Лувсангийн Дамдинбазар (1889-1937)

Ард түмний эрх чөлөө тусгаар тогтнолын төлөөний хөдөлгөөн өрнөж байсан 1889 он билээ. Одоогийн Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутагт Эрдэнэ- Зуугаас баруун тийш, зулзаган ногоон бургас, ариун сайхан үнэрт арцат модоор чимэглэгдэж, үзэсгэлэн гоо байгалиараа үеийн үед үзсэн бүхэнд гайхагдсан, толь шиг тунгалаг усанд нь балчир нялхас дүрсээ харж тоглосон, монголын олон эрэлхэг хөвгүүдийн баатарлаг явдлын гэрч болсон, ихэмсэг сайхан урсгалт Орхон голын эргээр, цэнхэр яргуйн дэвсгэрт сэргэлэн дэнжид утаа болсон бор гэрээ барьж дандаа зусдаг, гурван ямаа, хоёр морьтой ядуу ард Лувсангийн гэрт төрсөн арван есөн хүүхдийн дараа зуны цагт, үүр шөнө хагацахын завсар хорь дахь хүү Дамдинбазар мэндэлж, ертөнцийн сайхан агаар улиралтай золгосон билээ.

Өдий олон хүүхдийн эцэг болсон Лувсан, эх хоёр нь өдөр шөнийн 24 цагт нуруу гэдийлгүй, борви бохисхийлгүй хөдөлмөрлөнө. Эцэг Лувсан баяны адууг хариулан, заримдаа ан гөрөө хийнэ. Хичнээн хүнд амьдралтай ч гэсэн Лувсан дуулах их дургай. Амьдралынхаа зовлонг арилгах бол “Эр бор харцага нь жигүүргэндээ хүчтэй.” гэж хангинуулан явдаг байжээ. Заримдаа, орны хөндийд байдаг утаатай хуураа гаргаж уйтгартай аялгууг дарна. Зун, намрын тогоо нэрдэг цагаар хааяа аяга 196 тагш юм уучихаад ирвэл бас л “Эр бор харцага” дуулж дууссаны дараа “Зүгээр. миний олон муу сайн хүүхдүүд бүгд хувьтай, эр чадалтай болно. Дууч, хуурч болно, зарим нь лам, хувраг болно. Бид хоёрын толгой дээр ном уншиж, сүнсий минь бурхны оронд очуулах замыг шулуутгаж өгнө. “Хөгшин чи битгий уйлж бай” гэж сайхныг хүсэж сэтгэлээ тайтгаруулдаг байсан ажээ.

Бяцхан Дамдинбазар найман нас хүрч, мөн л баян айлын хонь, хурга хариулж, бор ходоодоо хоолны шавхруу, тогооны хусмаар тэжээнэ. Хонь, хурга хариулж явахдаа төрсөн нутгийнхаа өндөр сайхан уул, тунгалаг голын урсгал, өргөн талын ногоон хивс, эрээн алаг цэцгэн хөндий, өндөр цэнхэр тэнгэртэйгээ нартайгаа сэтгэлдээ ярьж, бодсон бодлоо дуугаар гаргадаг байв.

Баяны малыг хариулж явахад ноёд, хатдаас муу үг сонсож загнуулахын зэрэгцээгээр, тэдний үр хүүхэд хүртэл бяцхан Дамдинбазарыг “ноорхой дээлт, нусгай новш” гэж зоддог байв. Дамдинбазар багаасаа хонь, хурга хариулан явж ганцаардуу байдалд дасчихсанаас гадна хүн бүр өөрий нь шоглох, загнахын тулд байгаа юм шиг боддог болсон учир хүмүүстэй ойртох их дургүй байжээ.

Гурав, дөрвөн жил ийнхүү баян айлд зарагдан явсаар, нэг өдөр гэртээ иртэл эцэг нь мориноос ойчиж бэртсэн тул бараг амьсгаа хураах гэж байв. Гэрийн дотор байсан эх, хоёр эгч нь ухаан алдан самгардаж “Эм залах уу? Бариач авчрах уу?” гэсээр байтал гэнэт эцэг нь ухаан орж “Хэрэггүй ээ. Намайг Бүргэдтэйн ар суганд тавиарай” гэж хэлмэгцээ эхэр татан нас баржээ.

Ижий, эгч нарын чимээгүй уйлах нь бяцхан Дамдинбазарыг улам айлгаж, жаал хүү овоолгоостой аргалын дэргэд навтас эсгийн дээр сууж уйлсаар тэндээ унтчихжээ. Найман настай Дамдинбазар эцгээсээ ингэж салав. Тулж түших хүнгүй энэ гэр бүлийн амьдрал улам хүнд, тэсэхэд бэрх болсон учир одоогийн Төв аймгийн Аргал Жирэмээр нутаглаж байсан ах дүү нартаа ойртож, тийшээ нүүх болов. Нуүж явахын өмнө Дамдинбазар нэг өдөр эцгээ оршуулсан газар очиж үзэхэд юу ч үгүй болсон байлаа. Дамдинбазар нэлээд сууж уйлж байснаа гэнэт өөрийн эрхгүй “Өвгөн бүргэд” гэдэг дууг хүүхдийн шингэн хоолойгоор дуулж байтал ард нь эх нь ирээд уйлан чагнаж суусныг мэдээгүй байжээ. Явах гээд бостол эхийгээ хараад хоёулаа тэврэлдэн уйлжээ. Эх нь “Миний хүү аав шигээ сайхан дуулдаг болох нь. Дууч хүн жаргал үздэггүй юм гэсэн. Яана даа?” гэж хүүгийнхээ хувь заяаны твлөө зовниж улам уйлна. Дамдинбазар энэ үгний утгыг сайн ойлгоогүй боловч дуу дуулахаас илүү сайхан юм байж болохгүй санагдаад юү ч хэлсэнгүй ээ.

Дамдинбазарынх Аргал Жирэм рүү нүүхдээ нэг их ядарсангүй. Гэхдээ байсан жаал юм, малаа эцгийн хойтхы нь уншуулах өөрсдийн амь насыг даатгах зэрэгт лам хуврагуудад өргөсөөр дуусжээ. Аргал Жирэмд ирснээс хойш эх нь хүүгээ Их хүрээний дацанд суулгаж сайн хувраг болгоё, өөрийн толгой дээр ном уншуулна гэх болж Дамдинбазарыг Их хүрээний дацанд нэг ламд шавь болгон өгөв. Энэ үед Дамдинбазар арван хоёр нас хүрсэн учир арай ядан амьдарч яваа хөгшин болсон эхийгээ зовоохгүйн тул хүслий нь дагуулж хүрээнд суув. Тал нутагт хүний боловч, олон малыг хариулж, үргэлж дуулан, тэрхэн үедээ чөлөөтэй явдаг байсан Дамдинбазарт Их Хүрээ гэдэг бөглүү, битүү, шороо тоос, элдвийн муухай үнэр ханхалсан, хаашаа ч харсан нүд тавих газаргүй, шургааган хашаа, ширүүн хүйтэн харцтай танихгүй хүмүүс, тэр байтугай өөртэй нь адилхан жижиг олон банди нар хүртэл шогч, зодоонч нь жигтэйхэн мэт байв.

Дэлэг гавжийнд суухдаа ном заалгахаасаа гадна түүний зарц болон усыг нь зөөх, түлээгий нь хөрөөдөж хагалах, хоол ундыг нь хийх, хог шороогий нь цэвэрлэх боллоо. Багш нь хоол хийх мах, гурилыг хэмжээлэн орхих бөгөөд хэд хоногийн дараа гурил дутлаа гэх зэргээр загнаж, торлогдох болжээ. Удалгүй Дамдинбазар тангад ном цээжлэхэд угаас дургүй тул улам их торлогдуулах болов. Боов олон байв ч цөм цоож, цуургатай авдарт байх учир өлсөхөд идэх юм олдохгүй. Үүрээр босож шөнөөр унтах боловч зав нэг ч гарахгүй. Энэ ч бас гайгүй, дуулах газар огт олдохгүй байв.

Нэг өдөр худгаас ус авч явтал нэг бяцхан бандитай танилцаад нь бишгүүр хаа байдаг, түүнийг яавал үлээж сурах тухай айн байсаар асуусанд тэр банди үзүүлж өгөхөөр амлаад хойд дуганы хашаанд оруулж өгчээ. Дамдинбазар энэ бүрээ, бишгүүрийг үлээх сургууль хийж сонирхсондоо удаан хугацаа өнгөрснийг мэдсэнгүй, нэг харвал нар голлосон байв. Аз болоход түүнийг өөр хэн ч үзсэнгүй одоо дараа дандаа энд ирье гэж бодоод шалавхан нуугдан гарч гэртээ ирсэнд багш лам ирээгүй байжээ.

Удалгүй ус авах гэж зориуд холын худаг дээр очоод баахан дуулдаг байв. Ингэсээр номоо цээжлэх дургүй, багшийн ажлыг ээжийгээ өрөвдөхдөө хичнээн хичээнгүй хийвч багш лам улам цаашлан, сүүлийн хэдэн өдөр үргэлж торлогдон явахын урд оройн зодуур нь бүр хатуу байсан тул Дамдинбазар шөнөжингөө халуурав. Оронд хэвтэж байхдаа “Тэснэ тэснэ гэхэд энүүнээс илүү яаж тэсэх вэ? Би ээждээ жигтэйхэн их хайртай. Харъчихвал ижий их зовно. Тэгтэл надад өөр арга алга” гэж бодон нүдний нь нулимс горхи шиг урсана.

Ингэсээр, шарх сорви нь халуу оргиход сэрүүцэх санаатай гартал зүүнээс үүр хаяаран цайрч, сэрүүн амьсгал сэтгэлийг баярлуулан, баруун зүг харахад өглөөний будан уулын оройг бүрхсэн нь түүнд ээжий нь санагдуулав.

Ингээд Дамдинбазар сүм хийдэд шавилан суух үнэхээр дургүй учир нэгэн шөнө оргож, өртөө газар ногооны үнэрт согтон алхаж ижийгээ мөрөөдөж дуулан хангинуулсаар гэртээ ирэв ээ. Үүнээс хойш дахин лам дээр аваачсан авч мөн л оргож тогтохгүй болохоор багш нь аргалах гэж тэмээний утас таримдаж өгсөн боловч нэмэр болсонгүй. Гурван удаа оргосны дараа дахиж буцаж очсонгүй.

Аргал Жирмийн нутгаар баян айлуудын хонийг хариулж, өвлийн идший нь бэлтгэж өгөх зэргээр, зарлагын ажил хийж ижийтэйгээ чадан ядан амьдрах болов. Энэ үед айлын хуурч баян өвгөн Жамбатай танилцаж, лимбэтэй болоод зав гарах мөч бүрийг лимбээ үлээж өнгөрөөдөг байсан бөгөөд хоёр жилийн дараа тэр хавьдаа нэлээд цууд гарч, баян ядуу бүгд мэддэг болж, найр наадам дээр дуулдаг лимбэддэг болжээ.

Ингэсээр 1916 он болов. Хорин долоон настай Дамдинбазар хавь нутагтаа ажил төрөлтэй, моринд сайн, эмнэг сургадаг, мал танихдаа сайн, мод төмрийн ажилд сайн, дууч, лимбэч гэж их яригддаг болжээ. Юм хийж өгч явахад айлууд морь өгөх нь морь өгч, хонь өгөх нь хонь өгч Л. Дамдинбазарынх гэдэг айл амь зуулгатай болов.

Нэгэн удаа Хүрээ орж явахдаа аавынхаа хуучны танил дархан хүнтэй танилцаж, дараа нь Хүрээ орох бүртээ энэ айлд буусаар дарханы дунд охин Аюушжавтай хайр сэтгэлтэй болжээ. Ийнхүү Дамдинбазар Аюушжавыг гуйж, ёслож төрлөж сууж авав. Тэрээр бас хуурч бадарчин Нямбуу хэмээх хүнтэй дарханыд танилцаж, түүгээр бэнс үлгэр, хуур заалгаж авчээ.

1918-1919 оны үед Хүрээнд Октябрийн хувьсгалын цуурай тарахад Дамдинбазар, ээж, эхнэрээ аваад Архангайд нүүн нутаглаж малтай болоод байсан дархан хадмындаа очсон байна. Улмаар 1921 онд Сүхбаатар хөгжимчин авъяастнуудыг цуглуулж, анхны бүлгэмийг байгуулсан бөгөөд удалгүй Хүрээнд ирээд байсан Дамдинбазарыг дэлдэн боохой хочит Лувсансодномтой цуг авч ажиллуулах болжээ. Хамгийн түрүүнд Дамдинбазарыг Лянхуа, Ишдулам зэрэг багш нар зааж сурган хөгжимчнөөр авч байсан юм.

Дамдинбазар эхний үед нэлээд айдаг байсан боловч багш Ишдуламын заалт, өөрийн гойд сонсгол, ажилч хичээнгүйгээрээ бэрхшээлийг амжилттай давж байлаа.

Гэгээрүүлэх яамны байшингийн уран сайхны бүлгэмийнхний бяцхан өрөөнд шөнө дунд лааны гэрэл сүүмэлзэн байдгийг очиж харахад Дамдинбазар хуураа хүнгэнүүлж сууж байдаг гэнэ. Бас багш Ишдулам маш сайхан сэтгэлтэй, олон хөгжим тоглох авъяастай хүн байсан тул Дамдинбазар ч гэрт нь ирж, хоёулаа ёочин, хуураа хичнээн ч чаддаг байлаа гэсэн дандаа сургууль хийж давтдаг байсан гэдэг. С. Буяннэмэхийн жүжигт анх Дамдинбазар ардад тоглосон юм.

Удалгүй Дамдинбазар өөрөө жүжгийн зохиолын санаа гаргах болж “Ильданд”-ийн санааг анх гаргажээ. Дараа нь “Сүнс дуудах” гэдэг жүжгийн зохиолыг бичсэн байна. Түүний 1925 онд бичсэн “Түлээчин хүү” жүжиг нь гайхалтай дуулалт жүжиг болж чадсан юм.

1932 онд болсон Лам нарын эсэргүү бослогын үеэр олон аймаг сумдаар театрынхан явж тоглолт хийхэд үймээний үеэр алагдсан, ор сураггүй алга болсон олон хүмүүсийн өнчин хүүхдүүд нэгэн сумын төв дээр харагдсанд Дамдинбазар тэднийг өрөвдөн 8 настай, 3 настай хоёр хүүг нь үрчлэн авсан юм. 1960-аад онд том хүү Ламжав нь Мандал дахь модны рамын дарга, бага хүү Цэвээндорж нь тээврийн жолооч хийж байв.

1933 оны эцэс, 1934, 1935 онуудад “Манжийн хууль”-ийн хулгайч, сүүлдээ хэлгий Дорж яамны дарга болдог, “Шөнийн буг”-ийн хулгайч, “Өвгөн бүргэдийн зарлага, “Хурим”-ын салга өвгөн Доной, “Гурван хорын хүлээс”-ийн хужаа, “Би биш”-ийн хуурч, “Говийн хүүхэн Гүндэгмаа”-гийн бадарчин зэрэг олон сайхан дүрүүдийг бүтээсэн юм.

Ингээд Дамдинбазар 1935 оны эхээр хөдөө амьдрахыг хүсэж театраас гарах гэхэд театр чөлөө өгөх дургүй байсанд 1934 онд Сэлэнгэ аймгийн Орхон Шаамарт танилцсан тэр үед мал маллаж байсан хөгжил баясал оргилсон, ажилсаг төлөв, золбоотой хүү Цагааны Цэгмэд цэргийн хугацаа дуусаж, хотод явж байхад нь дайралдаад “Одоо чи уран сайханд ор. Чи их авьяастай шүү. Би мэдэж байна.” гэж хэлж дагуулан авчирсан бөгөөд “Би өөрийн хойчийг залгамжлах хүнээ авчирлаа. Энэ хүү надаас хэдэн хувь илүү сайн жүжигчин болно. Одоо бүх бололцоо нээгдсэн байна” гэж Ц. Цэгмэдийг театрт оруулж өөрөө гарсан гэдэг.

Үүний дараа Дамдинбазар багын нутаг Аргал Жирэмд очиж, мал малладаг болсон юм. Хэдэн өдөр Бүргэдтэйн адагт худаг ухаж, чийгтэй газар удаан зогсож ясны өвчнийг хүндрүүлж, бас ходоодны бадгана өвчин тусаж давхар хүндрээд лам, дайф зэрэг янз, янзын эмнэлгээр эмчлүүлэн хэтэрсэн хойно европын шинэ эмнэлэгт очсон боловч арга буюу сайжралыг олж чадалгүй 1937 оны зургадугаар сарын 30-нд нас барсан билээ.

Л. Дамдинбазар уран бүтээлийн амьдралынхаа турш сайн дурын бүлгэм дугуйланд явж, эцэж цуцахыг мэдэхгүй, ард түмнийхээ төлөө ямагт шинийг эрж, амжилтдаа тайвшран зогсдоггүй, мөхөсдөл дутагдлаа шүүн тунгааж нөхдийн шүүмжлэлээр засаж чаддаг бүтээлч сэтгэлгээтэй хүн байв.

Э.Оюун – “Монголын театрын түүхэн замнал” номноос

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s