Хувьсгалын үеийн тайз засал, жүжигчдийн хувцас

М. Горькийн нэрэмжит Москвагийн уран сайхны театрыг Москвагийн Ломоносовын Их сургуультай зүйрлэж байв. Театр бол хүн судлал, амьдрал судлалын ухаан бөгөөд хүмүүст мэдлэг, хүмүүжил ОЛГОДОГ чухал ЗЭВСЭГ мөн гэдгийг удирдлагыг монголын анхны театр мөрдлөгө болгож байжээ. Монголын хувьсгалт театрын урлаг Зөвлөлтийн театрын тусламж, түүний нөлөөн дор хөгжиж байв.

Тайзны урлаг бол дуу, хөгжим, бүжиг, яриа, гэрэл чимэглэл, тайзны чимэглэл, хүмүүсийн хувцас, эдлэл зэрэг олон төрлийн урлагийг нэгтгэсэн байдаг монголын театр өөрийн замналын түүхэнд тайз заслал, зургийн талаар чухам яаж хөгжсөнийг товч боловч дүгнэх нь чухал юм. Театрын урлагт тайзны чимэглэл, зургийн ажил маш чухал байр суурь эзлэх бөгөөд чухамдаа жүжгийн үзэл санаа, цаг ус, орчин ахуй, хүмүүсийн дүрийг ойлгуулж тодорхойлоход хэрэгтэй чухал хүчин зүйл билээ. XVIII, XIX зууны зааг дээр ажиллаж байсан тайзны зураач, онолч Пьетро Гонзаго “Дүрслэх урлаг бол хөгжмөөс ялгаагүй. Театрын тайзны зураг чимэглэл бол хойд туйлын туяа мэт гоо сайхан бөгөөд бас жүжиг дээр гарч байгаа утга санаа, үзэл бодлыг нээн ойлгуулдаг байх ёстой” гэж хэлж байжээ.

Хувьсгалын анхны үед тусгайлан тайзны зураач гэлгүй тайзны ар талд ардын хавтгай зургийн дэвсгэр дээр тоглодог байв. “Хоньчин охин” гэдэг жүжгийн тайз засал нь мөн монгол ардын зургийн аргаар зураглал, хад чулууг орлуулан хэдэн хатуу модон дээр буулгасан зургийг өлгөдөг байжээ. Харин хонийг орлуулан жүжигчид хурган дотортой дээлээ эргүүлэн өмсөн мөлхөцгөөдөг байжээ.

Энэ жүжгийн гол дүр Хоньчин охин нь тэр үеийн баячуудын өмсөж байсан сайн чанарын наамал гутал, шүр сувдыг хэлхүүлэн өмссөн байсан нь тэр үед ямар нэг бодит дүрийг бодит байдалтай адилавтар дөхөм болгож хувцаслах ёстойг ухаараагүй байсных юм. Энэ нь зөвхөн гоё ганган хувцсаар үзэгчдийг татах арга нь байсан билээ.

Харин “Лэтийдэг”, “Өнчин хүү” зэрэг жүжиг гарсан нь тайзны заслалыг бодит байдалд ойртуулах оролдлого гарсаныг илтгэж байв. Энэ жүжгүүдэд нэг гэрийн байдлыг гаргаж түүний дотор хүний амьдралд хэрэгцээт зүйл ор, дэр тавьж жүжигчдийн тоглор шаардлагатай аяга, таваг мэтийн жижиг хэрэглэлийг хэрэглэх болжээ. Гэвч тайзны заслал, эд хэрэгсэл чамбай, цөөн бөгөөд гол утгыг гаргахад тус болохоор хийж хэрэглэдгийг баримтлахгүйгээр жүжгийн үйлдэлд хэрэггүй ч гэсэн зөвхөн үнэн байдалтай хийх гэсэн зорилго төдий юмсыг тавилга чимэг болгон овоолдог байсан натурализмийн хандлагатай болж байлаа.

1929—1930 оны үед Ш. Аюуш нь хээрийн жүжиг зохион наадмын талбай дээр тоглуулж олон түмэнд сонирхуулж байв. Чухам энэ үед ЗХУ-ын урлагт “Пролеткульт”-ийн урсгал явагдаж байсан бөгөөд В. Маяковскийн шог хуудаст үдэшлэгүүд Монголд цуурайтаж байсан билээ. Зөвлөлтийн найруулагч Н. Охлолков жүжгүүдийг гудамжинд тоглуулан, нударган баячууд ба цагаантныг эсэргүүцсэн тоглолтыг хийж байсан байна. Ш. Аюуш нарын тавьж байсан хээрийн жүжиг дээрхтэй төстэй байсан юм. Гэвч ийнхүү хэтэрхий лоозогнон хялбарчилсан маягтай сүр бадруулсан гаднах тоглолт бол хүний сэтгэхгүй, үхаанд нөлөөлөх боловч театрын урлагийн мөн чанарыг алдагдахад хүргэж зөвхөн хэлбэрийн төдий зүйл байлаа.

Тайзны чимэглэл нь олон түмэнд нөлөөлж, утга санааг ойлгуулахад чухал хэрэглүүр болох талыг нь үгүйсгэж тайзны заслалыг үл хайхарч, хэрэггүй шахам болгосон нь хэлбэрийг буруушаах нэг шалтгаан болж хээрийн жүжгүүдийг тавих явдал аяндаа зогссон билээ. Энэ нь харин мөн л манай театрын тайз чимэглэлийн асуудал дээр хийсэн эрэл хайгуул туршлага хийж байсан баримт нь болж үлдсэн юм.

Энэ бүгдээс үзэхэд хувьсгалын анхны арваад жилийн дотор жүжгийн зохиол байгаагүйгээс ардын харилцаа дууг ашиглан, сүүлд нь өөрсдөө зохиож “Сумьяа ноён”-ыг гаргасан юм. Энэ үеийн монголын театрын зүтгэлтнүүд үзэгч олныг жүжиг үзүүлж сургах, улс төр, амьдралын мэдлэг эзэмшүүлэх ёстойгоо мэдэвч яавал энийг сонирхуулах вэ, зохиолын үг зэргийг яаж бичиж болох вэ, Мөн жүжигчид мэдлэг мэргэжил яаж эзэмшиж байх ёстой юм бол гэдгийг ухаарах замдаа явж байв.

1927—1928 онуудад хуулбарлан тоглож байсан хятад ший, мөн үг, хөдөлгөөнөө явуут дундаа зохиодог байсан үзэгдлүүд нь олны сонирхлыг төдийлөн татдаггүй байсан тул 1928 оны дундуур шийн бүлгэмийг тараасан юм. 1928 оны эцсээр гаргах зүйл, ажиллах байдлыг өөрчлөн коммунист ухуулгын үзэгдлүүд тоглодог болсон ч мөн л олигтой үр дүнд хүрч бас л чадсангүй.

1929 оны эцсээр Ц. Гомбожав ардын цэнгэлдэх хүрээлэнгийн захирал болж бүлгэмд явж байсан Ч. Лувсансодном. Л. Дамдинбазар, Д. Ичинхорлоо, Ё. Шаравдоо, Түмэнбат, комиссар Раднаабазар, дууны арван хүүхэн гэгч О. Дашзэвэг, орос хэмээх Долгор, Мажаа, Хоролсүрэн, Ю. Цэрэндорж нар, хөгжим тоглогч Д. Ишдулам, О. Дашдэлэг, Лянхуа, Г. Нацаг, С. Түвдэн нар зэрэг хүмүүсийг цуглуулан 1930 онд “Театр гэгч ший тоглодог тус байгууллага бий болгож Зөвлөлтөөс мэргэжилтэн сургагч нарыг авчирна” гэж хэлжээ.

Э.Оюун – “Монголын театрын түүхэн замнал” номноос

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s