Платоны диалектикийн аргын жишээ, силлогизм

Платон аподиктик (нотолсон) силлогизмыг сургамжилсан ярилцаандаа (диалог), магадлалын силлогизмыг софистууд болон туршлагагүй хүмүүсийн эсрэг, харин эристик (софист) силлогизмыг маргахын тулд л маргагчдын эсрэг тухайлбал Евтидем, Гиппийд нарын эсрэг хэрэглэжээ.

Шийдмэг силлогизм 3 хэлбэртэй. Нэгдүгээрт, дундах томъёолол силлогизмын нэг хэсэгт предикат (өгүүлэхүүн), нөгөө хэсэгт субьект (өгүүлэгдэхүүн) болдог. Хоёрдугаарт, дундах томъёолол хоёр үндэслэгээнд хоёуланд нь предикат болно. Гуравдугаарт, дундах томъёолол хоёр үндэслэгээнд хоёуланд нь субьект болно. Өгүүлбэрийн хэсэг томъёолол болж байна.

Жишээ нь “хүн бол амьд амьтан” гэсэн өгүүлбэрүүд байхад хүн, амьд амьтан гэх томъёоллууд байна. Платон асуултуудаа 3 хэлбэрийн аль алинаар нь зохиодог. Нэгдүгээр хэлбэрийн хувьд гэвэл “Алкивиад” зохиолдоо:

“Шударга юм үлэмж сайхан, үлэмж сайхан бол сайн, шударга юм сайн:” гэсэн буй.

Хоёр дахь хэлбэрийн хувьд гэвэл “Парменид” зохиолд:

“Хэсэгчлэн хуваагддаггүй тэр зүйл бол шулуун ч биш, муруй ч биш. Шулуун эсхүл муруй гэдэг нь силлогизмын хэлбэр мөн. Ингэхлээр хэсэгчлэн хуваагддаггүй тэр зүйл нь хэлбэр биш юм.”

Гурав дахь хэлбэрийн хувьд мөн энэ ярилцаанд:

“Хэлбэр болж байгаа зүйл бол ямар нэг чанар мөн. Хэлбэр болж байгаа зүйл хязгаарлагдмал, бас чанар хязгаарлагдмал.” гэжээ.

Асуултын байдлаар бүтээсэн таамнасан силлогизмуудыг олон номноос нь ялангуяа “Парменид” зохиолоос нь олж болно. Үүнд хэрэв Нэгдмэл хэсэгчлэн хуваагдахгүй бол түүнд эхлэл, дундаж, төгсгөл, тэрчлэн хязгаар гэж байх боломжгүй. Хэрэв нэгдмэл хязгаар байхгүй бол тэр нь хэлбэр биш юм. Иймээс Нэгдмэл нь хязгааргүй байх аваас тэрээр мөн хэлбэр биш. Ерөнхий томъёолол нь үр дагавар болж байгаа таамнасан силлогизмын хоёр дахь (гурав дахь гэж бас дандаа хэлцгээдэг) хэлбэрийн хувьд гэвэл асуулт дараах байдлаар тавигджээ. Үүнд хэрэв Нэгдмэл хэзээ ч хуваагддаггүй бол тэр нь шулуун ч биш, муруй ч биш. Ямар нэг юм нь хэлбэр байх аваас тэр нь шулуун эсвэл муруйгаас л тогтоно. Ингэхээр хэрвээ хэсгүүдэд хуваагдахгүй бол хэлбэр биш. Дундах томъёололд нөхцөл болж байгаа гурав дахь (зарим нь хоёр дахь гэдэг) хэлбэрийн хувьд гэвэл тэрээр “Федон” зохиолынхоо асуултанд уг хэлбэрийг дараах байдлаар ашиглаж байна. Үүнд тэнцүүгийн тухай мэдлэг хамааралтай.

Платоны зохиолд мөн холилдсон силлогизмууд дайралддаг. Зохицох үндэслэлээс батлах силлогизм ийм: Хэрэв нэгдмэл нь бүхэл бөгөөд хязгаарлагдмал бол тэрээр эхлэл, дундаж, төгсгөлтэй болохын хувьд хэлбэрт хамаарна. Эхнийх нь үнэн, ингэхээр хоёр дахь нь ч бас үнэн юм. “Парменид” болон бусад ярилцаанд 10 категорийн талаар заасан бөгөөд үгийн гарлыг “Кратил” зохиолд тодорхой тайлбарлажээ. Түүний чадамгай бөгөөд ер бусын тодорхойлолт, ангилал нь диалектикын онцгой хүчийг батлан харуулна. “Кратил” зохиолд нэр цаанаасаа заяагддаг уу эсвэл нэрийг өгдөг үү гэдгийг Платон судалжээ. Түүнийхээр бол зөв нэр олддог (нэрлэх), гэхдээ хаа тааралдсанаас бус харин юмсын уг чанарт тохирч өгөгддөг. Санамсаргүй оноочихвол нэр хэзээ ч зөв утгатай болж чадахгүй.

Үүнтэй адилаар хааш яйш байдлаар зөв ярьж болохгүй. Яриа юмсын уг чанарт тохирч байхаар л яригдах ёстой. Ярианы нэг үүрэг нь нэрлэх, ярианы нэг хэсэг нь нэр учраас бид нэрийн тусламжтайгаар юмсыг бие биедээ тайлбарлаж, тэдгээрийг ялгадаг. Иймд нэр бол бөс бараа нэхэхэд оньсон багаж хэвлэдэг шиг л юм бүрийн мөн чанарыг судлах ялгах зэвсэг мөн. Нэрийг зөв хэрэглэх нь мөн л диалектикт хамаарна. Оньсон хэрэгслийг мужаан бэлтгэдэг боловч түүнийг хэрэглэж мэддэг нэхмэлчин л ашигладгийн адил хэзээ нэгэн цагт нэр өгөгчийн өгсөн нэрийг диалектик л чадамгай бөгөөд цагийг нь олж хэрэглэдэг юм.

Альбин

2 thoughts on “Платоны диалектикийн аргын жишээ, силлогизм

Leave a reply to erdenee Хариулт болиулах