Дайн (1919) – Луйжи Пиранделло

Миний бүтээл өөрийгөө хуурч буй хүмүүсийг өрөвдөх гашуун сэтгэлээр дүүрэн байдаг.

Луйжи Пиранделло  (1867-1936)

Шөнийн хурдан галт тэргээр Ромыг аль хэдий нь ардаа орхиод буй зорчигсод маань аялалаа үргэлжлүүлэхийн тулд Фабрианогийн галт тэрэгний жижигхэн буудал дээр үүр цайтал хүлээх хэрэгтэй болоод байлаа.

Өглөө болоход бүгчим, тамхины утаа дүүрсэн хоёрдугаар зэргийн галт тэрэгний өрөөнд таван зорчигч уйтай шөнийг үдээд байтал гашуудлын хувцас хэдэрсэн том биетэй эмэгтэй орж ирсэн нь хэлбэр галбиргүй хар шуудай адил харагдаж байв. Харин түүний ард тамхи баагиулсан жижиг биетэй туранхай, ядрангуй эр байх агаад түүний нүүр нь хувхай цайж, түгшүүр буусан нүд нь гялалзах шиг харагдана. Тэрээр галт тэргэнд орж ирсэн даруйдаа суудал олж аваад, эхнэр болоод өөрт нь тусалсан зарим зорчигч нарт баярласнаа эелдгээр илэрхийлэв. Жижиг гадуур хувцасныхаа захыг буулгах гэж оролдон буй эхнэр рүүгээ эргэн хараад мөн л эелдгээр “Чи зүгээр үү, хонгор минь” хэмээн асуусанд нь эхнэр нь хариу хэлсэнгүйгээр үл барам хувцасныхаа захыг эргүүлэн босгоод нүүрээ далдлав. “Хэрцгий ертөнц шүү!” хэмээн нөхөр бувтнаад гунигтайгаар инээмсэглэнэ.

Тэрээр хорь дөнгөж хүрээд байсан хүү нь дайнд яваад байгаа тул хөөрхий эмэгтэй өрөвдүүлэх ёстой гэдгийг бусаддаа хэлэхээ үүргээ гэж үзэв. Түүний ярьснаас үзвэл тэр хоёр хүүдээ хязгааргүй их хайртай байжээ. Хүүгээ их сургуульд сурахаар Ромд очиход нь хоёулаа Сулмона дахь гэрээ орхин түүнийг дагаж очсон гэнэ. Дараагаар нь хүүгээ дор хаяж зургаан сарын турш фронт руу илгээгдэхгүй гэсэн баталгаатайгаар сайн дураараа цэрэгт алба хаахыг зөвшөөрчээ. Гэтэл одоо түүнийг нь даруй гурван өдрийн дотор фронт дээр очихыг шаардсан тул тэр хоёр энд ийн явж байгаа нь тодорхой болов.

Гашуудлын хувцаст эмэгтэй ярвайн, зэрлэг адгуус адил хүржигнэх нь голцуу түүнтэй адил хүнд нөхцөлд буй хүмүүсээс энэрэл өрөвдлийг яагаад ч хүлээхгүй гэдгийг мэдсэнийх байлаа. Түрүүнээс хойш машид анхааралтай сонсож байсан эмэгтэй:

– “Та хоёр хүүгээ ердөө фронт руу явж байгаад нь бурханд талархах хэрэгтэй. Миний хүү дайны эхний өдрөөс л фронт руу явсан. Түүнээс гадна хоёронтоо шархдаж хүрч ирээд аль хэдий нь эргээд фронт руу зүглэсэн.” хэмээхэд өөр нэг нь:

– “Би тэгээд яах юм бэ? Миний хоёр хүү, гурван ач фронт дээр алба хааж яваа…” гэснээ “Гэвч энэ удаад цорын ганц хүүгийн талаар яригдаж байна л даа. Гэсэн ч ер нь ямар ялгаатай юм бэ? Та хүүгээ эрхлүүлж өсгөсөн байж болно. Гэхдээ танд өшөө олон хүү байсан бол түүнийгээ бусдаас нь дээгүүр хайрлах байсан гэж үү? Эцэг эхийн хайр гэдэг бол хүүхэд болгонд тэнцүү хуваагаад өгчихдөг талхтай огтхон ч адилгүй. Эцэг хүн арав байна уу нэг байна уу гэдгийг үл харгалзан хүүхэд бүртээ адил хайртай байна. Би өөрийн хоёр хүүгийнхээ төлөө сэтгэл зовниж байгаа бол би хүү бүрийнхээ төлөө хагас зовнихгүй харин давхар зовниж байна.” гэхэд нь “Зөв, зөв” хэмээн нөхөр санаа алдаад:

– “Гэхдээ хоёр хүү нь фронт дээр буй эцгийн хувьд нэг хүү нь амь үрэгдвэл түүний сэтгэлийг тайтгаруулах нөгөө нэг нь үлдэнэ. Тэр хүү нь амьд үлдэх ёстой хүү. Гэтэл цор ганц хүүтэй эцгийн хувьд хүү нь үхэж гэмээнэ эцэг нь ч мөн адил үхэж өөрийн зовлонгоо төгсгөх ёстой. Тиймээс энэ хоёр нөхцөл байдлын аль нь тэгээд илүү муу байх вэ? Та нар энэ нөхцөл байдлыг юугаараа долоон дор гэдгийг нь ойлгохгүй байна гэж үү” гэтэл “Утгагүй юм” хэмээн өөр нэгэн зорчигч болох нүүрэнд нь цус хурсан, хамгаас бүдэг саарал нүдтэй бүдүүн эр яриаг таслав. Түүний амьсгаа давчдах агаад, томбойх хоёр нүд нь сэтгэлийн их шаналлаас нь болоод юу юугүй сугарах гээд байгаа мэтээ.

– “Утгагүй юм” гэж тэр дахин хэлээд “Утгагүй юм ярьцгаах юм. Бид ер нь хүүхдүүддээ өөрсдийн эрх ашгийн төлөө амьдрал өгдөг гэж үү” хэмээхэд нь бусад зорчигчид түүн рүү зовсон байдалтай харцгаана. Дайны эхний өдрөөс л хүү нь фронт дээр байгаа эмэгтэй шүүрс алдаж:

– “Чиний зөв өө. Үр хүүхдүүд маань бидэнд харъяалагддаггүй. Тэд эх орондоо харъяалагдаг юм.” гэсэнд тарган зорчигч тэр даруй уцаарлан:

– “Бурхан минь, бид тэдэнд амьдралыг бэлэглэхдээ эх орны тухай боддог хэрэг үү? Хүүхдүүд төрдөгийн учир нь… учир нь… тэд хорвоод мэндлэхдээ өөрсдийн амьдралтайгаа цуг бидний амьдралыг хүлээж авдаг. Энэ бол үнэн. Бид тэдний харъяа. Гэвч тэд бидэнд хэзээ ч харъяалагддаггүй. Хүүхдүүд хорь хүрэхэд бид тэдний насан дээр хэн байсан яг л тийм болцгоодог. Бидэнд ч эцэг эх байсан. Гэхдээ өөр олон л чухал зүйл байлаа… Охид, тамхи, төөрөгдөл, шинэ хувцас… Мөн эх орон, тэгэлгүй яах вэ түүний дуудлагыг бид хорьтой байхдаа хүлээн авна. Эцэг эх хичнээн битгий гэсэн ч бид эх орныхоо ачыг хариулах ёстой. Одоо ч гэсэн бидний эх орноо хайрлах хайр хэвээр. Энэ хайр үр хүүхдээ хайрлах хайраас ч илүү чухал гэдэг нь дамжиггүй. Энд хэрэв чадах байсан бол фронт дээрх хүүгийнхээ байрыг дуртайяа эзлэх хэн нэгэн байж л таараа.” гэхүйд бүгд чимээгүй хирнээ зөвшөөрсний тэмдэг болгон өөрийн эрхгүй толгойгоо дохицгооно.

“Тиймээс…” хэмээн тарган эр үргэлжлүүлнэ. “Бид хүү нарынхаа хорин настай цогт сэтгэлийг анхааран үзэх ёсгүй гэж үү? Энэ насан дээр тэд биднийг хайрлах хайраас эх орноо хайрлах хайрыг дээгүүрт тавьдаг нь жам ёсных биш хэрэг үү? (Би энд мэдээж ёс журамт хөвгүүдийн талаар ярьж байна) Ийм байх нь үнэхээрийн жам ёсных биш гэж үү? Эцсийн эцэст тэд биднийг хөдлөхөөсөө өнгөрсөн тул гэртээ үлдэхээс өөр аргагүй болсон ахимаг насны хөвгүүд гэж боддоггүй гэж үү? Эх орныг хэн нэгэн заавал явж хамгаалах ёстой. Ийм учраас хөвгүүд маань явцгаадаг. Тэд ерөөс нулимсыг хүсдэггүй. Хэрэв тэд үхэхэд хүрвэл омог бардам, бас аз жаргалтай үхэхийг хүсдэг. Бид нар уйлахаа болих ёстой. Хүн бүр инээж байвал дээрсэн. Ядаж надтай адил бурханд таларха. Яг надтай адил… Учир нь миний хүү үхэхийнхээ өмнө өөрийн хүсэж болох хамгийн сайхан төгсгөлөөр өөрийн амьдралаа төгсгөж байгаадаа жаргалтай байна гэсэн зурвасыг надад ирүүлсэн юм. Миний хүү өнгөрсөн ч гэлээ би та нарын харж байгаачлан гашуудлын хувцас өмсөөгүй байна…” гэж хэлэхдээ өөрийн бүдэг саарал хүрмээ сэгсрэхэд нь түүний онгорхой шүдтэй эв хавгүй амных нь дээд уруул чичигнэх агаад хөдөлгөөнгүй нүдэнд нь нулимс цийлэгнэнэ. Хэсэг байзнасны эцэст тэрээр мэгшин уйлах ёстой байтал харин чангаар инээв.

“Зөв, зөв. Үнэхээр зөв.” хэмээн бусад нь бувтнана. Харин түрүүнээс хойш буланд өөрийгөө тусгаарлан сууж байсан гашуудлын хувцаст эмэгтэй ч бас энэ бүхнийг сонссон байлаа. Сүүлийн гурван сарын турш нөхөр болон бусад найзууд нь түүнийг гүн гуниглалаас нь салгах үгийг хайсаар иржээ. Гэвч олон гэгчийн үгс дундаас өөрийнх нь уйт сэтгэлийг хуваалцахыг хүсэх хүн ганц ч байхгүй гэдгийг л мэдсэн тул уй гашуу нь улам ихээр нэмэгджээ. Гэтэл тарган эрийн үгс түүнийг бүр гайхшруулж орхижээ. Тэрээр өөрийг нь ойлгодоггүй байсан хүмүүсийн буруу энд огтхон ч байхгүй гэдгийг ухаарав. Хөвгүүдээ фронт руу явуулаад зогсохгүй тэдний үхэлтэй эвлэрэхийг хүсэгч аавууд болон ээжүүдтэй адил өндөрт өөрийгөө тавьж зүрхлээгүй өөрийнх нь буруу ч гэдгийг олж мэдэв. Тэрээр толгойгоо аажмаар өргөөд хар хүрмээ тайлаад тарган эрийн хүүгээ хааны төлөө, эх орныхоо төлөө аз жаргалтайгаар тулалдан улмаар ямар ч харамсах зүйлгүйгээр хэрхэн баатар болсон тухайх яриаг нь анхааралтай сонсохыг хичээж эхлэв.

Ийнхүү хүүгийнхээ тухай хатуужилтай гэгч нь ярьж буй зоригт аавд хүмүүс баяр хүргэх тутам түүнд таатай санагдаж байлаа. Дараа нь гэнэт урьд нь юу яригдаад байсныг ерөөсөө сонсоогүй мэт, яг л зүүднээсээ сэрсэн хүүхэд адил настай эр рүү ойртоод “Тэгээд танай хүү… жинхэнээсээ үхчихсэн юм уу” гэсэнд хүн болгон түүн рүү гайхан ширтэцгээв. Тарган эр ч өөрийн том бүлтгэр, саарал нүдээрээ түүнийг ширтэнэ. Тэрээр түүн рүү хараад л байлаа, хараад л байлаа. Эмэгтэйн тэнэг, үл нийцсэн асуултын эцэст тарган эр нэг л зүйлийг ойлгов. Түүний хүү жинхэнээсээ үхжээ. Үүрд оджээ. Үүрд.

Тарган эрийн царай муухай гэгч нь үрчийснээ, халааснаасаа нусны алчуураа хурдхан гаргаад хүн болгоны гайхлыг төрүүлэн нүүрээ таглаад уйлж гарчээ.

Орчуулсан Ike Urchuud

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s