Улсын төв театр нээгдсэн нь

bombogor

Дээрх зурагт Бөмбөгөр ногоон хэмээгдэж байсан Монголын анхны төв театрын загварыг харуулжээ. 1931 оны нэгдүгээр сарын 12-нд Засгийн газрын хэрэг эрхлэх товчооны 50-р хурлаар А. Ефремовын сургуулийг театр болгож зарлагаа орлогоороо нөхөж байх тамга тэмдэгтэй улсын төв театр болгох тогтоол гаргажээ. Театрын анхны дарга нь Ц. Гомбожав байсан юм. Театрын нээлт болгож “Үнэн” жүжиг, инээдмийн “Маргааш” жүжгүүдийг тавьсан байна. Тайз заслыг Зөвлөлтийн зураач Померанцев тоймчлох аргаар хийсэн юм.

Л. Дамдинбазар жүжгүүдийг үзээд сэтгэл нь хөөрөн 1932 оны эхээр дахин театртаа эргэж орсон гэдэг. Аливаа жүжигчний бэлтгэл нь юуны урьд алдаагаа ухамсарлаж, боловсронгуй зөв байвал зохино.

“Үнэн” жүжиг нь үг цөөтэй, дохиогоор ихэвчлэн ярьдаг, тайз заслалын хувьд ч тоймчилсон байв. Гэсэн боловч Ц. Гомбожав, Д. Намдаг, Шаравдоо, Ч. Лувсансодном нар нэлээд бодит үнэн тайз босгожээ.

“Маргааш” жүжгийн тавилт тоглолт нь амьд сонинд ойр ч “Үнэн” жүжгийн хэлбэрээс огт өөр бодит байдлын маягтай байсан бөгөөд утгын хувьд ч тэр үеийн хуучны зарим түшмэд, бичээч нар хүнд суртлаараа ард олныг чирэгдүүлж нийгмийн хөгжилд саад тотгор болж байгааг үзүүлдэг ажээ.

Шинэ маягийн сайхан театртай болж жүжгээ амжилттай болсонд одоо бяцхан цайллага хийж ерөнхий сайд зэрэг удирдах хүмүүсийг урьж, саналыг сонсож орон тоо, төсөв гээд олон асуудлыг тэдэнд А. Ефремов, Ц. Гомбожав нар уламжилсан байна. Гэвч удирдах хүмүүс ямар нэг төсөв гаргаж өгөх талаар ер ярьсангүй харин хувиасаа 80, 100 төгрөг өгье гээд явсанд Ефремов гомдож явсных нь дараа уйлж байсан гэдэг. Дараа нь тэд мөнгө хөрөнгө байн байн гуйдаг байсан ч улсын боломж байгаагүй зэргээс орлогоороо зарлагаа нөхөж, буу, билльярд гарган мөнгөтэй тоглуулах, ший жүжиг гаргахад дууны хүүхнүүдийн хийсэн даавуу их худалдаж орлого оруулах аргууд сүвэгчилж байв. Мөн кино гаргаж (аппаратыг эргүүлэн байж) мөнгө олж амьдралаа зогоосоор байсан юм. “Үнэн”, “Маргааш” хоёр жүжиг ард олонд сайн үнэлэгдэж, таашаагдсан бөгөөд хэд хэдэн удаа тавигдсан юм.

Тэр үед уушгины хатгалгаа тусаад эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан Ч. Лувсансодном өвчин хүндрэхнйг бодолгүй олон түмэн үзэгчдийг хохироож болохгүй гэж зүтгэн эмнэлгээс өвлийн хүйтэнд оргон гарч ирж таван удаа тоглосны дараа уг өвчин үгдэрч харамсалтайгаар 1931 оны нэгдүгээр сарын 19-нд нас баржээ. Энэ эмгэнэлт явдалд түүний авъяас билгийг хүндэтгэдэг мэргэжилтэн А. Ефремов талийгаачийн шарилыг хоргой, магнагт ороолгон театрт хэдэн цаг тавиулах үеэр ший жүжигт дуртай, энэ жүжигчнийг хүндэлж үздэг байсан хэдэн зуун  хүн тэр өдөр өвлийн хүйтэн байдлыг үл харгалзан ирж салах ёс гүйцэтгэсэн гэдэг.

Энэ нь Ефремовын жүжигчин хүний нэр хүндийг өндөрт үнэлж явах ёстойг харуулсан алхам болсон юм. Цааш жүжгийн бүлгэмийнхэн театр уран бүтээлийн ажлаа улам нарийсгасаар К. С. Станиславскийн иж бүрэн жүжиглэлтийн сургаалыг эзэмших замдаа амжилт олсоор байв.

Анхдугаар энэ курсын сүүлийн үеийн хичээлээр гол нь жүжгийн утга санааг орчин үетэй холбох, жүжигчний уран чадварийн талаар биеийн үйлдлийг чөлөөтэй болгох, сэтгэхүйн үйлчлэлийг тодорхой болгох ажиллагааг чухалчилж “Үнэн” жүжиг дээр ийнхүү ажиллаж байсан байна.

Улсын төв театр байгуулагдсан анхны өдрөөс эхлэн өндөр үүрэг хариуцлага тулгаран ирснийг нийт жүжигчид, уран бүтээлчид ойлгож урьд жилүүдэд туулан өнгөрүүлсэн махчлан үзүүлэх, хэлбэрдэх, нялуун уянгын аргыг хэрэглэн жижиг тоглох зэрэг хувьсгалын реализмын биш урсгал барилын эсрэг шийдвэртэй тэмцэн, гаргаж байгаа жүжгүүдээ аль болохоор үнэн, амьдралыг бодиь талаас нь харуулсан болгох, гадаад хэлбэрийг биш. дотоод агуулгыг нээн гаргахыг зорих болжээ.

1931 оны эцсээр театрын уран бүтээлчдийн бэлтгэл ажил үргэлжилсээр, зохиол олдохгүй хэвээр, зохиолчид байсан ч драмын зохиол нь хамгийн хүнд учир урьд жилүүдийнх шиг үйлдэл үгүй, гарах, орох зэргийг театрын үйлдэл гэж эндүүрч байснаа цэгнэн бодож төлөвлөгөө зохиол ч бараг бичигдэхгүй байлаа.

Энэ үед Раднаабазарын “Манжийн хууль”, С. Буяннэмэхийн “Тиймээ” зэрэг хошин жүжгүүд тавигдаж байсан юм. бас А. Ефремовын ээжийн бичиж өгсөн “Таван мянган төгрөгийг таниагүйн хэрэг” гэдэг бичиг үсэг, соёлгүйн гайгаар таван мянган төгрөгийн бичгээ хаяж байгаа тухай жүжиг нэг сарын дотор Раднаабазар, Ц. Гомбожав, Д. Намдаг зэрэг хүмүүс А. Ефремовын удирдлаган дор тавьсаныг олон нийт их сонирхож үзсэн гэдэг.

Энэ үед театрын засал чимэглэл, эд тавилгуудыг Померанцев, Лувсандамдин нарын заавраар жүжигчид өөрсдөө бэлдэж, Померанцев, Лувсандамдин хоёр театрын арын зургийг зурдаг байжээ. Померанцев нь 1921 оноос 1939 оныг хүртэл Монголд амьдарч, Монголыг судлан олон зураг бүтээл туурвиж байсан юм. Харин Лувсандамдин нь Герман хэлтэйгээс гадна Орос хэл гадарладаг байсан тул Померанцевтай нөхөрлөж олон зүйлийг шинээр мэдэхийг чармайдаг нэгэн байжээ.

Померанцев цэнгэлдэх хүрээлэнг нээгдэх ажиллагааны үеэс л эхлэн байнга тусалж байсан бөгөөд Лувсандамдин 1926-1930 онд Германд Д. Намдаг нартай сургуульд байсан юм.

1932 он гарахад бас хэдэн хүн шалгаруулан авсны дотор Д. Ичинхорлоо Ховдод нэг жил гаруй байж байгаад ирж шалгуулан орсон. Мөн Пагма, 3. Цэндээхүү, Ю. Дашзэвэг, Н. Цэгмэд зэрэг арав гаруй хүнийг авч 1932 оны дөрөвдүгээр сарын нэгнээс наймдугаар сарыг хүртэл Дөрвөн сарын хугацаатай хоёр дахь курсийг мөн л уран чадварын хичээлийн журмаар Раднаабазарын “Энэ ямар ёс вэ?” жүжгээр хийжээ. Үүнд бэр гуйж, бэр буулгах монголын ёсыг тэр хэвээр нь үзүүлж хувцас хунар бүх зүйлийг бэлтгэхэд угсаатны зүйн том ажил болсон бөгөөд бас манлай нэрт жүжигчнн Цагааны Цэгмэд анх удаа энэ жүжгийн Доной өвгөний дүрд тоглосон нь тун үнэмшилтэй сайхан болж “Ийм залуу хар хүү байж ийм байдалтай болно гэдэг  гайхалтай юм” гэж хүмүүс магтан шагшиж гарч ирэхнйг нь харна гэж хаалган дээр зогссон хүмүүс танилгүй явуулчихаж байв. Л. Дамдинбазар ч маш их баярлан Ц. Цэгмэдийг билэгдэн ерөөж байсан байна.

Станиславскийн иж бүрэн арга зүйд тайзны зөв хөдлөл эзэмшиж чадах асуудал нь чухал байр эзэлдэг бөгөөд жүжигчин хүний бие өөрийнх нь бүрэн удирдлагад орсон байх ёстойгоос гадна дээд чадварлаг бүжигчин лугаа адил байх ёстой юм. Театрын биш хүнд аар саар жижиг юмаар оролддог юм байна гэж бодогдох Станиславскийн системийн нэг тал болох тайзны хөдөлгөөнийг тийнхүү чадвартай болгохгүй бол жүжгийн нийт байдалд доголдол учрахыг Ефремов сайн мэдэж байлаа.

Жүжигчний 1-р удаагийн курс төгссөн баг “Улаан дээл” жүжгийг, 2-р удаагийнх нь “Гишүүнээс хөөгдсөний ичгүүр” гэдэг бас л өнгөцхөн жүжгийг олон газраар нарийн задлан шүүмжилж өөрсдийн байдлаар тавьж олонд сонирхуулсан байдаг.

Гэвч 1931-1932 оны баруун зүүний нугалаатны бодлого, явууллага нь театрын урлагт нөлөөлж саад болсон юм. 1933 онд Ши. Аюуш хээрийн жүжгээ дахин нэг тавихыг оролдож 300 цэргийг авчиран сүртэй жүжиг тавьсан боловч утга санааны хувьд хээр газар жүжигчдийн үг сайн сонсогдохгүй, бөөн үймээн бужигнаан болж дууссан гэдэг. Энэхүү үйл ажиллагаа нь шарын лам нарын 1932 оны эсэргүү бослоготой холбоотой бөгөөд коммунист үзэл сурталт нам засгаас өөрсдийн эрхийн төлөө тэмцсэн лам нарыг цэрэг, танкийн хүчээр нухчин дарсан юм.

1932 онд МАХН-аас шинэ эргэлтийн бодлого явуулахад хээрийн жүжгийн хэлбэр төгсгөл болж театрын урлагнйн бодит арга ажиллагаанд дахин шилжин хувьсгалт реализмыг бататган гүнзгийрүүлэх аргыг эрхэмлэхээ мэдэгдсэн юм.

Зүүний нугалааны жил шашин бурхныг эсэргүүцэн тэмцэхийн зэрэгцээ бас ардын уламжлалт уртын дуу хуурыг хавчин үзсэнээс тэдгээр дууг дуулах хүн ховордсон байдлыг арилгаж энэ талаар М. Дугаржавт намаас үүрэг даалгавар өгч байжээ.

Удалгуй Д. Ишдулам дахин театрт ирж ёочин Алтангэрэл, хуучир чадамгай тоглогч Түдэв, дууч Ж. Дорждагва, С. Гомбо нарын зэрэг ардын дуу хөгжмийн чадвартнуудыг цуглуулсан билээ.

Ингээд жүжигчний сэтгэлзүйн ажиллагаа, дүр бүтээх нарийн журмыг ойлгож эхлэхэд хугацаа болон туршлага чухал учраас “Үнэн”, “Маргааш” зэрэг жүжгүүд шинэ аргаар тоглосны дараа С. Буяннэмэхийн “Харанхуй засаг” гэдэг төлөвлөгөөт жүжгийг 1932 оны эцсээр сургуулилж эхэлсэн байна.

Энэ жүжигт гарах хүмүүс: Ноёнд Жамбаа, ард бүсгүй Цэцэгмаад Ичинхорлоо, харц ард Цэцэгмаагийн хайрт хүнд Ч. Цэвээн, ламд Равдан, хятад худалдаачинд Л. Дамдинбазар нар тоглосон бөгөөд ардын дуу, хөгжмийг их оруулсанд цуглуулсан хөгжимч, дуучид идэвхтэй оролцсон байна. Энэ жүжгийг мөн л Ц. Гомбожав. А. А. Ефремов нар найруулж эхэлсэн юм.

Гэтэл А. Ефремов. Ц. Гомбожав хоёр засгийн газрын даалгавраар 1932 оны эцсээр Москва орж С. Буянэмэхийн нэгэнт сургуулилж эхэлсэн “Харанхуй засаг” гэдэг жүжгээ олимпиадад тоглоно гээд тайз захиалаад ирсэн аж. Энэ нь 1933 оны 5 сард Москва хотноо явагдах дэлхийн олон улсын ажилчны театруудын үзлэгийн бэлтгэл байв. 1932 оны 1 сард Ж. Дорждагва гэгч дууч театрт орж “Эр бор харцагыг” дуулсан нь сонсогч хүмүүст гайхагдсан билээ.

1933 оны 1-р сард хүртэл “Харанхуй засаг” гэдэг жүжгийн зохиолоо, орох дуу, аяуудыг нь сонгож, олимпиадын бэлтгэл ажилд цөм оров. Тэр үед цэргийн үлээвэр хөгжимд тусалж байсан Кольцов гэгч орос хүн театраас олимпиадад явах хүмүүст “Интернационалч дуу” ирж заадаг байсан бөгөөд энэ хүн 1930-1934 он хүртэл хөгжмийн талаар зөвлөгөө өгдөг байсан байна. Хөгжимчдийн хэсэгт Ишдулам, ёочин шанзач Түдэв, хуучирч Түвдэн, морин хуурч Маам, лимбэч Цэрэндорж зэрэг лимбэ хуучирч олон орсноос гадпа дуучин Ц. Төмөр, Ж. Дорждагва нарын зэрэг хүмүүс оролцож явсан ажээ.

“Харанхуй засаг” жүжиг, мөн концерт бэлтгэсний зэрэгцээ жүжигчид, уран бүтээлчид лекц, яриа сонсож улс төр, ёс суртахуун, боловсон байдлын талаар сайн мэдэж авсан байв. Ажил их байсан боловч эрчимтэй явагдсан байна.

Тус оны 2 сард МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Элдэв-Очир явах бүх хүмүүсийг цуглуулан яриа хийсэн байх бөгөөд улсаас үйл явдалд их анхаарч явах хүн бүрд 800 төгрөг, костюм пальто зэрэг хувцас үнэгүй өгч, мөн тус бүрд торгон дээл хоргыг үнээр хийлгэж өгсөн байна.

Энэ олимпиад 1933 оны 5 сарын 25-наас 31-нийг дуустал явагджээ. Үүнд доорх хуваариар яг тоглосон нь:

5 сарын 25

  1. Театр “Мюзик холл”-ын байранд нээлт, олимпиадад оролцогчдын парад

5 сарын 26

  1. Бельги, Брюссель – пролетарийн театр
  2. Франц, Парис – “Хөх цамцтан Бобинь” хамтлаг
  3. Украйн, Днепропетровск – Еврейн ажилтан залуучуудын Трам театр
  4. Зөвлөлт улс, Москва – орон сууцны барилгын холбооны ажилчны театр
  5. Франц, Парис – “Октябрь” гэдэг хамтлаг
  6. Швейцар, Цюрих – Ухуулгын нэгдсэн хамтлаг

5 сарын 27

  1. Азербайжан, Баку – Ухуулгын бригад
  2. Дани. Копенгаген – Ажилчны театр
  3. Зөвлөлт улс, Ленинград – Ажилчны “Барилга” театр
  4. Бельги, Брюселл – Пролетарийн театр
  5. Англи, Лондон – Суртал ухуулгын хэсэг

5 сарын 28

  1. Монгол, Уланбаатар – Монголын театр
  2. Зөвлөлт улс, Москва – Театр союза ГТИК
  3. Норвеги, Осло – Ажилчны театр
  4. Зөвлөлт улс, Москва – Машин үйлдвэрлэлийн холбооны суртал ухуулгын хамтлаг
  5. Герман, Берлин – Шинэ бүжгийн хамтлаг
  6. Норвеги, Осло – Ажилчны бүжгийн хэсэг
  7. Чехословак, Прага – Бүжгийн хэсэг

5 сарын 29

  1. Англи, Лондон – Суртал ухуулгын хэсэг
  2. Голланд, Амстердам – Суртал ухуулгын нэгдсэн хэсэг
  3. Монгол, Уланбаатар – Монголын театр
  4. Франц, Парис – “Хөх цамцтан Бобинь” хамтлаг
  5. Герман, Берлин – Шинэ бүжгийн хамтлаг

5 сарын 30

  1. Чехословак, Карлсбад – “Цуурай” театр
  2. Зөвлөлт улс, Москва – Герман ажилтан залуучуудын Трам театр
  3. Зөвлөлт улс, Ленинград – “Колонне Линкс” театр

5 сарын 31

  1. Зөвлөлт улс, Москва – Ажилтан залуучуудын төв театр

Олон улсын энэ үзлэг тэмцээнд дээр программд дурдсанаар Англи, Голланд, Герман, Франц, Швейцарь, Норвеги, Дани, Чехословак зэрэг 16 гадаад орны театр. Зөвлөлтийн үндэсний 10 театр, бүгд 26 театр оролцсоныг дурдах хэрэгтэй.

Үзлэгийн дараа үзлэг тэмцээннй комиссоос 26 театрын дотроос Монголын театрт 2-р байрыг эзлүүлсэн билээ. Энэ комисс монголын театрын энэ ажлыг тал бүрээр дугнэж ололт амжилт, алдаа дугагдлыг тодорхой гарган, цаашид яаж ажиллахыг заасан юм. Үүнд: Ямар нэгэн шалтгаан үндэсгүйгээр үндэсний зүйлийг шинэчлэн хэрэглэж байгаа ч гоёчлох аюулаас зайлсхийж, өвөрмөц байдал, онцгой шинжийг хадгалан, олонд сонирхолтой хэлбэрээр тавьсан байна гэж тэд дүгнэжээ.

Мөн монголын театр өөрийн орны хөдөлмөрчдийг өргөнөөр хамарч, ард олны улс төр гэгээрэл хүмүүжлийн хүчтэй зэвсэг болгож чадсан зэрэг, театрын нийгмийн үйл ажиллагааг онцлон тэмдэглэж өндөр үнэлсэн билээ.

Харин энэ жүжигт тоглосон жүжигчид, үндэсннй өвөрмөц намбыг зөв тусгаж өгсөн байна гэсэн магтаал нь ихэнхдээ Дамдимбазар, Ичинхорлоо, Цэвээн, Равдан нарт оногдох юм. Үг яриаг дуу хөгжимтэй хосолсон хэлбэрээр “Харанхуй засаг”-ийг шийдвэрлэсэн нь бас үндэсннй байдлыг илэрхийлэхэд нэн чухал зүйл болжээ.

Ичинхорлоогийн тоглосон Цэцэгмаагийн дүр нь монгол бүсгүйн уран эвлэгхэн хөдөлгөөн, уйтгартай мэт атлаа амьдрах дуртай жаргалын цог цаана нь гялалзсан мэт төөнөх халуун харц, булгийн усны тунгалгийн адил уран ариун дууны аялгуу, хэрэгтэй цагт арслан, барсын зориг, хилэнг ч гаргаж чадах сэтгэлийн их хүч, янагтаа ариун хайртай байж чадах агуу үнэн сэтгэл зэргийг багтаасан гайхамшигтай дүр байлаа. Өөрөөр бол Монголын атар талд юунд ч хиртээгүй ариун, тунгалаг хээрийн цэцэг шиг байв.

Ч. Цэвээн энэ жүжигт бусад хүмүүсийг бодвол бага үзэгдэх боловч монгол хүний хүдэр мөртлөө ариун үнэнч хайр сэтгэл, зориг хүч, авхаалж самбаа, бузрыг үзэн ядах сэтгэл, энх амгалан хөдөлмөрч амьдралд дурлах их хүсэл мөрөөдөл, түүнийхээ төлөө тэмцэж чадах омог, чадлыг мөн дүрсэлж чадсан юм.

Мөн энэ бүрэлдэхүүн бүхлээрээ Москвагаас нутаг буцах замдаа Буриад Монгол улсын 10 жилийн ойн баярт уригдаж, Нийслэл хот, Улан-Үд, хөдөө тосгон, хамтрал зэргүүдээр явж ах дүү ард түмэнд Москвад тоглосон “Харанхуй засаг”, концертоо ээлжлэн үзүүлж байсан юм. Мөн 1933 оны хөдөө явалтаар хүүхэлдэйн жүжгийн хэлбэрийг бас туршиж үзсэн байна.

1933 оноос радио уран зохиол нэвтрүүлгийг эрчимтэй явуулж эхэлжээ. МАХН-ын архивын материалд “Энэ өдөр монголын үндэсний хувьсгалын уран зохиолчдын холбооноос анх удаа нэвтрүүлэх “Уран сайхны радио үдэш” хэмээх сонин сайхныг үдшийн агаарын долгионоор явуулах болно. Уран сайхны авъяастан нөхдүүд уран зохиолч С. Буяннэмэхийн удирдлагын дор энэхүү радио уран сайхны үдшийг нэвтрүүлэх болно” гэжээ.

Энэ нэвтрүүлгээр Д. Нацагдоржийн эх орноо магтан дуулсан “Миний нутаг” шүлгийг жүжигчин Л. Дамдинбазар уншиж байсан бөгөөд энэ шүлэг нь ард олны дунд маш түргэн тархаж эх орондоо хайртай хэн болгоны сэтгэлийг хөндөж чадаж байжээ.

Театрын урлагт ийм дэвшил хөгжил байвч нам засгаас тавьсан шаардлагын хэмжээнд хүрээгүй байв. Үүнийг хэлэлцэн театрт хөрөнгө өгч, найруулагч, жүжигчин, хөгжимчдийн цалин пүнлүүг нэмсэн банйа. 1934 оны 8 сард Монголын эх оронч үзлийг хөхүүлэн дэмжсэн, жанжин Сүхбаатарыг сайн харуулж чадсан жүжгийн зохиолын уралдаан зарласан бөгөөд 10 хүний жүжгээс гурав нь шалгарч байжээ. 1935 онд болсон улс төрийн зөвлөлөөс эмнэлгийн ашиг тусын тухай зарласан жүжгийн зохиолын уралдаанаар 10 зохиол ирснээс Д. Ичинхорлоогийн “Одоо мэдлээ” жүжиг 3-р байрт орж шалгаран тайзнаа тавигдсан билээ.

1934 онд Ардыг гэгээрүүлэх яамнаас эрхлэн “Хувьсгалт ардын үндэсний соёлын зам” хэмээх уран зохиол, уран сайхан, олон нийтийн сэтгүүлийн анхны дугаарыг хэвлэн гаргав. Энэ  сэтгүүл гарч эхэлснээр уран зохиол, театр урлагийн амьдрал, бүтээлийг мэдэгдэхүйц идэвхжүүлсэн байна.

Жижиг үзэгдэлт жүжгийн тэмцээнийг театр дотор зохион байгуулдаг байсан нь эхэн үеийн туршилт болж улс төрийн жүжгийн зохиолын чанарыг сайжруулах, жүжигчдийн тоглолтыг ухаан, сэтгэлийн нэгдэлд оруулахын тулд тэдгээрийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, сэтгэцийн өндөр соёл эзэмшүүлэхэд чиглэсэн байсан юм.

Ардын засгаас авсан арга хэмжээний үр дүнд театрын урлаг, дуу хөгжмийн соёлын хөгжил улам эрчимжсэн билээ. 1934-1936 онд жүжгийн зохиолын чанар эрс сайжирсан бөгөөд хувьсгалт анхны бүтээл – мартагдашгүй “Шивээ Хиагт”-аас гадна хувьсгалт баатарлаг үйлсийн сэдэвт С. Буяннэмэхийн “Үнэн”, “Харанхуй засаг”, “Манжийн хууль”, “Эрдэнэт соёмбын эзэн”, Д. Нацагдоржийн “Би биш”, Ши. Аюушийн “Говийн хүүхэн Гүндэгмаа”, “Гурван давхар талхилт”, “Арван таван настай Адьяа”, аж байдлын сэдэвтэй “Энэ ямар ёс вэ?”, М. Ядамсүрэнгийн “Цоожтой хаалганы цаана”, ёс суртахууны сэдэвтэй “Маргааш”, “Тийм ээ”, “Гурван хорын хүлээс”, “Усгүй хар архи”, ардын драмын үндэслэл бүхий “Эрдэнэт соёмбын эзэн” зэргүүд нь цөм ямар ч хэлбэртэй боловч хувьсгалт дайчин агуулгатай байжээ.

Мөн 1934 онд Третьяковын “Хятад орон хүрхрэгтэн” жүжгийг Ц. Гомбожав найруулан тавьж, 1935 онд Н. В. Гоголийн “Байцаагч түшмэл” жүжгийг Ши. Аюуш найруулж тавьсан нь Монголд тавигдсан анхны Оросын жүжгүүд байлаа.

1936 онд Ардын цэнгэлдэх төв театрын 5 жилийн ойг тэмдэглэсэн бөгөөд 1936 онд жүжиг яаж бичих тухай олон талын хэлэлцүүлэг, яриаг өрнүүлдэг байжээ. Үүний үр нөлөөгөөр 1938 онд Э. Оюуны “Шинэ хүн”, 1939 онд Д. Намдагийн “Сүрэг чоно” хэмээх шинэ жүжгүүд тавигдаж байжээ.

Төв театр байгуулснаас хойш тэмдэглэлт олон бүтээл гарсны дотор онцлон дурдах нэг зүйл нь манай засгийн газрын хүсэлтийн дагуу Зөвлөлт засгаас тусламж үзүүлж Ленинградын “Ленфильм” кино үйлдвэрийн найруулагч И. Трауберг, оператор М. Каплер, зохиолч В. Лапин, 3. Хацревин, Л. Славин нарын бүрэлдэхүүнтэй киноны групп илгээсэн билээ. Эд нар БНМАУ-ын ардыг гэгээрүүлэх яамнаас томилсон зохиолч Ши. Аюуш, С. Буяннэмэх зэрэг хүмүүстэй зөвлөн ярилцаж монголын амьдралыг бичиг зохиолоос уншиж судалсан материал дээр бичсэн “Монгол хүү” кино зохиолыг хэлэлцэн тохиролцоод хийх болов.

Тоглох жүжигчдийг мөнхүү Төв театраас шилсэнд гол дүр малчин ард Шороотын Цэвээнд жүжигчин Чимэдийн Цэвээн, түүний сэтгэлт бүсгүй, малчин хүүхэнд жүжигчин Сосорбарам, хятад наймаачинд жүжигчин Д. Бат-Очир, ламд жүжигчин Б. Равдан, манж ноёнд жүжигчин Н. Цэгмэд, хятад хүүхэнд жүжигчин Д Ичинхорлоо, жолоочид Гомбо нар тохирч жүжигчний авьяас бүхий энэ хүмүүс нэг багшийн дор нэг сургууль болж төгссөн хүмүүс байсан тул хоорондоо төгөлдөр цоморлиг үүсгэн тоглохоор болжээ.

“Монгол хүү” киног маш сайн хийж бүтээсэн бөгөөд монгол орны байтугай бусад орны ч кино үзээгүй Монголын ард түмэн сонирхон үзэж байжээ. Зөвлөлтийн анхны дуутай кино 1932 онд хийгдсэн бөгөөд гурван жилийн дараа буюу 1935 онд Монголд энэхүү дуутай киног бүтээжээ. Энэ киноны гадаах зураг авалтуудыг Монголд хийж, дотор зураг авалтуудыг Ленфильмийн тайзан дээр хийж, дуу оруулалтыг Ленинградын энэхүү студид хийсэн байна.

1933 онд “Ардыг Гэгээрүүлэх Яам”-ны дэргэд “Нүүдлийн кино хэлтэс гэж байгуулагдсан ба мөн оны Засгын газрын 4-р сарын 22-ний өдрийн 15-р тогтоолоор “Ардыг Гэгээрүүлэх Яам”-ны дэргэд “Кино, зураг хэрэг эрхлэх хороо“-г байгуулсан байна. 1934 онд “Ард” кино театр байгуулах шийдвэр гарч 1935оны 5-р сарын 1-нд анхны үйл ажиллагаагаа эхлүүлж байсан юм.

Манай шинэ утга зохиолыг үндэслэгч Д. Нацагдоржийн 1934 онд ардын харилцаа дуу “Юндэн Гөөгөө” дээрээс сэдэвлэн “Учиртай гурван толгой” анхны дуулалт жүжгийг бичиж Д. Намдаг найруулсан нь их амжилтад хүрэв.

“Учиртай гурван толгой” жүжгийн Юндэнд Ц. Цэгмэд, Нансалмаад Д. Ичинхорлоо, Хоролмаад Дэвээ, Балган ноёнд Б. Жадамбаа нар анх тоглосонд хотын ард түмэн үзэгчид сайшаан магтаж, ийнхүү дуу хөгжмийн авьяас билэгтэйгээ харуулж харилцаа дууг дуулалт жүжиг болгон өргөжүүлэн хэрэглэх нь чухал гэдгийг ойлгов.

Энэ үед үзэгчид яриан жүжигт гойд их дуртай бус байсныг харгалзан дуулалт жүжиг буюу дуутай жүжиг элбэгшүүлэх хэрэгтэй болсноо жүжгийн бүлгэмийнхэн мэдсэн ажээ. Монгол хүмүүс ерөөс баян байгаль, уудам өргөн нутаг оронд мал маллан амьдрахын эрхээр бие биенээсээ хол оршин байдаг нь хүмүүсийг ганц биеэрээ дуугаар санаа бодлоо илэрхийлж явдаг их авьяасыг хөгжүүлсэн байж болох билээ.

Хөдөө тал нутгийн уртын дуу, хот хүрээний богино дууг ойлгодоггүй монгол хүн байхгүйгээс гадна дуу дуулахгүйгээр ямар ч найр эхэлдэггүй. “Түмний эх” өргөж барихгүйгээр аль ч наадам явагддаггүй, тэр байтугай хурга, ишгээ олсон хонь ямааг тойглон, тугалаа голсон үнээг өөвлөж, ботгоо голсон ингийг хөөслөн дуулж тэдгээр амьтдыг уяруулан уйлуулж байдаг ийм хүмүүс дуунд юу юунаас илүү дуртай учраас дуулалт жүжгийг яриат жүжгээс илүү сонирхох нь аргагүй гэж үзэхэд болох юм.

“Учиртай гурван толгой” жүжиг ардын дуунуудын аяар дуулагдан гарч ирсэн нь хотын олон түмний таашаалыг хүлээсэн юм. Ямарваа жүжгийн зохиол нь юуны түрүүнд драмын зөрчил, зохиомж эдгээрийг сөргөл ялгаа (контраст), харилцаа яриа, үүнээс үүсэж гарах үйл хөдлөлийг гаргадаг ажээ. Зохиолд орох хүмүүс, тэдний яриа үйлдэл, зөрчилдөх, эвлэрэх хэсгүүдийг хүний амьдралын зүй жамын дагуу тодорхой журам, дэс дараалалтай байрлуулах, дүр хоорондын нэгдэл, зөрчлийг хүний сэтгэхүйд дүүрэн ойлгуулдаг. Бас зохиолч өөрийн хэлэх гэснээ хүмүүст бүрэн ойлгуулахын тулд зохиолдоо оруулсан хүмүүсийн ааш, төрх байдал, амьдралын үзэгдэл, юмсын онцлогийг хүлээн авч тус тусынх нь үзлийг бие биеэс нь ойлгомжтой ялгахын тулд эрс тэсээр, сөргөл байдлаар үзүүлдэг уран сайхны арга юм.

Жүжгийн зохиолчийн харилцаа яриа (диалог) нь дүр дүрдээ нийцсэн байхаас гадна мөн дотроо байнга зөрчилтэй байх юм. Зөрчилөөс л бүх зүйл үүдэн гарахаас биш зөрчилгүй бол юугаа ярьж, юуны учрыг олох гэж үг урсгаж байх билээ. Амьдрал тэр чигээрээ зөрчил, тэмцэл, тийм юмгүй бол амьдрал урагшлахгүй. Маргаан дунд үнэн үүснэ гэсэн мэргэн үг байдаг.

Утга зохиол, түүний дотроос жүжгийн зохиолыг амьдралын сурах бичиг, хүн судлал, нийгэм судлал гэж эрдэмтэн мэргэд тодорхойлсон байдаг нь жирийн нэг хэрэг огт биш.

Драмын (жүжгийн) зохиол нь уг зохиолд гарах бүх хүмүүсийг өөртөө хамруулан, тэднийг нэгтгэсэн амьдралын нэг зөрчлөөр утга санаагаа илэрхийлдэг бөгөөд энэ зөрчлийг шийдвэрлэхэд ч бүх хүмүүсийн зан төрх, Хүсэл эрмэлзэл нь харилцан адил бус, сэтгэхүйн хурц үйлдлээр тодорч үзэгч хүмүүст нөлөөлөх нь утга зохиолын бусад төрлөөс ч хурц байдаг талтай. Энэ нь жүжигчид тайзан дээр тоглоход зориулагдсан утга зохиолын өвөрмөц төрөл юм.

Зөвлөлтийн нэрт зохиолч К. Паустовский “Жүжгийн зохиолыг би унших дургүй. Харин тайзан дээр үзэх дуртай” гэсэн нь түүний сэтгэлд нөлөөлөх өвөрмөц тэрхүү чанарыг тодотгож байгаа юм.

Манай их зохиолч Д. Нацагдорж утга зохиолын өвөрмөц нэг төрөл болох жүжгийн зохиол туурвидаг байсан нь түүний уран бүтээлийн цар хүрээ маш өргөн байсныг илтгэнэ. Д. Нацагдорж нь сэтгэлийн яруу дуут жүжиг “Учиртай гурван толгой”, улс төрийн “Монгол ардын суут” хэмээх түүхэн жүжиг, “Их авхай” хэмээх хөгжөөнт драм, “Би биш” хэмээх хөгжимт хошин жүжиг, мөн ухуулгын “Нуугдсан эрдэнэ” зэрэг жүжгүүд бүтээснийг авч үзэхэд жүжгийн зохиолын төрөл бүрээс бичсэн нь их зохиолчын мэдлэг, боловсрол, үзэл санаа нь өргөн хүрээтэйн гэрч юм.

Эдгээр жүжгийн зохиомж, зангилгаа, өрнөл, үйл явдлын үргэлжлэл, тайлал, дүрүүдийн хуваарилалт, тэдгээрийн үг, үйл хөдлөл тус бүрийн онцгой дүрслэл, диалектик хөгжил, зөрчлийн эрчим тэргүүтэй зэрэг драмын цогцос гол бүрдлээрээ гойд тодорхой байдаг байна.

“Учиртай гурван толгой” жүжиг дээр Д. Нацагдорж нь жүжгийн зөрчлийг маш ухаалаг хөтлөн явуулж эцсийн дүнд юу болох нь таамаглаж мэдэхгүй, үзэгчдийг “Одоо юу болдог бол” гэж бодуулан сонирхуулсан байдалд төгсдөг нь үнэхээр бахдалтай билээ. Жүжгийн зохиолын гол увидасын нэг нь энэ билээ. Үүгээрэз хүний сэтгэлд харван нөлөөлөх чадлаар их ажээ.

“Учиртай гурван толгой” жүжгийг 1941 онд шинэчлэгдсэ бөгөөд Б. Смирнов, Билгийн Дамдинсүрэнгийн зохиосон хөгжмөөр одоо хүртэл тоглогдож байна.

Үүнээс хойш бүдүүн Раднаабазар, бужгар Очир, Ши. Аюуш, М. Ядамсүрэн зэрэг жүжгийн зохиолчид гарснаас 1934 оны эцсээр цэргийн театр байгуулагдан Л. Цэнд-Очир, 3. Пунцаг, А. Санжид, Намсрай зэрэг хүмүүс цэргийн амьдралыг тусгасан дуутай жүжиг “Цэрэг Янжив”, “Цэргийн арван таван нас”, “Жанжин туг”, “Аль муу арав”, “Партизан Батхүүгийн зам”, “Мунхаг засаг”, “Тэсвэргүй сэтгэл”, “Өргөмөл Сувд”, “Ванчин лам”, “Буянхишиг да лам” гэх зэргийг гаргасан билээ. Эдгээрийн аялгуунуудыг цэргийн гуулин хөгжмийн удирдагч байсан Замбатив, Ц. Зундуй, Л. Мөрдорж зэрэг хүмүүс зохиож байжээ.

“Монголын театрын түүхэн замнал” номноос

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s