Э. Войнич (1864-1960) – Соно (Хоёрдугаар бүлэг)

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ТАВДУГААР ҮЗЭГДЭЛ

Арван гурван жилийн дараа. Флоренц хот. Шүүгч Грасиний байшинд байгаа зургийн үзэсгэлэн. Энд явагдаж байгаа дайллагыг далимдуулан “Залуу Итали” намын хорооны хэсэг гишүүд нэг дор бөөгнөжээ. Ярьж байгаа нь нэлээн ширүүн байдалтай.

Мартини: Засгийн газар эв зүйгээ олно гэдэг худал хэрэг болно, синьор Грассини. Сэтгэл ухаан, үйл хэргээ мөнгөнөөс өгчихсөн тэр улсууд Англи, Австричуудын сохор зэвсэг нь. Хэрэв бид үнэхээр гадаадын эзлэгчдийг хөөж гаргаад үндсээ нэгтгэн нягтруулъя гэж байгаа бол ард олноо хөдөлгөх хэрэгтэй.

Грассини: /дал мөрөө хавчин/ Үндсээ нэгтгэнэ гэдэг асуудал бол…э-э…тун ярвигтай. Энэ асуудлыг хүч дээрэнгүйлэх аргаар шийдвэрлэж болохгүй. Эхлээд нэлээн их хүч чадалтай засаг захиргаатай болох асуудал чухал.

Мартини: Хүч чадалтай засаг захиргаа гэдэг чинь юу гэсэн үг вэ, Грассини? Хэмжээгий эрхт хаант засаг уу?

Грассини: Бүгд найрамдах ч байна уу, хаант засаг ч байна уу энэ бол ирээдүйн асуудал. Гэлээ ч засаг маань хүчтэй чанга байх ёстой, тэгэхгүй бол бид захиргаагаа алдана.

Рикардо: Манай туган дээр, Гарассини, Бүгд найрамдах улс гэж бичээстэй байгаа шүү дээ. Бид олон жил энэ туган дор явж байна. Үгүй бол “Залуу Итали” маань тугаа солих гэж байгаа юм уу?

Грассини: Зөвхөн лоозонгоор улс төрийн чиг шугам гардаггүй юм шүү, Рикардо. Хэрэв үндэсний нэгдэл хаан хэрэгтэй бол хэдийгээр би бүгд найрамдах улс болгох бодолтой хүн боловч, тэр хаанд хамгийн түрүүнд тангарагаа өргөнө.

Рикардо: Энүүгээрээ та Итали орондоо үнэн хайргүй хүн юм байна гэдгээ нотоллоо.

Грассини: Та дэндүү зүрх зоригтой юм хийх гээд байнаа, Рикардо. Гэвч бид ярилцах гэсэн асуудлаасаа холдчихлоо. Бид ийм болоод байгаа энэ аятай байдлыг ашиглаад хэвлэн нийтлэх эрхийг өргөжүүлж өгнө үү гэсэн гуйлт бичиг загийн газар оруулах хэрэгтэй байна гэдгийг дахин хэлье.

Мартини: Гуйлт бичгээр мөн их юм олдоно доо.

Рикардо: Гуйлт бичиг бидэнд огт хэрэггүй. Харин ухуулах хуудас, товхимол, шүүмжлэлийн зүйл л хэрэгтэй.

Грассини: Энэ цаг үеийн байдал дунд бид ингэж болохгүй. Би эсэргүүцнэ. Хэрэв бид ингэвэл засаг маань биднээс айж бидний эсрэг болчихно. Бидний гуйлт бичиг огт амжилт олохгүй болно.

Рикардо: Тэртээ тэрэнгүй тэр гуйлт бичгийг чинь тоохгүй. Хэдий болтол бид нэг байрандаа зогсох юм бэ? Үйл ажиллагаагаа хэзээ явуулж эхлэх болж байна?

Мартини: Та энүүнийгээ үйл ажиллагаа гэж нэрлэх үү? Засгийн газрыг одоо хазах, хэмлэх, хэрэгтэй болоод байхад та зөвхөн гижигдэх гээд байх юм даа.

Грассини: Гар буугаар буудах юм биш үү, Мартиниа?

Мартини: Хэрэг гарвал буудах л болно доо. Одоохондоо өөр зэвсэг хэрэглэж болох байна.

Грассини: Ямар?

Мартини: Инээд.Засгийн газрын үнэн нүүр царайг инээдэм, шогчлолоор илрүүлэх хэрэгтэй.

Рикардо: Мартини зөв өө. Хазаж хэмлэх л хэрэгтэй байна.

Жемма: Би бас зөвшөөрч байна. Гэхдээ урдаар Ватиканы том лам нарын нүүр царайг илрүүлэх хэрэгтэй. Хэрэв бид ард олныг тэмцэлд босгох гэж байгаа бол юуны өмнө тэд нарыгаа лам нарын савраас мултлаж авах хэрэгтэй юм. /Рикардо, Мартини хоёр зөвшөөрөн дуугарна./

Грассини: Намын хороо үүнийг зөвшөөрөхгүй ээ.

Рикардо: Яагаад?

Грассини: Урдаар өөртөө бид олон хүн татах ёстой болохоос биш жигшин түлхэж болохгүй.

Жемма: Хэнийг татаад хэний эсрэг тэмцэх гэж?

Мартини: Өөрийн ард түмний эсрэг үү?

Грассини: Улс төрийн хэрэгт ирээдүйг зөгнөж ярьж болдоггүй юм… Шинэ намынханыг бид өөрсдийн эсрэг болгоод яах юм бэ? Пап лам либрал үзлээрээ нийтэд нилээд алдаршсан хүн, энэ чинь эрдэм мэдлэгээр гэгээрсэн тун дээгүүр зүтгэлтэн шүү.

Жемма: Эрдэммэдлэгтэй,гуйвамтгай хүний дүр үзүүлэхдээ чадамгай. Гэвч үнэн нүүрийг нь танихад амархаан. Тэр пап чинь урьдынх шигээ л зальтай иезуйт, ард түмнийг адилхан үзэн ядаж, эдний эсрэг гадаадын ямар ч харигисуудыг авчрахаасаа буцахгүй.

Грассини: Байзаарай …энэ хүний хийсэн өөрчлөлтүүд олон хүнийг өршөөсөн сайн үйлсүүд юу болох вэ?

Жемма: Яах вэ дээ, олны дунд нэр алдар олон гэж тэгсэн юм чинь.

Грассини: Тэртээ тэргүй өндөр нэр хүндтэй болсон хүн шүү дээ. Бид тэрнийг нь бодолцох л хэрэгтэй. Ард олны хайр итгэл …

Мартини: Ямар ард олныг та яриад байна вэ? Ром нутгийн тариачид сүх, хадуураа бариад босоход бэлэн.

Грассини: /улайж/ Мартини та ч бүр тариачдын үймээнийг хүртэл түшиж авах нь ээ?

Мартини: Бүх ард түмний бослогыг түших гээч, Грассини. Үндэсний нэгдмэл байдлыг бид ард түмний хүчээр л хийж чадна.

Грассини: /дэврэнгүй/ Эх орноо түймэрийн галд сүйтгэх гэж үү? Эмх замбараагүй харанхуйд төөрүүлэх гэж үү? Үгүй, Мартини, энэ замаар бид явахгүй. Үнэндээ бид энэ асуудлыг хэлэлцэнэ ч гэсэн биш, энэ сэдвээр явагдсан шүүмжлэлийг тасаллаа. Эрхэм та бүхнийг би гуйлт бичиг оруулах асуудлаар л цуглуулсан юм… Та бүхэн зөвшөөрөхгүй байгаа бол би энэ учрыг хороонд уламжлая. /босно/ Одоохондоо, харамсалтай боловч, хурлаа завсарлахаас болохгүй нь.

Мартини: Уучлаарай, шог зохиол гаргах эсэхээ бид бас шийдээгүй шүү дээ.

Грасини: Таны саналыг би бас хороонд уламжлая. Харин дэмжигдэх эсэхийг би хэлж мэдэхгүй нь. Гэвч… бидний энэ хурал үргэлжлэх юм бол болгоомжгүй юм болно байх. Гэрийн эзний хувьд би зочид дээрээ очилгүй болохгүй нь. Та нарыг ч гэсэн тийшээ очоорой гэж хүсч байна. Бидний аминчхан зайдуу байгаа мань хэн нэгэнд сэжиг төрүүлж болзошгүй юм. Зочдын өрөөнд орохыг гуйя. /явна/

Жемма: Хэл амаа ололцоё гэсэн чинь бас л үр дүнгүй яриа болов оо?

Мартини: Ватиканы ирээдүйн туслагч нар шүү дээ.

Рикардо: Профессор Фабрицций чинь яг л ийм хүн. Ийм оппортунистууд манай хорооны ихэнх нь байгаа нь хармсалтай байна.

Жемма: Өөрсдөө, өөрсдйинхөө бодлоор ажил хэргээ явуулахаас өөр арга байхгүй байхаа. Хорооны утга зохол найрууллагын хэсгийхэн бид тэр шог шүүмлэлүүдийг өөрсдөө гаргах эрхтэй улс. Энэ аргыг бид заавал ашиглах хэрэгтэй.

Рикардо: Синьора Боллагийн үг зөв. /Мартинид/ Та юу гэж үзэж байна?

Мартини: Би аль эртнээс хойш энэ аргыг хэрэглэхийн төлөө яриад л байгааг та нар мэдэж байгаа шүү дээ.

Рикардо: Тэгэхээр… үгүй тэгээд чадамгай, хурц шүүмжлэн бичиж чадах хүн хаанаас олон хэрэг вэ?

Мартини: Тийм хүн бий. Парисийн сонинуудад ухаантай, хортой сүрхий шүүмжлэл бичээд “Соно” гэдэг нууц нэртэй Риваресийн тухай та юу бодож байна?

Рикардо: Соно гэнээ… тэгвэл тун сайн байхсан. Тэр ёстой сайн шог зохиолч доо, энэнээс дээр одоохондоо олдохгүй. Гэхдээ тэр бидэнтэй нийлэх болов уу?

Мартини: Нийлнэ, нийлнэ. Флоренцд ирсэн даруйд нь би өөртэй нь ярьсан. Миниймэдэх улсууд дотроос Ватиканыг үзэн яддаг хамгийн гуйвшгүй хүн чинь энэ дээ. Лам, шашин гэх дээр л бүр уур нь бадарч аймаар болдог юм. Манайд шог зохиолч бичээч гэх зэрэг ажилдаа ороод анхныхаа зүйлийг бичсэн нь энэ. Ватиканы санваартнуудыг энэнээс өөр шоолно гэхэд би л мэдэхгүй юм байна. Яг бидэнд хэрэгтэй юм бичдэг хүн. Тийм биз дээ, синьора Болла? Та уншаа биз дээ?

Жемма: Хэтэрхий ширүүн бичсэн юм, гэхдээ байгаа яг онож байгаа юм.

Мартини: О, энэ хүн онохгүй гэж байхгүй. Карбинаар буудахтай л адил. Тэр ер нь гаргууд хүн. Одоо бүүр баригдахгүй байгаагий нь улсууд бүр үлгэр домог шиг ярих юм. Пап ламын хушуунд хоёр удаа бослого гаргуулаад хоёр удаа Спинола хамбын айхтар тагнуулуудад баригдахгүй өнгөрсөн гэнэ. Тэр ер нь Аппений уул хад, зам болгоныг уулынхнаас доргүй мэддэг юм.

Жемма: Уулынхан ч тэр хүнийг бүр андахгүй шахуу юм гэж дуулсан.

Рикардо: Энэ шүүмжлэл зохиолыг нь одоохон уншаад түргэн шийдээд орхиё л доо.

Мартини: /гар бичмэлийг гаргаж/ “Хонины арьс нөмөрсөн чоно” гэдэг нэртэй юм. /уншиж эхлэх нь/ “Ватиканы бурхны орны…” /Синьора Грассини ирэв/

Синьора Грассини: Эрхэмүүд та нар яриагаа дуусаагүй байна уу?

Мартини: Бид нэг жижигхэн өгүүлэл уншаад л дуулаа.

Синьора Грассини: Энийгээ хойш нь тавихаас биш эрхмүүдээ, Та нарыг одоохон зочдын өрөөнд орж ир гэж нөхөр минь хэлүүлж байна.

Мартини: Үгүй бид …

Синьора Грассини: Дуусга, дуусга. Бид ялангуяа одоо л их болгоомжлох хэрэгтэй байна. Маргааш дахиад л миний өрөөнд уулзахгүй юу. Саад болох юмгүй байлгаж би чадна. Одоо зочдын өрөөнд орцгоож үз. Зочид цөмөөрөө цуглачихаад байна. Сонин сайхан олон хүмүүс ирсэн шүү. Тэдний дотор бас хэн ирсэн гэж санана. өнөө Реварес! Явцгаая эрхмүүдээ, явцгаая. /Рикардог сугадан явна/

Мартини: Жемма та яах вэ?

Жемма: Би тийшээ орох тун дургүй байна. Энд жаахан сууя. Чезаре. Тэгээд ч би тантай нэг зүйл ярьмаар байна.

Мартини: Маргааш яръя даа, Жемма. Хонгор минь. Царай чинь тун ядарсан шинжтэй байна.

Жемма: Би ядраагүй ээ.

Мартини: Тэгвэл бүр ч муу. Бас л ахиад сэтгэлээр шаналдаг чинь болж дээ.

Жемма: Өнөөдөр би нэг хүнтэй санамсаргүй дайралдчихаад үүрд мартая гэж боддог байсан баахан явдал дахиад санаанд ороод ирлээ. Гудамжаар явж байтал их хамба Монтанелли сүйх тэрэгтэй явж өнгөрлөө. Царайг нь сайн харж чадсангүй. Тэр жил сүүлийн удаа уулзсанаас хойш хэр өөр болсныг нь харж чадсангүй.

Мартини: Сүүлийн удаа хэдийд уулзсан юм бэ?

Жемма: 13 жилийн өмнө Артурыг нас барснаас хойш 3 хоногийн дараа юмсан.

Мартини: /анхааран ажиж/ Жемма, тэр зовиурт явдлыг та насан туршдаа бодож сэтгэлээ шаналгаж айх хэрэг үү? 18 насандаа алдаа хийгээгүй хүн байдаг юм уу?

Жемма: Гэхдээ 18 насандаа хамгийн сайн найз нөхрөө хороосон хүн байхгүй дээ, /буруу харав, хэсэг дуугүй/

Мартини: /ярианы сэдвийг өөрчлөж/ Тэр их хамба чинь энэ нутгаар их алдартай хүн юм байна. Эртээд би Бризигелла тосгоны нэг өвгөн тариачнаас: -Эндэхийн улсууд хамба ламдаа хязгааргүй үнэнч юмаа даа гэж асуусан чинь “Бид хамба ламд дургүй, цөмөөрөө худалч, хуурамч улс байдаг юм.Гэхдээ их хамба Монтанеллид бид хайртай. Тэр хүн худлаа хэлж, худрагагүй зан гаргадаггүй ”  гэж банйа лээ.

Жемма: Сонин юмаа, үнэндээ энэ бол худлаа юм шүү дээ.

Мартини: Худлаа? Та яаж мэдэж байгаа юм бэ?

Жемма: Өөрөөс нь асуусан.

Мартини: Өөрөө танд хэлсэн гэж үү? Монтанелли юу?

Жемма: Чезаре, та бид хоёр дотны сайн нөхөд байж би танд Артурын түүхийг ер яриагүй байдаг нь хачирхалтай биш үү?

Мартини: /яаран/ Хэрэггүй ээ, хонгор минь, би бүгдий нь мэднэ шүү дээ.

Жемма: Миний нөхөр танд яриа юу?

Мартини: Тэгсэн.

Жемма: Тэхдээ Монтанеллийн тухай ганц ч үг дурсаагүй нь сонин байна.

Мартини: Монтанелли энэ хэрэгт холбогдолтой юм гэж би мэдээгүй. Джиованни ганцхан тагнуул ламын тухай тэгээд бас…

Жемма: артурыг би алгадсан дараахан Артур усанд унаж нас барсан гэж байна уу? За тэгвэл би одоо Монтанеллийн тухай ярьж өгье. Тэр тухай Монтанелли Пиза хотын шашны сургуулийн захирал байж Артурын хичээл давтахад их тусалдаг байлаа. Энэ хоёр бие биеэндээ хачин үнэнч байж билээ. Тэгээд нэг өдөр Артур “Хэрвээ би багшийгаа алдчих юм бол дороо л усанд унаж үхнэ” гэсэн юм. Дараа нь Артур өнөө ламд нүглээ наминчилсныг та мэднэ. Маргааш нь миний аав Бертенийхэнтэй шөнөжингөө далайн булангийн усанд Артурын биеийг эрсэн юм. Тэхэд би юу болсныг тунгаан бодож шөнөжингөө өрөөндөө сууж билээ. Шөнөжингөө шүү …

Мартини: Биеий нь олж чадаагүй гэдэг байхаа?

Жемма: Өглөө нь би Монтанелли дээр очиход тэр хүн гарч ирж уулзсан юм. Өө, Чезаре, та тэр хүний нүүр царайг харсан бол… Сүүлд нь хүртэл тэр хүний нүүр царай нүдэнд үзэгдэж айлгадагсан даа. Артур амиа хорлосон нь надаас болсон юм. Артурыг би алгадсны дараахан Артур усанд унаж үхсэн гэж хэлээд юу болсноо би цөмийг нь ярьлаа. Монтанелли огт хөдөлгөөнгүй хөшөө шиг зогсоод чагнаж байж билээ. Яриа дуусахаар минь, “Хүү минь, чи битгий зов. Артурыг алсан хүн би. Би тэрнийг мэхэлсэн, тэр миний мэхэлснийг мэдчихсэн юм. Нас барахаасаа өмнө надад бичсэн захиа нь энэ” гээд хэдэн үг бичээстэй хэсэг цаас надад өглөө. “Би таныг бурхан сахиус шиг итгэдэг байлаа. Та намайг бүх насаар минь мэхлэж байжээ” л гэсэн байсан. /хэсэг зуур дуугүй/ Юу гэж мэхэлсэн юм бол доо гэж би их боддог юм … /чичирсхийн элгээ эвхэнэ/

Мартини: Та даарч байна уу. Жемма? Би алчуурыг чинь аваад ирье. /Жемма толгой дохиж Мартини явна/

Синьора Грассини: Гуйя таныг, синьор Риварес. Манай уул ус эндээс харахад бүүр ч үзэсгэлэнтэй. Таныг ирсэнд би тун их баяртай байна. Та өнөөдөр манай намын сэтгүүлч Лега, эмч Рикардо, Синьора Болла гэх сонин сайхан улсуудтай уулзана.

Риварес: Синьора Болла гэнээ?

Синьора Грассини: Тийм ээ, Жемма Болла. Дөрвөн жилийн өмнө түүний нөхөр Джиованни Болла Англид нас барсан юм. Та санаж байгаа байхаа? Үнэндээ та дандаа энд тэнд явж байдаг болохоороо манай эх орны төлөө зүдэрч зовж, амь үрэгдэж байгаа тэр олон хүнийг алий нь гэж санахав дээ. тийм хүн даанч олон юм.

Риварес: Англид нас барсан гэнээ?

Синьора Грассини: Тийм ээ, уушигны өвчнөөр нас барсан юм, хөөрхий. Түрүүхэнд нь бас газар дээр ганц үр нь өөд болсны нь яах вэ. Тэр эмэгтэй гунигтай хувь заяатай хүн шүү. /санаа алдана/ Бид чинь тэр аятайхан бүсгүй Жеммадаа хайртай. Хөөрхий минь, англичуултай адил, тун хуурайдуу хүн дээ. Хичнээн зовлон гамшиг туулсан гэж санана… /Жемма ургамлын навчнуудыг яран нуугдсан газраасаа ил гарав/ А…Жемма ч энд байна. Хонгор минь та чинь хаашаа алга болчихов оо? Би таныг бас их эрлээ дээ. Синьор Феличо Риварес тантай танилцахсан гэж байна.

Риварес: Та аятайхан байр олжээ… Энд … сайхан байна шүү.

Жемма: Аятайхан байр аа?

Синьора Грассини: Та хардаа синьора хэрэв Итали маань эрх чөлөөтэй байсан бол жаргалын орон байж чадахгүй гэж үү? Одоо дарлал боолчлолд тарчлаж байгаа орон гэхэд ийм сайхан цэцэг навчис, ийм тэнүүн тэнгэр байх гэж.

Риварес: Т…тэгээд, би…бас ийм зоригтой эх оронч эмэгтэйчүүдтэй байх гэж.

Синьора Грассини: /магтаалд баярлан маяглаж/ Ө, Синьор, эмэгтэй хүн юу хийж чадахав дээ. Гэлээ ч яаж мэдэх вэ? Удахгүй Итали бүсгүй гэж нэрлэгдэх эрх олж чадахуйц тийм үйл бүтээж ч магадгүй. Одоохондоо би олон нийтийн үүргийг биелүүлэх хэрэгтэй байна. Манайд цугласан бүх нэр төртэй хүмүүстөөрийнхөө зээ хүүхнийг танилцуулаарай гэж францын элчин гуйсан юм. Жемма, хонгор минь, би Синьор Риварест манай нутгийн байдлыг цухас ч болсон үзүүлье гэж энд оруулж ирсэн юм. Одоо би тантай орхиод явахаас биш…синьор Риварес энд уйдахгүй байх гэж найдаж байна. /нисэх шахам одно/

Жемма: Та суухгүй юу, синьор Риварес

Риварес: /суунгуут/ -Би таныг зүүний үзэл баримталсан хэвлэл сонирхдог, тэрч байтугай өөрөө олон сонинд ажилладаг гэж дуулсан.

Жемма: Тун цөөн сонинд юм бичдэг, зав олдохгүй юм.

Риварес: Тэр аргагүй. Таныг улс төрийн ажил их хийдэг гэж Синьора Грассини ярианаас олж мэдлээ.

Жемма: /гайхан хөмсгөө дээш болгон хуурайдуу/ Ажил ихтэй, зав муутай минь үнэн. Гэвч синьора Грассини миний ажлын нөлөөг хэтэрхий өндөр өргөж. Миний хийдэг юм ашгаар тун бага даа.

Риварес: Тэхдээ Италийн хувь заяанд зөвхөн гомдож, хөөрхийлж, уйлж байхаар хүн бүр цагаа нөхцөөлтэй нь биш дээ. Сэтгэл уяхан энэ хатагтай либерал зан гаргаж маяглах нь нэлээд сонин байна уу? Танд ямар вэ? /Жемма хөмсгөө зангидана/ Энэ будаг шунх түрхсэн лааны тосон хүүхэлдэйг шоолж байна гэж та надад уурсав уу даа?

Жемма: Янз бүрийн дутагдалтай хүмсэд арай энэрэнгүй, тэвчингүй ханддаг бол зүгээр сан болов уу л гэж бодож байна. Ухаанаараа биднээс арай дор байгаа хүмсийг шоолдог маань тахир дутуу хүнийг шоолсонтой адил бол уу. Тэгээд…

Риварес: /бие өвдсөн мэт зарсхийж/ Тэр ч тийм ээ. Тахир дутуу бид чинь тэрнийгээ хүн болгонд үзүүлэхийг хүсдэггүй юм шүү дээ. гэтэл энэ авгай тэнэгээ гайхуулах гэсэн юм шиг л байх юм. Ямар ч гэсэн лааны тосон энэ хүүхэлдэйн маяглах нь миний хазганахаас ер дээргүй.

Жемма: /ихэд зовж/ Ээ, та миний үгийг сайн ойлгосонгүй, синьор Риварес. Таны хөлийн тухай би огтхон ч бодоогүй. Далимд хэлэхэд та тун ялихгүй доголдог юм байна шүү дээ. Би…

Реварес: /үгий нь таслаж/ Зүгээр, синьора, би сэжигч биш, гомдомхой ч хүн биш, харин өрөвдөхийг би юу юунаас илүү үзэж чаддаггүй хүн дээ. Энэ бол Христосын шашны олж гаргасан хамгийн муухай хуурамч номлол. Уурлаж, хилэгнэж байх нь дээр юм шүү дээ. Уурлах чинь худал өрөвдсөнөөс илүү хүнлэг, тэгээд үнэнч юмыг гаргуулдаг юм. Өрөвдөгч байхаар ууртай байх нь дээр гэж би хатуу үздэг, энийгээ ч баримтладаг.

Жемма: /бага зэрэг инээмсэглэн/ Таны бичсэн шог шүүмжлэл таны үзлийн баталгаа болж чадсан байна.

Риварес: /гайхаж/ Шог шүүмжлэлий? Та юу хэлж байна синьора?

Жемма: Мартини гуйснаар бичсэн таны зохиол.

Риварес: Та тэрийг яаж мэдэв, ээ синьора?

Жемма: /аяархан атлаа чухлаар/ Би хорооны утга зохиолын хэсэгт ажилладаг.

Риварес: А…а /дооглонгуй/ Танай хороо тэрний маань хэтэрхий уур хилэнтэй бичигдсэн юм байна гэж байгаа биз?

Жемма: Хороогоор хэлцэгдээгүй байгаа, гэвч таны саяны үг үнэн болох байхаа. Бага зэрэг зөөлрүүлж өгөхийг танаас хүсч болохсон болов уу?

Риварес: /түргэн/ Ганцхан юм асууя, та тэрнийг бас хэтэрхий ширүүдэж гэж үзэж байна уу?

Жемма: Миний хувийн саналыг та сонирхож байна уу? Таны шог зохиол тун авъяастай, хурц бичигдсэн юм. Гэхдээ манай хорооны ажилд туслалцаа нь одоохондоо хэрэгтэй байгаа нэр заасан хүмүүсийн хувьд хэтэрхий ширүүн хандсан явдал тэднийг биднээс холдуулчихж магадгүй юм.

Риварес: Шүүгч Грассини мэтийн гуйвамтгайчуудыг хэлж байна уу? Гэтэл танай хороо надаас тэр зүйлийг бичүүлэхдээ худал номлогчдыг сайн шоглоод өгөөч гэсэн юм биш үү? Би тийм зорилготой л бичсэн.

Жемма: Тэгээд та зөвхөн шашныг хатуу хэлснээс гадна бас олны дунд нэр хүндтэй байгаа зарим төлөөлөгчдий нь хайр найргүй шүүмжилсэн байна лээ.

Риварес: Та их хамба лам Монтанеллийг хэлж байна аа даа?  Жемма толгой дохино/ Яах вэ дээ, танай хорооны хайртай тэр хүн чинь худал номлогчдын гарын тоглоом шүү дээ. Иезуитүүд түүнийг “Хүмүүсийн ухаан санааг тогтоон тайвшруулах, манай хорооны нөлөөг эсэргүүцэн тэмцэх зорилгоор түүнийг нааш нь ирүүлсэн гэдэг нь тодорхой баримт надад бий. Монтанелли, нэг бол хязгааргүй ухаантай мөртлөө муу хүн, үгүй бол илжигнээс дор тэнэг хүн.

Жемма: /хэтэрхий ширүүн хурцад нь дургүй хүрснээ барих гэж босоод цонхны түшлэгний дэргэд очоод/ Мэдэхгүй … Идэр залуухан явах цагтаа энэ хүний тухай их л юм дуулж байсан. Тэгэхэд Монтанеллийг сайн мэддэг… нэг хүн надад тун их юм ярьдагсан. Сайн хүн гэж байдаг бол тэр нь Монтанелли л гэж байсан юм.

Риварес: Тэр хүн эндүүрч синьора, Монтанелли хортой дайсан. Ард олны дунд нэр хүнд ихтэйгээрээ улам аюултай дайсан. Зам дээр хэвтэх чулуу хүнд хэрэг болж болно. Энэ хүн бол бул хар чулуунаас дор, урагшлах замд саад хориг хийж байна. Энэ хүнийг замаасаа зайлуулах хэрэгтэй. /босч/ Баяртай синьора, их хамба Кардинал Монтанеллийг би шоолохдоо л шоолно, дураараа ч шогчлоно гэж байна гэж хорооныхондоо дамжуулахыг хүсье. /ёслоод доглон гэхгүй хурдан, хөнгөн алхан явчихав. Жемма харан хоцров/

ЗУРАВДУГААР ҮЗЭГДЭЛ

Риваресийн өрөөнд тэрбээр диван дээр туурга тийш харан унтсан байна. Ширээний дэргэд доктор Рикардо эм бэлтгэж байна. Хаалга цохив. Рикардо чимээ гаргахгүй хичээж хаалга тайлаад Мартини жижиг сүлжмэл сав барьсан Джема Болла хоёр орж ирнэ.

Рикардо: Та нарын ирсэн нь сайн боллоо. Би эмнэлэг рүү явах хэрэгтэй байдаг, гэтэл Риваресийг ганцааранг нь орхиж болохгүй байдалтай байх юм.

Мартини: Яачихаа вэ?

Рикардо: Өмнөд Америкт байлдаж явахдаа хүнд шархадсанаасаа олсон хуучин өвчин нь хөдөлжээ. Уушигны хатгалгаа нь үе үе их хурцдан өвддөг юм байна.

Мартини: Өвдлөө гэдгээ бидэнд хэлүүлэхгүй яагаа юм бол? Сүүлийн бичсэн шог зохиолыг нь уншаад бид хоёр санамсаргүй орж ирлээ шүү дээ.

Жемма: Та ч гэсэн бидэнд хэл өгч болох байсан шүү дээ.

Рикардо: Нэгдүгээрт аярхан ярьж үз нөхөд минь. Риварес удаан унтах тусмаа сайн. Нойр сайн бол энүүнд дээд зэргийн эм. Би та нарт хэл өх байсан юмаа. Гэтэл Риварес дургүйцээд … Их буугаар буудсан ч дуулахгүй дүлий эзэн авгайгаас өөр хүн дэргэдээ байлгахгүй гээд байна лээ.

Мартини: /дал мөрөө хавчин/ Хамт ажилладаг нөхрөөсөө зовно гэдэг чинь юу гэсэн үг вэ?…

Жемма: Их шаналаж байх шиг байна уу?

Рикардо: Жигтэйхэн. Яаж тэсч байгаа юм бүү мэд. Өглөөгүүр дөнгөж унтлаа шүү дээ. Тэхдээ тайвшруулах эм их ууж байж гээч. Тэрнээс хойш 10 цаг унтаж байна. Одоо нилээн гайгүй болох байх гэж санах юм. /цагаа хөрж/ За би эмнэлэг рүүгээ явлаа… Та нар дэргэд нь байж байж үзээрэй. /хөдлөх шиг болсон Риваресийг харж/ Сэрэх нь дээ. Бид нар л сэрээчих шиг боллоо. Шөлий нь халаагаад өгнө үү дээ синьора Болла. /Жемма гарав. Риварес гэнэт цочмог босон харайж диван дээр сууж, айсан нүдээр харна. Рикорда барина/ Аяар, аяар Риварес, надтай зодолдоод яах нь вэ? Би хамба лам биш шүү дээ.

Риварес: Би гарах болчихсон уу, Үзэгчдийн мөчийн төдий саатуулж байгаач… /сэрэв бололтой ийш тийш харж/ А… би таныг ажигласангүй, Рикардо… та бас энд байсан юм уу? Мартини. Би нэлээн унтжээ дээ? …

Рикардо: Үлгэрийн дагина шиг нэлээн унтлаа. Одоо өгсөн шөлий нь угаад дахиад унт.

Риварес: Та нар үргэлж миний дэргэд байв уу?

Рикардо: Нойрны эмий нь ихдүүлчэв үү гэж айлаа шүү.

Риварес: Ихдсэн бол та нар санаа амрах байсан юм. Намайг байхгүй болчихвол танай хорооны хурал мөн тайван өнгөрдөг болохсон доо. Грассини бүр баярлахсан. Нөхөд минь та нар явцгаа. Надад хүн хэрэггүй. Одоо бие минь гайгүй болж бүр тавигдаж байна.

Рикардо: Тийм ээ, аюул өнгөрсөн гэлээ гэхдээ таныг ганцааранг чинь орхиж болохгүй. Мартини энэ ая нь олдохгүй өвчтөний дэргэд хэн чинь үлдэх вэ?

Мартини: Би сахина, гэхдээ би нэг цаг юманд яваад ирэх хэрэгтэй байна. Энэ хооронд Синьора Болла байж байна биз.

Риварес: Синьора Болла? Үгүй Мартини, тэр бүсгүй болохгүй. Эмэгтэй хүн миний энэ өвчин эмгэгтэй зууралдах гэдэг дэмий хэрэг. Би тэр хүнийг хаана үлдээж авах юм бэ? Энд байж болохгүй шүү дээ.

Мартини: Энд байгаа юм чинь. Танд шөл халааж байгаа.

Риварес: Юу?

Рикардо: Хэзээнээс та ийм маягтай болчоо вэ? Синьора Болла чинь хонгор минь нялцгай, нялуун амьтан биш шүү, хэрэгтэй цагт энэ маань биднийг цөмийг нь сахидаг, тэхдээ эмнэлэгийн ямар ч сувилагчаас дутахгүй хүн. За би явлаа. Түр баяртай Риварес. Битгий маяглаж тэхгүй ингэхгүй гээд байгаарай. /Мартинитай байртай гээд гарав/

Риварес: Орчлонд сонин юм их болж байна, яриач Мартини. Би тав хоногийн турш үхсэн юм шиг ухаангүй хэвтлээ. Мэдэж сонссон юм юу ч алга.

Мартини: Таны сүүлчийн шог зохиол л бүхний анхаарлыг татаж байна даа.

Риварес: “Буян амласан нууц” гэдгийг үү?

Мартини: Тиймээ, Флоренц хотынхон цөмөөрөө инээж байна. Тэхдээ тэр зохиолыг цөмөөрөө зөвшөөрч байгаа юм гэж битгий санаарай. Ихэнх хүмүүс түүнийг журамгүй, хувийн бодлоос муухай доромжлосон зохиол гэж үзэж байгаа юм. Тэр мөртөө хүн бүр инээж байна. Флоренцэд иезуитүүдийг ирэх тухай их буян амлаж байгаа Монтанеллийг та тэнгэрийн шавийн дүрээр, ариун номч, хүлцэнгүй байдлаар мөн ч сайхан гаргасан байгаа юм. Инээдтэй ч юм, хурц ч юм.

Риварес: Мартини та хүртэл тэрнийг маань хурц гэж бодож байна уу?

Мартини: Тийм ээ. Би хүртэл тэгж үзэж байна. Таны хэтэрхий бүдүүлэг давшлах аргад би дургүй шүү дээ.

Риварес: Хороо маань дургүй л байгаа биз дээ.

Мартини: Тийм ээ, инэнх нь дургүйцэж байна. Таныг тахиж биширдэг хүмүүс хүртэл дургүйцэж байгаа.

Риварес: Тийм үү? Яагаад?

Мартини: /бага зэрэг зовж/ Монтанеллийг тэгэх хэрэгүй гэж үзэж байгаа юм. Сэтгэл уужимтай, ухаалаг хамба тийм ч олонгүй шүү дээ гэж байгаа бололтой.

Риварес: Хамба лам нар өөрсдөө байгаагүй бол дээр байсан юм.

Мартини: Аль талыг нь хөндөж хэлвэл болохыг та сайн мэднэ. Монтанеллийн нэр хүнд өндөр хэвээрээ байгаа боловч тэр зохиол тань гарснаас хойш түр зуурч гэсэн Флоренцийнхэний сэтгэл Монтанеллид хүйтэрсэн шүү. Хотоор нааш цааш явахад нь түүнд баярлаж биширсэн хүн үй олноороо цуглардаг боловч ойрдоо “иезуит”, “Номын хааны тагнуул” гэж хашгиралдах, исгэрэх нь цөнгүй болоод байна.

Риварес: Овоо л доо. Энэ чинь л бидэнд хэрэгтэй. Ийм шинэ сонин дуулаад бие хөнгөрөөд явчих шиг. /хаалга цохино/ Өрөө маань эмхтэй байна уу Мартини? Тэгвэл хаалгаа нээ, энэ энэрэлийг би бишрэнэ. Босч унтаж чадахгүй байгааг минь уучлаарай.

Жемма: /шөлтэй аяга өмнө нь тавьж/ Битгий бос, болохгүй шүү. Би ямар зочлон ирж байгаа биш. Энүүнийг уучих.

Мартини: /босч/ Би баяртай гэхгүй явлаа, Риварес. Ганцхан цаг болоод эргээд ирнэ. /явна/ /Жемма диваны өмнө байгаа ширээн дэээр шилэн сав тавиад авчирсан саргай цэцгээ түүнд хийнэ/

Риварес: Анхилуун үнэртэй саргай

Жемма: Та энэ цэцгэнд дуртай юу?

Риварес: Яриа юу байхав? /гээд савтай цэцгийн авч нүүрэндээ хүргэнэ/ Энэ ертөнцийн сайхан гэгддэг Тосканы цэцэрлэгийн ариун үнэрийг миний муу пинд оруулж авчирлаа. /савыг барьсан талын ханцуй ярагдахад гары нь эвгүй болгосон аймаар шарх сорви харагдав. Риварес ханцуйгаа түргэн засав/ Энэ сайхан цэцэг миний шархдаж муухай болсон гар хоёр хэт их ялгаатай байнаа Синьора?

Жемма: /гэнэт учраа ололгүй/ Та мөн тун их юм үзэж, их зовлон туулжээ дээ. Анд явж байгаад ирвэст уруулсан юм гэж Галли надад ярьсан аа.

Риварес: Та яагаад тахих дутуу болсон юм бэ гэж асуугаад байхлаар ямар нэгэн юм болж хэлэх хэрэгтэй яа.

Жемма: Үнэнийг хэлвэл болохгүй юм уу?

Риварес: Үнэнийг ий? Та үнэн юм дуулахсан гэж хүсч байна уу? энэ үнэнээ би хэнд ч яриагүй явсан юм. та мэдэхсэн гэж хүсч байгаа бол би яръя.

Жемма: /түргэн/ Ярихад танд эвгүй байдаг байх, хэрэггүй…

Риварес: Сонирхолтой адал явдал болоогүй, сүрхий  зодоон болж би шархдсан юм. Ирвэс ч намайг урсан юм биш, хайчаар цохиулсан юм. Тэр явдлыг санахад миний эмч Рикардо бодогдож намайг эмчлэх гэж улайрсан бух шиг ноцолдох байсандаа. Тэр чинь хугарсан яс эмчлэх жигтэйхэн дуртай хүн. Хүний биенд хугалаж болох бүхнийг  минь хугалсан байсан. Хүзүүгий минь л хугалаагүй.

Жемма: Таны зоригийг бас хугалаагүй.

Риварес: /толгойгоо сэжиж/ Үгүй, зориг зүрхээ ч би бусад хугарсан ястайгаа хамт бас их сэлбэсэн шүү. Перуд болсон хэрэг юмсан. Би сайн санаадая… 13 жилийн өмнө юм байна. Бүх нутгаараа тэнүүчилж, өлсөхийн зовлон эдлэж тартагтаа тулж явтал ашгүй муруйтай тоглоомын газар зарцаар орлоо. Усан онгоцны буудлын хавиар байдаг нэг бузар юм л байсан юмсан. Гэхдээ юу ч болсон идэх юмтай залгасан даа баярлалгүй яах вэ. Тэгсэн нэг шөнө согтуу нэг амьтныг хөөж гарга гэлээ. Эний нь биелүүлэхгүй бол би хөөгдөнө, тэхээр тэр амьтантай орооцолдохоос өөр аргаггүй боллоо. Тэр амьтан надаас хавьгүй их хүчтэй, булиа амьтан, бас гартаа нэг том төмөр хайч барьсны нь яана. /хэсэг дуугүй/ Намайг тэр дор нь алъя гэж бодсон байх, тэгэхдээ чадаагүй, харин ашгүй амь голтой үлдсэн юм билээ.

Жемма: Тэгээд хүн амьтан та хоёрыг салгасангүй гэж үү? Ганц муу согтуу амьтнаас бүгдээрээ айлаа гэж үү?

Риварес: Хэн тэр вэ, тэр муу газрын эзэн, тэнд байсан хүнээ алдсан улсууд уу? Би чинь тэдний зарц, өмч нь байлаа шүү дээ. Бид хоёрыг тойрч зогсчихоод хөхрөлдөж, зугаагаа гаргаж байв шүү. Зодоон, цохион гэдэг чинь тэдэнд баяр хөөртэй явдал.

Жемма: Тэгээд юу болж дууссан бэ?

Риварес: Ойр хавьд санамсаргүй далайн цэргийн эмч мэс засалч хүн байж. Намайг үхээгүй юм шиг байна гэж бодоод тэрнийг дуудаж, тэгээд тэр хүн ашгүй намайг иймэрхүү болгож эвлүүлжээ. Арай ядан эдгэж гэгээ гэрэлд гараад ажил олох гэсэн чинь даанч болдоггүй ээ… галын хайчийг чинь хэрэглэж чадвал юуг ч дөнгөчих эд байна шүү… эрэмдэг зэрэмдэг хүнийг ажилд авах газар гэж байдаггүй юм байна. Тэгэхээр нь би ажил олдож юу магад гэж бодоод харсан зүгтээ тэнүүчилж гарав аа.

Жемма: Өвчтэй хөлтэй байж… явган уу?

Риварес: Би…би…бас өлсөн явсан…тэнэж тэнэж юу ч олоогүй дээ…гэхдээ нэг удаа би нүүдлийн циркт алиа салбадай болж явлаа… /тайзан дээр гарч ирснээ дооглон үзүүлж/ Хай! хай!… /хэсэг дуугүй байснаа/ Явж явж хүхрийн уурхайд арай хийн ажилд орж билээ. Ажил нь хүн тэсэхийн аргагүй хүнд учраас юм голдоггүй негрүүд хүртэл тэнд очих дургүй. Тэгээд л намайг доглон ч гэж анзаарахгүй, эцэнхий зүдэнхий юм гэж голоогүй, ямар ч гэсэн хэд гурав хоног жаал зугаа юм хийлгэж болно гэсэн байх… ажилдаг газар маань бүгчим, өмхий, хүхрийн хортой агаар амьсгална…синьора, ойлгуулж ярихад ч хэцүү… ер нь там гэж айдаг бол тамыг ёроол…бяр тэнхээтэй хүдэр эрчүүд тэсэхгүй унахаар нь үе үе дээш нь чирч гаргаж агаар амьсгалуулдаг байсан юм. Би гэдэг хоол ундгүй явснаас бүр тэнхээгүй, өвчтэй хүн, үлгэн салган явна. Муужирвал ташуурдана, өшиглөнө. Энэмуу яадаг юм бэ ажилд авч гийгүүлсэн нь дээд юм гэж боддог байсан биз. Тэгсэн нэг өдөр би муужирч ухаан тун ордоггүй гэнээ. Тэгсэн чинь ахлах харгалзагч нь давхин ирж хэд хэд дашуурдахаар нь ухаан орсон боловч… би даанч босч чадсангүй…мань харгалзагч чухам галзуурах шахам намайг зодож, өшиглөж…

Жемма: Та больж үз, сонсохоос ч аймаар байна. Болиоч, би гуйя! /гээд босов. Нүд нь нулимс дүүрч хэсэг дуугүй/ Би нэг юм асууя…

Риварес: Юу гэж?

Жемма: Та амиа хорлочихгүй яагаав?

Риварес: Таныг ийм юм асууна гэж би даанч санасангүй. Миний зорьсон хэрэг яах вэ? Хэнийг хийгээрэй гэх вэ?

Жемма: Таны зорьсон хэрэг үү? Тийм ээ би ойлгож байна. Та саяхан өөрийн зориг муутайг гайхаад бай луу? Ийм юмны дундуур туулж явахад зорьсон хэргээ бодсоор байсан юм чинь та хамгийн зоригтой бат хүн. /хэсэг дуугүй/ Та яаж яваад 20 настайдаа ганцаараа Америкт ирсэн юм бэ?

Риварес: Тэр амархаан бүх юмаа хаяаад л зугтаачихсан.

Жемма: Яагаад?

Риварес: Яагаад гэхэв дээ. Нэг өдөр гэнэт, миний хязгааргүй итгэдэг байсан хамгийн дотно хүн маань намайг мэхэлсэн нь илэрсэн… та яав? Яагаад гэнэт чичрэв?

Жемма: Зүгээрээ ярь, ярь.

Риварес: Жирийн нэг юм илэрсэн байгаа биз. Гэвч би залуу гэнэн цагаан байсан болоод худалч, хуурамч хүн хорвоод  байдаггүй, там байдаг гэж бодож байжээ. Гэрээсээ оргож гараад өмнөд Америкт очсон. Тэгж явахад өвөрт маань ганц ч улаан зоосгүй учраас ёстой, жинхэнэ тамыг үзлээ. Энэ үзсэн маань хүний бодолд байдаг биш ёстой там байсан учраас шашны номлолд байдаг тамыг энүүнээс хэцүү гэж би бодохоо байсан, итгэхээ ч байсан. Тэр тамд би гүнзгий унсан. Харин 5 жилийн дараа Дюпрессийн хайгуулан анги намайг буцаж амьдруулсан юм.

Жемма: Тантай хаана тааралдсан юм бэ?

Риварес: Өмнөд Америкт экваторын орчим

Жемма: Таван жил! Ямар аймшигтай юм бэ? Найз нөхөд гэж танд байгаагүй юм уу?

Риварес: Найз нөхөд ий? Надад уу? Надад хэзээ ч найз нөхөд байгаагүй. /дуугүй, харанхуйдуу байна/

Жемма: Дэн асаах уу даа?

Риварес: Жаахан байзнавал зүгээрсэн үү. Та энэ насандаа хүний хатуу сэтгэлтэй тулгарч явж үзсэн үү?

Жемма: Би залуу байхдаа ертөнц дээр хамгийн хайртай байсан хүндээ хатуу сэтгэл гаргаж билээ…Тэр хүн миний дотно хүн байсан. Тэрний тухай зориут ярьсан худал үгэнд би итгэсэн. Тэгээд урвагч гэж нүүрэн дундуур нь гайгүй сайн алгадсан юм. Тэр маань усанд унаж үхсэн. Ямар ч буруугүй байсныг нь би маргааш нь мэдсээн. Тэр хүнийг дахиад амьдруулахыг тулд би үхэхээс ч буцахгүй. / Риваресийн нүдэнд ер бусын оч гэрэлтэж гэнэтийн түргэн хөдөлгөөнөөр тэр тонгойн хүүхний гарыг үнсэв. Жемма гайхан эргэж харав/ Та дахиад хэзээ ч битгий ингээрэй. Тун эвгүй байна.

Риварес: Танд алгадуулсан тэр хүнд бас л эвгүй байсан байхаа

Жемма: Тэр хүн үү. /анхааралтай харж хэсэг дуугүй байсны дараа/ Та гэрээсээ оргож өмнөд америкт очсоноос хойш хэдэн жил болж байна?

Риварес: Тэрнээс хойш 13 жил боллоо. /хаалга цохино/

Джемаа: Хэн бэ?

Микеле: Би сиьтор Риварестэй уулзах гэсэн юм.

Риварес: Микелле. Оруулаач, хатагтай. /өндөр нуруутай гуалиг хүн орж ирнэ. Нууж хаах юмгүй, зорьмог, өтгөн үстэй ажээ. Орон дээр хэвтэж байгаа Соныг хараад зогсоно/

Микеле: Чи яав соно оо! Өвдөө юу?

Риварес: Зүгээр, зүгээр, тамирдсанаас биш бие эрүүл

Микеле: /толгой сэгсэрч/ Эрүүл хүний шинж чамд алга аа. /Жеммаг харна/

Жемма: Би танд кофе бэлтгээд ирье Риварес. /явна/

Риварес: Юу болоов Микеле?

Микеле: Сүйд боллоо Соно минь. Доминикино баригдсан.

Риварес: Юу? Доминикино баригдсаан? Хэзээ хаана тэр вэ?

Микеле: Өчигдөр. Монтефартиногийн хавьд уулын хавцалд олоод авсан байна билээ. Тэрэнтэй хамт бас хоёр хүн баригдсан. Хэнийг нь мэдэхгүй байна. Бризигеллатай холбоо огт тасарлаа.

Риварес: А…а чөтгөр! Ийм чухал цагаар. Мөн хэцүү яа. Одоо дахиад л хүн гаргах хэрэгтэй болох нь… тэр лүү яах гэж явав аа? Тагнуулын үүр тэнд олон байдаг шүү дээ.

Микеле: /зовсон янзтай/ Ийм байнаа, Соно минь… уулынханд Луиджи бид хоёрын бэлтгэж явуулсан зэвсэг ачсан хоёрдугаар цувааг Сан-паоло ууланд түр нуухаас өөр аргагүй болоод…

Риварес: Юу? Тэр цуваа цас зоогдчихсон уу?

Микеле: Хавцалд дайснууд үүрлэсэн байна гэж малчид бидэнд мэдээ өгсөн юм. Тэгэхээр нь хүлээх болоо л доо. Чонын ам руу ороод явалтай нь биш. Тэгээд чамтай холбоо барь гэж Доминикинод хэлүүлсэн чинь мань хүн гай болж бидэн дээр оччихоё гэж яваад … тэр…

Риварес: Аппецинын ууланд жим олдохгүй байлаа гэж үү дээ? Уулынхнаа алд даа та нар!

Микеле: Зэвсэгээ ч гаргаж чаднаа итгээрэй, Соно минь. Хэдхэн хоногийн дараа хүрэх газарт нь хүргэнэ. Жаахан хүлээзнэх л хэрэгтэй байна.

Риварес: Хүлээзнэх ий? Венец хот бослогод бэлэн. Эхлэх гээд бидний дохиог хүлээж айхад та нар зэвсгээ ч хүргээгүй байж байдаг.

Микеле: Хамгийн цаанадаж 3 хоногийн дараа зэвсэг хүргэнэ гэдгээ тангаргалъя. Харин Доминикино байхгүй яах вэ? Бризигеллад хэн ажиллах вэ?

Риварес: /диван дээрээс хөлөө буулгаж босно/ Би! /гээд зэргэлдээх өрөөнд орж хувцасаа өмсөнө/

Микеле: /үүдний дэргэд очин/ Чи юу? Галзуурав уу? Ийм тод мэдэгдсэн таних тэмлэгтэй байж яаж Бризигеллад очиж болдог юм бэ? Романьегийн тагнуул бүр чамайг танина. Дор чинь баривчлана.

Риварес: Тэр дэмий! Би өөрийгөө хувиргаж чадна. /өөр хувцастай гарч ирнэ/ Санпаоло руу давхи! Микеле! Аль болох ойрны хугацаанд зэвсгээ хүргэ. Чамд 2 хоногийн хугацаа өгье. Хоёрхон хоног шүү. Зэвсгээ хүн бүрийн гарт өгсөн гэдэг мэдээ чамаас авснаас хойш би бослогын дохио өгөх болно.

Микеле: Биелүүлнэ. Би чамайг дөхүүлж өгөх үү?

Риварес: Унаа олдвол одоо ч явлаа.

Микеле: Би морь авчирсан.

Риварес: Сайн байна, баярлалаа, Микеле. Хаана байна?

Микеле: Зэргэлдээ айлд. Цэцэрлэг дотор. Хамт гаръя. Би чамайг жаахан дөхүүлье.

Риварес: Үгүй Микеле. Ганц ганцаараа өөр өөр зүгт явна. Ингээд хоёр хоногийн дараа бүтэн сайн өдөр би чамайг Бризигеллид хүлээнэ.

Микеле: Очно, Соно. Гэхдээ хаахна очих вэ?

Риварес: Сүмийн дэргэдэх талбай дээр хүлээгээрэй. Гаднах байдлаа тун сайн өөр болгох хэрэгтэй шүү. Гуйлгачин юм уу, тахир дутуу хүн шиг явсан л дээр дээ. Яг шөнө дунд болохоор би буурал сахалтай мөргөлчин байдлаар очно. Сайн ажаарай.

Микеле: Бризигеллийн орчим хүнгүй газар уулзвал дээргүй юу?

Риварес: Үгүй, Микеле дэмий. Одоо Бризигеллад чинь мөргөлчин зөндөө. Хамгийн аюулгүй газар тэр. За давхи! /Микеле гарыг нь чанга атган явав. Риварес үүд тийш явна./ Синьора Болла! /Жемма орж ирнэ/

Жемма: /айн балмагдаж/ Та яах гэж босоо вэ?

Риварес: /инээмсэглэн/ Би одоо явлаа.

Жемма: Ийм байж уу, та солиоров уу?

Риварес: Би зүгээр … би явалгүй болохгүй нь синьора

Жемма: /шийдэмгий/ Үгүй ингэж олохгүй. Дахиад муужирна. Рикардо хэлэхдээ …

Риварес: Эмч нар гэдэг чинь лам нараас дутахгүй худалч улс.

Жемма: Би Рикардог дуудна.

Риварес: /гараас нь барьж/ Ашиггүй ээ, синьора. Та тэрнийг авчиртал би Пьяченц орох замаар давхиж явна.

Жемма: Та юу ярьж байгаа чинь энэ вэ? Риварес! Таны бие сул өвчтэй байна.

Риварес: Бага хэрэг…Миний мэдрэл, зүрх чулуу л гэсэн үг. Тэгээд ч би адгуус шиг тэсвэртэй амьтан.

Жемма: Тэгвэл би тантай явна.

Риварес: Энэ ч ёстой хэрэггүй туршилт биз. Харин та намайг өрөвдөхдөө биш бидний үйл хэрэгт туслах гэсэн сэтгэлээр явбал би баярлах байх.

Жемма: Танай үйл хэрэг…Би тэрнийг чинь даанч мэдэхгүй юм.

Риварес: Намайг эргэж ирсэн хойно, тав хоногийн дараа тэр тухай яримз. Тэх үү … Одоо … баяртай … синьора /явна//Жемма саргай цэцгийн савны дэргэд очно, бодлогошроно. Мартини орж ирэн гайхан тасалгааг харна/

Мартини: Өвчтөн яасан бэ?

Жемма: Явчихсан.

Мартини: Явчихсаан? Өвчтэй байж уу? Хаашаа? Яах гэж?

Жемма: Битгий шалгаа даа Чезаре. Би мэдэхгүй байна.

Мартини: Та яагаад явуулчихваа?

Жемма: Яаж явуулахгүй байх юм бэ? Чезаре, би танаас нэг юм гуйя. Өмнөд америкт явсан Парисийн Дюпрессийн судалгааны ангийн тухай мэдээ, баримт хэрэгтэй байна. Хэзээ гараад хэдийд эргэж ирсэн юм болоо? Эквадорт хэдийд байв? Сар өдөр нь яг тодорхой хэрэгтэй шүү Чезаре.

Мартини: Мэдэхийг бодъё, яах гээв Жемма?

Жемма: Сүүл би танд учрыг нь хэлж өгөмз

ДОЛДУГААР ҮЗЭГДЭЛ

Джеммийн өрөө. Жемма захиа уншсаар орж ирнэ.

Жемма: “Дюпрессийн хайгуулын анги 1938 оны 4-р сард Квитогоор өнгөрсөн” /захиа барьсан гар нь аяндаа доошлов/ Артур 1833 онд нас барсан … 5-р сард … 5 жил … болж … үгүй ээ, энэ болшгүй хэрэг … /сандал дээр бодлогошрон сууна/ үнэний нь мэдвэл … мэдээдэхвэл … /гээд толгойгоо салаавчлан хэсэг сууснаа бичгийн ширээний нэг нүдийг нээн нэгэн хүний хөрөг гаргаж удаан харна//гадаа Риваресийн дуу/

Риварес: Синьора орж болох уу? /Жемма цочисхийв/

Жемма: Би жигтэйхэн цочлоо!

Риварес: Уучлаарай синьора, миний сууж байсан байр тагнуулуудад мэдэгдээд намайг барихаар бэлдэж байна гэж манайхан мэдэгдлээ. Тэгээд би морио нууц газар оруулаад шууд танай руу ирлээ.

Жемма: Яамай даа, Риварес гуйя.

Риварес: Баярлалаа синьора, миний нэр дээр ирсэн захиаг та аваагүй биз?

Жемма: Таны нэр дээр ий? Үгүй.

Риварес: Синьора, та надад битгий уурлаарай даа, таны хаягыг бас ашигласан шүү. Энэнээс өөр арга надад болдсонгүй.

Жемма: Юухан хээхнээр ч гэсэн танд тус болвол би баярлахаас өөр юу байх вэ? /хэсэг дуугүй//хөргөө Риварестэй харьцуулан юм бодсон мэт болж байснаа өгнө/ Синьор Риварес, үүнийг та юу гэж хэлмээр байна./ Риварес тонгойн хөргийг холоос удтал харна. Жемма түүнийг хичнээн хичээнгүй ажиглавч Риварес огт хувирсангүй/

Риварес: Дээрх зураг нь их элэгдэж тэгээд ч хүүхдийн нүүрийг танихад амаргүй … Гэхдээ энэ хүүхэд амьдралдаа жаргахгүй байсан болов уу гэмээр харагдах юм. Бага насандаа таалал төгссөн бол сайн л сан байх.

Жемма: Таны таньдаг хэн нэгэнтэй хүнтэй огт төс алга уу?

Риварес: Хачин юм нээрээ төс байна шүү.

Жемма: Хэнтэй төстэй байна?

Риварес: Монтанеллитэй адил байна. Тэр нүгэлгүй ариун хамба гуайд зээ мээ байдаггүй юм болов уу? Та уучлаарай хэний зураг юм бэ?

Жемма: Миний танд ярьж байсан дотно найзы минь хүүхэд байхын зураг

Риварес: Таны аминд нь хүрсэн гэдэг үү?

Жемма: Тийм ээ … гэхдээ тэр минь нээрэн л нас барсан бол …

Риварес: Бол ий?

Жемма: /нүдээ салгалгүй түүнийг харна/ Заримдаа нас барсан гэдэгт нь би эргэлздэг юм. Биеийг нь олоогүй юм шүү дээ. Тан шиг гэрээсээ оргоод өмнөд Америк руу явчихсан ч юм билүү?

Риварес: Тэгээгүй л гэж бодох хэрэгтэй. Тэгсэн юм гэж бодоод байвал танд аймшигтай болно. Ямар  нэгэн хүн надас болж өмнөд Америк руу зугатсан гэж би мэдвэл чухам шөнө унтаж чадахгүй.

Жемма: /өөрийн сандарч байгаагаа үзүүлэхгүйн тулд гараа чанга атгана/ Хэрэв тэр хүн үхээгүй байгаад таны эдэлсэн зовлонг эдлэж, таны үзсэн бүгдийг үзэж яваад надтай дайралдвал намайг уучлахгүй байсан бол уу? Энэнээс болж би өөрөө их тарчлаж яваа хүн шүү … Намайг уучлахгүй л байсан юм байх даа. /хэсэг дуугүй/

Риварес: /удаанаас/ Миний санахад өнгөрсөн нь өнгөрснөөрөө л үлдвэл дээр. Мартахад тун хэцүү зүйл хүнд байдаг юм. Тэгээд ч хэрвээ би таны тэр найз хүн чинь байсан бол хуучнаа сэргээж бодоод яах вэ л гэж санахсан. Өнгөрсөн юм гэдэг чинь олигтой өөдтэй байдаггүй байх. /хэсэг дуугүй/

Жемма: /аяархан/Синьор Риварес, та өөрийн нэг хэргийн тухай надад ярина гэснээ санаж байна уу?

Риварес: Санаж байна. Тэр тухайн хэргээр ч би ирлээ. Синьора хэрвээ жинхэнэ тэмцэлийн үйл хэрэгт оролцох бололцоо танд тохиовол та яах вэ?

Жемма: Дуртай оролцоно, Риварес

Риварес: Би үнэнээ яръя. Би тийм эрхтэй ч байх. Та цааш нь тараахгүй гэдэгт би бат итгэж байна.

Жемма: Та эргэлзэх явдалгүй Риварес

Риварес: Романьед бослого хийх бэлтгэл явагдаж байна. Лам нарын харигслалыг эсэргүүцэх хоёр удаа боссон эрх чөлөөнд дуртай, тэвчээр хатуужилтай Апенниний уулынхан зэвсэгт бослого хийх гэж байна. Романьегийн тариачид ч нэгдэх ёстой юм. Лам нарын харигслал, шунахай мөлжлөгөөс болж хүн ардууд бэрхэд хүрч, шашинд мунхарсан хаарнхуй бүдүүлэг улсууд тармуур, сүхээ барьж тэмцэхэд бэлэн байна.

Жемма: Бослого зөвхөн Романьед болох юм уу?

Риварес: Үгүй ээ, синьора. Бидэнтэй хамт Венецийнхэн босно гэсэн юм. Бүх юм бэлэн, бидний дохиог л хүлээж байгаа. Айхтар шуурга дэгдэн балмад мууг арилгана гэж бат итгэж байна синьера. Италийн ард түмэн биднийг дэмжинэ. Синьора, та бидэнд туслах санаа байна уу?

Жемма: байлгүй яах вэ, Риварес. Шаардагдах болгоныг би дуртай хийнэ. Манай хорооны ажлын зорилго, агууллага ч энүүнтэй яг холбоотой. Би юу хийх вэ?

Риварес: Одоохондоо би таныг ийм юм хийнэ гэж яг таг хэлж чадахгүй байна. Би хэл өгнө. Одоо бол синьора гол нь зэвсэг хүргэх ажил. Тун даруйхан л хийх ёстой юм. Энүүнд л таны туслалцаа хэрэгтэй болох болов уу. Их аюултай ажил гэдгийг танд сануулъя синьора.

Жемма: Үнэндээ миний амь надад огт хэрэггүй. Харин хүнд тустай юманд зориулаад үхчихвэл гомдох юм алга.

Риварес: /гарыг нь чанга атгаж/ Баярлалаа синьора. /хаалга цохив. Жемма гараад буцаж орж ирнэ/

Жемма: Риварес танд…/бичиг өгнө/

Риварес: /уншаад инээмсэглэнэ/ Би үүнийг чинь л хүлээж байсан юм. Одоохон Бризигелла руу явах хэрэгтэй боллоо.

Жемма: Та жаахан хүлээгээч Риварес. Бороо их орж байна. Тэгээд ч жаахан амрах ёстой байна.

Риварес: Яавч болохгүй синьора… Үүрээр би Бризигеллад байх хэрэгтэй. Морь минь байна уу, замд саадтай юу, үгүй юу гэдгийг шинжлээд орхиё. Арван минут болоод би ирнэ. Хоёулаа салах ёсоо гүйцэтгэнэ дээ.

Жемма: Би танд идэх юм бэлдээдэхье.

Риварес: Болвол та надад өтгөн шиг кофе өгөөрэй.

Жемма: Та бэлтгэл хаалгаар гарвал дээр биз. / Риварес явав. Жемма ч гарлаа. Тэр даруй Жемма, Мартинитай буцаж орж ирнэ/ Таны ирсэн нь юутай сайн юм болов оо, Чезаре, таны туслалцаа надад их хэрэгтэй байна.

Мартини: Хэл, хэл Жемма

Жемма: Чезаре та миний сайн найз учраас би танд үнэнээ нуулгүй хэлье. Риварессийн нэг нууц ажилд би … тус болъё гэсэн юм. Танаас юм нуух танд сэжиг төрүүлэх юм байлгахгүйсэн гэхдээ би танд ярьж байгаа юм шүү. Тэгээд намайг биеэ даасан улс төрийн чухал ажлаар явлаа, ийм учраас хорооны ажилд хэдэн сараар оролцож чадахгүй нь байна гэж манайханд дамжуулаарай. /Мартини үсээ арзайлган өрөөн дотуур нааш цааш явна. Жемма түүнийг анхааран харна/ Чезаре танд эвгүй санагдаж байнаа даа? Би их харамсаж байна. Гэвч үүнээс өөр ямар ч арга байхгүй.

Мартини: /гэнэт дэргэд нь очоод гарыг нь бариад/ Жемма, болъё гэж хэл. Хожимдоогүй дээрээ боль! Та Риварессийг мэдэхгүй. Тэр чинь тун их аюултай чулуу шиг зүрхтэй хатуу сэтгэлтэй хүн. Тэгээд таныг үл бүтэх хэрэгт орооцолдуулаад…

Жемма: Хэн ч хэнийг ч орооцолдуулах гээгүй юм, Чезаре. Би өөрөө шийдсэн.

Мартини: Болъё гэж хэл, Жемма … Риварес чинь дэндүү амиа бодсон хүн. Тэр таныг оролцуулах гээд байдаг нь … ганцхан … ганцхан танд хайртайдаа ч тэгж байгаа юм биш Жемма.

Жемма: Ээ, бурхан минь та ямар дэмий юм бодно вэ?

Мартини: Тийм ээ, тийм. Танд хайртай юм билээ … өөртэйгөө хамт л таныг чадна Жемма! / Риварес эргэж ирэв/

Риварес: А…а, Мартини … Таны ирсэн нь сайн болж. Та надад их тус болмоор байна Мартини

Мартини: Тэгье, Риварес

Жемма: Би танд кофе авчирч өгье. /явна/

Риварес: Би одоо явлаа тэгэхээр энд тэндгүй намайг эрж байгаа тагнуулуудын анхаарлыг бууруулмаар байна. Та тус болж миний байрны цонхны хөшгөн дээр сүүдэр чинь тусаад байхаад үүр цайтал сууж аль. Юм хийж байгаа маягтай л байх хэрэгтэй. /Мартини толгой дохив. Хэсэг дуугүй/

Мартини: Риварес, та Жеммаг ямар хэрэгт оролцуулах гээд байна?

Риварес: Би энэ хүнийг ер албадаагүй. Энэ хүн өөрийн санаачлагаар ажиллана гэсэн юм шүү.

Мартини: Тэрнийг би мэдэж байна. Гэвч …

Риварес: Би чадах юм бүхнээ л танд ярина …

Мартини: Тэр хийх ажил нь аюултай юу?

Риварес: Аюултай /хэсэг дуугүй/

Мартини: Би танаас нэг юм асуумаар байна. Та хариулахгүй байсан ч болно. Хэрэв хариулвал үнэнээ хэлнэ шүү. Та энэ бүсгүйд хайртай юу? /Риварес дугүй/ Та хариулах дургүй байна уу?

Риварес: Яалаа гэж. Харин та яах гэж ийм юм асууж байгаагий чинь би мэдэх эрхтэй байхаа гэж бодож байна.

Мартини: Даанч дээ… та ер мэдэхгүй байна гэж үү?

Риварес: А…а /Мартини нүдрүү харж удаан аярхан хэлэх нь/ Тийм ээ, би энэ бүсгүйд хайртай. Тэгэхдээ энэ сэтгэлээ өөрт нь хэлж яршиг болно гэж битгий санаарай. Тэгээд ч Мартини би энэ удаа өөрөө амь гарна гэж бодохгүй байна. Намайг дүүжлэх олс хүзүүгий минь ороочихоод байна. Романте руу явж байгаа минь тэр олсоо чангалаад боож үхнэ гэсэн үг.

Мартини: Хэрэв танд тийм муу юм бодогдоод байгаа бол битгий яв. Таны оронд би явъя.

Риварес: Ээ, бурхан минь амь бие хайрлахгүй гэж сэтгэл хөдлөм юм яриад яах вэ. Хэрэв би энэ хэрэгтээ үхэх ёстой юм бол үхэхээс биш яах вэ.

Мартини: Би үйл хэргийнхээ төлөө амьд явах хэрэгтэй юм бол түүндээ захирагдахаас биш яах вэ. Тийм үү? Яах ч арга алга… /гараа атгацгаана/Та азтай хүн юм Риварес

Риварес: Уг нь миний ажил үйлс бүхэн бүтэмжтэй л байдагсан. /Жемма орж ирэн ширээн дээр кофе тавина/

Жемма:– Риварес та суу, хүч чадлаа жаахан сэлбэх хэрэгтэй байна.

Мартини: Бороо ороод л байдаг. Би явж цуваа аваад ирье.

Риварес: Яг 12 цаг болохоор би явна.

Мартини: Би амжинаа. Намайг ирэхээс нааш та явахгүй байвал зүгээрсэн. Кэттийг унт гээд явуулна байгаа, Жемма. Харин ирээд хонх дуугаргаж дуу шуу болж байхын оронд би гадаах хаалганы түлхүүр аваад явъя. /явна/

Жемма: Кофе уу Риварес. Би танд зөөлөн боов авч өгье.

Риварес: /мөрөн дээр нь тонгойж/ Юу вэ? Цаана чинь шоколадтай чихэр байна уу даа… Өө, энэ чинь хаан хүний идээ.

Жемма: /инээмсэглэж/ Та бас амттай юманд дуртай юу? Чезарт өгөх гэж би байнга авч явдаг байдаг юм. Амттай юм өгөхөөр хүүхэд шиг баярладаг хүн байгаа юм.

Риварес: Нээрэн үү? Тэгвэл наадахы чинь би аваад явъя, Чезарт та маргааш бэлчихгүй юу. Би энийг чинь замдаа идэж амьдралынхаа гээгдсэн баяр баясгалангаа санаж сэтгэлээ хуурч явъя. Энэ надад хүрнэ, Жемма. Үүний нь одоо идье.

Жемма: Би шоколаданд дургүй, та битгий маягла, суу. Та бид хоёрын аль нэг нь алагдахаас нааш ингэж хоёулахнаа ярих бололцоо олдоо ч билүү, үгүй ч билүү..

Риварес: Энэ бүсгүй шоколаданд дургүй гэнэ. Ганцаараа л идэж үзэхээс биш. Өнөөдөр та миний аашлах ааш болгоныг аялдаж дарах хэрэгтэй. Хамгийн түрүүнд та энэ зөөлөн сандал дээр суугаад би энд хэвтмээр байна. Хачин сайхан болно… /хивсэн дээр Жеммагийн хөлд хэвтэв/ Таны царай яасан цонхигор байх юм бэ? Энэ яагаад вэ гэвэл та амьдралыг хэт чухалд үзэж шоколаданд дургүйнх.

Жемма: Та тоглоом тохуу хийлгүй ядаж 5 минут байгаач. Одоо чинь амьдрал үхэл хоёрын аль нэгийг үзэх болоод байна шүү дээ.

Риварес: Наадам хийхгүй байж чадахгүй нь ээ. /хоёр гарыг нь барьж хурууныхаа үзүүрээр илнэ/ Хилэнгийн тэнгэр шиг ийм догшин харц гаргаад яах вэ. Тэрэнд орвол сайхан инээмсэглэдэгээрээ инээ. За, за битгий уурлал даа, миний сайхан бүсгүй. Хоёулаа томоотой хүүхэд шиг жаахан сууя. Хэрэлдэхгүй шүү. Чимээгүй сууя. Тэгээд сүүлд нь нэг маань нас барчихад нөгөө маань энэ цагийг санаж яваг. /Жеммагийн өвдгөнд нүүрээ нуун сууна//Жемма тонгойн түүний толгой дээр гараа тавив. Удтал хоёул дуугүй байна/

Жемма: Сайн нөхөр минь, бидэнд хэдэн минут үлдлээ. Одоо Мартини эргээд ирнэ. Дахиад та бид хоёр хэзээ ч уулзахгүй байж болно. Та надад хэлэх юм үгүй юу?

Риварес: /өндийж удтал Жеммаг харна/ Тэгье … би танд юм хэлье … би … одооноос 13 жилийн өмнө тэгэхэд би 20 настай байлаа. А, Мартини ч яг цагтаа ирлээ. Мартини та ч амьд цаг юмаа. Таны замд өмсдөг цув чинь энэ үү?

Мартини: Тийм ээ, битгий нэвтрээсэй гэж бодоод байхад бороо нь даанч аадар юм. Таны энэ удаагийн аялал аятай ч юм биш дээ, Риварес.

Риварес: Тэр бага хэрэг. Харин гудамжаар нөгөөдүүл байхгүй байна уу?

Мартини: Өнөө тагнуулууд чинь нэвт норж, унтахаар гэртээ харьсан юм дагаа

Риварес: /цув өмсч, зогсоогоороо нэг аяга кофе уугаад малгайгаа авав./ За явах цаг боллоо. Баяртай синьора. Би хэл өгнө. Хүлээгээрэй. Жаахан азна… /тэмдэглэлийн дэвтрээсээ хуудас тасдаад хэдэн үг бичив/ Юу ч гэсэн үүнийг ав. Явъя Мартини. /явна. Жемма хөдлөлгүй чимээ чагнан зогсоно. Дор хаалга тасхийв/ “Уулзахдаа би танд хамаг бодлоо хэлнэ” /цонх руу гүйн очив. Алсаас морины төвөргөөн ойртож чангаран түргэсэрхэм ээ холдоно. Энэ нь байшингийн хажуугаар Риварес өнгөрч буй нь билээ/

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сурталчилгаа

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s