Э. Войнич (1864-1960) – Соно (Гуравдугаар бүлэг)

ГУРАВДУГААР БҮЛЭГ

НАЙМДУГААР ҮЗЭГДЭЛ

Бризигелл дахь сүмийн талбай. Шөнийн харанхуйд сүмийн нүүр тал бүрэг бараг харагдана. Түүний үүдний чулуун шат үзэгдэнэ. Түүн дээр гэр оронгүй гуйланчид зарим нь хэвтэж, зарим нь сууна. Тэдний дунд мөн навтас нөмөрсөн өтгөн хар сахал хийсэн Микеле зайдуухан сууна. Үүрэглэж байгаа байдал гаргах боловч өөрөө шөнийн харанхуйг нэвт харах гэсэн юм шиг адтай ширтэнэ. Гүнээс Риварес гарч ирсэн нь мөргөлчний хувцастай бөгөөд юудэн дороос арзайсан үс цухуйсан мөн өтгөн буурал сахал ам, хамары нь таглажээ. Шатны урд ирж мөргөл хийж байгаа дүр үзүүлэн өөрөө гуйлгачингуудыг ажина. Хөлөө чирэн ёолосоор Микеле дэргэд нь ирж гуншин хэлэх нь

Микеле: Дээд тэнгэрийн буяныг бодож ядуу муу амьтанд хоёр зоос хайрлаач

Риварес: /хэдэн мөнгө өгөв/ Та үүнийг ав. Миний төлөө залбирч яв./явна/

Микеле: /Риварес мөн гэдгийг мэдээд хойноос нь хөлөө чирэн явна/ Бурхан таныг ивээг, бурхан минь. /шивнэн/ Зэвсэг хүргэсэн, Овод сум дутаж байна.

Риварес: Би сум хүргэж өгсөн. Ойн тэндэх мөргөцгийн цаад агуйд нөгөөдүүл чинь бий. Чи газраа мэдэн шүү дээ. Маргааш шөнийн нэг цагт хоёр сайн хөтөлгөө морьтой, тэрэгтэй тэнд оч. Би тэр агуйд та нарыг хүлээе. Замаар явж болохгүй, ой дундуур шугуйгаар яв. Тагнуул дайралдвал дуугаралгүй үгүй хийнэ шүү. Гэхдээ зэвсэг элбэгтэй гараарай. Морин цэргийн отрядтай дайралдаж магадгүй шүү.

Микеле: Бурхан чамайг өршөөж зовлонгоос хэлтрүүлэх болтугай даа. /аярхан/ Гүйцэтгье. Овод түргэн эндээс зайл. Бризигеллад чи удаж болохгүй, аминд чинь аюултай. Чамайг энд бий гэдгийг мэдээд хотоор нэг эрж байгаа шүү.

Риварес: Зайлаарай. Нөмрөгтэй үхэр хулгана ирж явна. /гүн рүү явна. Микеле нөгөө зүгт явна. Шатны дэргэд Монтанеллийн нарийн бичгийн дарга гарч ирэн гуйланчдыг ширүүнээр харж ажиглана/

Нарийн бичгийн дарга: Та нар бас л энд байна уу? Шөнийн цагт энд байж болохгүй ээ гэж би хэлсэн шүү дээ. Дэн буудал биш. Явцгаа. Түргэн зайлцгаа. /гуйланчид босч ийш тийш тарна. Нөгөө талаас хоёр цагдаа гарч ирэв. Тэднийг харангуут нарийн бичгийн дарга тэдний дэргэд очно/ Та нар яах гэж энд ирэв?

1-р жандарм: Синьор ахмадын тушаалаар явж байна, санвартан аа. Сүм, хамба ламын ордон хоёрыг сахиж, хамгаалах үүрэгтэй.

2-р жандарм: Эрхэм дээд санваартанг хамгаал гэсэн шүү дээ, биднийг.

Нарийн бичгийн дарга: Хэрэггүй, хэрэггүй. Эрхэм дээдэс сүмд бий. Хэзээ хэзээгүй гараад ирнэ байх. Та нарыг энд байгааг харвал эвгүй юм болно. Өөрийгөө хамгаалуулах их дургүй хүн.

1-р жандарм: Уучлаарай. Хотын дотор аюултай байна шүү. Энд тэндгүй цэрэг харуул. Соныг эрж байна. Тэр амьтан хотод байгаа гэнэ.

Нарийн бичгийн дарга: /айн/ Соно ий? Нээрэн бол уу?

2-р жандарм: Тийм үү, ламтаан. Бүр харсан гэнэ шүү. Тэгээд мань хүн бас нуугдаад амжчихаж.

Нарийн бичгийн дарга: Тэгвэл хийдэг юмаа л хий. Хамба ламтанд битгий үзэгдээрэй. /жандармууд явна/ Соныг гэнэ үү? Биднийг тэнгэр бурхан, ариун шүтээн өршөө! /сүм рүү орно/ /Гүнээс Риварес гарч ирэн сүмийн нөгөө зүг рүү явтлаа харанхуйг ширтснээ довжоо тийш явж шатан дээр сууна. Шинэ харуулууд гарч ирсэн ч Риваресийг ажиглалгүй хажуугаар нь явчихна. Энэ үед сүмээс Монтанелли нарийн бичгийн даргатайгаа гарч ирнэ. Риварес явах гэснээ Монтанеллийг харангуут сэтгэл нь эвгүй болсноо дахин шатан дээр хэвтэнэ. Бөхийн хэвтсэн мөргөлчинг хараад Монтанелли зогсов/

Монтанелли: Ийм орой болсон хойно та энд юу хийж байгаа хүн бэ? /Риварес дуугүй. Монтанелли өрөвдсөн байдлаар тонгойж/ Та яагаав? Бие чинь зүгээр үү? / Риварес үл хариулна/ Та зовлонд нэрвэгдсэн хүн үү? /бас дуугүй/ Та мөргөлчин үү?

Риварес: Би ядуу нүгэлт хүн байна.

Монтанелли: Би танд тус болж чадах юм байж магадгүй шүү?

Риварес: /толгойгоо өндийлгөн харж/ Надад туслаж болохгүй, дээд ламтан минь, би нүгэл хилэнц ихтэй. Жигтэйхэн хүнд хэрэг өдүүлсэн хүн.

Монтанелли: Үнэн, буруугаа мэдэрч гэмшссэн бол найдвартай юм. Манайд ороод буруу гэмээ наминчлаж сэтгэл санаагаа амраа.

Риварес: Хүүгийнхээ үхэлд гэм буруутай хүнийг та гэртээ оруулах уу?

Монтанелли: /чичирсхийв. Хэсэг дуугүй/ Та юу ч хийсэн байсан би таныг буруушах эрхгүй. Бурхан дээдсийн нүдэнд хэн маань ч гэсэн буруутай, нүгэлтэй. Зовлонг бурхандаа даатгаж наминчил. Таныг уучлана.

Риварес: Гуйлтаа бурханд айлтгаж хэлэх тийм өндөр эрх надад байхгүй байхаа? Би чинь надад хайртай, итгэж найдаж байсан цус махныхаа тасархай, төрсөн хүүгээ алсан хүн. Би хүүгээ хуурч мэхлэж, худал хэлснээрээ алчихсан юм чинь газар, тэнгэр алин дээр нь ч амид явах найдвар байна уу? Хэрэв би ариун санваартан тан шиг, нууж явдалд зовж шаналахгүй, сэтгэлдээ хар толбогүй, бурханы заяасан тунгалаг амь минь бол гуйлт хэлж болохсон /монтанелли гуйвс хийнэ/

Нарийн бичгийн дарга: /түшин/ Та яав ариун дээдсээ?

Монтанелли: /хэсэг дуугүй байсны дараа/ Би бурханы ширээнд өөрийгөө … шаналан зовж сийчигдсэн зүрхээ л тушаана даа. /нарийн бичгийн даргын гарт тулгуурлаж шатаар удаан бууна. Риварес гүн рүү явах гэтэл цагдаа нар гарч ирнэ/

Жандарм: Зогс! /дэнлүүгээр гэрэлтүүлэхийг завдана/

Риварес: Би ядуу мөргөлчин байна. /баруун гар тийш явтал бас харуул гарч ирнэ/

Жандарм: Зогс! /дэнлүүднэ/ /”Би ядуу мөргөлчин байна” гэж Риваресийг хэлмэгц зүүн гар тийш явах гэтэл нь сүмээс гарч ирсэн жандармын офицер замы нь хаав/

Офицер: Зогс!/ Риварес өврөөсөө гар буу гаргаж офицерийг буудах гэтэл доод шатан дээр зогсож байсан Монтанелли “Зогс” гэж хашгиран офицерийг биеэрээ таглан зогсоход Монтанеллийг харсан Риварес буугаа зайлуулсан нь баригдахын гогцоо болов. Жандарамууд түүнийг бүслэн авч газар унагана. Монтанелли ойртон зогсов/

Риварес: Баяр хүргье танд, эрхэм санваартан аа! Та тэнгэр бурхны шавь болсон хүүгийнхээ амийг аварчээ!…

ЕСДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ

Монтанеллийн ажлын өрөө

Монтанелли: /ганцаар, хаалга цохив/ Хэн бэ?

Нарийн бичгийн дарга: /гднаас/ Би байна, дээдсээ

Монтанелли: Ор оо, Альбино. Юу болов?

Нарийн бичгийн дарга: Эрхэм дээдэс ээ. Хойшлуулж болошгүй чухал хэргээр хушуу захирагч ирээд хүлээн авахыг мэхийн гуйж байна.

Монтанелли: Орог орог /Хушуу ахирагч хурандаа, Феррари орж ирэв/ /хүндэтгэн мэхийн ёслоод, адис хүргэхээр их хамбад ойртоно/Таны үгийг сонсоё хурандаа.

Губернатор: Эрхэм ариун дээдсээ, Риваресийн хэргийг цэргийн шүүхэд шилжүүлэх явдлыг зөвшөөрөхгүй байгаа чинь намайг тун хэцүү байдалд оруулж байна. Энэ чинь аюултай айхтар хувьсгалч шүү, дээдсээ. Хэд хэдэн бослогыг зохион байгуулагч. Ватиканы тусгай тушаалаар Савиньод удирдан гаргасан бослогын хэргээр хээрийн цэргийн шүүхэд шилжээд Тоскан руу зугтаагүйсэн бол алах ял заагдах байсан юм. Тэрнээс хойш уулынхны дотор бослого үймээн дэгдээд зогсохгүй номон хааны бүх хушуу даяар тарах төлөвтэй. Шинэ бослого зохион байгуулахаар сум ачсан хэдэн тэрэг уул руу явуулсны нь бид замаас нь барьж авсан. Тэр чинь манай хушууны тайван байдал, ёс журамд аюул учруулах хүн. Энэ хорт могойн хатгахыг та өөрийн биеэр үзсэн биш үү, дээдсээ. Таны тухай бичсэн шог зохиолоороо оршин суугчдыг таны эсрэг болгож, аягүйдвэл таныг эсэргүүцсэн жагсаал болох вий гэж их л айж байх юм даа, дээдсээ.

Монтанелли: түргэнээр/ Энэ тухай болъё, хурандаа

Хушуу захирагч: Уучлаарай эрхэм дээдсээ. Би хушуу нутгийн тайван байдал, ёс журмыг биеэрээ хариуцаж байгаа болохоор овлигогүй тэнэмэл муу амьтнаар дэглэм эвдүүлж, олонд хүндтэй, хайрлагддаг гэгээнтний нэр алдарт хор хүргүүлж байж чадахгүй. /Монтанелли тэсэхгүй хөдлөнө/ Одоо би түүнийг өөрөө байцааж байгаа байдлаар бол тэр офицер маань ялтан, Риварес өрөө яллагч хүн шиг болчихоод байна. Та тэрнийг байцааж байхад өөр өрөөнөөс нэг чагнаад өгнө үү, гэгээнтэн ээ?

Монтанелли: Би бурхны шавь, санваартан хүн болохоос цагдаагийн газрын тагнуул биш. Хүний яриаг сэм чагнах гэдэг чинь миний ажил үүрэгт ордоггүй юм.

Хушуу захирагч: Уучлаарай, гэгээнтэн, би муу муухай юм огтхон ч хэлээгүй билээ. Тэр хүн чухам ямар хүн болохыг танд таниулах л хэрэгтэй. Дээд гэгээнтэн таны зарлигийг зөрчих надад тун эвгүй байна. Гэлээ ч хушуу нутгийн эмх журам тайван байдлыг шашны захиргааны өмнө би хариуцдаг болохоор тэр хүнийг…

Монтанелли: Би бас хариуцна. Миний сүмийн тойрогт хууль бус харгис нүгэл чивэлт явдал гаргуулахгүй байхыг би ганцхан шашны захиргааны ямбатнуудаар зогсохгүй дээд бурхан тэнгэрийн өмнө хариуцдаг. Хурандаа та өөрийн саналыг ёсоор болгох гээд байвал би их хамбын эрхийн үндсэн дээр тэрийг чинь эсэргүүцнэ шүү. Сүмийн тойрогт нам тайван байгаа цагт цэргийн нууц шүүхээр хэрэг таслуулахгүй.

Хушуу захирагч: Эрхэм гэгээнтэн би таны хүнлэг энэрэнгүйг ойлгож байна. Гэвч энэ чинь гаргууд сүрхий хэрэг…

Монтанелли: Шударга биш болохоороо гаргууд сүрхий хэрэг гэдэг чинь ч тэр хүнийг цэргийн нууц шүүхээр шийтгэх шалтаг болж чадахгүй.

Хушуу захирагч: Жирийн шүүхээр оруулвал уул хэрэг жигтэйхэн их удаашрана. Бидэнд мөч бүр үнэтэй байхад Риваресийг дахин оргож шинэ гай гамшиг тарихаас нь урьдаар үгүй хийх хэрэгтэй байна.

Монтанелли: Энэ бол таны эрх мэдлийн хэрэг, харуул манаагаа чангал.

Хушуу захирагч: Тэр хүнээс нүдээ салгасан хүнийг би хатуу цээрлүүлээд байхад л олигтой харж амжихгүй юм. Энэ хүн бусдад нөлөөлөх биедээ татах хэмжээлшгүй их чадалтай, шоронгийн харгалзагч, хуяг нарын цөмийнх нь толгойг эргүүлж гүйцлээ. Цөмөөрөө хүүхэнд сэтгэлтэй болдог шиг Риварест сэтгэлтэй болчихож. Тэднээр дамжуулан гадагшаа харилцаа барьдаг гэж би баттай сайн мэдэж байна. Хэзээ, хэзээгүй оргоно доо гэхээс л бүр сүнс зайлчих шахах юм. /хаалга цохино/

Монтанелли: Ор оо, ор /нарийн бичгийн дарга ирэв/

Нарийн бичгийн дарга: Гэгээнтэн ээ. Хурандаад яаралтай мэдээ хүргэж хэл болох уу гэж ахмад зөвшөөрөл гуйж байна. /Монтанелли толгой дохино. Нарийн бичгийн дарга ахмадыг оруулна/

Ахмад: /хүндэтгэн ёслоод/ Эрхэм гэгээнтэн өршөөнө үү … эрхэм хурандаад яаралтай мэдээ ирээд.

Хушуу захирагч: Юу болоов ахмад аа?

Ахмад: Эрхэм хурандаа зээлийн талбай дээр баригдсан уулынхны хоёр хүнийг манай харгалзагч нар аваад явж байсныг хэсэг бөөн хүн дайраад…

Хушуу захирагч: Ямар хэргээр баригдсан юм бэ?

Ахмад: Шашин төрийг эсэргүүцсэн яриа гаргасанд … нөгөө бөөн улсууд баригдсан хоёр хүнийг оргуулчихсан шүү.

Хушуу захирагч: Оргуулчихсаан?

Ахмад: Тийм ээ, эрхэм хурандаа. Өшөө заналын хар сэтгэл өвөрлөсөн олон хүн зээлийн газар цугларчээ. Тэд нарыг шорон руу дайрахгүй байгаа гэж айх юм

Хушуу захирагч: Шорон руу онцгой салаа цэрэг явуул. Би одоо өөрөө очно. Та явж болно. /ахмад явна/ Эрхэм гэгээнтэн болгоож л байгаа биз. Дэггүй явдал хэдийд ч үүсэж болзошгүй … тэгтэл бас миний мэдэлд байгаа цэргийн тоо тун хомс. Тэгэхээр яаралтай арга хэмжээ авах явдал шаардагдаж байна.

Монтанелли: Риварес энэ хотод байгаагаас бүх муу явдал үүснэ гэж та үзэж байгаа юм уу?

Хушуу захирагч: Гарцаагүй, гэгээнтэн ээ. Пүрэв гаригт 6 сарын 3-нд бурхны цогцос биежсэний баярын өдөр. Энэ өдөр мөргөлчин, төргөлчингүүд, уулынхан цөм үерийн ус шиг хот руу орж ирнэ. Тэгээд аягүйтвэл шорон руу дайрч Риваресийг суллах оролдлого гарна даа.

Монтанелли: Заавал ингэнэ гэж бодох үндэс танд бий юү?

Хушуу захирагч: Манай тагнуулуудын мэдээнээс

Монтанелли: Тэгвэл Риваресийг Равена руу явуулчих.

Хушуу захирагч: Энэ ч тун осолтой хэрэг, гэгээнтэн минь, замдаа оргож магадагүй. Оргох нь ч гайгүй, харин тариачид дайрч суллана гэж айж байна.

Монтанелли: /дуугүй байснаа/ Тэхээр та цэргийн онц шүүхээр хэргий нь таслая гэдэг санаагаа баримталсаар байгаа юм биз биз дээ?

Хушуу захирагч: Юуны урьд зүй бусын хэрэг, цус асгаруулсан явдал үүсэхгүй байлгахад та тусал. Та зөвшөөрч үзээч, тэхгүй бол … тэхгүй бол …би ер юу ч хариуцахгүй. Баяр болохоос наана л Риваресийг үгүй болгосон байх хэрэгтэй. Яалаа ч гэсэн үгүй хийх хэрэгтэй.

Монтанелли: Хурандаа Феррари, та бурханд сүсэглэдэг үү?

Хушуу захирагч: Гэгээнтэн минь, би христос шашинтан, тэхдээ танай сүмүүд цөм мөргүүлдэг.

Монтанелли: /цээжиндээ байгаа хэрээсийг өргөж/ Нэг хүнийг цаазаар авах тухай зөвшөөрөл та надаас гуйж байна. Би танд маргааш хариу өгье. Тэхдээ урдаар би Риварестэй нүүр учирч ярих хэрэгтэй.

Хушуу захирагч: Зэвсэгтэй манаагаар хамгаалуулж байж дэргэд нь очихгүй бол тун аюултай. Осолтой учраас би аюул багатай болгохын тулд зарим арга хэмжээ хэрэглэсэн, тэхдээ зөөлөн арга шүү.

Монтанелли: Өвчтэй, зэвсэггүй, тэгээд бас таны аюулгүй болгох “зөөлөн” арганд орсон хүн аюултай байна гэж та бодож байна уу?

Хушуу захирагч: /нүүр улайж/ Эрхэм гэгээнтэн таллаараа болж айлд, бурханыг хараасан тэр хүнийг бузар үг таны ариун сонорт хүрээд яах вэ гэж бодсон юм. Хэзээ уулзахсан бол?

Монтанелли: Одоо очлоо.

Хушуу захирагч: Тэгвэл би урьдчилан бэлтгүүлье.

Монтанелли: Баярлалаа танд. Бэлтгүүлэхийн хэрэг ер байхгүй. Маргааш өглөө би танд хариу өгнө.

АРАВДУГААР ҮЗЭГДЭЛ

Шоронгийн тасалгаанд. Хананд хар хэрээс дүүжлээстэй. Төмөр оронд сураар чанга хүлүүлсэн Риварес хэвтэнэ. Хүний алхаа цоож хяхатнан нээгдэх сонстоно. Риварес ёолов. Монтанелли бага даргын хамт орж ирнэ.

Монтанелли: Та намайг энэ хүнтэй орхино уу?

Бага дарга: Ёсоор болгъё гэгээнтэн минь

Монтанелли: /сур харж уурлана/ Хүлээтэй байна аа? Ингэхийг хэн зөвшөөрсөн юм бэ?

Бага дарга: /зовонгуй/ Хушуу захирагчийн зарилгаар

Монтанелли: Таныг иймэрхүү байдалтай байлгаж байна гэж би мэдсэнгүй, синьор Риварес. Хэдийнээс ингэж хүлээв.

Бага дарга: Зугтаж оргох гэж нэг оролдсоноос нь хойш ингэсэн юм, гэгээнтэн.

Монтанелли: Хүлээсийг нь тайл

Бага дарга: Түрүүн эмч ирээд бас тайл гэсэн юм, тэхэд хурандаа зөвшөөрөөгүй юм.

Монтанелли: /уураа барьж ядан/ Суры нь одоохон тайл. /бага дарга тээнэглэзэнэ/ Та битгий зовоорой. Би цөмий нь хариуцна. Бид хоёрын ярианд хүн саад болох бий. Гараад харж байдаа.

Сержант: Ёсоор болгоё. Гэгээнтэн. /явна/

Монтанелли: Таныг их хүнд өвдсөн гэж дууллаа. Эртхэн шиг мэдээгүй ээ би их харамсаж байна. Зовоох арга хэрэглэсний нь зогсоох байсан юм. Даанч мэдсэнгүй, синьор Риварес.

Риварес/буруу харж хэвтэн дуугүй хэсэг байснаа/ Уучлаарай, та юм асуув уу?

Монтанелли: Таны бие хүнд өвчтэй байна, маргааш ярих уу даа?

Риварес: Үгүй, үгүй…Хоргидлуудыг эргэж ирж байгаа тань тун бишрэм хэрэг байна. Энэ чинь л христосын сайн санааны үр гэдэг биз.

Монтанелли: Синьор Риварес, би танд тус болж юу магадав гэж ирсэн юм. Хурандаа Феррари таны үйлдсэн хэргийн тухай миний санаа бодлыг асуугаад, тэхээр нь саналаа зөв хэлэхийн тулд тантай уулзаж ярилцая гэж бодлоо. Та надаас юу ч нуулгүй ярьвал тун сайнсан.

Риварес: Та намайг ямар хүн болохыг мэдэх хүсэлтэй байна уу? Гэхдээ та намайг шог зохиол бичдэгий минь хувьд сайн мэдсэн биш үү?

Монтанелли: Синьор Риварес, таны шог зохиол бүгд миний эсрэг чиглэснээр барахгүй намайг дайрч доромжлосон нь хачин их. Юунд тэр вэ? Би танд хор хүргэсэн удаа бий билүү?

Риварес: Хамба Монтанелли тань шиг нүгэлгүй ариун хүн надад ямар хор хүргэсэн байна аж? Энэ шоронд би танаас болж орсноо хэлж болохгүй байхаа? Бурхны номонд харш уу? Ёстой нэг шашны номоор болсон доо. Та номын хааны ламын цагдааг биеэрээ хаагаад зогсчихлоор би, үгүй бол таныг буудах, үгүй бол баригдах ёстой байсан … би таныг буудахаас сэтгэл татгалзаад, баригдсан минь дээр гэж бодсон. За тэр ч яах вэ, таныг үзэн яддаг уу гэвэл жигтэйхэн, хэлэх үг алга. Наад лам нөмрөгий чинь харахаар л ой гутах юм.

Монтанелли: За болъё синьор Риварес.  Би танаас хэдэн асуулт асууя гэж ирсэн юм. Хариулт өгнө биз.

Риварес: Дээд гэгээнтний хүслийг биелүүлье.

Монтанелли: Та Романье руу зэвсэг ачиж хүргүүлж байсан гэж надад мэдэгдсэн. Ямар зорилготой тэр билээ?

Риварес: Үхэр хулгануудыг дуусгах гэсэн юм.

Монтанелли: Таны үзэл санааг зөвшөөрөхгүй хүн болгоныг та үхэр хулгана гэж үздэг үү?

Риварес: Заримий нь

Монтанелли: Муу муухай бүхнийг би хутга мээрхэм ээ устгаж болно гэж та үнэн голоосоо итгэдэг үү?

Риварес: /хананд байгаа хэрээсийг зааж/ Таны христос чинь “Энх амар гэдэг сэлэм жад биш” гэсэн байна шүү дээ. Би бол үнэн энхийн төлөө тэмцэхэд галт зэвсэг хэрэгтэй гэж боддог хүн.

Монтанелли: Синьор Риварес, таны шилж сонгосон замаар явбал хязгааргүй их цус асгаруулах аюулд хүргэнэ гэж та ер бодсонгүй юу?

Риварес: Ирээдүйг бид та нараас зэвсгийн хүчээр, цуст тэмцлээр олж авах ёстой нь бидний буруу биш. дДйн бол дайн шүү дээ.

Монтанелли: Хүч албадлагын замаар хүн хүндээ харьцах харьцааг өөрчлөж чухал зорилгыг биелүүлж чадахгүй. Хүмүүсийн цусны өнгө үнэрт дасаж байгаа чинь хүний сэтгэл дахь тэнгэрлэг ариун бүхнийг нь алж байгаа хэрэг.

Риварес: Муу юмны үндэс чухам хаа байна, гэдгийн тухайд та бидний бодол тун өөр. Шашин гэж нэрлэгдэх, хүний ухаан санааны доройтол, өвчин эмгэг бол муу бүхний үндэс. Бас өөртөө бурхан гэдэг нэг юмыг тахин шүтээд, тэрнийхээ өмнө наминчлан мөргөхийг хүсдэг хүний хүсэл бол муу бүхний үндэс гэж ид үздэг юм. Та нарын зорилго бол хүний тэмцэлд хэрэгтэй сайн чанар бүхнийг арилгаж үгүй хийхэд номхон, хүлцэнгүйн санаагаар тэднийг боолчлоход оршиж байна. Бид бол өөрийн дарлал боолчлогдчыг үзэн ядах сэтгэлээр хүүмүүжүүлж хүмсийг сайхан ирээдүйнхээ төлөө тэмцэх мятрашгүй зориг, хатуужилтай цэргүүд болгохыг зорино.

Монтанелли: Та ингээд суллагддаг юмаа гэхэд муу явдал, хүч тулгах хэрэгтэй өөрийн амьдралаа зориулах хүн шив дээ.

Риварес: Муу явдал, хүч тулгах хэрэг гэнээ? Өөрийгөө ядаж битгий мэхэл Монтанелли, дарлагдсан хүмүүс дарлагчдыг эсэргүүцэж босох, боолчууд хүн нэр төрийнхөө төлөө тэмцэхийг та хүч тулгасан хэрэг гэж үзэж байна. Гэтэл ертөнцийн эзэд гэж тооцогддог баячууд өөрсдийнхөө бузар зорилгын төлөө гол мөрөн шиг цус асгаруулахыг та хүчин тулгаж байгаа муу хэрэг гэж яагаад үздэггүй юм бэ? Тийм хэргийн төлөө явагчдын өмнө та гарч, олны цус асгаруулах балт сэлмий нь хэрээслээд ”Бурханы алдарыг мандуул” гэж хэлдэг. Бидний өөрсдийнхөө эрхийг хамгаалж тэмцэлд босохоор та тэр цагдааг халхалсан шигээ халхлаж зогсоод хэрээсээ дээрээ өргөж “Зогсцгоо, хүчин тулгарсан хэргийг бурхан өршөөдөггүй юм” гэж хэлээд зогсоодог. Дараа нь бас л таны тусламжаар цаадуул чинь биднийг цусан гол, ясан овоо болгож хувиргадаг … тэд юмыг үнэнээр нь харах таны нүдийг юугаар халхлаав? Юугаар тэр вэ? Энх амгалан, хайр энэрэл хүлцэнгүй байх хэрэгтэй гэдэг сургаалаараа юу? Тэр чинь огт худал! Тун заль мэхтэй зохиогдсон хуурамч үг. Та тэрнийг ойлгохгүй байна гэж үү? Та тэдний талд биз дээ… тийм ээ, та тэдний талд. Тэгээд өнөөдөр энд, над дээр ирсэн чинь хичнээн инээдтэйг ч та ойлгохгүй байгаа байх.

Монтанелли: Та хэтэрхий бачимдаж сэтгэл чинь хөдөлсөн байна, Риварес. Би ер нь … энэ яриагаа … маргааш болтол хойшлуулъя. Та тайвшир…

Риварес: Тайвшрах ий? Би тайвширч амжинаа, дээд гэгээнтэн минь хурандаа Феррарид таныг зөвшөөрлөө өгөхөөр чинь л тайвширна. Хорголжин сум сайн нойрсуулсан шүү.

Монтанелли: Би ойлгохгүй байна.

Риварес: /инээж/Дээд гэгээнтэн, дээд гэгээнтэн минь, христос шашны сайн санааны үр гэж үнэнийг хэлдэггүй билүү. Хушуу захирагч намайг цэргийн шүүхээр хэргий нь таслуулсан болоод бодий минь хөтлүүлчихье гэж танаас зөвшөөрөл гуйж байгааг мэдэхгүй байна гэж бодоогүй биз? Та зөвшөөрлөө өгвөл дээр байна шүү гэгээнтэн ээ?

Монтанелли: /гайхан/ Та яаж мэдээв? Хэн танд хэлээв?

Риварес: Хурандаа Феррари намайг буг шүглэсэн хүн гэж танд хэлэхгүй байна уу? Надад олон хэлсэн шүү. Хүний бодож байгааг таадаг чөтгөрийн авъяас надад байдаг юм. Танд эвгүй сонсогдож байна уу, гэгээнтэн ээ? Таны сэтгэл уяхан болохоор миний энэ хэргийн зөвшөөрлийг өөр ламаас аваасайдаа гэж та бодож байна. Би таачихаа биз? Тийм үү?

Монтанелли: Ямар ч гэсэн энэ үнэн. Бурхны цогцос биежсэнийг баярын өдөр таны нэг санваартнууд таныг оргуулж суллараах шинэ явдал ургуулах бий гэж хурандаа Феррари их айж байна. Тийм хэрэг болвол их цус урсана гэж байна. Хэрэв тийм болох юм бол би хурандаагийн үгийг зөвшөөрөхгүйгээрээ үй түмэн гэмгүй хүмүүсийн амьны хэрэгтэй бурхны өмнө хүнд хариуцлага хүлээнэ. Хурандаагийн үгийг зөвшөөрвөл таныг хороох болно … шөнө дүлэн нойргүй бодоод нэг шийд олсон

Риварес: Намайг алаад гэмгүй олон хүнийг аврахаар шийдэв үү? Бурхны шавьд үүнээс өөр шийд олдохгүй нь ээ. Тодорхой байна. /хэсэг дуугүй/ Би таагаа биз, гэгээнтэн ээ?

Монтанелли: /хэсэг зуур гүн бодлогоширсноо толгойгоо эрс хөдөлгөнҮгүй ээ, та таагаагүй. Тантай уулзах бүх учрыг яриад танаар өөрөөр чинь шийдүүлэх гэсэн юм.

Риварес: Өөрөөр минь үү?

Монтанелли: Синьор Риварес, би тан дээр ирэхдээ шашны лам гэж ирээгүй, шүүгчийн хувиар уулзаагүй, хүн хүндээ ханддаг шиг хандаж ирсэн юм. Би нас өндөр, өвгөн хүн удаан наслах ч үгүй биз. Тэхдээ гараа цусдахгүй байж байгаагаа шорон дор орох юмсаан гэж бодох юм.

Риварес: Таны гарт одоо болтол цус хүрээгүй юм гэж үү, гэгээнтэн ээ?

Монтанелли: /нүүр нь цайравч, тайван дуугаар үргэлжлүүлнэ/ Энэ өдрийг хүртэл би эдлэж байсан эрх мэдэл, тэнхээ чадлаа дандаа амьд амьтдыг нигүүлсэн хайрлахад зоиулж явлаа. Харин одоо хэцүү хэрэгт орчихлоо. Таныг цаазаар авах зөвшөөрөл өгөрхгүй бол би хотоо бослого, дайны аюулд оруулаад миний итгэл, шашин бурхныг харааж зүхэж, хэрэв амий нь өршөөвөл өршөөгдсөн тэр амиа муу явдал, хүч тулгах харгис хэрэгт зориулах ийм хүнийг аврах нь. Гэтэл хүний амийг нигүүлсэн, хэтрүүлнэ гэдэг дээд чухаг … ийм учраас би тантай уулзах гэж ирсэн юм. Гуйя таныг, хэрэв та миний байдалд орсон бол ямар шийдвэр гаргахав хэлээч? /хэсэг дуугүй/

Риварес: Та бас хурандаагийн харгис хатууг гайхна гэнээ? Тэр муу домбон толгойт илжиг хичнээн оролдоод оролдоод таны зовоож байгаагаас илүү намайг зовоож чадахгүй шүү. Тэрний чаддаг бодож олсон юм нь энд чанга хүлж зовоох байж. Гэтэл та: “Өөрийгөө цаазаар аваачих тогтоолд гарын үсгээ зураад өгөөч. Би дэндүү зөөлөн сэтгэлтэй байна ” гэж надад хэлж ирж байна. Нээрэн ч зөөлөн сэтгэлтэй, гав гинж үзэхээрээ царай нь зэвхийрдэг лам л ийм юм бодож олно … Та юу гэж намайг ингэтлээ ширтээв, гэгээнтэн ээ? Та зөвшөөр. Зөвшөөрлөө гэж хэлээд л гэртээ харьж хоолоо ид. Өөрийн хариуцлагыг танд үүрүүлэх гэж би  тан дээр ирэхгүй байсан. Өөрийн төөрөгдөлийг би өөрөө л шийдэж олох байсан.

Монтанелли: Өөрийн хариуцлагыг танд үүрүүлэх гэсэн юм биш, би?? Тэгж үзээгүй.

Риварес: Худлаа! Та мартсан уу? “Артур минь чи дургүй байгаа бол би гэгээнтний тушаалд дэвшихгүй ээ. Очихгүй гэж хэлнэ” гэж байлуу? Тийм ээ би Артур байна.

Монтанелли: /гараа өргөн нүүрээ хамгаалж/ Дуугүй бай! /гуйвсаар цонхны дэргэд очиж бачимдан бухимдаж байгаагаа нуухыг оролон/ Би ер нь … галзуурч байх шиг …

Риварес: Аав аа та сайн хар л даа.

Монтанелли: /шивнэн/ Яалаа гэж. Биш. Бурхан минь, биш. Хэрэв би галзуурч байгаа бол…

Риварес: Ааваа, та намайг усанд унаж үхээгүй, амьд байгааг минь харахгүй байна уу? /аймшигт сэтгэлийн догдлолын дараа Монтанелли Артурын орын өмнө сөхрөн ойчно/

Монтанелли: /тэргүүнээ өргөн нүүрий нь ажна/ Артур минь чи мөн гэж үү? Чи минь наддаа эргэж ирлээ гэж үү? Миний хүү… зүүд юм уу? Ярь, яриарай. Би үнэмшие, итгэе…/гээд гары нь чанга атгана/

Риварес: /гараа мулт татан авч/ Ёо, ёо

Монтанелли: /хавдсан гарт нь уруулаа хүргэж/ Миний хөөрхий хүү! Бурхан минь, чи яасан өөр болоов? Хичнээн аймаар өөр болов оо…

Риварес: Ертөнцөд хичнээн зовлон, бэрхшээл байдаг бол тэр болгоныг амслаа.

Монтанелли: Миний хөөрхий хүү … хэрвээ өнгөрснөө баллаж чаддагсан бол … Би чамд хайртай юм шүү … хайртайгаа би юугаар чамд итгүүлэх вэ?

Риварес: Юугаар ий? Шашин бурхны орхиод надтай цуг яв. Нөхөд маань намайг суллаж авах санаатай байна. Таны тусламж байвал бүр хялбар болно … Тэгээд хил давахтай зэрэг та намайг хүүгээ гэж бүрэн хүлээгээд бидэнтэй нийлж хамт тэмцэх болно. Хэрэв үгүй гээд, бурхан шашин чинь төрсөн үрээс чинь үнэтэй бол одоохон хурандаа дээр очоод намайг цаазлуулах зөвшөөрөл өг. Тийм л бол та одоо даруйхан явж үз. Таныг харж байна гэдэг надад бас нэг зовлон

Монтанелли: Зугтахад чинь би туслаж чадна, харин чамтай хамт яваад өгч би чадахгүй. Би санваартан хүн.

Риварес: Тэгвэл би санваартан хүнээс тусламж авахгүй. Би буулт хийхийг хүсэхгүй байна. Ааваа, нэг бол та миний төлөө сүм бурхан шашнаа орхи, үгүй бол намайг хүүгээ гэж битгий үз.

Монтанелли: Би хүү чамаасаа хагацах арга даанч алга.

Риварес: Тэгвэл шашнаа орхи. Энэ хоёрын энгийг нь сонгож ав. Хэрэв тэр шашиндаа хамаатай юм бол надад огт хамаагүй болно.

Монтанелли: Артур яаж би шашинаа хаях юм бэ?! Бурханд сүсэглэхгүй байж яаж болох юм бэ? Чамайг алдсан аймшигт хэдэн жилийн дотор бурхан намайг үнэнч явахад ивээсэнгүй, шашин гэдэг худал юм байна гэж одоогүй итгээрхэм ээ байсан юм чинь одоо чамайг минь эргүүлж өгсөн байхад яаж бурхандаа сүсэглэхгүй болох билээ? Чамайгаа би хороочихлоо гэж үнэн бодож тарчлаж явсан хүн шүү.

Риварес: Одоо та тэр бодолтойгоо л явна гэж мэд.

Монтанелли: /айн балмагдаж/ Үгүй, үгүй Артур, яалаа гэж…

Риварес: Нэгэнт шашин бурхнаасаа салж чдахгүй хойно хурандаад намайг цаазлах зөвшөөрлий нь өг.

Монтанелли: Бурхан минь, зөвшөөрөх ий? Үгүй … Артур, хүү минь, хайртай ганц үр минь! Би чамдаа хайртай, хэмжээлшгүй хайртай! Намайгаа бодооч

Риварес: Аав аа, Аав аа. Энэ алуурчдын ертөнцтэй та ямар холбоотой юм бэ? Тэр ертөнц чинь үндэс үртэл ялзраад одоо өмхий үнэр ханхлахаас цаашгүй болж. Бидэнтэй цуг явъя. Аав аа. Амьдрал залуу нас гэвэл-бид, хүн төрлөхтөний ирээдүй гэвэл–бид Үүрийн туяа ойртож байна шүү аав аа … Мандах нарны ариун туяанаас та буруулах гэж үү? Аав аа, би таныг дандаа хайрладаг байсан, дандаа шүү. Намайг гашуун зовлон унагаж байсан тэр цагт чинь ч би хайртай л байсан. Одоо та намайг дахиад үхлийн зовлонд унагах гэж үү?

Монтанелли: Би чамайг оргуулаад … аюулгүй болсонцагт … би … андуурч нэг ундаа ууна. Энэнээс өөр юм би хийж чадахгүй. Энэ ч гэсэн их нүгэл шүү. /хананд байгаа хэрээсийг харж/ Гэвч бурхан намайг өршөөнө гэж найдна. Их энэрэлтэй. Битгий намайг гайхаж хар … бурхан минь … яг ээжий минь нүд. /хоёулаа дуугүй бие биенээ харна. Монтанелли дахин Артур руу тонгойно. Ухаангүй шахам байна./ Чи надтайгаа үлдэнэ, үлдэнэ, гэж хэлээч… Бурхан, шашиндаа эргэ хүү минь … Намайг бодоод сэтгэлий минь амраагаач.

Риварес: Үгүй ээ, миний амьдрал тэмцлийн төлөө зориулагдсан юм. Би бол хүн биш, хутга л гэж мэд. Та намайг амьд үлдээвэл тэмцэлийг дэмжин дэвэргэнэ гэсэн үг.

Монтанелли: /дахин хэрээсийг харж/ Бурхан минь, таны сонорт энэ үг сонсогдож байна уу?

Риварес: Чангахан ярь аа. /Монтанелли хананд наалдан нүүрээ даран уйлахад юунд уйлж байгааг нь Риварес  ойлгов. Сүмийн орой дээрх хонх ариун, сайхнаар дуугарна. Монтанелли толгойгоо өргөн чагнаад босч хаалганы зүг хоёр гурав алхана. Эргэж харалгүй зогсоно./

Монтанелли: Бурхан шашинаа би орхихгүй ээ. /бөхийж аажим явсаар шоронгийн өрөөнөөс гарна. Хаалга тасхийн хаагдахад Риварес  толгойго өндийлгөн хойноос нь удаан харна … шингэх нарны туяа Риварес  дээр туссан нь ув улаан, цус адил. Риварес босон харайж орон дээр гараад тэр туяа руу, чөлөөт тал руу эрчимтэй тэмүүлэн зогсов/

Сурталчилгаа

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s