Александр Островский – Инжгүй хүүхэн (Хоёрдугаар бүлэг)

Оросын жүжгийн зохиолч Александр Островскийн (1823-1886) энэхүү 1851 онд туурвисан хошин жүжгийг Э.Оюуны орчуулгаас сийрүүлэв.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Огудаловийн өрөө. Гаднаас ордог хаалга тайзны гүнд байна. Түүнээс гадна зүүн гар талд мөн нэг хаалга бий. Баруун гар төл цонхтой, овоо аятайхан тавилгатай өрөө ажээ. Пианино, түүний дээр гитар тавьсан харагдана.

ХӨДЛӨЛ 1

Огудалова ганцаараа зүүн гар талын хаалганы дэргэд очно. Хайрцагтай юм барьжээ.

Огудалова: Лариса! Лариса! /Ларисагийн дуу “Ээжээ би хувцаслаж байна”/ Чи үүнийг хараа, Вася чамд хичнээн сайхан бэлэг авчирав аа! /Ларисагийн дуу “Сүүлд үзье”/ Ийм юм лав таван зуун рублийн үнэ хүрэх бий. “Маргааш өглөө өрөөнд нь оруулж тавиад хэн өгснийг нь битгий хэлээрэй” гэсэн юм. Намайг тэсэхгүй хэлчихнэ гэж ч мэднэ л дээ, дамшиг чинь. Жаахан сууж айлд гэсэн чинь болсонгүй, гадаадын нэг хүнтэй яваа, хотоо үзүүлж байгаа юм байх. Тоглоомтой хүн шүү дээ, үнэн хэлж байгаа юмуу үгүй юм уу бүү мэд. “гадаадын энэ хүнд архи дарсын сайхан газар гуанзнууд үзүүлэх хэрэгтэй байна” гэж ярина билээ. Гадаадын хэр хүнээ, манайд аяар дагуулж ирнэ гэсэн. /цонхоор харж/ Мокий Парменыч Кнуров гуай ирлээ! Чи цаанаа байж бай, бид хоёулхнаа нэг юм яриадахъя. /Кнуров орж ирнэ/

ХӨДӨЛ 2

Огудалова, Кнуров хоёр

Кнуров: /хаалганы тэнд/ Танайд гадны хүн байхгүй биз?

Огудалова: Байхгүй ээ, байхгүй Мокий Парменыч!

Кнуров: /орно/ Юутай завшаан бэ?

Огудалова: Манайхыг ингэж гийгүүлэх гэж байх уу? Тоож манай босгыг алхсанд тань гялайлаа. Баярласандаа болоод их тэвдэж орхилоо шүү … таныг чухам хаана суулгадаг юм билээ дээ, энэ чинь.

Кнуров: Хаа ч яадаг юм, суугадахъя. /сууна/

Огудалова: Уучлаарайдаа, Лариса минь хувцасаа сольж байгаа. Түргэлүүлье би.

Кнуров: Яах юм бэ, хэрэггүй.

Огудалова: Яаж манайхаар орж ирээв дээ, чухам?

Кнуров: Хоолноосоо урд би гадуур, явган их алхдаг юм шүү дээ, тэгээд л ороод ирлээ.

Огудалова: Мокий Парменыч, таныг манайхаар орж ирэхийг чинь бид дээдийн заяа, юутай ч зүйрлэшгүй хувь тохиол гэж боддог. Бүүр үнэн шүү.

Кнуров: Лариса Дмитриевнаг хадамд гаргах болоод байгаа юм биз дээ?

Огудалова: Яриа юу байхав, Мокий Парменыч!

Кнуров: Мөнгө хөрөнгө, инж, сүйгүй ч гэсэн хүүхний чинь авах эр олдоо юу дээ?

Огудалова: Яриа юу байхав, инж сүйгүй, мөнгө хөрөнгөгүй ч авахаар болсон, Мокий Парменыч! Мань мэт нь мөнгө хаанаас олох вэ, бүү үзэгд.

Кнуров: Танай хүргэн болох хүн чинь овоо юмтай хүн байгаа биз?

Огудалова: Юмтайгаа алд! Тун ховор зэвэр дээ.

Кнуров: Мөн … тэгээд Лариса Дмитриенаг ядуу хүнтэй суулгах гэж байгаагаа та зөв гэж бодож байна уу?

Огудалова: Мэдэхгүй юмаа, Мокий Парменыч. Надад хамаагүй, өөрөө л шийдсэн хэрэг.

Кнуров: Тэр залуу, таны бодлоор, бас зөв юм хийж явна уу?

Огудалова: Үгүй чухам яах вэ дээ, тэр хүний хувьд бол буян л үйлдэж байна.

Кнуров: Буян биш нүгэл хийж яваа хүн. Тэр хүн бодлоороо бол ухаалаг л хүн юм. Тэр хүн хэзээ хүний анхаарал татаж нэр нь товойх нь мэдэгдэхгүй л байлаа. Гэтэл одоо чинь тэр хүний тухай энэ хот газар даяар цуу тарна. Тэр хүн дээд баячуудтай зиндаархах эрхтэй болно, одоо гэхэд л тэр хүн чинь намайг гэртээ урьж байна шүү дээ ухаан нь … харин ийм эхнэртэй болчихоод ямар хөрөнгөөрөө яаж амьдрахаа бодоогүй юм уу, бодоод ч яах вэ гэсэн юм уу, энэ л тэнэг хэрэг болж. Үүний тухай та бид хоёр л ярьмаар байна.

Огудалова: Тэгье, тэгье Мокий Парменыч.

Кнуров: Та охиныхоо тухай юу гэж боддог вэ? Энэ ер ямар хүн билээ?

Огудалова: Би ч чухам юу гэхэв дээ, мэдэхгүй байна. Таныг айлдахыг л сонсъё.

Кнуров: Лариса Дмитриевна доод төрлийн амьтан биш, дээд тэнгэрийн дагина юм шүү дээ. Ядуухан айлын яамай эхнэр хүний жирийн юм Ларисад байхгүй шүү.

Огудалова: Байхгүй, байхгүй, жирийн юм даанч байхгүй.

Кнуров: Тэнгэрийн бүрэлваа гээд ч энэ биз?

Огудалова: Бүрэлваа, бүрэлбаа, Мокий Парменыч

Кнуров: Цөцгий, сүүн дотор умбаж амьдрах заяатан!

Огудалова: Заяатан, Мокий Парменыч

Кнуров: Тэгээд танай Карандышев тэгж жаргааж чадах уу?

Огудалова: Юу гэж, юу гэж, ярихгүй хэрэг

Кнуров: Ядуу, зүдүү амьжиргаан дунд байж тэсэхгүй. Тэгэхээр яая гэж бодож байна. Эцнэ, турна, сүүлд нь мэдээж хэрэг уушиг муутай хатингар амьтан болно.

Огудалова: Юу гэсэн үг вэ, юу гэсэн үг вэ, тэнгэр өршөө!

Кнуров: Тэр муу нөхрөө хаяад тан дээр эргэж ирэх нь хэрэгтэй юм гэдгээ түргэн ухаарвал болоод явчих нь тэр дээ, уг нь.

Огудалова: Тэгэхээр чинь бас л зовлон, Мокий Парменыч. Охин бид хоёр юугаараа амь зуух вэ?

Кнуров: Энэ ч зовлон биш ээ. Чадалтай, баян хүний түшиц ивээл олдвол ч яах вэ л дээ.

Огудалова: Тийм ивээлт хүн олдвол ч олдвол яах вэ дээ.

Кнуров: Тийм хүн олохыг л бод. Иймэрхүү цагт чинь нэр хүндтэй цаанаа ултай, сэтгэл сайхантай нэг хүн байх тун хэрэгтэй шүү дээ.

Огудалова: Яриа юу байхав, чухам.

Кнуров: Охин маань хадамд гараагүй байгаа болохоор нөхрөөсөө сална гэдэг мөн ч өдий биз дээ гэж та ярьж болно. Үнэндээ сална гэдэг өдий байх л даа. Гэхдээ төдхөн салчихж болно шүү дээ. Ингэхлээр дахиад таныг ийм эндүү ташаа юм битгий хийгээсэй гэсэндээ хэлэхэд: Би Лариса Дмитриевнагийн төлөө юугаа ч хайрлахгүй шүү. Үүнийг та тун сайн мэдэж ав. Юундаа инээмсэглээв та?

Огудалова: Бидэндээ сайн сэтгэлээр хандаж байдагт чинь би галайж байна. Мокий Парменыч.

Кнуров: Ингэж туслая, дэмжиье гэдэг хүн цаанаа хар санаатай байгаадаа гэж бодож байна уу?

Огудалова: Иш, Мокий Парменыч!

Кнуров: Надад гомдож болно. Намайг хөөгөөд гаргасан ч яах вэ!

Огудалова: /ичингүйрснээ/ Иш, Мокий Парменыч!

Кнуров: Танд мөнгийг арав арван мянгаар нь зүгээр өгнө гэж ам өгөх хүмүүсээ олж байж намайг буруутга. Ийм хүн олох гэж зовж, хүч гаргасны хэрэг байхгүй, тийм хүн олдохгүй. За би ч бүр хадуураад явчихав байна. Ийм юм ярих гэсэн юм биш. Энэ хайрцагтай юм чинь юу вэ?

Огудалова: Би чинь. Мокий Парменыч, охиндоо бэлэг авч өгөх гээд ээ …

Кнуров: /юмсыг үзэж/ Мөн …

Огудалова: Учиргүй үнэтэй, бэнчин даанч хүрэхгүй юмаа.

Кнуров: /хайрцагтай юмыг буцаан өгч/ За, энэ яамай байна, үүнээс эрхэм чухал юм зөндөө дөө. Та Ллариса Дмитриевнаг өмсөж гоёх хэдэн шүүгээ хувцастай болго. Сайн хувцастай, сайнаар барахгүй гойд сайн юмтай болго. Түр хуримын хувцас тэгээд хэрэгтэйцэй олгыг нь авч өг.

Огудалова: Яг, яг Мокий Парменыч!

Кнуров: Арай ядан амь аргацааж хувцасласан байвал тун гомдолтой болно. Тийм болохоор та хамгийн сайн дэлгүүрт юмы нь захь. Татганаад сохор зоосны төлөө үхчих гээд байхын хэрэггүй. авсан юмны нь баримтыг над руу явуулчих, би мөнгий нь төлөмз.

Огудалова: Үгүй чухам, яана даа, тандаа хэлэх сайн үг олдохгүй нь.

Кнуров: Би үүнийг хэлье гэж танайхаар ирсэн юм байна шүү /босно/

Огудалова: Гэтэл бас би маргааш хүүхэндээ энэ нэг бэлэг барьчихмаар байдаг. Эхийн сэтгэл шүү дээ, чухам …

Кнуров: Үгүй тэгээд юу байдаг юм бэ дээ? Үнэ нь?

Огудалова: Та л үнэ л дээ. Мокий Парменыч!

Кнуров: Үнэ саагаад байх юм алга. Гурван зуун рубль юм. /түрийвчнээсээ мөнгө гаргаж Огудаловад өгнө/ Явлаа! Бас жаахан холхия. Өнөөдөр тун сайн хоол иднэ гэж бодож байгаа шүү. Хоолны үеэр уулзамз /хаалга тийш явна/

Огудалова: Танд чухам би юу гэхэв, баярлаж, гялайсан минь тоймгүй. Мокий Парменыч! /Кнуров явна. Сийрсэн гоёмсог поолуу барьсан Лариса ирнэ/

ХӨДЛӨЛ 3

Огудалова, Лариса хоёр

Лариса: /поолуугаа ширээн дээр тавьж хайрцагтай юмсыг үзнэ/ Васягийн бэлэг үү Овоо юм!Сайн хүү юм даа.

Огудалова: Овоо юм гэнэ шүү. Хачин их үнэтэй эд байхгүй юу. Чи баярлах ч үгүй байх шив.

Лариса: Баярлах юм үнэндээ алга даа.

Огудалова: Вася сайн хүн шүү. Чамдаа их гялайлаа гээд чихэнд нь шивнэчих. Кнуровт бас

Лариса: Кнуровт юу боллоо гэж тэр вэ?

Огудалова: Тэгэх хэрэгтэй, би мэдэж байна.

Лариса: Иш, ээж минь, та үргэлж надаас нууж, заль мэх хийх юм даа.

Огудалова: За, за , заль гэнэ шүү. Заль мэхгүйгээр энэ хорвоог туулахгүй ээ.

Лариса: /гитар авч цонхон дээр суун дуулна/

Элбэрэлт ээж, миний нар аа

Энхрий охиноо хайрлаач ээ

Юлий Капитоныч маань шүүгчийн албанд сонгуулах санаатай гэнээ

Огудалова: Чухам болох нь тэр. Аль хошуунд сонгогдох нь вэ?

Лариса: Намагтад

Огудалова: Хөөрхий, очиж очиж тэр ойд уу? Газрын мухарт очиж яах нь юм бол оо?

Лариса: Тэнд очих хүн бараг байдаггүй болохоор сонгочих болов уу?

Огудалова: Үгүй яах вэ дээ, чухам. Эндээс ч тэнд хүн амьдардаг л юм чинь.

Лариса: Надад ойн мод ч хамаагүй, эндээс л түргэн мултарахын бодол.

Огудалова: Газрын мухарт хөдөө суух сайхаан. Карандышев чинь ч тэнд аятайхан харагдана. Аягүйдвэл мужид тэргүүн хүн болно. Чи минь түүнд явж явсаар дасна.

Лариса: Тэр минь энд ч муу хүн биш, муу муухай юм түүнд минь байдаггүй …

Огудалова: Яая гэхэв дээ чухам. Оргүйд орвол оронцог юм хөөрхий.

Лариса: Үүнээс ч сайн сайхан юм бий, би өөрөө мэдэж байгаа юм чинь.

Огудалова: Байлаа ч бидний эн хүрэхгүй юм.

Лариса: Одоо надад энэ болноо … Яриад хэрэггүй, шийдчихсэн юм чинь.

Огудалова: Чиний сэтгэлд аятай санагддагт би баярладаг шүү. Тэнгэрий минь л ач. Чамд тэр хүнийг муулаад хэрэг байхгүй, тэгэхдээ чи бид хоёр бие биенээ хуураад яах вэ, чи өөрөө сохорсон биш.

Лариса: Би сохорсон, юм сэтгэхээ больсон. Ер нь тэр нь ч дээр юм. Орчин тойронд болж байгаа бүхэн чинь зүүд зэрэглээ юм шиг л байдаг болж. Ер нь явах хэрэгтэй. Даруйхан эндээс мултрах нь чухал байна. Юлий Капитонычоос зуурчихъя. Ингэсээр байтал зуны сарч өнгөрөх нь, би ой модоор зугаалж, жимс, мөөг түүмээр байна.

Огудалова: Ухайс даа, тэгэх л гэж энэ поолуу зэхээ байна шүү дээ, үр минь. Одоо л ухаарлаа. Чи одоо дэрвээ өргөнтэй сийрсэн малгай олж ав. Тэгвэл бүр ч хөдөөний хүүхэн боллоо.

Лариса: Малгайтай болноо. /дуулна/

Дэмий зовоогоод яах вэ намайг …

Хөдөө нам гүм тайван чөлөөтэй дээ.

Огудалова: Намрын сар боллод ирэхээр нам гүм байдаг нь өнгөрөх байлгүй. Цонхоор чинь салхи сүүгэнэ.

Лариса: Тэгээд юу гэж?

Огудалова: Араатан чоно улихаас эхсүүлээд юу эс мундах вэ?

Лариса: За, энд байснаас л дор байв гэж үү дээ. Ядаж санаагаа амраая.

Огудалова: Би чамайг битгий яв гээ юу? Яв, чухам зайлаад өг, сэтгэл санаагаа амраа. Тэгэхдээ намагт тосгон чинь итали орон биш гэдгийг л ойлгоорой. Чи тэр газраа очоод санаагаар унахдаа ийм юм байдаг гэж ээж надад хэлэхгүй яав даа гэв ээ. Одоо тийм зэмийг би хүлээхгүй.

Лариса: Гялайлаа ээж ээ … бидний очих тэр газар бүдүүлэг, бүглүү, хүйтэн ч бай, энд миний амссан хамаг зовлонтой зэрэгцүүлэхэд диваажин шиг санагдана шүү. Юлий Капитоныч явахаа хойшлуулаад удаад байгаа нь хачин юм.

Огудалова: Түүнд тосгон бодогдоогүй ээ. Амьтанд гайхуулж гүйхсэн гээд л байгаа хүн. Аргагүй нэр зэрэггүй байсан нэг муу юм алдартан баячуулын зиндаанд хүрлээ байна.

Лариса: /дуу дуулсан болно/ Дэмий зовоогоод яах вэ, намайг! Ээ чаавас гэж, дандаа алдчихаад байх юм. /цонхоор харснаа/ Илья! Илья! Ороод ирээч! Хөдөө явахдаа баахан дуутай явъя, урдынхаараа гитараа дарж, дуулж сууя. /Илья орж ирнэ/

ХӨДЛӨЛ 4

Огудалова, Лариса, Илья

Илья: Сайхан баярлаж байна уу? Бие эрүүл, жаргалтай яв. /гээд үүдэнд байгаа сандал дээр саравчтай малгайгаа тавина/

Лариса: Илья, чи нэг дараад өгөөч. Дэмий зовоогоод яах нь вэ намайг! Туж алдаад байх юм. /гитараа өгнө/

Илья: Одоохон, ахайтан минь. /гитар авч хөглөнө/ Сайхан дуу гурван өнгөөр дуулвал сайхан, эр хүний цээл хоолойгоор хоёр дахь хэсгий нь дуулаадах уу … тун сайхан. Бид бүүр хэцүүдээд байнаа! Бөөн зовлон!

Огудалова: Юун зовлон болоов?

Илья: Антон гэдэг цээл хоолойтой хүн бий яа …

Огудалова: За тийм

Илья: Ганц цээл хоолойтой нь тэр, бусад нь цөм баргилууд! Чухам сайхан баргилууд л даа!Цээл хоолойтой нь ганцхан Антон

Огудалова: Тэгээд?

Илья: Найрал дуунд таардаггүй. Хаяхаас өөр аргагүй болоод байна.

Огудалова: Тэгээд яасан юм бэ?

Илья: Том бие нь татаж муйчихаад бүр хачин болсон шүү, тэгээд нэг гилжийсэн юм л явж байна… хоёрхон долоо хоногоо гүйцээх нь … мөн зовлон оо! Одоо чинь найрал дуунд маань хүн хүрэлцэхгүй ядаж байна, гэтэл цээл эр хоолойгүй яанаа! Докторт аваачлаа долоо юм уу, хоёр долоо хоноод тавигдан гэж доктор нь хэлсэн байна. Тэр чинь бидэнд одоо л хэрэгтэй байгаа юм шүү дээ.

Лариса: Чи дуулаач ээ!

Илья: Одоохон, ахайтан! Секунд нь хөггүй байна. Гай, гай, ийм гай байх гэж. Найрал дуунд яг эгц золбоотой зогсох ёстой байдаг. Тэр маань гилжийчихсэн байдаг.

Цонхоор нэг хүн: Илья, Илья, ча адарик, ча сегар

Ильч: Палсо. Со туке требе

Цонхоор нэг хүн: Яваач ээ! Ноён ирлээ!

Илья: Хохавеса

Цонхоор нэг хүн: Нээрэн ирлээ!

Илья: Би явахгүй бол болохгүй нь. Ноёнтон хүрээд ирж! /гитар тавиад малгайгаа авна/

Огудалова: Ямар ноён?

Илья: Ямар гэхэв. Хүлээгээд ирдэггүй, жил хүлээгээд одоо ирж байгаа ноёнтон! /явна/

ХӨДЛӨЛ 5

Огудалова, Лариса

Огудалова: Хэн ирэх нь энэ вэ дээ? Энэ цыгануудын баярласныг бодоход баян, тэр мөртлөө Лариса минь, эхнэргүй хүн байх нь ээ. Цыгануудтай л байдаг байх нь. Лариса суувал таарах хүнээ бид хоёр алдаж байгаа юм биш биз? Яарах хэрэггүй л байсан юм даа.

Лариса: Миний зовж зүдэрсэн багадаагүй ээ, ээж минь. Одоо дахиж доромжлуулахгүй шүү.

Огудалова: Доромжлуулахгүй гэнэ шүү. Мөн аймаар бэрх үг хэлэв ээ! Намайг айлгачихна гэж бодоогүй биз? Бид ядуу улс, насаараа доромжлуулах тавилантай төрсөн улс. Залуудаа доромжлуулж байгаад эцэс сүүлд нь хүн шиг амьдрах хэрэгтэй.

Лариса: Үгүй, би тэсэхгүй, даанч хэцүү юм шүү дээ.

Огудалова: Хөнгөн аятайхан байсан хүн юу ч олохгүй, юунд ч хүрэхгүй, насаараа гуйлгачин явна гэсэн үг.

Лариса: Дахиад л хуурамч зангаараа маяглаж худал ярьж байх уу?

Огудалова: Хуурамч зан гарга, худал хэл! /Карандышев орж ирнэ/

ХӨДЛӨЛ 6

Огудалов, Лариса, Карандышев

Огудалова: Юлий Капитоныч, Лариса маань хөдөө гарна гэнэ. Мөөг түүх саваа хүртэл зэхчихж

Лариса: Та намайг нигүүлсэж үз, түргэхэн л явъя.

Карандышев: Би учрыг нь олохгүй байна. Та хаашаа юунд явах гээдл яараад байгаа билээ?

Лариса: Эндээс л зайлмаар байна.

Карандышев: /уурлангуй/ Юунаас, хэнээс зайлах гэж? Биднийг хэн нэгэн хөөгөөд байгаа юмаа даа янз нь?

Лариса: /хүйтнээр/ Яалаа гэж ичих вэ. Цаашид юу болохыг хэлж мэдэхгүй, одоохондоо таны төлөөнөөс ичмээр юм та гаргаагүй ээ.

Карандышев: Тэгвэл эндээс зайлах, хүнээс нуугдах гэхийн хэрэг юу байна? Би байр сууриа олъё. Санаа сэтгэлээ түвштгэж үзье. Би баярлаж байна. Би жаргалаа эдлэж байна. Энэ байдал, ийм зиндаанд хүрснийхээ баяр бахдлыг би бүүр сайн амсая.

Огудалова: Хүн амьтанд гайхуулъя гэж үү?

Карандышев: Тиймээ. Гайхуулахгүй яах вэ, би нуухгүй шүү. Намайг хүн гэж үзэхгүй байснаас би олон удаа шаналаж байлаа. Бардам сэтгэл минь доромжлогдож байлаа. Одоо би бардах, гайхуулах эрхтэй, гайхуулмаар ч санагдаад болж өгөхгүй байна.

Лариса: Та тэгээд хөдөө хэзээ явах гэж байнаа?

Карандышев: Хуримаа хийчихж байгаад л таны таалалыг дагна. Маргааш нь явсан ч болно. Харин хуримаа заавал энд хийнэ. Та надтай суухдаа үхэхийн мөр яая гэхэв, зиндаа таарахгүй ч гэсэн үүнтэй суухаас биш, яах вэ гэж суугаагүй, нотлохын тулд энд хийнэ. Тэгэхгүй бол аргагүйн эрхэнд Карандышевтэй сууснаасаа ичээд зугтаалаа гэж амьтан ярина. Яршиг чи минь.

Лариса: Юлий Капитоныч оо, таны энэ хэлж байгаа чинь чин үнэн шүү дээ.

Карандышев: /сэтгэл хөдөлснөөр/ Энэ үнэнийг та дотроо мэдээд л дуугүй хадгалж байгаач! /уйлагнан/ Намайг жаахан ч болсон өрөвдөөч! Таныг надад хайртай, ариун хүслээрээ надтай суусан юм гэж ядаж гадны энэ улсууд бодож яваг л дээ.

Лариса: Ямар хэрэгтэй юм бэ?

Карандышев: Юу гэсэн үг вэ? Би чинь бас нэрээ бодож амиа хайрладаг хүн шүү дээ.

Лариса: Нэрээ бодож амиа хайрладаг гэнэ үү? Та ганцхан амиа л боддог. Хүн бүр өөрийгөө л хайрладаг! Намайг чинь ингэхэд хэн хэзээ хайрлах юм болж байна? Ингэж байж та нар намайг хорвоогоос уйдаахад хүргэх нь ээ!

Огудалова: Болиоч Лариса, юу ярьж байгаа юм бэ, энэ чинь?

Лариса: Ээжээ, би нэг юмнаас айгаад байдаг болчихлоо. Та нар сонс, хуримаа энд хийх юм бол хий, харин аль болхоор хүн цөөн, аль болохоор чимээ шуугиангүй, даруухан л хийцгээ.

Огудалова: Тэгж дэмий ч болохгүй ээ. Хурим гэдэг чинь хурим л байх ёстой. Би Огудалова овогтой тэгж гуйлгачин царайлж чадахгүй шүү. Эндэхийн улс амьтан үзэх байтугай зүүдлээч үгүй гоёлоор чамайг чимнэ.

Карандышев: Тэгэхийн тулд би юугаа ч хайрлахгүй

Лариса: За, би дуугарахаа болъё. Та нар намайг хүүхэлдэйн тоглоом шиг боддог улс. Тоглож  байж эвдээд хаяна биз.

Карандышев: Одоо энэ хотынхон юу болж байна, баяр хөөр, бужигнаан пижигнээн. Хөлсний Морин тэрэгчингүүд “Ноён ирсэн, ноён ирсэн шүү” гэж бие биендээ хэлж давхиад л … муусайн мухлаг гуанзны зарц нар хүртэл гуулин түмпэн шиг нүүрээ гялазуулж бие биеэн рүүгээ гүйж очиж “Ноён ирсэн, ирсэн шүү” гэж бахиралдаад л. Цыганууд ч бүр солиорч, гэв гэнэтхэн орилолдож гараа даллаад л . Буудлын дэргэд цуглаан болж бөөн амьтан үймэж байна. Сая буудал тийш гоёж гоодсон пдөрвөн цыган хүүхэн явна. Ноёнтон ирсэн баяр хүргэх гэж байгаа юм гэнэ дээ … Гайхамшигтай л юм болж байна. Гэтэл тэр ноён гэж байгаа юм нь хөрөнгө мөнгөө буйгаар нь үрэн таран хийж, эцсийн ганц усан онгоцоо хүртэл сая зарчихсан амьтан юм. Зоорио барсан наргианч, завхай эр ирлээ гэж хот даяараа баяр хөөр болж байх юм. Ёс суртхуун гэдэг ч хөлд гишгигджээ.

Огудалова: Үгүй тэгээд хэн ирээ вэ?

Карандышев: Танай Сергей Сергеевич Паратов /Лариса айн хэлмэгдэж босно/

Огудалова: Ухайс, тийм хүн ирээ вий.

Лариса: Одоо явъя. Тосгон руугаа л шалавхан явъя.

Карандышев: Одоо бүр ч явах хэрэггүй шүү.

Огудалова: Юу гэсэн үг вэ, Лариса. Тэр хүнээс нуугдаж яах нь вэ? Ямар дээрэмчин биш хөөрхий.

Лариса: Миний үгэнд тун ч орохгүй улс юм даа. Намайгаа ч та нар үхэл рүү түлхэж, ёроолгүй нүхний ам руу ойртуулж байна даа.

Огудалова: Битгий солиор?

Карандышев: Та юунаас айдаг хүн бэ?

Лариса: Би хүний төлөө зовж байна.

Карандышев: Хэний төлөө тэр вэ?

Лариса: Таны төлөө.

Карандышев: Ай зайлуул, миний төлөө битгий ай. Би ч хувьдаа дарлуулахгүй шүү. Тэр хүн намайг шүргэх гэвэл сайнаа үзэхгүй ээ.

Огудалова: Ээ яалаа гэж! Тэнгэр өршөө, таныг! Та хүн чинь Вася шиг юм биш, болгоомжтой байж үз. Чухам чадчих хүн шүү.

Карандышев: /цонхны дэргэд/ За тэр, харж хайрла, Танайд морилж ирлээ. Дөрвөн жолоо морь эгнүүлж хөллөчихсөн, жолоочийнхоо дэргэд цыган суулгачихсан мөн гайхуулж байга хэрэг шүү. Ингэлээ гээд хүнд хал бал алга л даа, сэтгэлээ хуурч л байг, чанартаа гэвэл булай, балиар юм шүү дээ.

Лариса: /Карандышевт/ Явъя, явъя, миний өрөөн очъё. Ээжээ та эндээ оруулж уулзаад дахиж ирүүлэхгүй болгоодохоорой. /Лариса, Карандышев хоёр явна. Паратов орж ирнэ/

ХӨДЛӨЛ 7

Огудалова, Паратов

Паратов: /гараа сунган/ Иш Сергей Сергеевич минь! Иш, үр минь ч байгаа даа.

Огудалова: /энэ хэсэгт алиа дуу байдалтай/ Эгч чинь муртаа!

Паратов: Элгэндээ тэврэхсэн гээ юу болноо! /тэврэлдэн үнсэлдэнэ/

Огудалова: Хаанахын салхи таныг авчирав? Дайраад өнгрөх төдий л яваа биз дээ?

Паратов: Чухам ирье гээд л танайхыг зорьж энд ирлээ. Юуны түрүүнд эгчийнхээрээ оръё гээд энэ!

Огудалова: Гялайлаа, бие сайн үйл бүтэмжтэй биз дээ?

Паратов: Нүгэл хураагаад яах вэ. Эгч минь хөгжөөнтэй сайхан л явж байна. Хөлжих ажил маань л харин тааруу даа.

Огудалова: /Паратовыг харж/ Сергей Сергеевич үр минь, тэр өдөр гэнэтхэн та яагаад ор сураггүй алга болчихов оо?

Паратов: Эвгүйхэн мэдээ дуулгалаа л даа, эгч ээ.

Огудалова: Юун мэдээ вэ?

Паратов: Миний захирагч, захирагдагч нар харин намайг эзгүйгээр байшин сэлтийг минь умаахум болгочихж шахжээ. Ажил хэргий минь явуулж байгаа нь гэж миний галт онгоцнууд, хөдлөх, үл хөдлөх хөрөнгий минь зах дээр гаргаж үнэ хаялцуулах дөхж. Тэгээд л би чинь амь амжиргаагаа аварч болдог бол аваръя гээд давхичихгүй юу даа.

Огудалова: Авардагаа авраад болгоод ирээ биз дээ?

Паратов: Даанч үгүй шүү. Учрыг нь олсон, тэгэхдээ болоогүй, хагархай онгорхой зөндөө. Гэхдээ ямарч гэсэн санаа сэтгэлээр унаагүй, баяр хөөрөөсөө салаагүй дээ эгч минь.

Огудалова: Хараажаар тийм байнаа.

Паратов: Нэг дээр нь алдавч, нөгөө дээр нь хожно. Эгч минь бидний ажил ийм л байдаг.

Огудалова: Юун дээр хожих нь вэ дээ та? Орлого олох нэг шинэ юмтай болоо юу?

Паратов: Хөнгөмсөг гангачуул мань мэтийн хүмүүст орлогын шинэ юм хэрэггүй ээ. Өр ширний хэлтэст аягүдвэл татагдана, эгч минь. Өөрт байгаагаар нь эрх чөлөөгөө худалдая гэж шийдлээ.

Огудалова: Ухаарч байна. Юмтай сүйтэй эхнэр авах нь уу? Эрх чөлөөгөө та хэдээр үнэлэж байгаа юм бэ дээ?

Паратов: Хагас сая рубль

Огудалова: Овоо

Паратов: Тэрнээс хямд болохгүй байна, эгч минь. Ашиг алга, та мэдэж байгаа.

Огудалова: Сайн эр шүү.

Паратов: Та л авмаар юм.

Огудалова: Лут эр! Царайгий чинь харж баясаж суух хүртэл сайхан шүү.

Паратов: Ийм үг сонсоход айтайхан байна. Мутраа эгчээ. /гары нь үнсэнэ/

Огудалова: Эрх чөлөөгий чинь худалдан авагч авгай нар байна уу тэгээд?

Паратов: Хайвал олдоно оо.

Огудалова: Та уучил, би ичихгүй нэг юм асууя.

Паратов: Дэндүү ичмээр юм бол асуух хэрэггүй, би их ичимхий хүн шүү.

Огудалова: За чи битгий алиал! Сүйтэй баян хүүхнээ олсон уу? Ямар хүн бэ?

Паратов: Үүнийг алга гэсэн ч би хэлэхгүй.

Огудалова: За, өөрөө мэд.

Паратов: Би Лариса Дмитриевнад хүндэтгэлээ илэрхийлэх гэсэн юм. Нүүр учирч болох уу?

Огудалова: Бололгүй дээ … би одоохон нааш нь ирүүлье. /хайрцагтай нөгөө юмаа барьж/ Сергей Сергеевич минь дээ, маргааш Ларисагийн төрсөн өдөр. Ийм юм блэгье гэсэн чинь үнэ мөнгий нь дийлдэггүй ээ.

Паратов: Эгч минь дээ, эгч минь. Та үүний үнийг дор хаяд гурван хүнээс авах аргыг мартаагүй

Огудалова: /чихий нь зулгааж/ Дүрсгүй дамшиг чамайг!

Партов: Наадахаас чинь хавьгүй дээр бэлэг би маргааш авчирч өгнө өө.

Огудалова: Би Ларисаг нааш нь явуулаадхая: /явна/

ХӨДЛӨЛ 8

Паратов, Лариса

Паратов: Ирнэ гэж бодсонгүй юу?

Лариса: Үгүй, бодсонгүй. Таныг их удаан хүлээсэн, гэхдээ хүлээхгүй болсоор ч удлаа.

Паратов: Яагаад хүлээхээ болив?

Лариса: Ирнэ гэсэн найдлага тасраад. Та тун гэнэт алга болоод нэг ч мэдээ чимээ өгсөнгүй.

Паратов: Аятайхан юм хэлчихж чадахгүй болохоороо захиа бичээд ч яах вэ гэж бодсон.

Лариса: Би ч төсөөлж байсаан.

Паратов: Хадамд очих гэж байна уу?

Лариса: Тиймээ, хадамд очно

Паратов: Та намайг тун их хүлээв үү?

Лариса: Үүнийг та мэдээд яах нь вэ?

Паратов: Надад хэрэг байна. Лариса Дмитриевна, онолын талаас нь би сонирхож байна. Ер нь энэ бүсгүйчүүд гэдэг голт зүрхээсээ хайрлаж байсан хүнээ явчихвал маргааш нь долоо хоноод, эсвэл сар болоод мартчихдаг байх нь уу? Гамлетийн эцэг нас барахад эх нь нэг хүнд хайртай болов доо. Тэгэхэд “Аав нас барснаас хойш та нэг бүтэн гутлаа элээгээгүй байж хүнтэй суух нь уу” гэж ээжийгээ зэмлэх эрх Гамлетад байсан уу гэх мэт олон юм тодруулмаар байна.

Лариса: Таны энэ асуултанд би хариулахгүй ээ. Сергей Сергеевич та миний тухай юу гэж бодохоо өөрөө л мэд.

Паратов: Таныг би хэзээ ч хүндэтгэнэ, гэхдээ таны энэ явдлаас хойш бүсгүйчүүдийн талаар би тун дундуур бодолтой боллоо.

Лариса: Би ямар нэг муу юм хийгээ вэ? Та юу ч мэдэхгүй шүү.

Паратов: Талимаарсан номхон харцаар ширтэх, хайр илтгэсэн чихэнд чимэгтэй шивнэх үг болгоны дараа санаа алдах, гэсэн андгай тангараг яасан бэ? Цээжилсэн юм шиг нэг сарын дараа өөр хүнд тэр бүхнээ хэлж суудаг байх нь ээ. Ээ дээ, энэ бүсгүйчүүл үү?

Лариса: “Бүсгүйчүүл” яачихаав?

Паратов: Тэднийг адгийн төрөлтөн гэж нэрлэвэл таарна.

Лариса: Та намайг ингэж доромжлохгүй шүү. Танаас хойш би өөр хүнд сэтгэлээ өгсөн гэж та яаж мэдээв? Та бүр баттай хэлж байна уу?

Паратов: Би батлахгүй, гэхдээ л тоймлож байна.

Лариса: Ингэж хүнийг өрөвдөхгүй хатуу зэмлэхийн тулд тоймлох биш, сайн мэдэх хэрэгтэй.

Паратов: Та хадамд очих гэж байгаа биз дээ?

Лариса: Ямар учраас шийдсэнийг нь та бодсон уу? Гэрт байж болохгүй байна, сэтгэл үймэрч үхэхээс наана байхаа хараад нүд хорсож ой тухаар элдэв хүн авчирч үүнтэй түүнтэй суу, аятайхан шулгана, инээ, дуул гэж байна, төрсөн гэрээсээ битгий хэл энэ хотоос зугатаамаар болоход би яах ёстой байв аа?

Паратов: Лариса, та тэгвэл …

Лариса: Би яагаав? Юу хэлэх гээ вэ та?

Паратов: Хүлцэж үз! Би таны өмнө буруутай. Та минь намайг мартаагүй, та минь надад …хайртай хэвээрээ юу? /Лариса дуугүй/ Та хэлээч, үнэнээ хэлээч!

Лариса: Хэвээрээ байлгүй яах вэ, асуух хэрэггүй.

Паратов: /Ларисагийн гарыг хайрлангуй үнсэж/ Гялайлаа танд, баярлалаа.

Лариса: Танд миний энэ үг л хэрэгтэй байсан юм. Та бардам хүн шүү дээ.

Паратов: Таныг би хүнд алдаж болно, миний ажил, явдал болж өгөхгүй байна. Харин таны хайрыг алдана гэдэг надад тун хүнд хэцүү байхсан.

Лариса: Тийм үү?

Паратов: Та намайг мартсан бол би тун их доромжлогдсонд тооцох байсан, таныг бараг уучлаж чадах ч үгүй байсан байх.

Лариса: Одоо та яагаав?

Паратов: Одоо би насан туршдаа таны тухай сайн сайхан юм бодно. Тэгээд жинхэнэ дотны найзаараа явна.

Лариса: Танд л хайртай байвал барж. Энэ бүсгүй уйлж, шаналаж байг гэж байгаа юм биз дээ?

Паратов: Яая гэхэв, Лариса Дмитриевна! Хайр дурлал тэгш байдаггүй. Энэ хуулийг би тогтоогоогүй. Заримдаа уйлж шаналахаас биш яах вэ?

Лариса: Заавал бүсгүй хүн нь уйлах уу?

Паратов: Бүстэй нь ч уйлахгүй дээ.

Лариса: Яагаад тэр вэ?

Паратов: Яах вэ. Эр хүн уйлвал муу эмийн шинжтэй гэгдэнэ, эр хүнийг хараах үүнээс дор үг хүний ухаан олоогүй байгаа юм шүү.

Лариса: Хайр сэтгэл хоёр талаасаа тэгш байдагсан бол уйлахын хэрэг тун ч байхгүйсэн. Тэгш хайр гэдэг хэзээ нэгэн цагт байв уу?

Паратов: Хааяа байнаа. Тэхдээ нарийн боов аятай дэндүү нялуун байдаг байх.

Лариса: Сергей Сергеевич, би танд уг нь хэлэх ёстой үгээ хэлчихлээ, эргээд энэ үнэн үгээр минь намайг битгий зовоогоорой доо.

Паратов: Үгүй энэ чинь, та намайг хүний тооноос хасах нь уу даа. Нөхөргүй бүсгүй бол хамаатай юу? … Лариса Дмитриевна, би ёс журам сахьдаг хүн, гэр бүл болцгоосон хүмүүс ариун нандин оргил гэж би үздэг. Эрх чөлөө гэдгээр замбараагүй явдлыг халхлана гэдгийг би үзэж чаддаггүй. Таны нөхөр болх хүн бузгай сайн биз дээ?

Лариса: Үгүй. Ганцхан сайн юм бий.

Паратов: Харал гэж. Муухан байна.

Лариса: Гэхдээ их гойд сайн юм.

Паратов: Чухам?

Лариса: Надад хайртай юм.

Паратов: Үнэндээ гойд оо. Тэр зуурын ажилд тун хэрэгтэй тал. /Огудалова, Карандышев хоёр ирнэ/

ХӨДЛӨЛ 9

Паратов, Лариса, Огудалова, Карандышев, дараа нь нэг зарц

Огудалова: Эрхмүүдийг би танилцуулъя! /Паратовт/ Юлий Капитоныч Карандышев! /Карандышевт/ Сергей Сергеевич Паратов!

Паратов: /Карандышевт гараа сунган/ Бид танил улс. /ёслоно/ Сахал ихтэй, авъяас багатай хүн. Хайрлаж энэрч үзээрэй! Харита Игнатьевна, Лариса Дмитриевна хоёрын хэзээний найз.

Карандышев: /биеэ эзэмдэн/ Таатай байна.

Огудалова: Сергей Сергеевич манай гэрийн хүн шиг болчихсон юм.

Партов: /Карандышевт/ Та хар, хоргүй биз?

Карандышев: Лариса Дмитриевнаг хардах шалтаг хэзээ ч гарахгүй гэж би гүнээ найддаг.

Паратов: Зарим хартай улс, ямар ч шалтаггүй хардаад байдаг юм шүү.

Лариса: Юлий Капитоныч намайг хардахгүй гэдгийг би батлана.

Карандышев: Тэр тиймээ, тэхдээ хэрэв …

Паратов: Тэгэлгүй яах вэ, Тийм дээрээ хүрвэл тун аймаар юм болсон байж таарна л даа.

Огудалова: Та минь юу вээ? Хардах хордохоос өөр ярих юм алга уу?

Лариса: Бид, Сергей Сергеевич удахгүй хөдөө явах гэж байгаа.

Паратов: Энэ сайхан газраа орхиод уу?

Карандышев: Энд чухам юу нь сайхан байнав дээ?

Паратов: Хүн хүн янз янзаа. Юмны амт, өнгийг хүн бүхэн адилхан таалдаггүй.

Огудалова: Чухам аа, чухам. Зарим хүнд хотын сайхан, заримд нь хөдөө сайхан.

Партов: Эгч минь, хүний таашаал өөртөө зөв. Зарим хүн шийгуанд удртай, зарим нь гахайн мөгөөрсөнд дуртай.

Огудалова: Дүрсгүй дамшиг чамайг! Зүйр үгэнд цэцэнийг нь ээ!

Паратов: Онгоц чирэгч нартай ойр байдаг хойно, эгч минь, орос хэлээ суралгүй яах вэ!

Карандышев: Онгоц чирэгч нараас орос хэл сурна гэнэ

Паратов: Яагаад тэднээс сурч болдоггүй билээ?

Карандышев: Бид тэднийг чинь юу гэж үздэг болохоор …

Паратов: Бид гэж хэн бэ?

Карандышев: /халуунаар/ Бид боловсролтой улс чинь онгоц чирэгч нар биш шүү дээ.

Паратов: За, онгоц чирэгч нарыг та юу гэж үздэг байна? Би галт онгоцнуудын эзэн хүн, би тэднийг өмөөрч байна, би бас тэдний адил чирэгч хүн.

Карандышев: Бид тэднийг бүдүүлэг мунхагийн жишээ гэж үздэг.

Паратов: За, цааш нь ноён Карандышев!

Карандышев: Гүйцлээ. Өөр юм алга

Паратов: Гүйцээгүй ээ. Гол юм нь дутаж байна. Та өршөөл гуайх хэрэгтэй.

Карандышев: Би өршөөл гуйх гэж үү?

Паратов: Тийм. Аргагүй гуйх болоод байна.

Карандышев: Болъё доо чи минь! Би тэгж үздэг. Миний үзэл энэ.

Паратов: За, за, за. Битгий булзааруул.

Огудалова: Та минь, ноёдоо болиоч!

Паратов: Битгий зов, энэний төлөө би энүүнтэй буудалцая гэхгүй. Таны хүргэн үхэхгүй, би зөвхөн сэнхрүүлнэ. Хэний ч бай уучлаж байхгүй хатуу дэгтэй хүн би. Айлгаж байхгүй бол хүн айна гэдгийг мартаад юу ч хийхээсээ буцахгүй болно шүү.

Лариса: /Карандышевт/ Та яаж байнаа, одоохон өршөөл гуй, би хэлж байна шүү.

Паратов: / Огудаловад/ Миний занг сайн мэдвэл таарна. Би ямар нэг хүнийг сэнхрүүлье дээ гэвэл долоо хоног гэрээсээ гаралгүй, хашраах арга заавал олж хэрэгжүүдэг хүн.

Карандышев: /Паратовт/ Би ойлгохгүй юм даа …

Паратов: Тэгвэл урдаар ойлгодог хүн болж байж хүнтэй ярьдаг бол!

Огудалова: Би таны өмнө сөхөрч мөргье, гуйсныг минь бодоод энийг өршөө!

Паратов: /Карандышевт/ Харита Игнатьевнад баярла! Би таныг өршөөе. Үүнээс цааш хонгор минь хүнээ таньж дуугар. Замд таарвал яах ч үгүй, зан гаргавал өршөөхгүй шүү. /Карандышев хариу хэлэх гэнэ/

Огудалова: Битгий үг сөр, битгий зөр. Дуугарвал та бид хоёр муудана шүү. Лариса, шампанск авчируул, хоёуланд нь хийж өг, эвлэрснийх гээд ууцгааг. /Лариса явна/ Ноёд минь, та минь, битгий хэрэлд. Би чинь тайван ааштай хүн, юм бүхэн эвтэй, түнжинтэй байвал болох нь тэр гэж боддог.

Паратов: Би ч гэсэн тайван хүн, хорхой ч няслахгүй. Би хэзээ ч хэрүүл өдөхгүй, тэрний талаар би өөрийгөө хариуцна.

Огудалова: Юлий Капитоныч, та нас залуу, цус шингэн байна, даруу ноомой, уур унтуугүй байх ёстой шүү дээ. Харин та одоо Сергей Сергеевичийг хоолондоо урь, заавал урь. Энэ хүнтэй хамт байх бид хоёр их дуртай.

Карандышев: Би бас тэгэхсэн гэж бодож байлаа. Сергей Сергеевич би өнөөдөр хоол барина, та морилж очихсон болов уу, уръя.

Паратов: /хүйтнээр/ Дуртай очъё. /Лариса орж ирнэ, тавиур дээр нэг шил шампанск, хундаганууд тавьсан хүн бас орж ирнэ/

Лариса: /хийж/ Ноёд оо гуйя. /Паратов, Крандышев хоёр барина/ Та нар найз байгаарай даа.

Паратов: Таны гуйж хэлсэн үг надад зарлиг гэсэн үг.

Огудалова: /Карандышевт/ Та одоо Сергей Сергеевичээс их юм сурах хэрэгтэй шүү.

Карандышев: Миний хувьд ярихын ч хэрэггүй, Лариса Дмитриевангийн үг болгон хууль. /Вожеватов орж ирнэ/

ХӨДЛӨЛ 10

Огудалова, Лариса, Паратов, Карангдышев, Вожеватов сүүд нь Робинзон орж ирнэ

Вожеватов: Шампанскны үнэрээр бид орж ирлээ. Үнэр сайн авч байгаа биз. Харита Игнатьевна, Лариса Дмитриевна, шар толгойтыг оруулж болох уу?

Огудалова: Юун шар толгойт вэ?

Вожеватов: Одоохон үзнээ. Шар минь ороорой. /Робинзон орж ирнэ/ Миний шар найз ноён Робинзон

Огудалова: Таатай байна.

Вожеватов: /Робинзонд/ Гары нь үнсээч. /Робинзон Огудалова, Лариса хоёрын гарыг үнсэнэ/ За, ноёнтон, наашаа ойрт.

Огудалова: Та нар чинь ноён найзыгаа хамаандлаад байна уу даа?

Вожеватов: Ахайтнуудын дунд орж явж үзээгүй, бүрэг гэдэг жигтэйхэн. Ихэнх насаа хуурай газар, далай тэнгисээр аялаж явсан, тун саядаа хүн амьтангүй арал дээр түгжигдэж зэрлэгших шахсан юм. /Карандышевт/ Таныг би танилцуулъя. Ноён лорд Робинзон, Юлий Капитоныч Карандышев

Карандышев: /Робинзонд гараа өгч/ Та Англиас гарч явсаар уджээ дээ?

Робинзон: Уes

Вожеватов: /Паратовт/ Би энүүүнд англи хэл гурваадыг зааж өгсөн, үнэнээ хэлэхд би өөрөө тэрнээс илүү мэдэхгүй юм. /Робинзон/ Чи энэ архи руу гөлрөөд байдаг чинь юу вэ? болох уу, харита Игнатьевна?

Огудалова: Барилгүй яах вэ?

Вожеватов: Англичууд чинь өдөржингөө л жимсний архи ууна шүү дээ. Аль өглөөнөөс аваад л …

Огудалова: Та мөн л өдөржингөө уух уу?

Робинзон: Yes /тиймээ/ англиар

Вожеватов: Энэ эрхэм өглөөний цай хоол гурав дахин барчихаад орой зургаагаас арван хоёр цаг хүртэл өдрийнхөө шүүсийг зооглоно доо.

Огудалова: Болдог л юм байх даа?

Робинзон:

Вожеватов: /Робинзонд/ За, хийгээч!

Робинзон: /аягануудад хийж/                                 /барьж хайрла//ууцгаана/

Паратов: /Карандышевт/ Энэ хүнийг бас хоолондоо уривал зүгээр. Бид хаа л бол хамт явдаг, энүүнгүй би ер нь хэцүүддэг юм.

Карандышев: Хэн гэдэг юм бэ?

Паратов: Энийг чинь нэрээр нь дуудахгүй! Ноён лорд, милорд гээд л …

Карандышев: Энэ ноён-лорд юм гэж үү?

Паратов: Лорд-ноён ч биш, тэгэхдээ тэгж хэлүүлэх их дуртай. Сэр Робинзон гэсэн ч болно доо.

Карандышев: /Робинзонд/ Сэр Робинзон таныг би өдрийн зоогонд уръя.

Робинзон:                                         /танд гялайлаа/

Карандышев: /Огудаловад/ Харита  Игнатьвна, би харъя даа, хөөцөлдөх юм бас мэр сэр байна. /бүгдэд ёслож/ Эрхмүүдийг би хүэлэнэ. Хүндэтгэн ёслоё! /явна/

Паратов: /малгайгаа авч/ Бид ч явъя. Замын алжаалаа гаргая.

Вожеватов: Урилганд очих бэлтгэл хийе.

Огудалова: Байзаарай таминь, бүгд зэрэг яваад яах нь вэ? /Огудалова, Лариса хоёр Карандышевын хойноос гарна/

ХӨДЛӨЛ 11

Паратов, Вожеватов, Робинзон

Вожеватов: Нөхөр болох хүн нь аятай санагдав уу?

Паратов: Аятайсах юм алга. Энэ хэнд таалагдаа аж! Галуун хөл оргичихоод бас ярих санаатай!

Вожеватов: Хээ, юу болоов?

Паратов: Шалихгүй нэг юм болоодохсон шүү. Цээж түнхийлгэж хүн шиг бас цор цор гэх гээд. Гайгүй ээ, хүү минь, би нэг аятайхан дөнгөчихж чадна. /духаа алгадаж/ Ээ дээ, энэ ч ёстой санаа шүү. За Робинзон чамд хүндхэн ажил оногдох нь байна, хичээнээ …

Вожеватов: Юу тэр вэ?

Паратов: Ийм юм хийе … /чагнаж/ Ирлээ! Сүүлд хэлье. /Огудалова, Лариса хоёр орж ирнэ/ Би ч одоо явъя даа!

Вожеватов: Баяртай /ёслоцгооно/

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s