Үндэсний үйлдвэрлэл ба эх орны хөгжил

Амьдрал өөрөө аз жаргал. Дэлхийн аль ч улсад амьдарч буйгаас үл хамааран зөвхөн хувь хүн өөрөөс нь л ирээдүйн амьдрал нь шалтгаалах болно. Өнөөгийн дэлхийн дүр төрх капитализмын хэтэрхий харгис ч гэмээр хуулинд захирагдаж байгаа боловч үүнээс харин шантарч болохгүй. Бид ажил хийж байж л амьдрах ёстойг түүх бидэнд харуулсаар байгаа атал яагаад зарим хүмүүс зөвхөн өөрсдийн биеийн амрыг бодож, гутрангиар сэтгэн сууна вэ? Хүн бүхэн өөдрөг байснаар Монголын ирээдүй ч өөдрөг, гэрэл гэгээтэй байна гэдэгт би итгэдэг. Зөвхөн мөрөөдөөд суух хэзээ ч хангалттай байдаггүй. Хөдөлмөрийн ачаар үйлдвэрлэл маань сэргэж, үүнийгээ ч дагаад мууг бодож суух завтай хүн байхгүй болвол хэн манай Монгол орны хөгжилд саад болж чадна гэж, магадгүй бидний залхуурал болоод бодлогогүй алхамууд л хамгийн том саад бологчид бизээ. Эдийн засгийн бодит секторуудын хувьд хувийн сектор л хөгжлийн гол тулгуур байх ёстой. Өнөөдрийн ардчилсан нийгэмд амьдарч байгаа бид маш азтай хүмүүс. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай үед хувийн аж ахуйг хүссэнээрээ эрхэлж, улс орныхоо хөгжилд өөрийн бага ч гэсэн хувь нэмрийг оруулахыг хүсэж байсан хүмүүстэй харьцуулвал эрх чөлөө хангалттай байна. Гагцхүү хийх л хэрэгтэй.

Зах зээлээ хэрхэн сонгохоос тэрхүү компанийн өсөлтийн хязгаар харагдах мэт. Манайх шиг хүн ам багатай орны зах зээлээс илүүтэйгээр гадаад зах зээлд бид амжилт олох ёстой. Өөрөөр хэлбэл импортыг орлуулах бодлогоос илүүтэйгээр экспортыг дэмжих бодлого илүү үр өгөөжтэй гэж би бодож байна. Гэхдээ энэ нь бүх компаниуд гадаад зах зээлд анхаарлаа хандуулах ёстой гэсэн үг хараахан биш билээ. Улс орны аюулгүй байдлын үүднээс аваад үзвэл зарим нэг салбарууд дотоодод заавал байх хэрэгтэй. Үүнд юуны түрүүнд хүнсний салбарыг авч үзэх нь чухал. Гадаад худалдааны онолын дагуу бол бид бусад улсаас давуу талтай, онцлог шинжтэй бүтээгдэхүүнээ үйлдвэрлэснээр амжилт олох нь тодорхой. Тиймээс өнөөгийн Монгол залуус шинэ санаа, шинэлэг бүхнийг нээн илрүүлж дэлхийн хуучин капиталистуудтай өрсөлдөж чадахуйц байх нь эх орны хөгжлийн гол судас болох юм.

Манайх шиг зах зээлийн шилжилтийн үедээ яваа улсуудад төрийн дэмжлэг үнэхээр чухал байгаа. Үүнд Засгийн газраас чөлөөт зах зээл бий болох нөхцлүүдийг сайн бүрдүүлж өгөх, шударга өрсөлдөөнийг хамгаалах, олон улсын худалдааг дэмжих, үндэсний үйлдвэрүүдээ өсөж дэвжихэд анхаарах зэрэг нь зайлшгүй хийх ёстой зүйлүүд юм. Уул уурхайн өндөр орлогын ачаар бусад салбаруудынхаа өрсөлдөх чадварыг сайжруулж авах ёстойгоос биш, зөвхөн уул уурхайд түшиглэсэн эдийн засагтай болно гэсэн үг огт биш. Байгалиа бид өнөөдөр сүйтгэж байна. Гэхдээ газар доорх баялгийг хав дарснаараа бид хэзээ ч баян болохгүй. Хамгийн гол нь ухаалаг хэрэглээ бөгөөд нөхөн сэргээлт юм. Ирээдүйд Монгол улс байгалиа гомдоолгүйгээр эдийн засгаа аваад явж чадахуйц өндөр технологи, шилдэг боловсролтой байх болно.

Өөрөө өөртөө тусалсан хүнд л бурхан тусалдаг. Өөрөөр хэлбэл бидний хүчин чармайлт, хүсэл мөрөөдөл хэзээ ч талаар өнгөрөхгүй гэдэгт итгэх хэрэгтэй. Өөдрөг байдгийнхаа ачаар би өдийг хүртэл жаргалтай явна. Харин боловсрол болон хүсэл мөрөөдлийнхөө ачаар ирээдүйн эх орныхоо хөгжилд нэмэр болохуйц хийх ёстой ажлаа мэдэж байна. Чөлөөт зах зээлтэй эдийн засагт өршөөл гэж байдаггүй. Хэрэв та буруу сонголт хийсэн л бол алдагдал хүлээнэ. Хэн ч таны өмнөөс шийтгэл хүлээхгүй. Гэтэл бид өмнө нь социализмын үед ажил хийгээгүй байсан ч адилхан амьдарч болоод л байсан. Энэ сэтгэлгээний үлдэгдлийг хурдхан арилгах хэрэгтэй. Үнэндээ чөлөөт зах зээлийг мэдэж эхлээд хориод жил л болж байгаа манай улс юун түрүүнд сайн боловсрох хэрэгтэй гэж бодож байна. Бусад улсуудтай өрсөлдөхийн тулд тэдний мэддэг бүхнийг мэдэж, түүнээс ч илүүг мэдэж судлах нь амжилт олох дүрэм юм. Сайн боловсорсоны үр дүнд л сайн сонголт хийж, өндөр ашиг олох боломжтой болно. Маш олон залуус гадаадад суралцаж байгаа нь үнэхээр бахархууштай. Тэд эргэж ирж эх орондоо үйлдвэрлэл явуулснаараа манай үндэсний үйлдвэрүүд нэгэн шат дээш ахиж, илүү хөгжих боломж нээгдэх юм. Магадгүй одоохондоо хувийн секторын хөгжил тааруу, цалин бага байгаагаас болж олон залуус ажил хийхийг хүсэхгүй байгаа нь нууц биш. Тэгсэн хирнээ хэний ч дор орохгүй амьдрахыг хүсдэг. Хэрэв хөдөлмөрлөхгүй л бол хэн ч чамайг тэжээхгүй гэдгийг хүн болгоныг мэдрээсэй гэж хүсч байна. Өөрийн амьдралдаа эзэн болж, ямар нэг зүйл бүтээж яваа залуусын хүчинд эх орон хөгждөг. Амьдрал гунигтай, ажил олдохгүй гэж яваа хүмүүсийг амьдралыг өөр өнцгөөс шинээр харахыг хүсч байна. Хэрэв хичээвэл хийж чаддаг зүйл байж л таарна. Бид чинь бие биенээсээ өөр дахин давтагдахгүй хувь хүмүүс. Бидний тархи ч өөр өөрөөр ажилладаг. Тиймээс хэн ч бай өөртөө итгэж, мөрөөдлөө зүрхэндээ тээсэн цагт таны ажил бүтэх болно. Энэ бүхэн бол үндэсний үйлдвэрүүдийг бий болгож, эх орныг хөгжүүлэх анхан шатны эх үүсвэрүүд билээ. Гэхдээ цаг хугацаа хэнийг ч хүлээлгүйгээр хажуугаар тань хурдны галт тэрэг адил өнгөрдөг гэдгийг мартаж болохгүй. Хэдий эрт өөрийн зорилгоо тодорхойлж, биелүүлэх тусам тэр хирээрээ эх орны хөгжлийн хурд тодорхойлогдох болно шүү дээ.

Бидний үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнийг худалдан авагчдын тоо болоод тэдний хөрөнгийн хэмжээнээс хамаарч үндэсний үйлдвэрүүдийн орлого тодорхойлогдоно. Дотоодын зах зээлийн хэмжээ маань Монгол орны газар нутгийн хэмжээтэй харьцуулахад үнэндээ өчүүхэн бага. 1,564,116 км2 (Wikipedia.org) газар нутаг дээр 2.769 сая (Монголын Үндэсний Статистикийн Хороо) хүн ам амьдран суугаа нь хэрэглэгчдийн тоо үнэхээр бага байгааг харуулж байгаа юм. Тиймээс гадаад зах зээлээс илүү орлогыг олох боломжтой. Хамгийн гол саад бэрхшээл бол олон улсын стандартад нийцэхүйц бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи бидэнд одоогоор алга. Яг л Япон орон анх яаж хөл дээрээ тогтож өнөөгийн өндөр хөгжилтэй орон болсны адилаар явж ч болно. Өөрөөр хэлбэл гадаадын технологийг нутагшуулах замаар өөрсдөө сайн мэдэж авсныхаа дараагаар үүнийгээ илүү сайжруулан өндөр хурдны технологийг бий болгох юм. Монголын инженерүүд ирээдүйд үүнээс ч илүүг хийж чаддаг болсон байна гэдэгт би итгэлтэй байна. Үндэсний үйлдвэрлэл гэдэг нь зөвхөн Монголын хэрэглэгчдэд зориулсан бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрүүд байна гэж би хувьдаа боддоггүй. Эх орны хөгжилд эдгээр үйлдвэрүүд маань юун түрүүнд орлого оруулж, шинээр зах зээл нээж гадаад харилцааг сайжруулах, илүү дэвшилтэт технологи бүхий орон болгох замаар нөлөөлөх болно. Хувийн секторын хөгжил хурдан байх тусам хүн амын олонхи иргэдийн цалин болон орлого нь тэр хирээрээ өснө. Хэрвээ импортыг орлуулах бодлого явуулбал манайх шиг хүн ам багатай, газар нутаг томтой улсын хувьд үнэхээр тохиромжгүй. Учир нь нэг газраас нөгөөд тээвэрлэх трансакцийн зардал өндөртэйгээс гадна хэрэглэгчдийн тоо бага байгаагаас шалтгаалж бүтээгдэхүүний үнэ өндрөөр тогтож, тэр хирээрээ эрэлт буурах нь тодорхой. Харин бид гадагшаа чиглэсэн бодлого явуулбал даяарчлалын 3 дах эрин болох өнөөдөр дэлхийн бусад орны хэрэглэгчдийг өөртөө татаж орлого олох боломж нээлттэй байна. Дэлхийн зах зээл бидэнд үүд хаалгаа чөлөөтэй нээж байхад бид үүнийг ашиглалгүй гэртээ суугаад л байх ёстой гэж үү? Монгол орон эртнээс нүүдэлчдийн соёлоороо дэлхийд гайхагдаж байсан давуу талаа яагаад одоо ашиглаж болохгүй гэж. Манай ард түмэн байгалийг хүндлэн биширдэг байсныхаа ачаар хэнээс ч илүүтэйгээр байгальтайгаа ойр байж, ойлгож чаддаг. Энэ бүхэн үнэхээр гайхалтай. Бидний өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн энэхүү соёлоо даяарчлалд алдчихгүйгээр бусдад сурталчлах таатай боломж бидэнд л байна.

1990 оны ардчилсан хувьсгал Монгол орныг тэр чигт нь өөрчилсөн. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийг чөлөөт зах зээлээр сольсноос хойш хэдий 20 жил өнгөрсөн боловч шилжилт дуусаагүй л байсаар. Бидний өөрчлөгдөх арга зам үнэндээ Азийн биш Европын арга байсан. “Вашингтон Консенсус” хэмээх гэрээнд нэгдэснээрээ бид шилжилтийн түргэн аргыг авч хэрэгжүүлсэн гэж үзэж болно. Микро орчны шинэчлэлээс илүүтэйгээр макро орчны шинэтгэлүүдийг түрүүлж хийснээрээ цочир арга хэмжээ болон хувирч, өндөр инфляци бий болсон[1]. Энэ нь хэд хэдэн сул талтай байсан ч хамгийн гол нь Монгол улс зах зээлийн эдийн засгийг сонгосон явдал юм. Саад бэрхшээл хэдий их байгаа боловч Засгийн газар, хувийн сектор, төрийн бус байгууллагуудын хамтын үйл ажиллагааны хүчинд эдийн засаг зөв замаараа явах болно. Шилжилт дуусаагүй байгаа учраас л төрийн дэмжлэг, оролцоо чухал байгаа юм. Азийн бар хэмээгдсэн улсуудын хувьд ч төрийн оролцоо их байсан. Энэхүү оролцоо нь хуулийн шинэтгэл, зах зээлийн үндсэн суурь нөхцлүүдийг бүрдүүлэхэд хэрэгтэй. Жишээлбэл энэ жилийг Монгол улс “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгосноороо чөлөөт зах зээлийг дэмжих үнэхээр том алхам хийсэн. Бидэнд үндэсний үйлдвэрлэл, хувийн сектор яагаад тийм хэрэгтэй, чухал гэдгийг хүн болгонд таниулсан явдал юм. Гэвч төрийн зохицуулалтын талаарх иргэдийн буруу бодлын нэг нь яах аргагүй үнийн талаарх асуудал юм. Үнэ бол зах зээлийн хуулиар зохицуулагдах ёстой. Түүнээс биш төр үүнийг хянаж чадахгүй. Нэгэнт л эрэлт өссөн бол үнэ өсөхөөс өөр аргагүй. Харин шударга бусаар үнээ нэмж, шударга өрсөлдөөнийг үл ойшоож буй этгээдүүдийг хуулиар шийтгэдэг, энэ ч бас зах зээлийн хууль. Нэгэнт үйлдвэрлэл эрхэлж байгаа бол бид зах зээлийн хууль, бизнесийн ёсзүйг хэзээ ч мартаж болохгүй.

“Хөгжил гэдэг бол хэдэн хүн баян болохыг хэлдэггүй, харин нийгмийн бүхий л зүйлс хөгжихийг хэлнэ. Үүнд хүн амын боловсролын түвшин, баян ядуугийн ялгаа, нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн, нийгмийн халамж зэргийг багтаасан хувь хүн бүр өөрсдийн чөлөөт амьдралыг зохиоход таатай нөхцөл бүрдүүлсэн тийм л нийгмийг хэлдэг” (Ж.Стиглиц). Үндэсний үйлдвэрүүд эдийн засгийн хөгжлөөр дамжуулан эх орны хөгжилд нөлөөлнө. Нэг талаараа иргэд өөрсдийн орлогыг нэмэгдүүлж, харин нөгөө талдаа улс орон хөгждөг. Монгол улс өнөөдөр хэдий ядуу байгаа боловч ирээдүйд хөгжил бий гэдэг нь тодорхой харагдаж байна.  Яагаад заавал Африкийн орнууд шиг “Баялгийн хараал” тусна гэж? Тэдгээр орнуудын ихэнхи нь маш олон жил колони байсан, иргэний дайнаас болж олон ч иргэдээ алдсан улсууд байдаг. Харин Монгол бол улс төрийн хувьд харьцангуй тайван, соёлын хувьд биеэ даасан гүрэн болон оршсоор байгаа. Магадгүй зарим улстөрчдийн буруу бодлого хөгжлийг хойш татаж байгаа ч үйлдвэрлэл эрхлэн өөрийн хийх ёстойг хийж буй хүмүүс тэднээс ч олон. Байгалийн баялгаа эргэлтэнд оруулснаар олон ч жижиг дунд бизнес эрхлэгчид төрөн гарах бололцоотой боловч тэдний үйл ажиллагаа үргэлж зөвхөн уул уурхайгаас хамааралтай байж болохгүй. Миний хувьд ойлгож чаддаггүй асуудал бол Засгийн газраас иргэн бүрт тарааж буй мөнгө. Энэ их мөнгөөр маш олон ашигтай төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой байсаар атал нийгмийн халамжид зарцуулах нь үнэхээр гашуудалтай. Нэгэнт капитализмыг сонгосон л бол тэгш байдал, үр ашиг хоёр хэзээ ч зэрэг оршин байхгүй. Үйлдвэрлэлээ хөгжүүлэх, аль эсвэл дампууралд хүргэх нь бүгд бизнес эрхлэгчээс л шалтгаална. Тиймээс эх орны хөгжилд хүн бүрийн ухаалаг оролцоо, хүчин чармайлт хамгаас чухал.

[1] П.Лувсандорж. (2009). Монголын эдийн засаг: шилжилт хөгжлийн асуудлууд.

 

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s