Дүрслэх урлаг театрт нэвтэрч эхэлсэн нь

Зураг, тайз заслал, чимэглэлийн урлаггүйгээр театр байдаггүй учир энэ тал дээр маш сайн анхаарах хэрэгтэй. Манай театрын анхны үүсэл болж байсан Сүхбаатарын нэрэмжит клуб нь Буяннэмэхийн зохиол “Үнэн” жүжиг тавихад тайзны зураг хийсэн зураач Л. Гаваа “Хувьсгалаас өмнө гадаад дотоодын дарлагчдаас шашны нөлөөгөөр ээвсэглэн олон түмнийг дарлаж байсныг утгачлан харуулахын тулд зураач Померанцев уг жүжгийн заслалд олон янзын хэмжээний самбаруудыг дүүжлэн бурхан, луу хоёрын зургийг голд нь дүүжилж зохиомжийн төв болгожээ. Лам ноён хоёр Хятадын генералыг дундаа суулгаж ноёрхсон дүрсийг гаргаад, ламын түгээсэн шар өнгийн даавуугаар нүдээ боосон ардууд өөрийн эрхгүй сөхрөн унаж дарлагчдын хөлд гишгэгдэгдэж байгаагаар дүрсэлсэн байсан юм.” гэж бичжээ.

Залуу балчир театр хөгжлийнхөө эхэн үед үргэлж том туршилт хийж, урагшилж байсан нь илэрхий. 1933 оны үе бол Зөвлөлтийн урлагт пролеткультын урсгал шүүмжлэгдэн реалист чиглэлийнхээ замд орж байсан бөгөөд энэ хөгжлийг манай театр маш ахар богино хугацаанд тусган авахыг оролдож байв. Ингээд 1933 онд Буяннэмэхийн зохиол “Харанхуй засаг” гэдэг жүжгийн тайз заслал, эд хэрэгслэлийн бэлтгэлийг хийхдээ плакатын аргаас салгаж жинхэнэ үнэн байдлаар хийхээр шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл жүжигт цөм амьдралын бодит зүйлс хэрэглэгдэж байсан юм.

Натуралист хандлагаас тайзны чимэглэлийн урлаг тэр даруйдаа салж чадаагүй бөгөөд энэ нь бас л тэр үеийн зураачид цөөн, тэр дундаа тайзны зураачид цөөнөөс болсон юм. 1934 онд тавьсан “Манжийн хууль”, 1935 онд тавьсан “Шөнийн буг”, “Гурван хорын хүлээс” зэрэг жүжгүүдэд олон үзэгчдийн өмнө хүний толгойг заазуурдан авах, цус урсгах, зарим эсрэг талын хүнийг улам муухай болгож будах зэрэг аргыг хэрэглэдэг байлаа. Натурализмын хандлагаас салахын тулд янз бүрээр туршилт хийж байсны дотор конструктивизм ч бага зэрэг цухуйв. 1934 онд “Учиртай гурван толгой” жүжгийн зураач Бектеева нь тайзыг урьдын байсан натуралист хандлагаас шууд салгахыг оролдсон нь илт бөгөөд маш зоригтойгоор өөрчлөн шийдвэрлэжээ. Үүнд: “Учиртай гурван толгой” гэж гурван шовгор уулыг багаахан хэмжээгээр хийж тавиад түүний зүүн талд уруугаа шатлан орсон талбай байв. Энэ хэтэрхий товчилсон зургийн зохиомж арга нь конструктивизм байв. Гэхдээ энэ нь натуралист байдлаас хазайх зоригтой алхам болсон ч Ши. Аюушийн “Хатан Долгор, харц Дамдин” жүжгийн тайзыг мөн нймэрхүү аргаар хийсэн байв. Гэвч энэ зураачын уран сэтгэмж, санаачилга нь маш их юм. Хоёр талаасаа өгссөн өндөр шатны дээд талд шар феодалын шар гэр, тэр гэрийн доод талд улаан хаалгатай хөх гэр байв. Энэ нь жүжигчдийн тоглоход тун эвтэй, маш үзэмжтэй сайхан тайзны заслал болсон билээ. Гэхдээ энэ нь амьдралын ямар нэгэн туслагдахуун биш, хэтэрхий байрлалыг чухалчилсан бас л дутагдалтай зүйл байлаа.

1939 онд “Хил дээр болсон хэрэг”, 1945 онд “Ах дүү нар” зэрэг эх орны дайны үе, эх орноо батлан хамгаалах тухай жүжгийн тайзыг хийв. Мөн 1939 онд Зөвлөлтөөс театрын зураач Н. Бельский хүрэлцэн ирж ажилласан нь театр судлагч, найруулагч, зураач, зохион байгуулагч чадал авьяастай хүн байв. Нам улсын баяр наадмын үзэсгэлэнгүүдийг хийх ажилд ихээхэн оролцож байжээ. Зураач Н. Бельский “Лимбэ”, “Шарай голын гурван хаан”, “Залуу эх Замбага”, “Талын баатар” зэрэг жүжгүүдийн тайзны заслалыг хийв. Тэрбээр монголын угалз, хээ зэргийг сүртэйгээр хэрэглэн зурах өвөрмөц талтай байсан ба Төв театрын техникийн анги, тасгийн бүрэлдэхүүннйг зохион байгуулах, зургийн бүлгэм дугуйланд онолын лекц унших зэрэг олон талт ажлыг гүйцэтгэдэг байлаа.

Тэр үед бас нэгэн залуу зураач төрөн гарсан нь Н. Чүлтэм байв “Хатанбаатар Магсаржав”, “Урлал” зэрэг жүжгийн тайз чимэглэлийг хийв. Энэ үед театрын зураачдын эгнээ өсөж Л. Гаваа, Н. Чүлтэм, Л. Магвал, уран барималч Жигжид, Гүрдорж нарын урчууд ажиллаж театрын тайзны чимэглэлийн урлагийг нэлээд их урагш ахиулсан билээ. 1936 оноос Померанцев Н. В. Гоголийн “Байцаагч түшмэл”, Карло Гольдонийн “Хоёр эзний ганц зарц”, Лопе-де-вегийн “Хонин булаг” зэрэг сонгодог жүжгүүдийг реалист аргаар чимэглэжээ.

1933 оноос улсын хэвлэх үйлдвэрт дагалдангаар ажиллаж байсан залуу зураач Лувсангийн Гаваа, Уран Гомбожав зэрэг хүмүүс театрт ажиллах болов. Эдгээр урчуудын дотроос зураач Л. Гаваа тодрон гарч жүжгийн тайзны заслалын загварыг хийдэг болсон билээ. Померанцев багшийнхаа удирдлага дор Д. Намдагийн зохиол “Сүрэг чоно” жүжгийн тайзны заслалыг Л. Гаваа хийсэн юм.

Э.Оюун – “Монголын театрын түүхэн замнал” номноос

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s