Хаяа тэлэх анхны алхам

Эдүгээ хүртэлх дэлхийн улс гүрэн бүр ашиг сонирхлоосоо болж бусадтай дайтах уу? Эсвэл найрамдах уу гэдэг асуултанд өөр өөрийнхөө эрх ашгийн үүднээс хариулж ирсэн юм. Түүхээс үзэхүйд, найрамдахаасаа илүү дайтах замыг сонгож байсан нь их зонхи. Тэр тусмаа XIII-XIY зуунд шүү дээ. Цаг үе бол түүхийн дуран авай болой.

Чингис хаан монгол угсааны олон жижиг ханлиг, аймгуудыг нэгтгэн захирч их Монгол хэмээх улсыг Төв Азийн цээжинд үүсгэн байгуулсан тухай өмнөх хоёрдугаар ботид өгүүлсэн бөлгөө. Энэ улс цаашид улам улам хөгжин дээшлэх үү, эсвэл төгс хийгээд бууран доройтох уу гэдэг нь улс орныхоо хил хязгаарыг тэлж, өрсөн ирэх аюулаас хэрхэн хамгаалахаас шууд шалтгаалах байлаа.

Чингис хааны оюун бодолд эртний өст Алтан улс байн байн орж ирж байсан ч хөрж зэргэлдээ улсууд Их Монгол улсад хэрхэн хандах нь вэ? гэдгийг хүлээцтэй харж, болгоож байсан юм. Энэ үед Их Монгол улс Умарт Алтан улс, Си-Ся хэмээх Тангууд улс, Хар-Хидан улс улмаар Хорезм буюу Сартаул улстай хиллэж байв. Түүхэн нөхцөл байдлын эрхээр шинэ тулгар улсын эзэн хаан цэрэг зэвсгээ бэлтгэн базааж, харийн ямар нэгэн өдөөн хатгалгад хатуу хариу өгөхөд бэлэн байв. Чингис хаан их төлөв орон нутгийн шинжтэй бага, сага довтолгооноор цэргийнхээ эрдэм чадлыг шалгадаг байв.

Чингис хааны цэргийнхээ ур чадварыг шалгах анхны бай нь Найманы Буйруг ханыг тойрч бүгсэн Таян ханы хөвүүн Хүчүлэг, Мэргидийн Тогтоа бэхи нар болсон билээ. Чингисийн цэрэг Буйруг ханыг ан агнаж байх үеэр гэнэдүүлэн дайрч алаад, эхнэр хүүхэд, эд агуурс, адуу малыг нь булаан авчээ. Чингис хааны сүр хүч ойр орчимдоо түгэн цуурайтав. Эрчис мөрний орчим, Хүчүлэг, Тогтоа бэхи нар цэргээ засаж байхад их хааны цэрэг гүйцэн очиж хиар цохижээ. Тэдний цэргийн ихэнх нь Эрчих мөрөнд живж үхсэн гэдэг. Хүчүлэг цөөн цэргээ авч Хар Хиданы тийш зүг буруулав. Харин Тогтоа бэхи шархдаж, Кипчак нутагт амь хоргодохоор зугатан оджээ.

Чингис хаан 1207 онд ахмад дүү Зүчийг цэрэглэн илгээж, Сэлэнгэ, Енисэй мөрний ай саваар оршин амьдарч байсан ойн аймгуудыг эрхэндээ оруулав. “Монголын товч түүх” номондоо мэргэн сайх А.Амар:

“Ахмад хөвүүн Зүчид баруун гарын цэргийг авахуулан Тагна уулын нутаг ба Хэмхэмчиг хийгээд Енисэй мөрний ойн аймаг хэмээн алдаршсан олон бага аймгуудыг дагуулан авахуулахаар илгээсэн бөгөөд Зүчийг очиход ойрад аймгийн Хутуга бэхи, өөлд иргэний түмэн өрх иргэнийг авч дагаар ирээд, түүнээс Зүчийг газарчилж Шихид (Шишгэд) хэмээх газар хүрэхэд ойрад, буриад, барга, булгачин, урасуд, хуриган, тува аймгуудын эзэн цөмөөр угтан дагаар ирж, цагаан агт, цагаан шонхор, булга, шилүүс зэргээр бэлэг барив”   хэмээн тэмдэглэжээ.

Зүчи улмаар чинагш довтлон тэр ондоо Киргизийн хил хүрэхэд, тэдний Инал (Янал) хэмээх хоёр тэргүүлэгч нь мөн агт, ангийн үс зэргээр бэлэг барьж, Чингис хаанд дагаар орохоо илэрхийлсэн байна. Ийнхүү Сибирээс өмнөх болон баруун тийшэх олон аймгийг Чингис хаан өөртөө дагуулснаар шинэ тулгар улсынхаа умард этгээдийн хил хязгаарыг бэхжүүлж чадсан юм.

Нэгэн үед Хар Хиданд харъяалагдан байсан Уйгурын эзэн Идүүд (Итэгүд) элчийн хамт алт, мөнгө, сувд, тана, торго мэт үнэт бэлэг илгээж, “Түшмэл ба их хааны баатар сүрийг олж сонсоод, үүл нүүж нарыг үзсэн, мөсөн хайлж усыг олсон мэт тэсгэлгүй баярлам, үүнээс хойш Хар Хиданы хуучин сайдыг гээж, аймаг олноо авч түшмэл болон дагасугай” хэмээжээ. Чингис хаан хүсэлтийг соёрхон зөвшөөрөхөд 1211 онд Идүүд өөрийн биеэр ирж хааны амгаланг айлтгахад, Аламтун бэхи охиноо түүнд хатан болгон өгчээ. Ураг барилдав. Чингис хаан охиндоо хандаж “Хатагтай хүн гурван эр бий. Анхны эр нь алтан төр, түүний дараахь эр нь ариун нэр буй, түүний дараахь нь авсан эр болой. Алтан төрийг хатуужиж дарваас ариун нэр болно. Ариун нэрийг бэхэлбээс авсан эр ангид үл болно” хэмээн сургасан аж.

Өдөр ирэх тусам хүчирхэгжиж байсан Чингис хаан урьд өмнө (1205) Хэрэйдийн ноёдын бүгүүлж байсны улмаас түүний довтолгоонд өртөн, сургамж авч байсан Тангудын Си-Ся улс (Монголчууд Хашин улс ч гэж нэрлэдэг) бидэнд энэ удаа хэрхэн хандах вэ? хэмээн хүлээзнэж байв. Тэгтэл Тангудууд Монголын их хаанд хүндэтгэл үзүүлэх янзгүй тийшээ … Тийм учраас Чингис хаан 1207 онд цэрэг илгээж Алашаньд цөмрөн орж улмаар Валохай (Уйрак) хотыг эзлэн, бэхлэн сууж ойр орчмын нутгийг 1208 оны хавар болтол түйвээж байлаа. Гэвч Монгол цэргүүд тэр нутгийн уур амьсгал, аагим халууныг үл тэсвэрлэн, хоол ундны зохимж тааруугаас болж Си-Ся-г орхин гарчээ.

Чингис хаан Алтан улстай байлдахын өмнө цэрэг хүчээ шалгах зорилгоор 1209 онд Си-Ся улс руу дахин довтлов. Чингис хааны захирсан их цэрэг мөн оны III сард Си-Ся улсын хааны ор залгамжлагчаар толгойлуулсан их цэрэгтэй тулалдаж бут цохижээ. Монголын цэрэг цааш давшсаар Y сард Валохай хотыг эзлэв. Дээрх тулалдаануудад Тангудын цэргийн жанжны туслах Гао-лин-гун, Валохай хотыг хамгаалах цэргийн ангийн дарга Сиби зэрэг Си-Ся улсын цэргийн нэрт зүтгэлтнүүдийг олзолсон байна. Чингис хаан Си-Ся улсын нийслэлийг эзлэхээр цааш хөдөллөө. Тэд Алашань уулын нэгэн хоолой руу дөнгөж ортол Тангуд улсын эзэн хааны угсааны Вэймин-Лин гүний 50 мянган цэрэг отож байгаад байлджээ. Вэймин-Лин гүнийг “Монголын нууц товчоонд” Ашаа хамба гэж тэмдэглэжээ. Монголчууд хүчинд автан өөрийн эрхгүй ухрав. Гэвч Тангудууд Монгол цэргийг араас нь хөөн цохиж ялалтаа бэхжүүлж чадаагүй билээ. Харин Чингис хааны цэрэг хоёр сарын турш амсхийхдээ хүчээ дахин сэлбэж, шинэ тактик боловсруулан ээлжит довтолгооноо хийсэн байна. Тэд цөөн тооны морьт цэргээр Тангудын цэргийн хуаран руу уулгалан дайраад, дийлэгдсэн дүр эсгэж, эргэж зугатав. Өмнөх ялалтдаа мансууран, дахин цохиж ухрааж байгаадаа эрэмшсэн Тангудууд Монгол цэргийг мөрдөн хөөсөөр тэдний урьдчилан бэлтгэсэн “хавх”-анд орж олон жанжин, дарга, цэргээ олзлуулжээ.

Чингис хааны цэрэг тэр чигээрээ давшиж, Тангудын нийслэл Иргай хотыг бүсэлсэн байна. Си-Ся-гийн эзэн хаан Аньцюань хэрэм бэхлэлтийнхээ бат бэхэд найдаж байв. Үнэхээр ч Монголчууд сайхь хэрэм бэхлэлтийг эзэлж авахад арга туршлагаар нэн хомс болохоо ухаарч байлаа. Гэвч Чингис хаан нэгийг бодож, ухаан зарлаа. Хотын ойролцоох Хатан голыг боож, далан байгуулан усан сан хийжээ. Хүрэлцэхүйц ус хуримтлагдмагц даланг сэтлэв. Богино хугацаанд Иргай хот усанд автжээ. Аньцюань хаан Алтан улсад хандаж яаралтай тусламж хүслээ.

Алтан улсын хаан ширээнд дөнгөж суусан Вэй Шао-ванд нэгэн түшмэл:

– Хэрэв Си-Ся мөхвөл, Монголчууд биднийг дайран довтлох нь зайлшгүй. Иймд Си-Ся-тай хамт тэднийг нүүр нүдгүй довтлох нь дээр хэмээн зөвлөлөө. Гэвч Вэй Шао-ван:

– Манай дайснууд бие биеэ довтлоход миний улсад сайн хэрэг. Юунд би зовних билээ гэж үл тоомсорлон Си-Ся улсын гуйлт хүсэлтийг болгоон соёрхсонгүй.

Иргай хотын хэрэм, байшин усанд автан идэгдэж нурж эхлэв. Монголчууд өөрсдөө ч усанд автжээ. Чингис хаан Си-Ся улсын баригдсан түшмэл Э-да хэмээгчийг суллан хааны нь ордон луу илгээж, дагаар орохыг шаарджээ Тэртээ тэргүй амь нь тэнцэж, эвийн хэлэлцээр хийхийг хүсэж байсан Тангудын хаан уухайн тас зөвшөөрөв, Чингис хааны “баруун гар” болж явахаа илэрхийлж, Чагаа нэртэй гүнжээ өгөөд:

Байсан газартаа

Байран нутагладаг

Шавар хотдоо

Шавалдан суудаг

Хүмүүс тул

Хурдан анд

Түргэн хөдөлж чадахгүй

Хурц дайнд

Даруй мордож амжихгүй

Ийм учраас:

Хаан Чингис соёрхвол

Хамаг Тангуд улс

Өндөр дэрсний нөмөрт

Өсгөсөн олон тэмээгээ

Өөрийн гараар нэхсэн

Өрмөг бөс эдээ

Бэлэг болгож өгье

Арга чадвараа сургасан

Анч шонхор шувуудын

Аль сайныг нь өгье гэж өчжээ. Ингэж Си-Ся улс Их Монгол улсын хараат болов.

Академич Ш.Нацагдорж: “Чингис хаан Алтан улстай байлдахын өмнө 1205, 1207, 1209 онуудад Тангудын Ся улсыг довтлон уулгалсан гол зорилго нь нэгд, энэ улсыг эзлэн номхотгож алба авч байх, хоёрт, Алтан улсыг довтлоход түшиц газар болгох гэсэн бололтой” хэмээн тэмдэглэсэн нь бий. Мөн Тангуд, Алтан улс хоёр нэгдэн Их Монгол улсын эсрэг тэмцэх боломжийг алдагдуулжээ. Чингис хааны Тангудтай хийсэн дайн нь хот суурин, боомт бүхий улс оронтой байлдах арга чадварыг Монголчуудад өгсөн болой.

“Хаадын ном” цувралаас: Жигжидийн Болдбаатар “Чингис хаан 2-р боть”

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s