Александр Островский – Инжгүй хүүхэн (Нэгдүгээр бүлэг)

Оросын жүжгийн зохиолч Александр Островскийн (1823-1886) энэхүү 1851 онд туурвисан хошин жүжгийг Э.Оюуны орчуулгаас сийрүүлэв.

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

ХӨДЛӨЛ 1

Цайны газрын үүдэнд Гаврило зогсож Иван нөмөрт талбайн тавилгыг эмхлэж засна.

Иван: Цэцэрлэгт чинь амьтан хүн ердөө ч алга

Гаврило: Баяр ёслолын үеэр дандаа ийм байдаггүй юу. Хуучны ёс ховхордоггүй байнаа маниас. Оройхон шиг босч мөргөж залбирч аваад ногоотой шөл, боов талхаа идэх юм. Идэж уусныхаа дараа долоон цаг амрах юм даа.

Иван: Долоо нь юу юм бэ, гурав дөрвөн цаг л биз. Сайхан юм биш үү дээ.

Гаврило: Үдшийн мөргөлийн хавиар нэг юм сэрж босоод үхэх шахтлаа цай уугаад уйдаж гарна.

Иван: Уйдах гэнэ шүү. Юундаа тэр билээ?

Гаврило: Саморвартай цайны дэргэд сууж хоёр цагийн турш буцалсан ус зогсоо зайгүй залиглаад үз. Хөлсөө гоожоод ирэхээр уйдаад гарна шүү дээ … За тэгээд ууж ууж аваад цэцэрлээр зугаалж уушгаа тэнийлгэх гээд явна. Одоо цаана чинь мунадагчуул зугаалж байна. Мокий Парменыч Кнуров хуян шар усаа тарааж явна.

Иван: Энэ хүн албатай юм шиг өглөө болгон үүдээр урагш хойш мөн их алхах юмаа. Яах гэж ингэж биеэ зүдрээж байдаг юм болоо?

Гаврило: Агаар амьсгалана.

Иван: Юунд хэрэгтэй юм бэ?

Гаврило: Хоолоо идэхийн тулд ходоодоо зайлахгүй юу. Энэ Кнуров хичнээн хоол иддэг гэж санаж байна! Зайгүй, ходоодонд багтахааргүй их хоол иднэ шүү дээ, хүү минь. Тэгэхлээр зайчлах л хэрэг гарна.

Иван: Энэ Кнуров ер дугардаггүй юм байна билээ?

Гаврило: Дуугардаггүй гэнэ шүү. Маанаг амьтан … Сая сая янчаантай хүн дугараад яах юм бэ? Хэнтэй ярих юм бэ? Манай энэ хотод үүний тоож дугардаг хоёр гуравхан л хүн байдаг байх. Тэгэхээр энэ чинь хэнтэй ярих юм бэ, юу гэж дугарах юм бэ, дуугүй л явахаас биш. Ер нь энд удаан тогтдог ч хүн биш хойно. Ажил хэрэггүйсэн бол энэ рүү ирэх ч үгүй. Ярихын тул Москва, Петербург, бүр цаашлаад гадаад явна. Зиндааны нь улс тийм газраас байна шүү дээ.

Иван: Энэ Василий Данилыч наашаа өгсөж явна. Энэ хүн бас л яггүй баян хүн дээ. Тэгсэн хэрнэ дуугараад байдаг юм билээ дээ.

Гаврило: Василийн Данилыч залуудаа хүндээ хөнгөнөөс өгч байхгүй юу. Насаа ахиад ирэхээр мөн л шавар бурхан шиг юм болно. /зүүн гараас Кнуров гарч ирээд ёслон нахилзаж байгаа Гаврило, Иван хоёрыг тоож харалгүй шууд ширээний дэргэд очиж суугаад Франц сонин халааснаасаа гаргаж уншина. Баруун талаас Вожеватов ирнэ/

ХӨДЛӨЛ 2

Кнуров, Гаврило, Иван, Вожеватов нар байна.

Вожеватов: /хүндэтгэн ёслож/ Амрыг айлтгая, Мокий Пармеыч!

Кнуров: Өө! Василий Данилыч! /гараа өгч/ Хаачаад явж байна даа!

Вожеватов: Усан онгоцны буудал хүрээд /сууна. Гаврило ойртоно/

Кнуров: Хүн угтаа юу?

Вожеватов: Угтах хүн маань ирсэнгүй ээ. Сергей Сергеевич Паратов уул нь өчигдар утас ирүүлсэн юм. Би усан онгоцыг нь худалдаж авч байгаа юм л даа.

Гаврило: “Хараацай” гэдэг усан онгоцыг нь авах нь уу?

Вожеватов: Тийм ээ, юу гэж?

Гаврило: Явдал сайтай, хүч ихтэй онгоц доо.

Вожеватов: Паратов намайг хуурчихлаа. Ирсэнгүй

Гаврило: Та Паратов гуайг саяны онгоцоор ирнэ гэж бодсон байх. Өөрийнхөө “Хараацайгаар” ирэх вий дээ.

Иван: Василий Данилыч тэр нэг онгоц уруудаад ирлээ.

Вожеватов: Ижил мөрөнд онгоц холхих алыг тэр гэхэв?

Иван: Паратов гуай мөн

Вожеватов: Мөн үү дээ?

Иван: Тун мөн шүү. “Хараацайн” сэлүүр онцгой

Вожеватов: Үгүй ер, долоон мод газраас ямар сэлүүртэйг нь чи мөн харнаа?!

Иван: Арван мод газрын цаанаас ч харж болно. Сайхан явж байна. Эзнээ суулгасан явна, бүр мэдэгдэж байна.

Вожеватов: Хол явна уу?

Иван: Аралын цаанаас гараад ирлээ. Сэвэлзүүлээд л ирж явна.

Гаврило: Сэвэлзүүлээд гэнээ?

Иван: Чухам яриад яах вэ. Лут байна. “Нисдэгээс” хурдан давхиж байна, ёстой л дэрвэлзэж явна.

Гаврило: Мөөн, мөн. Паратов гуай ирлээ.

Вожеватов: /Иванд/ Ирэхээр нь хэлээдэхээрэй.

Иван: За, мэдлээ … Буу тавих байлгүй.

Гаврило: Тэр ч бүр заавал даа.

Вожеватов: Юун буу байдаг билээ?

Гаврило: Паравов гуайн онгоцны чиргүүлүүд тэр эрэг дээр хэд хэд уяатай байдаг юм.

Вожеватов: За тийм?!

Гаврило: Нэг нь дээр нь их буу зоолтой байдаг юм л даа. Тэгээд Паратов гуайг угтах үдэх тоолонд бууддаг юм билээ. /цайны газрын ар руу харснаа/ За тэр, Чирковын хөлсний сүйх тэрэг Паратов гуайг угтах гээд хар гүйхээрээ явлаа. Ирэх нь гэж Чирковт хэл хүрч. Пөөх, эзэн Чирков өөрөө морио жолоодож иржээ, гарцаагүй ирэх нь.

Вожеватов: Заавал, Паратовыг угтаж байна гэж чи яаж мэдэв ээ?

Гаврило: Дөрвөн жороо морь эгнүүлж хөллөсөн байна. Паратов ноёныг угтаж байна. Чирков ийм дөрвөн морь өөр хэн ч хөллөхгүй! Харахад аймаар … арслан шиг зогдортой дөрвөн сайхан хөлөг. Тоногий нь тоногий нь! Партовыг угтлаа!

Иван: Тэр бас ёслолын хувцастай, бэлхүүсээ тасартал шахуу бүсээ чангалж бүслэсэн цыган Чирковын дэргэд суусан явна.

Гаврило: Гарцаагүй боллоо. Ийм дөрвөлсөн мориор явж байдаг өөр хүн ч байхгүй. Мөн шүү, яриангүй мөн.

Кнуров: Паратов ер нь сүртэй хүн шүү.

Вожеватов: Сүр гэдгийг ч бадруулдаг хүн

Кнуров: Ямар үнэтэй онгоцыг нь авч байгаа юм бэ?

Вожеватов: Хямдаа, хямд.

Кнуров: Араггүй ээ. Ашиггүй бол аваад яах вэ? Онгоцоо юу болоод зарж байгаа юм бол оо?

Вожеватов: Ашиг олохоо байгаа юм болов уу?

Кнуров: Тэгээ л дээ. Онгоц эдлэнэ гэдэг ч ноён зантай хүний ажил биш шүү дээ. Харин та хямд авч чадвал заавал ашиг олно.

Вожеватов: Тэгэхгүй яах вэ. Дороос зөөх ачаа надад их байна.

Кнуров: Мөнгө хэрэг болж дээ … ер нь үрэлгэндүү хүн юм даг.

Вожеватов: Юу сайхан дух сайхан. Би л мөнгий нь бэлэн өгвөл барж

Кнуров: Ай даа, мөнгө байсан цагт юм хийж болно. /инээмсэглэж/ Мөнгө ихтэй хүн хаа ч газардахгүй хаа ч хүний эрхэнд орохгүй юм даг.

Вожеватов: Яриа юу байхав. Мокий Парменыч, та мөнгө ихтийн заяа их гэдгийг хэнээс ч илүү сайн мэднэ дээ.

Кнуров: Мэдэхээр бархав, Василий Данилыч, мэднэ.

Вожеватов: Жаахан хүйтэн юм татахгүй юу, Мокий Парменыч?

Кнуров: Хар өглөөгүүр юу гэсэн үг вэ? Би өглөө юм иддэггүй.

Вожеватов: Зүгээр. Надад фабрикийн дарга нэг англи хүн “Шухнаа хүрвэл өлөн элгэн дээрээ шампанск ууж байж” гэсэн юм. Өчигдөр ханиад хүрчих шиг боллоо.

Кнуров: Цаг дулаан байхад яагаав?

Вожеватов: Өнөөхөөс л болохгүй юу. Дэндүү хүйтэн өгнө лээ.

Кнуров: Муухай юм шүү. Үүр цүүрээр л шампанск ууж байх юм гэж харсан улс ярина.

Вожеватов: Хүнд муу муухайгаа дуудуулахгүйн тулд та бид хоёр цай уунаа.

Кнуров: Цай бол боллоо.

Вожеватов: /Гаврилод/ Гаврило, чи бидэнд өнөө миний уудаг цай авчираадахаарай, өнөөх миний цай мэдэв үү?

Гаврило: Мэдлээ /явна/

Кнуров: Та тун гойд сайхан цай уудаг байх нь ээ?

Вожеватов: Өнөө шампанск архийг чинь данханд хийгээд дийз аягатай авчирч өгдөг юм.

Кнуров: Арга байна шүү!

Вожеватов: Архи уудаг гэж амьтны хэл аманд ороод ирэхээр аргалахыг бодсон хэрэг, Мокий Парменыч!

Кнуров: Та үзэсгэлэн үзэхээр Парис орох нь уу?

Вожеватов: Онгоцоо авч ачаа бараа зөөх ажилд нь оруулчихаад явна.

Кнуров: Би ч энэ ойрын өдөр явахаас болохгүй нь, намайг их хүлээцгээж байгаа гэнэ лээ. /Гаврило хоёр данханд шампанк хийгээд хоёр шилэн аяга авчирна/

Вожеватов: /хийж ууна/ Сонин юм дуулсан уу? Лариса Дмитриена хүнтэй суух гэж байгаа шүү дээ.

Кнуров: Хүнтэй суух аа? Тийм үү? Хэнтэй тэр вэ?

Вожеватов: Карандышевтэй гэнэ лээ.

Кнуров: Юун дэмий юм бэ. Яах нь тэр вэ? Карандышев гэдэг чинь ямар амьтан билээ дээ? Ларисад л яагаад тэнцэхгүй хүн шүү дээ, Василий Данилыч!

Вожеватов: Тэнцэх, тэнцэхгүй нь яамай. Ларисатай суух хүн олдохгүй шүү. Сүйгүй хүүхэн юм чинь.

Кнуров: Сүйгүй ядуухан хүүхнүүд аятай тохитой хүнтэй суугаадахдаг л юмсан.

Вожеватов: Цаг өөр болжээ. Түрүүндээ эхнэргүй харчуул зөндөө байсан, зарим нь сүйгүйтэй нь ч суудаг байв. Одоо харчуул цөөдөж олдохгүй, сүйтэй баян хүүхнүүдэд л дөнгөж хүрэлцэм болохчаа аядаж байна. Сүйгүй хүүхнүүдийг авч суух амьтан алга. Олигтой нөхөр болох хүн олдмоор байвал ч Харита Игнатьевна Ларисагаа Карандышевтай яасан ч ойртуулахгүй шүү.

Кнуров: Сүүхээтэйхэн авгай даа.

Вожеватов: Орос хүн биш байх аа?

Кнуров: Яагаад?

Вожеватов: Арга заль нь дэндчихсэн юм.

Кнуров: Авгай, яаж алдах нь энэ вэ? Огудаловынхан муусайн юмнууд байгаагүйсэн. Гэнэт нэг муу Карандышевтэй суулгана гэдэг юу гэсэн үг вэ? Тийм аргатай хүн байж … Эхнэргүй харцуул гэрээр нь дүүрэн эргэлдэж байдаггүй билүү?

Вожеватов: Лариса хүүхэн царайлаг, бас хөгжимддөг, дуулдаг, тэгээд уул айл нь хатуу ёс журам баримтлана гэдэггүй болохоор хөгжөөнтэй чөлөөтэй байдаг. Ингээд л олон хүн бужигнаж орж гарч байх юм л даа … Жинхэнэ суух, суулгах юм болохоор хүн болгон бодох шодох юм болдог хойно, амаргүй шүү.

Кнуров: Эх нь хоёр охиноо хүнтэй суулгасан шүү дээ.

Вожеватов: Суулгахаас ч хат даа. Олигтой айл болж аль нь ч чадаагүй. Эгчмидий нь Кавказийн ван шүү юм аваад явсан юм билээ. Хөгийн юм болсон бас. Хүүхдий нь харангуутаа чичрээд бүр уйлсан гэдэг юм. Тэгж их нүдэнд нь туссан байж. Тэгээд хоёр долоо хоног хүүхний нь дэргэд хүн оччих вий гэсэн шиг зүүлт хутга байнга барьж, хүн бүр рүү хялалзаад байсан гэнэ лээ. Хурим хийгээд нутаг руугаа авч явах замдаа хардаад хутгалж хороочихсон юм гэсэн. Нөгөө нэг охин нь гадаадын хүнтэй суулаа гэсэн чинь харин хулгайч, мэхч амьтан тааралдаж гэнэ лээ.

Кнуров: Хөрөнгө бага, хүүхнээ хүнтэй суулгая гэтэл хойноос нь өгөх сүй байхгүй болохоор авгай, гэртээ хүн цуглуулж мөнгө олох гэж бодох нь бас л овтойгий шинж

Вожеватов: Өөрөө ч хөгжөөнтэй амьдрах дуртай, даанч хөрөнгө мөнгөөр мөхөсхөн болохоор болж өгөхгүй л байна.

Кнуров: Гэхдээ өдөр бүр наргих мөнгө хаанаас олж байдаг хэрэг вэ?

Вожеватов: Ларистай суух санаатай улс нь өгөхгүй юу. Ларисад шохоорхсон хүн бүр түрийвчээ сэгсэрнэ… дараа нь Ларисатай суух хүнээс нь сүйд өгөх юмны үнийг авчихаад тэр сүйг нь өгөхгүй байж чадах л хүн дээ.

Кнуров: Ганцхан суух санаатай улс нь ч тэгдэггүй байхаа. Тэднийхээр байн байн очих дуртай та мэтийн хүмүүс ч нэлээд үрэгддэг бололтой.

Вожеватов: Би ч хоосортлоо өгөхгүй шүү. Гэхдээ сэтгэлд аятай юманд мөнгө үрэлгүй яах вэ? Мөнгөгүй юм гэж юу байхав. Тэднийд байх сэтгэлд нэг л аятай шүү.

Кнуров: Би ч тэднийд очих тун дуртай.

Вожеватов: Та тэгээд бараг очдоггүй шүү дээ.

Кнуров: Муусайн юмнууд их цуглах юмаа, сүүлд нь энд тэнд дайралдаад мэндлэж, бас юм ярих гээд яршиг болохыг нь яана. Жишээ нь одоо тэр Карандышевтэй танилцаад ямар хэрэг байна!

Вожеватов: Үнэндээ ч тэднийх зах зээл шиг байдаг юмаа, үнэн

Кнуров: Дэндүү шүү. Энэ ч Лариса Дмитриевнаг худлаа магтаж наалдаад л, тэр нь ч янагийн үг хэлж ойртоод л, зөгийн үүр шиг дүнгэнэлдээд хүнтэй ч олигтой үг солиулахгүй шүү. Ларисатай ганцаарантай нь садаа болох юмгүй, байн байн уулзвал ч сайхаан.

Вожеватов: Та суучих.

Кнуров: Суучих гэнэ шүү! Суучиж болохгүй хүн байна, дургүй хүн байна. Ухаа нь одоо би эхнэртэй.

Вожеватов: Яах ч аргагүй юм даа … усан үзэм сайхан ч ногооноороо хэрэггүй юм, Мокий Парменыч!

Кнуров: Тийм үү? …

Вожеватов: Тэгэхгүй яах вэ. Ханилж сууя гэсэн хүн олон байхад хавьтуулаагүйдээ бантаж Карандышевтэй ч болсон сууя гэхгүй юу.

Кнуров: Ийм амьтан дагуулаад Парисийн үзэсгэлэнд очвол мөн сайхнаа!

Вожеватов: Ай даа, уйдахгүй, аятайхан зугаалж болно доо. Та мөн сайхан юм бодож олох юмаа, Мокий Парменыч!

Кнуров: Та ч гэсэн ингэхгүй байсан гэх үү?

Вожеватов: Тэр дэмий. Ийм юманд би бүдүүн хадуун. Эцгийн эрхшээлийн хатуу дэглэмээр өсөж бойжсон болохоор гэх үү дээ, хүүхнүүдийн хэрэгт би зүрх муутай шүү.

Кнуров: За юу яринав! Та бол болно шүү. Залуу нас гэдэг явдалтай. Мөнгө битгий хайрла, онгоц хямд авчихаад олз омог багагүй гарна. Ер нь “Хараацай” –г авахаас мөнгө юу ч болохгүй юмдаг.

Вожеватов: Юм бүр тохирсон үнэтэй, Мокий Парменыч! Би нас залуу ч онгирохгүй шүү, илүү юм ч хүнд өгөхгүй.

Кнуров: Битгий ам алд. Ийм залуу хүн дурлачихад юу хэн байхав. Тэр цагт мөнгөний тоо хамаагүй болно доо.

Вожеватов: Үгүй шүү, тийм юм надад ер байдаггүй.

Кнуров: Юу тэр вэ?

Вожеватов: Яагаав дээ, тэр дурлана гэдэг чинь

Кнуров: Тэгвэл яамай. Сайн худалдаачин болно. Гэхдээ та Ларисатай тун дотно доо.

Вожеватов: Дотно юу байх вээ! Эхээс нь нууж илүү нэг аяга шампанск хийгээд өгчихдөг байх, дуу заачихдаг, залуу хүүхнүүдэд уншуулдаггүй роман аваачиж өгдөг. Тэгээд л тэр.

Кнуров: Бага сагаар завхайруулж байгаа юм биз дээ?

Вожеватов: Би яах вэ! Би албадаггүй … ер нь би түүний ёс суртахууны төлөө зовоод яах вэ!Би ямар тэтгэгч нь биш!

Кнуров: Карандышеваас өөр Ларисатай сууя гэсэн хүн даанч байгаагүй юм байх даа. Би бүр гайхах юм.

Вожеватов: Байсан юмаа, Лариса өөрөө дэндүү хамаагүй энгийн хүн.

Кнуров: Юу гэсэн үг вэ? Тэнэгдүү юм гэж үү?

Вожеватов: Тэнэгдүү биш, ов заль байхгүй хүн, эхийгээ огт дуурайгаагүй. эх нь залжин, хүнийг аргалж чадна. Лариса, эвгүй санагдсан юмаа дор нь хэлчихнэ.

Кнуров: Илэн далангүй үнээ хэлдэг хүн юм биз дээ?

Вожеватов: Тэгдэг юм. Сүйгүй, ядуугаа мэдэхгүй үнэнчээ гайхуулж болохгүй шүү. Дотроо бодсон нь гаднаа ил. Ноднин билүү энэ Сергей Сергеевич Паратов тэднийхээр очдог болов доо. Лариса Паратоваас нүд салгадаггүй, мань Паратов хоёр сар байнга очоод байхаар нь Ларисатай суух юу гэж байсан улсууд найдвар алдаад тэднийхээр ирэхээ больчих воо. Тэгсэн чинь гэнэтхэн Паратов ор сураггүй алга боллоо.

Кнуров: Яасан хэрэг юм бол?

Вожеватов: Бүү мэд. Тун хачин хүн шүү дээ. Лариса Паратовт ёстой сэтгэл өгч, алга болохоор нь хичнээн зовсон гэж сананаа. Уяхан сэтгэлтэй хүн байна лээ. /инээж/ Паратовын хойноос явахаар эх нь хоёр дахь өртөөнөөс эргүүлж авчирсан.

Кнуров: Паратоваас хойш сууя гэх хүн ирсэн үү?

Вожеватов: Хоёр юм ирсан. Амьсгааддаг өвчтэй нэг өвгөн, бас вангийн донир байж баяжсан, үргэжл согтуу байдаг нэг амьтан ирсэн юм. Лариса тэднийг юун харахтай, манатай байсан байх. Тэгэхд эх нь загнаж инээлгэж, маяглуулж л байсан даа.

Кнуров: Зовлонтой хүн юмаа.

Вожеватов: Инээдэмтэй ч юм. Заримдаа сэтгэл нь үймэрдэг биз. Нүдээр нь дүүрэн нулимс гүйлгэнээд уйлах гээд байхад нь эх нь инээ гэдэг юм. За тэгээд гэнэт өнөө нэг нярав тааралдав даа. Харита Игнатьенаг мөнгөөр нэг булсан. Суух санаатай юмнууды нь бас холдуулаад тэгээд өөрөө ч гайхуулж удаагүй, тэднийд байж байгаад баригдсан. Лут муухай юм боллоо шүү дээ. /инээж/ Сар хэртээ Огудаловынхан гэрээсээ гарч чаддаггүй. Лариса ч одоо л ээждээ нэг бууж “ Ийм ичгэвтэр муухай юм гэж байх уу? Одоо болно. Баян, ядуу гэж би шилэхгүй, сууя гэсэн анхны хүнтэй л сууна” гэвээ. Тэгсэн чинь энэ Карандышев сууя гээд очихгүй юу даа.

Кнуров: Энэ Карандышев хаанаас гараад ирэв ээ?

Вожеватов: Тэр чинь эднийхээр эргэлддэг болсоор удсан. Гурван жил болсон шүү. Хөөдөг ч үгүй, нэг их хүндэлдэг ч үгүй байгаад л байсан юм даг. Юмтай чинээтэй хүн үзэгдэхээ болиод, ер нь хүнгүй байлгахгүйсэн гэсэндээ л мань хүнийг урьсан болоод л. За тэгээд юмтай шиг амьтад үзэгдвэл энэ муу Карандышев өрөвдмөөр дөө. Үүнийг чинь харах ч үгүй, дуугарах ч үгүй шүү дээ. Тэгэхэд мань хүн буланд суучихаад, янз янз болж хувирч аймаар ууртай харж, арга нь тасарсан хүн болж цовхорч байна. Нэг удаа амиа хорлох гээд чадалгүй, хүний инээд болсон юм … Бас Паратовийг байхад нэг элэг хөшөөм юм болов оо. Эднийх багт наадам хийсэн юм даг, мань Карандышев дээрэмчин болж хувуаслаад том сүх бариад хүн болгоныг муухай, муухай харж, ялангуяа Сергей Сергеевчийг аймаар хялалзаж явсан юм.

Кнуров: Тэгээд?

Вожеватов: Сүхий нь булааж авч, хувцасыг нь солиулахгүй юу. Үгэнд орохгүй бол зайл гэсэн гэнэ билээ.

Кнуров: Одоо тэгээд тогтвортой сахисан хүн юм гэж шагнагдаж байгаа юм биз дээ. Бодвол баяртай байгаа байх даа.

Вожеватов: Баярлахаар барах уу. Гуулин түмпэн шиг гялалзаад л яваа юм. Ер хөгшин хүн юм шүү дээ. Болдогсон бол Ларисатай бушуухан суучихаад үг яриа тасартал хөдөө эзэмшил газар шүү юм руугаа явбал болох юм л даа. Огудаловынхан ч тэгж бодсон юм. Гэтэл энэ золиг Ларисатай сугадаж явдаг гэж цэцэрлэгээр чирж давхиад дээгүүр харж хүн гишгичих шахаж явна. Шил ер зүүдэггүй хүн хэр нь зүүгээд. Ёслох гэж дохино, дуугүй томоотой амьтан байсан чинь одоо юу л бол “Би тэгнэ, би ингэнэ, би, би л” гэж дуугарна шүү!

Кнуров: Орос эр гэдэг чинь согтуу явахдаа баярлаад зогсохгүй бас согтсоноо хүнд үзүүлэх гэж маягладаг хойно доо. Маяглаж явж хэд нудруулж аваад түүндээ сэтгэл нь ханасан юм шиг унтаад өгдөг хүн байгаа юм.

Вожеватов: Ай даа, Карандышев ч үүнээс дээр юм үзэхгүй дээ.

Кнуров: Хөөрхий хүүхэн ийм амьтныг хараад их л зовдог байх даа.

Вожеватов: Байраа засуулан гэж маяглаад. Ажлынхаа өрөөний ханад улаан мөнгөний үнэ хүрэхгүй хивс өлгөөд дээр нь хутга туулайн гар буу дүүжилчихсэн, анчинсан бол бас ч яах вэ, тэгэхэд буу гартаа барьж үзээгүй амьтан. Хавьтсан бүхнээ л гэр лүүгээ чирч гулдраад, тэр юмаа үзүүлнэ. Магтаж гайхах хэрэгтэй болдог. Биеэ тоосон, атаач хүн гэдэг магтахгүй бол гомдоно. Хөдөөнөөс зүс нь мэдэгдэхгүй нэг яндан морь захиулж авчирч, жижигхэн биетэй жолоочдоо томоос том хүний ёслолын хувцас шиг юм өмсүүлчихж. Тэр тэмээ шиг янхир мориороо Лариса Дмитриевнаг авч яавхы нь яана, өөрөө мянган рублийн морь унасан юм шиг бардам явна шүү. Цэцэрлэгээс гарахаараа, хотын цагдаад “Алив, миний сүйх морь тэргийг нааш нь дууд” гэх нь тэр. За тэгээд өнөөх сүйх нь хөгжимтэй юм шиг эрэг шураг, боолт төмөрөө хангинуулсаар ирнэ. Тэрэгний нь нум бүүр сунаад арай ядан л авч яваа юм даа.

Кнуров: Өрөвдмөөр юм Лариса, хөөрхий дөө.

Вожеватов: Танд бас өрөвчхөн сэтгэл байдаг юмаа.

Кнуров: Уул нь энэ бүсгүй тансаг сайхан юмны дунд умбаж байхаар төрсөн хүн. Үнэт эрдэний чулуунд үнэтэй сайхан хүрээ хэрэгтэй.

Вожеватов: Бас сайн инжианы гарт орох ёстой.

Кнуров: Бүр үнэн. Зүгээр нэг төмөрчин биш, уран хүний гарт орох хэрэгтэй. Ядуу амьдрал дунд тэнэг нөхөр дагж явж үхнэ, үгүй бол бүр эвдэрнэ.

Вожеватов: Карандышевийг мөдхөн хаяна гэж би бодох юм. Паратоваас болоод Лариса одоо үхсэн, амьдын хооронд яваа. Паратов мартагдаад сэтгэл нь жаал онгойгоод ирэхээрээ ямар амьтантай суучихваа гэж аяндаа бодно … /аяарханаар/ Хамаг юмаа амархан мартдаг улс байдаг шүү … /Карандышев, Огудалова, Лариса гурав орж ирнэ. Вожеватов босч ёслоно. Кнуров сонингоо уншина/

ХӨДЛӨЛ 3

Огудалова: /ширээний дэргэд ирж/ Эрхмүүд амар байна уу? /Карандышев дэргэд нь ирнэ.

Вожеватов тэр хоёртой гараа барьж мэндлэнэ. Кнуров босох ч үгүй, үг дуу ч үгүй Огудаловтай гар барьж, Карандышевийн зүг ёсолсон болоод сонин уншигч болно/

Вожеватов: Харита Игнатьена, сууж хайрла /сандал орйтуулж өгнө. Огудалова сууна/ Цай зооглохсон болов уу? /Карандышев холхон сууна/

Огудалова: Аяга цай уучихдаг ч юм билүү?

Вожеватов: Иван, цай нэмж хийгээд аяга аваад ир. /Иван данх аваад явна/

Каранышев: Өдрийд цай ууж байдаг бас хачин зуршил шүү! Гайхмаар юм.

Вожеватов: Учиргүй цангаад аа Юлий Капитоныч юу ууж цангаагаа гаргавал дээр юм бэ бүү мэд. Та хэлээд өгөхгүй юу, би бүр чухам гялайх байна.

Карандышев: /цагаа харж/ Одоо үд болж байна. Нэг хундага цагаан архи уугаад, бас нэг котлет идэж бас нэг аяга сайн улаан архи уучихвал аятай даа. Би дандаа ингэдэг юм шүү.

Вожеватов: /Огудаловад/ Мөн сайхан хэрэг байна, Харита Игнатьевна, атаарахмаар юм. /Карандышевт/ Ганц өдөрч гэсэн тан шиг идэж уудаг бол … хатуу цагаан уучихаад бас нэмж аяга улаан уудаг байна шүү! Мань мэт нь ингэж яаж болох вэ, ухаан санаа балартана. Танд жишээ нь үрээд байх хөрөнгө мөнгө байхгүй болохоор архи уухад яах вэ, айх юм алга. Бид чинь азгүй улс, ажил алба асар их болохоор архи ууж ухаан алсан байж болохгүй байна шүү. /Иван данх аяга хоёр авчирна/ Халуун, хатуу ундаа хэрэглэдэг вий гэж айхдаа би чинь хүйтэн цай ууж байдаг юм шүү дээ.

Огудалова: Хүйтэн юмаа, Вася минь, хатуу ч юм байна.

Вожеватов: Гэм байхгүй. ууж хайрла, гуйх юм тэр! Агаар аятай байна, уучих!

Карандышев: /Иванд/ Чи өнөөдөр манайд очиж хүндэт зочидод хоол барихад туслаадахаарай.

Иван: Очъё. Юлий Капитоныч!

Карандышев: Цэвэрхэн шиг юм өмсч очоорой доо.

Иван: Тэгэлгүй яах вэ, би ойлгоно шүү! Фрака өмсөөд очно.

Карандышев: Василий Данилыч, та өнөөдөр манайд очиж үдийн хоол зооглоорой.

Вожеватов: Гялайлаа … би бас фрак өмсөж очих уу?

Карандышев: Та өөрөө л мэд, зовох хэрэггүй. Харин ахайтнууд цөөнгүй очно доо.

Вожеватов: /ёслож/ Мэдлээ! Аятай очихыг л бодъё.

Карандышев: /Кнуровт хандаж/ Мокий Парменыч, та өнөөдөр манайд морилон очиж хоол зооглоно уу?

Кнуров: /гайхан харж/ Танайд аа?

Огудалова: Мокий Парменыч, манайх шүү дээ, Ларисад зориулсан зоог барих гэсэн юм.

Кнуров: Мөөн, та урьж байгаа юм шив дээ? Тэгье, би очъё.

Карандышев: Би таныг хүлээнэ шүү.

Кнуров: Би очъё л гэлээ шүү дээ. /сонингоо уншина/

Огудалова: Энэ чинь миний хүргэн болох гэж байгаа Юлий Папитоныч гэдэг хүн, Ларисагаа энэ хүнтэй суулгах гэж байгаа юм.

Кнуров: /сонингоо уншсаар/ Над юуны хамаа байхав.

Карандышев: Ийм болсон доо, Мокий Парменыч, би зүрх гаргасан. Би хэзээний мухар сүсэгт итгэдэггүй хүн … /Кнуров сониноороо нүүрээ хаана/

Вожеватов: /Огудаловад/ Мокий Парменыч хатуу журамтай …

Карандышев: /Кнуроваас холдож Вожеватовын дэргэд очно/ Лариса Дмитриевнаг шилмэл хэдэн хүн дотно үзэж ойр байгаасай гэсэн хүсэлтэй хүн би.

Вожеватов: Тэгвэл би шилмэл хүмүүст багтаж байгаа байнаа даа. Баярлалаа, намайг ингэж тооно чинээ би санасангүй. /Гаврилод / Гаврило, цайны мөнгө би хэдийг төлөх вэ?

Гаврило: Та хоёр дахисан билүү?

Вожеватов: Тиймээ, хоёр.

Гаврило: Та одоо анх удаа ууж байгаа биш, Василий Данилыч, мэднэ дээ … арван гурван рубль …

Вожеватов: Үгүй ер, би арай хямдарсан байх гэж санасан юмсан.

Гаврило: Юу болж гэж хямдрах вэ дээ? Албан татвар, газрын татвар зөндөө шүү.

Вожеватов: Би чамтай авцаагүй, юунд үглээ вэ? Мөнгөө аваад дуугаа аяд! /мөнгө өгнө/

Карандышев: Ийм их үнэтэй юу байна аа?

Гаврило: Үнэтэй нь үнэтэй, хямдах нь хямд л байгаа биз … Та, ийм цай уудагч үгүй юм чинь …

Огудалова: /Карандышевт/ Та больж үз ээ! Хүний хэрэг танд хамаагүй.

Иван: Василий Данилыч, “Хараацай” онгоц ирлээ.

Вожеватов: Мокий Парменыч, онгоц ирлээ. Та үзээдэхгүй юу? Доошоо буугаад яах вэ, эндээс харчихья.

Кнуров: Үзье, үзье.

Огудалова: Вася, би морин тэргээр чинь явлаа.

Вожеватов: Тэг ээ, тэг, харин хурдан буцаагаарай. /гээд Ларисагийн дэргэд очиж шивнэн ярина/

Огудалова: /Кнуровын дэргэд очиж/ Мокий Парменыч, бид чинь хурим хийх гэж сүйд болж байна. Явдал ихтэй юмаа …

Кнуров: Мөөн …

Огудалова: Ийм их үрлэгэ зарлага гарах юм гэж даанч санасангүй… Маргааш Ларисагийн төрсөн өдөр, бэлэг авч өгмөөр байдаг …

Кнуров: За, би танайхаар очъё. /Огудалова явна/

Лариса: /Вожеватовт/ Дараа уулзъя, Вася. / Вожеватов, Кнуров явав. Лариса Карандышевийн дэргэд очно/

ХӨДЛӨЛ 4

Карандышев Лариса хоёр

Лариса: Би сая ижил мөрний цаад руу харлаа. Тэр тал хичнээн сайхан байгаа бол оо!Шалавхан тосгондоо очъё.

Карандышев: Мөрний цаад руу та харсан юм байж! Вожеватов тантай юу ярив?

Лариса: Юу ярьдаг юм бэ, дэмий юм чалчиж байна лээ. Би ч Ижил мөрний цаад руу ой модонд очихсон гэж их бодож байна … /бодлогоширно/ Явъя, хоёулаа шалавхан эндээс явъя.

Карандышев: Тун хачин юмаа. Тэр амьтан тантай юу ярьдаг юм бол оо?

Лариса: Ээ чааваас, юу ч ярьсан танд юуны хамаатай юм бэ?

Карандышев: Вася минь гэж ирээд л … залуу хархүүтэй хэтэрхий хамаагүй ярьж байгаа юм биш үү?

Лариса: Бид хоёр багаасаа ойролцоо тоглож өссөн юм байхгүй юу. Тэгээд би бүр Вася гээд сурчихсан юм.

Карандышев: Хуучин зан заншлаа орхивол таарна байх шүү. Тэр жулдарай хархүүтэй зиндаархаж болохгүй дээ. Чиний урьдын байдлыг чинь одоо тэвчиж чадашгүй нь.

Лариса: Манайд муу муухай юм болж байгаагүй.

Карандышев: Задгай зайдан амьтад цугладаг аян буудал байсан, мэдэв үү? /Лариса нулимсаа арчина/ Би таныг гомдоочихов оо доо, яана!

Лариса: Аян буудал байсан гэж бодъё, харин хөгжөөнтэй сайхан л байлаа. Та манайхыг буудлаас илүү аятай байлгаж чадах юм уу даа?

Карандышев: Чадахгүй байлгүй.

Лариса: Юунд та намайг байнга урьд өмнө нь тийм байсан гэж зэмлэж байдаг юм бэ? Тийм хөнгөмсөг амьдралаар амьдрах нь надад аятайхан санагддаг байсан гэж бодно уу, та? Тэгж байх нь ээжид тун хэрэгтэй байсан учраас дуртай, дургүй ч би алиалахаас өөр аргагүй байлаа … Завхай зайдан байсан гэж байнга намайг зэмлэх нь үгүй бол мунхаг хүний ажил байх үгүй бол хатуу сэтгэлтэй хүний ажил байх. Хэрэв би үймээн шуугианаас холхон, хүн амьтнаас зайдуу байя гэж шийдээгүй бол тантай суух ч үгүй байсан. Тантай сууя гэсэн маань таны сайн сайхан чанарт татагдсан юм биш, таны тэр аятай чанарыг чинь би огт олж хараагүй байгаа. Би нөхөртэй болоод гэр бүлээ зохиогоод амьдарвал чухам л сайн сайхан цаг ирнэ гэж бодогддог учраас танд хайртай болохсон л гэж хичээж яваа шүү дээ. Одоо би салаа замын уулзвар дээр байна. Та намайг дэмжиж, зоригжуулж, хайрлаж, энхрийлвэл тун их хэрэг байна даа. Энэ цаг мөч тутмыг ашиглаж үз дээ та!

Карандышев: Би таныг гомдооё гэж огт бодоогүй. Зүгээр л хэлчихсэн минь энэ боллоо.

Лариса: Зүгээр хэлчихсэн гэсэн чинь юу гэсэн үг вэ? Бодолгүй хэлж байна гэнээ. Та хүнийг гомдоох үг хэлснээ ойлгохгүй байна уу?

Карандышев: Надад ямарваа далд санаа байгаагүй шүү.

Лариса: Тэгвэл бүр муу. Юу хэлж байгаагаа бодох хэрэгтэй. Өөр улстай дэмийрдэг л юм байгаа биз, надтай болгоомжтой яриарай. Миний байдал тун хэцүү байгааг та харж байна уу, үгүй юу. Өөрийн хэлж байгаа хүний хэлж байгаа үг бүхэнд миний сэтгэл донслож байна. Би тун сонор, өөнтөч болжээ.

Карандышев: Та намайг өршөөгөөрэй, би гуйя.

Лариса: Бурхан өршөөг дөө, харин цаашдаа болгоомжлоорой. /бодлогоширно/ Манайх задгай байх нь байсан, гэхдээ сайн, сайхан, хүн шиг хүмүүс цуглаж байсан юм шүү.

Карандышев: Ээ, базарваань, тэр хүн шиг хүн чинь Сергей Сергеевич Паратов арай биш биз дээ?

Лариса: Боль та, тэр хүний тухай битгий ярь!

Карандышев: Яагаад тэр билээ?

Лариса: Та тэр хүнийг мэдэхгүй, мэдлээ ч гэсэн … уучлаарай, та түүнийг дүгнэхгүй шүү.

Карандышев: Хүнийг, хийсэн явдлаар нь дүгнэдэг юм. Танд тэр сайн юм хийсэн үү?

Лариса: Энэ чинь миний хувийн хэрэг. Би тэр явдлыг чинь буруутгахаасаа айж зүрх хүрэхгүй байна. Та нарт зөвшөөрөхгүй.

Карандышев: Лариса Дмитриевна, та хэл. Тэгэхдээ үнэн бодсноо хэлээрэй.

Лариса: Юу тэр вэ?

Карандышев: Би тэр Паратоваас юугаараа дор байх нь вэ?

Лариса: Юу хийх вэ дээ, больж үз.

Карандышев: Яагаад тэр билээ?

Лариса: Хэрэггүй хэрэггүй. Зүйрлэх юм биш!

Карандышев: Таны бодож байгааг сонсохыг би тун их хүсч байна.

Лариса: Битгий асуу. Хэрэггүй.

Карандышев: Яагаад?

Лариса: Паратовтой өөрийгөө зүйрлээд та юу ч хожихгүй. Та хувьдаа шударга, сайн хүн л байх, харин Сергей Сергеевичтэй зүйрлэх юм бол юу ч биш.

Карандышев: Энэ чинь хоосон үг. Нотолгоо хэрэгтэй. Та бид хоёрыг сайн зэрэгцүүлж бод.

Лариса: Та өөрийгөө хэнтэй адилтгаж байгаа юм бэ? Ийм харалган байж болох уу? … Сергей Сергеевич бол эр хүний дээд жишээ. Дээдийн дээд гэдгийг та ойлгож байна уу? Нас минь залуу, хүн таньж сураагүй учраас би эндүүрч байж мэднэ, гэхдээ л миний энэ бодлыг хэн ч өөрчлөж чадахгүй. Үхэн үхтлээ л энэ бодлоо хаяхгүй.

Карандышев: Би ер ойлгохгүй юм. Даанч ойлгохгүй юм. Онцгой гойд юм тэр хүнд даанч байхгүй, надад л харагдадгүй юм. Зүрхтэй шүү юм даа. Аймшиггүй гэх үү. Дураа хүрэхээр хэн ч ийм байж чадна даа.

Лариса: Түүний зүрх зориг жирийн юм биш шүү.

Карандышев: Юу нь жирийн биш гэж, онцгой юм юу байна? Жаахан сүр бадруулсхийвэл болно.

Лариса: За, би танд учирсан нэг явдлыг яръя. Сергей Сергеевичтэй танил, кавказын нэг офицер манай үүгээр өнгөрлөө. Буудлаганд мэргэн сүрхий, манайд хамт ирсэн юм. “Таныг тун мэргэн бууддаг юм гэж дуулсан” Сергей Сергеевичийг хэлэхэд офицер нь “Яах вэ, зэгсэн зүгээр” гэлээ. Сергей Сергеевич гар буугаа авч тэр хүнд өгөөд өөрөө толгой дээрээ шилэн аяга тавиад арван хоёр алхан холдож нөгөө өрөөнд орж зогсоод “Бууд даа” гэж байх юм.

Карандышев: Тэгээд нөгөөдэх нь буудав уу?

Лариса: Буудаж, шилэн аягы нь унагаад царай нь л жаахан хувис хийнэ лээ. “Та тус сайн буудаж байна. Тэгэхдээ эр хүн тэр мөртлөө таны ойрын биш хүн рүү буудаад царай чинь хувирч байна. Хорвоо дээр надад хамгийн үнэтэй энэ хүүхнийг би буудна, царай минь хувирахгүй” гэж Сергей Сергеевич хэлээд надад нэг улаан мөнгө бариулж мөн тэр хэмжээний зогсоогоод сэтгэл хөдөлсөн юмгүй, инээмсэглэн байж буудаж оносон юм даа.

Карандышев: Та үгэнд нь ороод зогсож байв уу?

Лариса: Тэр хүний үгэнд орохгүй байж болдоггүй юм.

Карандышев: Та тэр хүнд итгэсэн гэдэг хэмжээгүй байсан юм байх даа?

Лариса: Та юу ярьж байна вэ? Тэр хүнд итгэхгүй байж даанч болохгүй.

Карандышев: Өрөвч сэтгэлгүй болоод л тийм зүрхтэй байхгүй юу даа.

Лариса: Үгүй ээ. Их өрөвчтөн сэтгэлтэй. Авч явсан байгаа бүх мөнгөө ядуучуудад хувааж өгч байхыг нь би нүдээрээ харсан.

Карандышев: За яах вэ, Паратовыг хүнлэг олон сайн чанартай гэж та тооцдог юм байж, үгүй тэр нэг худалдаачин шиг юм, тэр Вожеватов, Вася гэдэг яадаг амьтан бэ?

Лариса: Та хардах юм болж байгаагүй биш биз? Тэр дэмий шүү дээ. Ичгэвтэр, хардана гэдэг хамгийн адгийн юм шүү дээ. Би ийм юманд тун дургүй хүн гэдгээ эртхэн хэлчихье. Миний сэтгэлд бодогдох хүн байхгүй, та битгий айгаарай.

Карандышев: Партов яваад ирвэл яах вэ?

Лариса: Хэрэв Паратов эхнэр аваагүй байгаад энд хүрч ирвэл … ирж нэг нүдээрээ ч ирмэвэл би … гэхдээ та битгий зов, тэр ирэхгүй, ирсэн ч хожигдсон юм чинь. Бид хоёр дахиад хэзээ ч уулзахгүй байхаа даа. /голын тэндээс их буун дуу сонсогдоно/ Юу вэ?

Карандышев: Их зантай, биеэ тоосон нэг муу худалдаачин усан онгоц шиг юмаараа ирж. Түүнийгээ ирлээ гж баяр хүргэж их буугаар буудаж байгаа биз.

Лариса: Миний айсан гэдэг хачин.

Карандышев: Юунаас тэр вэ? Тэнгэр минь!

Лариса: Миний мэдрэл жигтэйхэн мууджээ. Би сая энэ вандан сандал дээрээс доошоо харсан юм шиг толгой эргэж байдаг шүү. Доошоо ойчвол хэмхэрнэ дээ?

Карандышев: Хэмхэрнэ гэнэ шүү. Чулуун зам дээр ойчиход үхэхгүй яах вэ. Энэ өндөр дээрээс ойчвол газар хүрэлгүй үнхэлцэг хагарчихна …

Лариса: Хоёулаа шалавхан харъя даа.

Карандышев: Нээрэн харъя. Би чинь хүн амьтан урьчихсан шүү дээ.

Лариса: /сараалжин хашаанд ойртож/ Жаахан байзнаа. /доошоо харна/ Яадаг билээ, яадаг билээ, бариарай!

Карандышев: /Ларисаг гарнаас нь барина/ Явъя! Явъя, юун хүүхэд зантай юм бэ? /явна. Гаврило, Иван гуанзнаас гарна/

ХӨДЛӨЛ 5

Гаврило, Иван хоёр.

Иван: Их буу! Ноёнтон ирлээ, Сергей Сергеевич Паратов ирлээ.

Гаврило: Мөн л дөө. Би хэлсэн шүү дээ. Би мэдсэн юм чинь, бүргэд дэвэлтээрээ танигддаг юм.

Иван: Морин тэрэг нь хүнгүй ирж явна, ноён явган ирж яваа байж … Ирлээ л дээ. /байшин руу орно/

Гаврило: Ирэг, ирэг! Юу өгч зочилдог юм билээ, мэдэхгүй. /бие барьсан хар сюртуктэй урт турийтэй гялгар хар гуталтай эрүүтэй цагаан малгайтай, замын цүнх мөрөвчилсөн Паратов цувныхаа баруун хормойг зүүн мөрөн дээрээ тохжээ. Өндөр зөөлөн эсгийн малгайтай түүнийг хазгайдуу тавьсан Робинзон, Кнуров, Вожеватов нар гарч ирнэ. Иван бяцхан дэвүүр арин гуанзнаас гарч Паратовын хувцасыг гөвнө/

ХӨДЛӨЛ 6

Паратов: /Иванд/ Юу вэ Иван минь. Би усан онгоцоор ирлээ, голын усан шороо байдаг билүү?

Иван: Ямар ч гэсэн ноёнтон ирсэн байхад … ёс байна. Та манайхаар жил гаруй үзэгдээгүй … ирсний баяр хүрэг, ноён Паратов гуай …

Паратов: За болно, баярлалаа! Май! /нэг цаасан рубль өгнө/

Иван: Хачин их баярлалаа. /гээд зайлж одно/

Партаов: Василий Данилыч, та намайг “Нисдэгээр” ирнэ гэж хүлээгээ юу?

Вожеватов: Таныг “Хараацай”-гаар ирнэ гэж санасангүй. Үүгээрээ ачааны онгоцнуудаа чирч яваа юм л бодлоо.

Паротов: Үгүй ээ. Ачааны онгоцыг би зарчихсан. Өглөө эрт ирэх санаатай, “Нисдэгийн” хажуугаар өнгөрөөд түрүүлээд давхих гэсэн чинь жолооч айгаад болсонгүй. Гал түлэгч нарт “чихээд бай” гэхэд наад жолооч золиг хэрчмүүдийг нь булааж аваад галлуулдаггүй, бүр дээшээ гарч ирээд “Та дахиад ганц хэрчим ч билээ нэмүүлбэл би ус руу харайна шүү” гэв. Цаасан дээр олон тоо бичиж, даралтыг нь бодож, ер нь л тогоо даахгүй гэж айсан байна билээ. Гадаад, Голланд хүн болоод сэтгэл бачуу, юмыг дан тоогоор хэмждэг хүн шүү дээ. Ээ дээ, би та бүхнийг шинэ найзтайгаа танилцуулсангүй. Мокий Парменыч, Василий Данилыч, энэ Робинзон гэдэг хүн. /Робинзон ихэмсэгээр ёслож Кнуров, Вожеватов хоёрт гар сунгана/

Вожеватов: Нэр алдар нь хэн гэдэг билээ?

Паратов: Нэр алдарсаах юм байхгүй. Ердөө л Робинзон.

Робинзон: /Паратовт/ Серж!

Паратов: Юу гээ вэ?

Робинзон: Үд боллоо найз минь, зоог

Паратов: Зочид буудалд ормогц л … жаахан хүлээ

Робинзон: /цайны газрыг зааж/

Паратов: За оч, золиг чамайг! /Гаврило цайны газар тийш зүглэнэ/ Гаврило, чи наад ноёнд ганц хундаганаас илүү юм бүү амсуулаарай, ширүүн зантай шүү.

Робинзон: /дал мөрөө хавчиж/ Серж! /цайны газар луу орно. Гаврило түүнийг дагж орно/

Паратов: Энэ хүн хөдөөний жүжигчин юм. Счастливцев Аркадий

Вожеватов: Яагаад Робинзон гэсэн юм бэ?

Паратов: Энэ амьтан өөрийн найз, бас л нэг баян худалдаачин Непутовын хүүтэй галт онгоцоор зугаалж явж, хоёулаа шал согтуу, олон хэрэг тарьж, хамт явагчид нь тэсвэрлээд л байжээ. Тэгээд хэрэг балгийнхаа эцэст тоглолт зохиож гэнэ дээ. Дэр зүсэж өдийг нь асгаж хоёулаа чармай шалдан өдөн дотроо өнхөрч босоод зэрлэг хүмүүс болж байгаа юм гэсэн гэнэ билээ. Тэгэхээр өнөө хамт явагчид нь тэвчихээ байгаад галт онгоцны дарга тэдний шаардалагаар энэ хоёрыг эзгүй арал дээр буулгаад хаячихжээ. Аралын дэргэдүүр сүнгэнүүлж явсан чинь нэг амьтан гараа өргөж даллаад байна. Би тэр даруй нь завь буулгаж очоод энэ жүжигчнийг аваад ирлээ. Надад байхгүй зовлон байх биш, онгоцон дээр гаргаж олон хувцасныхаа илүүгээр зад хувцаслалаа. Эрхмүүд минь, би жүжигчинд даанч дуртай юм … Тэгээд энэ амьтан Робинзон нэр авсан юм.

Вожеватов: Өнөө Непутовы арал дээр үлдсэн үү?

Паратов: Тэгсэн, тэр муугаар би яах вэ. Тэндээ салхинд байж байг цаашаа. Та бүхэн өөрсдөө бодоод үз, замд уйдна гэдэг үхмээр шүү дээ, яамар ч хамаагүй амьд юманд л баярлаад байдаг юм.

Кнуров: Тэгэлгүй яах вэ, тийм шүү.

Вожеватов: Аз дайрч, аз дайрч! Ийм юм олоод авна гэдэг аштай вэ дээ!

Кнуров: Архи ууж зовоох байх даа. Энэ л тусгүй байна.

Паратов: Тэгэхгүй ээ. Тэр талаар, эрхмүүд минь, би хатуу. Өөрт нь мөнгө битгий өг гэсэн тушаалтай, надаас гуйхаар нь франц хэлний сурах бариулчихна. Ашгүй манай гэрт ийм ном байж, тэгээд нэг хуудас цээжил гэвэл суугаад л цээжлэж байдаг юм. Хичээнэ шүү.

Вожеватов: Таныг аз дайрчээ, Сергей Сергеевич! Ийм хүнтэй болохын тул би юу ч хайрлахгүй баймаар, гэтэл олдохгүйн түйтгэр. Сайн жүжигчин биз?

Паратов: Сайн ч юу байхав! Юм болгоныг дуурайж үзсэн юмдаг, одоо хошин дуурьт тоглоно. Яах вэ, инээлгэж л байх юм.

Вожеватов: Хөгжөөнтэй л юм.

Паратов: Инээдмийн хүн дээ.

Вожеватов: Өөрөө нь тоглоом тохуу хийж болно биз?

Паратов: Болноо. Гомдоод байдаггүй юм. Зугаац л даа та нар. Би хоёр гурван хоногоор өгч болно.

Вожеватов: Их баярлуулалаа, та. Санаанд таарч чадвал энэ амьтныг би гомдоохгүй шүү.

Кнуров: Сергей Сергеевич та “Хараацай” онгоцоо зарсандаа харамсахгүй байна уу?

Паратов: Харамсана гэж юу гэсэн үг вэ, би ер нь харамсдаггүй. надад угаасаа хайрлаж нандигнах юм гэж байдаггүй юм шүү дээ. Хожоотой л бол би юугаа ч худалдана. Одоо, эрхмүүд минь, би өөр ажил, өөр тооцоотой явж байна. Би нэг баян айлын охинтой суухаар болсон, сүйд нь алтны уурай авч байгаа юм даа.

Вожеватов: Сүрхий сайхан сүй байна.

Паратов: Энэ сүйг би өндөр их үнээр авч байна. Би оронд нь эрх чөлөө, хөгжөөнтэй сайхан амьдралаа өгч байгаа юм шүү дээ. Ийм учраас хурим хийхээсээ өмнө энэ хэд хоногийг тун аятай өнгөрөөх санаатай байна.

Вожеватов: Хичээе, Паратов гуай хичээе

Паратов: Манай хадам эцэг том түшмэл хүн, хатуу журамтай өвгөн. Дэн буудлын газруудаар явж, цыгануудтай наргих, зугаалах, тэр байтугай тамхи их татахад дургүй. Ер нь фрак өмсөж францаар ярьж байхаас өөр аргагүй дээ. Тэгээд л энэ Робинзонтой франц хэлний яриан хичээл хийж яваа юм. Энэ амьтан том хүн болох гэж тэгдэг юм уу яадаг юм, намайг серж гэхгүй заавал “ля Серж” гээд байдаг юм. Бөөн инээдэм. /гуанзны шатан дээр Робинзон нэг юм зажлан зогсох харагдана. Ард нь Гаврило байна/

ХӨДЛӨЛ 7

Паратов, Кнуров, Вожеватов, Робинзон, Гаврило, Иван нар

Паратов: /Робинзонд/

Робинзон: /ихэмсэгээр/

Паратов: Хичнээн хөөрхөн юм бэ? аялгуугий нь таминь. /Робинзонд/ Хүндтэй улсуудыг хаяад муусайн гуанз руу ухаан жолоогүй давхидгаа татаарай.

Вожеватов: Ийм муу зуршил эдэнд бий шүү.

Робинзон: Ля Серж, чи миний тухай мөн ховлож амжаадхаа шив. Тун их хэрэг гарсан байж дээ.

Паратов: Уучлаарай, чиний нууц нэрийг би хэлчихсэн.

Вожеватов: Бид чамайг илрүүлэхгүй ээ, Робинзон. Бид чамайг англи хүн гэж байя.

Робинзон: Юу вээ, яагаа ч үгүй байж “Чи, чамайг” гэдэг чинь? Та бид хоёр тэгтлээ их танил дотно болж амжаагүй шүү.

Вожеватов: Тэр хамаагүй ээ. Юун ёсорхуу юм.

Робинзон: Гэхдээ нэг их өөриймсөж увайгүй аашлах хүнд би дургүй. Хэн хүн …

Вожеватов: Би хэн хүн биш …

Робинзон: Та юун хүн бэ?

Вожеватов: Худалдаачин

Робинзон: Баян уу?

Вожеватов: Баян.

Робинзон: Өгөөмөр үү?

Вожеватов: Өгөөмөр өө.

Робинзон: Миний санаанд таарч байна. / Вожеватовтай гар барина/ Таатай байна. Одоо надтай жирийн харьцаж болно. Би зөвшөөрлөө.

Вожеватов: Найзаллаа. Хоёр бие нэг санаатай боллоо.

Робинзон: Бас түрийвч нэгтэй гээч. Нэр алдар?

Вожеватов: Василий Данилыч

Робинзон: За Вася, танилцсаны тэмдэг болгож миний уусан мөнгийг төлөөрэй.

Вожеватов: Миний дансанд бичээд үүнд архи өг. Сергей Сергеевич, өнөө орой Ижил мөрний цаад эрэгт гарч зугаалъя. Нэг мотор завь дээр цыганууд суулгаж, нөгөө дээр нь бид явъя. Очиж аятай газар байрлаж хивс дэвсэж гашуунаа нэрье.

Гаврило: Сергей Сергеевич танд гэж би хоёр ананаас хав дарж хүлээсэн юм. Түүнийгээ хагалдаг уу?

Паратов: /Гаврилод/ Тэг! Хага тат! / Вожеватовт/ Эрхмүүд, та нар өнөөдрийн хувьд намайг яавал яа.

Гаврило: Василий Данилыч, юу хэрэгтэй болгоныг би зэхнэ, ийм хэрэг гарна гэж надад мөнгөн сав суулга хүртэл зэхээстэй байдаг юм шүү дээ. Та бүхэнтэй хамт итгэлтэй улсуудаа явуулна.

Вожеватов: За, яамай, зургаан цагт бүх юм бэлн болгоно шүү. Илүү юм зэхвэл илүүдэхгүй, дутаавал харин чи хариуцна шүү.

Гаврило: Мэдэлгүй яах вэ.

Вожеватов: Эргэж ирэхдээ олон өнгийн дэнлүү ярайтал асаана.

Робинзон: Энэ хүнтэй их сайхан л танилцлаа. Бүр хайртай болчихлоо гэм. Хачин юм.

Паратов: За та минь хөгжилтэй явна шүү. Эхнэргүй байсан цагаа санж дурсан юмтай хоцорье л доо. Харин үдэд манайд морилж хоол зооглоорой.

Вожеватов: Үгүй, мөн харамсалтайяа. Болохгүй шүү

Кнуров: Бид урилгатай.

Паратов: Очиж чадахгүй нь гээд хэлчихгүй юу.

Вожеватов: Очихгүй байж даанч болохгүй юм. Лариса Дмитриевна хүнтэй суух гээд … нөхөр болох хүн нь биднийг үдийн хоолонд урьсан юм.

Паратов: Лариса хүнтэй суух гэнээ! /бодлогоширно/ Яах вэ … болж! Харин сайн юм болж! Би Ларисаын өмнө жаахан буруутай, дахин тэднийхээр үзэгдэх ч ёсгүй хүн байгаа юм. Одоо хүнтэй суух болсон хойно надад юм санах ч үгүй, өнгөрснөө дурсах ч үгүй байх, тийм болхоор би дахиад тэднийхээ очиж хоёулангий нь гарыг үнсдэг хэрэг. Би Харита Игнатьевнаг эгч авгай гэдэг юм шүү дээ. Тэр жил би эгээтэй л Ларисатай сууж амьтны элэг доог болж, тэнэг мангуугаа гаргах тун дөхсөн шүү. Хүнтэй суухаар болоо вий. Яамай, миний сэтгэл ч бас овоо уужирлаа … эрүүл энх, сайхан амьдралыг ларисад тэнгэр хайрлаг! Би тэднийхээр очно, заавал очно. Ларисатай нүүр учрах сонин байна.

Вожеватов: Таныг ч урих байлгүй.

Паратов: Даанч тэгмээр л юм.

Кнуров: Тэгвэл яамай. Үг сольж суух хүнтэй боллоо.

Вожеватов: Энэ хэд хоногийг яавал аятай өнгөрөөж болох вэ гэдгийг тэднийд яръя, бодье.

Паратов: Амьдрал гэдэг богино. Богино тутам амьдралыг ашиглаж, завшиж чадах хэрэгтэй …Робинзон?

Робинзон: Серж.

Вожеватов: Яав ч таныг зовоохгүй, уйдахгүй байлгая. Гурав дахь моторт дээр нь гуулин хөгжмийнхэнийг авч явъя.

Паратов: Даруй учиръя, эрхмүүдээ! Би зочид буудалдаа очлоо. Алхаад марш, Робинзон!

Робинзон: /малгайгаа дээш өргөж/ Цэнгэл баяр мандаг! Цээл жаргал дэлгэрэг!

Сурталчилгаа

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s