Александр Островский – Инжгүй хүүхэн (Дөрөвдүгээр бүлэг)

Оросын жүжгийн зохиолч Александр Островскийн (1823-1886) энэхүү 1851 онд туурвисан хошин жүжгийг Э.Оюуны орчуулгаас сийрүүлэв.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Паратов

Кнуров

Вожеватов

Робинзон

Лариса

Карандышев

Илья

Гаврило

Иван

Эрэгтэй эмэгтэй цыганууд

ХӨДЛӨЛ 1

Робинзон гартаа бильярдны мод барьж Ивантай цайны газраас цухуйна

Иван: Модоо өгөөч!

Робинзон: Ярихгүй ээ! Чи надтай тогло! Яагаад тоглохгүй байгаа юмбэ?

Иван: Та мөнгөө төлөхгүй байхад би яаж тантай тоглох юм бэ?

Робинзон: Би сүүлд нь төлье. Миний мөнгө Василий Данилычид байдаг. Тэр аваад явчихж. Чи итгэхгүй байна уу?

Иван: Та түүнтэй хээрийн зугаалганд явахгүй яагаав?

Робинзон: Би унтаж орхижээ, тэр намайг үймүүлж сэрээгээд яах вэ, гээд л ганцаараа явчихгүй юу. Алив тоглоё.

Иван: Болохгүй ээ, дэндүү муухай юм болж байна. Би мөнгөө тавиад л байдаг, та тавьдаггүй, хожихоороо та авчихаад харин алдахаараа өгдөггүй.Мөнгөө тавь, хөө!

Робинзон: Энэ чинь юу болж байна. Би зээл тавьж болохгүй болж байна уу? Хачин хэрэг байна даа! Би ийм хот анх удаа үзэж байна. Би явсан газар бүх Орос даяар шүү, голцуу зээл хэрэглэдэг дээ.

Иван: Түүнд би итгэж байна. Юу хүссэний чинь бид өгнө. Сергей Сергеевич, Василий Данилыч хоёрыг бид сайн таньдаг болохоор танд юм зээл өгч болноо, харин тоглоомонд мөнгө хэрэгтэй.

Робинзон: Чи ингээд л хэлэх чинь яасан юм. модоо аваад, надад шил юм, юу авъя даа байз

Иван: Сайхнаас сайхан портвейн дарс бий шүү.

Робинзон: Би хямдхан шалдир балдир юм уудаггүй ээ.

Иван: Үнэтэйгээс нь өгье

Робинзон: Надад захиалаадах … мэднэ биз дээ … өнөөх … юу гэдэг билээ дээ …

Иван: Дуплей шаруулчихж болно, соёрхох уу?

Робинзон: Тийм, ёстой дуплей.

Иван: Хүслээр тань болъё.

Робинзон: Энэ ноёд надаар тохуурхах санаатай байна, за яамай, би ч та нараар тохуурхачихъя. Би гомдлоо таслахыг эрхэнд 20 рублийн өр тавьчихъя, тэд төлөг. Эд намайг тэжээж ивээж байна гэж бодож байх шиг байна. Би ганцаараа огтхон уйдахгүй хөгжилтэй гэгч нь тоглож байж чадна. Санаснаа гийгүүлэхийн тулд энэ ноёдоос мөнгө л салгаад авчих юмсан. /Иван шил архи барьсаар орж ирнэ/

Иван: /шилээ тавьж/ Дуплей захиалчихлаа.

Робинзон: Би эндэхийн театрыг хөлслөж авах болж байгаа

Иван: Сайхан л хэрэг

Робинзон: Буфетийг нь хэнд өгөхөө мэдэхгүй байна. Танай эзэн авдаггүй л байх даа?

Иван: Авалгүй яав гэж?

Робинзон: Гэхдээ тэрний минь чиг журамтай сайхан байлгана шүү дээ. Харин одоохон ахиухан шил урьдчилаад өгвөл таарна.

Иван: Тэр ярихгүй ээ, цаадах чинь хаширсан хүн, урьдчилгаа өгөхгүй ээ, ийм хэргээр өөр хоёр хүнд хууртсан юм даг.

Робинзон: Хоёр хүн гэнээ? Хоёр болчихсон болч  аргагүй …

Иван: Гуравдарьд ч хууртахгүй шүү.

Робинзон: Хүн гэдэг хачин болжээ. Гайхалтай юм. Хаа чиг л амжуулчихсан, юм олж авч болох газар болгоныг хуурсан малласан, хашраасан байх юм, хөнддөггүй газар гэж ч алгаа. За яах вэ, танай эзнээр дутах ч үгүй, чи түүнд миний хэргийг битгий хэлээрэй, хэлчихвэл бас мэхлэх нь байна гэж бодох магадгүй, би бас хүн нэрээ дор авч явах дургүй хүн шүү хө

Иван: Тиймээ, тэгэлгүй яах вэ … түрүүнд, айлчид нь гэнэтхэн явчихаар ноён Карандышевийн уурлаж ундууцсаныг яана. Жигтэйхэн их уурлаад л, нэг хүнийг ална гээд л буугаа шүүрч аваад гэрээсээ гараад явчихсан.

Робинзон: Гар буу аваад ий. Тэр чинь базаахгүй хэрэг дээ.

Иван: Хөлчүүхэн байсан юм, яваандаа гайгүй болчихно доо. Цэцэрлэгийн замаар нааш цааш хэд алхлаж байснаа … Ээ, хараа, тэр ирж авах шив дээ.

Робинзон: /хулчийсан янзтай/ Буутай яваа гэл үү? Тэр чинь хэнийг алах гэсэн хэрэг вэ, намайг арай үгүй байгаа даа?

Иван: Одоо мэдэхгүй юмаа. /Карандышевийг орж ирэхэд Робинзон шилний ард нуугдахыг хичээнэ/

ХӨДЛӨЛ 2

Робинзон, Карандышев дараа нь Иван

Карандышев: /Робинзонд тулж очно/ Ноён Робинзон, таны нөхөд хаачаав?

Робинзон: Юун нөхөд?  Надад нөхөд байхгүй шүү.

Карандышев: Тантай хамт манайд зоог барьсан ноёд чинь яагаав?

Роинзон: Тэд юуны нөхөд байхав ээ? Зүгээр л нэг … замын танилууд байхгүй юу.

Карандышев: Тэгээд тэд одоо хаана байгааг мэдэхгүй юу?

Робинзон: Мэдэхгүй байна, би тэднээс холхон байхсан гэж бодох юм, би чинь номхон мөрөөрөө тэгээд бас … гэр бүлтэй …

Карандышев: Та гэр бүлтэй гэж үү?

Робинзон: Ёстой гэр бүлтэй … Надад тайван сайхан гэр бүлийн амьдралаас эрхэм дээдийн юм байдаггүй. Манайд ч харин ямар нэгэн эвгүй дулимаг бодогдох юм, хэрүүл маргаан болно гэдгийг ч үзээгүй шүү. Би хууч хөөрөх дуртай, тэгэхдээ яриа ухаалаг эелэг байх нь зүй. Жишээлбэл урлагийн талаар ярилцаж байвал сайхан … Тантай адил түвшин сайн хүнтэй бол жаал юм уучихсан ч болно. Тэгэх үү?

Карандышев: Үгүй ээ.

Робинзон: Таалаараа л бол. Тайван тавтай л байвал болох нь тэр.

Карандышев: Тэд хаа байгааг та мэдэх ёстой шүү дээ.

Робинзон: Нэг газар наргиж л байгаа биз. Тэд ер нь өөр юу л хийв гэж?

Карандышев: Ижил мөрнийг гатлаад явчихсан гэх юм.

Робинзон: Тун ч магадгүй дээ.

Карандышев: Таныг хамт явъя гэж уриагүй юм уу?

Робинзон: Үгүй ээ, би гэр бүлтэй хүн шүү дээ.

Карандышев: Тэд хэзээ ирэх юм бэ?

Робинзон: Үүнийгээ тэд ерөөсөө ч мэдэхгүй байгаа болов уу даа гэж би бодох юм. Өглөөгүй ирэх байлгүй.

Карандышев: Өглөөгүүр гэнээ?

Робинзон: Наана нь ч ирж магадгүй дээ.

Карандышев: Юу ч бол хүлээе байз, би тэдний хэн нэгэнтэй нь ярих яриа байна.

Робинзон: Хэлэх юм бол зогсоол дээр нь дээр биз. Тэд энд яалаа гэж ирэх вэ дээ. Зогсоол дээрээсээ шууд гэр өөдөө явцгаана биз. Өөр яанаж. Цатгалан улс яалаа ч гэж наашаа ирнэ аж.

Карандышев: Аль зогсоол дээр нь хүлээх вэ? Манай энд зогсоол олон шүү дээ.

Робинзон: Энд л биш бол аль ч зогсоол дээр нь хүлээсэн яах вэ. Энд хүлээгээд лав нэмэргүй, тэд ирэхгүй.

Карандышев: За тэгье, би зогсоол руу явъя. Баяртай. /Робинзонтой гар барина/ Та намайг дөхүүлж өгөхгүй юу.

Робинзон: Үгүй дээ, уучлаарай, би гэр бүлтэй хүн. / Карандышев явна/ Иван! Иван! /Иван орж ирнэ/ Өрөөнд ширээ засаад архийг минь тийш нь аваач!

Иван: Өрөөнд бөгчим шүү дээ. Биеэ зовоогоод яах вэ?

Робинзон: Үгүй хө, оройн агаар надад тохирдоггүй, эмч хориглодог юм. Хэрэв энэ ноёнтон намайг сураад ирвэл эзгүй байгаа гэж хэлээрэй. /цайны газар орны цаанаас Гаврило гарч ирнэ/

ХӨДЛӨЛ 3

Иван, Гаврило

Гаврило: Чи Ижил мөрөн тийш харав уу? Манайхан үзэгдэв үү?

Иван: Ирцгээв бололтой

Гаврило: Яаж байна?

Иван: Доор улс шуугилдаад явчихлаа. Орилолдоод л байх шив. /ширээн дээрр шилийг авч цайн газар орно Илья олон цыгантай орж ирнэ/

ХӨДЛӨЛ 4

Гаврило, Илья, цыганууд

Гаврило: Сайн явцгаав уу?

Илья: Сайн, сайн. Хэлэх сайхан үг алга!

Гаврило: Ноёд хөгжилтэй байна уу?

Илья: Зугаацлаа даа, харин ч нэг сайхан наргилаа, тэнгэр ивээв бололтой. Наашаа ирлээ, шөнөжингөө наргина даа, хараарай.

Гаврило: /гараа хавсран үрнэ/ За явж сууцгаа. Эмэгтэйчүүдэд нь цай өгүүлье. Харин та нар буфетэнд очиж зооглоцгоо!

Илья: Эмэгнүүдэд цайтай нь Ром өгүүлээрэй. Дуртай юм билээ. /Илья эрэгтэй эмэгтэй цыганууд, Гаврило цайны газар орно. Кнуров, Вожеватов хоёр гарч ирнэ/

ХӨДЛӨЛ 5

Кнуров, Вожеватов

Кнуров: Аймшигтай явдал эхлэв бололтой

Вожеватов: Тийм шиг байна.

Кнуров: Лариса Дмитриевнагийн нүднээс нулимс гарч байдаг шүү.

Вожеватов: Гардаггүй нулимс биш дээ, хөөрхий

Кнуров: Ямар ч байсан хэцүү л байх шиг байна даа.

Вожеватов: Яаж ийгээд өнгөрөөнө биз дээ.

Кнуров: Ээ дээ, мэдэхгүй

Вожеватов: Карандышев уурлаж айлгаж байгаад л өнгөрнө биз

Кнуров: Хүүхэн нь тэгэхгүй шүү дээ. Хуримлахын даваан дээр нөхөр болох хүнээ орхино гэдэг чинь бас ямар нэгэн үндэстэй байх ёстой шүү дээ. Та бодоод үз. Сергей Сергеевичийг ганцхан өдрөөр ирээд байхад нь тэр хүн насан туршийнхаа хань болох хүнээ хаяад түүнийг дагаад явна гэдэг бэрхээ. Ингэхээр тэр хүүхэн Сергей Сергеевичид найдах найдлага байгаа хэрэг. Тэгэхгүй бол хүүхэнд цаадахь чинь ямар хэрэг байна.

Вожеватов: Тэгвэл Сергей Сергеевич бас хуурад хүүхнийг үймүүлчихлээ гэж бодож байна уу?

Кнуров: Яг тэглээ. Амалсан юм шиг тун тодорхой, учиртай юм байсан боллоо, тэгэхгүй бол нэг удаа чадагдсан хүн яалаа гэж дахиад ингэх вэ?

Вожеватов: Бодоод байх юм алга. Сергей Сергеевич юу ч боддоггүй зоримог хүн л дээ.

Кнуров: Хичнээн зорьмог байлаа ч гэсэн сая рублийн хөрөнгөтэй ирээдүйн сүйт хүүхнээ Лариса Дмитриевнагаар солихгүй л байлгүй.

Вожеватов: Ерөө ер. Тэгж л алдахгүй дээ!

Кнуров: Тэгээд л бодохоор тэр муу Лариса хөөрхий еэ дээ.

Вожеватов: Яая гэхэв, бид буруутан биш, бидэнд хамаагүй хэрэг! /цайн газрын шатан дээр Робинзон гарч ирнэ/

ХӨДЛӨЛ 6

Кнуров, Вожеватов, Робинзон

Вожеватов: Өө, ноёнтон! Юу зүүдлээв?

Робинзон: Үргэлж нүдэнд өртөж явдаг баян тэнэгүүдийг зүүдэллээ байна.

Вожеватов: За тэгээд ухаантан ядуу юу хийж суув даа?

Робинзон: Сайхан! Тавтай тохиолог! Чамаар төлүүлэх өр тавиад, тавтай тохилог догь л байна. Үүнээс сайхан юм гэж юу байхав дээ.

Вожеватов: Атаархмаар юм. Чи ийм аятай амьдралд удаан умбая гэж бодож байна уу?

Робинзон: Яасан өвчтэй юм асууна вэ? Бодоход ийм гайхалтай сайхан амьдралаас юу боллоо гэж татгалзах билээ?

Вожеватов: Би чинь ойлгохгүй байх нь ээ. Миний мөнгийг чөлөөтэй үрэх эрхийн хуудас би чамд өгөөгүй байх аа.

Робинзон: Чи чинь надтай хамт Парис орно гээ биз ээ, энэ чинь хуудас өгснөөс ялгаа юу байсан юм бэ?

Вожеватов: Тийм бишээ, тэгж ярихгүй. Би хэлсэндээ хүрнэ, хэлсэн үг бол хууль. За гэвэл ёогүй. Харин хүн хуурч мэхлэж байв уу? Үгүй юу гэж чи надаас асуу

Робинзон: Чамайг Парис руу дагж явах хүртэл би чинь хар ус ууж хагд өвс идэж суух уу?

Вожеватов: Энэ талаар чи бид хоёр ярьж тохиролцоогүй. Парис явахын хувьд одоо ч явсан болно.

Робинзон: Одоо ч оройтлоо л доо. Вася минь марагаш болъё.

Вожеватов: За тэгье, маргааш бол маргааш. Ингэе хө, чи сонс. Чи ганцаараа яв, би ирж очихын чинь зардлыг төлье.

Робинзон: Ганцаараа гэнээ? Би зам мэдэхгүй шүү дээ?

Вожеватов: Унаа хүргээд өгнөө.

Робинзон: Вася минь ээ, би чинь францаар чөлөөтэй ярьж чадахгүй … суръя гэж бодох л юм, зав гарахгүй байна.

Вожеватов: Чи франц хэлээр яах юм бэ?

Робинзон: Парис орчихоод францаар ярьж чадахгүй байна гэсэн чинь юу гэсэн үг вэ?

Вожеватов: Франц хэлний хэрэг байхгүй, тэнд чинь хэн ч францаар ярихгүй

Робинзон: Францын нийслэлд францаар ярьдаггүй, Чи намайг тэнэг юм гэж бодоогүй биз!

Вожеватов: Юуны чинь нийслэл. Чи чинь эрүүл ухаантай байгаа биз дээ. Юун Парис бодоод байна даа. Манай хотын талбай дээр “Парис” гэдэг гуанз байдаг, би чамайг тэнд л оч гэсэн юм.

Робинзон: Гялай, гялай!

Вожеватов: Чи ёстой Парис очно гэж санаа юу? Эрэгцүүлж боддоггүй дээ, харал. Чи чинь ухаантай саруулаа гайхаад байдаггүй билүү? Би тийшээ явдаг юмаа гэхэд чамайг авч яваад яах юм бэ? Торонд хийчихээд үзмэр болгон авч явалтай биш. Тийм биз дээ?

Робинзон: Вася чи сүрхий нарийн бодож сурсан хүн юмаа, чи чинь догио гэгчийн негоциант болох нь дээ.

Вожеватов: Тиймээ хө, улс намайг магтдаг л юм гэнэ лээ

Кнуров: Василий Данилыч, наадхаа орхи цаашаа! Би танд нэг юм ярьмаар байна.

Вожеватов: /ойртон очно/ Та юу гээв?

Кнуров: Би Лариса Дмитриевнаг л бодоод байна. Тэр хүүхний байж байгаа, бидний байж байгаа ч таарч дээ. Сайн нөхөд гэж байдаг. Бид түүний энэ хэргийг нэг тийш болгоход оролцож болох нь байтугай, оролцох ёстой болоод байх шиг байна даа. /Робинзон чагнана/

Вожеватов: Ухаандаа тэр хүүхнийг одоо л дагуулаад Парис явах нөхцөл бүрдлээ гэж үү?

Кнуров: Тиймээ, тэгэхээс өөр яах вэ?

Вожеватов: Тэгээд юу болохгүй болоов? Хэн саад болоод байна?

Кнуров: Та надад, би танд саад болж байна. Та надтай өрсөлдөхөөсөө айхгүй байна уу? Би бас нэг их айхгүй байна, гэхдээ эвгүй, зовлонтой л юм. Бид хоёрын нэг нь л авч явмаар байна.

Вожеватов: Та аваад явдаа гэж зүгээр өгөхгүй шүү, Мокий Парменыч!

Кнуров: Яалаа гэж та бууж өгөх вэ? Өөрөөр аргалж болно биз дээ?

Вожеватов: Ер, ингэсэн нь дээр. /халааснаасаа мөнгө гаргаж гар дороо хийнэ/ Бүргэд үү, тор уу?

Кнуров: /бодлогоширонгуй/ Бүргэд гэвэл алдах байх, тэгээд ч бүргэд нь та хойно. /шийдэмгий/ Тор!

Вожеватов: /гараа өргөнө/ Хүүхэн таных болж. Би ганцаараа Парис явах боллоо. Би алдаагүй, зарлага багасгахад муу нь юу байхав.

Кнуров: Тэгэхээр, Васийлий Данилыч, зол гэвэл ёогүй, зохирлоо гэвэл завсаргүй шүү дээ. Та худалдаачин хүн хойно үгэндээ хүрнэ биз?

Вожеватов: Юу гэсэн үг вэ? Худалдаачин хүний үг хувирашгүй гэдгийг би мэдэлгүй яах вэ. Би тантай ярьж байгаа болохоос биш, Робинзонтой ярьж байгаа биш.

Кнуров: Тэр, Сергей Сергеевич, Лариса Дмитриевнатай ирлээ. Цайны газар оръё. Тэдэнд саад хийхээ болъё. /Кнуров, Вожеватов цайны газар орно. Паратов, Лариса хоёр ирнэ/

ХӨДЛӨЛ 7

Паратов, Лариса, Робинзон

Лариса: Ээ бас их ядарлаа. Тэнхээ тасарч, арай л гэж энэ өөд гарч ирлээ. /тайзны гүнд байгаа торны дэргэд вандан дээр сууна/

Паратов: Өө, Робинзон! За, чи тэгээд Парис явах чинь дөхөж байна уу?

Робинзон: Хэнтэй тэр вэ? Ля Серж минь, чамтай бол хаашаа ч явна, харин тэр худалдаачинтай бол хаашаа ч явахгүй. Худалдаачингуудыг мэднэ дээ, мэднэ. Үүнээс хойш ойртоо байгаа.

Паратов: Юу гэж байгаа нь тэр билээ?

Робинзон: Бүдүүлэг новшнууд юм.

Паратов: Болиоч! Хэзээ ухаараадахаав?

Робинзон: Эртний л мэднэ. Би дандаа язгууртны талд явсан хүн.

Паратов: Энэ ч нэр төртэйн хэрэг ээ, Робинзон минь. Чи цагаа олоогүй их бардам зан гаргаж байна. Хөөрхий найз минь, чи орчноо мэдэж сур. Гэгээрүүлэгчийн үе, түүнийг ивээгчийн үе өнгөрчээ. Одоо хөрөнгөтнүүд дэвжин дээшилж, урлаг гэдэг алт болсон ёстой л алтан үе эхлэж байна. Гэхдээ тэр эрхтнүүд заримдаа гутлын тос идүүлнэ, өөрийнхөө зугаагаа гаргах гэхдээ торхонд хүн хийж таглаад уулан дээрээс өнхрүүлж наадна. Ямар эзэн тааралдснаасаа л болно шүү. Битгий холдоорой, чи надад хэрэг болно шүү.

Робинзон: Чиний төлөө тамд ороход ч бэлэн. /цайны газар орно/

Паратов: /Ларисад/ Биднийг баясгасанд, үгүй энэ үг багадана, бидэнд сайхан жаргал амсуулсанд танд талархлаа дэвшүүлье.

Лариса: Үгүй, үгүй Сергей Сергеевич, та надад ийм үг хэлээд яах вэ. Би таны эхнэр мөн болов уу, үгүй болов уу гэдгийг л хэлээд аль.

Паратов: Лариса Дмитриевна, та юуны өмнө гэртээ харь. Бид маргааш буурьтай суурьтай ярьж болно шүү дээ.

Лариса: Би харихгүй ээ.

Паратов: Та энд үлдэж болохгүй. Бид өдрийн цагаар Ижил мөрнөөр зугаалж болох л юм, Хотын төвд байгаа гуанзанд өөдгүй нэртэй болсон хүмүүстэй шөнөжин дампуурна гэдэг тун таарахгүй. Ховч амьтадын хоол болно гэсэн үг.

Лариса: Хүний ярих надад ямар хамаатай юм бэ? Би тантай хаана ч байсан болно. Та намайг аваад гарсан юм, та намайг гэрт минь аваачиж өг.

Паратов: Миний сүйх тэргээр хүргүүлэх ялгаа юу байна?

Лариса: Үгүй, ялгаатай. Та суух гэсэн хүнийг минь дэргэдээс аваад гарсан. Ээж минь харсан. Тэгэхээр хичнээн оройтож харьсан ч ээж зовохгүй… ээж минь танд итгээд тайван байж та биднийг харихыг хүлээж … биднийгээ ерөөх гэж л хүлээж суугаа. Би нэгэн бол тантай хамт харина, үгүй бол харихгүй.

Паратов: Яагаад тэр вэ, “Харихгүй” гэсэн чинь юу гэж байгаа үг вэ? Та хаачих юм бэ?

Лариса: Тэнгэрийн заяасан ертөнц дээр хувь заяагүй хүнийг шингээх газар энэ цэцэрлэг, Ижил мөрнөөс эхсүүлээд бишгүй л байна. Мөчир бүрт нь тээглэж үхэж болох мод, Ижил мөрөнд бол дуртай хэсгээ сонгож аваад чухам зориг хүрэх юм бол хаана нь ч живж болно.

Паратов: Яасан сүртэй юм бэ? Та амьдарч чадна, амьдрах ч ёстой. Танд дурлаж, таныг хүндэтгэх хүн мундахгүй. Тантай гэрлэх гэж байгаа хархүү ч гэсэн дээ. Эргэж очоод энхрий харцаар нэг л харчих, дороо л хайлаад уярчихна.

Лариса: Та юу ярьж байнаа! Би суусан нөхөртөө сэтгэлгүй юмаа гэхэд ядаж хүн юм гэж хүндэтгэх ёстой биз дээ? Гэтэл элэг барьж доромжлож байхад санаанд орохгүй явах хүнийг би яаж хүндэтгэх юм бэ? Тэр өнгөрсөн. Тэр хүн миний хувьд байхгүйтай адил болсон. Миний нөхөр болох хүн ганцхан та.

Паратов: Намайг уучлаарай, миний хэлэх үгэнд битгий гомдоорой. Та надаас ингэж шаардах эрх арай ч байхгүй байх шүү.

Лариса: Та юу ярьж байнаа? Мартчихаа юу? Тэгвэл би эхнээс нь аваад танд яриад өгье. Би таныг бүтэн жил мартаж чадахгүй тарчилж, миний амьдрал хэцүүдсэн. Тэгээд аргаа барахдаа нөхөртэй болъё гэж шийдээд түрүү дайралдсан Карандышевтэй суух гэлээ. Гэр бүлийн элдэв ажил төрөл зовлонгий минь мартуулж, орчин тойронтой минь зохицуулчих байх гэж би бодсон юм. Тэгтэл та хүрч ирээд “Чамд өөр хүн хэрэггүй, би чамтай сууна” гэсэн. Ийм үг дуулсан хүн тийм үг хэлэх эрхгүй гэж үү? Би таны үгийг чин үнэн, би ч энэ үнэнийг зовлонгоороо олж авлаа гэж санасан.

Паратов: Тун сайхан юм болжээ. Гэсэн ч энэ тухай маргааш ярилцъя.

Лариса: Үгүй ээ, өнөөдөр ярина, одоо

Паратов: Та тулгаж байна уу?

Лариса: Тулгаж байна. /Кнуров, Вожеватов хоёр цайны газрын үүдэнд гарч ирнэ/

Паратов: Лариса Дмитриевна, Та сонс, бод. Түр зуурын шохоорхол байж болох уу?

Лариса: Болноо. Би ч шохоорхож чадна.

Паратов: Үгүй ээ, би тэгж хэлэх гээгүй. Гараа гавлуулж хөлөө дөнгөлүүлчихсэн хүн, ямар нэгэн сонирхолд автаад, ертөнцийн бүх юмыг орхиод өөрийнхөө байдлыг гав гинжээ хүртэл мартчих гэж байх уу?

Лариса: Яах вэ, тэгж мартаж чадвал сайн.

Паратов: Сэтгэл санаа тийм байгаа цагт сайхан хэрэг, би тантай маргахгүй. Тэгэхдээ удаан тийм байдаггүй нь харамсалтай. Сонирхолдоо хөтлөгдсөн хоосон сэтгэл замхарч эрүүл ухаан орохоороо энэ гинж чинь тасрашгүй, тасалж болох ч үгүй гэдгийг ойлгоод тасрашгүй жинхэнэ гинжтэйгээ л үлдэх юм даа.

Лариса: /бодлогоширно/ Тасрашгүй гинж! /огцомхон/ Та эхнэртэй юм уу?

Паратов: Үгүй

Лариса: Тийм бол өөр ямар ч гав гинж бид хоёрт саад болохгүй. Түүнийг чинь хоёулаа үүрье, би таны ачааг хуваалцахад бэлэн. Дийлэх хүндийг нь ч би үүрье.

Паратов: Би сууна гэсэн хүнтэй

Лариса: Ээ, бүү үзэгд

Паратов: /сүйн бөгж үзүүлнэ/ Бүх амьдралаа гавласан алтан гинж минь энэ байна.

Лариса: Та яагаад хэлээгүй юм бэ? Нүгэл, ёстой нүгэл! /сандал дээр сууна/

Паратов: Би юу ч санах чадалгүй байлаа. Таныг харчихаад тэрхэн зуур хамгаа мартчихсан.

Лариса: Та наашаа хар. / Паратов түүнийг харна/ Нүд чинь гялалзсан хэвээрээ л байна … /галзуурсан юм шиг хөхөрнө/ Надаас холд! Боллоо! Би өөрөө өөрийнхөө учрыг олъё. /гараараа толгойгоо түшинэ. Кнуров, Вожеватов, Робинзон нар цайны газрын шатан дээр гарч ирнэ

ХӨДЛӨЛ 8

Паратов, Лариса, Кнуров, Вожеватов, Робинзон

Паратов: /цайны газарт ойртон очно/ Робинзон, чи яваад миний морин тэргийг олоодох. Цэцэрлэгийн зам дээр байгаа байх! Лариса Дмитриевнаг гэрт нь хүргээд өг.

Робинзон: Ля Серж! Тэр чинь энд гар буутай явж байгаа шүү дээ.

Паратов: Хэн тэр вэ?

Робинзон: Карандышев

Паратов: Тэр надад ямар хамаатай юм бэ?

Робинзон: Намайг алчихна даа.

Паратов: Гайгүй байлгүй! Тушаал биелүүл! Бодоод байх юм алга. Робинзон минь, би дэмий ярианд дургүй шүү.

Робинзон: Харин би чамд хэлээд байна шүү дээ. Намайг энэ хүүхэнтэй хамт явахыг харвал тэр ална.

Паратов: Тэр чамайг алах ч юм билүү, үгүй ч юм билүү хэн мэдэх юм бэ? Харин чи миний тушаасныг одоохон гүйцээхгүй бол чамайг ёстой алчихна шүү! /цайны газар орно/

Робинзон: /нударга зангидан зангана/ Ээ муу зэрлэгүүд, дээрэмчид! Би ч мөн нөхдөө олов оо! /явна. Вожеватов Ларисад дөхөж очно/

Лариса: / Вожеватовт/ Вася, би үхэх нь ээ?

Вожеватов: Лариса Дмитриевна, шувуухай минь! Яая гэхэв дээ, яах ч арга алга.

Лариса: Вася, чи бид хоёр хар нялхаасаа танил, бараг хамаатан улс шүү дээ, би яадаг билээ, хэлээд өгөөч!

Вожеватов: Лариса Дмитриевна, би таныг хүндэтгэдэг, туслах л сан …даанч би чадахгүй юм, мэдэхгүй юм. Надад итгээрэй!

Лариса: Би чамаас юм нэхэхгүй шүү дээ, ганцхан намайг л хайрлаач! Ядаж надтай хамт уйл л даа.

Вожеватов: Чадахгүй, би яаж ч чадахгүй.

Лариса: Чи ч бас гинжлэгдсэн хэрэг үү?

Вожеватов: Лариса Дмитриевна би дөнгөлөгдсөн

Лариса: Юун дөнгө вэ?

Вожеватов: Худалдаачны тангараг. /цайны газрын зүг зайлна/

Кнуров: /Ларисад дөхөж очно/ Лариса Дмитриевна, би танд нэг юм хэлье. Битгий гомдоорой. Би таныг гомдооё гэж огтхон ч бодоогүй. Эдлэх ёстой сайн сайхан, аз жаргалаа л эдлэж яваасай гэж хүсдэг. Та надтай хамт Парис орж, үзэсгэлэн үзэхгүй юу. /Лариса толгой сэгсэрнэ/  Дараа нь амьдралын тань турш би тэтгэнэ. /Лариса дуугүй байна/ Битгий ичиж зов, хэн ч зэмлэхгүй. Зэмлэлийг зогсоодог зааг гэж байдаг. Аль ч газрын хорон хэлт хүний мууг дуудагчид гайхахдаа амаа ангайж дуугаа хураах тийм их хөрөнгө мөнгө танд би амалъя. /Лариса эсрэг зүг рүү харна/ Би огт эргэлзэх юмгүй таныг эхнэрээ болгохсон, даанч би эхнэртэй. /Лариса дуугүй сууна/ Таны сэтгэл тавгүй байна, би хариуг нь яаруулахгүй ээ. Та бод, та миний хэлснийг зөвшөөрөвл надад мэдэгдээрэй. Тэр цагаас чинь эхлээд би танд дуулгавартай зарц болж, таны хүссэн бүхнийг асар ч үнэтэй байсан авч өгнө. Тэр ч байтугай бүх ааш аягыг ямар ч хачин байсан дагна. Үг дуугүй хүлцэнэ. Миний хувьд болохгүй чадахгүй юм гэж бараг байхгүй. /хүндэтгэн мэхийн ёслоод цайны газар орно/

ХӨДЛӨЛ 9

Лариса ганцаараа

Лариса: Би түрүүн торон дээгүүр өнгийн хараад эргэж эгээл уначихаагүй. Хэрэв уначихвал ёстой үхэн дээ! /бодно/ Үсрээд орчихвол сайн сан! Үгүй ээ, үсэрч яах юм бэ … торны дэргэд зогсоод доошоо хараад л байвал толгой эргээд аяндаа уначихна … Тиймээ, тэгсэн нь дээ … ухаан алдаад, өвдсөнөө ч юугаа ч мэдэхгүй өнгөрнө … /Торонд дөхөж очоод доошоо харна. Өнгийж торноос чанга атгаад байзнаснаа өөрөө огло үсэрнэ/ Ээ бүү үзэгд, ээ бүү үзэгд, яасан аймаар юм бэ! /ойчих шахан сэхээвчнээс зуурна/ Ээ, болъё … /уйлагнана/ Амьдралаас хагацана гэдэг миний боддог хялбархан юм биш юм байна. Зориглож чадахгүй нь ээ! Би ийм л хувь заяагүй амьтан даа! Үхэж чаддаг зоригтой хүмүүс байдаг шүү дээ. Тийм улс чинь амьдарч болохоо даанч больчихсон, юу ч сонирхохгүй, юуг ч хайрлахгүй болчихсон байдаг байх нь. Ээ чаавас, би чинь ингэдэг нь юу билээ дээ? Би ч гэсэн сонирхох юм тун үгүй болсон, амьдарч болохоо больчихсон, амьдрах хэрэг ч үгүй болсон амьтан шүү дээ. Би яагаад шийдаж чадахгүй байнаа? Намайг үхэхэд юу саад болоод байна? Юу вэ? /бодлогоширно/ Ээ, үгүй, үгүй … Кнуров биш … гоёл, гял цал болсон эд агуурс саад болж байна уу? … үгүй, үгүй … би наргиан шуугианаас аль болох эрт холдсон хүн … /цочно/ Завхай зайдан явдал саатуулж байна уу? … Ээ, үгүй … ганцхан шийдаж л чадахгүй байна. Арчаагүй дорой амьтан! Яаж ийгээд л амьдаръя, тиймээ амьдаръя … амьдарч болохоо байсан үед л болъё. Би яачихсан арчаагүй, заяагүй амьтан бэ? Одоо намайг хэн нэгэн хүн алчихаасай… Биеэ зэмлэх юмгүй байгаа дээрээ … үхчихвэл бас сайхан сан. Эсвэл өвдөж халуурч байгаад үхчихээсэй… Тиймээ, би ер нь халуурах нь шиг байна. Бие тавгүй л байна… Удаахан шиг өвдөж тайвшираад, бүгдээрэнтэй нь эвлэрээд, бүгдий нь уучилчихаад үхэхсэн … бие мөн их тавгүй, толгой эргээд байна. /ганцаараа толгойгоо тулан гиюүрэн сууна. Робинзон, Карандышев хоёр орж ирнэ/

ХӨДЛӨЛ 10

Лариса, Робинзон, Карандышев

Карандышев: Таныг, гэрт нь хүргэж өгөх гэсэн гэв үү та?

Робинзон: Тиймээ, тэгсэн.

Карандышев: Ларисаг тэр хүн бас доромжилсон гэж бас та хэлэв үү?

Робинзон: Тэгэлгүй яах вэ! Тэгж доромжлуулахаас илүү гомдмоор юм гэж байх уу?

Карандышев: Ларисагийн буруу, хохь нь! Тэгж доромжлуулахдаа таарч! Эд ямар улс гэдгийг би Ларисад хэлсэн. Өөрөө ч гэсэн биднийг ялаагүй мэдэж болох л байсан. Тиймээ, Лариса өөрөө буруутай, гэхдээ Ларисаг надаас өөр хэн ч залхаахгүй, тэр тусмаа надаас өөр хэн ч доромжлох эрхгүй. Энэ хүнийг уучлах, байх хоёроо би мэднэ, Тэгэхэдээ Ларисаг би хамгаалах ёстой. Энэ хүн маань ах дүү ч үгүй, ойрын төрөл садан ч үгүй хүн. Ганцхан би л өмгөөлж хамгаалж, доромжилсон хүнийг цээрлүүлэх ёстой юм. Тэр маань хаа байна аа?

Робинзон: Энд л байсан юмсан. Ээ, энэ байна!

Карандышев: Бид хоёрыг учраа ололцоход гадны хүн байх хэрэггүй юмсан. Та явна уу даа.

Робинзон: Дуртайяа зөвшөөрье. Лариса Дмитриевнаг танд тушааснаа хэлье. Баяртай. /цайны газар орно. Карандышев ширээнд очиж суугаад Ларисагийн өөдөөс харна/

ХӨДЛӨЛ 11

Лариса, Карандышев

Лариса: /өндийнө/ Би таныг үзэж чадахгүй юм, та мэддэг ч болоосой, Яах гэж энд ирээ вэ?

Карандышев: Би хаана очих ёстой юм бэ?

Лариса: Мэдэхгүй, миний л дэргэд биш бол хаана ч яах вэ.

Карандышев: Та эндүүрч байна, би таны хаа байсан газарт байж, таныг хаацайлж хамгаалах ёстой. Одоо ч гэсэн би энд байж, таныг доромжилсон хүмүүсээс өшөөгөө авах ёстой!

Лариса: Таны ивээлд багтаж танаар хамгаалуулахаас илүү доромжил надад байхгүй. Үүнээс илүү доромжлол би үзээгүй шүү.

Карандышев: Та дэндүү ноомой юм. Кнуров, Вожеватов хоёр таныг хэн авч явах вэ гэж мөнгөөр шодож тоглож байна лээ. Энэ чинь доромжлол биш үү? Та мөн ч сайн нөхөдтэй юм даа! Таныг эд мөн ч сүрхий хүндэтгэж байх шив дээ! Тэд чинь таныг эмэгтэй хүн, ер нь хүн гэж үзэхгүй байна. Хүн гэдэг чинь хувь заяагаа өөрөө сонгож эдэлдэг шүү дээ. Тэд таныг эд агуурс шиг үзэж байна, хэрэв та эд агуурс юм бол яая гэхэв. Эд агуурс гэдэг ч яах вэ, хэн хожсонд нь ноогдоно, гомдох юм алга.

Лариса: /их гомдсон янзтай/ Эд агуурс гэнээ… тиймээ, эд агуурс. Таны зөв. Би хүн биш, эд агуурс. Би одоо сая л өөрийгөө цэгнэж, эд агуурс юм гэдгээ мэдлээ … тиймээ, эд агуурс /шийдэмгий янзтай/ Өөртөө би эд агуурс! Өөртөө тохирсон үгээ олж авлаа. Түүнийг та надад хэлж өглөө. Яв! Гуйя таныг, намайг орхи!

Карандышев: Таныг орхиод явах гэнэ ээ? Би яаж таныг орхих юм бэ, хэнд найдаж орхих билээ?

Лариса: Ямарваа нэгэн эд агуурс эзэнтэй байх ёстой. Би эзэндээ очъё.

Карандышев: /шийдэмгий/ Би таныг авлаа, би таны эзэн. /түүний гараас нь шүүрнэ/

Лариса: /түүнийг түлхэн/ Үгүй шүү, ямарваа нэгэн эд агуурс таарсан үнэтэй байдаг … ха-ха-ха … Би танд дэндүү үнэтэйднэ.

Карандышев: Та юу ярьж байна! Та ийм ичгүүргүй үг ярих гэж үү?

Лариса: /уйлна/ Эд агуурс байх юм бол их үнэтэй, асар их үнэтэй байж гэмээнэ сэтгэл ханах биш үү? Надад эцсийн удаа тус болооч! Яваад Кнуровыг дуудаад ир.

Карандышев: Та яах нь вэ, яах нь вэ? Бодооч!

Лариса: За, тэгвэл би өөрөө очъё.

Карандышев: Лариса Дмитриевна, Зогс! Би таныг уучлая, би бүгдийг уучлая.

Лариса: /хорсолтой инээж/ Та намайг уучлав уу? Баярлалаа танд. Харин би юу бодож ийм арчаагүй хүнтэй хувь заяагаа холбох гэв ээ гэж бодохоос бие уучлахгүй.

Карандышев: Энэ хотоос зайлъя, зайлъя. Би таны эрхээр байя.

Лариса: Хожимджээ. Би таныг цыганы задгай амьдралаас татаж аваа гэж гуйсан. Та чадаагүй, ингэхээр би цыган дунд амьдарч байгаад үхэх тавилантай байж.

Карандышев: Би таныг гуйя, та намайг битгий хая, гуйя!

Лариса: Хожигджээ. Одоо нүдэнд минь алт гялалзаж, очир эрдэнэ гялалзаж харагдана.

Карандышев: Би муу бүхнийг тэсвэрлэж таны бүх доромжлолыг тэсвэрлэж чадна.

Лариса: /жигшинэ/ Зайл, та надад хичнээн жигшүүртэй байна. Хэт арчаагүйтэж байна.

Карандышев: Та надад хэлээд аль. Яавал би таны хайр сэтгэлийг хүртэх вэ? /өвдөг сөхөрнө/ Би танд хайртай, хайртай.

Лариса: Худлаа. Би хайр сэтгэлийг эрсээн. Эрээд олоогүй. Намайг зугаа цэнгэлд үздэг ч байсан, үзэж ч байгаа юм. Хэзээ ч хэн ч миний сэтгэлийг өнгийж хараагүй, хэн ч намайг үнэлж хайрлаагүй, хэнээс ч би чин үнэний аятай үг сонсоогүй ээ. Ингэж амьдрана гэдэг зэвүүн юм. Би буруутан бишээ, би хайр дурлалыг эрсэн, эрээд олоогүй … Тэр чинь ертөнц дээр байдаггүй юм байх … эрээд ч хэрэггүй. Би хайр дурлалыг олоогүйгээс хойш одоо алтыг нь эрнээ. Зайл, та намайг дийлэхгүй.

Карандышев: /босно/ Ай хөөрхий, гэмшүүзэй! /гараа цамцныхаа энгэрт хийнэ/ Та минийх болох ёстой.

Лариса: Хэнийх болсон ч яах вэ. Таных л болохгүй!

Карандышев: /уурлана/ Минийх болохгүй гэнээ!

Лариса: Хэзээ ч үгүй.

Карандышев: Тэгвэл хэнд ч бүү оногд! /гар буугаар түүнийг буудна/

Лариса: /цээжээ барина/ Аа! Баярлалаа танд! /сандал дээр сууна/

Карандышев: Би яав аа! Юу болов оо … Ээ мангуу. /гар буугаа унагаана/

Лариса: /энэрэнгүй/ Хонгор минь, та буянтай хүн! Гар буугаа нааш нь ширээн дээр тавь! Энэ чинь би өөрөө … өөрийгөө шүү … Яасан их буян бэ! … /гар бууг авч ширээн дээр тавина. Паратов, Кнуров, Вожеватов, Робинзон, Гаврило, Иван нар цайны газраас гарч ирнэ/

ХӨДЛӨЛ 12

Цөмөөрөө: Юу болоов, юу болоов?

Лариса: Би өөрөө ингэсэн юм … тэн ч буруугүй, хэн ч … Би өөрөө шүү. /тайзны цаана цыганууд дуу дуулна/

Паратов: Боль гэж хэл! Боль гэж хэл!

Лариса: /суларч байгаа дуугаар/ Үгүй, үгүй, яах нь вэ, тэр улс цэнгэж л байг … Би ч саад болохыг хүсэхгүй! Бүгдээрээ амьдарцгаа! Та нар амьдрах хэрэгтэй, би бол … үхэх ёстой … би хэний ч зэмлэхгүй … хэнд ч гомдохгүй … та нар цөмөөрөө сайн хүмүүс … би та нарт бүгдэд чинь, бүгдэд чинь хайртай. /Үнсэлтээ шиднэ. Цыгаануудын найрал дуу чангарна/

ТӨГСӨВ

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s