Хүрээлэн буй орчны гоо зүй ба байгалийг таашаах загварууд

Гоо зүй бол хүний мэдрэхүйд гадаад обьектийн үүтгэх таашаалтай мэдрэмжийн асуудлыг бодрох философийн талбар юм. Бид дан ганц урлагийг биш байгалийг тэр чигт нь мэдэрч таашаал авах нь бий. Хүрээлэн буй орчны гоо зүй нь биднийг тойрон буй байгаль болон хүний бүтээн байгуулалтаас хүртэх гоо зүйн таашаалыг судалдаг билээ.

Хүмүүс байгалийн гоо үзэмжийг бахдсаар хэвээр хувьсан өнөөг хүрсэн. Дэлхий даяар тархсан Homo sapiens sapiens-ийн байгалийн гоо үзэмжийн талаарх ойлголт бараг адилавтар байдаг. Хүн төрөлхтөн үүсэж хөгжсөн Африкийн саваннатай төстэй тогтоцийг илүү дээдлэх нь элбэг байдаг. Гол горхи, ой мод, цэцэг ногоо алагласан байгалийн тогтоц нь бүр ч хүмүүсийн таашаалыг төрүүлнэ. Идэш тэжээл баялаг орчны бүхий л шинжийг агуулсан болохоор тэр. Бүр Арктикийн тойргийн Эскимосчууд хүртэл энэ маягийн байгалийг илүүд үздэг нь батлагдсан.

Гэвч ямар ч хүн байгалийн сүр хүчийг бүр илүү бахдан биширдэг. Хүн амьдрах бараг боломжгүй, тун аюултай хирнээ сүрлэг гайхалтай байгалийг бид яахин шагшина? Өөрсдөд нь аюул учруулаагүй тохиолдолд хүмүүс аюултай зүйл рүү тэмүүлдэг нь жам юм.

Байгалийг мэдрэх, улмаар гоо зүйн таашаал хүртэх хамгийн тохиромжтой арга ажиллагааны тухайд хүрээлэн буй орчны гоо зүйн салбарт байгалийг мэдрэх обьект загвар, ландшафт загвар гэж бий. Обьект загвар нь байгалийг 3 хэмжээст баримал адил мэдэрч, үнэлж дүгнэхийн нэр бол ландшафт загвар нь байгалийн үзэмжийг ландшафт зураг адил мэдэрч, үнэлэхийн нэр юм.

Харин байгалийн хүрээлэн буй орчны загвар нь урлагийн бүтээлийг хүмүүс мэдэрч, үнэлж хүндэлдэгтэй адил байгалийг зөвхөн байгаль, хүрээлэн буй орчин гэдэг талаас нь үнэлэх учиртай загвар билээ. Бид байгалийг хэн нэг хүний бодож олсон зүйлтэй (урлаг) харьцуулах нь хадуу дулимаг хэрэг юм. Мөн энэ загвар нь байгаль дээрх обьектуудыг судалснаар байгалийг илүү үнэн зөв үнэлж, мэдрэх загвар.

Өөрөөр хэлбэл байгалийн шинжлэх ухаанч загвар юм. Байгаль эхийн гоо сайхныг бүрэн дүүрэн мэдрэхийн тулд байгалийг судалж мэдэх шаардлага зайлшгүй тулгарч таарна. Учир юунд хэмээвээс бид ямар нэг урлагийн бүтээлийг бүрэн дүүрэн мэдрэхийн тулд түүхэн урьдач нөхцлүүдийг нь мэдэх хэрэгтэй болдог. Жишээ нь кубист зургаас тохиромжит таашаалыг авч, зөв үнэлж дүгнэхийн тулд кубизм хэмээх ойлголт, барууны урлагийн түүхийн зах зухаас мэддэг байх шаардлагатай. Бүрэн гүнзгий мэдэж байвал тухайн урлагийн бүтээлээс авах таашаал улам л нэмэгдэж таарна. Сайн бүтээлийг маруухнуудаас нь ялгаж салгана.

Байгалийг мэдрэх дөрөвдөгч загвар бол харилцан үйлчлэлийн загвар юм. Энэ загварт байгалиас олон мэдрэхүйн тусламжтайгаар мэдрэмж авах талыг илүү дөвийлгөж өгдөг. Энэ загвар нь уламжлалт дихотоми болох обьект, субьектийн ойлголтыг халж зөвхөн байгальдаа өөрийгөө уусгаж, байгальтайгаа “нэг болох” зорилгыг агуулдаг.

Кино, фото зураг, цаашлаад уран зураг байгалийн гоо сайхныг мэдрэхэд түлхэц өгдөг энэ явдал нь үнэндээ байгалийг буруу гоо зүйн шалгуураар буюу хүмүүсийн хиймэл, хийсвэр гоо зүйн шаардлагаар байгалийн гоо үзэсгэлэнг дүгнэхэд хүргэдэг юм. Уран зураг, кино, фото бүгд ямар нэг хязгаарлагдмал жаазаар байгалийг хардаг бөгөөд бид байгалийг тэгж мэдэрч яахин болно. Кино нь хэдий байгалийг мэдрэхэд фото, уран зургаас илүү бодит амьдралтай ойрмогхон мэт боловч асар олон мэдрэхүйн өгөгдлөөр дутмаг тул байгалийг хүн хэзээ ч хиймлээр бий болгох боломжгүй. Байгалийг бид сайхан гэж хэлэхдээ байгалиас хэтэрхий дорд урлагийн бүтээлүүдтэй харьцуулсан байх нь элбэг. Энэ бол байгалийг нэг ёсондоо доромжилж байгаа хэрэг юм.

Хиймлээр бий болгоод байгаа “байгаль” хүртэл гоо сайхан байж чадахгүй. Хиймлээр бий болгосон далайн элст эрэг бий. Үүн дээр хичнээн мах цуст хүмүүн дизайныг бодож төлөвлөсөн ч байгалийн экосистемийг бүрэн бүрдүүлж чадахгүй юм. Байгаль дээр урласан ланд артыг ч гэсэн хэсэг хугацааны дараа салхи, ус мэт байгалийн хүчин зүйлүүд баримал урлаж байгаа мэт өөриймшүүлж таарна. Тиймээс байгалийн ямар нэг хүчин зүйлээс ангид байгаль дээрх тогтоцийг бүтээж чадлаа хэмээн батлах нь учир дутмаг юм.

Байгалийн гоо зүйн тогтоц нь хэтэрхий нарийн төвөгтэй тул хүн түүнийг бүрэн дүүрэн дууриаж, амилуулна гэдэг ойрын ирээдүйд боломжгүй зүйл юм. Тиймээс бидний урлаг хүртэл байгалийн өмнө хүчин мөхөсдөнө.

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s