1922-1929 оны жүжиглэлтийн тухай товч зүйл

“Хоньчин охин” жүжигт амьдралын хэцүү хүндийг тэвчин, дайсанд өгөлгүй чин зоригтой байвал хэрэг бүтэж, жаргалыг үзнэ гэсэн хатуужил, тэсвэр, муу санаантнуудтай эвлэршгүй байх тухай амьдралын чухал асуудлыг дэвшүүлжээ. Зохиол дахь энэ асуудлыг жүжигчид яаж нэвтрүүлснийг дурдвал: Ноёнд тоглосон Дамдинбазар гаднах дүрс байдал (түүний хувцас, будаг) намба хөдөлгөөн нь бага зэрэг хэтрүүлсэн боловч бодит үнэн намбаар ноёны догшин хэрцгийг илэрхийлэхдээ том алаг нүдээ аймшигтай эргэлдүүлж, урт ханцуйг байн байн дээш шамлан зодохыг завдаж байдгийг инээдэмтэй байдллар шоолон үзүүлэх хэсгүүд дээр бөгсөө хөдөлгөн маяглаж байв.

Ийм хэтрүүлгүүд байсан боловч хэрцгий ноён ийм байлгүй яах вэ гэж итгэгдэхээр уурлан бухимдаж байгаа, мөн эцэст нь партизанууд ирээд түүнийг баривчлахад эрихээ эргүүлэн маани бясалгаж байгаа мэт номхон дүрийг үзүүлэвч үе үе партизануудыг том алаг нүдний аймшигт уухай харцаар харж байгаа нь эвлэршгүй дайсан мөн болохыг өргөж өгч байсан юм.

Харин Ч. Лувсансодном нь хувиа бодсон зарцыг тоглохдоо зөвхөн хар амиа болгож, улаан хоолойгоо зогоож явбал ихэс ямбатан, тэр нь бузар хүн байсан ч, хүн чанараа огт хүндэтгэхгүйгээр, түүний хөлийн улыг долоосон ч яах вэ гэдэг жижиг бодолтой хүмүүсийн ерөнхий дүрийг гаргаж өгчээ. Лувсансодном энэ дүрээ нилээн хэтрүүлэг, шоолсон, инээдэмт байдлаар гаргасан юм. Ноёныхоо өөдөөс харж байгаа нь нялуун, сүүлээ гозолзуулан байдаг эрх хав шиг, хязгааргүй бялдууч, газраар мөлхсөн, ер нь хоёр хөл дээрээ явдаг эсэх мэдэгдэхгүй үргэлж л шахам дөрвөн хөллөн, яс горьдон амаа байн байн долоож байгаа нохой шиг байлаа.

Тэрээр урагш, хойшоо мөлхөн явахдаа дандаа бөгсөө хөдөлгөж хүмүүсийг инээлгэнэ. Ноёны хойноос дагаж явахдаа л хоёр хөллөж явдаг. Харин ноён өөрий нь дуудав уу, үгүй юү бас л дөрвөн хөллөн бялдуучлах байдлыг гаргадаг байв.

Жүжгийн төгсгөлд партизануудыг ирэхэд дайснуудын дүр, байдлыг манай хоёр жүжигчин инээдтэй, шогчлон гаргаж өгчээ. Дамдинбазарын ноён нь бурхны ном бясалгасан мэт байвч партизануудыг үзэн ядсан, хүчтэй мөртөө эвлэршгүй дайсны дүрийг гаргасан бол дэргэд нь Лувсансодном зарц хар амиа алдахгүйн тулд ширээн доогуур биеэ хийгээд бөгсөө ил гарган дагжин чичирч байх юм. Түүнээс нь гаргахад Лувсансодном зарц бүр их чичрэн нүүр ам нь муухай үрчийж, дуу алдаж байх ба ноён зүг зааж байгаа нь хамаг буруугаа тэр рүү чихэн амиа аврахыг бодож байгааг тодотгоно. Алиа, инээдмийн тоглолтод бөгсөө хөдөлгөхийг “бурлеск” арга гэдэг байна (Францаар бүсэлхийн доош яс өвдөхийг ингэж хэлдэг аж).

“Хоньчин хүүхэн”, “Өнчин хүү” жүжигт залуу хүүхэн, өнчин хүү хоёрын гунигт хүнд амьдралыг тусгасан байдаг. Ичннхорлоо хоньчин хүүхнээ, гоо үзэсгэлэнтэй, хөдөлгөөний хувьд нарийн эмзэг, гоё ялдамхан, сэтгэлийн гунигийг илэрхийлэн дуулахдаа уянгалуун аргаар гаргасан байдаг. Ингээд энэ жүжигт монголын шинэ үеийн театрын тоглолтын хуудсыг нээгчид нь болох авьяаст гурван жужигчин хамтран тогложээ. Энэ гурвын тоглолтын намба харилцаа адилгүй. Энэ адилгүй байдлын нэгтгэн төвлөрүүлж асан нь монголын ардын театрын төв ихэмсэг бөгөөд оргилуун бодит намба байдал байв.

Дамдинбазарын оргилуун ихэмсэг (романтическая) намба, Лувсансодномын инээд шогийн хэтрүүлсэн (комедийно-буффонная) намба, Ичинхорлоогийн уянгалаг (мелодрам) намба тус тусдаа өөр боловч адил тал байсан нь тэд үндэсний тоглолтын бодит үнэний намбыг чанд баримталж байснаас түүгээрээ нэгдэж байлаа.

Энэ үед манай гурван жүжигчин ийм олон намбын тоглолтоор тоглосон нь тэр үеийн жүжигчдэд тоглолтын дэг журам байсныг илтгэнэ. Мөн цөм яаж тогловол сайхан, инээдэмтэй, хүмүүст сонирхолтой, ойлгомжтой болох вэ гэдэг талаар мэдэхгүй боловч ямар дүрийг ямар байдлаар тогловол зохих, олон маяг, намбыг туршин үзэж байсан нь тэр бизээ.

Ардын өрөвдөм аялгуугаар дуугий нь дуулж сэтгэл өвдөм сайхан байсан авч утгыг илэрхийлэх, хуучин үеийн амьдралын нийгмийн тэгш бусыг хувьсгалт аргаар үзүүлж, хэв шинжит дүрийг тодорхойлж чадаагүй боловч тэд авьяасынхаа хүчээр түүнд их л дөхөж очсон байна.

Бас ардын аман зохиолын баялаг өвийг орхиогүй бөгөөд үлгэрийн далайн “Ильданд”-ийг тоглоход Ильдандид тоглосон Дамдинбазар, үл хөвдөгт Лувсансодном, хүүхдээ алуулдагт Ичинхорлоо, нөхрөө алуулдагт Ю-Лаанз Цэрэндорж, хэрэг шийтгэдэг хаанд сөөнгө Раднаабазар нар тоглохдоо үгийг тун мэргэн, цэцэн яриагаар зохион ярьдаг байснаас гадна Дамдинбазар нь Ильдандийг тоглохдоо ардын алиа шогчлолын хурц нарийн тоглолтыг гарамгай эзэмшсэн ба инээдмийн жүжигчний авьяас бас бий гэдгээ харуулж чадсан ажээ.

“Шалзат баахан шарга” гэдэг харилцаа дууг үндэслэн хийсэн Дамдинбазарын “Ах дүү хоёр гөрөөчин” жүжиг нь дүүгээ андуурч намнасан анчны тухай, биеэ болон эх, эцэг, дүү, садан төрлөа хайрлан энхрийлж байгааг үзүүлж, хүнлэг энэрэнгүй сэтгэл байх асуудлыг дэвшүүлснээс гадна уянгын үзэгдлийн хэлбэрийг үүсгэсэн билээ. Энэ дуут үзэгдэлд Дамдинбазар, Лувсансодном хоёрын ардын уянгат дууг дуулах чадвар сайн эзэмшсэн болоод сэтгэхүйн гүн хөдлөлтэй байдлыг илэрхийлсэн байдал нь төгс тохирч байжээ. Харилцаа дууг шууд хуулбарлахгүй бодит оргилуун (романтик) намбаар тоглож чаддагаа энэхүү жүжигчид мөн харуулж чадсан юм.

Жүжгийг үзсэн хүмүүс ах дүүгийн барилдлагын ариун үнэнчид (хүнийг хайрлан үзэх сэтгэлээр) уяран биширдэг байлаа.

Харин тэр үед манай орны сэхээтнүүднйн нэг Д. Нацагдоржийн өгүүллэгүүд дандаа орчин үеэ бодит үнэнээр бичиж байсан явдал жүжгийн бүлгэмийихэнд зөв тусгалаа өгч байсан ажээ. Тэр үеийн ард олны дур сонирхол ч энгийн амьдралыг тусгасан жүжгүүд үзэх хандлагатай байжээ.

Дээрх хүмүүс дурдсан жүжгүүдийг тоглож байсны дунд дутагдалтай зүйл цөөнгүй байсан нь үнэн билээ. Үүнээс гадна театрт жүжиг тавигдахдаа олон зүйл мэргэжлийн хүмүүсийн хөдөлмөрөөр тавигддаг боловч тэр дундаас жүжигчид нь хамгийн чухал байдаг. Дээрх жүжгүүдийн ихэнх нь жүжигчдийн тоглолтыг бодит байдалд нэлээд ойртуулах, үг зохиох чадварын хувьд үлгэр түүхийн болон амьдралаас тасархай хоосон үгнүүдийн оронд ардын баялаг цэцэн үгтэй дуунуудыг амьдралтай холбож дуулж, үнэнд ойр ярьдаг болсон нь тэр үедээ дэвшилтэт алхам байсан юм.

Э.Оюун – “Монголын театрын түүхэн замнал” номноос

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s