Фридрих Ницше эмэгтэйчүүдийн тухайд

  1. Эмэгтэйчүүдийн сэтгэх байдал

Эмэгтэйчүүд нь ямар нэг зүйл дээр бүрэн дүүрэн удирдлагаа тогтоож, бүх боломж, давуу талуудыг ашиглах хандлагатай байдаг. Тэд энэхүү байдлаа өөрсдийн үр хүүхдийн үндсэн зан араншинд өвлүүлэн үлдээнэ. Эцгийн нөлөөлөл нь үр хүүхдүүдийн шинэ амьдралын хэмнэл, зохицол нь болж өгдөг бол уг амьдралын эгшиг нь эхээс үүдэлтэй. 

Юмыг тайлбарлаж чаддаг хүмүүст бол угтаа эмэгтэйчүүдэд нь оюун ухаан, эрэгтэйчүүдэд нь зүрх сэтгэл бодитоор оршино. Эрчүүд өөрсдийн оюун ухааны хүчээр хамгаас их зүйлд хүрдэгтэй энэхүү явдал харшилдаггүй юм. Учир нь эрэгтэйчүүдэд байх хүчтэй хүсэл тэмүүлэл нь даруу төлөв оюун ухааныг чирэн өндөрт дүүлэхэд хүргэнэ. Харин эрчүүд эмэгтэйчүүдийн зүрх сэтгэлд агуу их хүндлэл үзүүлэх явдалд эмс охид цаанаа хүчтэй гайхширдаг билээ. Эрэгтэйчүүд асар их хүнлэг дулаан зүрх сэтгэлтэй хүнээр өөрийн ханиа сонгохыг хүсэмжлэн эрэлхийлдэг бол эмэгтэйчүүд ухаалаг, сонор өндөр, сэхээтэн эрсийг хайдаг. Эндээс эрэгтэйчүүд нь хамгийн төгс төгөлдөр эрэгтэй, эмэгтэйчүүд нь хамгийн төгс төгөлдөр эмэгтэйг бэдэрдэг болох нь тодорхой харагдаж байна. Энэ нь өөрийгөө нөхөх биш, гагцхүү өөрсдийн сайн талыг төгсжүүлэх хүсэлтэй нь холбоотой.

  1. Хесиодын нотолгоог* шүүн үзэхүй

Эмэгтэйчүүдийн ухаалаг байдал бараг хаа сайгүй тод илэрдэг. Тэд бусдаар өөрсдийгөө тэжээлгэх учраа олох нь тун гаргууд. Зүгээр л энэ өгүүлбэрийн бодит утгыг бодоод үзэхүл яагаад эрчүүд эмэгтэйчүүдээр тэжээлэгдэггүйг ойлгож болно. Энэ нь эрчүүдийн бардамнал, хүсэл тэмүүлэл нь эмэгтэйчүүдийн ухаалаг байдлаас хол давуутай болохын баталгаа. Эмч хэн нэгний ивгээлд багтаж, бууж өгснөөрөө баталгаатай бөгөөд асар их давуу талыг өөрсөддөө олж авдаг нь үнэндээ гэр бүлийн давамгайлал болох аж. Дээр үед жаахан ухаалаг эмэгтэйчүүд нь үр хүүхдээ харж хандах явдлаар түрий барин ажлаас аль болох зайлсхийхийг зорьдог байв. Одоо үед бол гэрийн эзэгтэй нар хэдий ажилтай ч энэ байдлаа хараан, үглэж гонгинох нь эрчүүдийг тэдний ажлын үр өгөөмжийг 10 дахин илүү болгон хэт үнэлж сэтгэхэд хүргэдэг.

  1. Эмэгтэйчүүд үзэн ядах үедээ

Эмэгтэйчүүд үзэн ядах сэтгэлийг мэдрэхээрээ эрчүүдээс илүү аюултай болдог. Юун түрүүнд, тэдний хорон мэдрэмж хөдөлсөн л бол тэд ямар ч шударга ёсыг уландаа гишгэн зөвхөн үзэн ядах сэтгэл нь эцсийн үр уршгийг тарихаас нааш санаа сэтгэл нь амардаггүй. Хоёрдугаарт, эмэгтэйчүүд хамгийн эмзэг, шархалсан цэгийг (ямар ч эрэгтэйд бий) олохдоо гаргууд, туршлагажсан байдаг тул яг тэр цэгийг нь л олж хутгалдаг. Дараа нь эдгээр эмсийн жадны үзүүр мэт хурц ухаан тухайн шархыг эдгэрүүлэхгүй байх хамаг арга хэмжээг авах болно (харин эрчүүд иймэрхүү шарх хөндөх аваас ихэвчлэн биеэ барин, хүнлэг өгөөмөр, эвлэрэх хандлагатай болдог).

  1. Хайр

Хайрын тал дээр эмэгтэйчүүдийн гаргадаг зан араншин, хүндлэл бишрэл нь үндсэндээ эртнээс улбаатай зальт ов мэх юм. Хайрыг туйлын сайханд тооцож, өргөмжлөх бүхий л үйлдлүүд нь эмэгтэйчүүдийн нийгмийн хүч нөлөөг өндөрсгөж, эрчүүдийн нүднээ хосгүй сайхан хүршгүй сэрэл өдөөгчид мэтээр дүрслэгдэхэд хүргэдэг. Энэхүү олон зууны турш хайр сэтгэлийг дөвийлгөн бишрэх явдал нь эмэгтэйчүүдийг энэ бүхний цаад учир шалтгааныг мартуулсан тул тэд өөрсдийн нэхсэн торондоо тээглэсэнтэй эгээ адил нөхцөл бүрдээд байна. Тийнхүү эмэгтэйчүүд эрчүүдээс илүү хайр сэтгэлд итгэн, хууртагдсан байдаг тул мөнхүү ихээр зовж шаналдаг. Ийн эмэгтэй хүн бүрийн амьдралд зайлшгүй тохиох сэтгэл гонсойх явдал нь үнэн чанартаа эмэгтэй хүн хууртагдаж, урам нь хугарахад хөрс болохуйц хангалттай их хийсвэр төсөөлөл, сэтгэлгээтэй болохыг нотолж байна.

* 1878 оны зун Ницше Хесиодын “Ажил, өдөр хоногууд” гэдэг нэртэй зохиолын талаар лекц тавьсан бөгөөд уг зохиолд ховдог шунахай эхнэр залхуурч хэвтэн хивсээр нөхрөө цагаас нь эрт хөгшрөөх шиг аймшиг үгүй” гэж Хесиод бичсэн байдаг.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s