Южин О’Нил (1888-1953) – Хайлаас дорх хүсэл тачаал (Хоёрдугаар бүлэг)

ХОЁРДУГААР БҮЛЭГ

НЭГДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ

Хоёр сар өнгөрчээ. Халуун нар шарсан ням гаригийн жин үд дунд. Абби асарын дүүжинд гоёлын даашинзтай халуунаас даажин нүдээ хагас анин залхуутай нь аргагүй урагш хойш савлана. Эбин өрөөний цонхоор шагайж асарт хүн байгаа эсэхийг чагнана. Хэдийгээр болгоомжлох боловч Абби түүнийг чагнаж байгааг мэдэж байлаа. Бүсгүй савлахаа больж, царай нь гэрэлтэж хүлээн сууна. Эбин бүсгүйн энд байгааг мэдэрч цаг ямагт мөрдөж явдагт ундуйцан нулимчихаад өрөө рүүгээ оров. Абби догдолсон сэтгэлээ барьж ядна. Амьсгаа даран гэрт юу болж байгааг чагнана. Тэгж тэгж Эбин асар луу гарч ирэв. Тэд эсрэг тэсрэг ширтэлцэнэ. Эбин зовонгүйрхэн эргэж хаалгыг тас хийтэл хаан түүний дэргэдүүр анзаараагүй мэт өнгөрөв. Цэвэрхэн костюм өмсөж, нүүр гараа цэмцийтэл нь угаан сахлаа хусчээ. Абби дэргэдүүр нь өнгөрөхөд нь тонгойн, өдсөн янзтай хөхөрнө.

Эбин – /түүн лүү эмзэглэн харж ундуйцан/ Юундаа ангалзаад байгаа юм бэ?

Абби – /баяртай/ Чамайг л харж байна.

Эбин – Инээд хүрэхээр юм юу байна даа?

Абби – Чи чинь үзэсгэлэнд тавигдсан үзмэр шиг харагдаж байна.

Эбин – /инээмсэглэн/ Үгүй ер, чи ч гэсэн байдгаараа л гоёчихсон байна шүү дээ. /тэд бие биенээ ширтэлцэнэ. Гэнэт оргилон гарах тачъяадал тэднийг эзэмдэв/

Абби – /зөөлөн/  Чиний бодол санаа өөр шүү дээ, Эбин. Тэр бодлоо чи хэлэх гэж бодовч гадагш гаргадаггүй. Энэ чинь ертөнцийн жам ёсноос гажсан зүйл. Бид анх уулзсан тэр өдрөөс хойш чи өөртэйгээ тэмцэлдэж намайг бодож санахгүй гэж өөртөө итгүүлэх гэж оролдох юм. /харцаа үл салган аярхан инээж дуугүй болов. Тэгснээ урагшаа зөөлөн, сүүрс алдан шивнэн/ Нар гийгүүлэхээ болихыг харлаа гэж үү? Орчлон хорвоог яаж гийгүүлж байгааг чи харж байна. Хамаг юм урган төлжиж, түүн рүү тэмүүлж байна. Чамайг ч гэсэн бүлээцүүлж … хэн нэгэнтэй уусан нийлэх хүсэл төрүүлж байгаа. Чи эсэргүүцэж л бай, гэхдээ энэ мод шиг, энэ хайлаас шиг хэн нэгэнд тэмүүлж, байгалийн жам ёс дийлэхдээ л дийлнэ.

Эбин – /түүний энэ дур булаам ид шидтэй эсэргүүцэн тэмцэлдэж ичингүйрнэ/ Хэрэвзээ эцэг таны энэ үгийг дуулвал … /огцом/  Та ч өвгөний толгойг эргүүлж дөнгөж дээ …

Абби – /инээн/ Өвгөн арай зөөлөн болсон нь чамд ч гэсэн амар биш гэж үү?

Эбин – /цочин/ Үгүй. Урьд нь би тэрүүнтэй ганцаараа тэмцэж байсан бол одоо хоёулантай чинь тэмцэх болно. Би энэ байрыг эзэмших, эхийнхээ болоод өөрийнхөө эрхийг хамгаалах ёстой. /түүний дур булахаас арайхийн хагацаж цухалдан/ Та миний толгойг эргүүлэхгүй. Энд байгаа бүхнийг эрхэндээ оруулах санаатай юу? Гэхдээ би тийм зөөлөн самар биш. Харж л байгаарай л даа.  /шоолонгуй эргэнэ/

Абби – /түүнийг захирах эрхээ эргүүлэн олох санаатай зулгуйдан/ Эбин …

Эбин – /явах гэнэ/ Бидэнд ярих юм байхгүй.

Абби – /захирангуй/ Эбин!

Эбин – /зогссоноо бүдүүлгээр/ Танд юу хэрэгтэй вэ?

Абби – /сэтгэл хөдлөлөө нуухыг хичээн/ Чи хаачих нь вэ?

Эбин – /зориуд хайхрамжгүй/ Зугаалъя

Абби – Тосгонд очих нь уу?

Эбин – /амарлангуй/ Тийм ч байж магад

Абби –  Минни рүү юу?

Эбин – Магадгүй

Абби – /хардан/ Чи тэр муугаар яах нь вэ?

Эбин – /өшрөнгүй/ Байгалийн жамыг гажиж болдоггүй гээ биз дээ?

Абби – /дэлбэрэн/ Нүдэнд хүйтэн хөгшин банзал!

Эбин – /мушилзан/ Таниас л хувь илүү үзэсгэлэнтэй дээ.

Абби – Эндэхийн адгийн архичин ч тэрүүнтэй хоног төөрүүлдэггүй гэсэн

Эбин – Магадгүй, гэхдээ өөрөөс чинь хавьгүй дээр.

Абби – /дуугаа өндөрсгөж/ Намайг тэр муу банзалтай зүүрлэнээ!

Эбин – Ямар ч гэсэн надад оногдох юмыг өөртөө авах хэрэггүй юм.

Абби – Өөртөө? Миний эдлэн чамд оногдох ёстой гэх гэнэ үү?

Эбин – Тиймээ. Мөнгөнд болж ирсэн хөгшин банзал минь энэ эдлэн чинь минийх.

Абби – /галзуурах шахан/ Энэ эдлэн хэзээ ч чинийх болохгүй. Нэг сөөм газар ч чамд оногдохгүй, хэзээ ч үгүй. /хашгачин/ Нүдэнээс далд ор! Тэрмуу өлөгчин дээрээ оч! Чамайг өвгөнд хэлж хөөлгөхдөө л нэг хөөлгөнө. Чамайг би яахав дээ гэж байгаа учраас энд чи толгой хоргодож байгаа юм. Тонил, чамайг харахаас ч дургүй хүрч байна. /дуугүй болон, хорссондоо амьсгаадан түүнийг ууртай харна/

Эбин – /хариуд нь мөн тэгж харна/ Би ч бас дургүй хүрч байна. /явна. Түүнийг хүүхэн үзэн ядсан харцаар үднэ. Үнээний саравч байдаг арын хашаанаас Кэбот гарч ирнэ. Тэр их өөрчлөгджээ. Нүдэнд нь нэг тийм хачин мөрөөдөнгүй шинж тодорч, бүх байдал төрх нь зөөлөн, цайлган юм шиг харагдана. Тэгэхийн хамт бие махбодийн ядрангуй шинж ул мөргүй алга болж залуужсан мэт байна. Абби түүнийг харан ой гутан буруу харна/

Кэбот – / Абби руу дөхөн тайван/ Чи дахиад Эбинтэй хэрэлдээ юу?

Абби – /товчхон/ Үгүй

Кэбот – Та нар чинь чанга чанга дуугараад л байсан шүү дээ. /довжооны шатан дээр сууна/

Абби – /уцаарлан/ Сонссон юм бол асуух юм юу байсан юм бэ?

Кэбот – Сонсох ч сонссон л доо. Юу яриад байгааг нь ойлгоогүй…

Абби – /санаа амран/ За тэгж л байг. Яриад байх юм биш.

Кэбот – /дуугүй болсноо/ Эбин их хачин зантай хүн шүү.

Абби -/гаслантай/ Чи л гэсэн үг.

Кэбот – /сонирхон/ Тийм гэж үү? /зогсоц/ Бид хоёр хэзээ ч таардаггүй. Тэрний ноомой нь дургүй хүргэдэг юм.

Абби – /егөөдөн/ Ха! Тэр ч мөн чам шиг л ноомой байх даа.

Кэбот – /өөрийнхөө бодолд хариу болгон/ Би магадгүй, тэрүүнтэй дэндүү хэрцгий харьцдаг байсан байх.

Абби – Гэхдээ одоо аядуу байгаа биз дээ. Номхон буур гэж хэлсэн гээч

Кэбот – /царайгаа барайлган/ Тэгж хэлсэн гэж үү? Намайг уурлуулвал сайнаа үзэхгүй байлгүй /зогсоц. Хүүхэн өөр тийшээ харсан хэвээр байна. Зөөлрөн, тэнгэрийг ширтэж/ Сайхан байгаа биз аан?

Абби – /хорсолтой/ Байдаг л тэнгэр байна, юу нь сайхан байгаа юм бэ?

Кэбот – Тэнгэр огторгүй дөнгөж хагалсан газар шиг бүлээн байна.

Абби – /ёжлож/ Чи тэнд бас нэг эдлэн газартай болох гэсэн юм биш биз дээ?

Кэбот – Аа яадаг юм бэ болсон ч, Абби би хөгширч байна, бүүр өвгөн болжээ. /зогсоц, бүсгүй түүнийг санаа зовон харна/ Халуун зун байхад гэрт дандаа хүйт дааж байх юм. Тийм байгаа биз дээ?

Абби – Би л юм мэдсэнгүй.

Кэбот – Үхрийн хашаанд дулаан, сайхан үнэртэй /зогсоц/ Үнээ гэж сайхан амьтан шүү.

Абби – Чам шиг л байх даа.

Кэбот – Эбин шиг гээч /злгсоц/ Тэр цагт эхтэй нь эв аяа олсон шиг би Эбинтэй, түүний ноомой зантай нь эвлэрч байх шиг байна. Тэнэглээд байдаггүй бол ч би мань хүнтэй таарч тохироод л явна л даа. /зогсоц/ Нас дарж байна.

Абби – /хайхрамжгүй/ Хойт төрөлдөө оччихоогүй байна. Битгий гутар.

Кэбот – /сэрэх мэт/ Үгүй, чөтгөр ав гэж. Би одоохондоо чадал тэнхээтэй байна. /зогсоц/ Дал өнгөрөхөөр бурхан багш аяндаа аян замд бэлтгэ гэдэг шиг байна. Тийм учраас л би Эбиний тухай бодоод байх болчихлоо. Одоо тэрний нүгэлт ах нар там руу явчихсан болохоор, энүүнээс өөр хүн надад үлдсэнгүй шүү дээ.

Абби – /гомдон/ Би яагаа вэ? Чи юу болоод Эбин Эбин гээд сүйд болоод байдаг болчихоо вэ? Намайг гэхээ болио юу, би чиний хууль ёсны авааль эхнэр чинь юм байгаа биз дээ?

Кэбот – /тоомжиргүй/ Чи ч эхнэр нь эхнэр л дээ. /зогсоц. Түүнийг харснаа нүд нь гялалзаж, гарыг нь атгаж, наминчлах мэт үглэж гарна/  Чи минь сарнай цэцэг шиг сахйан хүүхэн. Нүд чинь огторгуй шиг, уруул чинь жимс шиг, бие галбираараа мод шиг зэгзгэр сайхан

Абби – /түүнийг анзаараагүй мэт цэх харан хорсолтой нь аргаггүй гөлрөн сууна. Гараа угз татан хатуу/ Тэгэхлээр чи Эбинд эдлэн газраа үлдээх гэж байгаа юм байна. Би зөв тааж байна уу?

Кэбот – Үлдээх ий? Би хэнд ч өгөх гээгүй байна.

Абби – Гэхдээ чи авсандаа чирээд орохгүй юм байгаа биз дээ?

Кэбот – /бодолхийлснээ, дурамжхан/ Үгүй л дээ, тэгж чадах ч үгүй. /дуугаа хураан гэнэт шатан/ Хэрэвзээ болдогсон бол аваад л явах байсан гэдгээ дээд тэнгэрийг нарыг барьж андгайлъя. Үгүй бол эцсийн мөч ирэхэд энэ байшин, үр тариа, мод бургас бүгдийг нь нэг ширхэгийг ч үлдээхгүй шатааж, яаж хуйхлагдаж байгааг нь харах байсан юм. Үгүй ядахдаа хөлс цусаа урсгаж байж босгосон энэ бүхнээ хэнд ч алдахгүй, өөртэйгээ аваад явна гэдгээ мэдэж байх байхгүй юу. /дуугүй болсноо/ Үнээнүүд … тэднийг л суллах байсан юм.

Абби – /огцом/ Аа намайг яах вэ?

Кэбот – /инээн/ Төрхөмд чинь буцаачихгүй юу.

Абби – /галзууртлаа шатаж/ Эхнэр чинь болохыг зөвшөөрсний төлөө ингэж талархаж байгаа хэрэг үү? Чамайг үзэн яддаг Эбингээ эрхлүүлээд намайг гудамжинд гаргаж байгаа юм биз дээ?

Кэбот – /яаруу/ Абби, би тэгнэ гэж байгаа юм биш шүү дээ.

Абби – /хонзогнон/ Байз би, хэлдэгээ хэлээдэхье. Чи тэр хүүгээ хаашаа явсныг нь мэдэж байна уу? Тэр чинь Минни гэдэг садар эм рүү явсан. Би хориглоод дийлээгүй, тэр чинь чи бидний нэрийг бузарлаж байна.

Кэбот – /гэмшингүй/ За даа, жаахан хүүхэмсэг зантай тийм л төрхтэй хойно одоо яая гэхэв.

Абби – /шатах шахан, хонзонтой/ Тийм болоод л намайг эргүүлээд байж л дээ. Чи бас зүгээр л хараад сууж байна биз дээ?

Кэбот – /хэсэг дуугүй болсноо аяархан/ Чамайг татаж чангаагаад байна гэж үү?

Абби – /өдөн/ Үгүй гэж чи хэл л дээ. Тэрнээс болж л сая хэрүүл уруул боллоо шүү дээ.

Кэбот – /түүнийг харснаа нүүр нь хорсолтой хувиран босон харайж, хилэгнэсэнээс хамаг бие нь дагжина/ Тэр мууг би тонилгоод өгье!

Абби – /Эбиний төлөө айн/ Үгүй, үгүй хэрэггүй.

Кэбот – /галзуурах шахан/ Толгойг нь бяц дэвсэнэ!

Абби – /түүнд ойртон тэвэрч/ Хэрэггүй Эфрайм хэрэггүй!

Кэбот – /түүнийг түлхэн/ Бурханыг барьж тангаргалъя. Би тэрнийг тонилгохдоо л тонилгоно.

Абби – /түүнийг сэхээрүүлэх аялгаар/ Чи байз л даа, тэр чинь зүгээр л тоглож байсан юм… Тийм сүйдтэй юм болоогүй, зүгээр л наргиа хийж байхгүй юу.

Кэбот – Чи өөрөө эргүүлээд байсан гээд биз дээ?

Абби – Үгүй дээ, би чамайг эдлэн газраа тэрүүнд өгнө гэхээр уурандаа тэгээд хэлчихсэн юм.

Кэбот – /арай зөөлрөн/ Хэрэвзээ хүсвэл би тэрнийг ташуурдаад хөөгөөд явуулчихъя.

Абби – /гараас нь барьж/ Үгүй, үгүй. Тэрнийг битгий хөө. Чи ганцаараа, хэн чамд ажил төрөлд чинь туслах юм бэ?

Кэбот – /бодлогширсноо зөөлөрч толгой дохиж/ Тэр ч тийм л дээ, чи зөв бодож байна. /уур нь бас л гараагүй/ За яахав байвал байж л байг. /шатны довжоон дээр сууна. Абби зэрэгцэн сууна. Эгдүүцэн үглэж/ Тэр тэнэг яахав хамаа алга. Намайг хадан гэртээ очихоор хэн эдлэн газар ажиллах вэ гэдэг л оньсого болж байна. Симеон Питер хоёр тамд унасан, энэ Эбин хойноос нь явах нь

Абби – Чи намайг мартаад байна

Кэбот – Чи эмэгтэй хүн

Абби – Би чиний эхнэр

Кэбот – Гэхдээ хүү гэдэг чинь яс махны тасархай. Намайг зургаан алд газар буллаа ч, би тэрний биенд оршсоор л байна, ойлгож байна уу?

Абби – /үзэн ядаж/ Тиймээ, ойлгож байна. /нүдээ онийлгон, түүнийг шинжин удаан харна/

Кэбот – Би хөгширч байна. /тэгснээ хүчлэн өөрийгөө зоригжуулах мэт/ Гэхдээ би одоо тэнхэлтэйгээ байна, нэлээд хэдэн жил амьд явна. Ямар ч жулдрай залууг нударгалаж дөнгөнө.

Абби – /гэнэт/ Магадгүй, бурхан бидэнд нуган үр заяах юм билүү.

Кэбот – /бүтэн эргэж, түүнийг шимтэн харна/ Хүү юу? Бидэнд үү?

Абби – Эфрайм, чи тэнхэлтэй эр хүн. Бид хүүхэдтэй болж болохгүй гэж үү? Энүүнд чинь гайхах юм юу байна. Чи өөрөө энэ тухай бодож байгаагүй юм шиг юундаа гөлрөө вэ? Би хүүтэй болох юмсан гэж цаг яамагт мөрөөдөж бурханд залбирч байна.

Кэбот – /царай нь баясан гэрэлтэж/  Залбирдаг гэнээ, чи юу? Чи хүүтэй болъё гэж бодож байгаа юм уу?

Абби – /хатуу шийдэмгий/ Тиймээ, хүүтэй болно

Кэбот – /гараас нь атган/ Энэ бол миний энэ насан дээр ганцаардаж явахад минь илгээсэн бүхнийг чадагч оройн дээд тэнгэрийн хишиг болно. Абби, чи юу хүснэв тэр болгоныг чинь биелүүлнэ. Чи хэл л дээ.

Абби – /үгийг нь таслан/ Эдлэн газраа чи над дээр үлдээх үү? …

Кэбот – /сэтгэл хөөрөн/ Юу хүснэв, тэр болгоныг чинь биелүүлнэ гэж хэлсэн шүү дээ. Андгайлъя. Энэ тангарагаа няцвал тамд орог. /өөрөө сөхрөн, бүсгүйг мөн сөхрүүлнэ. Тэр итгэл найдвар дүүрэн байх ба сэтгэл хөөрсөндөө чичрэнэ/ Абби дахин дахин мөргө. Өнөөдөр бүтэн сайн өдөр. Хоёулаа хамтдаа мөргөе. Нэг хүний залбирлаас хоёр хүнийг түргэн хүрч мэднэ. Бурхан минь, бүдний үгийг сонсож хайрла… Абби, тэнгэр сонсоно… Абби мөргө. Тэнгэр бурханы сонорт дуулдтал залбир. /толгой мэхийн, мөргөлийн үг уншина. Абби мөргөж байгаа дүр үзүүлэн, түүнийг ялан дийлсэн харцаар дооглон харна/

 

ХОЁРДУГААР ҮЗЭГДЭЛ

Оройн найман цаг. Абби, Кэбот хоёрын болон зүүн талд нь Эбиний унтлагын өрөө байна. Бүгчим халуун, Эбин хөл нүцгэн, дотуур өмдтэйгээ шанаа тулан орон дээрээ сууна. Тэрээр бодлого төвлөрүүлэн дүнсийн суух ба найдлага тасарсан мэт байдал нүүрэнд нь илрэнэ. Хаалганы цаана Кэбот, Абби нар унтлагын хувцас өмсөн орныхоо ирмэг дээр хөшигний цаана зэрэгцэн суужээ. Кэбот хачин сэтгэл догдолсон байдалтай, хүүтэй болох бодол түүнд амар заяа эс үзүүлнэ. Лааны сүүмэлзэх дөл өрөөг гэрэлтүүлнэ.

Кэбот – Эдлэнд маань эрэгтэй хүүхэд хэрэгтэй.

Абби – Надад ч хэрэгтэй

Кэбот – Заримдаа эдлэн газар, та хоёр нэг юм шиг санагддаг. Би ганцаараа учраас чамайг хань татах юм. /өвдгөө алгадан/ Намайг бодоод чи эдлэн газрын минь өмнөөс чи хүү төрүүлэх болно.

Абби – Унт даа, үглээд уналаа.

Кэбот – /тэсч ядан/ Үгүй, бодол санаа минь саруулхан байна. Чи намайг мэдэхгүй учраас ингэж хэлж байна. /найдвар тасарсан аятай шал руу гөлрөнө/

Абби – /хайхрамжгүй/ Тийм ч байж мэднэ. /хажуугийн өрөөнд Эбин босон нааш цааш холхиход Абби тэр даруй чагнана. Эбин зогсон хаалт руу харна. Абби, Эбин хоёр хаалтыг нэвт харж байгаа мэт санагдана. Залууг ховсдуулсан мэт гараа сунгахад, Абби орон дээрээс өндийнө. Тэгснээ гэнэт сэтгэх мэт болсноо, өөрийгөө зүхэн орон дээрээ ойчин нүүрээ нууна. Абби санаа амарсан янзтай санаа алдан, орон дээрээ суусан боловч хаалт руу харсан хэвээр, Эбиний өрөөн дэхь өчүүхэн ч чимээг анхааран чагнана/

Кэбот – /гэнэт толгой өндийн хүүхнийг харан, эгдүүцэн ярих нь/ Хэзээ нэгэн цагт чи намайг ойлгох юм уу, үгүй юм уу? Намайг ойлгодог хүн гэж ер нь байх болов уу? /толгой сэгсрэн/ Хайдаа үгүй байхаа. /буруу харна. Абби хаалт руу харах ба Кэбот юм ярих гэнэ. Тэрээр Абби руу хараагүй өвдөг дээр нь гараа тавина. Абби цочсондоо гялсхийн түүн рүү харвал өөр тийшээ харсан байхыг мэдээд, өвгөнийг ер анхаарахаа байж хаалт руу харан сууна./ Абби чи сонс. Би энэ газар ирснээс хойш 50 жил өнгөрч, тэгэхэд би 25-тай, хамгийн хүчтэй, шаргуу, надтай эн зэрэгцэх хүн энд байгаагүй. Энэ Эбинээс хэдэн хувь илүү махруу, бяр тэнхээтэй байсан. Хад асганаас өөр юу ч байхгүй хоосон цулгуй газар ирсэн. Энд сууршина гэхэд улс амьтан дооглож байсан юм. Гэхдээ миний мэдэж байгаа юмыг тэд нар мэдэхгүй байсан л даа. Чулуунас тариа ургуулж чадах юм бол чамд бурхан биелдэг гэсэн тэд нар инээлдэж байсан, одоо больсон л доо. Зарим нэг нь төрөл арилжаад энүүхэнд байж л байна. Зарим нь баруун тийшээ яваад мажийсан. Тэд нар хялбар олз хайсан юм, гэтэл бурхан зөвхөн хүч тэнхээтэйг нь л тоодог. /толгойгоо аажуу сэгсэрнэ/ Би догшин ширүүн ааштай, хүмүүс намайг “хахир хатуу хүн” гэдэг болсон. Хахир хатуу байна гэдэг нүгэл юм шиг тэгж ярьж байгаа юм даа! /өөр аялгаар/ Нэг удаа би зүрх шантарсан юм. Энд сууршсанаас хойш жилийн дараа тэр л дээ. Би энэ чулуун уулнаас залхаж, цөхөрлөө. Хүмүүс баруун луу яваад л байх юм. Би ч бас явах гэж бодлоо. Хэдүүлээ нийлээд өдөр шөнөгүй хэдэн сар жил явлаа. Тэгж тэгж газар гэж нүүрс шиг хар, баян гэж алт шиг, тэгсэн мөртлөө нэг ч хад асгагүй газар хүрлээ. Тэнд газар хагалж, үрээ цацчихаад л тамхиа баагиулаад л хэзээ боловсрохыг нь хүлээж суух газар юм. Ер нь амархан баяжиж болох нь ээ! Гэвч дотор хүн маань “Энэ бүхэн чамд зориулагдсан юм биш чамд хүртээлгүй. Чи буц!” гэж цаг ямагт хэлээд байх болов. Би энүүнээс айсан юм. … тэгээд авах нэг нь аваг гээд нөгөө тариагаа хаячихаад буцлаа. Ийм л байгаа юм даа. Бурхан гэдэг чинь нялзрай зөөлөн юм биш, их хатуу эд. “Хадан дээр чулуугаар дуган байгуул, би тэнд чинь байна” гэж гэгээн Петрт бурхан хэлсэн гэдэг. /хүнд амьсгаадна. зогсоц/ Чулуу зөөж хана босгож байлаа. Миний бүх түүхийг энэ хананаас уншиж болно. Жилийн жилд, өдрөөс өдөрт чулуу зөөсөөр тариан талбайгаа хашиж авч байв. Бурхан тэгж таалсан би биелүүлэх л ёстой байлаа. Энэ амар юм биш, гэхдээ бурхан намайг хатуужуулсан юм. Би цаг ямагт ганцаарддаг байв, тэгж байгаад гэрлэлээ. Симеон, Петир хоёр ч төрлөө. Намайг ойлгож таньж мэдээгүй эмэгтэйтэй 20 жил амьдарлаа. Тэр гар хумихалгүй ажилладаг сайн хүүхэн байсан л даа. Гэхдээ юуны тулд яах гэж ажиллаж байгаагаа ухаараагүй байсан юм. Би мөн л ганцаардана. Тэр хүүхнийг нас барахад би харин нэг их ганцаардаагүй шүү. /зогсоц/ Би жил хоногийг тоолохоо байсан, гар хумхилгүй ажиллаж байсан. Сем, Питер хоёр овоо туслаж эдлэн маань өргөжлөө. Гэхдээ эдлэн газар маань зөвхөн миний мэдлийнх юм. Эдлэн газраа болохоор би ганцаардахаа больдаг байв. Тэгээд алийн болгон ганцхан юм бодож явах вэ дээ. /зогсоц/ Би хоёрдахиа гэрлэлээ, Эбин ч төрлөө. Тэр хүүхний эцэг эх нь миний эдлэн газрыг булаацалдсан юм. Тийм ч учраас одоо Эбин энэ эдлэнг маань эхийн минь юм гэж тэнэг юм ярьдаг юм. Тэр сайхан хүүхэн байсан л даа. Гэхдээ дэндүү зөөлөн амьтан байсан юм. Бас л намайг ойлгоогүй, хатуу ширүүн байх гээд ч чадаагүй юм. Тэр хүүхэнтэй байхад бүр ганцаардаж орхисон. 16 жил болоод талийчихлаа. /зогсоц/ Би хөвгүүдтэйгээ үлдлээ, тэд намайг хахир хатуу байна гэж, би тэднийг зөөлөн байна гэж үзэн ядна. Юу ч ойлгоогүй байж надаас энэ эдлэнг авах гэж шаардана. Миний мэдлийн юмыг авах гэж тэр шүү дээ. Энэ бүхэн намайг улам яхир болгож, хөгшрүүлсэн юм. Миний өөртөө зориулж бүтээсэн юмыг авах гэж шаарддаг байсан. /Аббиг харан/ Энэ хавар бурханы дууг би ахин сонслоо. Бурхан намайг орь ганцаардаж байгааг харж өрөвдөөд “Эрж хай, хайсан юмаа олох болно” гэсэн. /түүнлүү эргэж сэтгэл хөдлөн/ Би чамайг эрж явсаар олсон шүү, Абби.  /хүүхэн сэтгэл нь огт хөдлөлгүй, харамссан царайтай түүнийг харна/ Чи миний ярианаас хумсын чинээ юм ойлгов уу?

Абби – /мэгдэн/ Ойлгох шиг л боллоо.

Кэбот – /түүнийг түлхэн ууртай/ Чи юу ч ойлгоогүй, хэзээ ч ойлгохгүй. Хүүхэд төрүүлэх гэхээс өөр юм алга …

Абби – /хорсонгүй/ Би мөргөж залбираагүй гэж үү?

Кэбот – /гаслантай/ Бурхан дуултал сайн мөргө!

Абби – /тайван, далуур заналхийлэн/ Тэгэмз, би хүү төрүүлнэ, чамд амалъя.

Кэбот – Ийм юмыг амлаж болдоггүй юм уу? Хүү охин төрүүлэхийг чинь

Абби – Би далдыг хардаг байж болно биз дээ. Урьдчилаад харчихсан юм билүү? /хачин инээмсэглэнэ/

Кэбот – Далдыг хардаг ч байхыг хэн мэдлээ. /жихүүцэн/ Яг энэ жавар хоргодсон байшин шиг чи заримдаа жихүүдэс төрүүлэм юм. Би ганцаардан энэ буг шүглэсэн байшинд байна. /босон өмд, гутлаа өмсөнө/

Абби – /гайхан/ Чи хайчих нь вэ?

Кэбот – Дулаахан, тавлаг байдаг газар луу явлаа. Үнээнүүд дээрээ очно. /гаслан/ Тэд л намайг ойлгодог. Ярьж суугаад тайвширдаг юм.

Абби –/айх мэт болж/ Эфрайм, бие чинь муу байна уу?

Кэбот – Бүр хөгшир ч дээ … хөгширч … /Кэбот шатны гишгүүр шажигнуулан бууна. Эбин орон дээрээ суусан хэвээр чагнаснаа хаалт руу харна. Кэбот байшингийн булан тойрон хаалганы дэргэд зогсон, тэнгэр ширтэнэ./ /гараа өргөж/ Оройн дээд бурхан минь, та энэрлээ хайрла. /хариулт хүлээх мэт байснаа гараа буулгаж, толгой сэгсрэн, үнээний саравч руу гэлдэрнэ. Эбин Аббин хоёр хаалт руу харсаар байна. Эбин гүнзгий санаа алдахад Аббин цуурай мэт давтана. Тэдний сэтгэл их хөдөлжээ. Тэгж тэгж Абби босоод хаалтны дэргэд очин чагнана. Эбин илтэд самгардана. Абби тэндээсээ хаалт руу зүглэв. Эбин хаалтыг нэвт харах мэт түүнийг дагуулан харна. Хаалга чимээгүй онгойж Абби орж ирэхэд Эбин хөшсөн мэт хүлээн зогсоно. Бүсгүй түүнийг агшин зуур ширтснээ, сэмхэн дуу алдан, гүйн очиж тэврэн нүүр нүдгүй үнсэн таална. Залуу ч хөшсөн байснаа сэргэх мэт учир зүггүй үнсэж гарснаа гэнэт холдон үзэн ядсан харцаар харна. Тэд амьсгаа хураан, бие биенээ анасан хоёр зэрлэг адгуус шиг зогсоно/

Абби –/өрөвдөлтэй/ Эбин, чи яаж байна. Битгий зугтаа л даа. Чи надтай жаргана шүү дээ.

Эбин – /огцом/ Ийм жаргал надад хэрэггүй

Абби –/арчаагүй болж/ Эбин, чи хүсч байгаа шүү дээ. Юунд хулдаа хэлнэ вэ?

Эбин – /хорсонгуй/ Надад юу ч хэрэггүй гэж хэлээ биз дээ, таныг үзэн ядаж байна.

Абби – Би чамайг үнсэхэд чи саяхан намайг үнссэн шүү дээ. Уруул чинь халуун оргиж байхыг би мэдэрсэн, битгий өөрийгөө хуур л даа. /сэтгэл нь догдлон/ Чи намайг хүсээгүй юм бол юунд үнссэн юм бэ?

Эбин – /уруулаа арчин/ Таныг үнсэхдээ өөр хүүхнийг гэж бодож үнссэн байж болно шүү дээ.

Абби – /дүнсийн/ Минниг бодож уу?

Эбин – Тийм ч байж болно

Абби – /өвдсөн мэт/ Чи тэрэн дээр очсон гэж үү? Нээрэн очсон гэж үү? Тийм болоод чи намайг тоохгүй байгаа юм уу?

Эбин – /жуумалзан/ Тэгвэл яана гэж?

Абби – /дүрсхийн/ Тэгвэл чи ч мал юм даа, Эбин Кэбот

Эбин – /доромжлон/ Ямар эрхтэй гэж та ингэж ярьж байгаа билээ?

Абби – /хөхрөн/ Ямар эрхтэй гэж үү? Чи арай өөртөө дурлачихлаа гэж бодож байгаа юм биш биз дээ? Үгүй шүү, би өөрийн гэсэн зорилготой хүн, харин чамаас авах юмаа л авна, харж л байгаарай.

Эбин – /огцом/ Бүгдийг гартаа авах төлөвлөгөөний чинь нэг хэсэг нь энэ үү?

Абби – /доогтой/ Тийм ч байж магадгүй

Эбин – /галзууртлаа уурлан/ Миний өрөөнөөс зайл!

Абби – Энэ чинь миний өрөө, чи зөвхөн хөлсөөр сууж байгаа хүн.

Эбин – Тонилгочихоогүй дээр зайлсан чинь өлзийтэй байх шүү.

Абби – /өөртөө итгэлтэй/ Би чамаас айхгүй. Чи өөрөө намайг хүсч байгаа шүү дээ, хүсч байгаа. Чи эцгийн хүү, эцэг чинь эзэмшиж байгаа юмаа хэзээ ч хэнд ч өгөхгүй. Чиний уруул чинь үнсэхсэн гэж чичирч, шүд чинь намайг тас хазахаар бэлэн, нүд чинь шунал тачаалыг харуул байна. /залуу тэр бүсгүйг өөрийн эрхгүй айдас төрөн харна. џлан дийлсэн утга, авцалдаагүй инээдээр/ Энэ бол миний байшин, Ганцхан дор байгаа нэг л өрөө нь минийх биш. Гэхдээ энэ шөнө минийх болно. Эбин би доошоо явлаа, гэрлий чинь асаана /доромжлонгуй мэхийн/ Ноён Кэбот та надад үйлчлэхгүй юм уу?

Эбин – /бөглүү/ Та тэгэх эрх байхгүй. Ээжийг минь өнгөрснөөс хойш хэн ч тэр өрөөнд хөл тавиагүй. Та тэгж зүрхлэхгүй… /Аббигийн харцанд шунал тачаал нэвт гэрэлтэхэд Эбин мэгдэн дуугаа хураана/

Абби – /Эбин тэрнийг харсаар байгааг мэдэрч үүд рүү явангаа зориудаар/ Эбин би чамайг хүлээнэ шүү. /Эбин хойноос нь харсаар үүд рүү очно. Нэгдүгээр давхарын цонх гэрэлтэнэ/

Эбин – /амандаа үглэн/ Зочдын өрөөнд орно гэнээ? /сандал дээрээс цагаан цамц авч өмсөн, зангиа зүүн, хүрэмээ углаж, бүрх малгайгаа аван эргэн тойрноо харснаа, гайхан үглэж/ Ээжээ чи хаана байнаа. /аажуухан алхсаар үүд хүрнэ/

 

ГУРАВДУГААР ҮЗЭГДЭЛ

Хэдэн минут өнгөрсний хойно. Булш шиг баргар зочдын өрөө, энэ байрны эзэн өөрсдийгөө амьдаар нь булшилсан юм шиг сэтгэгдэл төрүүлнэ. Абби өрөөнд байсан бүх лааг асаасан нь зочны өрөөний өөдгүй төрх байдлыг улам тодотгоно. Хэдийгээр айдас хүйдэст энэ өрөөнөөс зугтаамаар байвч Абби хатуу буйдангийн захад хөдөлгөөнгүй суусаар байна. Хаалга онгойн Эбин орж ирнэ. Тэр гартаа бүрх малгай барьжээ. Абби ичингүйрэн ширтэн зогсоно.

Абби – /догдлон, эелдэг/ Суугаач дээ.

Эбин – /болхи/ За. /бүрх малгайгаа хаалганы дэргэд шалан дээр болгоомжтой тавьж, буйдан руу дөхөж очин Аббитай зэрэгцэн суув. Хоёулаа шал ширтэн түгшүүрлэн сууна/

Абби – Намайг орж ирэхэд хүн байгаа юм шиг санагдсан

Эбин – /энгүүн/ Тэр чинь ээж байхгүй юу.

Абби – Одоо ч гэсэн хүн байх шиг л санагдаж байна.

Эбин – Ээж л байгаа

Абби – Эхлээд би айсандаа зугтъя гэж бодлоо. Тэгсэн чамайг орж ирэхээр энэ хананууд бүлээцэх шиг боллоо. /тасалгааны орон зайд/ Их баярлалаа танд

Эбин – Ээж минь надад их хайртай байсан юм.

Абби – Намайг чамд сэтгэлтэйг мэдэж байгаа байх. Тэгээд аятай сайхнаар угтаж авч байх шиг байна.

Эбин – Мэдэхгүй юм даа. Таныг үзэн ядаж байгаа болов уу л гэж бодож байна.

Абби – Үгүй, үгүй гэдгийг нь би мэдэж байна.

Эбин – Тэр таныг өөрийнх нь суурийг эзлээд, орон гэрт нь амьдарч, бурхан болсон өрөөнд нь сууж байгаа болохоор үзэн ядаж байгаа. /гэнэт үгээ таслан санаа зовонгүй, ийш тийшээ харна./

Абби – Юу болоо вэ, Эбин?

Эбин – /шивнэн/ Эх минь энэ тухай өөрт чинь битгий ярь гэж байх шиг байна.

Абби – /догдлон/ Тэгэлгүй яахав дээ, Эбин. Эх чинь сайхан сэтгэлтэй хүн, бид бие биенээ танихгүй хойно эх чинь намайг юу гэж гадуурхах вэ?

Эбин – Эх маань өвгөнд гомдож явсан.

Абби – Бид нар бүгдээрээ л гомддог шүү дээ.

Эбин – Тиймээ. /халуун итгэлтэй/ Би өширхөж явдаг, бурхан мэднэ.

Абби – /гарыг нь атган илж/ Тэрний тухай битгий бод. Эхийнхээ тухай бод. Эбин эхийнхээ тухай яриач.

Эбин – Юу ярих вэ дээ? Их л халамжтой, сайн хүн байсан.

Абби – /мөрөн дээр нь гараа тавина. Нөгөөдөх нь анзаарахгүй байна. Сэтгэл бадран/ Би бас чамд тийм байна.

Эбин – Надад дуу дуулж өгдөгсөн.

Абби – Би чамд дуулж өгнө!

Эбин – Энэ байшин энэ эдлэн газар тэрнийх байсан юм.

Абби – Энэ миний байшин, миний эдлэн.

Эбин – Эхийг маань хоослож, дээрэлхэх гэж тэр түүнтэй суусан юм. Эх маань, хэл үггүй номхон хүн байсан болохоор тоодоггүй байсан юм.

Абби – Тэр намайг ч тоодоггүй юм.

Эбин – Өдөр өнгөрөх бүр догишн хэрцгий аашилсаар байгаад түүнийг хөнөөсөн.

Абби – Тэр намайг ч хөнөөж байна.

Эбин – Эх маань бурхан болсон /зогсоц/ Надад дуу дуулж өгдөгсөн /уйлна/

Абби – /түүний толгойг тэвэрч ориглуун/ Би чамд дуулж өгнө. Би чиний төлөө үхэж чадна, Эбин. /хэдийгээр түүний дуу хоолой, зүс царай, хүсэл бодол нь чин үнэн боловч эхийн хайр, шунал тачаал хослосон нь сүрдмээр шиг харагдана/ Эбин минь битгий уйл. Би эхийг чинь орлоно. Эх чинь чамд ямар л байдаг байсан, би тийм байж чадна. Чамайг үнсэхийг зөвшөөрөөч! /толгойг нь өөрлүүгээ татах боловч цаадах нь цааш зүтгэнэ. Энхрий дуугаар/ Битгий ай. Эх чинь яаж үнсэж байсан шиг би чамайг үнсэнэ. Чи унтахынхаа өмнө сайхан нойрсохыг хүсч эхээ үнсдэг байсан шиг намайг үнс /даруухан үнсэлцэнэ. Тэгснээ бүсгүйг зэрлэг тачаал эзэмдэхэд ухаан жолоогүй үнсэж эхлэх ба залуу ч мөн тэгнэ. Гэнэт Эбин дээр байшин шигээ түүнийг эрс түлхэн, айдаст автан зогсжээ/

Абби – /гараа түүнрүү сарвайн наминчлаж/ Эбин, намайг өрөвдөө ч дээ. Битгий орхиоч дээ. Би чамд зөвхөн эх байж чадашгүй нь. Миний хайр бол эхийн хайраас хамаагүй илүү юм. Би чамайг жаргуулж чадна.

Эбин – /тасалгааны гүн рүү/ Ээжээ, ээжээ! Та надад юу хэлнэ вэ, би яах вэ?

Абби – Чамайг намайг хайрла гэж байна. Намайг чамд сэтгэлтэйг тэр мэднэ. Бидэнд сайхан байх болно. Чи энүүнийг мэдэхгүй байна гэж үү? Эх чинь чамайг намайг хайрла гэж хэлж байна.

Эбин – Тиймээ, би мэдэрч байна … гэхдээ яагаад ээж минь … та чинь тэрний орыг эзлээд, өрөөнд нь сууж байна шүү дээ.

Абби – Намайг чамд хайртай байгааг мэдэрч байгаа юм чинь.

Эбин – /гэнэтийн таавар түүнийг цочирдон гайхуулж, хорсолтой инээн, ялан дийлснээр/ Би ойлгосон. Яагаад гэдгийг би ойлголоо… эх маань өшөөгөө авахыг хүсч байна. Тэгвэл булшиндаа амар жимэр нойрсох болно.

Абби – /зэрлэгээр/ Бид бүгдээрэ бие биенээсээ өшөөгөө авна! Эх чинь тэрнийг, тэр намайг, би чамайг, чи ч намайг, бид бүгдээрээ бие биенээсээ өш хонзонгоо авна. Эцэст нь бид бүгдийг бурхан цээрлүүлнэ. Бид бүгдээс бурхан тэнгэр өшөөгөө авна. Эбин, би чамд хайртай. Чамд хайртайг бурхан мэднэ!

Эбин – /түүний өмнө сөхрөн, хөлийг нь илбэн/ Абби, би чамд хайртай! Чамайг анх харсан цагаас хойш ганцхан чамайг бодож явдаг болсон. Одоо энэ тухай би хэлж чадна. Би чамд хайртай… /ухаан сэхээгүй үнсэлцэнэ/

 

ДӨРӨВДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ

Өглөө эрт. Эбин довжоонд дээр гарч ирэн үүд рүү зүглэнэ. Ажлын хувцас өмсчээ. Харваас түүний байдал төрх нь өөрчлөгджээ. Царай нь хангалуун бараг ичгүйргүй мэт, зочны өрөөний цонхыг харан инээмсэглэнэ. Модон хаалга өнгөрч явтал цонх онгойх дуулдана. Абби нойрмог, үс нь мөрлүүгээ унжиж сэгсийсэн цонхоор харагдана. Эбинийг ялдамхан харж, аяархан дуудна

Абби – Эбин! /эргэж харахыг нь үзээд эрхлэнгүй/ Ганцхан үнсье. Бүхэл өдөржингөө бид хамт байхгүй шүү дээ.

Эбин – Би ч бас тэгнэ. /цонх руу очно. Хүүхэн тонгойн тэд үнсэлцэнэ/ За боллоо дахиад үнсэх юм үлдэхгүй нь /инээнэ/

Абби – Надад бол үлдэнээ. /гэнэт/ Чи надад хайртай юу, Эбин?

Эбин – Миний таних бүсгүйчүүлээс хамгийн их таалагдаж байгаа нь чи, нээрэн шүү!

Абби – Таалагдах гэдэг хайртай гэсэн үг биш!

Эбин – Тэгвэл би чамд хайртай, одоо болсон уу?

Абби – /түүнийг бахдан харж/ Болсон.

Эбин – Би явахгүй болохгүй, эс тэгвэл өвгөн тэнэг орон гэрээ санаад гүйж ирнэ.

Абби – /итгэлтэй мишээж/ Ирвэл ирнэ л биз! Тэрнийг яаж ч маллаж болно. Энэ өрөө нар үзэхгүй удсан, цонхыг нь онгорхой орхие,тэгэх үү? Эбин энэ өрөө одоо минийх болсон тийм үү?

Эбин – /үрчигнэн/ Тиймээ.

Абби – /алдаагаа засч/ Үгүй, биднийх!

Эбин – Тиймээ

Абби – Энэ шөнө биднийх болсон, бид хайр сэтгэлээрээ бүлээцүүлж, амь оруулсан.

Эбин – /хэсэг азнаснаа/ Ээж минь явчихсан. Одоо булш бунхандаа амар жимэр байх болно.

Абби – Амгалан нойрсож байг! /ялдамхан зэмлэж/ Энэ өглөө уйтгартай юмны тухай ярих хэрэггүй.

Эбин – Би зүгээр л ярьсан юм.

Абби – Уй зовлонтой юм чамаас холуур тойрог. /зогсоц, эвшээнэ/ Явж жаахан унтъя. өвгөнд бие тааруу байна гээд хэлчихье, өөрөө цайгаа ууна биз.

Эбин – За тэр ирж явна. Дээшээ гарч үс зүсээ янзлаач!

Абби – Баяртай, намайг битгий мартаарай! /гараа үнсэн дохино/ /Эбин жуумалзан, мөрөө засан эцгийгээ хүлээнэ. Кэбот зүүн талаас гарч ирнэ. Тэр аажуухан алхсаар тэнгэр хангай шинжинэ/

Эбин – /хөгжилтэй/ Өглөөний мэнд, ааваа. Өдөр од тоолж байгаа юм уу?

Кэбот – /тэнгэр ширтсэн хэвээр/ Мөн сайханаа!

Эбин – /эргэн тойрон харж/ Яриа юу байхав, ийм эдлэн газар эрээд эрээд олохгүй.

Кэбот – Үгүй би тэнгэр хайрханы тухай ярьж байна.

Эбин – /жуумалзан/ Аа тэнгэр үү. Та харалган байж, сайхан муухайг нь яаж мэддэг юм бэ? /доог хийсэндээ баясан гуяа алгадан инээнэ/

Кэбот – /царайгаа барайлган/ Чи яасан их хөгжилтэй байх юм бэ? Юм уучихаа юу?

Эбин – /цайлган/ Архи уусан юм биз ээ, амьдрал л хөгжилтэй байна. /гараа өгч/ За бид хоёр бие биендээ өр авлагагүй боллоо шүү, гараа барих уу?

Кэбот – /болгоомжлон/ Чи юу болоо вэ?

Эбин – Өөрөө л мэд, энэ нь ч дээр байж магадгүй. /зогсоц/ Та намайг яагаав гэв үү? /хачин харж/ Тэр ирээд буцаад булшиндаа орсныг та мэдсэн үү?

Кэбот – Тэр гэж хэн юм бэ?

Эбин – Ээж. Тантай өр ширгүй болсон, одоо амгалан нойрсож болно.

Кэбот – /самгардан/ Би үнээний саравчинд бөх унтсан байна. Яаж тавтай унтахыг үнээнүүд зааж өгдөг.

Эбин – /ахин хөгжилтэй/ Үнээнүүд мандтугай. За за та ажилдаа гарах болж.

Кэбот – /дүнсгэрдүү жуумалзан/ Чи муу нусан жур надад тушааж байна уу?

Эбин – /инээн/ Би тушааж байнаа, ха ха ха! Та тушаахад дургүй байх нь ээ. Ха ха ха! Дургүй гэнэ. Би энэ тахианы чингэлэгт ганц азарган тахиа шүү. Ха ха ха! /инээсээр үнээний саравч руу явна/

Кэбот – /хойноос нь үзэн ядсаар харж/ Эхийгээ өвчсөн моньд. Донгио гөлөг. /нулимна/ Юм идмээр болж байх чинь. /байшин руу орно/

Хөшиг

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s