Александр Островский – Инжгүй хүүхэн (Гуравдугаар бүлэг)

Оросын жүжгийн зохиолч Александр Островскийн (1823-1886) энэхүү 1851 онд туурвисан хошин жүжгийг Э.Оюуны орчуулгаас сийрүүлэв.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Ефросинья Потапона, Карандышевийн нагац эгч

Карандышев

Огудалова

Лариса

Паратов

Кнуров

Вожеватов

Робинзон

Иван

Илья, цыган

Карандышевийн ажлын өрөө. Өрөөний тавилга нь нэлээд дээгүүр санаатай авагдаж

тавигдсан боловч ая эвээр тун муу. Нэг хананд диван дээр хивс хадсан байх ба түүний дээр

баахан буу зэвсэг өлгөжээ. Гурван хаалгатай, нэг нь голдоо, хоёр нь хоёр хажуудаа.

ХӨДЛӨЛ 1

Ефросинья Потапона байх ба зүүн хаалгаар  Иван орж ирнэ

Иван: Лимон авчирлаа

Ефросинья Потапона: Юуны чинь лимон, зэтгэр минь

Иван: Мессиных ахайтаан

Ефросинья Потапона: Юунд хэрэгтэй юм бэ, наадах чинь?

Иван: Өдрийн хоолны дараа дээдсүүд чинь зарим нь кофе зооглодог, зарим нь цай гэдэг, цайндаа л хийдэг юм билээ дээ?

Ефросинья Потапона: Энэ удаа би та нарт сарислуулж гүйцлээ, гүйцлээ. Ямар ялгаатай юм бэ, тэр жимсний шүүсээ аваачиж өг. Миний өрөөнд хүзүүтэй шилэн сав байгаа, болгоомжтой аваарай, сав нь хуучирчихсан юм, таглаа нь арай мөр бүтэн шүү байгаа байх, лацаар нааж тогтоосон юм даг. За, за би өөрөө аваачиж өгье /гээд голын хаалгаар явж орохд Иван хойноос нь явж орно. Огудалова Лариса хоёр зүүн хаалгаар орж ирнэ/

ХӨДЛӨЛ 2

Огудалова Лариса хоёр

Лариса: Ээж минь, ээж минь би нүүрээ хийх газар олдохгүй байлаа шүү.

Огудалова: Тэгнэ гэдгий нь ч би бүүр мэдээд байсан юмаа.

Лариса: Юуныхаа зоог барих, хоол идүүлэх юм болчих ваа даа! Мокий Парменычийг бас уриад байгаа шүү. Яаж байнаа энэ хүн, яаж байна?

Огудалова: Ай хөөрхий, зочлохыг ч нэг үзүүллээ дээ.

Лариса: Үгүй бас муухай юм. Хүний төлөөнөөс ичих шиг муухай юм байдаггүй байх аа … Та бидэнд буруу байхгүй хэрнээ ичсэн гэдэг тоймгүй, нүдээ харсан зүгт зугтаамаар санагдсан шүү. Тэгэхэд мань хүн огт дажгүй бүр хөөрчихсөн байдаг.

Огудалова: Тэр юундаа зовох вэ? Юу ч мэдэхгүй, тэр дундаа ихэс ямбатан яаж шүүс хоолоо зооглодогийг үзээ ч үгүй юм чинь. Баян сайхан зоог барьж амьтан хүнд гайхууллаа гэж бодож хөөрүү байгаа нь тэр. Чи ажсангүй юу? Цаадуул нь зориуд шахаж уулгаж байна лээ шүү дээ.

Лариса: Ээж минь, болиулахсан цаадахыг чинь, болиулах сан!

Огудалова: Яаж болиулах юм бэ? Хүүхэд биш, хариулгагүй амь зуух цаг нь болсон

Лариса: Уул нь мангуу хүн биш юм шүү дээ, яагаад учир ойлгохгүй байнаа?

Огудалова: Мангуу биш, биеэ тоосон амьтан. Наадуул нь тоглоом тохуу хийж, архи дарсны нь магтах болж байхад мань хүн улам додийгоод л согтох гээд байгаа юм.

Лариса: Ээ чаавас, би айж байна, айдас хүрч байна. Наадуул тэгж яах нь вэ дээ?

Огудалова: Тоглоом тохуу хийж байхгүй юу?

Лариса: Үнэндээ намайг махы нь идэж байгаа шүү дээ!

Огудалова: Тэр хэнд, ямар хамаатай юм бэ. Чи одоо юу юуны туханд хүрээгүй байж зовж тарчилж байна. Цааша яана?

Лариса: Дүүрсэн хэрэг болсоон. Одоо энэ хэрэгтээ харамсахаасаа биш засч өөрчилж болохгүй. / Ефросинья Потапона ирнэ/

ХӨДЛӨЛ 3

Огудалова, Лариса, Ефросинья Потапона

Ефросинья Потапона: Болох нь энэ үү? Цай зооглохгүй юмсан бол уу?

Огудалова: Үгүй, болно

Ефросинья Потапона: Эрчүүл маань яав?

Огудалова: Тэндээ тухлаж юм ярьж байгаа.

Ефросинья Потапона: Идэж уулаа, явлаа барж дээ. Бас юу хүлээгээ юм бэ? Энэ хоол барих ажлуу, дэмий хэлнэ, нилээд үймээн болж, гарлага гарав шүү. Тогооч нар гэж шуламнууд, гал тогооны өрөө эзэгнэчихээд үг хэлүүлдэггүй шүү!

Огудалова: Тэдэнтэй юугаа ярих юм бэ? Сайн тогоочий чинь сургамжласны хэрэг байхгүй.

Ефросинья Потапона: Сургамжлах гэсэн юм биш ээ, юм даанч их оруулах юм. Өөрий юм, гэрийн, хөдөөний юм хэрэглэж хийсэн бол би үг хэлэхгүйсэн, энэ чинь худалдаж авсан юмаар, үнэ гэдэг нь хадсан юмаар юм хийлээ л дээ. Хар буугаад байх юм. Ноён зантай юмнууд элсэн чихэр л гэнэ, гоё үнэр оруулдаг юм чинь юу билээ дээ, тэрийг л гэнэ. Загасны цавуу аль л гэнэ, гэтэл тэр сайхан үнэр оруулдаг юмны үнийг яана, загасны цавуу ч бүр үнэтэй байдаг. За яах вэ хийж болно, үнэртүүлэх төдий л хийхгүй юу, үгүй ээ, хүний юм хамаагүй гэсэн шиг бөөн цөөн л хийчих юм. Тэрий нь хараад чухам хар буух юм.

Огудалова: Хямгатай, бодолтой улсууд ч тэгнээ, ер нь …

Ефросинья Потапона: Хүн нь солиорчихоод байхад юуны хямгадах байх вэ? Загас авлаа жижиг томын амтны ялгаа байх уу? Үнэн нь тун их ялгаатай, жигтэйхэн ялгаатай! Арван жижгийг дуун дээр авах юм чинь, ширхэг нь ширхэг нь тавин мөнгөнийхийг авч байгаа хүн шүү дээ.

Огудалова: Саяны хоолонд тавьсан загасанд бол усандаа байж өсөх л хэрэгтэй байсан юм билээ?

Ефросинья Потапона: Нэг рублийнх, хоёрынх ч байсан л даа, мөнгөөр туйлдаг нэг нь авч байдаг юм байгаа биз. Үгүй тэгээд өндөр тушаалтан эзэн хааныг дайлахсан болж ч яах вэ, тэгэх ёстой, гэтэл хэнийг дайлав даа, чаавас. Бас үнэртэй архи, нэг рубль, рублээс дээш үнэтэйг нь авах гэв ээ, тэгтэл хөөрхий наймаачин хүн нь овоо нуруутай юм таарч, за та шил архи жаран мөнгөнийхийг дүйгээд ав, нэр хаягий нь хүссэнээр нь нааж өгье гээд зэгсэн сайн юм өгсөн дөө. Ёстой нэр төрөө боддог наймаачин. Би нэг хундага амссан чинь гвоздик үнэртээд, розан ч ханх тавиад, юу юу ханхлав даа. Ийм үнэтэй сайхан үнэртэн хийсэн архи чинь яаж хямд төсөр байх вэ? Шил архи жаран мөнгө гэдэг чинь хямд юм бишээ, тэхдээ өхөөс аргагүй юм. Бүр үнэтэйг нь авна гэхээр болохгүй, цалин пүнлүү харж амьдрадаг улс чинь. Танай хөрш эхнэр аваад хүүхний инж сүйнд дан зөөлөн цэвэр өд ирдэг байна шүү, өдөн дэрийг чинь тэрэг тэргээр авчираад л байлаа, авчираад л байлаа. Сүүлд нь ангийн үс ачиж ирвээ чи минь, үнэг мануул, булганы арьсыг ч нэг овоолов доо! Ийм их юм гэрт орж ирж байхад үрэх мөнгө байлгүй яах вэ. Тэхэд энэ талын түшмэл эхнэр авсан чинь хүүхний сүй бэлгэнд дан муу! Хуучин фортепьян хөгжим ирдэг юм байв. Ийм юмаар аятай амьжирахгүй даг аа. Бидэнд ядаж гайхуулах юм алга.

Лариса: /Огудаловад/ Толгой хазайсан зүг рүү зугтаахсан чаавас.

Огудалова: Азгүйд замгүйдэх гэж, болохгүй.

Ефросинья Потапона: Дотор чинв эвгүй байгаа бол хүү минь, миний өрөөнд оч. Одоо энэ рүү өнөө харцуул орж ирж тамхиа баагиулах дээр харах юмгүй болно шүү. Миний энэ зогсоод байдаг юу вэ! Өнөө мөнгөн хутга, сэрээнүүдээ очиж тоолж авч далд хийе. Одоо цагийн улс чинь хүний үнэргүй болж шүү дээ. /Огудалова, Лариса хоёр баруун хаалгаар гарахад Ефросинья Потапона дунд хаалгаар гарна. Зүүн хаалгаар Паратов, Кнуров, Вожеватов нар гарч ирнэ/

ХӨДЛӨЛ 4

Паратов, Кнуров, Вожеватов

Кнуров: Эрхмүүд минь, би юу ч идээгүй. Одоо бол клубт очиж хоол идлээ.

Паратов: Хүлээгээрэй, Мокий Парменыч!

Кнуров: Насандаа анх удаа ийм юм үзлээ, таминь. Нэр төртэй улсыг зоогонд урьчихаад идэх юм юу ч үгүй байна гэдэг байж болох уу? Энэ хүн усан тэнэг хүн юм, ноёдоо

Паратов: Зөрөх юм алга. Шударгаар хэлэхэд энэ хүн үнэхээр усан тэнэг.

Кнуров: Зочдоос түрүүлж өөрөө согтоод

Вожеватов: Бид нарын түлхээс их байсан шүү.

Паратов: Тиймээ, би санасандаа хүрсэн. Гайгүй сайн гүзээлүүлээд, юу болохы нь үзэхсэн гэж би түрүүний бодсон юм.

Кнуров: Та бүр санаатай уулгасан хэрэг үү?

Паратов: Ярьж зохицсон юм. Ийм юман дээр, эрхмүүд минь, энэ Робинзонууд их үнэ хүрдэг юм шүү дээ.

Вожеватов: Ёстой хэрэг болсон доо!

Паратов: Эзнийг согтоохын тулд өөрөө хамт уух ёстой, гэтэл архи гэж нэрлэж байгаа тэр муухай хоормогий чинь ууж болох уу даа таминь. Робинзон бол хөдөөний балиар юмнууд ууж хатуужсан хүн, энүүнд юу ч уусан гэм болохгүй. Та нар хараа биз дээ, тэрүүнээс нь ч амсаж тамшаалаад л , тэгээд уухаараа эзнийг заавал уулгачихаад байсан чинь цаадах нь яваад өгөхгүй юу. Ууж сураагүй амьтан юу байх вэ, төдхөн л уушиг нь сагсайчихгүй юу.

Кнуров: Инээдмийн юм аа. Эрхмүүд минь, ямар ч гэсэн би тун их өлсөж байна.

Паратов: Идэж амжина даа, та. Жаахан байзна. Лариса Дмитриевнагаар дуу дуулуулъя.

Кнуров: Ингэх юм бол өөр шүү. Өнөө Робинзон хаачив?

Вожеватов: Үлдсэн архиа ууж байгаа, тэд /Робинзон ирнэ/

ХӨДЛӨЛ 5

Паратов, Кнуров, Вожеватов, Робинзон

Робинзон: /диван дээр унаж/ Бурхан минь, туслаарай! За Серж минь, бурханы өмнө чи намайг хариуцна шүү

Паратов: Яагаав чи, согтоо юу?

Робинзон: Юуны чинь согтох вэ? Согтвол би үг яриа гаргадаг билүү? Согтоосонсон бол тэрнээс илүү сайхан, тэрнээс илүү хүсэх юм гэж юу байхсан билээ? Согтоё гэж сайхан санасандаа би энэ рүү ирсэн, тэгэх гэж ч хорвоод амьд яваа. Энэ яваагийн ганц хүслэн ч энэ.

Паратов: Тэгээд юу болов?

Робинзон: Би хордсон байна, одоо ориллоо шүү.

Паратов: Чи юугий нь илүү уусан юм бэ, ямар архий нь?

Робинзон: Би яаж мэддэг юм бэ? Хими ч биш. Эм найруулагч учрыг нь олох байхаа.

Паратов: Шилэн дээрхи бичиг нь юу гэснээс уусан юм бэ?

Робинзон: Шилэн дээрхи бичиг нь “Бургоны архи” гэж дээд зэргийн архины нэр байсан л даа, шилэн доторх  нь удаж муудсан хоормог шиг юм байсан шүү. Энэ тоглоом надад зүгээр өнгөрөхгүй нь дээ.

Вожеватов: Ийм юм байдаг юм билээ, архи хийж байхдаа аль нэг юмы нь хэмжилгээс нь илүү хийчихдэг юм даг уу. Хүн-машин биш андуурах юу байх вэ. Хортой өвс ордог юм гэдэг байх, тэрий нь ихдүүлчихсэн юм биш байгаа даа.

Робинзон: Чи юундаа хөөрөө вэ? Хүн үхэх гэж байхад чинь баярлаж байдаг.

Вожеватов: Өнгөрсөөн! Робинзон чи үхнэ.

Робинзон: Дэмий юм ярих гэж, би зөвшөөрөхгүй … ийм архи уусан хүний юу нь хорддогийг яаж мэдэхсэн.

Вожеватов: Нэг нүд чинь бүлтэрнэ гэж мэд. /тайзны цаана Карандышевийн дуу “Хөөе та нар бургоны архи авчираая” гэнэ/

Робинзон: За тэр, дуулав уу, дахиад л бургоны архи гэж байна. Авраарай үхэх нь. Серж, чи минь ядаж намайг өрөвдөөч! Би чинь залуу зандан насан дээрээ яваа, үйл бүтээх найдлагатай хүн шүү. Оросын урлаг ийм гарз хүлээх боллоо гэж үү? Юу вэ, таминь …

Паратов: Битгий уйл, би эдгээнээ, чамд тус болох юм бий, дороо л сэхнэ. /Карандышев хайрцаг сигар тэврэн ирнэ/

ХӨДЛӨЛ 6

Паратов, Кнуров, Вожеватов, Робинзон, Карандышев

Робинзон: /хивсийг харж/ Энэ чинь юу вэ?

Карандышев: Сигар тамхи

Робинзон: Үгүй ээ. Тэр өлгөөтэй байгаа юм. Хиймэл тоглоомууд уу?

Карандышев: Юуны чинь хйимэл, Турк буу байхад

Паратов: Уухай даа, австрчууд, туркуудийг дийлж чадахгүй байгаагийн буруут энэ хүнд байх нь.

Карандышев: Юу? Тоглоом биш, шоглоом болох вий таминь! Би яагаад буруутан болж байна?

Паратов: Туркуудын новш хэрэггүй буунуудыг та авчихснаас цаадуул чинь арга барагдахын эрхэнд ангилуудын сайн буу аваачаад байлдчихгүй юу.

Вожеватов: Тийм байна, энэ хүн буруут байна. Олдлоо доо. Австричууд танд үзүүлээд өгнө дөө.

Карандышев: Юу нь новшийн гэж? Жишээ нь энэ гар буу. /хананд байсныг авна/

Паратов: /буугий нь авч/ Энэ гар буу юу?

Карандышев: Болгоомжтой. Сумтай юм шүү.

Паратов: Битгий зов. Сумтай ч, сумгүй ч аюул адилхан. Наадах чинь буудахгүй. Таван алхамын газар намайг бууд би зөвшөөрнө.

Карандышев: За больж үз. Энэ гар буу ч хэрэг болж магадгүй.

Паратов: Хананд хадаас хадахад хэрэг болно. /бууг ширээн дээр шидэв/

Вожеватов: Тэгж ярихгүй. Нүгэл, нүдээ олоод ирэхээрээ модоор ч буудуулна гэдэг шүү.

Карандышев: /Паратоавт/ Сигар тамхи татахгүйсэн болов уу та?

Паратов: Үнэ гэдэг нь хадаасан юм байгаа биз дээ? зуун ширхэг нь долоогоод рубль байх шүү.

Карандышев: Тийм, ойролцоол байх. Дээд зэргийнх, тун дээд зэргийнх.

Паратов: Би энийг мэдэх юм байна. Регалия Капустиссима                гэдэг юм. Найз нартаа татуулах гэж хадгалаад өөрөө татдаггүй юм.

Карандышев: /Кнуровт/ Болгоно уу?

Кнуров: Таныхыг татахгүй, би өөрийнхөө татаж байна.

Карандышев: Хөөрхөн тамхи, бузгай хөөрхөн тамхи шүү.

Кнуров: Сайн л юм бол та өөрөө тат.

Карандышев: / Вожеватовт/ Та авахсан болов уу?

Вожеватов: Надад дэндүү үнэтэйднэ, муу зан сурчихвал аллаа шүү. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийхгүй бол хөлдөөчихвөл аргаггүй болно.

Карандышев: Сэр Робинзон та тамхи татах уу?

Робинзон: Үгүй, энд яаж болох вэ? Байгаль дээр орчны сайханд татах сигар байхгүй юу?

Карандышев: Яагаад тэр вэ?

Робинзон: Энэ тамхийг чинь олигтойхон айлд татах юм бол алуулна шүү. Би тун дургүй.

Вожеватов: Зодуулах дургүй юм уу?

Робинзон: Тийм. Багаасаа л дургүй юм даг.

Карандышев: Ховор хүн шүү энэ. Ноёдоо, ховор оо! Анги хүн гэдэг нь одоо л мэдэгдлээ. /чангаар/ Ахайтнууд маань хаачиваа? /бүр чангаар/ Ахайтнууд хаана байна? /Огудалова орж ирнэ/

ХӨДЛӨЛ 7

Паратов, Кнуров, Вожеватов, Робинзон, Карандышев, Огудалова нар

Огудалова: Ахайтнууд энд байна, битгий зов. /Карандышевт аяархан/ Та яаж байна? Өөрийгөө хараач!

Карандышев: Би, уучлаарай, би өөрийгөө мэднэ. Та хар, цаадуул цөмөөрөө согтсон байхад би ердөө халаад л больсон байгаа биз. Би азтай хүн юм, өнөөдөр би төгс амжилттай байна.

Огудалова: Баярлалаа, тэгэхдээ аяар дуугар. /Параотвын дэргэд очиж/ Сергей Сергеевич та Юлий Капитонычийг дооглож тохуурхахаа боль л доо. Нүд хальтраад байх юм. Та Лариса бид хоёрыг гомдоож байна шүү.

Паратов: Эгч минь, тийм эрх надад байх уу даа.

Огудалова: Түрүүнд муудалцсанаа мартаагүй байгаа хэрэг үү? Яасан ичдэггүй юм бэ?

Паратов: Юу гэсэн үг вэ эгч минь, би хүнд муу санаж хоцордоггүй шүү. Таны сэтгэлийг таатай болгож амраахын тулд би одоо нэг мөсөн учры нь олчихъё. Юлий Капитоныч!

Карандышев: Юу гээв та?

Паратов: Надтай Брудершафт орохгүй юу?

Огудалова: Болох нь тэр! Гялайлгалаа намайг!

Карандышев: Брудершефт ууя гэж үү? Дуртайяа ууя.

Паратов: /Огудаловад/ Лариса Дмитриевнаг нааш ир гээч. Биднээс нуугддаг нь юу вэ дээ.

Огудалова: За, за би дагуулаад ирье

Карандышев: Юу уух вэ хоёулаа, Бургонд архи уух уу даа?

Паратов: За тэрий чинь ч болъё. Би бүдүүн хадуун хүн шүү.

Карандышев: Тэгээд юу уух вэ?

Паратов: Ер нь бид хоёр коньяк уувал сонин юм биш үү. Коньяк бий биз дээ?

Карандышев: Байлгүй яах вэ? Надад юм болгон бий. Хөөе, Иван, коньяк авчир.

Паратов: Авчруулж яах юм бэ, тэнд нь очиж ууя. Харин том аяга тавиулаарай, би хундага тогтоодоггүй.

Робинзон: Коньяк бий гэж та түрүүн хэлэхгүй яав аа? Өчнөөн хайран цаг дэмий өнгөрөчих гэж!

Вожеватов: Энэ чинь бүр сэргээд явчихлаа.

Робинзон: Тэр ундаагий чинь би хэрэглэж сурсан, аргы нь олдог байхгүй юу. /Паратов, Карандышев хоёр зүүн хаалгаар гарна /

ХӨДЛӨЛ 8

Кнуров, Вожеватов, Робинзон

Робинзон: /зүүн хаалгаар цааш харж/ Карандышев өнгөрлөө. Би багалзуурдаж, Серж бүүр дуусгах нь. Хийлээ, өөд өөдөөсөө харж зогслоо, амьд зураг болоод явчихлаа. Сэржийн инээмсэглэлийг хараач таминь! Бертрам баатар л гэсэн үг. /Робертоос дуулна/ “Чи миний аврагч” “Би чиний аврагч” “Ивээгч минь” “Ивээгч чинь” за даа, зальгилаа. Үнсэлцлээ. /дуулах нь/ “азтай байна би. Авлаа даа энийг” Ээ золиг гэж аваад явлаа, өнөө Иван коньяк аваад явлаа! /чангаар/ яах нь вэ, яах нь вэ, орхиоч ээ! Би уух гэж зэхээд байхад /гүйж орно/

ХӨДЛӨЛ 9

Кнуров, Вожеватов, Илья, дараа нь Паратов

Вожеватов: Илья, чи юу гээв?

Илья: Манайхан бэлэн, юмаа бэлдчихсэн, цэцэрлэгт хүлээж байна. Хэдийд явмаар байна вэ?

Вожеватов: Одоо ингээд бүгдээрээ явна, жаахан хүлээ!

Илья: Тэгье та бүхний хүслээр болъё. /Паратов ирнэ/

Паратов: А, Илья та нар бэлэн үү?

Илья: Бэлэн, Сергей Сергеевич

Паратов: Гитараа чи авч явна уу?

Илья: Үгүй. Сергей Сергеевич

Паратов: Гитар хэрэг болоод байна, дуулав уу?

Илья: Би одоохон, Сергей Сергеевич /явна/

Паратов: Би Лариса Дмитриевнагаар нэг дуу дуулуулаадхая, тэгээд л голын цаад руу явцгаая даа.

Кнуров: Лариса Дмитриевна явахгүй бол ч аятай аялал болохгүй дээ. Болдог бол … Тэгж явах юм бол мөнгө хайрлахгүй …

Вожеватов: Лариса Дмитриевна хамт явбал би баярлаад онгоцны сэлүүрчидэд нэг нэг мөнгөн рубль бэлэглэнэ.

Паратов: Үгүй ер, эрхмүүд минь, би бас ингэж бодож байлаа. Адилхан юм бодогджээ.

Кнуров: Аваад явах арга байна уу?

Паратов: Ертөнцөд болохгүй юм гэж байхгүй ээ гэж гүн ухаантнууд хэлдэг.

Кнуров: Ингэх дээр хүрвэл Робинзон илүүдэнэ шүү, эрхмүүдээ, инээлээ боллоо. Мал болтлоо согтоно, энэ чинь, юу нь аятай байх вэ. Энэ аялал аятай тохитой байх учраас Робинзон бидэнд таарахгүй. /хаалга тийш зааж/ Тэр конъякт шунаж байгаагий нь хар.

Вожеватов: Авч явахаа л болчихъё

Паратов: Яаж ийгээд дагана даа.

Вожеватов: Байз, эрхмүүдээ, би энийг төөрүүлчихье. /хаалгаар/ Робинзон /Робинзон орж ирнэ/

ХӨДЛӨЛ 10

Паратов, Кнуров, Вожеватов, Робинзон

Робинзон: Чи юу гээв?

Вожеватов: /аяархан/ Чи Париж явах уу?

Робинзон: Юун Парис, хэзээ тэр вэ?

Вожеватов: Өнөө орой

Робинзон: Бид Ижил мөрний цаад руу явна гэсэн биш билүү?

Вожеватов: Дураалаа бол. Чи Ижил мөрөн рүү яв, би Парис явлаа.

Робинзон: Надад явах паспорт байхгүй шүү дээ.

Вожеватов: Тэрийг би мэдье.

Робинзон: Тэгвэл ч боллоо шүү.

Вожеватов: Эндээс хамтдаа гараад би чамайг гэртээ хүргээд өгчихье, чи манайд намайг хүлээгээд амарч, унтаж бай. Би хоёр газраар орох ажлаа бүтээчихээд ирнэ.

Робинзон: Цыгануудын дуулахыг сонсвол ч сайхан юмсан даа.

Вожеватов: Жүжигчин хүн ингэж байх гэж! Ичээч! Цыган дуу гэдэг чинь заваан бүдүүлэг юм байхгүй юу. Италийн дуурь юм уу, хөгжөөнтэй оперетка гэдэг чинь дээд урлаг. Чи ийм юм сонсох хэрэгтэй хүн шүү дээ. Өөрөө тоглож байсан байлгүй.

Робинзон: Тэгэлгүй яах вэ! “Дуучин шувууд” гэдэгт тоглож байлаа.

Вожеватов: Хэний нь?

Вожеватов: Ийм жүжигчин байж Парис очиж үзээгүй гэвэл мөн муухайяа. Парис очиж үзсэн хүн өндөр үнэлэгдэнэ шүү.

Робинзон: Тогтлоо

Вожеватов: Явах уу?

Робинзон: Явлаа

Вожеватов: /Паратовт/ “Роберт” дуурийн дуу сая энд яасан сайхан дуулсан гэж санана. Хоолой гэдэг нь уянга!

Паратов: Бид хоёр Нижний хотын яармаг дээр нэг үзүүлнэ дээ.

Робинзон: Урдаар намайг явах уу гэж асуугаач

Паратов: Яачихаа вэ?

Робинзон: Харанхуй бүлүүлэг юмы чинь би яармагтай яармаггүй үзэж байна шүү дээ.

Паратов: Ухайс, энэ хүн мөн ярьдаг болж байнаа

Робинзон: Одоо цагт чинь боловсон улсууд Еврод орноор явахаас биш яармагаар тэнүүчлэхээ больсон шүү дээ.

Паратов: Европын ямар улсын ямар хотоор явж гийгүүлэх нь вэ дээ та?

Робинзон: Юуны түрүүнд Парис орно. Очьё гэж эртнээс бодсон юм.

Вожеватов: Бид хоёр өнөө орой явлаа.

Паратов: Өө, тийм үү? Сайн яваарай. Парис орох хэрэгтэй Чи. чи л тэнд дутаад байгаа. гэрийн эзэн хаачиваа?

Робинзон: Тэнд байна. Бидэнд сонин юм бэлдэж байгаа гэсэн. /баруун талаас Огудалова, Лариса хойр, зүүн талаас Карандышев, Иван хоёр гарч ирнэ/

ХӨДЛӨЛ 11

Огудалова, Лариса, Паратов, Кнуров, Вожеватов, Робинзон, Карандышев, Иван дараа нь

Илья, Ефросинья Потапона

Паратов: /Ларисад/ Та биднийг хаяад явихдаг нь?

Лариса: Бие аягүй байна.

Паратов: Танай нөхөр бид хоё сая брудершефтлаж архи уугаад. Одоо ч насан туршийн найз болсоон.

Лариса: Баярлалаа, танд. /Паратовын гарыг атгана/

Карандышев: /Паратовт/ Серж!

Паратов: /Ларисад/ Намайг бүр ингэж дууддаг болсон. /Карандышевт/ Чи юу гээв?

Карандышев: Чамайг хүн уулзая гээд байна!

Паратов: Хэн бэ?

Иван: Цыган Илья

Паратов: Нааш нь оруул. /Иван явна/ Эрхмүүд, Ильяг энэ лүү дуудлаа гээд битгий дургүйцээрэй. Уучил. Энэ бол миний дотны найз. Намайг хүлээж авсан бол миний найзыг бас хүлээж авах ёстой. Миний журам энэ.

Вожеватов: /Ларисад аяархан/ Би шинэ дуу сурсан.

Лариса: Сайхан уу?

Вожеватов: Ижилгүй! Ганган хүүхний гутал байна. Олс дээсээр оёсон юмуу даа.

Лариса: Инээдмийн юм.

Вожеватов: Би танд заагж өгнө өө. /Илья гитар барьсаар ирэв/

Паратов: /Ларисад/ Бидний сэтгэлийг баясуулж гялаалайгаж өгөөч гэж таныг гуймаар байх юм. Та бидэнд нэг романс юм уу, бяцхан дуу дуулаад өгөхгүй юу. Таныхаа дуулахыг бүтэн жил сонссонгүй, тэгээд цаашдаа сонсох ч үгүй болов шиг байна.

Кнуров: Би ч гэсэн ингэж гуймаар байна.

Карандышев: Болохгүй ээ, болохгүй. Лариса Дмитриевна дуулахгүй.

Паратов: Дуулах, дуулахгүйг нь чи мэддэг юм уу? Дуулнаа, дуулна.

Лариса: Эрхмүүд минь уучлаарай. Өнөө орой би дуулахаар ч биш байна, хоолой ч гарахгүй нь.

Кнуров: Юу ч яах вэ, дуртайгаа дуул.

Карандышев: Би л дуулахгүй гэснээс хойш дуулахгүй дээ.

Паратов: Үзье. Бид сайн гуйна. Өмнө сөгдөнө.

Вожеватов: Одоохон, одоохон, би уян хатан хүн шүү.

Карандышев: Хэрэггүй, та бүхэн гуйсны хэрэггүй. Болохгүй. Би хориглож байна.

Огудалова: Та юу юм бэ! Эрхий нь олж авч байж хоригло, одоо хориглохгүй ээ, эртдэнэ.

Карандышев: Ярихгүй, ярихгүй. Би хориглоно.

Лариса: Та хориглож байгаа юм уу? Тэгвэл би дуулна, ноёдоо /Крандышев уурлангуй буланд очиж сууна/

Паратов: Илья

Илья: Юу тоглох вэ, ахайтаан!

Лариса: “Намайг битгий зовоо”

Илья: /гитаараа хөглөнгүүт/ Гуравдугаар хоолой хэрэгтэй шүү. Үгүй ер! Хичнээн сайхан цээл хоолойсон билээ. Мангуурч байж байдаггүй. /хойр хоолой нийлүүлэн дуулна/

Наалинхай зангаа дахин гаргаж

Намайг битгий зовоо

Урьдын өнгөрсөн жаргалын сайхан

Урам хугарсан надад хэрэггүй

/сонсогдчид янз янзаараар бахархалаа илэрхийлнэ. Паратов толгой барин сууна. Хоёр дахь бадаг дуулахад Робинзон аяархан ая нэмнэ/

Хайртай гэхэд итгэдэггүй боллоо

Хаа ч, хэнд ч найддаггүй боллоо

Түрүүнд хууртсан гэгээн сэтгэлдээ

Түүртэж эргээд ч яах вэ дээ би

Илья: /Робинзон/ Ноёнтон, баярлалаа танд. Аварлаа шүү!

Кнуров: /Ларисад/ Нүдэндээ таныг олж харна гэдэг дээд их баясгалан боловч дуу хоолойгий чинь сонсоно гэдэг тэрнээс ч илүү бахархал.

Паратов: /сэтгэл гундуу/ Би ер нь галзуурах байхаа. /Ларисын гарыг үнсэнэ/

Вожеватов: Сонсчихоод үхсэн ч гомдолгүй ээ! /Карандышевт/ Тэгэхэд та ийм сайхан юм бидэнд сонсгохгүй байж.

Карандышев: Эрхмүүдээ би Лариса Дмитриевнаг дуулахад та нараас дутахгүй бахархдаг. Одоо энэ хүний эрүүл энхийн төлөө шампанск уучихъя.

Вожеватов: Ухаантай үг чихний чимэг

Карандышев: /чангаар/ Шампанск авчир!

Огудалова: /аяархан/ Аяар! Юнд нь хашгачсан юм бэ?

Карандышев: Өршөөж үз! Би гэртээ байна шүү. Яахаа өөрөө мэднэ. /чанга/ Шампанск /Ефросинья Потапона ирнэ/

Ефросинья Потапона: Бас юун шампанск гээд байгаа юм бэ? Байн байн ийм ч юм, тийм ч юм гээд байх юм гэм.

Карандышев: Хүний хэрэгт битгий оролц! Тушаал биелүүл!

Ефросинья Потапона: Өөрөө яв, тэгвэл. Миний хөл хөдлөхөө болилоо. Өглөөнөөс хойш аяга цай ууж, зүсэм талх ч идээгүй явна наана чинь. /явна. Карандышев зүүн хаалгаар орно/

Огудалова: Юлий Капитоныч, та байнаа … /Карандышевийн араас явна/

Паратов: Илья, явж үз. Мотор завиудаа бэлтэг! Би одоо очлоо. /Илья дунд хаалгаар гарна/

Вожеватов: /Кнуровт/ Лариса Дмитриевна энэ хоёр яриг уу даа. /Робинзонд/ Робинзон цаана чинь Иван коньяка далд хийх нь.

Робинзон: Би алъя чамайг. Тэрийг хураалгасанд орвол амиа алдсан нь дээр шүү./зүүн хаалгаар Вожеватов, Кнуров, Робинзон нар гарч одно/

ХӨДЛӨЛ 12

Лариса, Паратов

Паратов: Сэтгэлийн соронзон болсон хүүхэн /Ларисаг догдлон харна/ Таныг дуулж байхад би өөрийгөө харааж суулаа.

Лариса: Юу гэж тэр вэ?

Паратов: Би чинь амьд голтой юм шүү дээ, ийм сахйан амьтнаа алдана гэдэг амар байх уу?

Лариса: Хэний буруу юм бэ?

Паратов: Миний буруу. Таны бодож байгаагаас илүү буруу надад бий. Би өөрийгөө үзэн ядах ёстой хүн.

Лариса: Яасан гэж тэр вэ?

Паратов: Би танаас юунд зугтаав? Юугаар сольчих нь энэ вэ?

Лариса: Та яах гэж явчихсан юм бэ дээ?

Паратов: Ээ халаг минь, яах гэж ч гэж дээ! Өөдгүй л зангийнх шүү дээ. Уул нь аж ахуйгаа сэргээх ёстой байлаа. Тэр чигт нь хаядаг байж! Одоо бол хөрөнгө зоориор барахгүй таныгаа ч алдчихжээ. Би өөрийгөө ч зовоочихоод, таныгаа ч шаналагчихлаа.

Лариса: Тиймээ, үнэнийг хэлэхэд, та миний амьдралыг хорлочихлоо доо.

Паратов: Та намайг зэмлэхээ азнаж үз, азнаж үз! Би ч бас бүр мөсөн хүн мөсөө алдаж дампуураагүй, би төрлөхийн овилгогүй этгээд ч биш, хүний нандин чанар бага ч гэсэн миний сэтгэлд булиглаж байна. Дахиад хэдэн ийм мөч тийм ээ … дахиад хэдэн ийм мөч болоход л …

Лариса: /намуухан/ Ярь даа

Паратов: Би бүх хөрөнгө тооцоогоо хаяад тандаа дахин эргэнэ. Тэр цагт ямар ч хүчтэн таныг надаас салгаж чадахгүй болно, намайг хороож байж л авах байх.

Лариса: Та юу гээд байгаа юм бэ?

Паратов: Таныг харж нүдээ хужирлуулах, ярихыг чинь сонсоод сонороо баярлуулах гээд байна … би марагаш явлаа.

Лариса: /толгойгоо гудайлган/ Маргааш уу?

Паратов: Таны гайхамшигтай эвлэгхэн дууг сонсож, бүх ертөнцийг мартаад, ганцхан жаргал цэнгэлийг мөрөөдөн суух хичнээн сайхан билээ.

Лариса: /намуухан/ Ямар жаргалыг …?

Паратов: Таны хөлд сөхөрч сууж, таны боол болох амьдын жаргалыг хүснэ.

Лариса: Яаж тэгэх вэ?

Паратов: Сонс доо. Бид хэдүүлээ Ижил мөрнөөр завиар зугаалах гэж байна. Хамт явъя!

Лариса: Ээ харал! Эндэх яах вэ? Би үнэндээ мэдэхгүй байна … Эндэхийг яах вэ?

Паратов: “Эндэх” гэдэг чинь юу вэ? Одоо наашаа Карандышевийн нагац эгч, будмал торгон хувцастай ахайтнууд ирээд давсалсан мөөгний тухай ярина биз.

Лариса: Хэзээ явах вэ?

Паратов: Одоо

Лариса: Одоо гэнээ?

Паратов: Одоо эсвэл хэзээ ч үгүй.

Лариса: Явъя даа.

Паратов: Та тэгээд Ижил мөрнөөр явахаар шийдэв гэж үү?

Лариса: Таны тааллаар хаашаа л бол тийшээ явъя.

Паратов: Одоо бидэнтэй явах уу?

Лариса: Танд хэдийд л тохиромжтой байна, тэрүүгээр л болъё.

Паратов: Үүнээс илүү эрхэм, нандин сайхан юмыг би, зөгнөж сэтгэжл чадашгүй нь. Гуа үзэсгэлэнт дагина минь. Намайг захирагч хатан ахайтан минь!

Лариса: Та минийи захирагч шүү дээ. /Огудалова, Кнуров, , Вожеватов, Робинзон, Карандышев нар ба шампанск тавьсан дэлгэц барьсаар Иван орж ирнэ/

ХӨДЛӨЛ 13

Огудалова, Лариса, Паратов, Кнуров, , Вожеватов, Робинзон, Карандышев, Иван

Паратов: /Кнуров, Вожеватов нарт/ Энэ бидэнтэй явах болсоон.

Карандышев: Ноёдоо, Лариса Дмитриевнагийн төлөө хундага дэвшүүлье. /бүгдээрээ хундагаа авна/ Ноёдоо, саяхан та бүхэн Лариса Дмитриевнагийн авъяас билгийг шагшин магтлаа. Та бүхний магтаал энүүнд шинэ сонин үзэгдэл бишээ, энэ чинь хүүхэд ахуй цагаасаа эхлээд бишрэн шүтэгчдээр хүрээлүүлэг эгзэг нь таарсан үе бүрд магтуулж явсан хүн. Тиймээ, үнэхээр их авъяаслаг золбоотой хүн. Гэхдээ Лариса Дмитриевнагийн хамгийн их үнэлж баршгүй чанар нь ноёдоо … тэр ноёдоо …

Вожеватов: Будилах нь

Паратов: Үгүй ээ, цээжилчихсэн юм шиг хөврүүлж гарна.

Карандышев: Хүнийг ч үнэлж үзэж, шилж сонгож авдаг чанартай. Тиймээ, Лариса Дмитриевна гялалзагч юм бүхэн алт биш гэдгийг ялгаж мэднээ. Энэ хүн алтыг саазнаас ялгана. Олонхи гялалзсан залуучууд энүүнийг хүрээлж байлаа, тэгэхэд энэ саазны гялгарт хууртаагүй ээ. Энэ өнгөний гялгарыг биш, хүний чанарыг хайсан хүн дээ …

Паратов: /дэмжинэ/ Догь, догь!

Карандышев: Тэгээд олсоон …

Паратов: Таныг олж, догь, догь!

Вожеватов: Догь, догь!

Карандышев: Тиймээ, ноёдоо би зөвхөн бодох төдий биш, бахархах эрхтэй хүн, бахархдаг ч юм. энэ хүн намайг ойлгоод, үнэлээд, олны дундаас шилж авсан юм. Уучлаарай, ноёдоо энэ үгс зарим хүмүүст эвгүй л сонсогдож байгаа биз, гэвч би Лариса Дмитриевна надад тийм их ивгээл хайрласанд нь талархаж явдгаа нийт олны өмнө илэрхийлье гэж бодсон юм. Ноёдоо, би сүйт хүүхнийхээ төлөө уулаа, та бүхэн ч тогтооцгоо!

Паратов: /Ларисад намуухан/ Явъя /явна/

Лариса: Баяртай, ээжээ!

Огудалова: Чи яах нь вэ, чи хаачих нь вэ?

Лариса: Ээж минь, та нэгэн бол баярлах байх, эсвэл намайг Ижил мөрний усанд эрнэ биз.

Огудалова: Бурхан чамайг өршөө! Чи минь яав?

Лариса: Хувь заяанаасаа зайлж болдоггүй юм байна даа. /явна/

Огудалова: Эцсийн бүлэгт ийм хэрэг болдог байжээ. Бүгдээрээ зугтаалаа! Ээ, Лариса! … би хойноос нь гүйцэж оч юу, бай юу? Үгүй ээ, яах юм бэ? … тэнд явдагч байлаа гэсэн түүнийг тойрсон улсууд … энд эхийх бол хаячихсан ч гарч багатай юм! /Карандышев шампанск барьсаар Ивантай хамт орж ирнэ/

ХӨДЛӨЛ 14

Огудалова, Карандышев, Иван, дараа нь Ефросинья Потаповна

Карандышев: Би, ноёдоо … /тасалгааг эргэн тойрон харна/ Өнөөдүүл чинь хаачив аа? Явцгаачихсан юм уу? Мөн журамтай улсаа? За тэгэх тусмаа сайн биз. Үгүй тэд чинь хэдийдээ амжчихваа? Та нар ч бас явчихна биз дээ? Үгүй ээ Лариса Дмитриевна та хоёр хүлээнэ шүү! Гомдчихоо юу? Ойлголоо. За яах вэ, сайн л биз. Би ч зөвхөн халуун амиараа үлдье … Лариса Дмитриевна хаачив аа? /хаалгаар баруун гар тийш/ эгчээ, Лариса Дмитриевна наана чинь байна уу?

Ефросинья Потаповна: /орж ирэхдээ/ Чиний Лариса Дмитриевна энд байхгүй дээ.

Карандышев: Үгүй ээ, энэ чинь үнэндээ юу болж байна аа? Иван, өнөөх ноёд, Лариса Дмитриевна хаачив?

Иван: Бодвол Лариса Дмитриевна ноёдтой хамт явчихсан байлгүй …Ноёд, Ижил мөрний цаана зугаалганд явцгаах шиг болдог юм.

Карандышев: Яагаад, Ижил мөрний цаана гэж?

Иван: Усан онгоцоор явчихсан. Сав суулга, архи дарс бүгдийг нь манайхаас авсан. Түүнийг түрүүлээд явуулчихсан, аягач ч аваад ёсоор нь бэлтгээд явцгаасан.

Карандышев: /сууж толгойгоо барина/ Ээ чаавас, энэ чинь юу болж байнаа, юу болж байна?

Иван: Цыганууд, хөгжим ер нь бүгдийг нь аваад явсан.

Карандышев: /ундууцагуй/ Харита Игнатьевна, охин чинь хаана байна? Хэл та, охин чинь хаана байна?

Огудалова: Юлий Капитоныч, би охины төнд авчирч өгсөөн, миний охин хаачив гэдгийг та л хэлж аль!

Карандышев: Энэ чинь урьдаас, зориуд санаатай бэлтгэсэн та бүгдийн хуйвалдаан байна … /уйлна/ Дэндүү хэрцгий, хүний үнэргүй юм хийж!

Огудалова: Хөөрч ёргих чинь эртэдсэн юм даа!

Карандышев: Тиймээ, инээдэмтэй хэрэг боллоо … би ч хүний инээд хүрэм хүн … Би өөрөө өөрийгөө инээдэмтэй хүн гэдгээ мэддэг л юм. Инээдэмтэй хүн гээд тэрнийг зовоох ёстой юм гэж үү? Би инээдмтэй хүн тэгээд намайг бахаа хантлаа шоол, шоол. Би тэгүүлэхдээ таарсан хүн. Гэлээ ч ийм өрөвдөлтэй инээдэмтэй хүний хавиргыг нь хадаад зүрхий нь сугалаж авч хөл дороо хаяад дэвслэж болох уу даа? Ээ харал, ээ харал! Би яаж амьд яьах билээ! Би яаж амьд явах юм билээ дээ!

Ефросинья Потаповна: За боль доо чи боль. Сэтгэл зовоод яах юм даанч алга!

Карандышев: Эд нар чинь дээрэмчид биш, харин хүндтэй улсууд шүү дээ… эд нар чинь бүгдээрээ Харита Игнатьевнагийн найзууд

Огудалова: Би мэдэхгүй ээ.

Карандышев: Үгүй ээ, та нар бүлэглэсэн улс, цөмөөрөө нэгдчихсэн улс. Харин Харита Игнатьевна хамгийн дорой номхон амьтныг хүртэл галзууруулж болдог юм гэдгийг мэдэж ав! Гэмт хэрг хийгч хүн гэж тусгай хүн байдаг юм биш, гарах газаргүй мухардвал номхон хүн  гэсэн гэмт хэрэг хийхэд хүрдэг юм шүү. Хэрэв би энэ дэлхий дээр ичсэнээсээ, балмагдаж ундуйцнаасаа болоод боож үхэх юм уу, өшөө хонзонгоо авахаас өөр замгүй болох юм бл, би хонзонгоо авна. Надад одоо айх гайхах, хуульцааз бодох, өрөвдөх хайрлахын аль аль нь алга, ганцхан аймшигтай уур хилэн, өшөө авах халуун эрмэлзэл л намайг эзэмдэж байна. Тэдний гарт өртөөгүй явсан цагт би тэдний хүн нэг бүрээс өшөөгөө авна. /ширээн дээрх гар бууг шүүрэн авч гүйж гарна/

Огудалова: Юу аваад явчихваа?

Иван: Гар буу

Огудалова: Хойноос нь гүй, гүй. Түүнийг зогсоо гэж хашхир.

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s