Их Хятадын бага асуудал буюу цахилгаан эрчим хүчийг экспортлох боломжийн тухай

Манай өмнөд их хөрш болох Хятад улсын эрчим хүчний хөгжлийн асуудал, болон манай улсаас цахилгаан эрчим хүч экспортлох тухай холбогдох байгууллагын хооронд явагдаж байгаа саналыг иш үндэс болгон Хятад улсын 21-р зууны хөгжлийн чиг хандлагыг хөндөх нь зүйтэй гэж үзэж байна. Хүн төрөлхтөн, улс орны хамгийн чухал мөрөөдөл бол хямд найдвартай, цэвэр эрчим хүчний эх сурвалжтай болох явдал гэж тэмдэглэсэн байдаг. Нэг ном зохиолд “хамгийн бага улсад ч гэсэн өөрийн том хүсэл эрмэлзэл байдаг” гэсэн байхыг олж үзээд үүнийг бичихэд хүргэж байна.

Эрчим хүчний аюулгүй байдал нь 21-р зууны дэлхийн хөгжил, тогтвортой байдлын гол сорилт, улс орны гадаад бодлогыг тодорхойлогч чухал хүчин зүйлийн нэг болоод байгааг бид дэлхийн нийтэд болж байгаа үйл явдаас ургуулан “эрчим хүчний хямралын зуун” буюу “албаар” тэгэж ойлгох ёстой болж байна.  Хөгжингүй ноёрхож байгаа улс орон ч гэсэн дэлхийн тавцанд өөрийн үүрэг зорилго, нэр хүндийг улам өсгөх, улмаар тэр зорилго нь ядуучуудыг тэгтэх, зээл тусламжийн доор нуугдаж “гегемоничлох” бодлогоо биелүүлэхийг хичээдэг. Улс орон бүр л өөрийн зорилгоо өөрт нуугдмал түлш эрчим хүчний нөөцөө “хөдөлгөөнд оруулж” бие биенээсээ хамааралтай болж байгаа бөгөөд ихэнх нь ийм нөхцөлд аж төрж, ирээдүйнхээ төлөө зовинож байдаг. Ялангуяа Хятад, Энэтхэг зэрэг “том эдийн засгийн үсрэлт“ дэлхийн эрчим хүчний хямралд хир үүрэг гүйцэтгэх бол, ө.х. өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээгээ хэрхэн хангах вэ гэдэг асуудал ганц, хоёр улсын хүрээнээс халих шинжтэй болжээ.

Хятадын эрчим хүчний эрэлт-хэрэгцээ ба хөгжилт. ОУЭХА-ийн судалгаагаар Хятадын эрчим хүчний эрэлт нь дэлхийн эрчим хүчний зах зээлд хүчтэй дарамт үзүүлэх нь тодорхой бөгөөд, улмаар 2020 оны түвшинд нүүрсний өсөлтийн хэрэгцээний тэн хагасыг дангаар бүрдүүлэх, түүний хөгжүүлэх үүднээс жил бүр 4 тэрбум америк долл. зарцуулах, цахилгаан эрчим хүчийг түгээж, хуваарилахад их хэмжээний хөрөнгө шаардлагатай нь тодорхой байна. Гэхдээ үүнийг Хятад улсын “Жэньминьжибао” сонинд өгсөн Шинэтгэл, Хөгжлийн Улсын хорооны өгүүлэлд “Хятад улс эрчим хүчний хэрэгцээгээ бараг (94%) бие даан хангадаг, гадаад зах зээлийн хараат байдал 6% байна. Газарын тосны импорт нь дэлхийн нийт импортын ердөө 6,3%-ийг эзэлдэг, эрчим хүчний зах зээлд сөрөг нөлөө үзүүлэхгүй, бие даах хандлагатай” гэж бичсэн байгаа юм.

Тийм ч учраас Хятад улс бол хөгжлийн олон талт бодлогыг явуулж, бүх төрлийн худалдаа, харилцаа холбоог дур (сонгосон)-ын улс оронтой тогтоож, улс орны эдийн засгийн хөгжлийг хүчтэй хөгжүүлэхэд түлш эрчим хүчний нөөц чухал болж байгааг маш их анхааарч, өөрийн холбоо, сүлбээгээ Өмнөт Америк (Аргентин, Венесуэль, Куба), Африк (Судан, Саудын Арав, Ангол, Конго, Нигер)-ийн улс оронтой урт хугацааны гэрээ, хэлэлцээрийн үндсэн дээр хамтын ажиллагаагаа хөгжүүлэх боллоо. Төв Азид голлох байр суурь эзэлж байгаа нь бүр ч тодорхой.

Хятад бол нефть импортлох талаараа Америкийн дараа орох томоохон импортлогч бөгөөд Хятадын эдийн засгийн өдөр дутмын хэрэглээ нь 5 сая баррелд хүрч байгаа бөгөөд 2015 онд 11 сая хүрч түүний 7,5-ыг нь импортоор хангах юм байна. Эрчим хүчнийхний үзэж байгаагаар 21 зууны нефтийн хэрэглээ нь Хятадын хэрэгцээнээс ихээхэн хамаарах. улмаар нэг онцлог шинж нь бүх төрлийн түлшний нөөц (нүүрс, нефть, мод, хог хаягдал) борлогдох зах зээл зөвхөн энд л байгаа гэжээ.

Гэхдээ л хамгийн чухал нь Хятадын хувьд нүүрс юм. Нүүрс олборлолтоороо дэлхийд нэгдүгээр байранд орж байна. Нүүрс нь агаар мандалыг хүчтэй бохирдуулдаг, экологийн хувьд ач холбогдол багатай байгаа ч гэсэн  гол хэрэглээ нь хөнгөн, хүнсний аж үйлдвэр, орон байрны дулаацуулга зонхилсоор байна. Тэгээд ч хүн ам, хэрэглэгчдийг өөр төрлийн түлш хэрэглэхийг зөвлөмж болгож байгаа хэдий ч тийм ч амархан салчихгүй нь тодорхой. Тэгээд ч Хятад улс биометан үйлдвэрлэж хэрэглэх талаараа дээгүүр байр эзэлж байдгийг та бүхэн мэднэ. Энэ хийг ахуйд хэрэглэхэд үнэхээр тохиромжтой бөгөөд хөдөө аж ахуйн хог, хаягдлыг ашиглан том биш чадлын генераторт үйлдвэрлэх боломжтой юм байна.

Хятадын засгийн газар өөрийн зах зээлд эрчим хүч нийлүүлэх гадаадын үйлдвэрийг урамшуулах үүднээс олон улсын эрчим хүчний үзэсгэлэн, хурал зөвлөлгөөнийг зохион байгуулахад хүчтэй дэмжлэг үзүүлэх боллоо. Жишээлбэл, Английн нефтийн “British Petroleum” компани нефть боловсруулах чиглэлээр, Оросын “Лукойл”, “Роснефть” компани нефть, хий нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна. Харин тоо, хэмжээний хувьд тодорхой биш байна.

Атомын цахилгаан станц (АЦС) барих асуудал Хятадын эрчим хүчний хамгийн чухал асуудал болоод байна. Энэ жил л гэхэд 4 том АЭС (1000 МВт чадалтай 4 реактор бүхий) барих үйл ажиллагаанд дөрвөн улс орон (Америк, Орос, Франц, Канад) өрсөлдөж байгаа ба 2020 он гэхэд улс орны өмнө, дорно чиглэлд нийтдээ 20, ойрын 15 жилд 40000 МВт-ын 40 орчим АЭС барих төлөвлөгөө нэгэнт гарчээ. Тэр нь нийт улс орны эрчим хүчний балансын 4 %-тай тэнцэх хэмжээнд хүрч очих юм байна. Хятад улс АЦС барьж байгуулах гэрээ хэлэлцээр хийхдээ зөвхөн худалдааны зорилгоор бус геополитикийн байр сууриа харгалзаж байгааг дэлхийн нийт ажиглаж байна. Үүнтэй холбогдуулан “Бээжин өөртөө арай ойр Париж, Оттава болон Москваг хань татаж байгаа боловч хэтийн төлөв, зээл, …. зэргийг үндэслэн Вашингтоны төслийг илүүд сонирхож байж мэдэх юм” гэж бичсэн байна.

Харин Хятад нүүрс-устөрөгчийн түлш хэрэглэх асуудалд анхаарал хандуулан Казахстан, Венесуэль, Иран, Ирак, Перу ба Азербайджанд хэд хэдэн нефтийн орд газарыг концессээр аваад байна. Харьцааны загвар нь бараг ижилэвтэр, Казахстанаар жишээ авахад 10 сая тонн нүүрс-устөрөгчийн нөөцийг “Атасу-Алашанькоу”-ийн нефть дамжуулах хоолойгоор Хятадад хүргэх гэж байна. Энэ нь түлшний хэрэгцээгээ хангах, эдийн засгийн бусад салбарыг хөгжүүлэх, ажилгүйдлийг бууруулах, хоёр талын харьцааг сайжруулах гээд л чухал асуудлыг шийдэж байгаа юм. Казахстандт ямар ач холбогдол байх вэ гэдгийг нөгөө талаас нь авч үзвэл, нэгдүээрт ашиг, хоёрт нүүрс-устөрөгчийн экспортлох оронзайг нэмэгдүүлэх, Оросын эрчим хүчний нөөцийн хамаарлаас гарах, улмаар гуравдугаарт улс төрийн чөлөөт сонголт бий болгох асуудал хөндөгдөж байгаа юм. Тэгээд ч цаашдаа Хятадаар дамжуулан нүүрс-устөрөгчийн дэлхийн зах зээлд гарах боломжийг үгүйсгэх учиргүй. Гэхдээ Казахстан улс Хятадын зах зээлийн хараат байдалд орж, эрчим хүчний аюулгүй ажиллагааны үүднээс нэг худалдан авагчтай “монополь” зах зээлийг өөртөө үүсгэж ч болох тал байгааг дурьдалгүй өнгөрч болохгүй биз ээ.

Ер нь эрчим хүчний асуудлыг хөндөж байгаагийн хувьд шинэ төрлийн эрчим хүчний зөөвч (усны, нарны ба салхины эрчим хүч, био болон намгийн хий г.м.,)-ийг хэрэглэх, технологи эзэмших чиглэлээр Хятадын Шинэчлэлт ба хөгжлийн Улсын хорооны мэдэгдлээр бол Бага чадлын УЦС-ын нийт чадал 50 МВт хүрч байгаа ба жилд 30 сая кВтц цахилгаан үйлдвэрлэж байгаа ба цаашдаа 2020 оны түвшинд нийлбэр чадал нь 75 МВт хүрэх юм байна. Салхины эрчим хүчээр цахилгаан гаргах тоноглолын чадал нь 2020 онд Хятадын нийт цахилгаан станцуудын нийлбэр чадлын 5 %-д хүрэх бөгөөд энэ нь нийтдээ 45 сая тонн жишмэл түлш хэмнэх тооцоотой байгаа юм. Мөн газрын доорх халууны эрчим хүчээр 12 сая кВ.м талбай бүхий орон сууцыг дулаацуулж, 300 айл өрхийг халуун усаар хангах төлөвлөгөөтэй байна. Саяхан Хятадын нийслэлд эрчим хүчний хөгжлийн асуудлаар болсон хурал дээр “Сэргээгдэх эрчим хүч ашиглах, түүнийг хөгжүүлэх” талаар Хятад улс дэлхийд 1-рт гарч байгаа, ө.х. энэ онд дэлхийн хэмжээгээр 38 млрд долл. энэ зориулалтаар зарцуулсан бол Хятад улсын хөрөнгө оруулалт (бага чадлын УЦС байгуулах, нарны коллектор, салхины эрчим хүч ашиглах) дангаараа 6 млрд долл.-д хүрсэн байгаагаар дүгнэж байгаа юм…

Цахилгаан эрчим хүчний урсгал хуваарилалт. Ер нь Хятадын цахилгааны зах зээл, тэдний энергийн эрэлт-хэрэгцээний их урсгалын талаар бид сонирхож байгаа гол сэдэвтээ орохдоо юуны өмнө цахилгаан үйлдвэрлэлийн хэмжээгээр Хятад улс дэлхийд 2-т орж байгаа, харин хүн амд ноогдох хэрэгцээгээрээ 80 орчимд жагсаж байгаа нь эрчим хүчний нөөцийн дутагдалтай гэж дүгнэхэд огт хилсдэхгүй. Ернь Хятад улсын эрчим хүч одоохондоо дэлхийн түвшинд авч үзвэл тийм сайнд орохгүй. Хятад улсад дундажаар цахилгаан эрчим хүчний өөрийн өртөг кВтцаг нь 4 цент байхад Оросын Холбооны улсад 1-2 цент, …. байх жишээтэй. Харин Хятад улсад явагдаж байгаа эрчим хүчний шинэчлэл, өөрчлөлт, түүний хурд бол хэнтэй ч жишэхийн аргагүй байна. Үйлдвэрлэж байгаа цахилгааны 90 орчим хувь нь улсын буюу тосгоны захиргааны мэдэлд байна. Одоогоор эрчим хүчний салбарт явагдаж байгаа реформын үр дүнд үйлдвэрлэлийг шугам сүлжээнээс салгаснаар эрчим хүчний үйлдвэрлэх чадлын гуравны нэг нь дотоодын өрсөлдөх зах зээлд шилжин орсон байгаа юм. Харин Хятадын онцлогоор гэх юмуу даа цахилгааны үнийг бол улсын хяналтаас гаргах бодолгүй байна.

Маш их хэмжээний шинэ чадал жил бүр орж байгаа боловч дамжуулах нэгдсэн шугам сүлжээ, диспетчерийн удирдлагын нэгдсэн төв хангалтгүй байгаа юм биш үү. Үүний жишээ ч болох юм уу Хятадын хамгийн их түргэн хурдацтай хөгжиж байгаа Гаундун мужын цахилгаан хангамж нь долоо хоногт хэд хэдэн удаа тасарч байна гэж Синьхуа хороо мэдэгдэж байгаа юм. Харин Хятадын удирдлага одоохондоо экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх аж үйлдвэрийг бол тасалж болохгүй, хүн амыг бол яахав гэж гэх мэтээр аргацааж байгаа нь баримтаар нотлогдож байна. Бараг энэ зарчмыг иш үндэс болгон хэвлэлд “капиталист нүүртэй социализм” байгуулах нь бүх л бүтэн жараны туршилт болж, зууны турш үргэлжлэх магадгүй гэжээ.

Хамгийн сүүлд энэ оны 11 сард Синьхуа хорооны мэдээлсэнээр 2020 онд түлш, эрчим хүчний нөөц ихтэй Хятадын баруун мужаас эрчим хүчний хомсдолтой өмнөт, дорно мужуудад урсгах цахилгааны хэмжээ 100 сая кВтц-д хүрнэ гэсэн байна. Энэ талаар Шанхай хотод зохион байгуулагдсан Бүх дэлхийн инженерийн эрдэм шинжилгээний бага хурал дээр Хятадын эрчим хүчний ассоциацын ерөнхийлөгч Чжао Сичжэн мэдэгдсэн юм билээ. Түүний хэлсэнээр Хятадын эрчим хүч хурдтай хөгжлийнхээ ид үе шатанд явж байгаа, Эрчим хүчний үйлдвэрлэх чадал жил бүр 6600 МВт-аар буюу 8,1%-иар өсч байгаа юм байна. Одоогоор Хятадын бүх цахилгаан станцуудын нийлбэр чадал 400000 МВт хол давсан ба энэ жилийн төгсгөл гэхэд 433000 МВт хүрэх юм байна. Цаашдаа эрчим хүчийг хөгжүүлэх Улсын бодлого нь “Улс орны баруунаас дорно зүгт цахилгаан эрчим хүчийг хүргэж, Бүх Хятадын цахилгаан сүлжээг бий болгох” явдал гэж тэмдэглэж байгаа юм. Бүх Хятадын цахилгаан сүлжээ байгуулах асуудал нэгэнт эхэлсэн бөгөөд цахилгаанаар хангах бүх найдвараа 2008 онд бүрэн хүч чадлаараа ашиглалтанд орох “гол цөм” болох Саньсягийн хавийн УЦС-д тавьж байгаа гэнэ.

   УЦС-эрчим хүчний гол цөм болох нь. Хятадын усны эрчим хүчний нөөцийн 90 орчим хувь нь баруун өмнөт, төв-өмнөт, дорнот мужид төвлөрсөн байх боловч Гаундун орчмын Бээжин, Шанхайг хангахад цахилгааны хомсдол байсаар байгаа юм.

Өмнө хэлсэн дэлхийн хамгийн том Саньсягийн “Гурван хавцал [the three gorge, три ущелья]”-ын УЦС (далангийн урт нь 2309 м, төсөлийн өндөр нь 185 м) барьж байгуулах ажил 2008 онд бүрэн дуусах юм. Одоогоор энэхүү УЦС-ын 26(12) нь суурилагдаж, жилд 85 млрд кВтц цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэх, улмаар 2011 онд дахин 6 генератор тавьсанаар жилийн чадал нь 100 млрд кВт хүрэх юм гэж мэдээлсэн байна.

… Сонирхуулахад Хөх мөрөн [Янцза]-ий “Гурван хавцал” гэдэг нь Төв Хятадын Хубэй мужид байх Финцзя ба Ичан хотуудын хооронд байрлах хамгийн нэртэй Цюй танг Ся [Qutang, 8 км], дөлгөөн урсгалтай У ся [Wu, 45 км] ба усны эргүүлэг бүхий хуйлрах урсгалтай Си лин Ся [Xiling, 76 км] гэдэг хавцалыг боож барьсан далан нь дэлхийн хамгийн том (16 сая м3 эзэлхүүн бүхий) “төмөр-бетон байгууламж” юм. Далангийн бүрэлдэхүүн хэсэг нь гидротехникийн байгууламж, түүнд суулган барьсан хоёр цахилгаан станц, усан онгоц нэвтрүүлэх байгууламж, усан сан зэрэг болно. Бас дэлхийн хэмжээнд хамгийн өндөр өртөг (126 млрд юань, 1 долл=8.01 юань, 25-27 млрд долл.)-тэй байгууламж, 1,3 сая хүн амыг нүүлгэн сууришуулсан, нийтдээ 17 жилийн хугацаанд баригдаж, цаашдаа 600 км урт хиймэл нуур үүсгэх “нүсэр эд” гэж барууны хэвлэлд бичсэн байна билээ. Хөх мөрөн бол Төвдийн өндөрлөг (далайн түвшинээс дээш 5,8 мянган м)-өөс эх авч 6,3 мянган км урсаад Дорнот Хятадын тэнгист цутгаж байгаа юм. Энэ хавцалыг зарим хэвлэлд “Хятад үндэстэний билэг тэмдэг”, “Социализм ба инженерийн сэтгэлгээний гайхамшиг” гэж тодорхойлсон, тэгээд ч 10-тын юань дээр дүрслэн үзүүлсэн байдаг. Энэхүү дэлхийн хэмжээний том барилга байгууламж нь Хятадын цахилгаан эрчим хүчний дутуудалтай нөхцөлд маш хурдацтай өсөн хөгжиж байгаа нийгэм, эдийн засгийг дэмжих, түүнээс гадна голын доод урсгалын олон жилийн үерийн гай гамшигийг төгсгөл болгох гол зорилготой байсан юм билээ.

Эрчим хүчний хувьд энэхүү Усан техникийн иж бүрэн барилга байгууламж нь улс орны эрчим хүчний нөөцийг шинээр хуваарилахад шийдвэрлэх алхам болж байгаагаас гадна цахилгааныг баруунаас дорно зүгт зөөвөрлөх, Улсын нэгдсэн эрчим хүчний систем байгуулах бодит боломжийг олгож байгаа юм гэж дурьдсан байна.  Экологийн хувьд их хэмжээний үерийн аюулыг зайлуулж, усанд автдаг олон сая цагаан будааны талбайг чөлөөлж байгаа юм. Зөвхөн 20-р зуунд 4 удаа (1931, 1934, 1949, 1954) хүчтэй үер болж, 1935 оных л гэхэд 142 мян. [түүхэндээ бол 15-20 сая байх] хүн амь үрэгдсэн баримт байдаг. Эдгээрээс гадна усан замын тээврийн нөхцөл сайжрах, орон нутгийн хүн амын амьдралын баталгааг хангах, тэрч битгий хэл “Өмнө зүгийн усаар Хойд мужийг усжуулах” боломжтой гэнэ.

ДЦС-ын эрчимтэй хөгжил, түүний байршил. Ялангуяа Өвөр Монголын өөртөө засах орон болон Хятадын баруун-хойд бусад мужууд нь улс орны баруунаас дорнот бүс нутагт цахилгаан эрчим хүч дамжуулах Улсын тулгуур бүс нутаг болж байгаа юм. Ялангуяа Хуанхэ (Шар) мөрний эх орчмын бүс нутагт нийт хайгуулын нөөц нь 276,2 млрд. тонноор үнэлэгдэх нүүрсний гурван том орд газарыг түшиглүүлэн дулааны цахилгаан станц барих асуудал түргэн хурдацтай явагдаж байна. Энэ үндсэн дээр Өөртөө засах орон болон зэргэлдээх таван тосгонд нийт чадал нь 25000 МВт чадал хол гарсан 100 орчим ДЦС нэгэнт барьж байгуулаад байна. Ялангуяа Өвөр Монголын өөртөө засах оронд баригдах ДЦС-ын хөгжил эрч хүчтэй явагдаж байгаа бөгөөд 2007 төгсгөлд нийт чадал нь 13000 МВт хүрэх төлөвтэй байна. Хятад улсын цахилгаан эрчим хүчний одоогийн ба 2020 оны түвшинд байх чадлын урсгалыг зурагт үзүүлэв.

Мөн 2005 онд Бээжинд болсон “Улс орны цахилгаан эрчим хүчний асуудал” онол-практикийн бага хурал дээр цахилгаан эрчим хүчний хомсдол, цахилгаан хангамжийн доголдолоос болж улс орны хэмжээн цахилгаан тасалдаж байгаа бөгөөд энэ хугацаа өнгөрсөн оныхоос 20 цагаар нэмэгдсэн, нүүрс, цахилгаан эрчим хүчний үнэ нэмэгдэж байгаа, тэгээд ч нүүрсний чанар муудаж байгааг бас дурьдсан байна. Харин нэг кВтц цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэх шууд зардал 2 граммаар буурч, 374 грамм болж, ө.х. жилд 3 сая тонн жишмэл түлш хэмнэсэн байна гэдгийг цохон тэмдэглэсэн юм.

Хятадын цахилгаан сүлжээний компаний захирал Лю ЖэньЯ “2020 он хүртэл цахилгаан эрчим хүчний хэрэглээ жил бүр 160 тэрбум кВтц-аар өсч, 4,6 триллионд хүрэх (АНУ-4.884, ОХУ-1.637, Энэтхэг-2.108) бөгөөд чухамхүү энэ өсөлтийг жил дундажаар 33000 МВт шинэ чадал ашиглалтанд оруулах болж байгаа юм, одоогоор энэ зорилтоо амжилттай хэрэгжүүлж байна” гэжээ. Тэгэхлээр Хятад орон 2020 оноос хойш хамгийн их цахилгаан эрчим хүчний хэрэглэгч болох төлөвтэй байна.

Хятадын зах зээл ба Монголын эрчим хүчний ирээдүй. Ийм том зах зээл бүхий хэрэглэгч зэргэлдээ байгаа нөхцөлд түлш эрчим хүчний нөөцөөр харьцангуй баян Монгол улсын эмзэг, жижиг эдийн засагт асар их боломж олгохын зэрэгцээ өөрийн орны сүүлийн үед яригдаж байгаа уул уурхайн аж үйлдвэр (Оюу толгой, Цагаан суврага, Таван толгой г.м.)-ийн эрчим хүчний хэрэгцээг баталгаатай хангах үүднээс цахилгаан эрчим хүчний талаар Засгийн газараас төлөвлөж байгаа ДЦС-уудыг ашиглалтанд оруулах талаар дорвитой алхам хийх нь зүйтэй. Энд мэдээж хөрөнгө оруулалт, түлшний хангамж, техник технологийн хувьд болгооомжлол, эрсдэл байхыг үгүйсгэхгүй. Ялангуяа Монгол-Хятадын холбогдох байгууллагуудын хооронд яригдаж байгаа Том чадлын нүүрсний нөөц буюу уурхайг түшиглэн 3600 (хоёрдугаар ээлж 10800 МВт) кВт-ын цахилгаан станц байгуулах, жил бүр 10 000 сая цахилгаан эрчим хүч экспортлох төслийг хэрэгжүүлэхэд Засгийн газар, холбогдох байгууллагууд идэвхтэй ажиллах нь зүйтэй гэж үзэж байна. Зарим сонинд үнийн асуудлыг тохироогүй байгаа ч гэх шиг “яагаач үгүй байгаа зүйлийг хүчтэй хөндөх шаардлагагүй”, үнэ гэдэг бол барьж байгуулах чадалд ноогдох тогтмол зардал, ашиглалтын хувьсах зардал зэргээр тодорхойлогдох, тэгээд ч улс орны эдийн засаг, хэрэгцээнээс хамааруулан жил бүр авч ярилцах “улмаар цахилгааны үнээ чөлөөлөх, чадлын захиалгын хэмжээнээс хамаарах үйл ажиллагаа” юм. Шаньдуны Лүнэн группийн хийж байгаа төслийн урьдчилсан төсөөлөл нь жилд 12 сая тонн нүүрс олборлох нөхцөлд ийм том чадлын цахилгаан станцыг байгуулж болох бөгөөд үйлдвэрлэсэн цахилгааныг хэт өндөр хүчдлийн шугамаар Хойд Хятадын эрчим хүчний сүлжээтэй холбох боломж байгаа юм.

Харин нэг чухал асуудал бол ихээхэн хүч хөрөнгө, хугацаа шаардах энэхүү ДЦС-уудыг барьж байгуулах төсөл нь орчин үеийн, экологид ээлтэй, үр ашиг өндөртэй, тэргүүний технологитэй байх нь эн тэргүүнд тавигдах чухал шаардлага болно. Хоёр хөрш орны хувьд түлш эрчим хүчний олон чиглэлээр хамтран ажиллаж байгаа бөгөөд зөвхөн Хятад улсаас Баруун бүс нутагт Тайшир, Дөргөний УЦС-ыг барьж байгуулах, Монгол улсаас нүүрс, газарын тос бага хэмжээгээр экспортолж байгаа олон жишээ, баримт байна. Хятад улс нь дэлхийн шинэ техник, технологийг хэрэгжүүлэх, цөмийн эрчим хүчийг хөгжүүлэх, сэргээгдэх эрчим хүч ашиглах, нүүрсийг гүн боловсруулалтын чиглэлээр өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулж байгаа тул энэ талаар хамтран ажиллах шаардлага зүй ёсоор урган гарч ирж байна. Тийм учраас түлш-эрчим хүчний газарзүйн бодлогын хувьд цахилгаан эрчим хүч экспортлох цорын ганц хувилбарыг харилцан ашигтай зах зээлд ил тод, эрэлт-хэрэгцээний шудрага зарчимыг баримтлан өргөн хүрээнд идэвхтэй хамтран ажиллах, бүс нутгийн интеграцад нэгдэх, эдийн засагт харилцан хамаарлын гарцыг бий болгохын төлөө улс орны эдийн засгийн хөгжлийг түргэтгэх үйл явцад эрчим хүчнийхэн “нэгэнт бий болсон бодит бололцоог ашиглан” идэвхтэй оролцох цаг болжээ. Хятадын өсөн нэмэгдэж байгаа эрэлт-хэрэгцээтэй уялдуулахад манай экспортлохоор төлөвлөж байгаа цахилгааны тоо хэмжээ бол харьцангуй бага учир зах зээлийн хувьд шийдэгдэх асуудал байхаа. Төгсгөлд нь өгүүллийн эхэнд хэлсэнээр 21-р зуунд “түлш, эрчим хүчний нөөцөө” ямар нэг байдлаар идэвхтэй хөдөлгөөнд оруулах нь дэлхийн эрчим хүчний зах зээлд ч гэсэн, геополитикийн хувьд ч гэсэн асар их ач холбогдолтой болж байгааг анхаарах нь зүйтэй.

Сурталчилгаа

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s