Монгол улсын театрын урлагт хувьсгалт реализмын арга гүнзгийрсэн нь

1936 онд манай улсад Зөвлөлтийн том уран чадвар сайтай нэрт багш В. А. Борейшо ирсэн явдал нь манай театрын урлагийг урагш ахиулах том түлхэц гарахад хүргэсэн юм. А. Ефремовын ирж манай жүжигчдэд боловсрол олгосон нь дунд сургуулийн хэмжээнийх байсан гэж хэлж болох бол В. Борейшо, А. Рабинович нар ирсэн нь манай жүжигчдэд дээд сургуулийн дайтай боловсрол олгосон гэж хэлж болох юм.

В. Борейшо юуны өмнө театрын тайз, жүжгийн бэлтгэлийн газрын засварыг санаачилж шамдуулан хийлгэсэн болно. 1936 онд хувьсгалт намаас тогтоол гарган театрын барилга бариулах, ажилчдын байр босгох, Д. Нацагдорж, С. Буяннэмэх нарыг жүжгийн зохиолчдыг олшруулах зорилгоор үүрэгт ажлаас нь чөлөөлж театрын орон тооны ажилчид болгон шилжүүлсэн байна. 1936 онд театрын жүжигчин бэлдэх сургуулийг дахин байгуулж, 1935 онд театраас тасарсан Монголын киноны жүжигчдэд мөн В. Борейшо жүжигчний уран чадварын хичээлүүдийг дахин нэг орж өгсөн байна.

1937 оны үеэр Испанид иргэний дайн болж байсан бөгөөд Испани орныг социалист үүднээс дэмжин монголын театр Лопе де Вегийн “Хонин булаг” жүжгийг орчуулж тавьсан байна. Үүнээс гадна Мигель де Сервантесийн зохиолыг орчуулж, Диего Веласкесийн зургуудийг хүмүүст үзүүлэх, дэлгэрүүлэх ажлууд хийгджээ.

Лопе де Вегийн “Хонины булаг” жүжигт жижиг тосгоны хоньчин Естебаны үзэсгэлэнт охин Лауренс залуу Фронтост дурлаж улмаар хурим найр хийх болоход хуримынх нь эхний шөнө Фронтосын эзэн ноён “эхний шөнийн эрх”-ээр зарцынхаа бүсгүйг авч явахаар завдахад Лауренс эмэгтэй эрс эсэргүүцдэг юм. Лауренс хааныг туслах байх хэмээн түүн дээр очтол хаан хууль дүрмийг яаж өөрчилөх вэ хэмээн гар үл хөдөлгөнө. Лауренс бусад ард олондоо та нарын энэ номхон хүлцэнгүй байдлаас чинь болоод энэ тосгонг чинь хонины булаг гэх болсон биз хэмээн сэнхрүүлэх гэж оролдоно. Энэ бүхний эцэст Лауренс маш их зориг зүрх гарган эзэн ноёныг өөрийн гараар хөнөөж буй тухай энэ жүжигт өгүүлнэ.

Үүнээс гадна энэхүү сонгодог жүжгийг эхэлж тавьcнаараа жүжигчдийн дүр бүтээх ажиллагаанд нэвтрэн хүний ухаан, сэтгэхүйг театрын бүтээл туурвилд чухалчилдаг тухай Станиславскийн сургаалыг гүнзгийрүүлэн эзэмшүүлэхэд том алхам болсон юм. “Хонины булаг” жүжиг, үзэгчид олны гүн талархлыг хүлээж Иснанийн шударга ард түмэнтэй эв санаа нэг байгаагаа илтгэн харуулсан юм.

Лауренснйн энэ бүх сэтгэхүйн хүнд хувиралт, мөн дүрийн өсөлт хөгжилтийг дурслэн гаргахад жүжигчний нарийн чадвар шаардсаныг, манай ардын уран бүтээлчдийн уламжлан ирсэн үнэн бодит, оргилуун тоглолтын авьяас, хичээлээрээ зөв үзүүлж амьдралыг үнэнээр тусгах чиглэлийг монголын тайзан дээр Л. Дамдинбазар, Ч. Лувсансодном, Б. Равдан нарын тоглолтын зарчмыг өөрийн уран бүтээлд тусгаж мөн дорно дахины сонгодог жүжгийн тоглолтын гаднах хэлбэрийн нарийн бөгөөд чанд дэгт ажиллагааг шингээсэн Д. Ичинхорлоо дээрх зүйлсийг сэтгэхүйн үнэн хөдөлгөөнт тоглолттой хослон хэрэглэхдээ Лауренсийн зориг баатарлаг чанарыг тодорхой гаргаж үзэгч хүмүүний сэтгэлд бахархал төрүүлэм дүр болж чадсан билээ.

Жүжигчин Д. Цэрэндулам мөн энэ дүрийг бүтээхдээ эерүү зөөлөн талыг нь үнэн оайхан гаргасан. Харгис ноёны дээрэнгүй байдал, бузар муухай сэтгэл, зальт арга, бас аймтгай, хулчгарыг жужигчин Б. Жадамбаа тод гаргаж мартагдашгүй дүр бүтээсэн билээ.

Ардын жүжигчин Ц. Цэгмэд залуу тариачин Фрондосогийн авхаалж золбоо, зориг самбаа, үнэнч сэтгэл, энэрэнгүй хүнлэг чанарыг гойд сайн тодотгож, үзэгчдэд хайрлагдан үлгэр жишээ болохоор зоримог, үнэнч, хүний дүрийг бүтээсэн юм. Мөн 3. Цэндээхүү нь бүдүүн хадуун балмад зэрлэг муйхар тэгсэн мөртлөө ухаантай зальтай зарцын дүрийг тун үнэн бодитой гаргасан юм.

Жүжгийн тайз заслыг Померанцев, Л. Гавааг дагалдуулан хамт хийсэн бөгөөд Испаний талаарх нилээн судалгаан дээр үндэслэн тайз чимэглэлээ хийсэн байна. Гэрэлтүүлэг, нүүр будгийн хэсгүүд энэ жүжиг дээр маш сайн ажилласан бөгөөд театрын туслах хэсгүүдийн хувьд хөл дээрээ босож чадсан юм.

1938 онд Италийн инээдмийн зохиолч Карло Гольдонийн инээдмийн зохиол “Хоёр ноёнтой ганц зарц” жүжгийг дараа нь манай театр тавьсан юм. Энэ жүжиг нь XVIII зууны үеийн Италид хэвшигдсэн (комеди дель арте) багт инээдмийн жүжгийн тоглолтууд үгээ зохион ярих болон утгагүй хоосон инээсэн явдлыг эсэргүүцэж нэг утга санаанд бүх үгийг зохицуулан зохиох, зохиолчийн бичмэл зохиолтой болгох, дур дураараа тоглодог жүжигчдийг нэгдмэл журамд оруулах, жүжгийн инээдэмт зүйлүүд нь нэг утга, үзэл санаанд чиглэгдсэн учир зүйн аргатай байх, дүрүүдийг загвар болсон баг мэт биш хүний амьд дүр болгон бататгах талаар К. Гольдоний “Хоёр эзний ганц зарц” жүжиг театрын тэр үеийн урлагт дэвшилт өөрчлөлт хийж чадсан юм. Энэ жүжгийг мөн В. А. Борейшо найруулж, Померанцев, Л. Гаваа нар зураг чимэглэлийг хийв.

Энэ жүжгээр дараа үеийн чадварт жүжигчин Б. Мижиддорж, М. Бадамгарав, Ч. Долгор, Д. Чимэд-Осор, Ө. Рэнцэнноров. Г. Гомбосүрэн зэрэг хүмүүс гол дүрийг бүтээж эхэлсэн билээ. Дээрх хоёр жүжгийг тавьснаар манай театр баатарлаг драм, инээдэмт жүжиг тавих арга барилын эхлэлийг гаргаж иржээ. Станиславскийн хэлснээр “Жүжигчний тайзан дээр хийж байгаа юм бүхэн урлагийн үнэнээрээ хүмүүст үнэмшигдэх ёстой. Жинхэнэ нь худал хуурмагийг тэвчихгүй юм.”

bef63661ecb37d55a61ab85603ed01bf_x3

1937 онд театрт уригдан ирсэн хөгжмийн мэргэжилтэн Б. Ф. Смирнов нь Л. Мөрдорж,Ж. Дорждагва, Б. Дамдинсүрэн, С. Базаррагчаа, Ж. Чулуун нарыг халамжлан сургаж тэр цагаас хойш хөгжим чимэглэлийн асуудлыг мөн шинжлэх ухааны үндсэн дээр тулгуурлан урьдах ажиллагааг улам нарийн болгож эхэлсэн бөгөөд энэ үед найрал хөгжим өргөжин байгуулагдаж байлаа.

Ийнхүү ажилласнаар 1938 онд Октябрийн хувьсгалын 21 жилийн ойгоор манай алдарт жүжигчин Ц. Цэгмэд, Д. Ичинхорлоо, Н. Цэгмэд нар тайзны бүжгийг зөвхөн пансан алчууртай ганц бүжиг байсныг өргөжүүлж Б. Дамдимсүрэн, Л. Мөрдорж нар хөгжмийг нь бичиж “Манай наадам”, “Манай хувьсгал”, “Сайн морин дээр”, “Хүүхэд жимсэн дээр” зэрэг бүжгүүд дэглэн тоглуулсан нь орчин үеийн бүжгийн урлагийн үүслийг тавьсан гэж үзэж болох биз ээ. Төв театрт үндэсний бүжиг гайхамшигтайгаар зохиогдсон юм.

Энэ үед драмын жүжиг, инээдэмт, эмгэнэлт жүжиг, дуурийн эхлэл тавигдсанаас гадна бүжгийн урлагийн үүсэл бий болсон нь театрын урлагийн үндсэн төрөл зүйл бий болох товооолсноос гадна гол нь энэ бүтээлүүдийн зарчимд хувьсгалт реализмын арга нь нэвтрэн орсныг хэлэх хэрэгтэй. Дээрх урлагийн төрөл бүхнийг өргөжүүлэн дэлгэрүүлэхийн тулд басболовсон хүчний асуудал чухлаар шаардагдан 1939 оны эцсээр уран сайхны сургууль, мөн Улсын театрын дотор 1938 онд байгуулагдсан циркд жүжигчин бэлтгэх түр сургууль тус тус ажиллав.

В. А. Борейшо жүжигчдээс гадна жүжгийн зохиолч нарт олныг зааж сургасан юм.1940 он хүртэлх үе бол театрын урлагийн төрөл зүйл бүрийн эрэл, эхлэл, театр нь нийгмийн асуудлын индэр байх, театрын урлагийн үндэсний ахмад үеийн мэргэжилтний өсөлтийн хугацаа байв.

1940 онд хуралдсан МАХН-ын X их хурал тус улсын урлаг, утга зохиолын хөгжил, ололт амжилтыг өндөр үнэлэн дүгнээд цаашдын зорилтыг тодорхойлон тавив. “Театр, клуб зэрэг уран сайхны байгууллагуудын ажиллагааг сайжруулах ба ажилчдаар хангах, уран сайхны ажилчдыг бэлтгэх зорилгоор жүжиг, бүжиг, дуу, хөгжим, зохиол найруулга, кино ба гар зургийн сургуулиудыг аль болохоор байгуулах ба улсаас аль болох зардлаар хангавал зохино” гэж заасан билээ.

Э.Оюун – “Монголын театрын түүхэн замнал” номноос

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s