Южин О’Нил (1888-1953) – Хайлаас дорх хүсэл тачаал (Нэгдүгээр бүлэг)

Жүжгийн үйл явдал 1850 онд Америк улсын Нью Ингленд дахь Эфрайм Кэботын эдлэн газар (ферм) дээр өрнөнө. Байшингийн өмнө төмөр хаалгатай чулуун хаалга байх ба тэндээс тосгон орох зам зурайна. Хэзээ ч юм ногоон өнгөөр будсан цонхны тавцан нь гялайн харагдах байшин бас ч танагтай бөгөөд хана туурга нь цаг хугацаа, бороо шороонд элэгдэж хуучирсан аж. Байшингийн хажуугаар хоёр том аварга том хайлаас ургасан байх ба түүний салаа мөчир нь уг байшинг ороон нэвсийж нэг талаар хамгаалж, нөгөөтэйгүүр дарамталж байх шиг харагдана.

Өдөр тутам энэ байшинд амьдрагсадтай харьцсаар байгаад энэ бүхэн амьтай болсон мэт сэтгэгдэл төрүүлнэ. Нартай, салхигүй цэлмэг өдөр дээвэр дээр бөхийн наранд үсээ хатааж буй бүхий бүсгүйг санагдуулна. Бороотой үед дээвэр дээр нэг хэмээр модны мөчрөөс дусах нулимс нь доош урсан урсан алга болох мэт ажээ. Хоёр давхарт хоёр цонх байх нь Эфрайм Кэбот түүний хүүхдүүдийн унтлагын өрөө, доод давхарт мөн хоёр цонхтой зочдын өрөө байна. Энэ өрөөний цонхны хөшиг ямагт буулгаатай байх ба дэргэд нь гал тогооны өрөө байна.

Дүрүүд

Эфрайм Кэбот

Хүүхдүүд нь:

Симеон

Питер

Эбин

Абби Патнем

Бүсгүй

Фермийн эзэн

Фермийн хөгшин эзэн

Хийлч

Шүүгч

Хөрш фермийн хүмүүс

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НЭГДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ

1850 оны зуны эхэн сар. Салхигүй, бүгчим хамаг юм царцаж хөшсөн мэт байх бүлгээ. Тэнгэрийн хаяагаар нарны туяа улайрна. Жаргаж байгаа нарны туяа хайлаас мөчрийн оройг тод гэрэлтүүлэх авч түүний мөчирт хучигдсан байшин хий үзэгдлийн мэт уйтай дүнсийнэ. Хаалга онгойн Эбин гарч ирэн довжооноос буунгаа баруун тийш зам руу харна. Гартаа барьсан хонхоо хэсэг жингэнүүлснээ больж, толгой өргөн тээнэгэлзэн гайхах мэт сүсэглэн удаан ширтэнэ.

Эбин – Бурхан минь, ямар сайхан юм бэ?

Тэрээр 25-тай, чац өндөр, шөрмөслөг, ааг, болгоомж хослуулсан аятайхан төрхтэй нэгэн аж. Номхроогүй араатан шиг тогтож ядсан харцтай агаад өнгөрөгч өдөр бүр түүнд гарч чадахгүй байгаа сараалжин тор шиг санагдана. Хар сахал, буржгар оочтой, фермийн ажилчны бор хүрэн хувцас эгэлдэргэлжээ. Тэрээр нар жаргахыг бахдан ширтэж байснаа, эргэн тойрноо харж зэвүүцэн нулимаад гэрт орно. Симеон Питер хоёр тариан талбайгаас буцаж ирнэ. Тэд дүүгээсээ мэдэгдэхүйц ахимаг. Симеон нь 39-тэй, Питер нь 37-той юм. Ах дүү нар мөн л өндөр чацтай, шөрмөслөг, ханхар цээжтэй, гадна төрхөөс нь харахад Эбинээс бүдүүлэг боловч түүнээс зальтай, ажил хэрэгч аж. Олон жил биеийн хөдөлмөр эрхэлснээс бөгтөрдүү болжээ. Хамаг бие нь шороогоор дарагдаж, шавхай болсон хүнд гутлаа арай хийн зөөнө. Гэрийнхээ дэргэд ирээд зээтүүгээ тулан тэнгэрийн хаяаг ширтэн зогсов. Тэдний ширүүн төрх уяран зөөлөрнө.

Симеон – /бишрэнгүй/ Яасан сайхан харагдаж байна аа.

Питер – Хачин

Симеон – /бодол болон/ 18 жил өнгөрчээ

Питер – Юу гэнээ?

Симеон – Эхнэр Джен маань нас бараад 18 жил болж байна.

Питер – Би мартчихаж шүү.

Симеон – Би ерөөсөө мартаж чаддаггүй. Дандаа л санаанд орж ирээд байдаг юм. Өр өвдөх шиг болох юм. Ямар сайхан урт гоё, алт шиг шар үстэй байлаа.

Питер – /хайхрамжгүй/ Тийм билүү? /дуугүй болов/ Сем баруун зүгт алт байна гэнэ.

Симеон – /нар жаргахыг шохоорхсон хэвээр/ Нар яасан сайхан жаргаж байна вэ?

Питер – Энэ ч нэг юм хэлээд байгаа юм биш үү? /зориглон/ Тэнгэрт нар алтаар гялалзаж, баруун зүгт алт даллаж байна. Калифорнийн алтан сан, Сем ойлгож байна уу?

Симеон – /мөн урамшин/ Тэр чинь хөлийн дор алт хөглөрч байдаг лусын сан л юм гэсэн. /Тэд хэсэг зуур тэнгэр лүү ширтэж байснаа толгойгоо унжуулна/

Питер – /гаслан/ Энд тэгэхэд чулуу л байна. Хад асга дунд чулуун хана барьж байна. Өвгөнд зарагдаж, чи бид Эбин цөм мал адгуус шиг зүтгэж, өөрсөндөө авс бэлтгэж байгаа юм биш үү?

Симеон – Бид залуу нас, тэнхээ тамираа барж энэ хараалт газрыг бөөцийлж ирлээ. /хорсолтой хөлөө дэвсэлж/ Тэглээ гээд хамаг ашиг нь мань хүний халаасанд ордог шүү дээ.

Питер – Калифорнид бид ингэж ажилласан бол шан татсан мөр бүр нь цул алт байх байхгүй юу.

Симеон – Калифорни ч хол, бараг ертөнцийн нөгөө хязгаар гэхдээ үзээд л алдах хэрэгтэй дээ.

Питер – Энэ газрын чинь сөөм болгонд нь бидний хөлс шингээстэй, тийм болохоор энэ бүгдийг хаяад явах гэж үү?

Эбин гал тогооны өрөөний цонхоор цухуйж тэдний яриаг чагнана.

Симеон – Э-хэ-хэ! Өвгөн мөд мажийх болов уу?

Питер – Хэн мэдлээ

Симеон – Ер нь өөд болчихсон юм биш биз дээ?

Питер – Бүү мэдээ.

Симеон – Яваад хоёр сар боллоо. Ямар ч сураг ажиг алга.

Питер – Нэг ийм үдэш л юу болсон юм бэ бүү мэд баруун тийшээ л гарч өгсөн шүү дээ… нэг л хачин … тосгон руу л явна уу гэхээс хэзээ ч ийш тийшээ явдаггүй хүн … Эбиний эхтэй сууснаас хойш гучин жил энэ эдлэнгээсээ холдоогүй л юм даа. /хэсэг азнаснаа хорсолтой/ Ер нь галзуурсан гээд зар тараачихвал яасан юм бэ, шүүх нотлоод өгнө биз.

Симеон – Тэр чинь ямар ч шүүхийг тоохгүй, нулимаад л өнгөрнө. Хойд төрөлдөө яахыг нь хүлээхээс

Эбин – /хорсонгуй инээмсэглэнэ/ Төрсөн эцгээ хүндэтгээч! / Симеон, Питер хоёр цочин дүүгээ харна. Мушилзаж, царайгаа барайлгана/ Би ч өвгөнийг үтэр тонилоосой гэж залбирч байна. /нөгөө хоёр гайхан харна. Эбин юу ч болоогүй юм шиг/ Хоол бэлэн шүү.

Симеон, Питер – /зэрэг/ Эх – эх!

Эбин – /нар жаргахыг харж/ Бурхан минь, ямар гоё юм бэ?

Симеон, Питер – /зэрэг/ Тэнд баруун зүгт алт бий гэнэ.

Эбин – Тэнд гэж хаана?

Симеон, Питер – /зэрэг/ Калифорнид

Эбин – Хэ! /тэднийг ажиглаж байснаа үгээ зөөж/ За, за хоол хөрчихлөө. /гал тогооны өрөө рүү орно/

Симеон – /хатсан уруулаа долоож/ Би өлсөж байна

Питер – Хатаасан гахайн мах л үнэртэж байна.

Симеон – Гахай дажгүй шүү

Питер – За гахай бол гахай л биз!

Тэд өвс тэжээлдээ гарч саравч руу буцаж яваа хоёр шар шиг зэрэгцэн бие биендээ тээглэн урагшлана. Тэд байшинг баруугаар нь тойрон далд орох ба хаалга онгойх чимээ хяхтнан дуугарна.

ХОЁРДУГААР ҮЗЭГДЭЛ

Нар жаргаж үдшийн бүрэнхий болно. Төв хэсэгт нарсан банзаар хийсэн ширээ, бүдүүн бааз дөрвөн модон сандал бүхий гал тогооны өрөө харагдана. Ширээн дээр гурван ширхэг таваг, лаа, талх, устай домбо байна. Өрөөний баруун буланд зуух, Калифорн гэж тодоос тод үсгээр бичсэн усан онгоцны зурагт хуудас ханан дээр байна. Хананд зоосон хадааснуудаас таваг, шанага өлгөжээ. Цэвэрхэн, эмх цэгцтэй боловч энэ нь гэр орны биш хуарангийн эмх цэгц бөгөөд эмэгтэй хүний гар үгүйлэгдэх ажээ.

Симеон, Питер хоёр гал тогоонд чихэлдэн сандал дээр лагхийн суув. Эбин зуухан дээрээс чанасан төмстэй гахайн мах авч ширээн дээр тавин тэдэнтэй нийлнэ. Гурвуулаа нэг ч үг дуугарахгүй хооллоно. Симеон, Питер хоёр араатан аятай хомхойрон үмхлэх ба Эбин тэдний зүг хааяа таагүй харц чулуудан дуртай дургүй халбагадана.

Симеон – /Эбин рүү хандаж гэнэт/ Хөөш, чи өвгөний тухай тэгж ярьж болохгүй шүү.

Питер – Чи шударга биш байна

Эбин – Би юу ярьсан гэж?

Симеон – Хөгшинийг үхээсэй гэж залбирч байна гэж

Эбин – Та нар дотроо тэгж залбираагүй гэж үү?  /чимээгүй болцгоов/

Питер – Тэр чинь бидний эцэг биз дээ?

Эбин – /уурсан/ Минийх л биш юмдаг

Симеон – Чи төрсөн эхийнхээ тухай ийм үг хэлсэн бол яаж байх бол доо! /Симеон нь арзайтлаа хөхөрч Питер нь майсайн инээнэ/

Эбин – /царай нь цайж/ Тэрүүнийг надтай адилтгах юм юу ч байхгүй.

Питер – Гайгүй чи тэдний насанд хүрэх байлгүй.

Эбин – Би эхээ л дуурайсан хүн. Мах цусных нь тасархай. /Симеон, Питер хоёр хайхрамжгүй сониучирхан харна/

Питер – /дурсах мэт/ Тийм л дээ. Сайн хойт эх байсан юм, намайг ч Симеоныг ч ад үздэггүй байсан.

Симеон – Тиймээ хүн болгонд сайн санаа л явдаг эмэгтэй байсан.

Эбин – /бос ч зовсондоо эв хавгүй тус тусд нь мэхийн/ Баярлалаа, та хоёрт. Их баярлалаа. /сууна/

Питер – /хэсэг азнаснаа/ Өвгөнд ч их сайн байсан.

Эбин – /огцом/ Сайн байлаа гэж, ачлаж байлаа гэж эхийг маань хөнөөгөө юу?

Симеон – /баясан/ Хэн ч хэнийг ч хөнөөгөөгүй. Нөхцөл байдал л тийм юманд хүргэдэг юм.

Эбин – Хөгшин л эхийг маань тийм юманд хүргэсэн шүү дээ.

Питер – Тэр чинь өөрийгөө ч хөнөөж чадах хүн. Намайг ч, чамайг ч, Семийг ч хайрлахгүй. Гэхдээ бид чинь амьд л арзайж яваа биз дээ?

Симеон – Тэрнийг нэг юм хатгаад байдаг шиг байгаа юм.

Эбин – За гайгүй хариугаа авах цаг ирэх байлгүй. /мушилзаад/ Тэр хатгаад байдаг “нэг юм” гэдэг чинь тэгээд юу юм бэ дээ?

Симеон – Ойлгоход бэрхээ

Эбин – Та нарыг Калифорн руу хатгаад байдаг тэр “нэг юм” өвгөнийг бас хатгадаг байж болох шүү дээ. / Симеон, Питер хоёр түүнийг гайхан харна/ Та нар ямар ч алтны хойноос хаашаа ч явахгүй.

Питер – Хэн мэдлээ

Эбин – Та нар тэр хүрэх мөнгө хаанаас олох юм бэ?

Питер – Бид нар хоёр зээрдээрээ ч таваргаж чадна. Хэрэвзээ энд газар хагалаж, чулуу зөөж явснаа хэмжвэл саранд хүрэх байлгүй.

Эбин – Та нарыг замын дунд хүрээгүй явахад индианчууд хуйхыг чинь хуулаад ар дээр чинь тавина даа.

Симеон – /тоглох аядан/ Бид хоёр хэний ч хуйхыг хуулж дөнгөх юм чинь.

Эбин – /зөрүүлэн/ Та нар хаашаа ч хөдлөж чадахгүй. Өвгөнийг мажийхыг л хүлээж байгаад хувь хөрөнгөө олж авч үз.

Симеон – /хэсэг дуугүй болсноо/ Бид хувь хүртэх эрхтэй юм байгаа биз дээ.

Питер – Гуравны нэг нь биднийх!

Эбин – /босон харайж/ Та нарт хувь хүртэх юм энд нэгээхэн ч байхгүй. Энэ эдлэнг эхээс маань зөнөг өвгөн булаасан. Одоо эх маань байхгүй хойно эдлэн миний!

Симеон – Чи наадахаа хөгшнийг ирэхээр л хэл. Элэг нь хөшиж унана гэдгийг доллар тавин мөрийцье. /инээх ба хуцах мэт дуулдана/

Питер – /нөгөөдөхөө даган хөхөрч/ Ха ха ха!

Симеон – Эбин, чи биднийг юу гэж ад үзэж байгаа юм бэ? Чамайг эртнээс бидэнд хорсож явдгийг мэдэж байна.

Питер – Ёстой

Эбин – Тийм ч байж болох юм. /эрс/ Гэхдээ та нар нэг удаа эхийг маань өмөөрч үзсэн үү. Манай зөнөг эцэг эхийг маань унаж тустал зүтгүүлж байхад та нар дуугүй хараад л зогсож байдаг байсан шүү дээ. Тэгэхэд та нарыг л гэж явсан биз дээ? /Симеон, Питер хоёр Эбинийг бүлтийн ширтэнэ/

Симеон – /хэсэг азнаснаа/ Үгүй Эбин, хэн нэгэн морь малаа услах ёстой байсан биз дээ?

Питер – Дарх хийх хэрэгтэй

Симеон – Газар хагалах ёстой

Питер – Өвс хадах

Симеон – Өтөг шаваг арилгах

Питер – Хог өвс зулгаах

Симеон – Түлээ мод хагалах

Питер – Үнээ малаа саах ёстой шүү дээ.

Эбин – /хашгаран/ Чулуун хороо барих гээч … зүрх чинь чулуужтал чулуу зөөгөө биз дээ?!

Симеон – Бидэнд хүний хэрэгт хушу дүрэх цаг байгаагүй.

Питер – Чи балчир хүүхэд биш өөрөө юу хийж байсан юм бэ?

Эбин – Би тэр цагт юу ч ойлгодоггүй байж. Ээжийгээ өнгөрснөөр хойш л ухаан орж байна. /зогсож/ Одоо л би эхийгээ ойлгож ямар зовлон туулсныг нь биеэрээ мэдэрч байна. Төмс чанаж, мах шарж, гурил эсгэж, гал түлж, үхэр хөллөж, ямар ч юм хийсэн өдөр шөнөгүй эх маань дэргэд минь байж туслаж байдаг. Зуухны дэргэд зогссоор хиншүү хярвасанд нүд хорсож амьд байсан шигээ цустай нулимс унагаж байдаг юм. Амьддаа амар тайван байж үзээгүй одоо ч авсандаа сэтгэл амар нойрсож чадахгүй байна.

Симеон – Эх чинь хэзээ ч хэл үг гаргаж байгаагүй шүү дээ.

Эбин – Эх маань ядрахын туйл болдог байснаас гадна гомдол санал тавих завгүй явсан юм. Хүнийг ямар болгож байнав дээ? /өширхөн/ Эрт орой хэзээ нэгэнт цагт хөгшин зөнөгт хэлэх юмаа хэлнэ дээ! Ээж маань газар дор яс амар хэвтэг! /суун дуугүй болно. Симеон, Питер хоёр маш гайхан Эбинийг ширтэнэ/

Питер – /дуугүй азнаснаа/ Сем мань хүн ямар үхснээ хийж явсан юм болоо?

Симеон – Чөтгөр бүү мэд. Намайг тариан дээрээс ирэхэд зөрөөд л хаалгаар гарч явсан. Байдгаараа гоёчихсон, тэр чинь хавар шүү дээ, таван сард, би газар хагалаад буцаж явснаа сайн санаж байна. “Хаачих нь вэ аав аа?” гэсэн чинь мориныхоо амыг татаж намайг нэг муухай харсан, тэгэхэд нь би согтуу байгаа юм болов уу гэж бодсон. Тэгсэн “Намайг эзгүйд алга болох гээд үзээрэй” гэнэлээ.

Питер – Одоо биднийг Калифорн руу явах гэж байгааг мэдвэл ангайж хоцроно байх даа.

Симеон – Би тэр үед нэг ч үг дуугараагүй. Намайг нэг их хачин харснаа, ядарсна байртай “Өдөр бүр амтай болгон язганаж, сүвэй болгон сүүхэлзэж эхлэхэд байж суу болохгүй юм. Ялангуяа хавар болоход бүр ч хэцүү хөгцөрсөн хөвд өвс шиг болдог юм ” гэлээ. Тэгсэн чинь би жаахан горьдлоготой харсан юм байлгүй. “Горьдсны нэмэргүй, би зуу хүрнэ” гэж ам гарсан. Тэгэхээс тэгэх гэж хэлсэндээ л хүрнэ. Энэ хавар бурхан надад энэрэл ивээлээ элгээх эсэхийг мэдэхээр бошиг үзүүлэгч зөнч шиг явлаа. За ажлаа хий” гэж хэлээд дуу аялаад яваад өгсөн. Хэрэвзээ эрүүл байсныг нь мэдсэн бол би тэрнийг явуулахгүй байсан юм.

Эбин – /доромжлонгуй/ Чи мөн ч явуулахгүй байх даа. Тэр чинь та хоёроос хавьгүй тэнхээтэй, тэгээд ч чи айдаг шүү дээ.

Питер – Аа, чи айхгүй юу? Чи баатар болчихоо юу?

Эбин – Би бяр тэнхээтэй болно. Өдрөөс өдөрт чадал сууж байгаагаа би мэдэрч байна. Явж явж бяр тэнхээ маань гадагш хага гарна. /босч польто, бүрх малгайгаа өмсөнө. Хоёр ах нь түүнийг ажиглана./ Би одоохон хүрээд ирнэ.

Питер – Тосгон руу явах нь уу?

Симеон – Минни дээр очих нь уу?

Эбин – /зориуд/ Тэгнээ

Питер – /шоолонгуй/ Олддоггүй юмаа олж дээ.

Симеон – /Питерт/ Чадал тэнхээ нь нэмэгдэж байна гэнэ. Түй, гүйдэл чиь л нэмэгдэж байгаа байх даа.

Эбин – Миний сайхан хүүхэн!

Питер – Хорин жилийн өмнө бол давгүй байсан байж магадгүй

Симеон – Ийм залуу харчуултай үсэрдэг болохоор залуужиж байгаа байлгүй. Гэхдээ үнэнийг нь хэлбэл 40-тэй байх ёстой.

Эбин – Үгүй шүү

Питер – 40-тэй биш бол дөхсөн л байх ёстой доо.

Эбин – /цөхрөнгүй/ Чи яаж мэддэг юм бэ?

Питер – Тэрэндээ хүрвэл цөмөөрөө л мэднэ шүү дээ. Сем ч, би ч мэднэ одоо чи …

Симеон – Анхны багш нь юм чинь эцэг чамд хэлээд өгөх байлгүй дээ.

Эбин – Эцэг үү?

Симеон – /шоолон/ Тиймээ, бид бүгдээрээ л дамжлаа шүү дээ.

Эбин – /биеэ арайхийн барьж/ Тэгээд гайхуулаад байхдаа яадаг юм бэ. /хаалга нээн/ Би тэр хүүхэнд үзүүлээд өгье

Симеон – /Питерт нүдээ ирмэж/ Очтолоо ухаан чинь сийрэх байлгүй дээ. Ийм сайхан орой хэрэлдэж зодолдож байхаар тас тэврэлдэж байсан нь дээр

Питер – За тээр, ухаан нь сийрэв бололтой.

Тэр хоёр хөхрөлдөнө. Эбин хаалга тасхийн хааж, гүйж гарна. Довжооноос буун байшингийн булан тойрч хаалганы дэргэд зогсон тэнгэр ажиглана.

Симеон – Яг л манай өвгөн гэсэн үг.

Питер – Өвчсөн юм шиг гээч.

Симеон – Энэ хоёр ч бие биенээ хэмлэнэ дээ

Питер – Ай даа! /хэсэг азнаснаа уйтгартай/ Бид жилийн дараа Калифорнд очих байх даа.

Симеон – Магадгүй. /өндийн эвшээнэ/ Явж унтъя /тэр хоёр явна/

Эбин – /тэнгэр лүү гараа сунгаж/ Бурхан минь, ямар олон од вэ? Тэр миний од, тэр Симеоных, тэр Питерийнх, тэр захынх нь Миннагийнх. Бид бүгдээрээ нэг л тэнгэрийн хаяанд төрсөн улс. Би Минниг шууд үнсээд авбал яах бол. Тэр хүүхэн энэ шөнийн тэнгэр шиг эелдэгхэн, энэ одод шиг гялалзсан нүдтэй, халуун янаг уруул, уян зөөлөн гартай.

Бурхан минь, тэр сайхан хүүхэн! Надаас өмнө нүгэл үйлдэж байсан эсэх нь ямар хамаатай юм бэ? Сайхан төрсөн бол болоо юм биш үү? Нүгэлтэй юм амттай гэдэг биз дээ. Бурханы өмнө бид цөмөөрөө нүгэлтэн биш гэж үү? /замаар орон явж одно/

ГУРАВДУГААР ҮЗЭГДЭЛ

Үүр хаяарч байна. Эбин зүүнээс гарч ирнэ. Амандаа гиншин, жуумалсаар үүдний шат руу очно.

Эбин – Хараал идсэн хөгшин ухна. /байшинд орон шатаар өгссөөр ах нарынхаа унтлагын өрөөг тогших сонсдоно/

Симеон – /нойрмоглон/ Хэн бэ? /хаалга онгойж гартаа лаа барьсан Эбин орж ирнэ. Лааны гэрэлд ташуу адартай өрөө үзэгдэх ба адар нь намхан учир ганцхан арын хананы дэргэд л босоо байж болох ажээ. Симеон, Питер хоёрын том ор цаана нь Эбиний эвхдэг ор байх аж./

Эбин – /бага зэрэг мэгдсэн байдалтай, инээмсэглэхийн хамт бах нь ханасан байдалтай/ Би байна!

Питер – /хорсолтой/ Ямар чөтгөрөө гэж …

Эбин – Ха! Та нарт дуулгах сонин байна.

Симеон – /ууртай/ Өглөө хүртэл амаа хамхиж болсонгүй юу?

Эбин – Өглөө болохоор байна шүү дээ! Хөөш! Таминь ээ, өнөөх чинь ахиад гэрлэсэн гэнээ

Симеон, Питер  /зэрэг/ Хэн? Эцэг үү?!

Эбин – Гучин тав орчим настай их гоё хүүхэн гэнээ.

Симеон – /сонссон юмандаа цочирдон/ Донгосов оо!

Питер – Хэн чамд чалчаа вэ?

Симеон – Чамаар даажигнаа байлгүй дээ.

Эбин – Үгүй ер, намайг юу гэж бодоо вэ? Бүх тосгоноороо л нэг шаагиж байна. Нью-Доверээс ирсэн лам ярьсан гэнэ. Манай шинэ ээж болох хүн маань тэр нутгийнх, хөгшнийг гэрлэсэн гэж манай ламд тэр ламбугай хэлсэн юм байна.

Питер – /цочирдон/ Үгүй ер гэж!

Симеон – /түүнийг давтаж/ Үгүй ер

Эбин – /орон дээрээ суунгаа заналтай/ Ад шүглэсэн амьтан! Хөгшин илжиг тэгэхээс тэгэх гэж ингэж байгаа юм.

Питер – /бодлогошронгуй/ За тэгвэл ч хамаг юм тэр хүүхэнд очжээ.

Симеон – Яг тэгнэ. /царай алдан/ За яахав тиймдээ хүрвэл ч

Питер – /бушуухан/ Сем бурхан ингэж таалжээ! Калифорнд алт бий, чи бид нар энд ингэж зууралдаад байх хэрэг алга.

Симеон – Яг наадахыг чинь бодож байлаа. /шийдвэртэй/ Ер нь одоо ингэсхийгээд явбал яасан юм бэ, аан? Юугаа хүлээх юм бэ?

Питер – Болж л байна.

Эбин – Та нар хоёр зээрдээрээ таваргах нь үү?

Симеон – /доромжлон/ Чи жигүүр зээлдүүлдэг юм бол бид дуртай нь аргагүй нисэлгүй дээ.

Эбин – Уг нь усан онгоцоор явбал дээр тийм биз дээ? /үнгэгдсэн цаас халааснаасаа гарган/ Энд гарын үсэг зураад далайгаар явж үз. Баруун луу явбал хэрэг болно гэж энэ бичгийг аль эрт бэлдсэн юм. Та хоёр энэ эдлэнгээс авах хувиа надад зарвал хүн бүр 300 доллар авна. За? / Симеон, Питер хоёр бигийг итгэлгүй харж дуугүй болно/

Симеон – /эргэлзэнгүй/ Өвгөн авай авсан бол энэ эдлэнг …

Питер – Үгүй чи энэ их мөнгийг яаж олж авснаа эхлээд хэл.

Эбин – /зальтай мишээж/ Мөнгөө хаана нууж байсныг нь би мэддэг юм. Ээж байхдаа хэлсэн юм чинь. Аль эртний мэднэ. Энэ мөнгө бол ээжийн минь юм. Эдлэн газраас олсон мөнгө, тийм болохоор одоо миний мэдлийнх.

Питер – Тэгээд хаана нууж байсан байж вэ?

Эбин – /мишээсэн чигээрээ/ Ха! Та нарын зүүдлээч үгүй газар. Ээж маань нэг удаа нууцаар дагж явж харсан гэсэн. Тэгээгүй бол хэн ч мэдэхгүй байх байсан юм. /Зогсоц. Гурвуулаа бие биенээ итгэлгүй харцгаана/ За тэгээд яах вэ?

Симеон – Бүү мэд

Питер – Мэдэхгүй

Симеон – /цонхоор харж/ Үүр хаяарч байна.

Питер – Эбин, юу  ч гэсэн гал түлж үз.

Симеон – Цай, хоол хийж үз.

Эбин – /үнээсээ тохуурхан/ Тэр яах вэ, бололгүй дээ. Гэдэс хонхолзуур явган Калифорн орно гэвэл бэрх л байх даа. /хаалга руу очингоо учиртай нь аргагүй нэмж хэлэх нь/ Гэхдээ та хоёр заавал явган таваргах гэхгүй усан онгоцоор явбал болно шүү дээ. Та нараас л шалтгаалах хэрэг. /хаалга хүрэн хүлээн зогсов. Ах нар нь түүнийг ширтэнэ/

Симеон – /сэжигтэй/ Чи шөнө хаачаа вэ?

Эбин – /өдөнгүй/ Минни дээр очсон! /яаралгүй хүүрэнэ/ Эхлээд яаж ойртох билээ гэж бодож явлаа. Тэгтэл та нарын хэлсэн заваан түүхийг санаад сүйдлээд өгье гэж бодлоо. Тосгонд очтол эцгийн паянг дуулдаг юм байна. Тэгтэл ямар ч утгагүй мэт санагдаад бодох санах ч юмгүй Минни дээр очсон. /дуугүй болно. Түгдэрч байснаа улам өдөн/ Тэрнийг хараад үнсье ч гэж, доромжлоё ч гэж бодсонгүй… зүгээр л галзуу юм шиг харааж загнасан… тэгсэн чинь дороо шалчийгаад ирнэ лээ… тэгэхээр нь барьж аваад … тэгээд л минийх болсон доо. /бардан/ Би тэрнийг үзсэн. Та нар эдлэж байсан байж магадгүй, гэхдээ одоо минийх!

Симеон – /хуурай/ Яагаав, дурлачихаа юу?

Эбин – /ихэмсэг/ Дурлах гэнээ, гайгүй байлгүй.

Питер – / Симеон руу ирмэн/ Энэ маань бас нэг авгай авах нь л дээ.

Симеон – Тэгвэл ч дундаа хэрэглээд дажгүй шүү. / Симеон, Питер хоёр хөхрөлдөнө/

Эбин – Надад өврөө л нээж байвал бусад нь ямар хамаа байнаа. Хамгийн гол нь өвгөнд хүртээлгүй, одоо минийх болно. /үүд рүү очсноо эргэж харан/ Тэгээд ч тийм ч замаа алдсан амьтан биш, тэрнээс ч дор нь бий. Хөгшний авчрах үнээг харъя л даа. Тэр нь Минниг оролдоод байвал харин үзүүлээд өгнө шүү.

Симеон – /гэнэт ухаарах мэт/ Аа, чи манай шинэ ээжийг бас … тэнгэр харуул юм биш биз дээ?

Питер – Ха ха ! /агдангуй хөхрөнө/

Эбин – /ой гутсандаа нулиман/ Түй! Тэр … муу… энд… тэр өгөр толгойтой унтаж… бас ээжийн маань эдлэнд эзэн суух гэнэ! Тийм юманд орвол гахай тэвэрч хэвтсэн нь дээр! /явж одно/

Нөгөө хоёр Эбиний хойноос харан холдон холдох алхааг нь чагнана.

Питер – Гал тогоо руу явлаа

Симеон –  Би ч Калифорни руу тонилсон нь дээр гэж бодож байна. Гэхдээ …

Питер – Энэ болгоныг Минни зохиогоод, наадынхаа толгойг эргүүлээд байна уу?

Симеон – Тэр гэрлэсэн мэрлэсэн гэдэг бүгд худлаа юм биш биз дээ. Ирэхийг нь хүлээж нүдээрээ харсан нь дээр биш үү?

Питер – Тиймээ, өөрсдөө үзэж байж л гар хөлийнхөө үсгийг зуръя.

Симеон – Тэр мөнгөний тухай ч гэсэн ахин шалгах хэрэгтэй! /инээн/ Хөгшин, нэг юм чирээд ирвэл, бидэнд тэртээ тэрэнгүй байхгүй юмыг Эбинд худалдчихъя.

Питер – Харж байж л болъё. /гэнэт догшрон/ Эцгийг ирээгүй цагт ер хөдлөхгүй шүү. Дуртай юм бол Эбин зовж гаслаж л байг. Ууж, идээд дураараа амар ч авъя. Энэ хараал идсэн эдлэн газар сөнөвөл сөнөнө л биз!

Симеон – Чөтгөр аваг, бид чинь сүүжээ амрааж болно биз дээ. Баячуудыг нэг ч гэсэн дуурайж орондоо хэвтэх юм хунадаа.

Питер – Хоол болтол хэвтэж л байя.

Симеон – /дуугүй болсноо бодлогошронгуй/ Манай энэ хойт эх маань ямаршуу амьтан юм бол? Эбиний хэлдэг шиг тийм аятайхан юм болов уу аан?

Питер – Магадгүй л бий вий.

Симеон – Тэгвэл тэр хүүхэн банзалтай ад зэтгэр болж тамд жаргах гээд байгаа өвгөн маань үтэр түргэн тонилж үзэг.

Питер – /дуртай нь араггүй/ Аминь!

Симеон – /эцгээ дуурайн/ “Энэ хавар бурхан надад энэрэл ивээлээ элгээх эсэхийг мэдэхээр зөнч шиг явлаа … ” тэгж хавар явахдаа л зөнөг чинь садарлах гэж явсан байж таараа.

ДӨРӨВДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ

Гал тогоо. Үүр цайна. Ширээн дээр асаасан лаа, Симеон, Питер хоёр цайлж дуусаж байна. Эбин бодлогошрон хоолондоо огт ам нээхгүй сууна.

Питер – /Эбинийг хяламхийснээ цухалдангуй/ Бодоод бодоод бодын шийр дөрөв шүү дээ.

Симеон – /тохуурхан/ Наад чинь гүйдэлтэй болчихоод амар заяа үзэхээ байж

Питер – Чи чинь анх удаа л хүүхэнтэй ойртож үзэж байгаа юм уу?

Эбин – /хорсон/ Чамд ямар хамаа байна! /зогсоц/ Би хөгшний тухай л бодож байна. Их л ойрохон байх шиг санагдах юм. Халуун хумхаа шиг ойртоод байгааг нь би мэдэж байна.

Питер – Тэр ирлээ ч ийм эрт ирэхгүй.

Симеон – Хэн мэдлээ! Бид нарыг байна уу гэж гэнэдүүлж ирэх ч гэж байгаа юм билүү.

Питер – /зөнгөөрөө өөрийн мэдэлгүй босон/ Явалгүй болохгүй нь. /Питерийн араас Симеон босож үүд рүү ухасхийснээ гэнэт санах мэт зог тусна/

Симеон – Пит чи ямар тэнэг юм бэ, би бүүр ч мангуу юм. Биднийг зүгээр сууж байгааг хараг л дээ. /ширээ рүү буцаж ирнэ/

Питер – Ёстой доо, чөтгөр ав. Бидний яаж байгааг харж л байг. /сууцгаана. Эбин тэр хоёрыг ээлжлэн нүдээ бүлтийлгэн харна/

Симеон – /Эбинд/ Үхэж байвал таарна!

Питер – Тэр муу хөгшин зөнөгөөс бэргэж хулгаад байх юм алга. Чөтгөр шулам руугаа тонилж л байг!

Симеон – /Эбинд/ Чи чинь эндэхийн ганц эзэн нь болох юмсан гээд байл уу, болж болно шүү.

Питер – Тэр үхрүүд хашаа эвдчих гээд байна салгаач!

Эбин – /баяртай/ Та нар гарын үсэг зуръя гэж бодож байгаа юмуу, тийм үү?

Симеон – /хуурай/ Магад ч үгүй.

Питер – Магадгүй

Симеон – Бид бодох хэрэгтэй байна. /тушаангуй/ За, чи явж ажлаа хийгээч.

Эбин – /сэтгэл хөөрөн/ Одоо энэ эдлэн ахиад ээжийнх минь боллоо. Минийх боллоо! Миний үнээнүүд би өөрөө үнээгээ саана. /гарна/

Симеон – /дуугүй азнаснаа/ Эцгийг өвччихсөн юм.

Питер – Яг л биеэрээ

Симеон – Энэ хоёр нохой шиг бие биенээ хэмлэнэ дээ. /Эбин довжоонд дээрээс буун байшингийн булан тойрон одно. Үүр цайж байна./

Эбин – /хаалганы дэргэд зогсон эргэн тойрноо бахархасан шунасан харцаар харна/ Сайхан байна шүү, чөтгөр гэж, яамар аятайхан байна вэ? /тэнгэртэй тэрсэлдэх гэсэн мэт толго өндийж/ Миний эдлэн дуулж байна уу? Минийх! /эргэн тайзны гүн рүү явж, үнээний хашаа руу орно. Симеон, Питер хоёр гаанс баагиулна./

Симеон – /ширээн дээр шавхайтай гутлаа тавин, сандал налан тамхи сорно/ Ганц удаа ч болов налайж хэвтэе.

Питер – Айдаа, яриа юу байхав. /нөгөөдөхөө дуурайна. Зогсоц хоёул шүүрс алдана/

Симеон – /гэнэт/ Үгүй, нөгөөх чинь хэзээ үнээ сааж гийгүүлж байлаа.

Питер – /тургин/ Гар нь мод гэсэн үг. /зогсоц/

Симеон – Алив тэр шилтэйг ойртуулаач. Дотор давчдаад байх чинь юм амсдаг юм билүү.

Питер – Тэр ч санадаг санаа шүү. /тавиур дээрээс шилтэй виски авч хоёр аянганд аягалана/ Алтны төлөө!

Симеон – Аз ивээтүгэй! /тэд аягатайгаа уунгаа ширээн дээрээс хөлөө авна/

Питер – Нэг л явахгүй байх чинь

Симеон – Бид хэзээ ч ийм эрт тухлаж байгаагүй дээ. /дуугүй болно. Тэдэнд эвгүй байх шиг байна/

Питер – Энд нэг л бүгчим байна.

Симеон – Гарч салхилъя. /тэд гаран байшингаа тойрон хаалганы дэргэд зогсож бахдаж бахархсандаа дуугүй болон тэнгэр ширтэнэ. /

Питер – Сайхан аа!

Симеон – Ай даа

Питер – Нар ч гэсэн бидэн шиг алтан баруун руу яарч байна.

Симеон – /гэнэт сэтгэл хөдлөлөө нууж эс чадан/ Магадгүй бидний энд байх сүүлчийн өглөө ч юм билүү.

Питер – Магадгүй ээ!

Симеон – /газар дэвсэн газарт хандаж/ Гучин жил би чамайг хөлс, цусаараа тэжээсэн, гучин жил алга дарам бүрийг чинь үр хүүхэд шигээ аргадаж, бөөцийлж ирсэн, бурхан минь өршөө.

Питер – Би ч бас тэр

Симеон – Тиймээ, Питер бид хоёр. /санаа алдснаа нулимаад/ За яахав, асгарсан сүүг эргүүлж савладаггүй гэдэг.

Питер – Баруунтай алт бий. Бид энэ чулуун хананы боол болсон одоо бурхан эрх чөлөө хайрлах биз.

Симеон -/өдөнгүй/ Одоо бид хэний ч юуны ч боол биш. /дуугүй болсноо санаа зовинож/ Сүү гэснээс нөгөө Эбин маань юу болж байгаа болоо?

Питер – Сааж л байгаа биз.

Симеон – Туслах юм биш үү.

Питер – Туслаж болох л юм. Үнээд маань биднээс өөр хүн ойртуулахгүй шүү.

Симеон – Мань хүнээс бэргэнэ. Бидэнд бол дасчихсан юм.

Питер – Үнээ байтугай, тахиа, гахай морь ч сүйд болно.

Симеон – Адгуус ч гэсэн дотносдог.

Питер – Одоо бидэнд юу ч байхгүй шүү дээ.

Симеон – /уйтгартай болон/ За яахав дээ, Эбинд явахаасаа өмнө нэг тус болъё.

Питер – Тэгье тэгье.

Тэд үнээний хашаа руу явтал Эбин гүйсэн байдалтай амьсгаадан гарч ирнэ.

Эбин – /жигтэйхэн хөөрчихсөн/ Ирж явна! Нөгөөдүүл чинь! Хөгшин ухна шинэ эхнэртэйгээ ирж явна. Би үхрийн хашаанаас харсан доод тойрог дээр явна.

Питер – Чи ийм холоос яаж ялгаж хардаг юм бэ?

Эбин – Би мань зөнөг шиг хараа муутай биш, тэгээд ч өөрийнхөө сүйх тэрэг, морио танихгүй гэж үү? Хоёр хүн явааг ялгаж чадахгүй гэж үү? Тэрнээс өөр хэн наашаа зүглэх вэ дээ … тэгээд ч тэдний ирж явааг би мэдрээд байсан юм. /тэсч ядахдаа зовиурлана/

Питер – /уурлан/ Өөрөө морио тавьж идээшлүүлнэ биз.

Симеон – /мөн уурлан/ Бушуулъя. Ирэхээс нь өмнө жаал юмаа цуглуулж авъя. Ирсэн хойно нь буцаж орох хүсэл алга.  /байшин руу зүглэнэ/

Эбин – /санаа зовон/ Та нар явахаасаа өмнө гарын үсэг зурах уу?

Питер – Мөнгөө торхон дээр тавьчих, тэгвэл зурамз.  /Симеон Питер хоёр юмаа авахаар дээшээ гарна. Эбин гал тогоо руу яаран орж, цонхоор харснаа, зуух руу очин сөхрөн сууна. Шалны банз сөхөн шуудайтай юм гарган ширээн дээр хаяна. Юмаа арай хийж аялуултал нөгөө хоёр гарч ирнэ. Хоёулаа аяны богц барьжээ/

Эбин – /шуудайгаа гараараа дарж/ Зурсан уу?

Симеон – /бичгийг харуулж/ Энэ байна! /ширээ рүү дохин/ Мөнгө!

Эбин – /мөнгийг асгана/ Энд 20 долларын гучин зоос бий, тоолцгоо.

Питер – /зоосыг тоолон нэг хоёрыг хазаж үзэн дээр дээр нь тавина/ 600 яг байна. /зоосоо шуудайнд хийж ар талдаа нямбай нууна/

Симеон – /Эбинд бичгийг сарвайн/ Май!

Эбин – /бичгийг авч нямбай эвхэн мөн ардаа нууна/ Баярлалаа

Питер – Чамд их баярлалаа.

Симеон – Бурхан багшийн бяраар чамд алтны хэлтэрхий явуулмаз. /нөгөө хоёр явахаа шийдэж чадахгүй дороо холхино/

Питер – За, бид нар явлаа

Симеон – Чи биднийг гаргаж өгөхгүй юм уу?

Эбин – Үгүй, энд тэднийг хүлээнэ /нөгөө хоёр хаалга руу тээнэгэлзэн явснаа зогсоно/

Симеон – Тэгвэл баяртай

Питер – За Эбин баяртай

Эбин – Баяртай

Симеон, Питер хоёр гарч одно. Эбин ширээнд сууж бичгээ гаргаж, зуух руу харан үзэж эхэлнэ. Цонхоор тусах нарны гэрэлд түүний нүүр шийдсэн байртай харагдана. Уруул нь хөдлөж бичгийг уншина. Энэ үед нөгөө хоёр үүдээр гарч явна.

Питер – /үнээний хашаа руу харж/ Тэнд морио уяна даа …

Симеон – /шоолонгуй/ Хөгшин яаж хөглөхийг харъя.

Питер – Авгай нь ч гэсэн яах нь вэ?

Симеон – Манай шинэ хойт эх ямаршуу авгай байна харъя.

Питер – /шоолон/ Үнсчихээд явъя гэж үү?

Симеон – /даган баясч/ Бүжиглэх юмсан гэхээс тэсч ядаж байна. Инээд хүрээд байж сууж чадахгүй нь ээ.

Питер – Би ч бас тэр

Симеон – Бид жаахан юм амсчихаад ингэж байгаа юм болов уу?

Питер – Үгүй дээ.

Симеон – Бүжиглэх үү?

Питер – /сандрангуй/ Хачин юм шүү

Симеон – /царай нь цайж/ Амьдралдаа анх удаа эрх чөлөөг эдлэж байна.

Питер – Итгэмээргүй байна.

Симеон – Хадан хэрэм сүйрч, хаалт хашлага нурлаа, юу дуртайгаа хийцгээ.

Питер – /гүнзгий амьсгаа аван бадрангуй/ Энэ муу хараал идсэн эдлэн хэнд очих нь ямар хамаа байнаа. Бидэнд хэрэггүй, авцгаа!

Симеон – /явган хаалган мод тас татан/ Энэ муу хаалгыг энэ дэлхий дээр байгаа бүх хаалгыг хэмх цохьё.

Питер – Яах нь вэ, аваад яв, замдаа аз заяа түшиг гээд голд шидэмз.

Сүйх тэргэний дугуй хяхтнах, морин төвөргөөн дуулдана. Симеон, Питер хоёр байсан газраа хөшнө. Эфрайм Кэбот, Абби Патнэм хоёр орж ирнэ. Эфрайм Кэбот 75-тай, нуруу өндөр, хатангар, шөрмөслөг бөгөөд хүч чадалтай хэвээрээ, харин хүнд хүчир хөдөлмөрт нухлагдснаас бага зэрэг бөгтийжээ. Чулуугаар сийлбэрлэсэн мэт ширүүн дүр төрхтэйн хамт олхиогүй сул, нэрэлхүү байдал илт харагдана. Хоорондоо ойрхон нүд нь жаатайж, шаргуу гярхай харцтай авч харалган аж. Гоёлын хав хар костюм өмсчээ. Абби Патнэм хүч чадал төгс 35 настай, царайлаг бүсгүй байна. Зүс царай сайхан боловч тачаангуй шинж нь баахан гутаана. Тэгш жижиг эрүү нь шаргуу, дотоод хүч чадалтайг илтгэх ба харц нь шийдвэртэй боловч ерөнхий байдал төрх нь тайван бус, тэрчлэн яахаас ч буцахгүй, номхтошгүй шинэ энэ хүүхнээс үе үе цухалзана.

Кэбот – /сэтгэл хөдөлсөн байдлаа дарах гэж, хуурай, хахир хоолойгоор/ За Абби бид гэртээ ирлээ.

Абби – /догдлонгуй/ Гэртээ! байшинг шимтэн харахдаа хажууд хөшсөн Симеон, Питер хоёрыг анзаарсангүй/ Гайхамшигтай! Энэ миний байшин гэхэд итгэмээргүй байна.

Кэбот – /огцом/ Чинийх ий! Үгүй минийх! /Аббиг цоо ширтэнэ. Цаадах нь тэр харцыг тэсч өнгөрөөнө. Арай зөөлөрч/ Үгүй, биднийх л дээ. Энд би ялангуяа хавар урь орохоор их ганцаарддаг юм. Энэ гэрт эмэгтэй хүн хэрэгтэй.

Абби – /дуугаа эзэмдэж/ Эмэгтэй хүнд гэр хэрэгтэй.

Кэбот – /тодорхой бус толгой дохин/ Тийм ээ, /гэнэт уутсан/ Энэ чинь бүгдээрээ хаачаа вэ? Яагаад нам гүм хэн ч ажиглахгүй байна вэ?

Абби – /ах дүү хоёрыг сая ажиж тэдний сонжсон хүйтэн харцтай тулгарна/ Тэр үүдний тэнд хоёр эр үхэр ажил хийхийн оронд намайг ширтээд л зогсож байна.

Кэбот- /нүдээ хүчлэн харна/ Хэн бэ энэ чинь?

Симеон – Би Симеон  байна

Питер – Би Питер байна

Кэбот – /дүрсхийн/ Яагаад ажил хийхгүй байгаа юм бэ?

Симеон – Шинэ хойд эх та хоёрыг угтах гээд л зогсож байна.

Кэбот – /бага зэрэг ичингүйрэн/ Аан? Аа тийм … энэ та нарын шинэ ээж /Абби ах дүү нар эсрэг тэсрэг ширтэлцэнэ/

Симеон – /зэвүүцэн нулимаад буруу харан/ Харж л байна

Питер – /ахыгаа дуурайн/ Би ч бас

Абби – /илт давуу байдалтай/ Би явлаа. Эдлэнгээ үзэхсэн гэхээс тэсч ядаж байна

Симеон – /доромжлон/ Эдлэнгээ гэнэ шүү

Питер – /хойноос нь/ Эбинтэй тааралдвал манай байшин гэж хэлэхээсээ болгоомжлоорой доо

Абби – /өдөнгүй/ Эбин гэнэ үү? Хэлэхдээ л нэг хэлнэ дээ

Кэбот – /эгдүүтэй инээж/  Эбин эхээ дуурайсан тэнэг амьтан, битгий юм бодоорой

Симеон – /егөөдөн инээж/ Ха! Тэр таныг л дуурайсан байх шүү. Хатуухан эддээ, таны хуулбар. Удахгүй хоолойг тань хэмлэх вий.

Кэбот – /зандран/ За, ажилдаа гарцгаа

Симеон – /Аббиг гэрт орсны дараа Питерт ирмэн шоолж/ Питер, манай шинэ эх ямар вэ дээ? Та хаанаас ийм юм олоод авчихваа? /тэр хоёр хөхрөлдөнө/

Питер – Та тэр хүүхнийг гэртээ оруулахаар гахайн хоройнд оруулахгүй дээ. Нэг мэгж нэмэгдэхгүй юу. /нөгө хоёр гуяа алгадан эг маггүй инээнэ/

Кэбот – /тэдний энэ чигүүр сонжуургүй байдлаар тэвдсэндээ ээрэн/ Симеон, Питер та хоёр чинь яаж … байна … архи уучихаа ву?

Симеон – Бид одоо эрх дураараа болсон. Танай энэ хараалт эдлэн, хайрт эцгээсээ хагацан салж явлаа.

Питер – Биднийг Калифорни алтны уурхай даллаж байна. Бид явлаа

Симеон – Танай энэ бүх юм шатаж үнсэн товрог болог.

Питер – Бүгдээрээ үхэж тонилвол таарна

Симеон – Бид чөлөөтэй болсоон, хөгшөөн /агсагнана/

Питер – /бүжиглэн/ Чөлөөтэй!

Тэр хоёр Кэботыг тойрон хачин авай гаргаж, индианчуудын түрэмгий бүжгийг бүжиглэнэ. Кэбот хилэгнэн уурлах авч галзуурсан юм биш биз гэж болгоомжлоно.

Симеон – Бид эрх дураараа хүмүүс. Хуйхыг чинь хуулад тавьчихаагүйд

Питер – Эдлэнгий чинь шатааж, мал сүргийг чинь хядаж устгаагүйд

Симеон – Шинэ эхнэрийг чинь хүчиндчихээгүйд баярла! /тэд нар тамир нь тасран зогсож, хөхрөлдөнө/

Кэбот – /тэднээс холдон/ Алтын солио тусчихаж, тэр шар шулам нүгэл далладаг. Та нарыг хөнөөнө дөө гайгүй!

Симеон – /доогтой/ Аа, олсон тэр алтнаасаа өөрт чинь хувь илгээх үү? Хөгшин нүгэлт, чивэлт минь тэгэх үү аан?

Питер – Ганцхан Калифоронд л алт байдаг юм бишээ. /хөгшинд харагдуулахын тулд хажуу тийшээ болон шуудайнаасаа алтан зоос гаргаж дээш шиднэ/

Симеон – Нүгэлт эд гэдэг чинь энэ байна

Питер – Бид усан онгоцонд суугаад арилж өгнө. Хооч!

Симеон – Эрх чөлөөгөө угтаж сэлж гарна. Хооч!

Кэбот – /хилгэнэн хашгарч/ Та нарыг хараал идэг!

Питер – Баяртай, харамч чөтгөр минь

Симеон – Цус сорогч минь баяртай.

Кэбот – Тонил, цаашаа!

Симеон – Хооч! /газраас чулуу авна/

Питер – /ахыгаа дагаж/  Эх авгай, зочны өрөөнд ямбалаж байгаа вий

Симеон – Нэг, хоёр…

Кэбот – /сандран/ хөөш болиоч!

Питер – Гурваа! / Симеон, Питер хоёр зочны өрөө рүү зэрэг шидэхэд шил нярхийн хагарана/

Кэбот – /хилэнтэй/ Би та нарыг болгож тавинаа гайгүй!

Тэд Кэботод хөөгдөн элдвээр маяглан хаалгаар гарна. Симеон явган хаалган модноос шүүрэн авч шуудайд хийнэ. Кэбот буцаж ирэх ба яаж ч чадахгүй цухалдана. Нөгөө хоёр эртний “Сюзанна минь” гэдэг дууны аяар алт эрэгчийн тухай дууг дуулна.

Уулыг давж, усыг гаталъя

Алт биднийг хүлээж байгаа

Олж хурааж чадсан нь

Аз жаргалаа олдог юм

Калифорни сэтгэл татсан нутаг

Калифорни чамдаа тэмүүлнэ

Хоёр давхарын унтлагын өрөөний цонх нээгдэг Абби цухуйна

Абби – /Кэботыг харж сэтгэл хангалуун/ Бурханы аварлаад бид тэднийг эцсийн удаа барааг нь харж байгаа байх. /цаадах нь үг эс дуугарна. Абби өмчтэй болсон хүн шиг/ Энд их сайхан юм. Аятайхан ор байна. Энэ миний өрөө юу Эфрайм?

Кэбот – /толгой дээш таталгүй баргар царайлан/ Биднийхээ! /Абби зэвүүцэж байгаагаа нуулгүй цонхийг тас хийтэл хаана. /гэнэт санана/ Нөгөө малнууд чинь яасан бол доо? Үхэр хордуулаа болов уу, өөр яасан ч байж магадгүй. /ухасхийн үнээний хашаа руу очно/ /гал тогооны өрөө онгойж Абби гарч ирнэ. Бодлогошрон сууна. Эбинийг хүүхэн цэгнэн харж, үүднээ зогсов. Түүний залуу нас, аятайхан царай хүсэл төрүүлэх ажээ. Дэргэдээс нь хүн ширтэхийг мэдэрсэн Эбин толгой өргөн харж тэдний харц мөргөлдөнө. Эбин босон харайж, чимээгүйхэн ууртай түүнийг ширтэнэ/

Абби – /тун эелдэг дуугаар/ Чамайг Эбин гэдэг үү? Намайг Абби гэдэг. /инээмсэглэн/ Чиний хойт эх болох хүн.

Эбин – /хорсолтой/ Бүгдийг чинь хараал идвэл таарна

Абби – /үгийг нь сонсоогүй мэт/ Чиний тухай аав чинь олон юм надад ярьсан. ..

Эбин – Хн!

Абби – Цаадах чинь тэрүүнд гомдох хэрэггүй, /удаан дуугүй болно. Бие биенээ ширтэлцэнэ/ Эбин би чиний эх болж жүжиглэмээргүй байна. /бахдангуй/ Чи ийм том насанд хүрсэн эр байна. Хэрэвзээ бид аятайхан харьцаатай байвал, энэ бүгчим орчинд амьсгалахад амар байж магадгүй. Би эцэгтэй чинь ярьж, та хоёрыг эвлэрүүлж болох юм. /эрх мэдэлтэйгээ үзүүлэн/ Эцэг чинь намайг хэлбэл юунд ч цааргалахгүй.

Эбин – /гашуунаар мушилзан/ Үгүй ердөө /тэд бие биенээ ажиглана. Эбин ичингүйрэн харц буруулна. Энэ бүсгүйн нөлөөнд автах вий гэж эмээхийн хамт үзэсгэлэн гоог нь харахгүй байж эс чадна. Тиймээс хашгачин/ Чөтгөр лүүгээ тонил!

Абби – /тайван/ Чамд тийм аятайхан байгаа юм бол намайг доромжлооч дээ. Ийм юм болно гэж би мэдсэн юм. Гэхдээ би өөрийгөө буруутгахгүй. Чиний оронд байсан бол би ч бас ийм л юм бодох байх. Хэрэвзээ ямар нэгэн эмэгтэй эхийг минь орлох гэвэл … /эхийн тухай дурсахаар Эбин цочирдоно гэдгийг мэдэж байлаа/ Чи эхдээ их хайртай байсан юмаа даа. Би эхийгээ нас барахад жаахан байсан болоод ер санадаггүй юм. /зогсоц/ Удахгүй чи намайг хараахаа болих байх гэж бодож байна. Надаас ч өөдгүй хүн байдаг. Гэхдээ чи бид нарт адилхан юм их байна. Чамайг хараад л би ойлгосон. Би их хэцүү амьдрал туулсан. Ажилд нухлагдахаас өөр аз жаргал үзээгүй. Багадаа өнчрөөд айл айл хэсч амь зууж явлаа. Тэгж байгаад нөхөрт гарсан чинь улаан архичин байж, дахиад л айл айл хэсч ажил хийх болсон. Тэгж байтал хүүхэд маань нас барж, амьдрал өнгөрлөө л гэж санагдаж байсан. Харин нөхрөө үхэхэд одоо л нэг эрх чөлөөтэй боллоо гэж баярлаж байсан ч мөн л хүний гар харж амьдрах болсноо ухаарсан. Би хэзээ ч өөрийн гэсэн оромжтой, амьдралтай болохгүй юм байна гэж найдлага тасарч байтал … эцэг чинь надтай тааралдсан. /Кэбот аажим алхсаар хашаанд орж ирэн хүүхдүүдийнхээ явсан зүг рүү харж, Калифорни тухай дуу алсаас дуулдахыг чагнана. Нүүрэнд нь хорсол занал буцлаж гараа зангиджээ/

Эбин – /улам бүр талтай болж, татагдаж байгаатайгаа тэмцэлдэнэ/ /огцом/ Янхан худалдаж авч байгаа юм шиг өөрийг чинь мөнгөөр цохиж аваа юу? /хүүхэн гомдсондоо цус нь огшино. үнэн санаанаасаа амьдралынхаа тухай ярьж байсан болохоор улам ч гомдолтой байв/ Ямар үнэ өгөөв? Юу гэж тохироов? Чамд юу өгнө гэж байна? /улангасан/ Эдлэн газраа өгнө гэнэ үү? Миний ээжийн газрыг уу, энэ чинь минийх, хараал идмэрүүд ээ!

Абби – /дооглон/ Чинийх ий? Хэнийх болохыг нь үзье л дээ. /хүч гарган/ Хэрэвзээ надад үнэхээр орох орон гэр хэрэгтэй байвал яах вэ? Ийм хөгшин амьтантай яах гэж суусан гэж бодож байна? Энэ миний гэр.

Эбин – /хангалуун/ Би наад үгийг чинь нэгд нэгэнгүй цаадахад чинь дуулгаад өгье л дөө.

Абби – /инээн/ Чамайг худлаа ярьж, гүтгэж байна гээд л өвгөн дор чинь хөөж явуулна.

Эбин – Чи ч мөн шудам юм даа.

Абби – /ялж дийлснээр/ Энэ миний эдлэн … миний гэр … миний гал тогоо …

Эбин – /уурандаа дэлсээд авах шахан/ Дуу!

Абби – /түүнд бараг наалдан хүсэл тачаалаа арай хийн барьж/ Дээр миний унтлагын өрөө бий. Тэнд миний /Эбин барьц алдан самгардана/ /илэн далангүй/ Би дайснуудаасаа бусад … хэнд ч муу юм хийдэггүй. Хэрэвзээ хэрэгтэй бол өөрийгөө  хамгаалж чадна шүү. /гарыг нь барьж/ Найз нөхөр байгаач Эбин

Эбин – /ховсдуулсан мэт зогссоноо гэнэт ухаарах мэт гараа татан/ Үгүй эмгэн шулам минь. Би чамайг үзэн ядаж байна. /гүйж одно/

Абби – /хойноос нь сэтгэл дүүрэн харж/ Тун ч догь эд шүү. /харцаа ширээ рүү шилжүүлэн бардан/ За яахав сав суулгаа угаая /инээмсэглэн/ Миний сав суулга. /Эбин гэрээс хаалга шидэн гарна. Эцгийн харцнаас зог тусан зогсоно. Үзэн ядсан нь илт/

Кэбот – /тэнгэр лүү гараа сарвайн хилэнгээ барьж ядан/ Бурхан минь, бүхнийг чадагч дээд тэнгэр минь дуулгаваргүй хөвгүүдийг минь гэсгээж хайрла

Эбин – /хашгачин/ Юу гэнээ, чиний бурхан юм уу? Хүнийг өөчлөж гоочлох, харааж зүхэхдээ л сайн

Кэбот – /Эбинийг тоолгүй/ Бусдад хаягдаж доромжлогдсон биднийгээ ивээлдээ ав.

Эбин – /доогтой/ Тэр бурхантайгаа хамт чөтгөр лүүгээ тонил! /Кэбот огцом Эбин рүү эргэж, тэд бие биенээ ширтэнэ/

Кэбот – /зэвүүцэн/ Чи муу гөлөг бий вий, чамайг эрт ухаан оруулж байдаг байж. /хуруугаараа чичин сүрдүүлж/ Бурхан шүтээнээ хараана гэнээ, тэнэг минь! Яагаад ажил хийхгүй байгаа юм бэ?

Эбин – Чи өөрөө яагаад хийхгүй байгаа юм бэ? Ах нар явчихсан, би ганцаараа ажиллаж чадахгүй.

Кэбот – /зэвүүцэн/ Чи ерөөсөө юу ч хийж чаддаггүй унхиагүй амьтан шүү дээ. Би хэдий хөгшин боловч чам шиг хэдтэй ч тэнцэнэ. Чи хэзээ ч тэр эр шиг болж чадахгүй. /захирануй/ За, бушуул, үнээгээ саа!

Эцэг хүү хоёр явж одно. Калифорны тухай дууны бүдэг бадаг чимээ тосгоны тэндээс сонсогдоно. Абби гал тогоонд сав суулга угаасаар байх бүлгээ

Хөшиг

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s