Ишсамбуу (1847-1896) – Өнчин янзаганы үг

Эрт урьдын үйлийн эрхээр

Эргүү тэнэг адгуусны дотор

Эрхгүй гөрөөсний төрлийг авснаар

Эзэнгүй цөл говьд орогнож

Хамаагүй тэнэж яван явсаар

Хар усыг ууж, хад ууланд оршиж байтал

Хар санаат гөрөөчин бээр

Хажуугаас гэтэж ирэв

Өөр бусдыг алагчлан үйлддэг

Өлссөн хортон гөрөөчин нар

Өөдөлшгүй залуугийн цагаас алахад дадсаны тул

Өндөлзөж гэтсээр ирэв

Өндөр уулын ар хөвчид

Өнгийн гөрөөс элдэв зүйлээр оршиж

Өнөр өтгөн янзагаа дагуулсаар

Өдөр бүр өвс хоолонд гүйтэл

Шинж муутай алаачин гөрөөчин нар

Шилээр нь хэсэн мөлхөж ирээд

Ширэг зүлгэнд явсан гөрөөс биднийг

Ширүүн дуутай буугаар буудав

Энэрэнгүй ээж гөрөөсий нь алсанд

Эрвэлзэж сэргийлсэн янзага нарын

Энхрийлэх ээжээсээ хагацсанаар

Эл ганц өнчин янзага эвий хөөрхий!

Ачтай ээжээ алуулснаас

Аюултай зовлонгоор нэрмэгдээд

Арын ой цэцэрлэгт тэнүүчлэн гүйж

Амиа тэжээхийн эрхээр ядарч зүдэрчээ

Ээжийгээ үгүйлэн уйлснаас

Эргэж үүгээр түүгээр, дэгдэн гүйж эрсэн боловч

Эмгэнэн жихүүрхэмшиж айж явсаар

Элмэрч тэнэн зовжээ

Харанхуй буданд төөрч

Халуун наранд түлэгдээд

Хар батганаар ээрэгдсээр

Хангир жингэр дуугаар майлсан, эвий хөөрхий!

Хайртай ээжийгээсээ хагацсанаар

Ханилах ижилгүй тэнүүчилснээс

Хар шаврыг хөхсөөр

Харангатан ундаасаж, хар нүд нь хөхөрч хөнхийв

Өндөр ууланд явж, уйлж майлан дуудаж

Өвс бага сагыг идсээр

Үзэгдсэн тийш нүдээ эргэлдүүлж эжийгээн харуулдаж хайсаар

Өнчин янзага торжигнон гүйв

Хэдэн хоногоор хэсэж зүдэрснээс

Хэвтээд унтах төдий болсон даруйд

Хэрээ шувууны дуугаар сэрж үйлдээд

Хэнхдэг цээжээ өндийж олонтаа гүйн дэгдсэнд

Дэрс мэт хөл нь солбиод

Дэггэр толгойгоо доош унжуулаад

Дэлдгэр чихээн буулгасаар

Дэмий тэнүүчлэн зүдэрч ядрав

Хоёр нүднээс нь нуух цувж

Хоёр бөөр нь хонхойсноор

Хоолгүй өлсөн уйлж

Хоолой нь хатсан дор

Хөх ногоон навчийг хөхсөөр

Хөрст дэлхий дээр хөлбөрч хэвтсэн

Хөөрхий өнчин янзага эвий хөөрхий!

Эрт урдаас элгэн саданд болсон тулд

Эгүүрд ачтан янзага чи

Энэ удаа ээжээсээ хагацан, ижил ханьгүй боловч

Эцэстээ амгаланг эдлэх болтугай

Эрдэм бүрдсэн Жэдарын хамбын хувилгаан

Эрдэнэ бандид Иш нэрт бээр

Эхгүй өнчин янзагыг өрөвдөж

Энэлсэн дууг ийнхүү аялав.

Монголын уран зохиолын дээжис

Сурталчилгаа

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s