С.Жамъянгарав (1861-1917) – Үзэсгэлэнт эхнэрийн сул шүлэг, Монголын түүхийн жишээ шүлэг

Ханчин хамбо хэмээн алдаршсан буддын шашны сонгодог боловсролтон, утга зохиолын онолч, яруу найрагч, соён гэгээрүүлэгч Сүрэнхорын Жамъянгарав бол хуучин Сайнноён хан аймгийн Дэянжалбо засгийн хошуу, эдүгээгийн Архангай аймгийн Жаргалант сумын нутаг, Асаатын хүрээнд шавилан сууж агсан номын мэргэн багш юм. Тэрбээр төвд хэлээр арван гурван боть зохиолыг бичсэн бөгөөд 1903-1904 онд “Эсруа тэнгэрийн эгшиг дуун” гэдэг утга зохиолын онолын тулгуур бүтээл  нь Төвд, Монголын номын мэргэдэд ихэд үнэлэгдэж Төвдийн далай лам Түвдэнжамц эл бүтээлийг бичсэний учир түүнд “Эрдэнэ мэргэн бандид” гэдэг номын их цолыг хүртээжээ. Жамъянгарав эл бүтээлдээ дорно дахины уран сайхны сэтгэлгээний сонгодог уламжлалыг түшиглэж, монгол яруу найргийн бие даасан, тогтолцоотой онолыг боловсруулсан юм. Жамъянгарав, яруу найргийн онол, урнаар дүрслэх илэрхийлэхийн олон арга зарчмыг тайлбарлахдаа олон зуун бадаг шүлгийг бас өөрөө зохиож тэр номдоо оруулжээ.

Үзэсгэлэнт эхнэрийн сул шүлэг

Үнэн яруу үгийн “бие” нь өгүүлэх утгын амин эрхт

Үзэсгэлэнт сайхан “чимгийн” нүд нь өнцөгдөн харах хурц гох

Үнэн чанарыг “булаалдан хэлэлцэхийн” өнгө намжрыг үзүүлэн бүжиглэгч

Үлгэрлэх чимэхийн “нийт утгын” үзэсгэлэнт эхнэрийг гайхан соёрх!

Дамбарын бэлхүүст баясгалант эхийн биетэй

Замбагын цэцгийн өнгө туяат хацартай

Бямбын уруул, сувдын эрихэн шүдтэй

Замбын газрын шижир алтан чимэгтэй

Хувь хүрээ огоот төгссөн залуу саран охин чи

Хун галууны явдлаар сэтгэлийн цөөрөмд хөвж

Хулс зэгсний найгалзах баясгалангийн цэцэрлэгийг мөшөөлгөж

Хурам  агшнаа амаржуулан жаргаахын бүжиг наадмаар цэнгэлд

Баялаг хүслийн элч-хөхөөн яруухан дуунд

Баясаж шимийг баригч-залуу модон нохилно

Балт цэцгэнд согтогч-зөгийн цэнгэл наадамд

Балчгийн уснаас төрөгч-лянхуа шимээ хүртээнэ.

Монголын түүхийн жишээ шүлэг

Амраг нөхрөөс хагацсан Алунгоо хатан

Амгалан нойрны зүүдэнд тэнгэр лүгээ наадан цэнгэж

Алжаал тайлахын сацуу хөвгүүн нэгэн олдсон нь

Анхан төрсөн цагаас баатар цэцэн Бодончир

Тэр цагт монгол орны хааны төр тогтоод

Тийн эрхшээл хүчний цог учрал дэлгэрснээр

Тэнгэрээс заяат хүчний хүрдээр орчуулагч их хаан

Тэмүүжин Чингис хэмээн алдаршсан, гайхамшигт нэгэн төрвөө

Эзэн хаан Та цагийн эцэс дэх амьтны тус амгалан хийгээд

Энэ ялгуусны шашныг, өнө үүрд тэтгэн дэлгэрүүлэхийн тулд

Их хэндэгт арван хоёр хааны омог сүрийг булаагаад

Эрдэнэ баригч-дэлхийн эн уудамд эрхийг авсан нь зохистой бус уу

Гагц тэнгэр эцэг та нас бие идэр дэлгэрийн цагтаа

Газрын их Хэрлэн мөрний захад оронгын их тугаа хатгаж

Гайхамшиг машид гарсан хасбуу тамгыг гартаа авснаас хойш

Гавъяа алдрын нэгэн насаар чанадсын байлдаанд сайтар ялсан

Их эзэн өөрийн орныг тэтгэсээр амгалангийн цог илт өндөрт гарсан ч

Эцэс хойно уйтгарлаж магад гарахын санаа ахуйд эзлэгдээд

Эрэгцэн хурах шадар нөхөд сэлтдээ Төвдийн шашны түүхийг өгүүлсэнд

Их хөмсөгт эх нь найгалзан баясаад, шүдний эрихсээ яралзуулан үзүүлэв.

* * *

Номч сэцэн Хубилай хаан, зүрхний хүчин ихийн тул

Ном хийгээд цааз ёсыг сайтар хичээж дэлгэрүүлэн үйлдэв

Ноттой бус, Монголын баатрууд, Төвдийн шашны цаазыг даасангүй

Номын ёсыг ч, төрийн хуулийг ч хулгайлж хөнөөхөд хичээсэн нь сэжиглэлтэй

Хурмастын хүчит их хааны заларч ирснээс ч болсон бус

Хувилгааны хүчит их баатрын чадал хүчнээс ч болсон бус

Хубилай сэцэн хаан таны шашин төрийг тэтгэснээр

Хувьт амьтны амар жаргал, нас буян баясгалангийн цогийг олов.

* * *

Хоёр хэлийг өгүүлэгчийн эрхэт Чойжи-Одсэр тэргүүтэн

Хор Монголын үгсийг нотлон буулгаад зарлиг номыг орчуулахын цагт

Хоёр нүдээ өнцөгдөн хөдөлгөөд, номын үгсийг яруухан дуудаж

Хосгүй тунгалаг мишээл тодруулан гэгээнээ нээсэн Хөлөг хаан.

* * *

Эртний Хятадын их гүрнийг, машид сүрээр даран бөхийлгөгч

Эзэн хаан Тогоонтөмөрийг, түшмэл албадтай нь гэсгээн цээрлүүлэхээр

Эзлэгдсэн цагаас сэмээр бэлтгэсэн цэргийн чуулганыг гэнэт босгож

Их хамаг улсыг дүүргэн алах мэсийг огторгуй тулцуулав.

Тэр мэтийн дайралт довтолгооноос, аль амраар гаталж гараад

Тэмдэгтэйеэ хаан, хөвгүүн, хатан, түшмэл сэлтээр цэрэгт нэхэгдэвч

Тэрхүү замд нь хасбуу тамгын ормыг агуулсан мөрөн хөлдөж

Тэгүүтгэрэл үгүй өөрийн газраа үзээд, төр улсыг тэтгэн суув.

* * *

Элбэг хааны гоо хатан, элдэв бачит уран аргаар

Эсэн тайшийг архиар  согтоож исэр орон дээр унагаж орхиод

Эр нөхөртөө очихын зуур нүүрээ шалбачин үсээ задчиж

“Энэ надтай цэнгэхийг хүсэвч, эс дагасанд маажив” хэмээв

Гайхамшиг гоо, цог төгөлдөр Харгучаг ноёны хатан тэрбээр

Галт мэсээр хатгалдан тэмцэлдсэн хүмүүний цуснаа юунд хутгалдав

Гайт шулмын хуурмаг явдлаар нөхөр юүгий нь хөнөөж алсан

Гайхал мунхаг Элбэг хааны хатан ингэхэд яаж болов!

Машид байлдаар хүрч очсон Агбарчи жонон, Ойрадын өнгө идээнд ханамгайлж

“Манд хэрэвхийеэ хаан төрийг өгье хэмээн амлах аваас

Машид хэзээд ах хааныг ч алж болно” хэмээн өчсөн нь

Магад их жонон бус, марал илжгэн мэт ичгүүртэйн дээр сац инээдэмтэй.

* * *

Батмөнх даян хааныг нялхын цагт хатан нь болоод

Бас ч залбирч хүссэн сац ихэр хосоор найман хөвгүүнийг төрүүлээд

Байгуулсан их төрийг тэтгэхэд хаан түүнээс ч нэн сэцэн

Баатар бөгөөд санаснаа бүтээгч энэ бүсгүй, аяа гайхамшиг!

Дөрвөн Ойрадыг нэрийн төдий үлдээхийн тулд хатан тэрбээр

Дүү хааны өвчилдсөн өврөөс, зүсээн хувирган үсээн садруулан босоод

Дөрөө жийн байлдаар мордож, цэргийн чуулган олныг хөдөлгөөд

Дөлөрсөн төмөр мэт, баатар бүхний нь амин зүрхийг чичрүүлэв

Тэр мэт хатан Мандухай Ойрадыг эрхэндээ оруулаад

Тэд бүгдийн явдал үйлийг цаазаар гэсгээн цээрлүүлэв

Тэрхүү “хааны цаазанд хэн биширсэн, хэн бөхийсөн түүнийг

Тэтгэж хайрлахаас бус, хорлохгүй алахгүй” хэмээн зар тархаав.

Монголын уран зохиолын дээжис (Улаанбаатар 1995 он)

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s