Их дээд сургуулийн багш нарын харилцааны ур чадварыг сайжруулах арга зам ба боломж

Ш.Ихбаяр, СУИС-РТМУС

2019 оны 01 сарын 28

Товч агуулга

Их дээд сургуулийн багш нарын харилцааны ур чадвар нь оюутнуудын хичээл сурлагын амжилтад нөлөөлөх хүчин зүйлсийн хувьд ач холбогдлоор суралцагчийн хичээл зүтгэлийн дараа орохуйц хамгийн гол хүчин зүйл гэж таамаглаж байна. Иймийн тул багш нарын харилцааны ур чадвараа сайжруулах арга замуудыг өмнөх судалгаанууд дээр үндэслэн хоёр үндсэн хэсэгт хувааж авч үзэв: Багшийн хүн хоорондын харилцааны ур чадвар, багшийн сурган хүмүүжүүлэх харилцааны ур чадвар. Багшийн хүн хоорондын харилцааны ур чадварыг нийгмийн харилцааны хэлбэр, харилцааны зовнилын түвшин, харилцах эрмэлзэл гэсэн гурван зан байдалд хувааж авч үзсэн ба эдгээр зан байдлуудыг эерэг тийш ухамсартайгаар хөгжүүлснээр аливаа багшийн хүн хоорондын харилцааны ур чадвар дээшлэх болно. Багшийн сурган хүмүүжүүлэх харилцааны ур чадварыг багшийн ойлгомжтой байдал, багшийн ойр байдал гэсэн хоёр үндсэн ур чадварт задлан үзсэн агаад энэхүү хоёр чадварыг хөгжүүлснээр багшийн сурган хүмүүжүүлэх харилцааны ур чадварт ахиц гарна.

Түлхүүр үгнүүд: Багшийн хүн хоорондын харилцааны ур чадвар, багшийн сурган хүмүүжүүлэх харилцааны ур чадвар, багш, суралцагч

Оршил

Харилцааны ач холбогдол өнөө цаг үед улам ихэссээр байна. Учир нь харилцаа нь мэдээлэл дамжуулалтын гол арга зам юм (Karadag, 2009). Хүн бүр тодорхой хэмжээний харилцах чадвартай байх ёстой ч багш нар илүүтэй харилцах чадвараа хөгжүүлэх хэрэгтэй. Энэ бол багш нарын үүрэг. Багш нарын хувьд харилцаа гэдэг бол харилцан үйлчлэл юм (Virtič & Repnik, 2012).

Багш хүн чухал шинж чанаруудыг өөртөө бүрдүүлсэн байх шаардлагатай. Багш хүн оюутан сурагчидтайгаа харилцах үед ардчилсан хандлагатай, хүлээцтэй, эелдэг, энэрэнгүй, тэсвэр тэвчээртэй, итгэл даадаг, хошин байвал зохино (Saka & Surmeli, 2010).

Багш хүн сурч, заах процесст үр дүнтэй арга замаар багшлахыг хүсвэл тухайн багш бусадтай зөв зүйтэй харилцаанд орох хэрэгтэй. Харилцааны хүчин зүйлүүдийг сурч мэдэх нь багш нарыг харилцах чадвараа дээшлүүлэхэд амин чухал (Virtič & Repnik, 2012).

Үр дүнтэй сургах-багшлах арга зам нь харилцаагүйгээр хэрэгжих боломжгүй юм. Үр дүнтэй харилцахыг хүсэж буй багш нар оюутнуудын зан араншинг урьдаас тааж мэдэх чадвартай байх хэрэгтэй. Олон тооны оюутнуудын өмнө ярьдаг, харилцааг санаачлан тогтоогч гэдгээрээ мөн олон нийтийн зан араншинг ч мөн зална. Тиймээс багш нар өөрийн мэдрэмж, зөрчлөө зохицуулах шаардлагатай (Karadag, 2009).

Харилцааны үндэс

Харилцаа гэдэг нь Оксфордын толинд тодорхойлсноор бол “мэдээллийг хүргэх”, “мэдээ мэдээллийг дамжуулах шинжлэх ухаан, дадлага” ажээ. Багшлах гэдэг нь ч мөн адил байнга шинэ мэдлэг, мэдээллийг дамжуулахын нэр юм (Prozesky, 2000). Хюбли харилцааг нарийн төвөгтэй процесс (Зураг 1) болохыг тодорхойлсон байдаг (Hubley, 1993).

Зураг 1: Харилцаа

Энэ процессын аль ч шатанд ямар нэг алхам буруу хийгдсэнээс болж харилцааны үр дүнг бууруулах боломжтой. Жишээ нь мэдээллийг илгээгч ямар мэдээлэл хүргэж буйгаа бүрэн гүйцэд илэрхийлэхгүй байх, өрөө танхим хэт дуу чимээтэй, эсхүл хүлээн авагч мэдээлэл илгээгчийн хэрэглэж буй зарим үгсийг ойлгохгүй байх гэх мэт. Иймээс үр дүнтэй багшлахын тулд багш нар эдгээр харилцааны бартаануудыг багасгахыг хичээх хэрэгтэй юм (Prozesky, 2000).

Их дээд сургуулийн багшийн харилцах чадвар нь оюутнуудад боловсролыг олгоход чухал үүрэгтэй юм. Багшийн харилцах чадварт ярьж, сонсохоос гадна унших, бичих орно. Үр дүнтэй хичээл заахын тулд багш энэ бүх талбарт харилцааны ур чадвар өндөр хөгжсөн байх шаардлагатай. Сайн харилцааны ур чадвартай багш хичээлийг илүү хялбар, ойлгомжтой болгодог (Khan & Khan, 2017).

Багшийн хүн хоорондын харилцааны ур чадварыг сайжруулах арга замууд

Хүн хоорондын харилцааны ур чадвар нь 3 элементээр тодорхойлогдоно: процессийг ерөнхийд нь ойлгох, харилцааны үйлдлүүдийг хийх биеийн чадамж, харилцан үйлчлэлдээ чиглэсэн эерэг хандлага. Мөн харилцааны ур чадварыг сайжруулахад багш хүний 3 зан байдлын төлвийг багш ухамсартайгаар өөрчлөхөөр хичээх нь эерэг нөлөө үзүүлнэ. Энд дараах 3 зан байдлыг дурдаж байгаа болно: нийгмийн харилцааны хэлбэр, харилцааны зовнил, харилцах эрмэлзэл. Эдгээр нь анги танхим дахь хүн хоорондын харилцаанд нөлөөлдөг хамгийн чухал зан байдлын илрэл болдог (Ekron, 2015). Иймд нийгмийн харилцааны хэлбэрийг эерэг тийш нь сайжруулж, харилцааны зовнилыг багасгаж, харилцах эрмэлзлийг дээшлүүлснээр багшийн хүн хоорондын харилцааны ур чадвар дагаад нэмэгдэх болно.

Нийгмийн харилцааны хэлбэрийг сайжруулах

Тухайн хүний нийгмийн харилцааны хэлбэр нь анги танхим дахь ажиглагдахуйц харилцааны зан чанарын давтагдмал байдлыг илтгэнэ (Martin, 2008). Энэ хэлбэр нь сургалтын орчинд чухал үүрэгтэй байдаг нь багш болон оюутнуудын хооронд хүн хоорондын харилцан холбоог бий болгоход нөлөөлдөгт нь оршино (Valencic, McCroskey, & Richmond, 2005).

Нийгмийн харилцааны хэлбэр нь өөртөө итгэлтэй байдал (захиран тушаах), хариу үйлдэл өгөх чадвар (хүмүүнлэг), дасан зохицох чадвар гэсэн гурван хэмжээсээр илэрнэ. Өөртөө итгэлтэй зан байдал нь бие даасан чанар, эрх мэдэл, өрсөлдөх чадвар, бүр цаашлаад дайсагналаар тодорхойлогдож болно (McCroskey, Sallinen, Fayer, Richmond, & Barraclough, 1996).

Өөртөө итгэлтэй харилцаа үүсгэгчид нь өөрсдийн итгэж буй зүйлээ хамгаалахаас айдаггүй манлайлагчид байдаг. Тэд харилцааг амар хялбар үүсгэж, үргэлжлүүлж чадахаас гадна хэрэгцээтэй бол харилцааг зогсоох чадвартай. Тэд хүн хоорондын харилцан үйлчлэлд орохдоо өөрсдийн хэрэгцээ, зорилгын дагуу хэлэлцээр хийдэг үр дүнтэй харилцаа үүсгэгчид байдаг. Гэхдээ эдгээр эерэг шинж чанаруудаас гадна өөртөө итгэлтэй харилцааны ур чадвар нь өндөр хөгжсөн хүмүүсийг түрэмгий гэж ойлгох явдал гардаг (Richmond & Martin, 1998).

Хариу үйлдэл өгөх чадвар сайтай байх нь тусламтгай, ойлгомтгой чанарыг илтгэнэ. Энэ чадвар нь хүмүүс бусад руу чиглэсэн нөхөрсөг, шулуун шударга, эелдэг чанартай байхыг тодорхойлох хэдий ч аялдан дагагч шинж чанартай байхыг хэлэхгүй. Хариу үйлдэл өгөх чадвартай хүмүүс тодорхой хэмжээнд ая тал засах хэдий ч өөрийн харилцааны зорилгоос ухрахгүйгээр эелдэг харилцааг үргэлжлүүлж чаддаг (Richmond & Martin, 1998).

Дасан зохицох чадвар нь багшийн олон төрлийн орчин, нөхцөл байдалд дасан зохицох чадварыг илтгэнэ. Янз бүрийн нөхцөл байдалд дасан зохицох чадвар өндөртэй харилцаа үүсгэгчид нь өөрсдийн харилцааны зан байдлыг түргэн өөрчлөх чадвартай байдаг. Тэд уян хатан харилцааны стратеги ашигладаг, илүү мэдрэг байдаг. Харин уян хатан биш харилцаа үүсгэгчид тэр болгон дасан зохицож чаддаггүй ба улмаар харилцан үйлчлэлээ хязгаарладаг (McCroskey, Sallinen, Fayer, Richmond, & Barraclough, 1996).

Багшийн темперамент нь багшийн харилцааны зан байдалд шууд нөлөөлдөг бөгөөд улмаар багшийн харилцааны зан байдал оюутнуудын багшийг үнэлж дүгнэхэд нь нөлөөлнө. Багшийг суралцагч хэрхэн үнэлж байгаа нь сурах үйл явцад нь шууд нөлөөллөө үзүүлдэг (Ekron, 2015).

Харилцааны ур чадвар өндөртэй багш нар анги танхимыг удирдаж, хяналтдаа байлгахаас гадна оюутан сурагчдын оролцоог дэмждэг. Учир нь харилцааны ур чадвар өндөртэй багш нар хэлэлцүүлгийг хичээлийн сэдвээс хазайлгахгүй байж чаддаг юм. Ийм багш нар ихэвчлэн мэтгэлцээнийг сайшаан өөгшүүлдэг. Харин эсрэгээрээ харилцааны ур чадвар султай багш нар суралцагчаа үл тоосон, урам зориг өгдөггүй гэсэн сэтгэгдлийг төрүүлдэг. Тиймээс ерөнхий харилцааны ур чадвар султай багш нь өөртөө итгэлтэй байх чадвар, хариу үйлдэл үзүүлэх чадвар султайг илтгэнэ.

Хэт өөртөө итгэлтэй буюу түрэмгий, бүдүүлэг байх, хэт зөөлөн буюу оюутнуудад анхаарал тавихгүй байх зэрэг үйлдлүүд нь оюутнуудын суралцах хүсэл сонирхлыг бууруулж, хичээлийн оролцоог багасгадаг (Kearny, Plax, & Allen, 1988).

Ийм буруу зан чанартай багш нарыг оюутнууд чадваргүй, итгэл үнэмшил төрүүлэхгүй гэж дүгнэдэг. Чадваргүй гэдэг нь энэ тохиолдолд оюутнууд багшийг хичээлийн сэдвээ сайн мэдэхгүй гэсэн дүгнэлт юм (McCroskey, Sallinen, Fayer, Richmond, & Barraclough, 1996).

Харилцааны ур чадвар өндөртэй багш нар буюу зөв хэм хэмжээнд өөртөө итгэлтэй, сайн хариу үйлдэл үзүүлэх чадвартай багш нарыг оюутнууд хамгийн сайн багш гэж дүгнэдэг. Багшийг мэдлэг чадвартай, харилцааны ур чадвартай гэж дүгнэсэн тохиолдолд оюутнуудын сурах идэвх өндөр байдаг нь ажиглагдсан (Pogue & AhYun, 2006).

Хариу үйлдэл хэр үзүүлдэг байна тэр чинээгээр тухайн багш буруу зан чанар үзүүлдэггүй болох сөрөг корреляци байдаг ажээ. Хариу үйлдэл сайн үзүүлдэг багш нар суралцагч, багшийн хоорондын харилцаанд илүү мэдрэг хандаж, суралцагчдыг илүү ойлгодог. Тиймээс ч буруу зан чанар үзүүлэх нь бага байдаг байна (Wanzer & McCroskey, 1998).

Иймд өөртөө итгэлтэй байдал, хариу үйлдэл өгөх чадвар, дасан зохицох чадваруудыг ухамсартайгаар дээшлүүлэх нь багшийн нийгмийн харилцааны чадварыг сайжруулна.

Харилцааны зовнилын түвшинг багасгах

Харилцааны зовнил нь “Бусад хүн болон хүмүүстэй харилцаж буй болон харилцах гэж буй аливаа хувь хүний айдас, сандралын түвшин” гэж тодорхойлогджээ (McCroskey, 1977). Хүн бүрт харилцан адилгүй байх харилцааны зовнилын түвшинг дүгнэх хамгийн сайн арга бол тухайн хүн болж өнгөрсөн харилцааг үгээр илэрхийлэх юм (McCroskey & Beatty, 1986). Харилцааны зовнил ихсэх тусам тухайн хувь хүний харилцааны тухгүй байдал ихэснэ. Ерөнхийдөө харилцааны зовнилын түвшин өндөртэй хүмүүс нь гурван зан байдлын хариу үйлдлийн цогцыг ихэвчлэн үзүүлдэг: харилцааны саадтай байх, харилцаанаас татгалзах, харилцаанаас сэргийлэх (McCroskey & Richmond, 1990).

Харилцааны саадтай байх нь харилцааны зовнил өндөртэй хүмүүс харилцааны үед тод цэгцтэй бус ярих, түгдрэх, тухгүй байдлаа илтгэх үгэн бус зан байдлыг үзүүлдэг. Мөн хэт аяархан ярих, эсвэл ярианы дунд хэт удаан зогсосхийх зэрэг үйлдлийг тооцно (McCroskey & Richmond, 1990). Харилцааны саадыг үзүүлэгч багш нар бэлтгэл муутай, анхаарал төвлөрөл муутай мэт дүгнэгдэж болно. Мөн ийм зан байдлыг үзүүлэгч багш нар хэтэрхий аяархан ярьснаар суралцагчдын анхаарлыг хангалттай татаж чадахгүй байж болно.

Харилцаанаас татгалзах зан байдлыг үзүүлэх нь харилцааны зовнил өндөртэй хүмүүс харилцааны явцад ярихгүй байж харилцаанаас татгалзах, эсвэл зөвхөн нөгөө харилцагч нь ярих үед хариу өгөхийг хэлнэ. Үгэн бус харилцааны талаас нь үзэхэд ч харилцааны зовнил өндөртэй хүмүүсийн харилцааны оролцоо нь бага байдаг. Жишээ нь нүд рүү эгцлэн харахгүй байх, гараа зөрүүлж хумхих, харилцааны үед харилцагчаасаа биеэ холдуулах хандлага гаргах зэргийг дурдаж болно (McCroskey & Richmond, 1990). Харилцааны зовнил өндөртэй багш нар хичээлийн танхимд харилцааг аль болох бага байлгахыг хичээдэг. Тэд анги танхимаар алхахдаа гараа зөрүүлэх, суралцагчтай харилцахдаа биеэ холдуулан хаалттай сэтгэгдлийг төрүүлдэг.

Харилцаанаас сэргийлэх нь тухайн хүн харилцааны зовнилын хүнд түвшинд хүрснийг илтгэх ба харилцаа үүсэх нөхцөл байдлуудаас зугтах байдлаар илэрнэ (McCroskey & Richmond, 1990). Ийм зан байдалтай багш суралцагч нартай аль болох харьцахгүй байхыг хичээж улмаар анги танхимд албархуу, хүйтэн хөндий байдлыг үүсгэдэг. Мөн ийм зан байдалтай багш нар бусад багш нартайгаа харилцахаас зугтаан зожигрохыг илүүд үздэг (McCroskey & Beatty, 1986).

Иймд багш суралцагч нартай харилцаанд орохдоо харилцааны зовнилын түвшинг ухамсартайгаар багасгаж, аль болох нээлттэй байхыг эрмэлзэх нь дараагийн чадвар буюу харилцах эрмэлзлийг мөн дээшлүүлнэ.

Харилцах эрмэлзлийг дээшлүүлэх

Ярьж чаддаг хүн бүр сайн харилцагч байдаггүй. Тиймээс хувь хүний зан төлвийн нэг хэмжигдэхүүн болох харилцах эрмэлзэл нь хэр сайн харилцагч байх вэ гэдгийг тодорхойлно (McCroskey & Richmond, 1987). Хүний харилцах эрмэлзэл нь нөхцөл байдлаас шууд хамааралтай. Өөрөөр хэлбэл хүн өөрийн танихгүй хүнээс илүүтэй ойр дотны хүнтэйгээ илүү харилцах эрмэлзэл өндөр байна.

Харилцах эрмэлзэл нь харилцааны зовнилын түвшин, өөртөө төвлөрсөн байдал (introversion), ёс суртахуунгүй байх, зожигрол зэргээс урвуу хамааралтай бол өөртөө итгэлтэй байдал, харилцааны өндөр ур чадвар зэргээс эерэг хамааралтай байдаг (Zakahi & McCroskey, 1989). МакКроскигийн 1990-ээд оны сүүл үеийн судалгаагаар харилцах эрмэлзэлд өөртөө төвлөрсөн байдал, харилцааны зовнилын түвшин, өөрийн ухамсарласан харилцааны ур чадварын түвшин нь шууд нөлөөлөх ба өөрөөр хэлбэл харилцааг эхлүүлэх чадвар буюу харилцах эрмэлзэл нь тогтонги зан байдал юм гэж дүгнэжээ (McCroskey, 1997).

Гэхдээ багш ухамсартайгаар суралцагчтай харилцааг эхлүүлж байх нь харилцах эрмэлзлийг дээшлүүлэх ба улмаар багш-суралцагчийн хоорондын эерэг, үр дүнтэй харилцааг бий болгоход ч хүргэж болох юм.

Багшийн сурган хүмүүжүүлэх харилцааны ур чадварыг сайжруулах арга замууд

Багшийн сургалт нь суралцагчийн танин мэдэх, сэтгэл хөдлөл, зан байдлын хөгжилд хүргэх тохиолдолд багш сурган хүмүүжүүлэх харилцааны ур чадвар өндөртэйг илтгэнэ. Багшийн сэдэлт тэмүүлэл, мэдлэг, сонгох чадвар, шударга үнэлж дүгнэх чадвар, үгэн болон үгэн бус харилцаа, хүн хоорондын болон сурган хүмүүжүүлэх зорилготой сэдлийг суралцагчид үр дүнтэй өгч буй чадвар зэргийн нийлэмжийг сурган хүмүүжүүлэх харилцааны ур чадварт тооцно (Cornett-DeVito & Worley, 2005).

Багш, суралцагчийн хоорондын харилцаа нь сурган хүмүүжүүлэх үйл явцад чухал нөлөөтэй ба харилцааны үйл явцаар дамжуулсан мэдээллээс утга учрыг ойлгож авдаг. Сурган хүмүүжүүлэх харилцааны ур чадвар дээр хангалтгүй багш нар суралцагчдыг сургах үүргээ биелүүлж чадахгүй байгааг илтгэнэ (McCroskey & Andersen, 1976).

Зөвхөн хүн хоорондын харилцааны ур чадвар өндөр байх нь суралцагчид мэдлэг олгоход хангалтгүй бөгөөд багш нар мэдээлэл дамжуулахаас гадна утга төгөлдөр  тайлбар өгч, суралцагчийг ойлгомтгой байх хэрэгтэй.

Сурган хүмүүжүүлэх харилцаа нь боловсролын сэтгэлзүй, ерөнхий харилцаа, сурган хүмүүжүүлэх ухааны огтлолцол дээр оршино (Mottet & Beebe, 2006).

Зураг 2: Сурган хүмүүжүүлэх харилцаа

Сурган хүмүүжүүлэх харилцааны үр дүн нь суралцагчийн шинээр олж авсан мэдлэгээр тодорхойлогдоно.

Суралцагчийн суралцах үйл явц нь 3 хүрээнд явагддаг: танин мэдэхүйн, сэтгэл хөдлөлийн, психомотор. Танин мэдэхүйн суралцахуй нь мэдлэг олж авах үйл явц, сэтгэл хөдлөлийн суралцахуй нь суралцагч нарын хичээлийн сэдвийн болон багшийн талаарх сэтгэгдэл юм. Харин психомотор суралцахуй нь суралцагчийн тодорхой үйлдэл, зан байдлыг хэрэгжүүлэх чадвар дээр төвлөрдөг (Wrench, Richmond, & Gorham, 2009).

Сурган хүмүүжүүлэх харилцааны ур чадвар султай багш нар буруу зан чанар үзүүлэхээс зайлсхийж чаддаггүй. Ийм багш нар буруу зан чанарыг хоёр түвшинд үзүүлдэг: Агуулга болон үйл ажиллагааны буруу зан чанар. Агуулгын түвшинд буруу зан чанар үзүүлдэг багш нар сэдэвт хамааралгүй, хэт их мэдээлэл олгосноор хичээлийг уйтгартай болгодог. Үйл ажиллагааны буруу зан чанарт нь харилцаа тогтоох боломжгүй байх, хичээлийн цагаас хоцрох, хичээлийг орхиж гарах, хичээлийг эрт тараах зэрэг орно (Wanzer & McCroskey, 1998).

Агуулгын болон үйл ажиллагааны буруу зан чанарыг засахаас гадна багшийн сурган хүмүүжүүлэх харилцааны ур чадварыг дээшлүүлэхийн тулд багшийн ойлгомжтой байдал, багшийн ойр байдлыг хөгжүүлэх шаардлагатай юм.

Багшийн ойлгомжтой байдал

Хичээлийг ойлгомжтой заах байдал нь багшийн сурган хүмүүжүүлэх харилцааны ур чадварын нэг гол зүйл бөгөөд ойлгомжтой заадаг багш нь шинэ мэдлэг, агуулгыг энгийнээр ихэвчлэн тодорхой жишээний хамт суралцагч нарт заадаг. Мөн хичээл заахдаа суралцагч нарт бодох, агуулгад хариу үйлдэл үзүүлэх боломжийг олгодог. Мөн ойлгомжтой заадаг багш ихэнх сурагчид шинэ агуулгыг ойлгосны дараа нь дараагийн сэдэв рүү шилждэг бөгөөд ихэвчлэн чухал мэдээллийг хэд хэдэн удаа давтах нь бий.

Багшийн ойлгомжтой байдал бол агуулга, үйл явцын зөв утга учрыг үр дүнтэйгээр суралцагчид ойлгуулж, суралцагчийг идэвхжүүлэх зохимжтой бүтэцтэй үгэн болон үгэн бус харилцаа юм (Chesebro, 1999).

Ойлгомжтой заахад ойлгомжтой хэл яриа, үг хэллэгээс гадна үгний үр дүнтэй байдал чухал (Chesebro & McCroskey, 2001). Олон жилийн туршийн судалгаан дээрээс багшийн ойлгомжтой байх чанар нь хичээлийн бүтцийн ойлгомжтой байдал, үг ярианы ойлгомжтой байдал гэсэн хоёр үндсэн хүчин зүйлээс хамааралтай нь тодорхой болжээ.

Үг ярианы ойлгомжтой байдал нь багш хэрхэн хичээлийг тайлбарлаж буй болон хэрхэн яруу тод ярьж байгаагаар тодорхойлогдоно. Энэ нь мөн сул үг хэрэглэдэггүйг илтгэнэ (Chesebro, 1999).

Ойлгомжтой заадаг багш нар нь шинэ агуулгыг тайлбарлахдаа цагаа нөөж, хэцүү ойлголтуудыг цохож тэмдэглэн, шинэ үг хэллэгийг тайлбарлаж өгдөг. Иймээс ойлгомжтой заадаг багш нар илүү тэвчээртэй байж, суралцагч нарын ойлгож байгаа үгүй дээр ач холбогдол өгдөг аж (Bush, Kennedy, & Cruickshank, 1977). Мөн ойлгомжтой заадаг багш нар суралцагчдын оролцоог хөхиүлэн дэмжсэнээр, суралцагчдын ойлголтын түвшинг цэгнэснээр нөхцөл байдалдаа дасан зохицон хичээлээ үргэлжлүүлдэг.

Багшийн ойлгомжтой байдлаар заах чадварын түвшин өндөр байх тусам суралцагчийн сэтгэл ханамж, сурлагын амжилтад эерэгээр нөлөөлдөг (Chesebro & Wanzer, 2006) ба бүхий л насны суралцагч нарт нөлөөлнө.

Багшийн ойр байдал

Ойр байдал (immediacy) гэдгийг Мехрабиан анх боловсруулж хөгжүүлсэн бөгөөд хоёр болон түүнээс дээш хүмүүсийн хоорондын биеийн болон сэтгэлзүйн ойр байдлыг тодорхойлно (Mehrabian, 1969).

Ойр байдал нь харилцааны ямар ч нөхцөл байдалд ажиглагдах үйл явц бөгөөд хичээл сургалтын тохиолдолд багш болон суралцагчийн ойлголцоо, ойр байдлыг тодорхойлж болно. Мөн хүн ямар нэг зүйлд дуртай байх тохиолдолд ойр байдал тэр дор үүсдэг тул ойр байдал нь эерэг сэтгэл хөдлөлүүдтэй шууд хамааралтай юм (Richmond, McCroskey, & Johnson, 2003).

Ойр байдлыг бий болгогч харилцааны хэв маяг нь сурган хүмүүжүүлэхэд ихээхэн үр дүнгээ өгөхүйц юм. Суралцагчийн нүд рүү харах, дохио зангаа хэрэглэх, анги дундуур явах, инээмсэглэх, дуу хоолойны өндөр намыг сольж ярих, хошин шогч байдал зэрэг нь асар үр дүнтэй багшлах зан байдлууд юм (Chesebro & McCroskey, 2001). Ойр байдлыг үүсгэгч зан байдлууд нь харилцаанд орж байгаа хүмүүст эерэг сэтгэгдэл төрүүлж, дулаан дотно байдлыг харилцаанд бүрдүүлдэг (Mehrabian, 1971)

Ойр байдлыг үгэн бус болон үгэн гэж хуваана. Үгэн бус ойр байдал нь дохио зангаа, инээмсэглэл зэрэг эерэг биеийн хэлүүдийг багтаана. Харин үгэн ойр байдал нь үгний сонголт, өгүүлбэрийн бүтцээр илэрнэ. Үгээр харилцахад сэтгэл хөдлөл, үнэлэлт цэгнэлт, эрхэмлэн дээдлэлт зэрэг олон зүйлсийг дам байдлаар илэрхийлж болдог. Үгний сонголт нь ухамсартай, ухамсаргүйгээр сонсогч нарыг хэрхэн дүгнэж буйг илтгэх боломжтой. Жишээ нь “энэ хүмүүс” гэхийн оронд “тэр хүмүүс” гэж бүлэг хүмүүсийг ярьж байвал илүү хол хөндий байдлыг илтгэнэ (Mehrabian, 1971).

Үгэн бус ойр байдал нь үгэн ойр байдлаас илүү чухал байдаг нь тогтоогдсон бөгөөд багш хичээлийн үеэр үгэн бус ойр байдлыг хангалттай бий болгож чадаж байвал үгэн ойр байдал сайн муугаас үл хамааран сургалтын чанарт нөлөө үзүүлээгүй байна (Witt, Wheeless, & Allen, 2004).

Багшийн ойр байдал нь суралцагч нарт багшдаа таалагдаж байгаа гэсэн сэтгэгдлийг төрүүлдэг ба улмаар хичээл танхимын дулаан уур амьсгалыг бүрдүүлэхэд чухал үүрэгтэй байдаг (Kearny, Plax, & Allen, 1988). Үүний улмаас багшийн ойр байдал нь анги танхимыг үр дүнтэй удирдан залахад ч нөлөөтэй болно.

Суралцагч нарын багшдаа дуртай байх явдлаас үүдэн улмаар тухайн багшийн заах хичээлд дуртай болох нь суралцагчийн хамгийн хүчтэй хөшүүрэг болдог (Chesebro, 1999).

Хэлэлцүүлэг

Их дээд сургуулийн багш нарын харилцааны ур чадварыг дээшлүүлэхэд харилцааны ур чадварыг багшийн хүн хоорондын харилцааны ур чадвар, багшийн сурган хүмүүжүүлэх харилцааны ур чадвар гэсэн хоёр ур чадварт хуваан авч үзсэн. Багшийн хүн хоорондын харилцааны ур чадварыг нийгмийн харилцааны хэлбэр, харилцааны зовнилын түвшин, харилцах эрмэлзэл гэсэн гурван зан байдалд хувааж авч үзэв. Нийгмийн харилцааны хэлбэр нь өөртөө итгэлтэй байдал (захиран тушаах), хариу үйлдэл өгөх чадвар (хүмүүнлэг), дасан зохицох чадвар гэсэн гурван хэмжээсээр илэрнэ. Харилцааны зовнилын түвшин бага байх нь багшид үр дүнтэй байх боловч харилцааны зовнилын түвшин өндөртэй эсэхийг мэдэх нь харилцааны саадтай байх, харилцаанаас татгалзах, харилцаанаас сэргийлэх гэсэн зан байдлууд илэрч буйг ажиглах ёстой. Харилцах эрмэлзэл нь багшийн нээлттэй байдлаас шууд хамааралтай ба харилцааны зовнилын түвшингээс урвуу хамааралтай.

Багшийн сурган хүмүүжүүлэх харилцааны ур чадварыг дээшлүүлэхийн тулд багшийн ойлгомжтой байдал, багшийн ойр байдлыг хөгжүүлэх шаардлагатай юм. Багшийн ойлгомжтой байдал бол агуулга, үйл явцын зөв утга учрыг үр дүнтэйгээр суралцагчид ойлгуулах ба ойр байдал нь багш болон суралцагч хоорондын биеийн болон сэтгэл хөдлөлийн ойр байдал юм. Ойр байдлыг бий болгогч харилцааны хэв маяг нь сурган хүмүүжүүлэхэд ихээхэн үр дүнгээ өгөхүйц юм.

Их дээд сургуулийн багш нарын харилцааны ур чадварыг дээшлүүлэхэд дээр дурдсан ур чадваруудыг хөгжүүлэх нь амин чухал юм. Гэвч техник технологийн дэвшлийг дагаад сургалтын орчин, нөхцөл байдал аажмаар хувьсан өөрчлөгдөж байгаа тул ойрын ирээдүйн өөрчлөлтөд багшийн харилцааны ур чадварт тавигдах шаардлага, түүнд тулгарах асуудлыг оновчтой тодорхойлоход дараа дараагийн судалгаанууд шаардлагатай юм.

Уг судалгааны ажил нь багшийн суралцагчийн харилцааны талаар судалгаа хийгч дэлхийн нэрт эрдэмтдийн бүтээл дээр тулгуурласан ба Монголын нөхцөл байдалд хийгдсэн судалгаанууд дээр үр өгөөжтэй нэмэгдэхүүн болж буй юм.

Дүгнэлт

Оюутан суралцагчийн хичээл зүтгэл сурлагын амжилтын гол хүчин зүйл юм. Харин их дээд сургуулийн багш нарын харилцааны ур чадвар нь үүний дараа орохуйц чухал хүчин зүйл гэдэг нь өмнөх судалгаанууд дээрээс тодорхой байна. Багшийн хүн хоорондын харилцааны ур чадварыг сайжруулахад нийгмийн харилцааны хэлбэр, харилцааны зовнилын түвшин, харилцах эрмэлзэл гэсэн гурван зан байдлыг эерэгээр хөгжүүлэх ёстой юм. Багшийн хүн хоорондын харилцаа нь оюутнууд багшийгаа үнэлж дүгнэх, итгэл үнэмшил төрүүлэхүйц гэж үзэхэд чухал нөлөөтэй аж. Тиймээс багшийн талаарх эерэг ойлголттой байх нь суралцагч хичээлдээ сонирхолтой байх нөхцлийг үүсгэж улмаар сурлагын амжилтад нь эерэгээр нөлөөлнө.

Багшийн сурган хүмүүжүүлэх харилцааны ур чадварыг багшийн ойлгомжтой байдал, багшийн ойр байдал гэсэн хоёр үндсэн ур чадварыг дээшлүүлснээр хөгжүүлнэ. Багшийн ойлгомжтой байдал нь суралцагчид хичээлийг бүрэн дүүрэн ойлгоход хамгийн чухал тулгуур болох бол багшийн ойр байдал нь анги танхимд эерэг уур амьсгал бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой. Багшийн хичээлийн танхимд дулаан уур амьсгал бүрдсэн байх нь суралцагчийн хувьд суралцахад нэн тохиромжтой орчин тул багшийн сурган хүмүүжүүлэх харилцааны ур чадвар өндөр байх нь суралцагчийн сурлагын амжилт өндөр байх магадлалыг ихэсгэнэ.

Ном зүй

Bush, A., Kennedy, J., & Cruickshank, D. (1977). An empirical investigation of teacher clarity. Paper presented at Annual Meeting of American Educational Research Association.

Chesebro, J. (1999). The effects of teacher clarity and immediacy on student learning, apprehension, and affect. Unpublished doctoral thesis.

Chesebro, J., & McCroskey, J. (2001). The relationship of teacher clarity and immediacy with student state receiver apprehension, affect, and cognitive learning. Communication Education, 50.

Chesebro, J., & Wanzer, M. (2006). Instructional message variables. V. R. T.P. Mottet-Д, Handbook of instructional communication: Rhetorical and relational perspectives (хуудсд. 89-116). Boston: Pearson Education, Inc.

Cornett-DeVito, M., & Worley, D. (2005). A front row seat: A phenomenological investigation of learning disabilities. Communication Education, 54.

Ekron, C. (2015). Learning to teach: Communication skills in teacher education. Stellenbosch University.

Hubley, J. (1993). Communicating Health. London: Macmillan.

Karadag, E. &. (2009). Interaction And Communication In The Process Of Education And Shared Common Area In The Classroom. College Student Journal.

Kearny, P., Plax, T., & Allen, T. (1988). Effects of teacher immediacy and strategy type on college student resistance to on-Task Demands. Communication Education.

Khan, A., & Khan, S. (2017). Communication skills of a teacher and its role in the development of the students’ academic success. Journal of Education and Practice.

Martin, M. (2008). Teacher socio-communicative style. The international encyclopaedia of communication.-Д Maulden: Blackwell.

McCroskey, J. (1977). Oral communication apprehension: A summary of recent theory and research. Human Communication Research.

McCroskey, J. (1997). Willingness to communicate, communication apprehension, and self-perceived communication competence: conceptualizations and perspectives,. J. M. J.A. Daly-Д, Avoiding communication: Shyness, reticence, and communication apprehension (хуудсд. 75-108). Cresskill, NJ: Hampton Press.

McCroskey, J., & Andersen, J. (1976). The relationship between communication apprehension and academic achievement among college students. Human Communication Research, 73-81.

McCroskey, J., & Beatty, M. (1986). Oral communication apprehension. W. Jones, J. M. Cheek, & S. Briggs-Д, Shyness: Perspectives on research and treatment (хуудсд. 279-293). New York: Plenum Press.

McCroskey, J., & McCroskey, L. (2006). Instructional communication: The historical perspective. V. R. T.P. Mottet-Д, Handbook of instructional communication: Rhetorical and relational perspectives (хуудсд. 33-44). Boston: Pearson Education.

McCroskey, J., & Richmond, V. (1987). Willingness to communicate. J. McCroskey, & J. Daly-Д, Personality and interpersonal communication (хуудсд. 129-156). Newbury Park, CA: SAGE Publications.

McCroskey, J., & Richmond, V. (1990). Willingness to communicate: A cognitive view. Communication, cognition and anxiety. A special issue of the Journal of Social Behaviour and Personality.

McCroskey, J., Sallinen, A., Fayer, J., Richmond, V., & Barraclough, R. (1996). Nonverbal immediacy and cognitive learning: A cross-cultural investigation. Communication Education.

Mehrabian, A. (1969). Methods and designs – Some referents and measures of nonverbal behavior. Behavior Research Methods and Instrumentation.

Mehrabian, A. (1971). Silent messages. Belmont, CA: Wadsworth Publishing.

Mottet, T., & Beebe, S. (2006). Foundations of instructional communication. V. R. T.P. Mottet-Д, Handbook of Instructional Communication: Rhetorical and Relational Perspectives (хууд. 3). Boston: Pearson Education, Inc.

Pogue, L., & AhYun, J. (2006). The effects of teacher nonverbal immediacy and credibility on student motivation and affective learning. Communication Education.

Prozesky, D. R. (2000). Communication and effective teaching. Teaching Eye Health.

Richmond, V., & Martin, M. (1998). Socio-communicative style and socio-communicative orientation. Communication and personality: Trait perspectives.-Д New York: Hampton Press.

Richmond, V., McCroskey, J., & Johnson, A. (2003). Development of the nonverbal immediacy scale (NIS): Measures of self- and other-reported nonverbal immediacy. Communication Quarterly, 51:504-517.

Saka, M., & Surmeli, H. (2010). Examination of relationship between preservice science teachers’ sense of efficacy and communication skills. Innovation and Creativity in Education, Book Series: Procedia Social and Behavioral Sciences.-Д Istanbul.

Valencic, K., McCroskey, J., & Richmond, V. (2005). The relationships between teachers’ temperament and students’ perceptions of teacher communication behavior. http://www.jamescmccroskey.com/electronic/002.htm.-ээс Гаргасан

Virtič, M., & Repnik, R. (2012). Improving quality of the educational process by raising teachers’ communication skills. Problems of Education in the 21st Century.

Wanzer, M., & McCroskey, J. (1998). Teacher socio-communicative style as a correlate of student affect toward teacher and course material. Communication Education.

Witt, P., Wheeless, L., & Allen, M. (2004). A meta-analytical review of the relationship between teacher immediacy and student learning. Communication Monographs, 71.

Wrench, J., Richmond, V., & Gorham, J. (2009). Communication, affect, and learning in the classroom (3 хян.). USA: Creative Commons Attribution.

Zakahi, W., & McCroskey, J. (1989). Willingness to communicate: A potential confounding variable in communication research. Communication Reports, 96-104.

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s