Н.Данзанванжил (1854-1907) – Гүнгийн зуугийн гэгээний алтан судар

«Гүнгийн зуугийн гэгээн» гэж алдаршсан эрдэмтэн хувилгаан, шүлэгч Намжилдоржийн Ишданзанванжил нь Цахар аймгийн хөвөөт цагаан хошууны Дүүрэн овоогийн хүн юм. Тэрбээр зүлэг уран зохиолын талаар «Гүнгийн зуугийн гэгээний алтан сургаал», «Галын шастир» зэрэг олон зохиол сургаалийг монгол, төвд хэлээр бичсэний дээр тэжээхүй ухааны талаар «Сувдын унжлага», «Шүрийн унжлага», «Эрдэнийн унжлага» хэмээх эм эмнэлгийн гурван зүйл номыг төвд хэлээр зохиожээ.

Нэгдүгээр бүлэг

Авралын орон бүгд нэгэн дээр хурсан

Ач төгс лам1 минь зүрхэн дор орш

Адаг миний адхаг шунал будангуйг арилган

Асралт сургаал үгсийг хурц болгон адисла

Ишданзанванжил гэдэг Гүнгийн зуугийн2 шаврон3 би

Илэрхийеэ эрдэм үгүй биедэн гуниглаж

Илүүшиг яриг4 үгсийг сургаал болгон бичээд

Илтгэж тархаах ямар муухай солион

Осол үгүй ламын адис бага болох бэрх буй

Олиг үгүй миний оюун мэргэн болох бэрх буй

Онол үгүй энэ цагт тус болох бэрх буй

Ов үгүй амьтанд сургаал болох бэрх буй

Завшуулан авсан нь дээдсийн таалал

Зангуурч5 хэлэх нь миний мэтсийн хөвсөргө

Засарч суух нь доордсын авъяас

Загатнан бичиглэх сэтгэл маш хөөрхий

Галын өнгө улаан ч утаа нь харавтар

Гарах сургаал тустай ч үгс нь дайрал

Ган төмөр хатуу ч галын дотор уяхан

Гарш6 тэнэг головч оюутан дор одамж

Авал гээл хоёроор болхи миний чанарыг

Аймаг хавь бүгдээр мэдсээр тулд

Ам мэдэн чалчсугай бурхан тэнгэр мэдэг ээ!

Асар мэргэд, их ноёд ангид шиг болтугай

Данзанванжил дарваглах7 нь даанч баахан хэт байна

Даяар баахан бодож байж больсон ер дээр байна

Далдалсан гэмийн чанар баахан их бололтой

Давхар давхар алдагдвал хайран хэрэг биш үү?

Шар хүрэн торго дурдам савсан навсан явагч

Шаврон хүмүүний ёс номлол тийм агсан бус аа?

Шалиг шунал баатар шиг өнгө хөвсөр бологч

Шашин төр хоёуланд харш бузар бус уу?

Ширээнд залахуйд гэгээн багшийн дүртэй

Шилдэг морь унахуйд наймаа панзын янзтай

Шилбэлзэн загнахуй нь зусар зулбин байдалтай

Шинэ цагийн бурхан гэдэг ийм агсан ажгуу

Ховор номлол хэлэх нь их номчийн үгтэй

Хонины мах идэхүй нь чоно нохойн шуналтай

Худалдаа наймаа дээр хятад мэт явагч

Хожимдоо найман тамын мөнх сав бус уу?

Гаслант орчлонгийн мөнх бусыг умартан

Ганц нэгэн биедээ зуун орон бэлдэн

Гайхуулан элдэв эдийг дэлгэн шунан явагч

Газар үгүй буянаа барах багш биш үү?

Ариун буян амьтны сүсэг цагаан хишгийг

Алт мөнгө, шүр номин, будаг хивс болгоод

Агсам багш алсдаа алдагдах бус уу?

Эрт цагийн мэргэд бүхэн чилүүрийг эдэлж

Энэтхэг ба Төвдийг удирдан атал

Элмэг багш жууз тэрэг хөвөн хурга эдлэгч

Энэ харин танихуйд хялбар хэрэг биш үү?

Хурим найрын хувь бүлэг суудал дор тэргүүлэн

Хурал буян гарлага дор хожид хомс болсхийн

Хувилгааны чанар хэрэг үндсээ бузарлан

Худал чанар илэрсэн мунхаг дүр бус уу?

Төвшин бат шагшаабадын8 суртал бүхнийг султган

Төлгө бэлгэ, худал хуумгай арга мэх зааж

Түмэн түмнийг төөрүүлэх ашиг хонжил болгогч

Түүхий багшийн боловсрол хайш яаш болмуй

Арван цагаан буянаар амаа дүүргэн

Арван хар нүглээр зүрхээ сагсайлган

Арван зүгийн амьтныг удирдана хэмээгээд

Арван зүгийн бурхны өмнө юугаа хэлнэм

Муу биеийн чанар гэмийг тоочсон дашрам

Манлай их дээдсээр дайрагдах хаана

Манай мэтийн зарим нэгэн өгдөхүйд9 хүрвэл

Магад тэнэг Данзанванжил миний мунхаг болтугай.

Хоёрдугаар бүлэг

Түгээмлийн эзэн богд Манжушир хаан бээр

Түмэн түмэн боолоо асрахын тулд

Төвшин бат, хурц чанга хууль ёсон зохион

Түгээж тархаасан ач маш гайхамшиг

Чуулган ба хошууныг нэгнээр эзлэн

Чанд хүнд хишгээр өрнүүлэн шагнаж

Чадал хүчин олгосон түмэн их ач дор

Чин үнэн зүтгэвээс гавъяатай элбэрэл

Аливаа ёс журам түмэн түмэн бүгд

Ачлах, асрах, арвилах гурав бээр

Амьтныг хөгжүүлж тэнхрүүлсэн тулд

Анхааралт их ноёд тольдолтой оньс мөн

Хөндөлдөх, ховдоглох, шунамгай гурваар

Хөлийн тамир барагдаж гараар мөлхмүй

Хөнгөмсөг, амгалан, ариухан гурваар

Хүмүүн олныг эзлэх их хүмүүний эрдэм мөн

Эрэмшлэл, тачаангуй, басамжлал гурав бээр

Эрдэнээ илжгээр арилжиж унамуй

Энэрэх, найрамдах, ичингүүр гурваар

Эрхэм ихс хүндрэхийн заяаны онол мөн

Сурталгүй, сүсэггүй, нөхөргүй гурваар

Сохор нүд тэмтэрч, баасан дор бялбамуй

Сургамжтай, зөвшөөмөөр, бишрэлтэй гурваар

Сод ихс дэлгэрэхийн авъяасын охь мөн

Эрдэмгүй, журамгүй, сэрэмжгүй гурваар

Эмнэг үхэр эцэстээ аминдаа харшмуй

Эевэргүү, оновчтой, хичээнгүй гурваар

Эгүүрд жаргалант ихэс авах сургаал мөн

Байз байз, их гэдэг нэр зэрэг юу билээ

Баатарлан бархирдаг чадал хүчин юу билээ

Баян өргөн дэлгэрдэг хишиг олз юу билээ

Балба хэмх захирдаг эрх тушаал юу билээ

Шүр номин, хөх цагаан зэргэ жинсийг үзвэл

Шинжлэлтэй, түвшин мэргэн бат төрийг барилтай

Шунал өндөр, ховдог их тааллыг үзвэл

Шийдэм зэвсэг бэлдээд бэрх замыг хэрэлтэй

Баясгалан голшиг уран эевэрүүг үзвэл

Балай ард уясах цэцэн мэргэн бололтой

Бавналдан бархирах мунайд занг үзвэл

Бага шуналын хурц сум тархинд тусалтай

Баян өргөн хишиг арвин сангийн байдлыг үзвэл

Буурайг тэтгэвч хүрэлцэх аястай

Бачимдах, харгислах, хомголзохыг үзвэл

Бадарчлан хэсэвч өлбөрөхийн төлөвтэй

Яам данг10 бэлтгэж сүрдүүлэхийг үзвэл

Ялтныг умалж хашраах аястай

Ялим үгүй хэрэг дээр занчихаа бардвал

Ядаг эмийн чанараар их төлөв алдмуй

Тамга ба тэмдгээ эзлэхийг үзвэл

Таван зуун хэргийг ч нэгэн дор ялгалтай

Тал найр, өнгө мөнгө, самуурлыг дагавал

Таван хэргийг ч таслах тамир үгүй зөнөмүй

Хошууны түшмэдээ бүртгэхийг үзвэл

Хурц журам найралдаж төрийн ёс төвлөлтэй

Хочлолдон эвдрэхийн шалтгаан дор хүрвэл

Гутамшигт зовлонг бүгдээр хүртмүй

Зөвлөлдөх хэрэг нь нэгэн цагийн төдийг

Зөнөглөж арвилж нэгэн сар болохул

Зүдрэх гачигдах, бачимдах сэтгэлийн

Зөхрөлийн11 шаазгай өдөр бүр тоншмуй

Гадаад монгол төрийн үнэн цагаан боолыг

Ганц биеийн өмч мэт эндүүрэл болгоод

Гасалгах, бүрэлгэх, мөлжихүйд шунагч

Гамшиг онол тэнгэрт цаазтай бус уу?

Эгэл боол хүндлэхийн ёс их байтал

Эрхэм ихэс асрахуйн журам бага гутамшиг

Эзэн төрийн хишгээр дэлгэрч байтал

Үүрд мөлжихүйг хичээгч гутамшиг

Үнэг ба хургаар илчигнэж агсаар

Үгүй боол чичрэхийг мэдэхгүй гутамшиг

Үзэм чихэр, мах гурил бэлжүүлэн11 агсаар

Өлөн боол өлбөрөхийг мэдэхгүй гутамшиг

Яллах занчихуйд зориг чанга агсаар

Яс мах тасрахыг мэдэхгүй гутамшиг

Янз сайхан тэрэг морь хэрэглэж агсаар

Ядуу боол ядрахыг бодохгүй гутамшиг

Хавилдсан хатад охид дотуур шиг агсаар

Харъяат түшмэдээ гадуурлах гутамшиг

Хадамсах төрхөмсөхийн журам хүнд агсаар

Хамаат төрөл садан хөнгөн болох гутамшиг

Хүнд бие алмайдаж мэдэл алдан агсаар

Хөнгөн хатан аж алба эзэрхэх гутамшиг

Хөлбөрөх хөнгөрөх өдөр удан агсаар

Хүмүүний журам алдарвал маш бэрх хайрхан

Ам мэдэн чалчсаар хэтрэхүйд хүрвэл

Алга хамтатгаж наманчилан залбиръя

Уурлаж ирвэл буруугаан хүлээе

Ажиш үгүй тархвал инээж сууя.

Гуравдугаар бүлэг

Эртний цагаан буянаар хүмүүний биеийг олсон

Өдрийн од мэт чухаг хэмээн номлосныг сонсвоос

Эрдэнээс үлэмжид эрхэм сонин биеийг ч

Эвдрэх маш хялбар хэмээн номлосныг мэдэв үү?

Учирсан бие юүгээ эрхэм чухаг эрдмийг

Онолгүй галзууран согтууран явж

Унтах ба идэхээр нөгцөөх болбоос

Оюун үгүй адгуустай ялгавар юун буй.

Нэгэн цагийн нот үгүй мөн бусын жамыг

Нягт сайхан номлолоор онох бэрх хэмээвч

Нүдээр ил үзэн мэдэх үгүй болбоос

Нэгмөсөн үхэгсдийн хүүр болсон бус уу?

Эртийн нөхцөл юунаар ийм төрөл олсон

Эдүгээ дор юунаар ийм хүмүүн болоод

Эцэстээ юугаар ийм үр хутаг олохыг

Эргэцүүлэн санаваас сая хүмүүн хэмээмүй

Эцэг эх , үр болохын барилдлага бүрдэн

Үүсгэсэн учир нь бага бусын дээр

Үүртэх зовлонгоор хэвлийд өргөн

Үүдсэн ач нь юунаас гармуй

Цагаан сүүг хөхүүлэн тамираа барж

Цамц ширдэг, бие бүхүйг бялбавч баясан

Цагийн нэвт, энэрэхийн элгэн дор тэврэн

Цариун13 эр болгосныг хэний ач хэмээмүй

Унтах ба идэхийг зоригоор хөнгөлөн

Ус галын аюулаас амь зүтгэн сахиж

Усгалаар бүүвэйлж урнаар дуудан

Улбай14 хүмүүн болгосныг ээжийн ач хэмээмүй

Эх үр хоёулыг амь хамт энэрэн

Эндэгдлийг арилгаж асралыг бүртгэн

Үүртэн явах ба зовохуйд зүтгэгч

Эрхэм бүрийг төгсгөдөг аавын ач бус уу?

Аав ээжийн ач хүчин ийм ил байтал

Адаг цагийн амьтныг ажиглаж үзвээс

Асрах тахимдах, ачлах байтугай

Адлах муулах, зүхэх нь олон буй

Элгэний илчинд нь эрхэлж өсөөд

Эрийн тамир бадарч, зүрх нь хөвсийж

Эрхлэх төлөөснөө хорсуулж үйлдэн

Эрэлхэх үхэр тэргүүн эврээ сэртмүй

Эцэг эх үр юүгээ хүмүүн болохыг сэлбэж

Үүн түүнийг цуглуулан элдвээр чармайж

Эмс охид богтолж хурим баяр үйлдэн

Эрхэм журам хүлээж хэдэн сар болохул

Ээжийн цагаан сүүний чанар, ховор хомс санагдан

Эндэгдлийн шөл ус булгилж буцлан

Эндүүрэл шунахайрал улмаар дэгдэж

Эцэг эхийн буйд далд амар хэмээн хэлэлцмүй

Харин бас мэдэл чадал булаалдан эзэрхэн

Хайран журмыг сөнүүлэн, хэдэн жилийн дотор

Хавир үтэр хачлалдан, хайч аргал цохилж

Хагацалдан салалцахын түмэн ёрыг үзмүй

Салалцах санаан дор саруул шиг боловч

Сайхан журмыг сарниулахул тэнгэр үл ивээн

Сайхь үйлийн боловсрол толгой дор шургаж

Сандрах зүдэхүйн доройтол дор тулгамуй

Эмс охид хэлбээс цорволзож инээн

Элдвээр зөвийг олгон, эе журам нийлэлцэн

Эцэг эх хэлбээс мушгилзаж уурлан

Энэ зөнөг, тэр мунхаг чалчицгаав хэмээмүй

Тамтаг бүлх, шингэн хүйтнийг өвгөдөд гаргаж

Тарган, тос чихэр, боорцгийг биес нь эдлээд

Тахимдуу ачлахыг үл мэдэх зөнөтөгүүд

Тагтавч15 санааг нь муу хэмээн хэлэлцмүй

Үрийн бие өвдөхүл эх ихэс зовнин

Үтэр тусыг эгээрч лам эмч уримуй

Өтлөгсөд өвдөхүл нас нас хэмээлдэн

Үхэхийг бэлтгэж, арвилахыг сэтгэмүй

Ачтаныг үхэхүл буян номын зүйлүүдийг

Арвилж хармалж ёсыг төдий орлоод

Ач хүчин хариулах сэтгэл үгүй бирдэд

Ариун хишиг тогтоох бурхан тэнгэр үгүй ээ!

Түшиг үгүй бие нь элдвээр гачигдан

Дүрс үгүй зоригоор дур мэдэн далбилан

Дүрэм үгүй нөхөр замын эндэгдлээр дүүргэн

Төвшин үгүй хүмүүн болж орхигдох хайран

Айлын хүмүүн зөвийг өгч эзлэх нэгэн зүйл

Аав ээж ах ихэс буруу болох хоёр зүйл

Алмай бие мэдэл алдан, боол болох гурван зүйл

Амь бие дүүжилж явахаас үхсэн нь ч дээр

Багш ламын сургаал үг утга үгүй яриг байна

Балчин чалчин хэлэх нь даанч муухай шалиг байна

Басагдаж гологдвол Данзанванжил юу байна

Баллах ч арга үгүй, тэнэг ил гарчээ.

Дөрөвдүгээр бүлэг

Аав ээж бологчид бээр үр хүүхэд хүсэж

Арай чарай нэгэн хоёрыг үзэхүйд баясан

Аминаас үлэмжид санах ч зөвийн туйл

Асрахын ёсон бүрийг мэдэх бас хэрэгтэй

Анх цаг дор алмайдаж эвдрэх нэгэн зүйл

Алжаалаар мах яс сул болох хоёр зүйл

Асар хурц идээнээр балай болох гурван зүйл

Амаржихын уналтаар бэртэгдэх дөрвөн зүйл

Авам даруй засах ба угаах таван зүйл

Алсаар боох ба цэвэрлэх зургаан зүйл

Алин дээр алдагдвал нэгэн гэм дор хүрмүй

Ач үр хүсэгчид бээр энэ бүрэн чухал

Унтахыг хэмнэвээс сэргэг хөнгөн болох ба

Ундааныг хэмнэвээс судал чанга болох ба

Уйлахыг арилгаваас сэтгэл аугаа болох ба

Усгал нялхын суртал хэмээн олон мэргэд номложээ.

Журам ёсыг хэрэглэвэл чулуу ч эрдэнэ

Жаргалангийн нөхцлийг бүртгэж болмуй

Журам дүрэм алдагдвал үр дайсан болоод

Зарчим үгүй мухар үхэр өвчүүнийг мөргөнө

Цус шингэн, судал хөнгөн таван насны үест

Чанарыг зөвшөөрөн, усгал уран сургалтай

Чадал тамир бадрах арван наснаас дээш

Чанга зориг эхэлж, сургаал үл авмуй

Нэгэн үр ологчид бээр гагц гагц хэмээлдэн

Нэг мөсөн сургахыг цээрлэж агсаар

Нүүр баран цуугих ба зодолдох болохул

Нуух арга барагдаж толгойгоо жанчмуй

Хөвгүүнээ сургал үгүй, элмэг эр болговол

Хүнд үндсийг бузарлаж, төр ёсыг харшмуй

Хүүхнээ сургал үгүй золбин эм болговол

Хүмүүн бүр бузарлаж аймаг улс гутмуй

Зарим нэгэн өнчнийг үл сургамуй хэмээмүй

Зарим нэгэн отгоныг хайрламуй хэмээмүй

Зарим нэгэн өргөмлийг эрхэмнэмүй хэмээмүй

Зарим нэгэн бүгдийг үйл мэдэг хэмээмүй

Түвшин үгүй өнчнөөр нөхөр юүгээ харших

Түвдэл үгүй отгон нь ахсаа түрэх

Дүрс үгүй өргөмлөөр үндэс эвдэх

Дүрэм үгүй бүгдээр хишиг алдар барах

Зарим нэгэн лам болж харын чанар хүсэх

Зарим нэгэн хар болж сул чанар дагах

Зарим нэгэн эм болж олон эр улирах

Зарим нэгэн гэрт суун төрийн бузар дэлгэх

Сургаал үгүй лам хүмүүн, шашин номын эвдэлгэ

Суртал үгүй хар хүмүүн, төр ёсын харшлал

Сувь17 үгүй сул эмс, хүмүүн бүрийн жигшилгэ

Сунжил18 үгүй эм хүмүүн, нөхөр эрийн гутаал

Эе эвийн суртал үгүй хэрцгийгээр өсгөвөл

Эевэрүү нөхөр үгүй, нэгэн нас гутмуй

Эргэлзэх тал өнгийн журам үгүй сургавал

Эгнэгт орц үгүй, гарзаар хомсдомуй

Аж ахуй арвитгах суртал үгүй өсгөвөл

Аавын хишиг барагдаж, дутал зовол үзмүй

Алиг шалиг хожид хойш залихайгаар сургавал

Алмай амар явсаар хэрэг бүхэн устмуй

Үсэг эрдэм сургал үгүй, эгэл балай болговол

Үзэл үгүй сохор мэт гагц хүчин зармуй

Үргэлжид эрдэм ном дор боловсрох болбол

Өвөр бусад алин дор ч тус буян түгмүй

Багш багш хэмээлдэж, сүсэг эе нийлэлцэн

Бага бага хүүхдээ шавь болгон тушаан

Бас бас халамжлан сургахуй дор хүрвэл

Байя байя хэмээлцдэг эцэг эх шулмас мөн

Шашин номын хэрэг дээр гайхуулан эзэрхэн

Шавь багшийн тангаргийг шуудаар эвдээд

Шалиг балиг явдал дор зоригоо тавьж

Шар бус, хар бус малын золиг болгомуй

Гэр малыг эзэрхэх балай мэдэлд бардаж

Гэзэгт хөвгүүнээ хөгжүүлэн магтаж

Хичээнгүй бичиг эрдэм хэрэгсэх үгүйгээр

Хэтрээд эцэг эхийн эзэн болохыг үзэв үү

Бардаагаар эвсрэгч ядуу ба гуйланч

Буурайгаар бачлагч хулгай ба худалч

Баатарлан хүчирхэгч хазгай ба тахир

Бага дээр сүвэгчлэл сулдсан шалтгаан

Аав ээж болоогүй тоймог багш болохул

Ач үр хайрлахыг мэдэх үгүй чалчиж

Арван үг бичиглэсэн сэтгэл харш болбол

Алдал нь миний болж цаасан дор болсугай

Хар хүмүүн эм авах ёс бүхүйн дотор

Хамгийн дээр жолоодон журамлах хэрэгтэй

Хайр шунал хэтрээд, ёс журам алдвал

Хамаг биеийн буурал ч түүнээс гармуй

Эр хүмүүн эзэлдэг ёс учир байтал

Энэ цаг дор эзлэгдэн аймших олон буй

Эрхэм бие хүсэлдээ автаж явагчид

Өмдөө толгойд өмссөн хэрэг мөн

Аав ээж эрхэм болгон гэрийн эзэн гэхүл

Асар мэргэн бас түвшин янзтай шиг агсаар

Авъяасын чагтагаар дугтрагдан сөгдөж

Айлын хүмүүний зарц болох хайран бие биш үү?

Учирсан нөхөр лүгээ эвтэй журам байвч

Учрыг сонгомжлон тэнцүүлж хяналтай

Улмаар мэдэл авч, тустай шиг агсаар

Улгум боол18 мэдэл үгүй, хүмүүний элэг болмуй

Хэвлэл19 үгүй эе найрал, ёс журам эвдмүй

Хэмлэл үгүй тачаангуйд бие яс хохирмуй

Хэрэг үгүй шунал дур, нэр алдар барна

Хээ үгүй нүүр сэтгэл хүмүүний чанар дуусгамуй.

Монголын уран зохиолын дээжис (Улаанбаатар 1995 он)

1-Төвдөөр багш гэсэн үг

2-Ордосын зүүн гарын дунд хошуунд байсан сүм

3-»Өлмийн өмнө» гэсэн утгатай гэгээн хувилгаан хүний цол нэр

4-Илүү нуршаа яриа гэсэн үг

5-Загнах омоглох гэсэн үг

6-Харш буюу саад тотгор гэсэн үг

7-Маяглах, намбалах гэсэн утгатай үг

8-Ёс зарчим, сахилга санваар гэсэн үг

9-Дааригдах, оногдох гэсэн үг

10-Хуучны албан газар буюу хэрэг зарга шийтгэх танхим

11-Цөхрөх гэсэн ордос аялгууны үг

13-Чамбай гэсэн үг

14-Бузгай гэсэн үг

15-Тамирдан муудаж, хүчирдэн доройтсон гэсэн үг

17-Сурталгүй гэсэн үг

18-Улбагар дорой

19-Хэвийн бус.

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s