Клод Манье – Блез (1959) – Гуравдугаар үзэгдэл

Женевьева араас нь Мари гарч ирнэ.

Женевьева – Муужгай? /унтлагын өрөөнд орж муур мэт дуудна/ Муя-муя-муя? … Ноёнтон гэртээ байхгүй юу?

Мари – Байхгүй, хатагтай, тэр үдийн холоо гэртээ идээгүй.

Женевьева – Үгүй ээ тэр хаана хооллосон юм?

Мари – Би ч гэсэн хаана юм бол гэж бодоод л

Женевьева – Өчигдөр тэр зураг зурж эхлээгүй юу, та мэдээгүй биз?

Мари –Бид нэгийг эхэлсэн л дээ, гэвч …

Женевьева – Яагаад “бид” гэж?

Мари – Яагаад гэвэл би ноён Блезд тусласан юм. Танд арай илүү яаж тайлбарламаар юм бэ дээ … Шоронгоос болж …

Женевьева – Бас юун шорон?

Мари – Тэр надад хэрэв зураг зурахгүй бол түүнийг шоронд хийнэ гэсэн.

Женевьева – Мэдээж түүнийг гүйцээгээгүй биз дээ?

Мари – Тэр ийм юм хийсэн. /Блезийн будаг нялсан зотонг гаргаж Женевьевад үзүүлнэ/

Женевьева – Цаг өнгөрөх бүр байдал хэцүүдэх юм. Өдөр болгон дэвшил байх юм. Тэр хэдэн цагт эргэж ирэх бодолтой байгаагий нь та мэдэх үү?

Мари – Тэр надад 3-ын үед гэсэн.

Женевьева – /цагаа харж/ Одоо дөрөвт арван тав дутуу байна. Тэр замдаа хаана ч саатахгүй ирнэ гэж найднам. Өөрөө л хөөцөлдөж эхлэхгүй бол энэ хүн хэзээ ч зургаа гүйцээхгүй нь. Охин минь, сонс, би чамд зарим нэгэн юмыг тайлбарлаж өгье. Чамайг балмагдуулахгүй байгаасай … ойлгож байна уу, зураг зурж байхдаа зураач нар ихэнхидээ загвар хэрэгтэй болдог. Түүний тулд …

Мари – Хатагтай би мэднээ … Та хажуугийн өрөөнд хувцасаа тайлбал амар байх. /өмнө нь үүд нээж шаль өгнө/ Үүнийг нөмөрч болно

Женевьева – /нэлээн гайхаж/ Тун сайн. Танд нэмэлт тайлбар шаардлагагүй юм байна. /унтлагын өрөө рүү явна/

Мари – Тийм ээ хатагтай, эмчид үзүүлэхтэй л адил.

Женевьевагийн дуу – Ихэнхдээ тийм. Тэгэхдээ таны ярианаас үзвэл та зогсож зуруулсан юмаа?

Мари – Өө! тун бага зэрэг. /хаалга руу шагайж/ Хатагтай таны дотуур хувцас яасан гоё юм бэ?

Женевьева – Зугаатай л юм … энэ шинэ сонин юм болоогүй юу?

Мари – Болоогүй … үгүй болсон … эртээд манайд хоол идсэн хүмүүс ирсэн.

Женевьевагийн дуу – Өө! сайн. Тэгээд юу болсныг нь яриач

Мари – Миний бодлоор муу, бүр тун муу юм болсон байх.

Женевьева – /алчуур нөмрөн гарч ирнэ/ Үгүй байлгүй. Юу болсныг тодорхой хэлээч

Мари – Тодорхой бол би хэлж өгч чадахгүй, гэхдээ тодорхой нэг цагт, тодорхой нэгэн цагт, тодорхой нөхцөл байдлын  тодорхой уялдаанаас шалтгаалж намайг унтлагын өрөөнд орсон байхад хатагтай Карлье хаалга нээж харсан, дараа нь би чангаар орилохыг нь сонссон.

Женевьева – Тэр юу гэж орилсон юм бол?

Мари – Харамсалтай нь би бүгдий нь сонсож чадаагүй, гэхдээ ноён Блезийг тэр завхай амьтан гэж байсан.

Женевьева – Бурхан минь!

Мари – Мөн банзал гэсэн!

Женевьева – Ингэх нь л дутаж гэнэ!

Мари – Тиймээ, нэг азгүйтчихээр үргэлж азгүйтчих юм. Хөөрхий зайлуул!

Женевьева – Та хэнийг хэлж байна?

Мари – Хэнийг байхав дээ ноён Блез.

Женевьева – /сууж/ Аа тэр үү? За яахав түүнийг ирэхээр нь би учрыг нь олоодохъё!

Мари – Хатагтай надад саад болоогүй.

Женевьева – Магадгүй, гэхдээ би ганцаараа үлдмээр байна. Та намайг орхино уу?

Мари – Таны тааллаар болъё, хатагтай. / Женевьевагийн ард хэлээ гарган гарч одно/

Женевьева – /Блезийн зургийг үзэж далаа хавчин/ Хөөрхий хүү минь, баян хүнтэй сууж байгаа нь л болж! /үүд рүү араараа зогсож, бага зэрэг бөхийнө. Мольбертон дээрх зураг толгойг нь халхлана. Блез шилтэй шампанска, цэцэг ууттай юм барьж орж ирнэ. Женевьева түүнийг харахгүй. Мөнөөх л алчуурыг нөмөрсөн учраас Мари хэмээн бодож нурууных нь доохнотой зөөлхөн алгадаж/

Блез – За Мари сонин юу байна?

Женевьева – /эргэж харна/

Блез – Аа энэ чинь чи юу?

Женевьева – Бүү булзааруул! Үйлчлэгчтэйгээ сээтгэнээд л . Чи түүнийг халчихсан юм шиг санагдах юм.

Блез – Чадахгүй, би түүнд 200 мянгын өртэй.

Женевьева – Юу-у-у?

Блез – Дараа яръя. Зурагтай холбоотой сонин тохиолдол болсон.

Женевьева – Хүлээж бай, чи хаана хооллоо вэ?

Блез – Эм барс мэт хартай. р-р-р

Женевьева – Чи яамчихаа юу?

Блез – Май ав, шампанска, цэцэг, боов. /гарт нь чихэж/ Ямар хөгжим сонсох вэ? Галтай аашиндаа зориулж цыган ая уу? Дараа нь буги вуги юу? Ингэвэл “аятайхан зохион байгулсан” болох уу?

Женевьева – Чи галзуураа юу?

Блез – Шалтгаан нь бий шүү. Мангар юм болж байна даа. Тэгээд бүр өөрийнхөө дээвэр дор шүү.

Женевьева – Юу ч ойлгохгүй нь!

Блез – Чи боль, боль!

Женевьева – /арга нь барагдаж/ За энэ ч дэндэнэ ээ! Би өдөр чөлөөтэй болохын тулд үрчийтлээ зүтгэж …

Блез – Үгүй мөн их зан аа!

Женевьева – Тэгээд чамтай уулзаж учрахаар хүрч ирэхэд ингэж угтаж авах гэж!

Блез – Надтай юу?

Женевьева – Тиймээ. Мөн би л босч зогсохгүй бол чиний хэзээ ч зурахгүй тэр зургийг гүйцээх гэж.

Блез – Чиний болзоо яах юм бэ?

Женевьева – Юун болзоо?

Блез – Чи чинь 3 цагас болзоотой.

Женевьева – Хаана?

Блез – Энэ чинь чамтай биш юм байх нь ээ?

Женевьева – Чи юу донгосоод байна аа?

Блез – /түүнээс боодолтой юмсыг авч/ Ингэнэ гэж ёстой санасангүй.

Женевьева – Юу ингэнэ гэж?

Блез – Зүгээр

Женевьева – Энэ шампанск, цэцэг чинь юу гэсэн үг вэ?

Блез – /тун эелдэг/ Бид хоёрын хамт өнгөрүүлдэг нэгдэхь өдөр гэж би бодчихж.

Женевьева – Нэг дэхь өдөр өө? Өөрөө жаахан иймэрхүү болчихсон юм биш биз?

Блез – Хүн болгон андуурч болно. Гэхдээ бага зэрэг бодвол, ингэх нь ч миний хувьд дээр юм уу? Тав дутуу байна шүү, чи түргэхэн яваач.

Женевьева – Би ажлаасаа чөлөө аваад ирсэн гээ биз дээ?

Блез – Чи ажлаасаа гарчихсан юм уу?

Женевьева – Бурхан минь, чи өнөөдөр ямар сонин байна аа. Юу болоов?

Блез – Ямар байлай юм, бурхан минь, ямар балай юм.

Женевьева – Хэрвээ чи  мэдсэн бол ирэхгүй байсан юм.

Блез – Чи бод доо! Карлье намайг …

Женевьева – Юу?

Блез – Нэг үгээр хэлэхэд тэр одоо энд ирнэ. Бүр одоохон.

Женевьева – Юу?

Блез – Гурван цагт

Женевьева – Ямар аймшигтай юм! Би өнгөрсөн! Тэр намайг энд харах ёсгүй.

Блез – Би тэр тухай л чамд яриад байна.

Женевьева – Чи яагаад шууд хэлээгүй юм.

/хонх дуугарна/

Блез – Өнгөрлөө, тэр ирлээ!

Женевьева – Би хаачих вэ?

Блез – /номын сан руу чирж/ Ийшээгээ!

Женевьева – Миний даашинзыг түргэхэн!

Блез – /унтлагын өрөө рүү явж/ Бүх юм муугаар төгсөнө гэдгийг мэдээд байсан юм.

Мари – /орж ирнэ/ Нэг хатагтай ирлээ.

Блез – Эм нь эрээсээ түрүүлж иржээ! Улам бүр хэцүүдэх юм! Тэр эмэгтэйг орохыг уриач!

/Мари гарч явна Блез унтлагын өрөө рүү үсрэн орж Женевьевагийн юмыг авч гарна/

Блез – Женевьева өрөөгөө Карльед өгснийг мэдвэл үртэс болгоно.

Мари – /Пепитаг оруулж ирнэ/ Орогтун, хатагтай.

Пепита – /Өдрийн мэнд. Энэ ноён Карльегийнх уу?/

Блез – / Женевьевагийн юмыг ардаа нууж/ Та юу гээв?

Пепита – /Чи Испаниар ярьдаг уу? /

Блез – /өөрөөс нь юм авахыг Марид зангаж/ Яалаа гэнэ ээ?

Пепита – /Та испаниар ярьдаг уу гэж асууж байна. /

Блез – Би испаниар ярьдаг уу гэж үү?

Пепита – /Ямар сайхан өрөө вэ? Ноён Карльетэй болзсон юм байна уу? /

Блез – Покито! Покотисимо бага зэрэг

Пепита – /Францаар ярьдаг уу? /

Блез – Утасдсан. Утас. Сеньор Карлье … Та францаар ярьдаг уу?

Пепита – /Би юу? /

Блез – Тантай мөн ойлголцох нь дээ! … Сеньор Карлье …

Пепита – Си

Блез – Тийм.

Пепита – /Үгүй./

Блез – /Карлье утасдсан гэдгийг дохиогоор тайлбарлана/ Телефоноор

Пепита – /Аа, за тун сайн ойлголоо. Би ямар утсаар ярих вэ? /утасдахыг оролдоно/

Блез – /ухасхийн харилцуурыг булаан авна/ Үгүй, та телефоноор оройтсон. Энд хүлээж болохгүй. Доор кафед хүлээ.

Пепита – /Би түүний хэлснээс юу ч ойлгосонгүй/

Блез – Ноён Карлье … /зангаагаар тайлбарлана/

Пепита – /Тиймээ, түүнийг чинь ойлгосон/

Блез – Буэно! /дахаид тайлбарлаж/ Телефоноор!

Пепита – /Ойлголоо. Та ноён Карлье утасдсан гэх гээ юу?/

Блез – Абсолюменте /яг тийм/

Пепита –/Тэгээд тэр юу хэлсэн юм?/

Блез – /түүн рүү хуруугаараа зааж/ Та, та

Пепита – /Би/

Блез – Тиймээ.

Пепита – Буэно! /сайн/

Блез – Нэг амасхийгээдэхье! /дахиад зангаж/ Сеньор Карлье, кафе… /цонх руу очиж кафе руу заана/

Пепита – /Бурхан минь яасан ээдрээтэй юм бэ. Энэ юу гэсэн үг вэ? /

Мари – /Танд санагдаж байгаа шиг тийм ээдрээтэй биш ээ. Сеньор Карлье утасдаад уучлалт гуйсан гэж сеньор танд тайлбарлаж байна. Таныг энд биш булан дахь кафед хүлээж байгаа. /

Блез – /Та испаниар ярьдаг юм уу? /

Мари – Манай эгч испани хүн. / Пепитад/ Парист удаж байна уу?

Пепита – /Үгүй ээ, өглөө ирсэн./

Блез – Одоо болтол ойлгоогүй. Танай эгч испани гэж үү? Би таныг Бретон хүн гэж бодсон.

Мари – Аавын маань ах, мөн Лейауанк, бретон хүн байгаа юм. /ярианыхаа төгсгөлийг Пепитад хандаж хэлнэ/

Пепита – /түүний тухай ярьж буй мэт ойлгож маш их баярлана/

Мари – Манай эмээ, ахын маань ээж шүү дээ, түүнийг испани хүнтэй сууна гэхээр “эсвэл би, эсвэл испани” гэж хэлсэн юм. Энэ бол дайны дараа болсон хэрэг. Тэр үед ах, фронтод их буучин байсан.

Пепита – /анхныхаасаа арай залхсан маягтай/

Мари – Ах маань цаасын өөдсөн дээр ээжид, хэрвээ та намайг хүүхэнтэй гэрлэхийг  минь …

Пепита – /Яриаг тань тасласанд уучлаарай. Гэхдээ ноён Карльег хүлээх ёстой кафе хаа байгаа бол? /

Маригийн дуу – /үүдний өрөөнд/ Гялайлаа, их баярлалаа. Намайг орхиж болно. Би замаа мэднээ.

/дугуйтай сандал дээр Ариана гарч ирнэ. Нэг хөл нь гипстэй/

Блез – Куэ пасса?

Ариана – Та юу гэв ээ?

Блез – Би юу болоо вэ гэсэн юм?

Ариана – Та юу болсныг тааж чадахгүй. /гипсээ үзүүлэхээр хөлөө өргөж Пепитаг харж/ Таныг хэн гэдгийг би тааварлаж байна. Та хатагтай Карлье юу?

Пепита – Карлье? Си.

Ариана –  Би ч мэдэж байсан юм аа.

Пепита – /Өдрийн мэнд хатагтай? Осол гараа юу? /

Ариана – Иес! /Блезд дөхөж/ Ярианаас нь үзвэл тэр франц хүн биш юмаа.

Блез – Тийм, бараг биш.

Ариана – /бүгдий нь өөр рүүгээ зангаад/ Та нар боддоо би дөнгөж зочид буудалд ирээд ортол тэр тэнэгүүд шалаа тэгтэл нь угаачихсан, би ороод шууд пид! Үүднийх нь өрөөнд хөлөө хугалчихсан. Ийм азгүй гээд төсөөлчих дөө.

Мари – / Пепитад/ Хөлөө хугалчихж!

Ариана – Надад тэр дор минь гипс тавиад, гэвч би буудалд ганцаараа хэвтэхийг хүсэхгүй учраас, намайг воганд дараа нь түргэн тусламжинд ачаад авчирсан. Тэгээд л би энд ирлээ. /сандлаа яаж явдагийг үзүүлэхэд бүгд түүнийг өнхөрүүлсэн зайлуулна./ Тун эвтэйхэн сандал. Би гэхдээ сайн эзэмшиж чадаагүй байна. /наашаа цаашаа холихуулна/ Ганцаараа ууланд байснаас өөрийнхөө байшинд байсан нь дээр. А яа яа, гэртээ ирэх яасан сайхан юм бэ?

Блез – Гэртээ гэнээ? Гэхдээ энэ таны гэр биш. Та надад энэ байрыг 2 долоо хоногийн хугацаатай хөлслүүлээд, би танд дотор зарсхиймээр их мөнгө төлсөн. Хаа дуртай газар луугаа явагтун. Харин таны хөл хэдийгээр хугарсан ч гэсэн 4 сарын 22-ноос нааш энд гишгэхгүй.

Ариана – Арай ч дээ, би хөлөө хугална гэдгийг яаж мэдэх юм бэ?

Блез – Төдий мөнгөний төлөө хугалахгүй байж болох байсан юм!

Ариана – Шал балай юм!

Блез – Бүү орлигтун. Хүмүүс унтаж байна.

Ариана – /шивнэж/ Өдийд унтаж байгаа гэж үү? /хар тэнхээгээрээ орилно/ Тэгээд ч, би гэртээ юу дуртайгаа хийнэ. /сандалтайгаа өрөө рүүгээ явна. Блез замаас нь барьж аван арагш татна/

Блез – Тийшээгээ болохгүй ээ!

Ариана- /улам чангаар/ Та надад хүрэх л юм бол би цагдаа дуудна. Давтан хэлье, би гэртээ байна.

Блез – Би тэгвэл үгүй гэж давтан хэлье

Ариана – /орилно/ Туслаарай!

/Блез түргэхэн төмөр паднос аваад Арианагийн толгой дундуур буулгана. Хэнгэрэг мэт дуу гарна. Ариана ухаан алдана. Блез хананаас негрийн баг авч толгойд нь углана/

Пепита – Тэр юу хийж байгаа юм бэ?

Блез – Мари үүнийг гал тогоонд аваачаад ухаан ороогүй байгаа дээр нь хүлээд, аманд нь алчуур чихчих. Бүгдээрээ амсхийе. /Мари Арианаг авч одно/

Мари – Энэ бол багт наадам.

Пепита – /мөн орилж/ Ба адито! Устэд эс ум бахдито! /та дээрэмчид/

Женевьева – /толгойгоо цухуйлган/ Хэн орилоод байна? /Пепитаг харж/ Энэ дэндэнэ ээ. Үүнийг Карльетай болзсон гэх үү? Май /Блезийг алгадана/

Пепита – /Браво. Энэ чинь галзуугийн эмнэлэг байна/

Женевьева – /хувцасны шүүгээний хаалга нээж/ Чиний тахиахан хэнтэй учирснаа үзнээ. /гэнэт Пепитаг барьж аваад шүүгээнд хийн цоожилно. Түлхүүрийг нь өгөхгүй/ Жаахан суузна, тайвшраг!

Блез – Надад итгэ …

Женевьева – Энэ юун хүүхэн юм бэ?

Блез – Мэдэхгүй.

Женевьева – Чи намайг тэнэг гэж бодоо юу?

/хонх дуугарна/

Блез –  Энэ удаа тэр ирлээ

Женевьева – Энэ удаа чиний Карльегийн илбэ бүтэхгүй.

Блез – Чамд тангаргалъя.

Женевьева – Чи намайг хичнээн удаа доромжлох гэсэн юм бэ?

Блез – Эцсийн эцэст энэ надад ямар хамаатай юм бэ? Өөрөө чи үзэх болно. Юу л болвол болог. Гарлаа.

Карльегийн дуу – Сайн байна уу, хөгшөөн юу байна.

Блезийн дуу – Баярлалаа, улам сайн болоод л байна.

Карльегийн дуу – Бүх юм бэлэн үү?

Блезийн дуу – Бэлэн, би танд бүр бэлэг бэлдсэн. /Карльегийн дууг сонсоод Женевьева номын сан руу нуугдана/

Карлегийн дуу – Юу? Бэлэг ээ?

Блезийн дуу – Та уулзана гэж ер бодоогүй байсан эмэгтэйтэйгээ учирна. /Блез, Карлье хоёр орж ирнэ/

Блез – Өө, харав уу тэр алга.

Карлье – Хэн алга гэж?

Блез –  Хэн ч алга

Карлье – Юу алга гэж?

Блез – Би танд бэлэг барих гэсэн чинь та хоцорчихлоо.

Карлье – Ойлгосонгүй.

Блез – Би ч гэсэн

Карлье – Тэр эмэгтэй ирээгүй юу?

Блез – Хэн?

Карлье – Надтай болзсон хүүхэн. Битгий л төөрчихсөн байгаасай. Би түүнтэй Испанид танилцаад Парист хэд хоног зочлохыг урьсан юм. Францаар ганц ч үг мэдэхгүй. Гэхдээ дагина мэт бүжиглэдэг юм. /хуруугаа инчдэн хөлөө дэвсэн исани бүжиг бүжиглэнэ/

/Шүүгээнээс тогших чимээ сонсдоно/

Пепитагийн дуу – /Дээрэмчид! Та нар хэзээ энэ хаалгаа нээх юм бэ? Би үхлээ! Эндээс гараад бүгдийг чинь хядна даа/

Карлье – Энэ байна, энэ миний испани бүсгүй. Гэхдээ түүнийг ирээгүй гэх.

Блез – Би юу? Би танд юу ч хэлээгүй.

Карлье – /хаалга онгойлгохыг оролдон/ Хаалга онгойхгүй байна.

Блез – Хаалга онгойхгүй байна аа!

Карлье – Үгүй.

Блез – Өө! тэгэлгүй яахав дээ!

Карлье – Яагаад?

Блез – Би тогловол тоглосон шиг тогло гэж бодсон юм. /номын сангийн үүдийг нээх гэж оролдсоноо/ Харав уу, энэ ч бас онгойхгүй байна. Энд аль ч хаалга нь онгойхгүй, бүгдээрээ миний дамшиглал. Гэхдээ сонин сайхан юм болоогүй. Энд суугаад миний хэлснийг хийгээч. /Карльег суулгаад энгэрийн халааснаас алчуурыг нь авч нүдийг нь бооно/ Бүү хөдлөөрэй.

Карлье – Та яах гэж байна.

Блез – Хэрэв хэлчих юм бол сонин биш болно

Пепитагийн дуу – /Хэрэв одоохон нээхгүй бол хамаг байшинг чинь шатаана шүү/

Блез – Одоохон, одоохон. /Карльед/ Бэлэн үү?

Карлье – Бэлэн

Блез – Харахгүй шүү! Шүүгээний түлхүүрийг олох нь тоглоомын зорилго. Шүүгээний түлхүүр –нэг. /”шүүгээний түлхүүр” гэдгээ учиртай хэлэн номын сангийн үүд рүү ойртоно/ Шүүгээний түлхүүр – хоёр. /номын сангийн үүдэн дээр Женевьева гарч ирнэ. Түүнд дохио өгч/ Шүүгээний түлхүүр – гурав. / Женевьева номын санд буцан орно/ Дөрөв.

Карлье – Болж байна уу?

Блез – Одоохон, одоохон дөрөв л болж байна. Тоглоом болж тоглоом. /түрүүхэн орж ирсэн Мари Блезийг харж зогсоно/ Та яах гэж ирээв? Тав.

Мари – Ноёнтон яаж шалаанаас гарахыг үзье.

Блез – Гал тогоо руу яв … зургаа…

/ Женевьева гарч ирэн түлхүүр өгнө/ Долоо … долоо хагас

Карлье – Хэрэв би таныг нөгөө загвар өмсөгчтэйгээ хэзээ нэгэн цагт танилцуулбал испани хүүхний тухай бүү дурсаарай.

Блез – Зоволтгүй. Тэр түүний тухай хэзээ ч мэдэхгүй.

Карлье – Гэхдээ бид хоёр тэнцсэн л дээ. Нэг удаа хэлэлгүй давхиад орсон чинь нэг хар юмтай байсан. / Женевьева өлмий дээрээ гарч явна/

Блез – /хөхөрч/ Тийм үү? /гэнэт ойлгон/ Юу –у-у?

Карлье – Тэгээд бас түүнийгээ надад миний хамаатан. Парист явуулаар байгаа, зочид буудалд өрөө олдсонгүй гэж хэлж зүрхэлсэн юм. Төсөөлж байна уу?

Блез – Төсөөлж байна аа.

Карлье – Таны юу хийгээд байгааг би ойлгохгүй байна.

Блез – Одоохон … гурав!

Карлье – Гурваыг тоолчихсон. Бид долоо хагас гээд зогссон.

Блез – /шүүгээ рүү очин/ Өө тийм найм.

Карлье – Та удаад байна.

Блез – /шүүгээний хаалгыг нэж/ Ес /Пепита сум шиг хурдан гарч/ Арав. /Пепита Карльег алгадахд цаадах нь огло үсрэн алчуураа авна/

Блез – За би юу гэж хэллээ. Сонин бэлэг байгаа биз?

Пепита – /хар тэнхээгээрээ Блезийг ч гэсэн алгадан/ Кретино! /унтлагын өрөө рүү ухасхийнэ/

Карлье – Ойлгохгүй юм.

Блез – Би ч гэсэн

Пепита – /унтлагын өрөөний хаалгыг нээхийг оролдож/ /Намайг түгжсэн тэр эмэгтэй хаана байна?/

Блез – /Карльед/ Түүнд хариу өгөөч

Карлье – Би испаниар ярьдаггүй.

Пепита – Надтай таарах юм бл ална даа. /хоолны өрөө рүү орно/

Блез – Сайхан амьтан!

Карлье – Аашийнх нь галыг ээ! Танд ярьж байснаас илүү.

Блез – Үгүй байлгүй дээ.

/Пепита нүүрэндаа багтай Арианагтүрж авчирна/

Блез – Та түүний юу ярьж байгааг ойлгож байна уу?

Карлье – Үгүй энэ эмэгтэй хэн бэ?

Блез – Эзэгтэй

Карлье – Юун эзэгтэй?

Блез – Би тоглож байна. Миний дамшиглал гэдгийг харж байгаа биз дээ. /дуудна/ Мари!

Пепита – /Клебер би тайлбар хүсч байна/

Карлье – Тэгэлгүй яахав, эрдэнэ минь, тэгэлгүй яахав. /Блезд/ Түүний өөдөөс зөрөлгүй би дандаа тийм гэж хариулдаг.

Пепита – /Надад хэл тийм үү, үгүй юу?/

Карлье, Блез – /зэрэг/ Тийм

Мари – Ноёнтон намайг дуудаа юу?

Блез – Тиймээ, үүнийг зайлуулаач.

Мари – За ноёнтон. /Арианааг шүүгээ рүү түлхэнэ/

Пепита – /намайг шүүгээнд түгжсэн эмэгтэйг олж тэс цохимоор байна/

Блез – Тэр тэнд юу гэнэ вэ?

Карлье – Үнэнийг хэлэхэд би улам бүр ойлгохоо болилоо.

Мари – Энэ хатагтай, түүнийг шүүгээнд хийсэн эмэгтэй хаана байна. олж нүдийг нь маажмаар байна гэж байна.

Пепита – /Яг тийм/

Блез – /хилэнтэйгээр/ Бусдын хэрэгт бүү оролц!

Мари – Ойлголоо ноёнтоон! /гарна/

Карлье – Үүнийг юун эмэгтэй түгжсэн юм бэ?

Блез – Та зарц нарын яриаг сонсдог юм уу?

Пепита – /орилно/ /За яахав? Клебер!/

Блез – Ер тайвшрахгүй нь ээ!

Карлье – Одоо би түүнд илбэ үзүүлнэ. Дорхноо зүгээр болно. /чекийн дэвтрээ гаргаж Пепитад үзүүлнэ/ Пепита!

Пепита – /дорхноо өнгөө өөрчлөн түүний хажуд сууна/ /Хонгор минь яасан сайхан санал вэ? Чи чамаас асууж ядаад байсан юм./

Карлье – /Блез рүү ирмэж/ Харав уу? /чек бичиж эхлэнэ/

Пепита – Про ко но анадэс. Ун зэро до мэс?

Мари – Тэр таныг дахиад нэг нэмээд биччих гэж байна.

Карлье – Баярлалаа. Түүнийг би тангүйгээр ойлголоо … /Пепитад/ Май, испани цэцэг минь, өнөөдрийн хувьд болно.

Пепита – Грасиас! Ту эрэсун падрэ ми!

Блез – Тэр таныг төрсөн эцэг шиг минь гэнээ.

Карлье – Та чинь яагаад орчуулаад эхлэв? Би испаниар танаас дутуугүй ярьдаг.

Блез – Уучлаарай

Карлье – За яахав, дэмий хэрэг … Мартсанаас, танд хэлж амжаагүй юм. Өнөөдөр би танаар 200 мянгыг хожлоо.

Блез – Надаар аа?

Карлье – Тиймээ, таны зургаар.

Блез – Яаж?

Карлье – Би түүнийг 400 мянган франкаар зарчихсан.

Блез – Байж боломгүй юм.

Карлье – Би таныг ийм үнээр зардагийг чинь мэдэх, таныг хэт нэмчихээгүй гэдэгт чинь мэдэх гэсэн юм.

Блез – Та хэнд зараа вэ?

Карлье – Нэг найздаа, ингэхэд тэр зураг зардаг юм шүү. Тэр над дээр орой ирсэн юм. Өнөөдөхийг чинь хараад огло үсрээд, та харсан бол. Тэгээд надаас энэ юу вэ гэж асуусан. Би миний нэг танил залуу зураач гэлээ. Тэр надад 50 мянгаар авъя гэнэ. Би нүүрэн дээр нь хөхөрсөн. Та ойлгож байна уу? 50 мянга.

Блез – Тиймээ, үнэхээр элэг хөшиж үхмээр юм.

Пепита – /Карльег яаруулж/ /Клебер бид энд юу хийгээд байгаа юм бэ?/

Карлье – Азнаарай, хонгор минь, бид энд чухал ажил ярьж байна. Нэг үгээр хэлэхэд тэр 400 мянгыг хаяад тантай байгын гэрээ байгуулахыг хүссэн юм. Харин одоохондоо тэр дөрвийг захисан.

Блез – Дөрөв үү?

Карлье – Дөрвөн зураг! Чин үнэнийг хэлэхэд та нэг л удаан дампуургатай юм. Над ч гэсэн хоёр зураг хийгээд өгчих! Ирээдүйн хадамын чинь хувьд бас дахиад хямруулчихна биз. / Блезийн мөрийг алгадахд цаадах нь урагш алхана/ За битгий унжаад бай. Хоёр зуугаар болъё … Бүгдийг нь саяар. Хоёр саяар. Өвгөн минь чи дажгүй мэргэжилтэй юмаа. /халаасаа ухна/ Та одоо юу туурвиж байна? / Блезийн нялгадсаныг гаргаж ирнэ/ Өө зайлуул өчигдөрийнхийг бараадах ч үгүй юм байна.

Блез – Үйлчлэгч маань зугаацсан хэрэг, зурахыг оролдсон юм …

Карлье – Тийм байхаа би бүр айлаа.

Пепита – /тэсвэр алдан/ /Клебер би энд өдөржингөө суухыг хүсэхгүй байна/

Карлье – Одоохон чам руугаа очлоо.  Блез та бүгдийг бэлдсэн үү?

Блез – Тиймээ бэлдсэн. Шампанск … боов… цэцэг. /бүгдийг нь Карльед өгч/ Хөгжим бол энд байна… бэллэ /сайхан -исп/ /Хөгжим тоглуулагчаа Пепитад бариулна/ Миний араас яваарай. /унтлагын өрөөний үүдийг нээн/ Ийшээ морилогтун.

Пепита – /Клебер, бид хааүаа явж байна аа?/

Карлье – Пепита!

Блез – /дуулж эхлэнэ/ Бесаме, бесаме мучо! /Карлье Пепитагийн бэлхүүсээр тэврэн хоёулаа танго хийсээр унтлагын өрөө рүү орно. Блез босгон дээр хамаг хүчээрээ Карльегийн мөрийг алгадаж/ Алиа амьтан! /хаалгыг нь хаана/ Ёох, цус бага урслаа гэж хэлж болно шү! Гэхдээ бас эм бараа торноос нь гаргах хэрэгтэй. /номын сангийн үүдийг тогшино. Женевьва гарч ирнэ/ Одоо явж болно. /энэ үед унтлагын өрөөнөөс Карлье гарч ирнэ/

Карлье – Тэр намайг таван минут хүлээгээч гэнэ. Ичэмтгий охин!

Блез – Тэр чинь л сонин доо!

Карлье – Тэр болтол жаал дэмий юм яръя.

Блез – Тэгье, тэгье танаар юу байна?

Карлье – /толгойгоороо үүд рүү занган/ Яахав хүлээгээд л…

Блез – Үгүй би тэр тухай яриагүй. Ажил тань дажгүй юу?

Карлье – Хэлэхэд хэцүү. Би ч гаргаад л оруулаад л

Блез – Тийм ээ, би мэднэ. /тэд ийш тийшээ холхино/

Карлье – Одоохондоо ч бэрхшээлтэй л байна. Шүүрний хувьд

Блез – Та шүүр зардаг юм уу?

Карлье – Би бүх юм наймаалдаг. Харин шүүрийг Скандинов явуулах хэрэгтэй.

Блез – Би ч гэсэн шүүр зарж байсан.

Карлье – Их хэмжээгээр үү?

Блез – Гурвыг

Карлье – Ойлгоснгүй.

Блез – Гурван воган

Карлье – Энийг чинь ямар наймаа гэдэг юм. Би цуваагаар нь худалддаг.

Блез – Гэхдээ маш том воганууд байсныг ойлгоорой. Гурав дахь нь арай бага байсан. Ингэхэд би танд туслаж болно шүү.

Карлье – Тэгвэл их сайн байна. Би франц даяар шүүртэй өчүүхэн ч төстэй бүхнийг худалдан авч байгаа. Бид ер нь чиглэлээ өөрчлөх юм биш үү? /хана дугуу явцгаана/

Блез – Хэрэв хүсвэл би танаас захиалга авч болно

Карлье – Үгүй дээ, цаг тун бага үлдсэн, бүгдийг нь 48 цагийн дотор явуулах ёстой. Энэ л гол нь юм. Гэхдээ надад ч биш, Даниас 80 мянган шампанска авахад хэрэгтэй валют шаардлагатай байна.

Блез – Дани шампанска уу?

Карлье – Үгүй, манай Данид зардаг. амсаж ч болохгүй Испани шампанск. Би тэнд тал үнээр нь эргүүлж өгөхийг санал болгосон юм. Яагаад гэвэл би Авсралиас захиалга авсан юм. Тийшээ илгээх юм бол эргэж иртлээ удна аа… Хоёулаа ер нь суух уу? /буйдан дээр сууна/

Блез – Та эндээс ч гэсэн эргэж ирнэ гэж бодож байна уу?

Карлье – Би түүнийгээ гурван жил дэлхийгээр хэсүүчлүүлж хэн ч уухыг хүсэхгүй юм. Надад ч хамаа алга л даа. Би дандаа тал үнээр нь эргүүлээд авчихдаг юм.

Блез – Авахдаа тэд шалгадаггүй юм уу?

Карлье – Дээж нь дээд зэргийн байдаг юм. Тэгээд ч бидний толгойг эргүүлж, тээвэрлэх зуур ингэчихлээ гэдэг юм. Яая гэх вэ, наймаа бол наймаа. /унтлагын өрөөнөөс Пепитагийн дуу гарна/ Энэ бол дохио /явна/

Блез – /утас руу ухасхийн залгаж/ Шүүр, шүүр, шүүр … надад тэр чинь овоолгоотой байгаа… байна уу? бэлэвсэн Пулэ, аав хүү “пүүс үү? Та нён эцэг – Пэлэны хүү, хүү Пуэлниы эцэг гэж үү? 16 дугаар тойргын Блез д’ Амбрие байна аа. Би таныг надад их хэмжээний шүүр бэлдэж өгч чадах уу гэж асуух гэсэн юм … 48 цаг … агуулах хоосон … өчигдөр нэг хүн бүгдий нь авсаан. Ямар азгүй юм бэ? Олныг зарсан гэж үү? Би гурвыг, зарц маань 18-ыг нэг хөгшин ухнад. Тийм ээ би эрүүл, байна уу? … Байна уу? ” / Блез утсаа тавина/ О-ля-ля. Нэг азгүйтэхээр мөнх азгүйтэх юм.

Мари – /ярианы төгсгөлд гарч ирнэ/ Ноёнтонд дахиад муу юм тохиолдоо юу?

Блез – Би 1000 шүүр, бүр хэд ч хамаагүй шүүр зарах боломжтой. Одоо хаанаас авах вэ дээ?

Мари – Та хэнд зарж чадах юм?

Блез – Ноён Карльед. Тэр хэдийг ч хамаагүй авна.

Мари – Үгүй байлгүй.

Блез – Авна!

Мари – Плуванез – Моэдект шүүрний том үйлдвэр байдаг юм, тийшээ утасдах уу?

Блез – Карлье аягүй бол түрүүлчихсэн.

Мари – Оролдоод үзэж яагаад болохгүй гэж?

Блез – Дугаар нь хэд вэ?

Мари – Плувенезийн 19, тэндээс Летудикийн фабрикийг сурна. Цөмөөрөө мэднээ.

Блез – Энэ чинь аль муж билээ?

Мари – /жигшүүртэй ярвайз/ Мэдээж, Финистер!

Блез – /утасны лавлах харж/ Өнөө үед утсаар ярихын тулд гурван дипломтой байх хэрэгтэй. Энэ байна. Финистер – 98 … Байна уу? Хатагтай … Би Плувенез – Моэдекийн 19-тэй ярих гэсэн юм… Сонсогддог шигээ бичигдэнэ.

Мари – Дундаа зураастай.

Блез – Дундаа зураастай. Миний утас 881-07 … удахгүй биз? … Баярлалаа, хатагтай. /утсаа тавиад/ Одоохон дуудна. Өө, Мари танд нэг хийх ажил бий.

Мари – Гал тогоогоо би сая бүгдий нь угаачихсан.

Блез – /цэвэр зотон авчирч/ Гэрийн ажил биш ээ. Та зургаан зураг зурах хэрэгтэй. Түүнийхээ төлөө та хоёр сая франк авна. /суганд нь зотон хавчуулж, бийр будаг бариулна/

Мари – Та яах гэж намайг дооглоод байгаа юм?

Блез – Би ер дооглоогүй, энэ чинь жинхэнэ захиалга шүү. Ноён Карльегийн захиалга. гал тогоондоо түргэхэн очоод зурж эхлээрэй.

Мари – /урагшаа нэг алхсан ч дороо зогсон эргэж/ Би зүгээр зурж чадахгүй, та надад зогсож өгөх хэрэгтэй.

Блез – Юу?

Мари – Одоо таны ээлж

Блез – Надад арай чухал яаралтай ажл их байна.

Мари -/бийрээ далайн түүн рүү давшлана/ Хэрэв та зогсож өгөхгүй юм бол би юу ч хийхгүй. /Блез ухрахдаа бөмбөрөнд тээгдэн дээр нь гарч зогсоно/ Зүүн хөлөө арай урагш нь. / Блез ёсоор нь гүйцэтгэнэ/ Гараа өргө / Блез гүйцэтгэнэ/

Блез – Та яагаад намайг дооглоод байгаа юм?

Мари – /түүнд тун ойрхон дөхөж очоод/ Би танд нэг юм хэлье

Блез – Сонсож байна

Мари – Би таныг өчигдөр цохье гэж ер бодоогүй шүү.

Блез – Тэр үед тийм байсан гэж би хэлж чадахгүй.

Мари – Би танд сайнаар л ханддаг шүү дээ, ноёнтон?

Блез – Би ч гэсэн, Мари!

Мари – Өдрөөс өдөрт улам л сайнаар … бүр хэр сайнаа ч мэдэхгүй, энэ маань хайр ч юм билүү?

Блез – /бууж ирэн/ Мари юу гэсэн үг вэ?

Мари – Яаж хэлж зүрхлэхээ өөрөө ч мэдэхгүй байна. Зүгээр л тантай хуваалцахгүй байж чадахгүй болсон байх!

Блез – /мөрөөр нь тэврэн/ Мари!

Женевьева – /гарч ирнэ/ Яав аа, миний даашинзыг авчрах нь уу?

Блез – /Маригаас хөндийрч/ Өө тийм, номын сан руу оч, тэнд аюулгүй.

Женевьева – Дахиад л

Блез – /шүүгэнд орж/ Уучлаарай, хатагтай, би энд зарим нэг юмыг мартчихжээ. /Женевьевагийн хувцастай гарч ирнэ/ Энэ шүүгээ гэдэг чинь ямар эвтэй юм бэ? Дахиад уулзалтлаа баяртай, хатагтай. /хаалгаа хааж номын сан руу явна/ Мари, яриагаа дараа үргэлжлүүлье. /номын санд орно/

Утас дуугарна

Мари – /гартаа барин зогсоо зотон хийгээд зургийн хэрэглэлээ тавин/ Байна уу? … тийм ээ… Өө, Летудын фабрик уу? … Мари Мадлен Лейунек .. би танд ажилладаг Гастоны дүү нь ээ … Тиймээ, би Парист байгаа, Тэгээд, намайг үйлчлэгчээрээ авсан нэг ноёнтон хэд л бол хэдийг, таны санал болгосон хэмжээгээр шүүр авахыг хүссэн юм. Паримын агуулахад тань 50 мянган шүүр гэж үү? Үгүй мөн догио. Түүнд хэд хэрэгтэй юм гэж үү ?… Та утсан дээрээ хүлээзнээрэй! /номын сан руу орох гэснээ болиод унтлагын өрөөний үүдийг тогшино/

Карльегийн дуу – За бас яав?

Мари – Ноёнтон, ширхэгийг ньхэдээр авах вэ?

Карлье- 400

Мари – 400 … за ноёнтон … /утсаа авна/  Байна уу ? … ширхэгийг нь 300 франкаар авъя. эцсийн үнэ гэж үү? Тэгэлгүй яахав, би хэлж байгаа юм чинь… Тийм ээ, Тийм ээ 350 мянгаар авъя. … Тохирох уу? За … Хаа буулгах юм бэ? Ноён Блез Амбрие. Анри Мартений 18… Түргэлээрэй, баяртай, ноёнтон. /баярласнаасаа болж бүжнэ. Дараа нь дахин Карльегийн хаалгыг тогшино/

Карльегийн дуу – Намайг зүгээр байлгаад өгнө үү, үгүй юу?

Мари – Би нөгөө шүүрийн талаар 500 гаар л авч чадах юм байнаа би.

Карльегийн дуу – Энэ хэтэрнэ ээ, дээд тал нь 450

Мари – 500 эсвэл болъё.

Карльегийн дуу – За яахав 500. Би одоо наймаа ярьж чадмааргүй байна. Харин одоо намайг тайван орхи.

/Хаалган хонх. Мари гарч. хувцасаа өмссөн Блез, Женевьева хоёр гарч ирнэ/

Женевьева – Юу болсныг би дараа нь утасдаж асууя.

Блез – Хэрэггүй, дахиад битгий утасд. Юу ч битгий хий, хэрэв тархинд чинь ямар нэгэн санаа төрдөг юм бол шууд таягдан хая.

Мари – /орж ирэн/ Ноёнтон, тан дээр Лаура Карлье авхай ирлээ

Женевьева – Байдлыг үзвэл би номын сандаа эргэж орох нь. Би замаа мэднэ, байж бай. /гарна/

Лаура – /гарч ирснээ/ Сайн байна уу, юу байна?

Блез – Сайн байна уу, авхай, ямар азтай салхиар …

Лаура – Та ганцаараа байгаа нь ямар аз вэ?

Блез – Би ганцаараа ч гэж болохгүй ээ.

/Мари гарч одно/

Лаура – Миний эцэг эх их сайхан хүмүүс. Гэхдээ суухынхаа өмнө тантай ойр танилцъя гэж бодлоо.

Блез – Ойлгож байна … мэдээжийн хэрэг… гэхдээ залуу бүсгүй залуу хархүүтэй гоонь эрийн байранд хоёулхнаа үлдэх номонд хэр нийцэх юм бол /Лаура мангардуу хөхөрнө/ Доор, кафед суух юм биш үү? … бууж байгаарай, би таван минутын дараа очъё. /гаргаж өрөх гэнэ/

Лаура – Та өнгөрсөн зууных шиг л байх юм! Танаас миний хүсэх юм кафед боломжгүй.

Блез – Тэр юу билээ?

Лаура – Юу л даа, зан суртахууны хувьд би таныг бага зэрэг мэднэ. Харин бие галбирын хувьд сүүлд харамсахыг хүсэхгүй байна.

Блез – Өршөөгөөрэй ойлгосонгүй.

Лаура – Та ч гэсэн тийм биз дээ?

Блез – Ямар утгаараа?

Лаура – Та ч гэсэн бүсгүй хүнтэй бие галбирыг нь үзэхгүй суухгүй биз дээ?

Блез – Ингэх нь дутаж гэнэ!

Лаура – Та цээжиндээ үстэй ч юм билүү?

Блез – Танд тангаргалъя, үсгүй.

Лаура – Цээжний үсийг тэвчиж чаддаггүй юм, хөл хэр вэ?

Блез – Хэний хөл?

Лаура – Таны хөл! /Мари тайзны гүнээр явж өнгөрөхдөө чангаар инээд алдана/ Хэрвээ бид зун хамт наранд шарсан бол хэн хэн нь ямар болохыгоо дор хаяад мэдэх байсан. Би өөрийнхөө хамгийн сайн найзтайгаа анатомыг нь судлахгүйгээр хүнтэй суухгүй гэж шийдэцгээсэн юм.

Блез – Бурхан минь, авхай?

Лаура – Танд усны өмд бий юу?

Блез – Та намайг

Лаура – Яагаад үгүй гэж

Блез – Ваа зайлуул!

Лаура – Энд чинь сонин юм юу байгаа юм бэ? Наран шарлагын газар, усан сан гээд л …

Блез – За, тэгвэл, тохиролцлоо, тэгж байгаад усан санд оръё. /Пальтоных нь ханцуйнаас татан үүд рүү чирэхэд Лаура пальтоноосоо сугарч гарна. Блез эргэж хартал Лаура усны хувцастай зогсож байна/ Оо!

Лаура – За би ямар санагдаж байна? / Блезд бүх талаасаа харагдахын тулд эргэнэ/ Одоо та!

Блез – /пальтог нь өмсгөхийг хичээж/ Хатагтай, та сонс, түргэхэн хувцас өмсөөд аав, ээждээ оч. Эцэг тань таныг харсан сан бол!

Лаура – Аав захиргааны хуралтай.

Блез – Та итгэлтэй байна уу? Тэр больсан бол яах вэ?

Мари – /гарч ирээд/ Хатагтай Карлье!

Блез – Юун хатагтай Карлье гэж?

Мари – Үүдний өрөөнд

Блез – Ямар?

Мари – Танай, өөр хэний байх вэ?

Лаура – /утлагын өрөө рүү ухасхийн/ Ээж ээ!

Блез – /замаас нь барьж аваад/ Үгүй ээ ийшээ болохгүй. /Марид/ Энэ бүхэн хэргээр миний толгой дээр гэж үү? /Лаура шүүгэнд орохыг завдана/ Үгүй ээ, тийшээ ч болохгүй.

Мари – Би яах вэ, ноёнтон?

Блез – Үнэмшмээргүй юм, бүгдийг нь зохион байгуулчихсан мэт! /энэ үед Лаура буйдан доогуур мөлхөн орж амжина. Блез Лаурад хандаж ярьсаар эргэж хараад/ Та ойлгоорой … /алга болсонд мэл гайхан/ Тэр хаачаа вэ? … Лаура!

Мари – Лаура!

Блез – Лаура!

Женевьева – /номын сангаас гарч ирэн/ Зам чөлөөтэй юу? Би гарч болох уу?

Блез – Би энд өөр хүн хараагүй юу?

Мари – /унталыг өрөөний үүдийг нээгээд/ Өө уучлаарай!

Карлье – /хаалгаа нэж/ Танд юу хэрэг болоо вэ?

Мари – Юу ч биш, би андуурч өршөөгөөрэй.

/ Блез, Карлье хоёр номын сан, унтлагын өрөөний хаалгыг зэрэг хаана/

Блез – Яалаа гэж, харин бүр эсрэгээр … Мари гал тогоонд очоод бид хоёрын эрж байсан юм байна уу, үгүй юу үзээдэхээч.

Мари – За ноёнтон.

Блез – Тэр тэнд байвал тэндээ үлдэхийг зөвлөөрэй.

/Мари гарч явна/

Хатагтай – Та юмаа хаячихаа юу?

Блез – Тийм ээ, шал дэмий юм …

Хатагтай – Нөхөр маань захиргааны зөвөлгөөн, охин маань гэр ахуйнхаа дамжаандаад явсныг би ашиглаж тантай уулзахаар шийдлээ.

Блез – Таны хувьд тун эелдэг юм болжээ.

Хатагтай – Тэгээд би тантай дэмий юм ярьж сэтгэлээ нээж суухад надад цаг гаруйн хугацаа гарлаа …

Блез – Юу … та ойлгож байгаа биз дээ? …

Хатагтай – Суухыг минь зөвшөөрнө үү, би алхаж ирээд бүр хөл дээрэ тогтож чадахаа больчихжээ. /буйдан дээр сууна/

Мари – /буцаж ирээд/ Ноёнтоон гал тогоонд юу ч алга.

Блез – Та сайн үзсэн үү?

Мари – Гайхалтай.

Блез – Ноёнтон /харцаараа буйдан луу зааж/

Блез – Та юу хэлэх гээ вэ?

Мари – Тэр буйдан дор байна.

Блез – За, за ойлголоо, харин одоо биднийг орхино уу? /Мари гарлаа/

Хатагтай – Та юмаа олов уу?

Блез – Тэгсэн, олсон … Тэр буйдан дор байна! Яст мэлхий! өрөөгөөр нэг хэсдэг жижигхэн яст мэлхий!

Хатагтай – Тэр жижигхэн яст мэлхийнүүд хичнээн хөөрхөн гээч! /бөхийн харахыг хичээнэ/

Блез –/буйдангаас босгохын тулд гарыг нь авч үнсэн салах ёс гүйцэтгэж буй мэтээр үнсэнэ/ Эрхэм хатагтай, би таныг харамсалтай нь асар богино айлчлалтанд туйлын ихээр баярлалаа.

Хатагтай – Би дахиад жаахан сууж чадна /дахиад сууна/

Блез – Юу дахиад гэж?

Хатагтай – Бид хоёр нэг асуудлыш хамтаар шийдэхийг би хүсч байна /босч унтлагын өрөө рүү алхана/

/ Блез замыг нь хаана/

Хатагтай – Юуны өмнө би өчигдөр өглөө энэ хаалгыг татаад танай зарц нүцгэн байхыг хараад маш их гайхсаныг минь та ойлгоорой. Юуны түрүүнд жигшил төрөх минь аргагүй байсныг та зөвшөөрнө үү.

Блез – Нөхцөл байдал …

Хатагтай – Тиймээ, тимй, энэ бол таны, тэгж хэлж болмоор юм бүү мэд, таны мэргэжлийн хэрэгцээний үр дүн гэж нөхөр маань надад тайлбарласан.

Блез – Яг тийм.

Хатагтай – Тийм … ингэхэд бид гол юмруугаа дөнгөж очлоо … Та манай охинтой гэрлэснийхээ дараа дан натюрморт зурж эхлэвэл надад их аятайхан байхсанж

/унтлагын өрөөнөөс кастеньетны чимээ сонсдон. Хатагтай Карлье гайхширан Блез рүү харна. Цаадах нь испани бүжиг хийж эхлэнгээ үүдний өрөөний тэнд очин булангаас хаалт авчирна. авчраад унтлагын өрөөний үүдэн тушаа тавина/

Блез – Энэ миний хөрш испани жүжгээ давтаж байгаа юм.

Хатагтай – Энэ байшинд тэр чигээрээ урлагийнхан байх юм.

Блез – /дуу алдан/ Өө!

Хатагтай – Юу болоо вэ?

Блез – Надад нэг санаа төрлөө! Та зургаа зуруулахыг хүсч байна уу?

Хатагтай – Би тун их баярлана.

Блез – Сайн байна! Тэгвэл хоолын өрөөнд оръё. Тэнд арай гэрэлтэй. /Хатагтай мольбертоо өгөөд хоолны өрөө рүү дагуулан явна/ Ийшээ орогтун.

Хатагтай –Намайг хажуугаас минь зурвал дээр гэж та бодохгүй байна уу?

Блез – Таны зөв! Хажуу тань танд их зохих юм.

/хатагтай түүнийг гайхан харна/

Блез – Өршөөгөөрэй, ухаан минь заримдаа самуурчихдаг юм … За! … /хоолны өрөө рүү түлхэн оруулна/ Намайг бага зэрэг хүлээнэ үү, би бийр будгаа авч ирээд таны мэдэлд оръё. /өвдөглөж суугаад буйдан доорх Лаурад хэлнэ/ Би танд хэлж байсан! Та юу хожоо вэ? /Лаура уйлж эхлэнэ/ Ингэх нь дутаж дээ! Одоо уйлах цаг биш!

Лаура – Би гэртээ харьмаар байна.

Блез – Харинаа, харина, гэхдээ одоо биш. Намайг юм хэлтэл бүү хөдлөөрэй. /бүр цааш нь түлхээд бийр будгаа сонгоно/

Мари – /орж ирэн/ Та үнэхээр Карлье авхайтай суух гэж байгаа юм уу? Тэр чинь усан тэнэг шүү дээ!

Блез – Мэднэ гэхдээ надад өөр зам байхгүй.

Мари – Тэгээд ч энүүхэндээ гэхэд бие галбир нь нэг их сайхангүй юм билээ.Түрүүн би алчуураа тайлаагүйдээ яасан их харамсаж байна аа! Ялгааг минь харах байсан юм.

Лаура – /буйдан дороос толгойгоо цухуйлгаад/ Би харимаар байна!

Мари – /өвдөглөж суугаад/ Бүү цухуй! Яриа бүү сонс! Аав ээж хоёр чинь хоёулаа энд байна. Дуулчихна шү, алив цаашаа … /Лаураг түлхэнэ. Өвдөглөж суусан хэвээр түүнийг цоо ширтэх Блезийн харцтай тулгарна/… Та юу бодоо вэ?

Блез –  /хажууд нь авдаглаж суугаад/  Таны тухай … би ч мэдэхээ байлаа … энэ маань … Юу ч юм билүү …

Мари –Юу?

Блез – Бидэнд Плувенез – Моэдэект ирэх очихын хоёр тасалбар хэрэгтэй.

Мари – Яах юм?

Блез – Танай эгч таныг хүнтэй суулгах талаар юу бодож байгааг мэдье.

Мари – Ноёнтон та үнэн ярьж байна уу?

Блез – Тиймээ, хатагтай, би танд хайртай.

Мари – /хоёр хацрыг нь үнсэж/ Өө, ноён Блез!

Блез – /мөрөөр нь тэврэн/ Намайг зүгээр л Блез гэж бай.

Мари – Эгч маань баярлана даа.

/Блез, Мари хоёр босч ирнэ/

Блез – Женевьева би чамд шууд үнэнээ хэлсэн нь дээр гэж бодлоо.

Женевьева – Юу ч ярих хэрэггүй, би өөрийнхөө нүдээр үзлээ.

Хатагтайн дуу – Ноён Амбрие та хаана байна аа? Би хүлээж байна шүү. /мольбертоо барьсаар гарч ирнэ. Блез хаалтаа ухасхийн авч Женевьеваг халхлахад цаадах нь бөхийнө/

Блез – Бэлдээрэй дараагийн зогсоол номын сан.

/Женевьеваг даган яваа гэж бодоод Блез хаалтаа номын сан руу зөөнө. Гэвч цаадах нь Блезийг явсныг мэдэлгүй бөхийсөөр хоцорно. Хатагтай Карлье Блезийг анхааралтай ширтэж байга учраас Женевьеваг анзаарахгүй. Блез Женевьева хоцорсныг үзээд түргэхэн эргэж ирэхдээ хатагтайн хажуугаар өнгөрнө. Тэрбээр шил лорнетоо гаргаж ирнэ./

Блез – Женевьева бэлэн үү, нэг хоёр гурав

Женевьеваг харалгүйгээр Блез хаалттайгаа хөдөлнө. Эцэст нь Женевьева номын санд орж алга болно. Хатагтай бүр сонирхож шилтэйгээ хаалтанд дөхөж ирнэ. Хаалт тэр хоёрын дундуур Блез зогсоно. Дахиад кастеньст сонсдоно. Хатагтай унтлагын өрөө рүү явахад Блез гүйж очоод  гараас нь хөтлөн номын сан руу чиглэнэ.

Блез –Таныг зүүн талаас чинь бус баруун талаас чинь зурвал дээр байх. /унтлагын өрөөг харуулахгүйгээр толгойг нь эргүүлнэ/ За яг, наашаа хар! Ер хөдлөж болохгүй, би таныг тойрон явъя. Гайхалтай хөрөг болно доо! /Хатагтай Карлье руу буйданг түлэхснээр шалан дээр хэвтээ Лаура ил гарна/ Өө, энийг бүр мартчихж. Лаураг харуулахгүйн тул хоёр гараараа хатагтайн толгойг эргүүлэн/ За битгий хөдлөөрэй! Цэх хар! … Юу ч бодох хэрэггүй. /Хаалтаа түргэн авчирч Лаурагийн өмнө тавиад босоход нь туслана/ Бүү сандар! Бос! /хатагтай буйдангаас босохыг оролдоно/ Үгүй таныг хэлээгүй ээ… Анхаар, гараа, хамт хөдлөнө. Эхний зогсоол үүдний өрөө. Гра, ля-ля –ля … /аяласаар үүдний өрөө рүү явахад Лаура хамт хөдлөнө/

Хатагтай – /босч хаалтанд дөхөж/ Таны энэ байрыг солихыг чинь би ер ойлгохгүй юм.

Блез – /зогсож хаалтаа Лаураг тойруулан тавьж/ Зураач бид өөр өөрийн гажигтай.

/унталгын өрөөний хаалга нээгдэнэ/

Карлье – Таныг ганц хором болох уу?

Блез – /ухасхийж хаалгаа хаагаад/ Үгүй ээ. /хатагтайн гараас хөтлөн буйдан дээр суулган/ Надад нэг санаа төрлөө. Өнөөдөр өчнөөн олон бодол төрсөн нь гайхмаар юм. Би гуйя, та тэсч үз, бүү хөдлөөрэй. Одоо бүх юм сайхан болно. Харин битгий л хөдлөөрэй. /номын сангийн хаалганд завсар гаргаж/ Энд ч гэсэн битгий хөдлөөрэй. /шүүгээнээс Арианатай сандлыг түрэн гаргаж унтлагын өрөө рүү явна. Хаалтны хажуугаар өнгөрөхдөө өнгийгөөд хэлнэ/ энд бүү хөдлөхтүн! /хатагтай Карльед/ Яг урагшаа хараарай.

Блез – Арианатай унт. Өрөөнд алга болно.

Мари – /маш сэтгэл нь хөөрсөн ирээд/ Байж боломгүй юм! /хатагтайн хажууд буйдан дээр үсрэн суугаад, энэ үед хатагтайн гайхах нь хэрээс хэтэрнэ. / Та тоо бодож чадах уу, май, энэ цаас харандаа. Бодлогын нөхцлийг бич. /гарт нь харандаа цаас өгнө/ Нэг ноёнтон 50 мянган шүүр ширхэг нь 300-гаар аваад 500-гаар зарна. Хэдийг хожих вэ? /Хатагтай Карлье маш гайхсан учраас хариулж чадахгүй./ Тан ингэж бод. Зарсан үнэ 500-гаас авсан үнэ 300-г хасаад 200-гийн ашиг гарна. Зөв үү? /хатагтайгаас цаас харандаагаа авна/ Тэгээд 200 франкаа 50 мянгаар үржүүлээд зуун мянга болно … нэмэх нь хоёр тэг… нийтдээ 2.3.4.5.6.7 тэг гэж зөв үү? Долоон тэг гэдэг чинь 10 сая. Ура! Бид 10 саятан.

/ Блез унтлагын өрөөнөөс Арианагийн тэргийг түрэн гарч ирнэ. Дээр нь суусан хүнийг алчуураар бүтээсэн ч тэр нь хаалганаас татагдаад үлдэхэд Блез цааш нь түрж түүнд дээр Карлье сууж байх нь харагдана./

Хатагтай – Карлье Клебер!

Карлье – Сабина!

Блез – /Карльег илчилсэндээ маш их сандарч бүтээлэг рүү ухасхийхдээ хаалтаа унагааж усны хувцастай Лаура ил гарна/

Лаура – /орилно/ Ээж ээ!

Хатагтай – Лаура!

Карлье – Охин минь

Блез – Байзнаж бай, энэ чинь бүгдээрээ биш үү. /номын санруу ухасхийн Женевьеваг гаргаж ирнэ/ Одоо ч болсон байх аа. /буйдан доогуур шагайна/

Пепита – /гарч ирээд/ /Юу болоо вэ? /

Блез – Өө өөр хүмүүс бас байна!

Женевьева Пепита хоёр бие биенээс хараад  – Оо! /тэд бие биенрүүгээ заналхийлэн ойртоход Карльегийн сууж байсан сандал зааглана/

Пепита – /гараа далайн Карльег цохино/ /Клебер тэр энэ байна!/

Женевеьва – /гБараа далайн Карльег цохино/ Энэ хэн бэ?

Пепита – /Завхай/

Женевьева – Завхай амьтан!

Лаура хаалтаа босгочихсон тэнд хатагтай охиндоо “бууна” Нийтийн шуугианд үг үл мэдэгдэнэ.

Мари – /хоёр гартаа нэг нэг шүүр барин орж ирнэ/ Блез! Блез! /бүгд нам гүм болно/

Карлье – /ухасхийн шүүрийг булаагаад/ Миний шүүр! /Мари үүдний өрөө рүү дахиан шүүрэнд явна. Шүүрээ тоолно./ Хоёр гурав дөрөв /шүүрээ Лаурад өгнө. Лаура өөрийнхөө ээлжинд хажуудаа зогсох ээждээ, цаадах нь Блезд, Блез Женевьевад, Женевьева Пепитад Мари шүүрээ авч ирсээр л … Шүүрээ хөгжилтэй, эрч нь улам нэмэгдэж буй хөгжмийн аянд тоолсоор … / 6.7.8.10.12.14 …

Ариана – /галзуу хуй мэт гипстэй хөл дээрээ догонцон үсэрч ирнэ/ Зэрлэгүүд … Та нар миний өрөөг юу болгочихоо вэ?

Хөшиг

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s