэг.

Хөгжлийн эдийн засгийн онол бусад шинжлэх ухааны адилаар энгийн загвараас эхэлсэн. Тэдгээр энгийн загварууд нь үргэлж төгс өрсөлдөөнт зах зээл, тогтмол өргөжилтийн үр өгөөж, хөдөлмөрийн нийлүүлэлт, рациональ хэрэглэгч гэсэн хатуу нөхцлүүдийг тавьдаг нь амьдралаас хол хөндий, хэрэгжих боломж муутай онол гарахад хүргэдэг. Учир нь жинхэнэ амьдралд хүн бүр рациональ байдаггүй, мөн бүх зах зээл төгс өрсөлдөөнт байдаггүй. Онол загварууд тодорхой судалгаа шинжилгээний үндсэн дээр гардаг ч бодит байдлыг байгаа чигээр нь загварт буулгах нь тийм ч амар хялбар бус байдаг учраас аль ч шинжлэх ухааны загварт хатуу нөхцөл тавигддаг. Харин энэ нөхцлийг яаж сонгож байгаагаас энэхүү онолын хувь заяа хамаардаг аж. 1943 онд Розэнштейн Роданы онолоос 1958 оны Альберт Хиршманы “Стратеги” хэмээх бүтээл хүртэлх үеийг үндсэндээ өндөр хөгжлийн онолчид хэмээн нэрлэдэг. Тэдний хувьд өнөөдөр өдөрт 1 доллараас бага орлоготой амьдарч байгаа 1,2 тэрбум хүний амьдралыг чухалд авч үзээгүй, харин улс орны хөгжил цэвэр эдийн засгийн гадаад хүчин зүйлээр удирдагддаг гэж үзэж байв. Энэ онол нийгмийн салбарыг хөгжилтэй тийм ч ихээр холбож үзээгүйгээс гадна бүтээгдэхүүний тэнцвэрийн талаар дорвитой тайлбар хийгээгүй. Розэнштейн Роданы “Big Push” загвар нь эдийн засгийн салбар хоорондын хамаарлыг авч үзснээрээ тухайн үедээ дэвшилтэй санагдаж байв. Гэвч хоорондоо хамаарал бүхий салбаруудад бүгдэд нь нэгэн зэрэг хөрөнгө оруулалт хийснээрээ нийт эдийн засгийг хөгжүүлж чадах эсэх нь эргэлзээтэй. Хиршманы хувьд салбар хоорондын уялдаа холбоос болох “forward, backward” холбоосуудыг тодорхойлсноороо тухайн салбар бусад салбартаа ямар аргаар яаж нөлөөлөхийг тодорхой тайлбарласан байдаг. Мөн Розэнштейн Роданы “Big Push” загварыг хэрэглэхийн оронд түлхүүр сектороо хөгжүүлснээр бусад салбарууд дагаад хөгжих боломжтой гэж үзэж байснаараа хөгжлийн эдийн засагт нэгэн чухал хувь нэмрийг оруулсан юм. Харамсалтай нь эдгээр онолууд нь ядуурал зэрэг хөгжлийн нийгмийн асуудлуудыг тайлбарлаж чадахгүйн дээр хэтэрхий хийсвэр байдалтай байв.

Үнэндээ хөгжил гэдэг зөвхөн эдийн засгийн ойлголт биш бөгөөд мөн нийгэм, улс төр, хүн амзүй гэх мэт олон ойлголтуудтай салшгүй холбоотой оршино. Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн, эдийн засгийн өсөлт зэргийг нь тооцсноороо хөгжлийг бүрэн тодорхойлж байна гэж хэлж болохгүй. Үүнээс гадна эхийн эндэгдлийн хувь, бичиг үсэгт тайлагдсан байдал, хүн амын дундаж наслалт зэрэг нийгмийн үзүүлэлтүүдээр мөн хэмждэг. Тухайн улсыг эдийн засгаасаа гадна хүн амдаа хэр их анхаарал тавьдгийг илтгэн харуулах шалгуур нь дээрх үзүүлэлтүүд болдог гэсэн үг. Улс орны эд эс нь хүн л байдаг учраас хүний хөгжлөөс улсын хөгжил шууд шалтгаалдаг эерэг хамааралтай. Зөвхөн эдийн засгийг хөгжүүлснээрээ улс хөгжихгүй, харин эдгээрийг хамтад нь анхаарч үзэх хэрэгтэй гэдгийг түүх бидэнд сануулдаг. Жишээ нь: 1989 он гэхэд Бразилын нийт хүн амын хамгийн баян 20 хувийн орлого нь хамгийн ядуу 20 хувийнхаа орлоготой харьцуулахад 33:1 байсан байна. Энэ улсад тэгш бус байдал ямар ноцтой түвшинд байсан нь илэрхий. 1990-ээд онд Латин Америкийн ихэнхи орнуудад нь энэ жинхэнэ асуудал болж байв. Харамсалтай нь аль ч орон тэгш бус байдлыг эдийн засгийн өсөлтийн бодлоготойгоо хослуулж ашиглаагүй ( Fajnzylber, 1990 ). Нийгэм эдийн засгийн асуудалд төрийн үүрэг оролцоо их бөгөөд гагцхүү ямар харьцаагаар оролцох оролцооноос нь хамаарч хөгжлийн онолууд тодорхойлогддог.

Өнөөдөр хөгжлийн олон онол загварууд бидний дунд хэрэглэгдсээр байна. Үүнээс хамгийн их нөлөөтэй оршин байгаа нь шинэ сонгодог онол, олон улсын хамаарлын загвар, бүтцийн шинжилгээний загвар, марксизм юм. Шинэ сонгодог онол ёсоор аливаа төр эдийн засагт маш бага хэмжээгээр оролцох ёстой “laissez faire” бодлогыг агуулдаг. 1980-аад онд Дэлхийн Банк болон Олон Улсын Валютын Сан өөрийн гишүүн орнуудыг энэ онол ёсоор хөгжихийг тулган шаардаж байв. Гэвч орон бүрийн хөгжлийн доогуур байгаагийн шалтгаан өөр өөр байсан учраас 1990-ээд оноос судалгаа шинжилгээг анхаарч үзсэний үр дүнд  тухайн улсад нь тохирсон бодлого явуулж эхэлсэн байдаг. Харин марксист онол нь үүний эсрэг байр суурийг баримталдаг. Үндсэндээ 1990-ээд онд олон улсад социалист дэглэм нуран унаснаар энэ онол бараг хэрэглэгдэхээ больсон боловч нийгэм, тэгш бус байдлыг илүү анхаарч үздгээрээ давуу талтай байсан. Орчин үед эдгээрээс гадна постмодернизм,  постколонилизм гэх мэт өөр өөр шинэ ойлголтууд бий болж байна. Эдгээрээс  постколонилизм гэх ойлголт нь нэг хүний удирдан хөгжүүлэх ёсыг тайлбарлажээ. Хуучинсаг үзэлтэй улсуудын хувьд ийм хүмүүс хэцүү байдалд ордог. Гэвч тэдний өөрийн улсыг уламжлалт заншил болон орчин үе хосолсон шинэ улс болгон хөгжүүлэх хүсэл зоригоос мөн тэвчээр чармайлтаас ихээхэн зүйл шалтгаалах нь тодорхой. Үнэхээр зарим улсууд өөрсдийн хуучирсан үзэл бодолдоо баригдсаар хөгжих алхмаа хойшлуулсаар байдаг. Тэдгээр улсуудын хувьд постколонилизмын хөгжил үзэл баримтлалыг баримталснаар хөгжил рүү нэг ч гэсэн алхам ойртох болно.

Зүүн азийн өндөр хөгжлийн жишээнээс харахад бага өртөгтэй бүтээгдэхүүн бага орлогыг бий болгодог, харин өртөг өндөртэй нь илүү их орлогыг бий болгож чаддаг бөгөөд ямар бүтээгдэхүүн экспортлохоос их зүйл шалтгаалдаг. Тэдний хувьд машин, гар утас, компьютер зэрэг техник технологийн өндөр хөгжил шаарддаг салбарыг илүү хөгжүүлэхийг зорьжээ. Эхэндээ энэ бүхэн тийм ч амар байгаагүй, учир нь ихэнхи нь газар нутаг жижигтэй мөн англи японы колони орнууд байсан. Гэвч улс орондоо зөв бодлого явуулсны ачаар хүмүүсийн боловсролын түвшин дээшилж, үүнийгээ дагаад бүтээмж өссөн байна. Ямарваа нэгэн зүйл хурдацтай өсөхийн тулд бүтээмж өндөртэй байх шаардлагатай нь тодорхой. Тиймээс л Өмнөд Солонгос, Тайван гэсэн орнууд бүтээмж өндөртэй болсныхоо ачаар 1989 гэхэд л үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ экспортоор япон, хятад, бразил гэх мэт том орнуудыг гүйцэж түрүүлжээ. Газар нутгийн хэмжээгээр маш бага эдгээр орнууд нь үнэндээ хөдөө аж ахуй, уул уурхайн бүтээгдэхүүн экспортлох боломжгүй учраас өөрсдийн оюун ухааныхаа нөөцөд найдаж хөгжлөө залж явсан гэхэд хилсдэхгүй. Гэвч бүх зүйл сайн сайхан байсан гэвэл худлаа. Тайвань өндөр аж үйлдвэржсэн орон болсноор байгаль орчны бохирдлын асуудал хурцаар тавигдаж хар дарсан зүүд болон хувирч байв. Зүүн Азийн өндөр хурдтай хөгжсөн эдгээр орнуудын нэг голд дэвшил нь анхдагч бүтээгдэхүүнээс илүүтэйгээр бэлэн бүтээгдэхүүн гадагш гаргах зорилготой байсанд оршино. Экспортод анхдагч болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн ихээр гаргадаг африкчуудын хувьд өнөөг хүртэл хөгжлийн түвшин доогуур байсаар байна. Хөдөө аж ахуйн салбар бол технологийн салбартай харьцуулахад орлого бага олдог боловч хөдөлмөр ихээр зарцуулдаг. Африк, Өмнөд Ази, Латин Америкийн орнуудын хүн ам дэлхийн нийт хүн амын ихэнхийг эзэлдэг, түүнээс бараг талаас илүү хувийг нь хөдөө аж ахуйн салбарт ажиллагсад бүрдүүлдэг. Энэ нь тэдгээр хүмүүсийг бага орлоготой амьдруулах нэгэн шалтгаан болж байна. Зүүн Азийн бүс нутгийн хөгжсөн улсууд экспортод чиглэсэн бодлогыг ашигласан байхад бусад бүсүүд импорт орлуулах бодлого хэрэгжүүлсэн нь үр дүнд төдийлөн их хүрээгүй юм. Магадгүй энэ нь Африкын хувьд иргэний дайн, улс төрийн байдалтай ихээр холбогдох боловч эдийн засгийн хувьд үргэлж хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн гадагш гаргах нь хүн амын хурдай өсөлттэй байгаа үед хангалттай орлогыг бий болгож чадахгүй байна.

Улс орон бүр өөрийн гэсэн өвөрмөц онцлогтойгоор оршин тогтнодог. Шинэ сонгодог онол хэдий чөлөөт зах зээлийг дэмждэг ч энэ онол бүх улсад таарч тохирох албагүй юм. Хөгжил гэдэг өргөн хүрээний ойлголт.  Нийгэм талаасаа бодоход төр заавал оролцох хэрэгтэй боловч эдийн засгийн үр ашгийн талаас нь харвал оролцох тусам эдийн засагт сөрөг нөлөөг бий болгож байдаг. Аливаа зүйлийг ганцхан талаас нь харж болохгүй. Яг л танд нэг зүйл хэлэхэд өөр сонголт байхгүй мэтээр хүлээж авах нь буруу гэсэн үг. Онол загвар болгон зайлшгүй зөв байх албагүй, харин бид энэ онолоос өөрт хэрэгтэйг ойлгож олж авч чаддаг байх хэрэгтэй. Улс орны хувьд ч ялгаагүй, Дэлхийн банк эсвэл олон улсын тусламжийн байгууллагын заавар зөвлөгөөг заавал бодож байж хэрэгжүүлэх хэрэгтэй гэж би хувьдаа боддог. Хөгжилд анхаарч үзэх ёстой бас нэгэн гол зүйл бол хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт юм. Өндөр бүтээмжтэй хүн илүүг үйлдвэрлэж чадна. Хэрэв чадахгүй бол бага орлоготой хэвээрээ л байна. Үнэндээ ядуу гээд хүмүүсээ мөнгөөр тэтгэх бус харин дэмжих хэрэгтэй байдаг. Өндөр хөгжилтэй орнууд өмнө нь хөгжиж буй орон л байсан шүү дээ. Тэд бидний л адил хүмүүс боловч илүү их хөдөлмөрлөснийхөө ачаар өнөөгийн түвшинд хүрч чадсан. Гадаад таатай нөхцөл байдал хөгжлийг хурдасгах нөхцөл болох ч хамгийн гол нөхцөл нь биш юм. Зөв бодлого, буурь суурьтай судалгаа шинжилгээ, хувь хүмүүсийн хөгжил, технологийн дэвшил энэ бүхэн амьдралын, улс орны хөгжлийн үндэс билээ.

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s