Анчин – Антон Чехов (1860-1904)

Айхтар бүгчим халуун өдрийн үд дунд болж байлаа. Наранд түлэгдэн гандсан өвс ургамал гунигтай цайвар агаад дахин бороо ордог ч юм гэлээ сэргэж ногоорох хөг нь өнгөрсөн бололтой үзэгдэнэ. Ой мод чимээгүй дүнсгэр, өндөр өндөр орой тэргүүнээрээ ямар нэгэн зүйл хараад юмуу хүлээгээд байгаа мэт нэвсийн байжээ.

Улаан өнгийн цамц, ямбатнуудын өмсдөг өмдийг нөхөж өмсөсний дээр том гэгчийн савхин гутал угласан дөчөөд насны хавчгар цээжтэй эр жалга сондуул дундуурх жимээр замаа хэжин явж байлаа. Эндээс баруун тийш нэл ногоорч, зүүн тийш тэнгэрийн хаяа хүртэл боловсорч байгаа хар тариа цэлийн шаргалтжээ…

Энэ хүний царай нь улайн хөлс нь гарсан харагдана. Түүний гоёмсог шаргал үстэй толгой дээр хэн нэгэн өглөгч ноёнтны бэлэг ч байхаа магадгүй морьтой анчдын өмсдөг цагаан малгай тавьсан нь түүнийг улам ч залуу сайхан харагдуулах ажээ.

Агнасан ятуу, хур шувуу тэргүүтнээсээ хэдийнээ хийж амжсан анчны үүргэвч мөрнөөсөө зүүж, хоёр амт буугаа буудахад бэлхэнээр атгаад бут сондуул шиншлэн яваа туранхай, хөгшин нохойгоо үе үе шамдан харна. Эргэн тойрон таг чимээгүй ажээ. Энэ үед ер амьтай бүгд өдрийн халуунаас нуугдан бараа тасарсан байлаа.

Гэтэл – Сайн байна уу, Егор Власыч гэсэн зөөлхөн дуу хажууханд нь гарав. Анчин давхийн хөмсгөө зангидан эргэн тойрноо харлаа. Тэгэхнээ түүний хажууханд газрын гаваас гэнэт гараад ирсэн юм шиг гуч эргэм насны, царай цайвгар нэгэн бүсгүй гартаа жижиг махир хадуур барьчихсан зогсож байв. Бүсгүй анчнаад эгц харахыг эрмэлзэж ичингүйрэн инээмсэглэнэ. Анчин зогсоод бууныхаа оосрыг султган буугаа доошлуулж:

– Хээ энэ чинь Пелагея байх чинь вэ! Чи чинь яагаад энд явж байдаг хэрэг вэ? Гэлээ.

– Манай тосгоны хүүхнүүд энд ирж ажил хийж байгаа юм аа. Би тэдэнтэйгээ ирээд байгаа юм.

– Аа тийм бий хэмээн Егор Власыч хүнгэнэн дуугараад ярихаа больж цааш зугуухан явах маягтай болжээ. Пелагея түүний араас даган алхлав. Лав хориод алхам хиртээ хэн хэн нь дуугарсангүй.

Егор Власычийн гар хуруу, ханхар цээжний нь хэрхэн хөдлөн явааг Пелагея энхрий зөөлнөөр харан явж,

– Егор Власыч минь таны барааг харсангүй мөн удлаа даа. Та манайд мөргөлийн үеэр нэг ирэв дээ. Түүнээс хойш ганц ч уулзсангүй. Мөргөлөөр ирэхдээ ямар удсан биш, та хаанаас санав гэж, сүрхий согтсон байсансан. Хараал тавиад л намайг нэг зодож аваад явчихаагүй юу. Тэр цагаас хойш хараад л байдаг. Хараад л байдаг. Нүдээ хөхөртөл харсан даа. Егор Власыч минь хүний урманд гэрээр шагайгаад гарсан бол доо!

– Танайд очиж би юугаа хийх юм бэ?

– Тэр ч тийм л дээ, юугаа л хийв гэж… гэхд ээ бас амьдрал гэж юм байна… Яаж байна, юу болж байна гээд хараад гарахгүй юу. Та чинь айл өрхийн эзэн билээ. Гэтэл хур буудаж, тэнэхээс өөр юу юм мэдэхгүй. Ээ дээ Егор Власыч минь та бас хачин хүн ээ! Та наанаа нэг суугаад амьсгаа дардаг ч болоосой…

Пелагея ийнхүү ярихдаа ямагт дээш өлийн Егорын нүүр өөд харан, мангар мэт инээж аз жаргалаар дүүрэн байгаагаа илтгэнэ. Егор – Суух ий? хэмээн тоомжиргүйгээр асуугаад, зэрэгцэн ургасан хоёр гацуурын дундах газрыг сонгож олж суугаад – Алив чи өөрөө юу гээд зогсоод байгаа юм бэ, суугаач! гэлээ.

Пелагея нар туссан хэсэгхэн газрыг сонгож суугаад өөрийн тэгтлээ их баярласнаасаа ичиж гараараа амаа дарав. Хэн хэн нь хоёр минут хэртэй дуугарсангүй.

Тэгснээ Пелагея ам нээж:

– Манайхаар ганц удаа ороод гарж болох л байсан даа гэхэд нь Егор санаа алдан:

– Яахым? гэснээ цагаан малгайгаа авч духаа арчаад хэлсэн нь:

– Ирж очоод ямар ч хэрэггүй ээ. Очлоо гэхэд чамд л түвэг удахын нэмэр биз. Тосгонд байнга суугаад би тогтохгүй. Миний зугаа цэнгэлд дуртайг чи мэднэ… Надад дулаахан ор, сайхан цай, санаа нийлсэн нөхдийн яриа байхад л гүйцлээ. Танай тэр ядуу, утаа тортогноос өөр юу ч байхгүй тэр газар чинь би ганц өдөр ч тогтохгүй. Хэрвээ намайг заавал чамтай амьдар гэсэн бурхны зарлиг гарчээ гэхэд би нэг бол оромжоо шатааж таарна. Эсвэл амиа хорлохоос өөр юм байхгүй. Нэгэнт л би хар багаас зугаа цэнгэлээс өөр юм сураагүй хүн одоо болсон хойно өөрчлөгдөнө гэж байхгүй ээ.

– Одоо та хаана байгаа вэ?

– Дмитрий Иваныч ноёныд, ан хийж байна. Ширээгий нь шинэ ангийн шөлөөр дүүргэсэн шиг… Дуртай юм болохоор өөр хаачих вэ?

– Таны ажил этгээд сонин ч юм даа. Хүмүүсийн хувьд таны энэ анг зугаа цэнгэл гэж боддог байх, өөрт чинь бол ч жинхэнэ ажлаас ялгаагүй дэг ээ. Егор тэнгэр өөд мөрөөдөх мэт хараад,

– Тэнэг амьтан чи яаж ойлгох вэ? Би гэдэг ямар хүн болохыг эхнээс нь аваад ойлгоогүй юм чинь, цаашид энэ төрөлдөө ухаан чинь хүрэхгүй. Чиний бодлоор бол би дандаа зугаацсан төөрөлдөж гүйцсэн нэг амьтан, чамаас олигтой нь намайг сайн ойлгодог хүнд бол би нутаг хошуундаа хамгийн сайн ганц анчин нь байхгүй юж. Ноёд дээдэс хүртэл үүнийг маань мэдээд намайг бүүр сэтгүүл энэ тэрд бичиж байгаа юм чинь. Ан авын ажил дээр надтай зэрэгцэх аавын хүү үнэхээр байхгүй шүү. Үүгээрээ би бахархдаггүй ч энэ бүгд зугаа цэнгэл минь болдоггүйсэн бол би юу гэж тосгоны ажлаас цэрвэх юм бэ? Би хар багаасаа буу, анч нохой хоёроос өөр юуг ч мэдэхгүйгээр өссөн. Надаас буугий минь булаахад би загасны дэгээ аваад босно, дэгээгий маань авдаг юм аа гэхэд би нүцгэн гараараа бас ч учраа олчих юм чинь. Морины наймаа хийж, яармаг хэсч явсан хүн ан ав, морь руугаа л гэхээс биш модон анжистай зууралдаж суухгүй гэдгийг чи хүртэл ойлгох байлгүй.

Эрх дураар амьдралд нэгэнт орчихсон хүнийг яаж ч оролдоод тэр замаас нь гаргаж чаддаггүй юм аа. Чам шиг авгай мэт нь үүнийг ойлгохгүй, уг нь ойлгох л хэрэгтэй юмсан.

– Би ойлгож байна аа Егор Власыч.

– Ойлгоогүй ээ ойлгохгүй… Одоо уйлах л гэж байгаа биз?

– Уйлахгүй ээ. Би улахгүй гээд Пелагея түүнээд эргэн харж,

– Юу ч ойлгоогүй гэвэл нүгэл болно Егор Власыч минь. Хэдийгээр өдрийн хугас төдийд өөрөө надтай ямар ч жаргал гэдгийг үзэлгүй амьдарсан боловч… Би таныг эр нөхрөө гээд гэрлэсээр арван хоёр жил болчихжээ. Энэ олон жили бидний дунд хайр сэтгэл гэдэг юм хэзээ ч байсангүй. Би уйлахгүй ээ. Би үгүй… гэв.

– Хайр сэтгэл… Яаж хайрхлаж дурладаг юм. Зүгээр л эхнэр, нөхөр гэсэн нэрнээс цаашгүй, ингэж байж болдог юм уу? Би бол чиний хувьд зүгээр л нэг зэрлэг хүн, чи миний хувьд юу ч ойлгох чадваргүй нэгэн тэнэг авгай. Ийм нөхөр эхнэр гэж байдаг юм уу? Би бол эрх зоргоороо, найр наадам хөөсөн, зугаалж цэнгэсэн хүн, чи бол ажилд дарагдсан, хээ шаагүй, гар амрах цаггүй, хог новшин дотор дасч гүйцсэн амьтан. Би бол ан авныхаа дотор толгой нь, гэтэл түүнийг минь чи ойлгох нь байтугай харамсаад байдаг, би ингэж л боддог юм даа. Тэгэхлээр яаж чи бид хоёр эр эм байж чаддаг юм бэ?

– Егор Власыч минь, та бид хоёр ёсолж суусан эр эм хоёр шүү дээ хэмээгээд Пелагея асгаруулан уйллаа.

– Ёсолсноор болдог юм уу? Яагаад ёслох төрлөх болсноо чи мартсан уу? Сергей Павлович гүндээ л баярлахгүй юү тэгвэл. Би түүнээс илүү сайн бууддаг байсан учраас тэр надад атаархаад үхэх шахдаг байсан юм. Тэгээд намайг бүтэн сар архиар шахаад ухаан алдуулчихгүй юу. Согтуу хүнийг гэрлэлтийн ёслолд байтугай өөр шашинд оруулсан ч болно. Надаас өшөөгөө авах гэхдээ намайг согтууд чамтай гэрлүүлчихсэн юм. Анчин хүнийг тэнэг эмтэй суулгадаг юм гэнэ ээ! Чи намайг үхтлээ согтсоныг харсаар байж надтай суудаг нь юу вэ дээ? Хамжлагын ёсоор батлуулж байгаа биш эсэргүүцэж болох байсан шүү дээ! Ерийн нэг тэнэг эм анчин хүний авгай болно гэдэг сайхан л санагдсан байх, гэхдээ бодох хэрэгтэй байсан шүү дээ. Тэгэхлээр одоо уйлж л байхаас яахав. Гүнтэн инээж чи уйлж байдаг… Хана руу мөргөх л үлдэж дээ.

Дахиад хоёул дув дуугай болцгоов. Энэ үед тэдний дээгүүр гурван зэрлэг нугас нисж яваа харагджээ. Егор тэдгээр шувууд огт буулгүй нисэн ниссээр гурван жижигхэн цэгийн төдий болоод тэртээ ойн цаагуур далд орон ортол харцаараа үдэн зогслоо. Тэгснээ нугаснуудаас нүдээ салгаж Пелагеяг хараад,

– Юугаар амь зууж байна даа чи ? гэж асуув.

– Одоо бол ажилдаа явж байна, өвөл болохоор хүүхэд хүмүүжүүлэх газраас хүүхэд гэртээ авч угжаад тэжээдэг юм. Бүтэн хагас рубль өгдөг дөө.

– Мөөн…

Дахиад дуугүй сууцгаав. Тариа хадсан талбайн зүгээс намуухан дуулах сонсогдоно. Уг нь дуулахад тун ч халуун үе ажээ.

– Таныг Акулинад шинэ байшин барьж өгсөн гэлцэх юм гэж Пелагея ярив.

Егор хариу дуугарсангүй.

– Тэр таны сэтгэлд нийлэх байх аа…

– Хувь заяа нэгэнт иймээс хойш тэсч үз гэж ссунжруулан хэлснээ,

– Яриандаа болоод саатаж орхижээ. Өнөө үдэш би Болтовод очиж дуулж өгөх ёстой юм. Баяртай! гэлээ.

Егор босч, буугаа үүрэв. Пелагея ч гэсэн босжээ.

– Манай тосгоноор хэзээ нэг ирэх бол? Гэж тэр тун зөөлхөн дуугаар асуулаа.

– Яах юм бэ ирж, эрүүлдээ л лав яасан ч очихгүй, согтуу очиж зовоох алийг тэр гэхэв. Согтохоороо ааш минь хувирчих юм аа. За баяртай!

– Баяртай. Егор Власыч!

Егор малгайгаа ар дээрээ хаяад нохойдоо дохио өгөөд замдаа оров. Пелагея огт хөдлөхгүй араас нь ширтээд зогсоод л байлаа. Нуруу цээж нь хэрхэн хөдлөх, залуугаараа тэвхийх шилэн хүзүү, хайнга, хээгүй алхаагий нь харахаас нүдэнд нь гуниг бас уян зөөлөн хайр дүүрээд ирэв. Түүний бие эр нөхрийнхөө туранхай, өндөр бүхий л биеийг багтаан хайрлаж энхрийлсэн хэвээр үлдэв. Үүнийг нь анчин яг мэдсэн шиг зогсоод эргэн харлаа.

Тэр зогсоод юу ч хэлээгүй боловч тэвхгэр мөрөн дээрх нүүрний нь байдлаар түүнд өөрт нь ямар нэгэн юм хэлэх гэсэн байдал нь Пелагеяд илэрхий байлаа. Пелагея түүний араас зүрхгүйхнээр дөхөж очоод энэрэл эрсэн харцаар ширтэн байж,

– Би чамдаа!… хэмээснээ, өөрийн эрхгүй ухаржээ.

Егор түүнд үрчийж хуучирсан нэгтийн рубль авч өгснөө замдаа шуудран алхаж одов.

Пелагея рублийг өөрийн мэдэлгүй аваад,

– Баяртай Егор Власыч! хэмээн зогсоно.

Анчин шув шулуухан, маш алсын эгээ л сунгаж татсан зэл мэт холыг зорьсон замаар явж байв. Бүсгүйн царай цонхийж, байгаа газраасаа өчүүхэн ч хөдлөлгүйгээр хөшөө баримал мэт зогсон анчны алхам бүрийг ширтсээр байлаа. Тэгсээр сүүлдээ түүний нь өмссөн улаан цамц нь өмдний нь өнгөнөөс ялгарахаа больж, алхаа нь мэдэгдэхээ байгаад нохой гутал хоёр нь нэг юм шиг болж ирэв.

Зөвхөн малгай нь л үзэгдэж байтал Егор гэнэт баруун тийшээ эргэн, малгай нь их ойн ногоон өнгөнд уусан харагдахаа болилоо.

– Баяртай, Егор Власыч! гэж Пелагея шивэгнээд цагаан малгайгий нь нэг удаа ч болсон харчих санаатай өлмий дээрээ өндийн зогслоо.

орчуулсан Д. Цоодол

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s