Мэргэжлийн театр байгуулах замд

Хүмүүсийг цуглуул, авьяас билгийг шалгаж авна гэж Улсын бага хүрлаас комисс гарсан бөгөөд тус комисст эмэгтэй Янжмаа, мөн Жамсран, Надмид, А. А. Ефремов, Ц. Гомбожав нар оржээ. Ингээд олонд хүргэх зарлалын үгийг зохиох, түүнийг хэвлүүлэх, тарааж наах ажилд А. Ефремов, Ц. Гомбожав нар ч гар бие идэвхтэй оролцож, Ё. Шаравдоо их үүрэг гүнцэтгэн 1930 оны есдүгээр сарын эхээр Хүрээний зүүн, баруун, урд, хойд хороо, гандан, Богдын ордны урд шар цаасан дээр хэвлэсэн зарлал дээр:

“Хорьдугаар он (1930 он) есдүгээр сарын 17ны оройн таван цагт Ардын цэнгэлдэх хүрээлэнгийн газар Улсын цэнгэлдэх танхимд орохыг хүсэгчдийг шалгаж үзэж авах амуй. Энэхүү Улсын цэнгэлдэх танхим нь олон нийтийн дунд боловсрол гэгээрлийг тараах, театрын уран сайхны зохиолыг үүсгэх ба тус улсын дотор ший жүжгийн хэргииг дэлгэрүүлэхийн тулд байгуулагдан буй амуй. Театрт орогсод нь хамтын чанар бүхий хүмүүжил боловсролтой болно. Тус театр нь улс төрийн ба ерөнхий боловсрол хийгээд уран сайхны боловсрол бүхий улсын хэрэгт хүчээ өгөхийг хүсэх хүмүүснйг бэлтгэх зорилготой амуй.

Шийчин нь театрыг бүр гүйцэд байгуултал цалин авахгүй бөгөөд сайн дурын ший жүжгийн ажлыг хиймуй. Театрын ший жүжигчний тоонд сонгох, сонгогдох эрхийг хасагдаагүй бөгөөд шалгалтанд тохирсон этгээд багтаж ормуй. Шалгаруулахад шалгагдагчдаас ямар нэгэн уран зохиолын хэсгээс цээжээр мэдвэл зохих ба урьд шийд гарч явсан нь шийн зохиолын нэгэн хэсгийг мэдэж цээжилсэн байвал зохино. Энэхүү бичгийг харьяат албан хаагчдад сонсгомуу.” гэж бичсэн байжээ.

Зарлал наасанд есдүгээр сарын 17, 18, 19-ны орой таван цагаас арван цагын хооронд 100 гаруй хүн ирж шалгуулсан байхад дөнгөж арваад хүн авсан бөгөөд дараачийн өдрүүдэд А. Ефремов, Ц. Гомбожав нар мөн Ё. Шаравдоог дагуулан сургууль, зарим клубүүдээр явж шалган үзсэнд бас таван хүнтэй болсон ч сэтгэл дундуур байх учир дахин явснаар мал эмнэлэг, хоршоодын холбоо зэрэг газраас хэдэн хүн нэмж авчээ.

Бичиг үсгийн чадвар тун чухал байсан учраас багшийн сургуулийн багш нарын дотор шалгасанд Д. Цэвэгмид. Т. Нацагдорж. Д. Намдаг зэрэг хүн тохирсон боловч Д. Намдаг. Лувсандамдин хоёр л сайн дураар театрт ажиллахаар болсон юм.

Хэд хэдэн удаагийн шалгалтын дүнд Ц. Гомбожав, Д. Намдаг, М. Лувсанжам, Лувсандамдин, Л. Содном, Д. Цэрэндулам, Д. Бат, С. Сосорбарам, Ч. Цэвээн, Б. Жигмиддорж, Л. Дамдинбазар, Ч. Лувсансодном, Л. Цэндсүрэн, Д. Мажаа нарын зэрэг жүжигчин болох хүсэлтэй хүмүүс орсон юм. Мөн хөгжимчид багш Д. Ишдулам, О. Дашдэлэг, Ю. Цэрэндорж, Раднаабазар (комиссар), Д. Түдэв, С. Түвдэн, Л. Маам, лимбэч Л. Цэрэндорж зэрэг хүмүүс үлдсэн билээ.

Үүгээр анхны театр байгуулах ажлаа эхэлсэн бөгөөд Зөвлөлтийн мэргэжилтэн А. Ефремовын жинхэнэ театрын тухай ойлголтыг Ц. Гомбожав, Д. Намдаг, С. Буяннэмэх, Өөлдийн Чимэд нарын хүмүүс ард түмэн, залуучуудын дунд уриа ухуулгын хэлбэрээр тарааж эхэлсэн нь театрын тогтоц үзэгчид байхгүй бол оршин тогтнохгүй гэдгийг бат ойлгосны учир юм. Жүжигчин ч гол гэдгийг тэд мэдэж хамт олныг хүмүүжүүлэн сургахын зэрэгцээ үзэгчдэд уран сайхны хүмүүжил эзэмшүүлэхийн эхлэл болсон билээ.

Намын Төв Хорооны тогтоолоор байгуулагдсан түр сургууль 1930 оны есдүгээр сарын 25наас эхлэн жүжигчний уран чадвар, театрын түүхийн хичээл орох болов. Мөн шинээр орсон олонх хүмүүс бичиг үсэггүй шахам байсан учир бичиг үсгийн дугуйлан бас хажуугаар нь хичээллүүлж байв. Энэ сургуулийн суралцагчид мөн л сайн дурын үндсэн дээр сурч байсан бөгөөд өдөр нь тус тусын албан ажлыг хийж оройн 18 цагаас 22 цаг хуртэлжүжигчний сургууль хийдэг байсан билээ.

Зөвлөлтийн мэргэжилтэн А. Ефремов цуглуулсан авьяастнуудаа ажилд нь улам илүүсонирхуулахын тулд К. Станиславскийн сургалтын арга барил, тайзан дээрээ хэрхэн амьдрах, сахилга батад дасгах зэрэг жүжиглэх системийг заадаг байлаа. А. Ефремов цаашид жүжигчний уран чадварын сэтгэхүйн бодит хувиралтад сургах, улмаар дүр бүтээх анхны мэдэгдэхүүн өгөх зэрэг олон талын зорилгыг өмнөө тавьж ажилласан юм. Үүнд нь манай анхны мэргэжилтэн найруулагчид болох Жаал Ц. Гомбожав, Д. Намдаг нар идэвхтэй туслалцсанаас гадна найруулагчнйн чиглэлээр дараа нь суралцсан юм.

Сургалт нь ард түмнийг удаан хугацаанд жүжиггүйгээр байлгаж болохгүй тул хавчигдмал хугацаанд үргэлжлэх ёстой байлаа. Авъяаст жүжигчин Дамдинбазар харин энэхүү Станиславскийн нарийн системийг ойлгоогүй бөгөөд миний толгой гүйцэхгүй нь, би өөрийнхөө сурсан жүжиглэлтээсээ хагацаж чадахгүй нь хэмээн жүжгийн бүлгэмээс чөлөө авсан юм. Энэ нь түүний алдаа байсан ч тэрээр хойч үеийнхээ залгамж болох Цагааны Цэгмидийг энэ сургуульд авчирч сургасан байдаг.

Лувсансодном, Д. Ичинхорлоо болон хуучин тоглолтын намбад сүрчихсан бусад хүмүүс энэ шинэ зүйлийг хүлээн авсан бөгөөд санал хүсэл, зан аяг болон ухаан адилгүй янз янзын дүрийг зөвхөн гадна байдлын ялгаагаар ойлгох бус сэтгэхүйн хөдлөлийн үйлчлэлээр гаргах, тэр дүрийн дотор нь орж, түүний бодол, үйл зангаар жүжгийн турш амьдрах гүн гүнзгий ажиллагаанд суралцаж байв. Хүн бүр л энэ хичээлийг өөр өөрийн байдлаар ойлгож тусгаж эхлэв. Ялангуяа Ч. Лувсансодном дасгалын зүйлийг тун нарийн ойлгоод уулаас сэтгэл уян хөдлөлтэй байснаас дүрийн байдалд мархан хувилан орж, дүрийн сэтгэлийн хөдөлгөөнийг тун сайн гаргадаг байв.

Д. Ичинхорлоо, Ё. Шаравдоо нарын дуртгалаас үзвэл “Нэг өдрийн хичээл дээр Ч. Лувсансодном (этюд) дасгалынхаа ажлыг үзүүлэхдээ эхдээ ад болсон өнчин хүүг тоглов. Энэ зүйлийг тэр тун чадалтай, сэтгэлийн хөдөлгөөнийг тун тодорхой тоглосон учир бүх сурагчид уйлахаар барахгуй сургагч багш А. Ефремов ч уйлсан билээ. Сургууль дууссаны дараа багш А. Ефремов багш Ч. Лувсансодномыг сайшааж “Ингэж л үнэн сэтгэх хэрэгтэй. Тэгэхдээ жүжигчин Ч. Лувсансодномын хувьд тоглолтоо шалгаж байх нь тун чухал. Дүрийн байдалд бүрэн шилжиж чадахаас гадна жүжигчин өөрийн тархи, сэтгэхүйн өчүүхэн хэсгээр тоглолтоо шалгаж байх хэрэгтэй. Үүнийг битгий март. Чи тун сайн жүжигчин болно” гэж хэлсэн билээ.

Ийм хатуу байдлаар улсын төв театрынхан ард олны дунд жүжгийн ид шидийг таниулж эхлэхэд бэлэн болсон байжээ. 1931 оны 7 дугаар сард ардын хувьсгалын 10 жилийн ойгоор хэдий жүжигчид бүрэн бэлэн биш байсан ч А. Ефремов, Ц. Гомбожав нар нэг жүжиг тавихаар болжээ. С. Буяннэмэх “Усгүй хар архи”, “Арван жил” хэмээх 2 жүжгийг үүнд зориулан бэлдэж өгсөн байна. Бас найруулагч Ц. Гомбожав, Ё. Шаравдоо нар “МОПР” жүжгийн зохиол гаргав.

Театрын жүжигт хэтрүүлэг (гротеск), давруу (буффонад) аргууд яаж холбогддогийг ойлгуулахын тулд дасгал сургуулилтын замаар ажиллаж байв. С. Буяннэмэхийн “Усгүй хар архи” жүжгийн тайз чимэглэл, хувцсыг жүжигчдээр нь зориуд өөрсдөөр нь хийлгэжээ.

Ефремовын зааснаар мөн жүжгийн зохиолч олон дүрэм, мөрдлөгөөг дагах ёстой байдаг бөгөөд энэ зааврын дагуу С. Буяннэмэх “Үнэн”, Ц. Гомбожав, Ё. Шаравдоо нар “Маргааш” хэмээх жүжгүүд бичжээ. Цаашдын ажиллагаанд орохдоо уран бутээлчдийн үгнйг зөв, тод үтгатай хэлэх, тоглогдогч хүний зан, сэтгэлийн байдалд захируулсан үйл хөдөлгөөн бүрийг утга учиртай болгоход сурах, яаран жүжигт тоглох биш, харин дасгал байнга хийхийн чухлыг ойлгуулав. Ингээд уран чадварын дасгалын шаргуу ажиллагаа эхэлсэн юм.

1931 оны есдүгээр сараас дээрх хоёр жүжгийг сургуулилан эхэлсэнд үүнээс өмнө хүнийг алиа марзан юмаар инээлгэж л байвал сайн гэж бодож байсан улсууд театрын учрыг бага зэрэг ойлгож улс төрийн мэдлэгтэй байх, бичиг үсэгт сурахын төлөө шамдах болов. Уран чадварын хичээлийн дотор А. Ефремов жүжигчдийн тоглохдоо журамлах анхны хуулиуд гэдэг зүйл заасан юм.

Нэгдүгээр хууль: Бусад төрлийн урлагаас ялгарах нэгэн зүйл нь театр бол олон хүн хүч хавсран бүтдэг урлаг юм. Жүжиг тоглохдоо хоёр, гурав, арав, заримдаа хорь гучин хүн гарч тоглох нь олонтаа. Жүжигт гарах зүйлийг уран зурагтай зүйрлэвэл тайзан дээр гарах хүн болгон бие биетэйгээ нягт уялдаа холбоотой байх ёстой бөгөөд бүгд нийлж байж нэгэн цогц утгыг илэрхийлэх юм. Жүжигчдийн хөдлөгөөн бие биетэйгээ авцалдсан байх ба уран сайхны талаар нэгэн жигд байвал зохино.

Жүжгийг тоглож байхад жүжигчид нь энэ байдлын хажуугаар хоорондоо шууд харилцаж байх нь жүжигчний тоглох үндсэи хуулийн нэг мөн. Заримдаа жүжигт гарч байгаад завсарт нь аль нэг жүжигчний үг хэлэхгүй байх явдал гарахад нөхөн үг хэлэх, тэр хэсэгт өөр хүний үгийг сонсох, тэр хэсгээ тодотгохын түлд янз бүрийн үйлдэл хийх ёстойгоо ойлгох ёстой юм. Жүжигчний тайзнаа тоглох гэгч бол тайзан дээр амьдрах ёстойг хэлж байгааг битгий март. Амьдралд ямар нэг үг хэлэхгүй бусдыг чагнах, юм бодох буюу үггүй юм хийж байх нь элбэг. Тэр цагт хүн яаж байдаг тэрэнтэй адил байх ёстой. Өөрөөр хэлбэл яриагүй хэсгээ амьдралтай болгож сурах ёстой юм.

Станиславскийн системээр тоглоно гэдэг нь амьдралд янз бүрийн хүн явж байдаг, ярьдаг, боддогийг жүжгийн хэлнээ буулгахыг хэлнэ. Тэгэхдээ ямар насны, юу хийдэг, ямар мэргэжилтэй хүн юу хүсэж байгааг нь зөв харуулах ёстой. Зохиолын дагуу хэлэх үг байхгүй цагт тайзан дээр болж байгаа явдлаас анхаарлаа салгаж, яахыг мэдэхгүй сул зогсохыг цээрлэх хэрэгтэй. Үг хэлэхгүй зүгээр зогсохдоо тайзны амьдралаас салсан байвал энэ нь үзэж буй хүмүүст их эвгүй үзэгдэх ба үнэн байдлыг үзүүлж буй нь хуурамч болон үзэгддэг. Жүжигчид нь ярих буюу дуугүй зогсовч бусад хүмүүс сонсож байгаа, юм үзэж байгаа гэдгийг санах ёстой.

Үггүй харилцаа тогтоох нь онцгой сайн чадвар мөн. Зарим нэг чадмаг гэгдэх жүжигчид зарим тохиолдолд чадвартаа найдаад хайхрахгүй тоглох явдал гардаг. Тиймээс үргэлж гаргаж буй үйл аягаа анзаарч байвал зохино.

Хоёрдугаар хууль: Тайзан дээр гарсан хүн л бол олон үг ярих ёстой гэж олонх хүн санадаг. Энэ нь буруу ташаа зүйл бөгөөд Монголын театр энэ байдлаас сэргийлэхэд нилээн бэрхтэй болжээ. Жүжигт гарах хүн бие биеэ илтгэгч мэт боддог бодлоос салах хэрэгтэй. Үнэндээ театр гэгч нь үргэлжлэн явагдах тэмцэл буюу үйлдэхүүн мөн. Хүний үзэл санааны зөрчил бүрдвэл театрын үйлдэл үүсэх нь тэр.

Гуравдугаар хууль: Жүжигчний харилцан яриа ба тэмцэл нь уран сайхны туршлагатай байвал зохино. Зүйл бүрийн хүний төрх байдлыг үнэн зөвөөр гаргах нь жүжигчний авьяас юм. Жүжигчний энэхүү авъяас нь орчноо анхаарч, ойлгож чаддагтай гүн холбоотой юм.

Жүжигчний анхаарал, аливаа байдлыг санаа сэтгэлдээ дүрсэлж чадах чадлыг хөгжүүлэхэд төрөлхийн авъяас дээр тулгуурлана. Аливаа жүжигт тоглохдоо аль нэг өгөгдсөн дүрслэлийг хэрэглэх биш, уг жүжгийн утга санааг илэрхийлэх үйл явдалтай тохирсон дүр байдлыг оюундаа баялгаар ургуулан бодох ёстой юм. Монголын үндэсний театр бол зүгээр нэг бусдыг саатуулахын тулд байх бус нийгмийн үзэл санааг илэрхийлж ард түмнийг уран сайхны талаар хүмүүжүүлэх зорилготой юм. Эдгээр нь Ефремовын жүжигчний дүрмүүд юм.

Онолын хичээлийн завсраар энэ бүлгэм “Үнэн” жүжгээ сургууллилаж ламд Е. Шаравдоо, хар феодалд Пүрэвсүрэн, Гэмингийн ноёнд Ц. Гомбожав, дагуулд Түмэнбаяр, барон Унгернд Б. Жадамба, тэмцэгч ардад Ч. Лувсансодном, ардуудад Дагийсүрэн, Жамбаа, Д. Намдаг зэрэг хүмүүс ажилласан билээ. Тус жүжгийг хоёр сар бэлдсэний дараа анх тавьсан юм.

Э.Оюун – “Монголын театрын түүхэн замнал” номноос

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s