Южин О’Нил (1888-1953) – Хайлаас дорх хүсэл тачаал (Гуравдугаар бүлэг)

ГУРАВДУГААР БҮЛЭГ

НЭГДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ

Жил өнгөрчээ. Хаврын сүүлчийн долоо хоног. Хоёрдугаар давхарын унтлагын өрөөнүүдэд лаа асаалттай бүүдгэр гэрэлтэй харагдана. Эбин өрөөнийхөө тасалгаанд орон дээрээ бөгтийн эрүүгээ тулан сууна. Ээдрээтэй, шаналгаатай бодол түүнийг эзэмджээ. Гал тогооны өрөөнөөс дуулдах согтуу хүмүүсийн яриа, инээд, хөгжим түүнийг цухалдуулна. Тэр дүнсийн шал руу гөлийнө. Хажуугийн өрөөний зэрэгцээ хоёр орны дэргэд хүүхдийн дүүжин ор байна.

Гал тогооны өрөөнд найр найдам ид дундаа үргэлжилж, хананы дагуу тавцант урт түшлэгтэй сандалууд дээр фермийн эзэд, эхнэрүүд нь мөн тосгоны охид, хөвгүүд шахцалдан сууж чанга чанга ярилцан хөхрөлдөнө. Бүжиглэхэд зориулан ширээг зайчилж зай гаргажээ. Тайзны гүнд хаалганы хажууд байх торхны дэргэд Кэбот халамцуухан зогсож, очсон хүн болгонд архи аягална. Тэнд байгсад Кэбот руу дохин, бие биенээ нудран дооглож, ёжлон үг хаяна. Зүүн буланд Абби алчуур нөмрөн адгийн сандал дээр сууна. Царай нь цонхийж цайгаад, хаалганаас нүд салгахгүй хэн нэгнийг хүлээх аж. Баруун буланд мулгуу царайтай, гулжийсан өндөр залуу хийл хөгжим хөглөж байна. Түүний өнгөгүй нүд нь тасралтгүй цавчиж, хорсолтой инээд нүүдэн нь тодрох аж.

Абби – /хажуудаа суугаа бүсгүйд/ Эбин хаачаа вэ?

Бүсгүй – /шоглонгуй/ Хатагтай Кэбот би яаж мэдэх вэ? Бараг зуун жил тэрнийг харсангүй /учиртай/ Таныг энд ирснээс хойш ер гэрээс гарахаас больсон гээ биз дээ?

Абби – /бодлогошронгуй/ Тиймээ, тийм. Би эх нь болсон юм.

Бүсгүй – Тийм гэж улс ярьж байсан шүү, хатагтай Кэбот /эргэн дэргэдсуугаа эхийнхээ чихэнд юм шивнэнэ/

Абби – /хэсэг дуугүй сууснаа, нөгөө талд суугаа эрэгтэйд хандан/ Та Эбинийг хараагүй биз?

Эрэгтэй – /нүүр нь мэнчийн/ Үгүй, хараагүй /ирмэн/ Эбинийг танаас өөр хэн мэдэх вэ дээ.

Абби – Энэ тосгонд тэр чинь шалгарсан бүжигчин, ирж бүжиглэмээр юм даа.

Эрэгтэй – /нүдээ ирмэн/ Хүүхэд бүүвэйлж байгаа юм болов уу? Хүү биз дээ, хэд хонож байна вэ?

Абби – /алмайран дохиж/ Хоёр долоо хоногтой, зураг шиг хөөрхөн шүү.

Эрэгтэй – Эхчүүд бүр өөрийнхөө зулбадасыг хамгийн хөөрхөн гэдэг хойно доо. /түүнийг нудран шоолонгуй шивнэнэ/ Хөөе Абби, Эбинээс уйдахаараа намайг санаарай, хөөш дуулав уу, битгий мартаарай. /түүнийг гөлөрсөн царайг харан, хариу хүлээлгүй согтуугаар үглэн босно/ Ээ, дахиад нэг балгая. /тэрээр Кэбот руу очно. Бүгд ууцгаана/

Абби – /өөртөө мэт/ Эбин хаачаа вэ? Хаашаа алга болчихоо вэ? /хэдийгээр энэ үгийг хэнд ч ханадаагүй аажуухан хэлсэн боловч дэргэд нь суусан улс сонсож, доог тохуу болгон цааш цааш нь дамжуулна. Яван явсаар тэр үг хийлч дээр хүрэв./

Хийлч – /Абби руу хандан тэр холоос/ Абби цаадахын чинь хаана байгааг би мэднэ. Сүмд талархлын мөргөл захиалж байгаа гэсэн. /бүгдээрээ хөхрөлдөнө/

Эрэгтэй – Ямар учраас өргөл мөргөл болж байгаа юм бэ, олигтойхон шиг хэлээдэхээч /бүгдээрээ инээлдсээр байна/

Хийлч – Тэгэлгүй яахав. /хүмүүст инээх боломж олгохын тулд түдгэлзэн/ Эбин дүүтэй болсон юм чинь. /нирхийтэл инээлдэнэ. Тэд нэг Абби, нэг Кэботыг харна. Кэбот хэдийгээр хаалганы дэргэд зогсож фермертэй маргалдаж байгаад юу хэлснийг нь сонсоогүй боловч нэг л биш гэдгийг сэжиглэнэ. Түүнийг гал тогооны өрөөнд орж ирэхэд тэр даруй нам болно./

Кэбот – Та нар чинь сүрэг хонь шиг юундаа майлалдаад байгаа юм бэ? Би та нарыг идэж, ууж, бүжиглэж нарги гэж урьсан тэгээд наргиач дээ чөтгөр аваг гэж. Тэгэхэд та нар ам хамраа олохгүй идэж уучихаад наргиж цэнгэхийн оронд халамцуу тахиа шиг орилолдоод байхдаа яадаг юм бэ? /бүгд дургүйцэх боловч Кэботын уур хилэнгээс цэрэвцгээнэ/

Хийлч – /залжин/ Бид Эбинийг хүлээж байна.  /бүгд инээлдэнэ/

Кэбот – /хөөрч баяссанаа нуулгүй/ Эбинээр яах юм бэ, тэр чинь өнгөрсөн. Би хүүтэй болсон. Хүүтэй! /тэр согтуу байна. Согтуу хүн болгоны нэг адил түүний ааш зан гэнэт өөрчлөгдөнө/ Эбинийг доромжлохыг би тэвчихгүй, дуулж байна уу? Хэдийгээр тэр тэнэг амьтан боловч, мах цусны минь тасархай. Та нар тэрэнтэй дүйтлээ хол хэвтэнэ. Тэр чинь өдөржингөө надтай эн зэрэгцэн ажилладаг юм. Та нарын хэнийг ч гөвшчихөж дөнгөнө шүү.

Хийлч – Шөнө муугүй ажилладаг гэсэн биз дээ? /инээлдэнэ/

Кэбот – Тэнэг гахайнууд минь шоолцгоож л бай. Хөгжимчин чи үнэн хэллээ. Тэр над шиг хэрэгтэй л бол өдөр шөнөгүй ажиллана

Хөгшин фермер – /хөл дээрээ арайхийн тогтон, үнэнээсээ/ Эфрайм, чамтай эн зэрэгцэх нэг ч хүн байхгүй. 76-тай хүүхэдтэй болно гэдэг. Би 68-тай тийм юм бодох сөхөөч алга.

Кэбот – /хөгшин фермерийг алгадан/ Харамсалтай байна. Харахад ийм ануухан байж ийм сул дорой байх гэж…

Хөгшин фермер – Эфрай, чамайг би тийм чадал тэнхээтэй гэж бодсонгүй. /инээлдэнэ/

Кэбот – /царайгаа даруй барайлган/ Надад чадал тэнхээ их байна, та нар мэдэхгүй байна. /хийлчид/ Чи юу гэж мануухай шиг зогсоод байгаа юм бэ? Бид чинь найран дээр байгаа биз дээ. Бид бүжиглэмээр байна, алив нэг юм тоглооч.

Хийлч – /өвгөн фермерийн өгсөн архийг уучихаад/ Алив эхэлцгээе. /тоглож гарна/ /дөрвөн залуу дөрвөн бүсгүй өөд өөдөөсөө харан зогсоно. Тэд хөгжмийн хэмнэлд бүжиглэх ба хийлч цаг ямагт хөдөлгөөний байрлалын нэрийг хашгачин, бүжиглэгчдийг хошин үгээр даажигнаж байна. Бүгд алга ташин өсгийгөөрөө дэвсэлнэ. Ялангуяа Кэбот их идэвхитэй байна. Гагцхүү Абби л түрүүчийн хэвээр юунд ч оролцохгүй, хаалганаас нүд эс салган сууна/

Джим, наадахаас сайн эргүүлчээ! Уухайдаа бэлхүүснээс нь барь. Сайн бариа, эх нь харахгүй. /инээлдэнэ/ Бушуухан, хүүхнүүд ээ, Эсси ямар байна? Наад бүсгүй чинь улам аятайхан харагдаж байгаа биз дээ? Наадынхаа нүүр нь улайж байгааг хараа. Амьдрал богино, дурлал ч богино гэж хүмүүс ярьдаг. /инээлдэнэ/

Кэбот – /хөлөөрөө дэвслэн/ Алив залуучуудаа үзүүлээд өгөөрэй. Хүүхнүүдээ битгийн хоцроорой.

Хийлч – /хүмүүст нүд ирмэн/ Эфрайм, чам шиг 76-тай хүн ийм чийрэг байхыг насандаа үзсэнгүй. Гэм нь нүд нь жаахан гудайчихсан. /Кэботыг хариу хэлэх завдал өгөлгүй/ Променад! Сара чи чинь сүйт хархүүдээ хаягдчихсан юм шиг яачихаа вэ? Толгой дээгүүр, сэргэлэн байгаач! Та над Джонна Кукаг хар л даа, хөлөө шидэж гарч байгааг нь, маргааш яаж ажилд гарна даа. /инээлдэнэ/

Кэбот – Ахиад, ахиад, олигтойхон шиг бүжиглээч! Тэслэгүй бүжиглэгчдийн дунд орж тэднийг хөөж түлхэнэ/ Алив холдоцгоо, надад зай гарга. Яаж бүжиглэдэгийг би үзүүлээд өгье! Та нар чинь үхсэн элээ шиг, ингэж бүжиглэдэг юм уу? /бүгд холдон хана руу зогсож Кэботыг зэмлэнгүй харцгаана/

Хийлч – /даажигнан дуурайж/ Алив Эфрайм, эдэнд үзүүлээд өг! /хөгжимдөнө/ /Кэбот бүжиглэж гарна. Сэргэлэн хөгжилтэй, сайн бүжиглэх ба дараа нь өөрөө зохион үсэрч, харайж, өсгийгөөрэй довшин элдэв янз үзүүлж, гоё ганганаар тойрон алхана. Их биеэрээ нугаран тонгойсноо цэхлэн босч. Сармагчин шиг дээшээ цоройн, индианчуудын дайнч бүжгийг дүрслэн давхиж хашгаачна/

Кэбот – Х-оч! Харцгаа! Харцгаа! 76-тай ямар байнав. Хөгшин залуу та нарыг хэн нь ч намайг дийлэхгүй. Та нар харцгаа. Би зуу наслана, тэгээд та нарыг уриад л байна. Даанч та нар бүгдээрээ мажийчих юм чинь. Сул биетэнгүүд! Х-оч! энэ тойрогтоо л би жинхэнэ эр хүн! Та нарыг  төрөөгүй байхад би индианчуудыг намнаж, хуйхыг нь хуулж явлаа. Х-оч! намайг бүхэл бүтэн омог хөөж, тэдний сум далны минь хооронд онилж явсан юм. Одоо ч нуруунд минь сорви бий, үзүүлж болно шүү. Гэхдээ би тэднээс өшөөгөө авсан. Хорыг хороор, өсийг өсөөр авах нь миний хууль! Х-оч! харцгаа та нар намайг харцгаа! Х-оч!

Хийлч – /тэнхээ алдран хөгжмиөө буулгаж/ За болъё Кэбот, чи ч тэнхээтэй юмаа!

Кэобт – /хангалуун/ Чи бууж өгөв үү? За яахав, чи сайн хөгжимдсөн, май уу? /өөртөө болон хийлчид виски аягална. Тэд ууцгаана. Бусад нь Кэботыг дайсагнан харцгаана. Чимээгүй болов. Хөгжимчин амрах ба, Кэбот торхоо түшин ийш тийш харан ихэд амьсгаадан зогсоно. Дээр байгаа Эбин орноосоо босон, өлмий дээрээ гишгэн өрөөнөөс гарч, хажуугийн унтлагын өрөөнд орно. чимээгүй гэтсээр дүүжин орон дээр унтаж буй хүүхдийг харна. Эбинийг өрөөнд орсноос хойш Абби сандарч мэгдэн, тэсч чадалгүй босч Кэобт руу очно/

Абби – Би дээшээ гарч хүүхдээ харъя

Кэбот – /чин санаанаас сэтгэл тавин/ Би чинь тааруу байна. Би чамд туслах уу?

Абби – Хэрэггүй, хэрэггүй. Би өөрөө, одоохон ирнэ.

Кэбот – Биеэ бодоорой! Чи хүүд маань хэрэгтэй шүү. /инээмсэглэн нурууг нь энхрийлэн алгадна/

Абби – /түүний гар хүрэхэд арзасхийн/ Хэрэггүй дээ, би явлаа. /явна. Кэбот хойноос нь харна. Тэнд байгсад хоорондоо шивнэлдэнэ. Кэботыг эргэж харахад бүгд дуугүй болно/

Кэбот – /амьсгаадсан хэвээр, духнаас нь хөлс урсана/ Толгой эргэж байх шиг, гадаа гарч агаар амьсгалъя. Та нар жүжиглэж, дуул, хөгжимчин чи хөгжимд… энд … /торхтойг алгадан/ архи байна, наргиж цэнгэцгээ. Би удахгүй ирнэ. /хаалга хаан гарна/

Хийлч – /хорон/ Биднийгээ болгоож ирэхгүй байсан ч болно. /биеэ барин инээлдэнэ. Аббиг дуурай/ Эбин хаачаа вэ?  /чанга инээлдэнэ/

Эмэгтэй – /чанга/ Эднийд юу болж байгаа нь тэнэг хүнд ч ойлгомжтой байна. / Абби унтлагын өрөөний үүдээр гарч ирэв. Тэр тэндээ зогсон хайр бишрэл дүүрэн харцаар Эбинийг харан зогсоно. Нөгөөдөх нь түүнийг үл анзаарна/

Эрэгтэй – Чимээгүй, нөгөөдөх чинь хаалганы цаанаас чагнаж байж магадгүй шүү. /Бүгд хуурай навчийг явган шуурга шүүрдэж байгаа юм шиг шивнэлдэнэ. Кэбот довжооноос буун, явган хаалгыг түшин, нүдээ чавчин тэнгэр өөд харна. Абби чимээгүй дөхөн Эбиний дэргэд зогсов/

Эбин – /цочин/ Абби!

Абби – Чимээгүй. /түүнийг тэвэрч үнсээд өлгийтэй хүүхдээ харж/ Хар даа, ямар хөөрхөн гээ, яг л чи гэсэн үг

Эбин – /хангалуун/ Тийм үү? Би ажаагүй юм байна

Абби – Усны дусал шиг ижилхэн байгаа биз дээ.

Эбин – /хөмсгөө атируулан/ Абби энэ бүхэн надад нэг л сэтгэлд нийцэхгүй, миний юм бүхэн тэрнийх байдаг, энүүнийг төгсгөх хэрэгтэй байна.

Абби – /хуруугаа уруулдаа хүргэн/ Эбин хүлээх хэрэгтэй. Тэсвэрлэж, хүлээж үз. Ямар нэгэн юм заавал болно. /түүнийг тэврэн/ За би доошоо явалгүй болохгүй нь.

Эбин – Би гадаа гаръя. Энэ хөгжим инээд наргианыг сонсож байх тэвчээр алга.

Абби – Чи биеэ битгий зовоо л доо хонгор минь. Би чамд хайртай, дуулж байна уу? Хайртай, намайг үнсээч.

Кэбот – /явган хаалганы дэргэд бодолд дарагдан/ Ямар нэгэн юм намайг шаналгаж байна. Сайхан хөгжим ч үүнийг арилгаж чадахгүй юм. Хаа л бол хаа сайгүй дагах юм. Булан тохой бүрт нуугдан, хайлаас модны мөчирт шургалж, байшингийн дээвэр дээгүүр нижигнэж, усны хоолой даган шаагих юм. Хаа сайгүй болохоор нуугдах ч, зугатах ч арга алга даа. Гэртээ ч, олны дунд ч амар заяа үзэхээ байлаа. /санаа алдан/ Явж үнээнүүдтэйгээ яръя, тэдэнтэй л аятай байх юм. /үнээний саравчны зүг ядрангуй алхана/

Хийлч – Нөгөөдөх чинь явчихлаа, одоо бид ёстой наргиж болно. Энэмуу шаарын толгой нь эргэлээ! Энийг ёс төртэй тэмдэглэх хэрэгтэй. /нумаараа хөгжмөө дэлдэнэ. Жинхэнэ замбараагүй наргиа эхлэнэ. Залуус бүжиглэнэ/

 

ХОЁРДУГААР ҮЗЭГДЭЛ

Хагас цаг өнгөрчээ. Эбин явган хаалганы дэргэд зогсон, тэнгэрийг ажиглах ба нүүрэнд нь зовинол тодорно. Кэбот үнээний саравчнаас толгойгоо унжуулан, аажуухан алхсаар буцаж явна. Эбинийг харан ялж дийлсэн хорон инээмсэглэл тодорч, хажуугаар нь нуруу руу нь алгадана. Гал тогооны өрөөнөөс согтуучуудын дуу, инээд, хөгжим сонсогдоно.

Кэбот – Аа, чи энд байгаа юм бий.

Эбин – /зарсхийн, түүн рүү үзэн ядан харснаа, баргар царайлан/ Тийм.

Кэбот – /доогтой/ Чи бүжиглэхгүй яагаав, чамайг сураглаад л байна

Эбин – Сургалж л байг

Кэбот – Тэнд царайлаг охид зөндөө байна

Эбин – Чөтгөр лүүгээ тонилцгоог

Кэбот – Чи гэрлэмээр юм даа

Эбин – Би хэнтэй ч гэрлэхгүй

Кэбот – Солиот минь, энэ эдлэнгийн хагасыг авахгүй юу.

Эбин – /жуумалзан/ Тан шиг үү, би тэгэхгүй

Кэбот – /доогтой/ Чи ямар юмаа яриад байгаа юм бэ? Эхийн чинь төрөл төрөгсөд дээр үед надаас энэ эдлэнг авах гэж их оролдсон доо.

Эбин – Хүмүүс арай өөр юм ярьдаг юм шүү дээ. /дуугүй болсноо зориуд/  Надад санаа зовох юм байхгүй, өөрийн эдлэнтэй юм чинь

Кэбот – /доогтой/ Нууц биш бол тэр чинь хаана байгаа юм бэ?

Эбин – /байшин руу дохин/ Энэ байна

Кэбот – /гэдийн байж хөхрөн/ Ха! Өөрийн эдлэнтэй гэнэ! Үгүй бас гэж сүрхий эр гарах нь

Эбин – /баргар царайлан өөрийгөө эзэмдэж/  Тэгж байтал болох байлгүй

Кэбот – /Эбинийг сэжиглэн харж, юу хэлэх гэж байгаа цаад санааг нь ойлгохыг оролдоно. Зогсоц, итгэлтэй/ Би ч яах вэ үзнэ, чи харин яах бол доо. Чи муу нохойн гөлөг шүү дээ. /Эбин “Ха” гэж ёжтой инээнэ/ Чи юундаа инээгээв? /Эбин хариу эс хэлэн буруу харна. Кэбот шатан/ Бурхан минь, энэ тэнэгийг хараа! Ёстой маанаг амьтан шүү! /Эбиний тоохгүй байгааг харж галзууртлаа уурлан/ Чи голдоо нүхтэй юм бол, нэг сөөм газар, нэг ширхэг чулуу ч чамд оногдохгүй гэдгийг ойлгомоор юм даа. Ялангуяа одоо хүүтэй болсон хойно, энэ эдлэн газар, энэ бүх юм намайг үхсэн хойно тэрүүнд очно. Гэхдээ би зуу наслана, бүр тэгэхээс тэгэх гэж зуу хүрнэ. Тэгэхэд хүү маань чиний насан дээр очсон байна. /Эбин “Ха ха” гэж ёжтой инээхэд өвгөн байж ядталаа уурлана/ Чи бас их зан гарганаа. Биднийг бүгдий нь залгих санаатай юу? Энэ эдлэн хүүгий маань төдийгүй Аббигийн эзэмшилд очно. Чи тэрнийг залгиж дөнгөхгүй байлгүй. Чи тэрнийг эргүүлж, татаж чангааж байсныг намайг мэдэхгүй гэж бодож байна уу? Надад бүгдий нь ярьсан. /зангидсан гараараа сүрдүүлж/ Чи … чи … мунаг амьтан!

Эбин – /өөдөөс нь давшин уурсаж/ Худлаа, хүний үнэргүй амьтан! Абби тэгж ярих ёсгүй.

Кэбот – /Эбиний сэтгэл догдолсныг харан ялан дийлснээр/  Тэгж ярих юм бол гэнээ? Намайг чиний толгойг хагалана, энэ хайлааснаас дүүжилнэ гэхэд Абби “Чиний ажилд хэн туслах юм бэ, энэ чинь ухаангүй хэрэг” гэсэн юм. Бас хүүтэй болъё гэсэн. Тэгэхээр нь би хүү гаргадаг юм бол юу хүссэнийг чинь өгнө гэж амласан. Тэгээд чамайг хөөж явуулаад, нөгөө ертөнцөд явахдаа эдлэн газраа надад өгөөрэй гэж хүссэн. /бах нь ханаж/ Энэ эдлэн газар Аббигийнх, чамд оногдох нэг ширхэг ч мод байхгүй. Одоо чи тэгэхээр их зан гаргаад үз л дээ.

Эбин – /уурлан хорсон, гомдож харамссандаа хөшин, айж сүрдмээр болсноо гэнэт хөхрөн, татганаж эхлэнэ/ Ха ха ха! Тэр хүүхэн тийм юм бодож байгаа юм бий. Би анхнаасаа … таамаглаад байсан юмаа … гэвч би … тэгэхлээр энэ бүхэн хуурамч юм байжээ? /хашгарна/ Намайг залилж байсан байх нь ээ? Би тэрүүнийг ална! /довжоо руу гүйн гарна/

Кэбот – /түүний замыг хаан/ Чи тэрүүнд гар хүрээд үзээрэй!

Эбин – Замаас зайл! /Эбин түүнийг түлхэх гэж оролдовч Кэбот түүний гараас нь зуурна. Хамаг тэнхээгээрээ ноцолдох ба өвгөн Эбинээс хамаагүй тэнхээтэй аж. Өвгөн Эбинийг хана руу шахан, хоолойг нь шахна. Энэ үед довжоон дээр Абби гарч ирнэ/

Абби – /бачимдан хашгарч/ Эбин! Эфрайм! /гүйн ирж Кэботын гараас зуурна/ Эфрайм наадахаа орхи! Чи багалзуурдаж алах нь! / Кэбот гараа тавин Эбинийг хүчтэй хүлхэхэд цаадах нь үсрэн ойчиж, газар хэвтэн арай ийн амсгаадна. Абби хашгаран түүн рүү гүйн очиж, өвдөг дээрээ толгойг нь тавих гэхэд цаадах нь дургүйцнэ./

Кэбот – /ялан дийлснээр/ Абби, битгий ай, би наадахыг чинь цааш нь харуулах гээгүй юм. Энүүнээс болж дүүжлүүлэх тэнэг хүн би биш. Би 76-тай энэ 30 хүрээгүй, тэгээд бас надтай үзэлцэнэ гэнээ. Надтай шүү! Тэгээд хар л даа! Намайг тийм амар дийлэхгүй шүү. /дээш харж/ Өлгийтэй хүүгээ би өөрийн гараар хүмүүжүүлнэ, надтай аль ч талаараа адилхан болно. Харин би одоо явж наргилаа, өнөөдөр миний баярын өдөр. /довжоо руу явснаа, эргэн харж мишээнэ/ Хэрэвзээ наад тэнэг чинь чамайг оролдох гэвэл хашгараарай, гэхдээ зориг нь хүрэхгүй дээ. Бурханы нэрийг барьж андгайлъя. Би наадахыг чинь болгож тавина. /байшин руу орно. Нэг хоромын дараа “Х-оч!” гэж чанга чанга хашгарах нь дуулдана/

Абби – /зөөлөн энхрийлэн/ Эбин … өвдөж байна уу? /үнсэх гэнэ. Эбин хүүхнийг түлхэн толгойгоо өндийлгөн арай хийн сууна/

Эбин – /амьсгаадан/ Зайл, тонил!

Абби – /чихэндээ үл итгэн/ Эбин, би Абби байна. Чи намайг танихгүй байна уу?

Эбин – /түүнийг үзэн ядан харж/ Оо, оо одоо … одоо л чамайг танилаа! /ихэр татан уйлна/

Абби – /айн/ Эбин, юу болоо вэ? Чи яагаад намайг муухай харна вэ?

Эбин – Би чамайг үзэн ядаж байна! Үзэн ядаж байна … муу янхан! Зальтай садар эм!

Абби – /хойш ухран, айсандаа/ Эбин! … Яи юу ярьж байнаа!

Эбин – /хөл дээрээ босон/ Чиний амнаас унасан үг болгон чинь худлаа. Чи цаг ямагт намайг мэхлэж байж, бүр анхнаасаа шүү. Тэгээд надад хайртай, дуртай гээд байгаа …

Абби – /ширүүхэн/ Тиймээ, би чамд хайртай! /гараас нь атгахад Эбин угз татна/

Эбин – /өөрийнхөө хэлснийг батлан/ Худлаа! чи намайг тэнэг юм шиг маллаж байж. Би чамд илжиг шиг хууртаж явж! Чи хүүхэдтэй болох гэж л надтай ойртсон, тэгээд өвгөнөөс эдлэнгий нь авах гэж ийм нарийн арга зохиосон байна. /үзэн ядан/ Эмэгтэй хүн ийм хуурамч байдаггүй, лав чамд ад зэтгэр шүглэсэн байх.

Абби – /хирдхийн/ Өвгөн чамд ингэж хэлээ юу?

Эбин – Энэ худлаа гэж үү, ядахдаа нүүр нүүрээ харж байгаад битгий худлаа ярь л даа.

Абби – /аргадан/ Эбин, чи сонс. Чи миний үгийг сонсох ёстой. Энэ чинь аль эрт … тэгэхэд чи Минни рүү гүйгээд байсан юм … би ухаангүй юм шиг, чамд хайртай даа, өшөөгөө авах гээд тэгж хэлчихсэн юм …

Эбин – /үгийг нь таслан/ Тэгэхэд чи үхсэн бол дээр байжээ. Ийм юм үзэх гэж, ийм юм сонсох гэж байсанд орвол хоёулаа тонилсон нь дээр байсан юм… /хорсон/ Гэхдээ би чамаас өшөөгөө авна. Та хоёроос хоёулангаас чинь хариугаа авна. Эх маань эргэж ирж, та хоёрт хараал хийг гэж би залбирна.

Абби – /цөхрөн/ Хэрэггүй, Эбин, хэрэггүй! /өмнө нь сөхрөн уйлж/ Би чамд муу юм хийхийг хүсээгүй юм. Уучил намайг !

Эбин – /түүнийг үгийг үл сонсох догшрон/ Би энэмуу хөгшин зөнөгтэй, чамтай тооцоо бодно… тэгээд та хоёр бие биенээ хэмлэж, ээж маань харанхуй шөнө эргэж байх болно. Харин би Калифорнид хоёр ах дээрээ очно.

Абби – /айн/ Үгүй, чи намайг хаях ёсгүй. Чи тэгж болохгүй

Эбин – /хатуу шийдэмгийгээр/ Чамд явна гэж хэлж байна шүү. Би баян болсон хойноо надаас хулгайлсан энэ эдлэнг буцааж авна. Та хоёрыг тэр хүүхэдтэй чинь гудамжинд гаргаж, та нар гуйлга гуйж өлсөж үхэх болно. /бараг бахардах шахна/

Абби – /цочирдон, аргадан гуйж/ Миний хүү чинь чинийх шүү дээ.

Эбин – /зовлонтой/ Тэр чинь төрөөгүй бол дээр байсан юм. Одоо ч үхсэн нь дээр! Чи тэрнийг бузар зорилгодоо ашиглах гэж төрүүлсэн. Тэр хүүхэд чинь хамаг зовлонгийн үүр болсон юм.

Абби – /аяархан/ Чи хүүхдээ төрөхөөс өмнө намайг хайрладаг байсан биз дээ?

Эбин – Би сохор номин шиг харалган байж

Абби – Аа, чи одоо хүний хүүхэдтэй гэж хайрлахаа больсон юм биз дээ?

Эбин – Ха ха! Худалч, хулгайчид итгэх гэж үү?

Абби – /цочсноо, дөлгөөн/ Чи нээрэн хүүхэдтэй болохоос өмнө намайг гэж бодож байсан биз дээ?

Эбин – /амьсгаадан/ Чи намайг илбэдсэн юм чинь!

Абби – Одоо намайг хайрлахаа болио юу?

Эбин – /догшрон/ Чамайг үзэн ядаж байна!

Абби – Чи хүүхэдтэй болсон гэж намайг хаяж, явах гэж байгаа юм уу?

Эбин – Тэгнээ, өглөө үүрээр явна. Тэгдэггүй юм бол бурхан намайг тамд явуулаг.

Абби – /хэсэг болсноо, аажуухан, хорсолтой, итгэлтэй/ Хэрэвзээ … тэр хүү … миний амьдрал ганц олдсон хайр дурлалыг минь булаах … буруутан болж байгаа бол … хэрвээ тэгж байгаа бол … хорвоод чи мэндлүүлсэн ч үзэн ядаж чадна.

Эбин – /хорсон/ Худлаа! чи тэрүүнд хайртай чамд эд хөрөнгө авчрах хүн чинь шүү дээ. /татганан/ Гэхдээ эд хөрөнгө нь ч гол нь биш … одоо хамаа алга. Хамгийн гол нь чи намайг мэхэлсэн. Эд хөрөнгөтэй болох гэж хайртай дуртай гэж худлаа амлаж байж.

Абби – /солиотой мэт бачууран/ Төрсөн үр чинь миний хайрыг булаах ёсгүй. Би тэгвэл үрээ хөнөөнө. Чамд хайртай гэдгээ нотлоно…

Эбин – /огцом/ Худлаа донгосохоо боль. Чиний донгосохыг сонсохоороо нэг боллоо. Баяртай. Дахиж хэзээ ч уулзахгүй.

Абби – /царай нь хувхай цайран/  Чи намайг … ганц удаа … хайртай байсан гэж … үнсэхгүй юм уу …

Эбин – /бүдүүлгээр/ Үгүй. Чамайг хэзээ нэгэн цагт харж байсныг мартахыг хичээе

Абби – Эбин, байз. Би чамд нэг юм хэлье.

Эбин – Би явж тэдэнтэй наргиж цэнгэлээ.

Абби – /гараас нь зууран сэтгэл нь хөдлөн/ Хэрэвзээ хүү төрүүлсэн нь буруутай юм бол, хэрэв зээ эдлэн газар авах гэж санаагүй бол чи хуучин шигээ надад хайртай, аз жаргалтай байж чадах юм байгаа биз дээ? Хэрэвзээ би чамд хайртайгаа нотлох юм бол чи намайг хаяхгүй тийм ээ?

Эбин – /уяран/ Магадчгүй! /гарыг нь түлхэн гашуунаар инээмсэглэж/ Гэхдээ чи бурхан биш шүү дээ!

Абби – /догдлон/ За чи амласнаа битгий мартаарай. /хачин болж/ Бурханы хүртээсэн хишгийг би буцааж ч магадгүй.

Эбин – /түүнийг харж/ Чи солиорсон байхаа. /довжоо руу очин/ Явж бүжиглэлээ.

Абби – /хойноос нь хашгаран/ Би чамд нотлоно! Энэ хорвоод … хэнээс ч илүү … /Эбин сүүлчийн үгийг нь сонсолгүй байшин луу явж орно. Хойноос нь харан зогссон хэвээрээ, дуу нь арга нь барагдсан янзтай/ Чамд хайртай гэдгээ нотлоно.

 

ГУРАВДУГААР ҮЗЭГДЭЛ

Маргааш өдрийн үүрээр. Кэботын унтлагын өрөө мөн гал тогооны өрөө харагдана. Эбиний царай нь цонхийж шанаагаа тулан гал тогооны өрөөнд гөлрөн сууна. Лаа асаалттай байна. Эбиний дэргэд шалан дээр аяны богц байна. Бүдэг гэрэлтэй дээд өрөөнд Кэбот унтана. Абби хүүхдийн дүүжин орон дээр тонгойн зогсоно. Нүдэнд нь айдас, ганихарал тодорч, өвдөг сөхрөн уйлах гэж байгаа мэт байна. Энэ үед Кэбот нойрондоо ёолон эргэхэд, Абби биеэ эзэмдэн хойш ухран гарч, гал тогооны өрөөнд үсрэн орж Эбин рүү гүйн очоод тэврэн үнсэж гарна. Эбин нэг хачин гөлрөн хөдлөх ч үгүй сууна.

Абби – /чарлан/ Эбин, хэлсэн үгэндээ хүрсэн шүү! Би шийдсэн! Энэ хорвоод хэнээс ч илүү чамд хайртай гэдгээ нотолсон. Одоо чамд эргэлзэж тээнэгэлзэх юм байхгүй.

Эбин – /хайхрамжгүй дуугаар/ Чи юу ч хийсэн одоо ямар хамаа байхав дээ.

Абби – /ухаангүй/ Чи тэгж битгий ярь. Чи намайг үнс! Чи намайг үнсэх ёстой, чи надад хайртай гэж хэл!

Эбин – /хүзүүг нь үнсэн байж/ За салах ёс болгож үнслээ. Ингэсхийгээд явлаа.

Абби – Үгүй, үгүй! Одоо … одоо чи явахгүй!

Эбин – /бодлоо хүүрнэх мэт/ Би зөндөө юм бодлоо… эцэгтээ юм хэлэхгүй. Гэхдээ эх маань амар заяа үзүүлэхгүй байх вий дээ. Эцэгт юм хэлбэл хүүхдэд хар буруу санаж зовоох болно. /хоолой нь зөөлөн, уярч/ Хүүхдэд ямар юмны нь буруу байхав дээ. /сэтгэл бадран/ Тэр өөдсөн чинээ амьтан надтай эгээ ижил. Бурхан харж байна, тэр хүү минийх. Хэзээ нэгэн цагт би эргэж ирж ч мэднэ…

Абби – /түүний үгийг сонсох сөхөөгүй өөрийнхөө бодолд автан/ Эбин, чи битгий яв. Одоо бүх юм хуучин шигээ болсон … бидний хооронд … миний үйлдсэн хэргийг дараа …

Эбин – /бүсгүйн ярианаас санаа авч айн хэрдхийнэ/ Чи дагжин чичирч байх чинь. Царай чинь цайчихлээ. Чи юу хийчихээ вэ?

Абби – Би … би … тэрнийг … алсан

Эбин – /цочирдон/ Алсаан?!

Абби – /аярхан/ Тиймээ

Эбин – /дуугүй болсноо, сэргэх мэт болж, хатуу/ За яахав, хохь нь болог. Гэхдээ … өөрөө согтуудаа үхсэн юм шиг болгох хэрэгтэй, бушуулъя. Өчигдөр бүгдээрээ согтуу байсныг харсан юм чинь дажгүй.

Абби – /ухаангүй/ Үгүй, үгүй, Эбин! Өвгөнийг алаагүй! /солиорсон мэт инээж/ Нээрэн тэрнийг алдаг байж! Би яагаад санасангүй вэ? … нээрэн, тэрнийг … Чи яагаад надад хэлээгүй юм бэ, яагаад?

Эбин – /айн/ Чи тэгээд хэнийг алсан юм бэ, хэлээч! …

Абби – Тэрнийг алаагүй

Эбин – /царай нь үхсэн мэт цонхийж/ Чи … арай … хүүхдээ! …

Абби – /аяархан/ Тэгсэн

Эбин – /хяргагдсан юм шиг сөхрөн унаж, хоолой нь чичрэнэ/ Ээ тэнгэр минь! Ээжээ, та яагаад энийг болиулаагүй юм бэ?

Абби – /нэгэн жигд хачин хоолойгоор/ Тэр нэгэн шөнөөс хойш эх чинь булшиндаа орсон, эргэж ирэхгүй. /зогсоц, Эбин нүүрээ даран чичигнэнэ/ / Абби нөгөө л хоолойгоор/ Би дэрээр дарж алсан. /аярхан уйлна/ Тэр амьсгалахаа больж бүтэж үхсэн.

Эбин – /хорсол занал, уй гашуудал зэрэгцэн/ Тэр чинь надтай адилхан байсан юм. Тэр чинь яс, махны минь тасархай байсан юм, чамайг хараал идэг!

Абби – /бөглүү, тасалдан/ Би тэгнэ чинээ бодоогүй … би ийм юм хийсэндээ өөрийгөө үзэн ядаж байна. Чамайг өвчсөн юм шиг адилхан болохоор би хайрладаг байсан юм. Гэтэл чи холын хол явна гээд… би чамд хайртай шүү дээ… Би чамайгаа ахиж үзэхгүй, намайг энхрийлж тэврэхгүй болох гээд байсан. Чи өөрөө хүүхэдтэй учраас намайг үзэн ядаж байна. “Үхвэл таарна” гэж хэлсэн. Хүүхэдгүй бол хуучин янзаараа байна гээ биз дээ?

Эбин – /энэ үгийг сонсох тэвчээр алдран, галзууран босон харайж, хоолойг нь багалзуурдах гэнэ/ Худлаа! Би тэгж хэлээгүй! Би бодолдоо ч тийм юм санаагүй. Тэр өчүүхэн амьтныг өвтгөсөнд дорвол би өөрөө тонилсон нь дээр.

Абби – /сөхрөн гуйж/ Эбин, чи намайг битгий зовоо, битгий үзэн ядаж хар. Чиний төлөө… өөрсдийнхөө төлөө ийм юм хийчихээд байхад … бид хуучин шигээ жаргалтай баймаар байна.

Эбин – /догшрон/ Дуугүй бол, үгүй бол ална шүү чамайг! Чиний хар санааг би мэдэж байна. Чи одоо хүүхдээ алчихаад бурууг нь надад тохох санаатай юу? Чи алуурчин, чи хүүхдээ хөнөөсөн!

Абби – /чихээ таглан, ёолон/ Эбин, хэрэггүй, болиоч дээ. /хөлийг нь тэврэх гэнэ/

Эбин – /догшрон галзуурах нь аймшигаар солигдон/ Чи надад битгий ойрт! Чи эм шулам! Чи тэр хөөрхий амьтныг яаж алж чадав аа! Чамд чөтгөр шүгэлжээ! /ахин догшрон / Чамайг тэрнийг яагаад хөнөөх болсныг би мэдэж байна. Чи тэрнийг надтай адилхан болохоор, минийх болохоор тэгсэн байна. Миний гэсэн юм болгоныг сүйтгэх гэж боджээ. Би мэдэж байна. Миний үр удамыг үлдээхгүй гэж бодсон байна. /ухаан тавин, өрөөгөөр холхин, Аббигийн дэргэд ирэн, нудрага зангидан/ Гэхдээ би чамаас өшөөгөө авна даа. Би шүүгч дуудна. Энд юу юу болсныг нэгд нэгэнгүй хэлээд явна. Би баруун тийшээ … Калифорни руу явна… тэнд алт бий …. Би явна /үг нь тасалдан зарим үгээ шивнэж, зарим үгээ хашгачина/ Би шүүгч дээр очлоо! Чамайг шоронд суулгана. Алуурчин, хулгайч намайг хань татна гэнээ! Би чамайг шүүхэд өгнө. /цурхиран уйлан гүйж гарна/

Абби – /сөхөрч сууснаа хаалга руу гүйн очиж, хойноос нь/ Эбин, би чамд хайртай. Дуулж байна уу? чамд хайртай. /бие нь сулран хаалга түшин/ Чи намайг яавал яа, ганцхан хайрлаж л үз.  /хаалга тэврэн, аажуухан газар ойчно/

ДӨРӨВДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ

Цаг өнгөрчээ. Түрүүчийн үзэгдэл Кэботын унтлагын өрөө, гал тогоо харагдана. Үүр цайн, хайлаас мододын оройг нар гийгүүлнэ. Гал тогооны өрөөнд Абби нүүрээ даран сууна. Дээр нь Кэбот орондоо бувтнаж байснаа цохиулсан юм шиг ухасхийн босч, цонхоор харснаа аахилан хучлага шидэж, хувцасаа яаран өмсөнө.

Кэбот – /хүүхнээ дэргэд байгаа гэж бодон/ Ээ зөнөг гэж! Би лав тавин жил ингэж оройтож сэрээгүй байх. Нар дээр гарчихсан байна. Өчигдрийн наргианаас л боллоо. Өтөлж л байна даа. Эбин ажилдаа гарсан байгаа. Абби чи намайг сэрээхгүй яагаа вэ? /хажууд нь хүн байхгүйг мэдэж/ Энэ чинь хаачаа вэ, хоол хийж байгаа юм болов уу? /өлмий дээрээ гишгэн хүүхдийн ор луу очиж/ Өглөөний мэнд. /ор руу шагайн, омог бардам/ Зураг шиг сайхан хүү шүү. Унтаж байна … айлын хүүхэд шиг уйлаад байдаггүй амар хүүхэд. /өрөөнөөс гаран гал тогооны өрөөнд орж Абби сууж байхыг харан тайвширч/ Өө, чи энд байгаа юм уу, хоол хийж байна уу?

Абби – /хорлонгүй/ Үгүй …

Кэбот – /дөхөж очин, сэтгэл зовнин/ Чи яагаа вэ, өвдөө юу?

Абби – Үгүй

Кэбот – /мөрөн дээр нь гараа тавихад цаадах нь татвага хийнэ/ Чи жаахан хажуулахгүй дээ. Хүү удахгүй сэрээд идэх юм нэхнэ. Бөх сайн унтаж байна.

Абби – /цочин, үхээнц дуугаар/ Тэр хэзээ ч сэрэхгүй.

Кэбот – /хөгжилтэй/ Миний өнөө өглөөнийх шиг л унтаж байна.

Абби – Тэр чинь амьгүй байгаа

Кэбот – /гайхшран/ Юу гэнээ?

Абби – Би алчихсан

Кэбот – /айн мэгдэн ухарч/ Чи чинь согтуу байна уу… солиорч байна уу?

Абби – /тохойгоо өргөн нүүр лүү нь харж хашгачин/ Би хүүхдээ бүтээж алсан гэж хэлээд байна шүү дээ. Итгэхгүй байгаа бол очоод үзэхгүй юу.

Кэобт – /тэрнийг итгэж ядан харснаа, гялсхийн дээшээ гарч хүүхдийн ор уу харан айдас, аймшигт автан хойш ухарч/  Ээ тэнгэр минь … оройн дээр хувилгаан минь! /салгалан гал тогоо руу буцан ирнэ. Аббид дөхөж очин сөөнгөтөн/ Чи яаж байгаа нь энэ вэ? /мөрнөөс нь бүдүүлгээр угзчин/ Би чамаас яаж байгаа нь энэ вэ гэж асууж байна шүү? Хэлэхгүй бол би …

Абби – /ухасхийн босч, түүнийг унтал түлхэнэ. Үзэн ядсан хорсол занал дүүрэн/ Надад битгий гар хүр. Чи тэрний тухай асуух ямар эрхтэй юм бэ? Чиний хүүхэд биш мэдэв үү? Чамд хүүхэд төрүүлэх юм болж байна уу? Тэгсэнд орвол боож үхсэн нь дээр байлгүй. Чамайг би үзэн яддаг. Би ухаантай байсан бол хүүгээ биш чамайг алах байсан юм. Тиймээ би Эбинд хайртай. Анх харснаасаа хойш тэрүүнд дурласан. Тэр хүүхэд чинь тэрний хүүхэд

Кэбот – /цочирдон харж, удаан дуугүй сууснаа, үгээ олж ядан/ Ийм юм болоод л … булан тохойд нуугдаад, мод навчис шуугиад, нэг л зовиуртай байсан нь ийм учиртай байж. Чи жирэмсэн болсон гэж надаас дөлөөд … худлаа ярьж байжээ. /ганихран/ Тиймээ, тэр үхсэн байна, би харлаа. Тэр үхжээ. Хөөрхий амьтан. /хацрыг нь даган нулимс урсана/

Абби – /хийрхэн/ Боль, чи боль! /цурхиран уйлна/

Кэбот – /биеэ дайчлан, эгцлэн босч, шүдээ зуун/ Галзуурахгүйн тул чулуу болох хэрэгтэй юм байна. /биеэ бүрэн эзэмдэж/ Хэрэвзээ тэрний хүүхэд юм бол … үхсэн нь зөв… би таамаглаад байсан юмаа… нэг л биш. Гэр зэвхий дааж, ганцаардаад… үнээнүүд дээрээ очихоор л аятай байдаг юм. Би сэрдээд байсан юм. Гэхдээ намайг араар нь тавьчихсан гэж битгий баярла. Би юм үзсэн толгой /доогтой инээн/ Ухаантай юм бол намайг цааш нь харуулчих байсан гэнээ. Одоо яая гэхэв. Би их насалнаа, зуу хүрнэ, чамайг дүүжлэхийг харна. Би өөрөө шүүгч авчирна. Бурханы гэсгээл хар толгойд чинь тусах бий вий. /үүд рүү явна/

Абби – /хайхрамжгүй/ Битгий яар. Эбин явсан

Кэбот – /гайхан/ Эбин үү?

Абби – Тиймээ

Кэбот – Шүүгч авчирахаар уу?

Абби – Тиймээ.

Кэбот – /ухааран/ Намайг нэг ажлаас ч болов чөлөөлж, тэгвэл үнээндээ гаръя. /үүдэнд очсноо эргэн/ Тэр хүү чинь минийх байх байсан юм Абби. Чи намайг хайрлах ёстой байсан юм. Би чиний эр нөхөр чинь. Чи намайг хайрладаг байсан бол чамайг яаж ч байсан шүүх, цагдаа гэж гүйхгүй л байх байсан юм даа.

Абби – /Эбинийг өмөөрөн/ Тэгэх шалтгаантай болоод л явсан байж таараа.

Кэбот – /хуурай/ Тэнгэрийн ивээлээр болж дээ! /гал тогооноос гарч гадаа үүдэнд очоод тэнгэр ширтэнэ. Бие сул тавина. Одоо харахад бүр өтөл ядрангуй харагдана. Амандаа үглэн/ Ээ, бурхан тэнгэр минь, би хэзээ ч ингэж ганцаардаж байсангүй. /хөлийн алхаа сонсон биеэ барина. Эбин гүйж ирнэ. Нүд нь эргэлдэн, галзуурсан юм шиг амьсгаадан зогсоно. Мөрнөөс нь угзран/  Шүүгчид хэлчихэв үү?

Эбин – /толгой дохин/ Аанхаан

Кэбот – /унтал нь түлхэн, үзэн ядсан харцаар харж хөхрөнө/ Нялцгай амьтан! /үнээний саравч руу очсноо сүрдүүлэн занаж/ Шүүгч наад хүүхнийг чинь аваад явсан хойно эндээс тонилоорой. Эс тэгвэл дахиад нэг алуурчингш авч явах болно шүү. /явна/

Эбин – /босон байшин ру угүйн орно. Гал тогооны өрөөнд орж Аббигийн өмнө сөхрөн/ Намайг уучил! Уучил!

Абби – /баяртай/ Эбин! /түүнийг үнсэн толгойг нь энгэртээ наан/

Эбин – Би чамд хайртай, намайг уучил!

Абби – /бөхийн нүүрийг нь үнсэн/ Энэ үгний чинь төлөө чамайг мянга түм уучлахад бэлэн байна.

Эбин – /цөхрөнгөө баран/ Гэхдээ би шүүгчид хэлчихсэн. Одоохон ирнэ

Абби – Одоо надад айх юм байхгүй.

Эбин – Тэр шүүгч унтаж байсан, би сэрээгээд хэлсэн тэгсэн чинь “Би хувцаслаадахъя, хашаанд хүлээж бай” гэсэн. Би тэрнийг хүлээж байхдаа чамайг л бодож байсан. Зүрх зогсчих шиг, бүр уйлсан гээч. Тэгэхэд гэнэт чамд хайртай гэдгээ, насан туршдаа хайрлах юм байна гэдгээ ойлгосон.

Абби – /толгойг нь илэн, эелдэг зөөлнөөр/ Тэнэгхэн минь дээ …

Эбин – Эргээд мод хадан дундуур … гүйж ирлээ … Абби бидэнд зай байна. Хоёулаа зугтая.

Абби – /эрс толгой сэгсрэн/ Үгүй, Эбин. Хүн хийсэн нүглээ үүрэх ёстой. Би шийтгүүлнэ.

Эбин – Тэгвэл хамтдаа үүрэе.

Абби – Чи буруугүй шүү дээ.

Эбин – Үгүй, би чамд санаа өгсөн… Би л тэрнийг үхээсэй гэж хүссэн…

Абби – Үгүй дээ Эбин, би ганцаараа л хийсэн.

Эбин – Би чамтай л адилхан буруутай. Бид хоёр үгсэж …

Абби – /толгой дээгүүр харан, бурхан тэнгэртэй харгалдах мэт/ Би нүглээ наминчлаж бурханаас аврал эрэхгүй.

Эбин – Би ч бас аврал эрэхгүй… нэгэнт хийсэн хэрэг, би ч оролцсон гэж шүүгчид хэлнэ. Бид хоёр үгсэж ийм хэрэг хийсэн гэхэд үнэмшинэ … Ер нь тийм л юм чинь, би л анх сэдсэн шүү дээ.

Абби – /түүн лүү наалдан, уйлан/ Үгүй, би чамайг зовоохыг хүсэхгүй байна.

Эбин – Би хийсэн нүглээ үүрнээ. Хэрэвзээ чамайг орхиод баруун тийшээ явах юм бол өдөр шөнөгүй чамайг санаад тарчилна. Би тэнд наранд, чи энд … /дуугаа намсгаж/ Би амьд, чи байхгүй байна… Үхсэн ч сэхсэн ч, диваажинд очсон ч, тамд очсон ч хоёулаа л байя. /нүд рүү нь харж инээмсэглэх аядан/ Чамтай хамт гэмээ хүлээвэл ядахдаа ганцаардаж зовохгүй.

Абби – /түрүүчийн адил эрс шийдэмгий бус/ Эбин, би чамайг зовлонд унагах хүсэл алга. Би тэгж чадахгүй.

Эбин – /түүнийг үнсэн энхрий ялдам/  Чи яаж ч чадахгүй, энэ удаа би чамайг яллаа.

Абби – /хүчээр инээх аядан бахархан/ Би чамайг ялах гэж бодоогүй шүү дээ.

Эбин – /чагнан/ Тээр? Улсууд ирж явна… биднийг аваачих гэж ирлээ.

Абби – Үгүй, өвгөн ирж байна. Юу ч ярьсан битгий дуугараарай. Би ч дуугүй байна. /Кэбот их догдолсон орж ирнэ. Эбин нэг гараагаа тэврэн, түүний өмнө сөгдсөн хэвээр, бүсгүй ч мөн адил/

Кэбот – /тэднийг дуугүй харж байснаа хонзонтой/ Хараал идсэн алуурчид тагтаа шиг өрвөлзөөд сууж байна уу? Ганцаардахаас айдаг хөгшин тэнэг над шиг юмнуудад сургамж болог гэж, залуу тэнэгүүдэд нь задгай зайран явдал ийм болдог гэдгийг үзүүлж та хоёрыг нэг модноос дүүжлэх юмсан. /зогсоц. Нүд нь тогтоворгүй гялалзан, царай нь түгшүүртэй болох нь эрүүл биш шинжтэй харагдана/ Өнөөдөр ажил хийх сонирхол алга. Энэ муу эдлэнгээр ч яах юм бэ, хаяна. Үнээнүүдээ хашаанаас нь гаргачихлаа, идээшилж л яваг. Далиманд нь би чөлөөтэй боллоо. Өнөөдөртөө эндээс явъя. Энэ байшин, үхрийн сравчийг шатаана. Яаж шатаж байхыг нь харна. Нурам л үлдэнэ дээ. Чиний эх энүүгээр тэнүүчилбэл тэнүүчилж л байг. Тариан талбайг минь хэнд ч өгөхгүй гэж бурхан буцааж авна биз. Би өөрөө Симеон, Питер хоёр дээр Калфорни руу очно. Тэд нар тэнэг ч гэсэн үр хүүхэд минь. Кэботынхон цөмөөрөө нийлж алт олох болно. /тэнэг аашлан/ Х-оч! тэд нар явахдаа юу гэж дуулж байлаа. “Калифорни минь” гэж билүү? … Калифорни хүрэх хамгийн сайн усан онгоцоор очно. Надад мөнгө бий. /сөхрөн сууж мөнгөө нуусан шалаа ховхлоно/ Энэ мөнгийг хаана нуусаныг та нар мэддэгсэн бол аль хэдийнэ хулгайлах байсан биз. Энд байгаа. /гараараа тэмтрэн боловч олохгүй, ахин ахин тэмтрэнэ. Таг чимээгүй болно. Шалан дээр суун Эбинийг сүүмийн харж, ухаан алдах нь уу гэлтэй амьсгаа авч чадахгүй багтарч байснаа арайхийн татганаж амьсгаалж авахтай болно/  Мөөн, чи амжаад хулгайлжээ.

Эбин – /тайван/ Би тэр мөнгийг чинь эдлэнгээс хүртэх тэдний хувь болгож, завины зардалд өгсөн.

Кэбот – /хорсолтой/ Ха ха! /аажуухан биеэ барьж босно/ Чи биш бурхан тэдэнд мөнгө өгсөн юм. Баруунд очоод хялбархан алт олж болох юм, гэхдээ тэр чинь бурханы хишиг бишээ, надад бол бүүрч зохихгүй. Би бурханы дуу хоолойг дахиад сонсож байна. Намайг ахин хатууж эндээ үлд гэж байна. Бурхан чамайг мөнгө хулгайл гэсэн бол намайг элдэв хэрэгт орооцолдохоос хамгаалж. Би бурханы даль жигүүр надад хүрэхийг мэдэрч байна. /зогсоц. ганихаралдтай/ Ямар их ганцаардаж байна, хэзээ ч ингэж байгаагүй. Хөгширч байна, удахгүй бүр өтлөнө… /хатуужин/ Ганцаардахгүй гээд яах юм бэ? Бурхан ганцаараа биш гэж үү? Бурхан ганцаараа ч , хатуужилтай ч. /дуугүй болно. Зүүнээс шүүгч хоёр хүн дагуулан ирнэ. Хаалга руу болгомжтой дөхөж ирэн, гар бууны бөгсөөр хаалга түншинэ/

Шүүгч – Хуулийн нэрийн өмнөөс, хаалгаа онгойлгоорой!

Кэбот – Та нарыг авах гэж ирлээ. /онгойлгоно/ Джим, ор, ор. Дүрээрээ байцгааж байна. /шүүгч гал тогооны өрөөнд алхан орж ирж, нөгөө хоёр нь үүдэнд үлдэнэ/

Эбин – /гэнэт хашгаран/ Джим, би худлаа ярьсан юм! Би энүүнд тусласан, бид хоёр хамтдаа … намайг бас баривчлаарай

Абби – /ухасхийн/ Үгүй, үгүй!

Кэбот – Хоёуланг нь баривчла. /урагш алхан Эбинийг сайшаан харж/ Үгүй ер, овоо доо, чамайг ингэнэ чинээ санаагүй … /зогсоц/ За явж, үнээнүүдээ олж ирье, баяртай!

Эбин – Баяртай

Абби – Баяртай /Кэбот гадагш гаран үнээний саравч руу явна. Нүүр нь хүрлийн мөр нь унжиж, аажуухан нүсэр алхана/

Шүүгч – /баахан зовингүйрэн/ За явцгаа даа.

Абби – Байзаарай /Эбин рүү эргэн/ Эбин, би чамд хайртай!

Эбин – Би ч чамд хайртай! /тэд үнсэлцэнэ. Эрчүүд зовонгүй инээмсэглэнэ. Шүүгч толгой дохино/ Одоо явцгаая. / Аббигийн гараас хөтлөн хамт гарцгаана. Эрчүүд хойноос нь дагна. Хашаанд гараад хаалганы дэргэд зогсон тэнгэр ажиглана./ Нар мандаж байна мөн сайхнаа!

Абби – Тиймээ, гоё байна. /тэд энэ хорвоогийн хамаг юмнаас, зовлон шанлалаа мартсан мэт тэнгэрийг бишрэн харна/

Шүүгч – /байшинг харж хамт яваа улсдаа/ Ярих юмгүй сайхан эдлэн шүү! Ийм юмыг авах гэж үхэлдэлгүй яахав дээ. Би ч гэсэн татгалзахгүй л юм байна!

Хөшиг

Сурталчилгаа

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s