Всеволод Емильевич Мейерхольд (1874-1940)

Всеволод Мейерхольд нь хорьдугаар зууны Театрт том хувь нэмэр оруулагч, шинийг санаачлагч, чадварлаг найруулагч байсан юм. Всеволод Мейерхольд нь театрын түүхэнд хамгийн их шинэ санаа гарган, өөрчлөлтийг шийдэмгий хийдэг байснаараа алдаршсан билээ. Түүнийг алдарт театрын найруулагч Константин Станиславксийтай арга барилаараа эсрэгцэж гарч ирсэн томоохон найруулагч гэж үздэг юм. Мейерхольд бол театрын урлагт анхны симболист хэв маягийг бий болгосон Оросын найруулагч юм. Түүний арга барил конструктивист, экспрессионист зэрэг урсгалуудтай холилдсон байдгаараа онцлог юм.

Түүний үздэгээр театрын найруулагч нь өөрийн тайзны бэлтгэлээ форм хайх маягаар эхлүүлэх нь зүйтэй юм. Энэхүү хайлт нь яваандаа жүжгийн үндсэн хөдөлгөөний хэлбэр буюу формыг олж дуусах юм. Түүний үзлээр найруулагчийн үүрэг бол тайзан дээр хөдөлгөөний тодорхой нарийн дэс дараатай байдлыг бий болгох юм. Энэхүү хөдөлгөөн нь жүжгийн маш чухал зүйл бөгөөд үүн дээр яриа, хөгжим, тайзны засал чимэглэл, дизайн зэрэг нь нэмэлт болон өгөх ёстой юм. Үүн дээр суурилан Мейерхольд өөрийн алдарт биомеханикийн системээ зохиосон юм.

Карл Касимир Теодор Мейерхольд нь 1874 онд Пенза хотод Герман гаралтай дарсны худалдаачин Эмил Мейерхольдийн гэр бүлд мэндэлсэн байна. Тэр олон хүүхэдтэй айлын бага нь байсан юм. Хэдийгээр тэр Москвад хуулийн сургуульд элсэх гэж ирсэн боловч удалгүй тэр 1894 онд хуулийн сургуульдаа ердөө 2 семестер суралцаад байхдаа хаяж Москвагийн Филармонийн Владимир Немирович Данченкогийн жүжигчний курст элсэн орсон байна.

Тэр Москвад ирээд өөрийн Германы протестант шашнаа өөрчлөн Оросын үнэн алдартны шашинд орсон байна. Тэр дараа нь буюу өөрийн 21 насны төрсөн өдрөөрөө нэрээ Всеволод Мейерхольд болгон өөрчилжээ. Тэр энд мөн эхнэр Олга Мунттай гэрлэсэн байна. Олга болон Мейерхольд нар нь Моксвагийн урлагийн теарт шалгаран сонгогдож орсон хоёр жүжигчин байсан юм. Олга Мунт түүний гурван охиныг төрүүлсэн юм. Сонирхолтой нь түүний ач охин Мариа Валентей Мейерхольдийн дурсгалын музейд тайлбарлагч хийдэг юм.

1898 онд тэр дөнгөж нээгдээд байсан Москвагийн Урлагийн Театрт жүжигчнээр оржээ. Тэр хамгийн анх Антон Чеховын “Цахлай” жүжгийн Треплевийн дүрд тоглож байжээ.

1902-1907

Мейерхольдийн театрын найруулагчийн кареер 1902 онд эхэлж 37 жил үргэлжилсэн юм. Тэр 290 гаруй том болон жижиг хэмжээний жүжиг, дуурь, балет найруулж тавьсан юм. Түүний эхэн үеийн жүжгүүд Станиславксийнхтай адил реализм дээр төвлөрч, реалист болон натуралист хэв маягтай байсан юм. 1902-1906 оны хооронд тэр Шинэ драмын аялагч багийн гишүүн байсан бөгөөд хэд хэдэн жүжигт нь тоглодог байлаа. Үүний нэг жишээ нь “Акробатчид” юм.

Москвагийн Урлагийн Театрт хэд хэдэн жүжиг найруулсныха дараа тэр реализмаас хазайж өөрийн гэсэн өвөрмөц хэв маягийг бий болгохоор зорьжээ. Тэр 1905 онд Бельгийн жүжгийн зохиолч Морис Метерлинкийн “Тинтагилийн үхэл”, Германы натуралист жүжгийн зохиолч Герхарт Хауптманны “Шлук ба Яау” гэсэн жүжгүүдийг найруулж тавьжээ. Энэ нь олон хүмүүсийг хамархад зориулагдаагүй бөгөөд туршилтын шинж чанартай байсан ч гэж хэлж болох юм.

1906 онд Вера Коммиссаржевскаяа хэмээх жүжигчин Санкт Петербургт өөрийн жүжигчдийн багаа бүрдүүлж Мейерхольдийг ирж найруулахыг урьсан байна. Тэр тэнд Оросын симболист зохиолч Александр Блокийн “Хүүхэлдэйн үдэшлэг” болон бусад хэд хэдэн том жүжгийг тавьж найруулан, өөрөө зарим дүрд нь тоглож байсан байна. Түүний 1906 онд тавьсан жүжгүүдэд нь Норвегийн алдарт жүжгийн зохиолч Хенрик Ибсений “Хедда Габлер”, Бельгийн жүжгийн зохиолч Морис Метерлинкийн “Беатрис эгч”, Оросын зохиолч Александр Блокийн “Яармаг дээрх мухлаг”, Оросын жүжгийн зохиолч Леонид Андрейевийн “Нэгэн эрийн амьдрал” зэрэг орно.

Энэхүү жүжгүүд нь симболизмыг дүрсэлж байгаагаараа онцлогтой байсан юм. Мейерхольд 1907 онд бичсэн “Театр: Түүх ба арга барилууд” хэмээх номондоо эдгээр жүжгүүдийнхээ талаар бичсэн байдаг.

1908-1918

Мейерхольдийн идэвхтэй байдлын дараагийн чухал үе бол 1908 оноос 1918 оны хоорондох шат юм. 1908 онд түүнийг Санкт Петербургийн Империал Театрт найруулагчаар ажиллахыг урьжээ. Тэр дараагийн арав гаруй жил тэндээ үлдэж жүжиг, дууриуд найруулсан байна. Тэр Санкт Петербургийн Хааны театруудад олон шинэчлэл, өөрчлөлтүүдийг хийсэн юм. Энэхүү хааны театрууд гэдэг нь Александринскийн театр бас Марийнскийн сонгодог урлагийн театруудыг хэлж буй хэрэг юм.

Энд л Мейерхольд сонгодог уламжлалыг цоо шинэ модерн арга барилаар тавьж байсан юм. Жишээ нь 1910 онд тэр Мольерийн театрын арга барилыг “Дон Жуан” жүжигтээ өөрийн арга барилтай хослуулсан байна. Мейерхольд жүжиг найруулахаасаа гадна жүжигчдийн цагийн төлөвлөгөө, тайзны бэлтгэл зэргийг өөрийн гэсэн аргаар явуулдаг байсан юм. Түүний зорилго бол уламжлалтаас хальж давсан, реалист биш театрын хэв маягийг бий болгох байсан юм.

1909 онд л гэхэд тэр Санкт Петербургийн Марийнскийн театрт Германы алдарт хөгжмийн зохиолч Рихард Вагнерийн “Тристан Изольда хоёр” дуурийг тавьжээ. Тэр 1910 онд Санкт Петербургт Австрийн жүжгийн зохиолч Артур Шнитцлерийн “Колумбины ороолт”, Александринскийн театрт Францын жүжгийн зохиолч Жан Батист Мольерийн “Дон Жуан”-ыг тавьжээ.

Мейерхольд 1911 онд тэр Марийнскийн театрт Оросын хөгжмийн зохиолч Модест Муссоргскийн “Борис Годунов” дуурийг тавьжээ. 1913 онд Германы хөгжмийн зохиолч Рихард Штрауссын дуурь “Електра”-г амжилттай найруулсан байна.

Тэр 1913 ондоо Парист очиж Италийн жүжгийн зохиолч Габриел Д’Аннунциогийн “La Pisanella” хэмээх жүжгийг Шателе Театрт тавьсан байна. Тэр Санкт Петербургт эргэж ирээд удалгүй 1914 оны дөрвөн сарын долоонд Бродинскаяагийн студид Александр Блокийн “Яармаг дээрх мухлаг”, “Үл таних бүсгүй” хэмээх жүжгийг зэрэг тавьжээ.

Тэр 1915 онд Испанийн утга зохиолын алтан үеийн сүүлчийн төлөөлөл болсон жүжгийн зохиолч Педро Калдероны “Тогтвортой ханхүү” жүжгийг тавьжээ. Тэрээр 1916 онд Ирландын аугаа зохиолч Оскар Уайлдын “Дориан Грэйн хөрөг” зохиолыг дэлгэцнээ амилуулан өөрөө гол дүрд нь буюу Дориан Грэйн дүрд тоглож найруулсан байна. Үүнийг нь Тиеманн болон Рэйнхардтийн кино компани ивээн тэтгэн Моксвагийн театруудаар гаргажээ.

1916 онд тэрээр Оросын жүжгийн зохиолч Александр Островскийн “Шуурга” жүжгийг Александринскийн театрт тавьсан байна. Мейерхольд commedia dell’arte хэлбэрийг өөрийн эхэн үеийн зарим жүжигтээ уламжлалт хэлбэрээр нь тавьсан боловч дараа дараачийн жүжгүүд болох Александр Блокийн “Яармаг дээрх мухлаг”, “Сайхан хатагтай” зэрэгт пост-симболист хэв маягтай нэгтгэж өгсөн байдаг.

Мейерхольд Доктор Дапертутто хэмээх нэрээр хошин шогийн жижиг театрууд, кабаре бар зэрэгт пантомим үзүүлдэг байсан юм. Мейерхольд өөрийн авъяаслаг найруулгаа бусад урлагийн хүрээнийхэн буюу хөгжмийн зохиолчид, тайзны зураачид, дизайнеруудтай хослуулан өгдөг байсан юм. “Урлагийн ертөнц” хэмээх бүлгэмийн чадварлаг зураачид болох Александр Головин, Леон Бакст, Мстислав Добужынский, Николай Сапунов, Сергей Судейкин нар түүний тайзны зураачдаар ажиллаж байсан юм.

Мейерхольдийн дуурийн найруулга ч гэсэн маш өвөрмөц байсан юм. Тэр Глюк, Вагнер, Муссоргский, Стравинский зэрэг хөгжмийн зохиолчдийн урлагийн бүтээлүүдийг шинэ, өвөрмөц маягаар тавьсан юм. Түүний дууриудад дэлхийд алдартай басс хоолойтон Фёдор Шаляпин нэг бус удаа тоглосон юм.

Оросын сэхээтнүүд, урлагийн салбарын алдартнууд Мейерхольдийн шинэ санаа, шийдлүүдийг маш таатайгаар угтан авсан юм. Гэхдээ Санкт Петербургийн хааны театрын дээд тушаалтнуудад түүний шинэ шийдлүүд тийм ч их таалагддаггүй байлаа.

1917 онд тэр мөн Александринскийн театрт Сухов-Кобылины “Кречинскийн хурим” жүжгийн тавьсан байна. Тэр ондоо Мейерхольд Оросын националист хөгжмийн зохиолч Александр Даргомыжскийн “Чулуун зочин” дуурийг, оросын их найрагч Михайл Лермонтовын “Багт наадам” жүжгийг, Сухово-Кобылины “Хэтэвч” жүжгийг, Оросын хөгжмийн зохиолч Николай Римский-Корсаковын “Цасан цагаахан” дуурийг тус тус тавьсан байна.

1917 оны хувьсгал Мейерхольд болон бусад олон авангард уран бүтээлчдэд эхлээд сайхан санагдаж байлаа. Тэд дээдсийн тогтсон нэг хэв маягтай урлагийн хажуугаар өөрсдийн шинэлэг бүтээлүүдээ чөлөөтэй толилуулах боломжтой боллоо гэж бодоцгоож байсан юм.

Мейерхольд өөрөө Социал Демократ (сүүлд Коммунист гэх болсон) намд 1918 онд элссэн байна. Энэ нь үнэхээр эрсдэлтэй алхам байсан юм. 1918 онд тэр Александр Толстойн “Талхчин Пётр” жүжгийг Александринскийн театрт тавьсан байна. Харин Оросын алдарт хөгжмийн зохиолч Игор Стравинксийн “Галт шувуу” балетийг тэр энэ онд Марийнскийн театрт тавьсан билээ.

Большевикууд засгийн эрхийг гартаа авсан үеийн хамгийн анхны мэргэжлийн жүжгүүдийг Всеволод Мейерхольд л тавьж байсан юм. Үүний нэг нь 1918 онд Петроград хотын Хөгжмийн Драмын Театрт Владимир Маяковскийн “Нууцлаг-Буффе” жүжиг байсан юм.

Үүний дараахан болшевикчуудын эсрэг Цагаантны арми Мейерхольдийг баривчилж хорьсон байна. Шоронд байхдаа тэр туберкулоз буюу уушигны хатгалгаа өвчтэй болжээ.

1919-1930

Түүнийг Улаан армийнхан сулласан бөгөөд Москвад очин суурьшсан байна. 1920 онд тэр Боловсролын Ардын Коммиссариатын театрын хэсгийн даргаар томилогдсон байна.

Мейерхольд РСФСР анхны театраа нээж бүрдүүлээд 1920 онд “Өглөө”, 1921 онд “Нууцлаг буффе” жүжгийн хоёр дахь хувилбарыг тоглосон билээ. Үүнийг нь тэр үед Ленины эхнэр Н. Крупскаяа “Правда” сонинд маш хурцаар шүүмжилсэн тул эцэст энэхүү театрыг хаажээ.

Мейерхольд 1922 оноос эхлэн алдарт конструктивист болон продуктивист жүжгүүдээ тавьж эхэлсэн билээ. 1923 оноос эхлэн Мейерхольд өөрийн жүжигчдийн баг болох “Всеволод Мейерхольдийн театр”-аа Москвад бүрдүүлсэн байна. Тэр энэхүү багтайгаа дараагийн 16 жил хамтран ажилласан билээ. Ихэнх жүжигдчийг Мейерхольд өөрөө бэлдсэн байна. Ийнхүү бэлдэхдээ өөрийн алдарт арга барил биомеханикийн системээ ашиглаж байсан билээ.

Тэр сонгодог болон шинэ жүжгүүдийг өвөрмөц тавилттайгаар найруулж эхэлжээ. Эдгээр жүжгүүдийн дотроос нилээн алдартай байсан жүжгүүд нь гэвэл Кроммелинкийн “Сайхан сэтгэлт эр нөхрөө хуурагч” (1922), Сухово-Кобылины “Тарелкины үхэл” (1923), Николай Эрдманы “Мандат” (1923), Николай Гоголийн “Үхмэл албатууд” (1926), Владимир Маяковскийн “Бясаа” (1929) зэрэг орох юм.

Мейерхольд Островскийн “Ой” жүжгийг 1924 онд гурван хэмжээст дизайнтай тайзан дээр анх удаа тавьж байсан юм. Тэрээр мөн Островскийн “Ашигтай шуудан”, Файкогийн “Льюл нуур” хэмээх жүжгүүдийг Хувьсгалчдын театрт тавьсан билээ. Эдгээрийг коммунист намын дээд албан тушаалтнууд үнэхээр муу хүлээн авчээ. Тэд түүний энэхүү жүжгүүдийг реалист тодорхой байдлаар дутмаг, улс төрийн ямар ч агуулга байхгүй гэж шүүмжилсэн байна.

1930-аад оны дунд үеэс Мейерхольд өөрийн жүжгээ зөвхөн Орост биш гадаадаар аялан тоглолтоор үзүүлэх болжээ. Герман, Францаар аялахдаа тэд Файкогийн “Бубус багш“, Эрдманы “Мандат”, Грибоедовийн “Ухааны дайсан” хэмээх жүжгүүдийг тавьсан юм. Харин түүний жүжгүүдийг гадаадынхан халуунаар талархан угтаж байлаа. Нэн ялангуяа Францад түүний жүжгийг маш олон хүмүүс үзэж байсан юм.

Эдгээр цуврал жүжгүүдийн хамгийн алдартай нь Гоголийн “Засгийн газрын байцаагч” байсан юм. Энэ жүжиг нь маш нарийн философийн болон сүйрлийн фантасмагориасыг буюу нэг ёсондоо том хувь нэмрийг 20-р зууны Европын театрын урлагт оруулж өгсөн юм. Энэ нь яг л хорьдугаар зууны Европын уран зурагт Пикассо, Далигийн зураг адил, хөгжмийн ертөнцөд Шостакович, Бриттений хөгжим адил, утга зохиолын ертөнцөд Кафка, Манны зохиолууд шиг том нөлөө үзүүлж чадсан юм.

Хэдийгээр Третъяковын “Би хүүхэдтэй болмоор байна” хэмээх жүжгийнх нь авангард тавилтыг тоглогдохын хориглосон ч Мейерхольд жүжгүүдээ өөрийн жүжгийн багийнхантайгаа хамт бэлдсээр л байсан юм.

Всеволод Мейерхольдийн биомеханикийн систем нь жүжигчдийн тайзан дээр хэрхэн үйл хөдлөлөө удирдах систем гэдэг ч үүнийг хэдийгээр бүрэн олон нийтээр хүлээн зөвшөөрөгдөөгүй ч дэлхий нийтийн театрын систем гэж үздэг. Алексей Александрович Гвоздев Мейерхольдийн биомеханикийн системийг “драматург, тайз, жүжигчин, үзэгчдийн хоорондын харилцан холбоо хэмээн тайлбарласан байдаг.”

Мейерхольд Маяковскийн “Бясаа” (1929), “Усанд орох газар” жүжгүүдийг амжилттай тавьсан юм. Тэр бас Яков Протаназовын конструктивист стилийн кино “Цагаан бүргэд” (1928) –эд жүжигчий хувиар тоглосон юм.

1929 онд Мейерхольд Москвад хоёр дахь эхнэр Зинайда Райх болон түүний дагавар хүүхдүүдийн хамт хамгийн сүүлийн байрандаа орсон юм. Одоо энэ байр нь Мейерхольдийн дурсгалын музей болон үлджээ.

Зинайда Райх өмнө нь Оросын аугаа яруу найрагч Сергей Есенины гэргий байсан ба Всеволод Мейерхольдтой гэрлэхдээ Константин Есенин болон Татъяана Есенина хэмээх хоёр хүүхэдтэй байжээ. Тэр хоёрыг Мейерхольд өргөж аван маш сайн ханддаг байжээ. Всеволод Мейерхольд нь хувийн зан араншингийн хувьд маш дөлгөөн, тайван хүн байсан юм.

Тэдэн дээр тэр үеийн маш алдартай хүмүүс зочилдог байлаа. Жишээ нь Дмитрий Шостакович, Андре Малро, Илия Эренбург, Всеволод Иванов, Пётр Кончаловксий нар нилээн их ирдэг байлаа.

Сүүлчийн он жилүүд

Мейерхольд хяхаж хавчигдаж байх энэ цаг үедээ сэтгэлээ ихэд унаж байсан нь бий ч тэрээр нэгэн томоохон төсөл эхлүүлж чадсан юм. Энэ нь цоо шинэ театр байсан юм. Энэ нь гурван хэмжээст орон зайга гаргаж өгсөн олон тайзтай, техникийн хувьд хамгийн сүүлийн үеийн, худалдааны захын эрч хүчтэй байдлыг үүсгэж чадах тийм театрыг байгуулахыг тэр хүсэж байсан юм. Театр хэдийгээр баригдаж эхэлсэн ч барьж дуусгаагүй юм.

1930-аад оны дунд гэхэд Мейерхольдийн хачин шийдэлтэй тавилттай жүжгүүдийг дээд албан тушаалтнууд шүүмжлэх болж түүний театрт жүжгээ тавих эрхийг 1938 онд бүрэн хорьсон байна. Мейерхольд нь Сергей Эйзенштейн зэрэг шинийг санаачлагч авъяаслаг уран бүтээлчдэд урам зориг өгсөн юм. Эйзенштейний кинонуудад Мейерхольдийн жүжгийн багийн жүжигчид тоглодог байсан юм. Түүний Стачка буюу Цохилт кинонд Болшевикийн хувьсгалын эхлэлийг үзүүлдэг билээ. Кинонд хөрөнгөтнүүдийг үргэлж бүдүүн, архинд дуртай, идэж уусан, тамхи татсан байдлаар дүрсэлдэг юм.

Мейерхольдийн арга барил социалист реализмтай хүчтэй эсрэгцэж байсан юм. 1930-аад эхэн үеэс эхлэн Сталин бүх авангард болон экспериментал (туршилтын буюу өвөрмөц) жүжгүүдийг хориглосон юм. Түүний жүжгүүдийг антагонистик (утга учиргүй) гэж дүгнэн Зөвлөлтийн ард түмэнд хор хөнөөлтэй гэсэн байна. Мейерхольдийн Театрыг 1938 оны нэгдүгээр сард хаасан юм.

Одоо Станиславксий болон Немирович-Данченкогийн Хөгжмийн Театр гэсэн нэртэй болсон тэр үеийн Станиславксийн театрт Станиславксий өөрөө түүнийг урьж жүжиг найруулах боломжийг олгосон юм. Мейерхольдийн театр хаагдсанаас хойш Зинайда Райх Сталинд захиа бичиж байсан билээ. Станиславский 1938 оны наймдугаар сард нас барж Мейерхольд тэнд дуурь найруулахад бэлдэж байсан ч 1939 оны зургадугаар сарын 20-нд түүнийг баривчилжээ.

Мөн Зинайда Райхыг социалист реалист урлагийг гутаан доромжилсон, Мейерхольдийг дэмжиж өмгөөлсөн хэмээн буруутгасан ч баривчлаагүй юм. Түүний гэрт хэд хэдэн удаа нэгжлэг хийж байжээ. Зинайда Райх нэгжлэг хийх болгонд эсэргүүцдэг байсан ба Сталинд хандан дахин захиа бичихдээ нэгжлэг хийгч хүмүүс солиорсон юм шиг байна хэмээн гомдолложээ.

1939 оны долдугаар сарын 15-нд түүний Мейерхольдийн гэрт үл таних хүмүүс нэвтрэн орж ирээд усанд ороод байсан Зинайда Райхыг гарч ирэх даруйд том хутгаар цээжинд нь 17 удаа хутгалан амийг нь хөнөөсөн байна.

1939 оны төгсгөлд шоронд хоригдож буй Всеволод Мейерхольдийг тамлан зовоож түүнийг Японы болон Британийн тагнуул гэсэн хэрэг хүлээлгэхийг оролдсон байна. Үүнийгээ тэрээр Вячеслав Молотовт бичсэн захиандаа дурдсан байдаг:

“Байцаагчид надад хүч хэрэглэж эхэллээ. Би 65 настай хөгшин өвгөн шүү дээ. Намайг хүйтэн шалан дээр нүцгэн доош нь харуулан хэвтүүлж бүдүүн ташуур, элдэв зүйлсээр намайг ороолгож байна. Үүний дараачийн хэд хоногт миний хөлний улаар цус тунаж явж чадахгүйд хүрлээ. Гэсэн ч тэд намайг өрөвдөлгүй дахин дахин намайг зодож цус тунасан шархнууд дотор маань ус буцалж байгаа мэт санагдах боллоо. Өвчнөө би ам зуун тэсэж чадахгүйд хүрлээ. Би орилж, уйлж байна.” 1940 оны 1 сарын 13

Түүнийг 1940 оны 2 сарын 1-нд буудан хороох ял тулгасан бөгөөд ялыг гүцэтгэсэн өдөр нь тодорхой бус байдаг. Зарим нэг гэрчүүдийн ярьж байгаагаар түүнийг 2 сарын 2-нд буудан хороосон байна.

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s