Шүлэгч Лувсандондов (1854-1909)

Шүлэгч Лувсандондов Засагт хан аймгийн Хан Хөхий уулын хошуу-ны ноён Сэдбазарын аягач эмэгтэй Хорлоогийн хүү болон Хөх модон бар жил төржээ. Хошуу ноён Сэдбазар өв залгамжлах үр хүүхэдгүй байсан тул ядуу бүсгүй Хорлоогийн хүүг үрчлэн авсан байна.

Лувсандондов төрөлхийн авъяас билиг сайтай хүүхэд байсан учир бага наснаас Монгол, Манж, Төвд хэл бичигт сайтар суралцаж эрдэм боловсролтой түшмэл болох эх суурийг олж авчээ.

Тэрээр 1876 онд хошуу ноён сууж Халхын өрнө замын зүүн гарын хошууг захирах эрхтэй, Жүн вангийн зэрэг, засаг төрд туслагч гүн болсны дээр 1897 онд Засагт хан аймгийн туслах жанжны тушаалд томилогдсон байжээ. Энэ үеэс хойш олон нийтэд Лу жанжин гүн хэмээн алдарших болсон гэдэг. Олон түмний дотор ам дамжин дэлгэрсэн домог яриа хийгээд судлагчдын бичиж нийтлүүлсэн мэдээ баримтаас үзвэл Лувсандондов бол Манж-Хятадын дарангуйллыг үзэн ядагч, Үндэсний тусгаар тогтнол, улс орныхоо ирээдүйн хөгжил дэвшлийн төлөө санаа тавигч, тухайн үедээ боловсролтой, дэвшилтэт үзэл санаа бүхий нэр төртэй томхон түшмэл байжээ.

Тэрээр улс төр нийгмийн үйл хэрэгт идэвхтэй оролцож байсан төдийгүй, уран бүтээлч, авъяаслаг яруу найрагч хүн байв. Бидэнд мэдэгдэж буй баримтаар Лувсандондов “Хан хөхүйн магтаал” хэмээх найраглал, “Сайвар халтар”, “Эр хүрэн морь”, “Хөхүй маань буга”, “Өндөр хангайн буга”, “Нүүхийн жаргал”, “Билгийн үүд”, “Гурван чухаг”, “Таван эрдэнэ”, “Үсэг бичиг”, “Эрдэм ухааны түлхүүр уугуул бичиг минь”, “Ахуй орчлонгийн аяс”, “Хан сайхан”, “Ухааны ном”, “Мөнх нь үгүй хорвоо”, “Бүсгүй хүний увидас” зэрэг олон сонирхолтой дуу шүлэг бичиж байсны дээр Бадруулт төрийн 26-31 (1900-1905) онд тухайн үед болж байсан сонирхолтой мэдээ баримтыг багтаасан тэмдэглэл хөтөлж байв.

Монголын судлаачид Лувсандондовын намтар, уран бүтээлд холбогдох мэдээ сэлтийг нийтлүүлэх, түүний бичсэн шүлэг найргийг илрүүлэх тал дээр судалж нилээд их зүйлийг хийсээр иржээ. Лувсандондовын дуу шүлэгт юуны өмнө малчин, олон түмний таашаал, сонирхолд нийцэх хүлэг сайн морь, эх нутгийн баялаг, байгалийн гоо үзэмжийг гол төлөв магтан дуулсан байдаг юм. Ийм ч учраас түүний дуу шүлэг зохиол олон түмний сонирхолд гойд нийцэж ам дамжин, бичгийн уламжлалаар өргөн дэлгэрч байжээ.

Шүлэгч Лувсандондовын зохиосон “Сайвар халтар” гэдэг дуу нь Монгол аман бичгийн зохиолд шандас сайт хурдан хүлгээ магтан алдаршуулсан яруу сайхан дуу болно. Зохиогч эл дууныхаа үгийг ардын уртын дууны хэв маягаар, уудам цээл аялгуугаар дуулахад тохирсон өвөрмөц холбоцоор шүлэглэжээ. Шүлгийн мөрний төгсгөлийг ”Гишигдэлтэй, суудалтай, аальтай” гэх мэтээр голцуу задгай үеэр төгсгөсөн нь аялгуулан дуулахад гойд зохилдсон байдлыг бид доорх жишээнээс ажиглаж болно:

“Зээ, дэнж дэнж дээгүүр дэмэлзүүлсэн

Түмэн зүйлийн гишигдэлтэй

Цэн шувуу суудалтай

Цэвэрхэн уран гол шиг аальтай

Чухам чанга гишигдэлтэй

Сайвар халтар морь”

гэж шүлэглэжээ. Түүний бичсэн “Таван эрдэнэ”, “Үсэг бичиг”, “Хятад хятад гэгч”, “Ахуй орчлонгийн аяс” зэрэг шүлэгт зохиогчийн үзэл санаа хурцаар тусаж, 19-р зууны сүүл, 20-р зууны эхэн үеийн Монгол орны нийгмийн олон асуудалд шүүмжлэлтэй хандаж, хүн ардаа соён гэгээрүүлж, мал сүрэг, байгалийн баялгаа эзэн хүний ёсоор хайрлан хамгаалж улс орноо урагш хөгжүүлье гэсэн дэвшилтэт санааг илэрхийлж байлаа.

“Бүсгүй хүний увидас” гэдэг шүлэгтээ ертөнцийн амьдралын үнэн бодит чанар нь шашны сахил санваараас давуутай, түүнийг эвдэх хүчин чадалтай гэсэн санааг эерүүн, хошин аясаар дүрсэлсэн байна. Эр хүний сэтгэлийг эзэмдэх бүсгүй хүний дотоод нандин чанарыг нээж:

“Уужим тэнүүн хорвоо дээр

Увдистай нь бүсгүй хүн юм

Үзтэл бүсгүйн ширтэлтэнд

Судар шагайдаг нүд нь далдирч

Сууц хүрээгээ илт эзгүйдүүлж

Бүсгүй хүний үнэрт мансууран

Бүтэлгүй насандаа гүнээ гэмшинэ”

гэх зэргээр уран чадамгай шүлэглэсэн байна. Зохиогч олон түмнийг бичиг үсгээр соён гэгээрүүлэхийг чухалчилж байсан санаагаа бас “Үсэг бичиг” гэдэг шүлэгтээ тод томруун илэрхийлж:

“Атхаггүй сэтгэлээс үүссэн дуугаа

Ашид чамаар сийлэн урлаж

Ая болгон сонорт хүргэдэг

Мөнх эх нууцат уугуул бичиг мину”

гэх зэргээр үсэг бичгийн тус эрдмийг чухалчлан өгүүлээд төгсгөлд бичиг үсгээ:

“Нар шиг мандаж, нармай түмэнд эрдмийг мэдүүлтүгэй”

гэсэн ерөөл тавьжээ. Лувсандондовын шүлгийн үг хэллэг нь энгийн бөгөөд дүрслэлийн өвөрмөц арга барилтай юм. Зохиогч шүлэг дундаа адилтгал, зүйрлэлийн аргыг үе үе оновчтой хэрэглэсэн жишээг түүний ямар ч шүлэг дуунаас бэлхнээ ажиглаж болно. Тухайлбал “Нүүхийн жаргал” гэдэг шүлэгтээ Хөхүйн нурууны өндөр сүрлэг байдлыг гаргахдаа:

“Түрүүний тэмээний сүүл дор

Дараагийн тэмээний хамар цохиж”

гэх буюу

“Тэнгэрт тулж газраас салсан

Ооны зоо шиг Хөхүйн нуруунаа

Олон албаттайгаа зэрэгцэн амаржиж”

гэж оновчтой бөгөөд урнаар зүйрлэн хэлсэн байна. Ер нь Лувсандондовын шүлгийг уншихад уран сайхны хувьд шинийг эрэлхийлж янз бүрийн хэлбэр маягаар туршин бичиж байсан нь зүй ёсоор анхаарал татдаг байна.

Хан Хөхүйн магтаал

Лувсандондовын шүлэг зохиолоос олон нийтэд өргөн дэлгэрсэн томхон уран бүтээл нь 400 гаруй мөр шүлэг бүхий “Хан Хөхүйн магтаал” гэдэг найраглал юмаа. Зохиолч энэхүү магтаал найраглалаа 1880 оны намар цаг Бүрэн хайрхан уулын оройд гарч 3 өдөр сууж бичсэн гэдэг яриа бий. Найраглалын хэл найруулга нь энгийн агаад Монгол ардын ерөөл магтаалын маягтай, чөлөөт холбоцтой, аялгуулан унших, хайлахад зохилдсон цагаахан шүлэглэлтэй юм.

Зохиомжийн хувьд туульчдын Алтай хайлах магтаалын маягаар жилийн дөрвөн улирлын оцнлог шинжийг илэрхийлэн Хан Хөхүй уулын үзэмж гоо, өгөөмөр баялгийн сайхныг хүн ардын аж амьдрал, зан үйлтэй нягт холбон дүрсэлжээ. Энэ баялаг сайхан хангайд аж төрж буй хүн ардын ахуй байдлыг шүлэглэн дуулсан нь найраглалын утга агуулгыг улам баяжуулжээ. Жишээлбэл, эртний уламжлалт эрийн гурван наадмын тухай бөхийг:

“Баруун зүүн талд алхсан

Бат цагаан олон бөхчүүдийг

Багширтал тавих нь

Гарьд мэт дэвэн дэлж явж

Арслан цагаан цээжээн дэнхэлзүүлэн

Алга зуузайгаа тачигнатал дэлдэж

Авалцан барилцаад

Хүч мэхээн гаргалцаж

Хөсөр орхин хаяж явсаар

Онц нэгэн үзүүрлэгч энэ нь

Бөхийн тэргүүн манлай мөн”

хэмээн шүлэглэсэн байх ба сурчдыг:

“Бас түүний дашрамд

Багын олон харваач нар

Барс цоохор нум

Бат хурдан сумаа харваад ирэхийн цагт

Заяаны мэргэн

Заан цагаан нумандаа

Залуу цагаан сумаан дүрээд

Занан тавихын цагт

Зальхай дайсны толгойг алдалгүй

Тас дайран харвагч энэ нь

Харваачны тэргүүн манлай мөн”

гэж уншигчийн санаа сэтгэлд найр наадмын байдлыг санагдуулам яруу сайхан дүрсэлжээ. Уг найраглалд мал сүргийн тухай:

“Олон түмэн мал нь

Уул талыг бүрхэн түгээд

Буцан эргэн хошуурч

Буйлан, хайлан жингэнэлдэж

Мөөрөн, майлан янцгаалдаж

Мөргөн, харайн гүйлдээд

Сувай бүдүүн нь тонгочиж

Унага даага нь тогололдоод

Усны тунгалагаас ундаж

Өвсний шимтэйгээс идэж

Өнөр баян нэрээ дуурсгагч

Өглөгийн уг болсон

Өлзийтэй таван хошуу мал сүрэг”

гэх мэтээр уншигчдын сэтгэл санаанд буухаар ил тод дүрсэлсэн мөр бадаг олон буй. “Хан хөхүйн магтаал” найраглал нь 19-р зууны үеийн Монгол яруу найргийн түүхэнд зүй ёсоор авч үзэх шилдэг найраглал болсон юм.

Д.Цэрэнсодном – “Монголын уран зохиол – XIII-XX зууны эх” номноос

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s