Хувьсгалын ардчилсан шатны эхэн үеийн театр, урлагийн байдал

Хувьсгал гарснаас хойш ардын урлагийг өвлөж авсан бид түүнээ хөгжүүлж эхэлсэн билээ. 1921 онд ялсан ардын хувьсгал театр гэх нэрийг бий болгож энэ урлагт цоо шинэ үеийг нээсэн билээ. Хувьсгал ялах үед Монгол орон ядуу зүдүүгийн туйлд хүрсэн, хүн амын 98 хувь нь бичиг үсэг мэддэггүй байлаа. 1921 онд жанжин Сүхбаатарын тушаалаар цэргийн газар жүжгийн бүлгэм анх байгуулсан байна. Энэ бүлгэмд Насанбат, Дэмид, Сундуй, С. Буяннэмэх, Раднаабазар, комиссар С. Лувсансодном, Гончигийн Сундуй зэрэг хүмүүс байжээ. Дараа нь цэргийн яаманд нарийн бичгийн дарга байсан Д. Нацагдоржийг нэмэн авч “Сумъяа ноён”, ”Гэсэрийн тууж”, “Ушаандар” зэргээс сэдэвлэн жүжгийн зохиол анх гаргуулж байжээ.

Энэ жүжиг, үзэгдлүүдийг 1921 оны арав, арваннэгдүгээр сард анх цэргийн их даргын сургуулийн нэгдүгээр морин бригадын байранд цэргийн улс төрийн газраас хянах журмаар тоглуулжээ. Хоёрдугаар тоглолтоо Орос сургагч нарын “Нардом” гэх байшинд хийсэнд жүжгийн сургаар маш олон түмэн хүн цугласан байсан гэдэг.

1921 оны сүүлчээр энгийн газар уран сайхны бүлгэм байгуулъя гэсэн өргөдлийг Ц. Амгалан, Ч Лувсансодном нарын ХЗЭ-ийн гуч шахам тооны гишүү- дээс их жанжин Сүхбаатарт гаргасан бөгөөд тэр өргөдөлдөө “Сайн сайхан зүйл болгож чадваас улсдаа соёлыг үлдээе. Эс чадвал хариуцлагыг өөрсдийн биеэр хулээеэ” гэсэн байдаг билээ. Ингээд 1921 оны арванхоёрдугаар сард Эвлэлийн түр цагийн хорооны гишүүдийн хурлын шийдвэрээр намын нөхдийн заавар удирдлагыг хүлээн авч, ший жүжгийн ажлыг үүсгэн байгуулах тухай ажиллагааг эхлүүлж “Бүх Монголын Хувьсгалт Залуучуудын эвлэлийн жүжгийн хүрээлэн” нэртэй анхны бүлгэмийг байгуулан Ч Лувсансодном, Ц. Амгалан, Ц. Гомбожав, Линхуа, Д. Нацагдорж, Л. Дамдинбазар, Дашдулам, Наваанжамба нарыг томилон бэлтгэл ажлыг нь эхлүүлэхээр болсон ажээ.

"Сумъяа ноён" жүжиг орчин цагт
“Сумъяа ноён” жүжиг орчин цагт

Ийм учраас ч хувьсгалын шинэ үзэл санааг олон түмэнд урлагийн аргаар хүргэх чухал хэргийг хэрэгжүүлэхийн тулд анхны уран сайханчид маань хувьсгалын өмнөх үеийн ардын театрын жижиг хэлбэрүүдийн л туршлагад түшиглэж, юуны өмнө харилцаа дуу, “Сумъяа ноён”, “Ах дүү хоёр гөрөөчид” зэргийг тусгай тавцан дээр тайз заслалын тойм тавьж, тусгай хувцас хэрэглэхдээ хүмүүсийн сонирхлыг татахын тулд зөвхөн гоё зүйл ашиглах хандлагатайгаар ажиллан лаа дэнгийн гэрэлд эхлэн тоглосон байна.

Ийнхүү уран сайхны шинэ бүлгэмийг байгуулахад залуучуудын эвлэлийн түр цагийн төв хорооны гишүүдийн хурлаар хэлэлцэж ерөнхий улс төр, уран сайхны хариуцах хянагчаар Эвлэлийн төв хорооны дарга С. Буяннэмэх, комиссын бусад нөхдөд Ц. Амгалан, Чимэддорж нарыг томилсон байна.

Амьдралын шинэ амьсгал, шинэ байдлыг тусган харуулах театрын арга хэлбэрийг эрэх, хувьсгалт шинэ театрын урлагийн үндэс болох жүжгийн бичмэл эохиол бий болгож, түүнийг тайзан дээр жүжигчнээр тоглуулан амьдруулах нь үнэн чанартаа урьд үед тайзан дээр үйлчлэх ажиллагаа маш ховор үзэгдэл байсан учир жүжигчдийн тайзан дээрх бие, сэтгэл, үгийн нэгдсэн үйлдлийн иж зүйг бий болгох зэрэг олон асуудал тэр үеийн сайн дурынханд шаардлагаар гарч ирж байсан юм.

1922 оны нэгдүгээр сард Москва хотноо Алс Дорно дахины орнуудын хөдөлмөрчдийн анхдугаар их хуралд оролцож, их багш В. И. Ленинтэй нүүр учрах завшаан олдсон манай анхны жүжгийн зохиолчдын нэг Буяннэмэх дээрх хурлаас ирмэгцээ “Ойрх цагийн товч түүх буюу Сандоо амбаныг хөөсөн нь” хэмээх жүжгийн жинхэнэ үгтэй зохиолыг бичжээ. Энэ нь жүжтг тоглолтыг бичгийн зохиолтой болгон, жүжиг тоглолтын чанарыг сайжруулах ажилд анхны эргэлт хийсэн явдал болжээ.

Ингээд энэ жүжиг нь хувьсгалт нам төр байгуулагдсанаас хойшхи анхны хувьсгалт үзэл санаатай бичмэл жүжиг болсон юм. Энэ жүжиг нь 32 бүлэгтэй юм. 1 болон 2-р бүлэг дээр Сандоо амбан анх орж ирж Монголын ноёд түшмэдтэй уулзаж, тэднийг айлган сүрдүүлдэг хэсэг бий. Харин гуравдугаар бүлэг нь “Сүр дор эрдсэн хятад худалдаачин ч сүрхий авираар ядуу ардыг дарладаг нь” гэсэн нэртэй ажээ. 29, 30, 31, 32 буюу гар бичмэлийн 5-р дэвтрийн 5, 6, 7-р бүлгүүдэд Алтанбулагт ардын цэрэг байгуулж Баяр гүн лүгээ дайтсан нь, Их улаантны цэрэг ба ардын арми нийлэн цагаан намын барон Унгернийг ялсан нь, Нийслэл Хүрээний газар жинхэнэ их ардын засаг байгуулсан тухайг үзүүлсэн байдаг.

“Ойрхи цагийн товч түүх” жүжгийг 1922 оны гуравдугаар сарын 28-нд тэр үеийн Оросын цэнгэлдэх хүрээлэнд (Нардом) анх тоглосон байдаг. Жүжгийн Д. Сүхбаатарын дүрд Н. Насанбат тоглож байжээ.

1923 оны 2 сарын 23-нд Д. Сүхбаатар насан эцэс болж, 1924 онд клубийн байр шатсан юм. Энэ үед ший жүжиг тоглох газаргүй, хувцас хэрэглэлгүй болжээ. Удалгүй нам засгаас хөрөнгө гаргуулсны хүчээр дахин жүжиг тоглох болж, хэд хэдэн ардын аман зохиол, үлгэрүүд дээр сэдэвлэсэн жүжиг тавьсан байна. Мөн сайн дурын гишүүд жүжгийнхээ өмнөхөн хэлэх үгээ тохиролцох юм уу, тайзан дээр шууд зохиодог байсан нь барууны буюу Европын театрын түүхэнд байсан бөгөөд цээжээр зохион тоглох гэж нэрлэдэг. Үүний нэг тод жишээ нь “Баян Доной” жүжиг юм. Энэ нь цээжээр тоглох жүжиг байсан тул ямар нэг бичгийн хэлбэрээр өвлөгдөж ирээгүй юм.

1924 онд Богд нас барж, нэгэнт БНМАУ-ыг тунхаглан зарласан байна. Тус ондоо алиа инээдмийн хөнгөн хэлбэрийн “Бадамдорж шанздав” жүжгийг тоглосон нь театрт хийсэн бас нэгэн алхам байсан юм. Энэ жүжиг нь тэр үедээ улс төрийн шог жүжиг болсон бөгөөд энэ үед Балдуугийн Шарав зэрэг хүмүүс улс төрийн шог хошин зураг зурж гаргаж байжээ.

МАХН-ын Төв Хорооны тусгай зааварлагаагаар 1925 онд жанжин Сүхбаатарын нэрэмжит төв клубийг байгуулж Төв Хорооны байрын доод давхарт нэгэн том тасалгаа гаргаж өгсөн байна.

Энэ клубийн дэргэд ший жүжиг, дуу, хөгжим, бүжгийн бүлгэмүүд шинээр байгуулагдан ажиллав. Энэ бүлгэмд хуучин Нардомд ажиллаж байсан бүлгэмийн үлдсэн хүмүүс шилжиж ирсний дээр алдарт хөгжимчин, жүжигчин Л. Дамдинбазар, С. Түвдэн хуурч, О. Дашдэлэг, Л. Цэрэндорж зэрэг хүмүүс оролцох болжээ. Сүхбаатарын нэрэмжит клубийнхэн шамдан ажиллаж, шинэ шинэ концерт, аялгуут жүжиг, инээдммйн шог үзэгдэл болон үлгэр, түүх, хувьсгалын сэдэвтэй жүжиг гарган үзүүлж, үзэгч нараар дахин хүрээлэгдэх болов.

natsagdorj-namdag
Д.Нацагдорж найзуудын хамт

Зохиолч Д. Нацагдорж, С. Буяннэмэх нарын туршлагаар уран сайханчид дахин ардын аман болон бичмэл зохиолоос сэдэвлэн зохиох болов. Жишээлбэл: “Үлгэрийн далай”-н Ильдандийн хэсгийг жүжиг болгосон нь хааны цэцэн мэргэнийг сорьж үзэх гэж тэнэг болон явагч алиа ядуу Ильдандийн инээдэмт явдлыг тун ая- тайхан гаргаж хошин жүжгийн эх үүсвэрийг үндэслэжээ. Энэ нь тэр үедээ манай уран сайханчдын амжилт болж, үзэгчид тун сайн хүлээж авчээ. Жүжгийн үгийг жүжигчид өөрсдөө тоглонгуут зохион ярьдаг байсан нь хэвээр боловч тэдний ярьсан нь өмнөхийг бодвол оновчтой, цэцэн болжээ. “Ильданди” жүжиг амжилттай болж хүмүүсийг самбаа, авхаалжид сургасан, амьдралд баяртайгаар хандах ардач зарчмыг улам гүнзгийрүүлэн сурталчилсан зүйл гэж Намын Төв Хорооноос үзсэн байна.

Тиймээс уг жүжигт идэвхийлэн оролцсон Л. Дамдинбазарыг магтан сайшааж намын гишүүнээр баталсны дараа Л. Дамдинбазар, тэр жүжигт оролцсон комиссар Раднаабазар, Д. Ичинхорлоо, Ю. Цэрэндорж, Ч. Лувсан- содном, хувцас хунар бүх зүйлийг энд тэндээс цуглуулан зохион байгуулж идэвхтэй ажилласан Е. Шаравдоо, хөгжмийг тохируулан тоглож өгсөн багш Д. Ишдулам, О. Дашдэлэг, С. Түвдэн, Лянхуа нарыг цуглуулан магтжээ.

1924 онд нэгэн онцгой үйл явдал болсон нь анхын жүжгийн бүлгэмийнхэн 1922 онд тоглож байсан “Сумъяа ноён”, “Ушаандар” зэрэг жүжгээ дахин нэг сургуулилан бригадлан хөдөө сумуудаар явж тоглосон байна. 1924 оны 8, 9-р сард хуралдсан намын III их хурал дээр жүжигт урлаг уран сайхны агуулга, үзэл суртлын хэмжээг дээшлүүлэхийг чухалчлан заалаа. Харин 1926 оны 9 сарын 16-нд Ардын цэнгэлдэх хүрээлэнг нээсэн байна. Энэ үед С. Буяннэмэхнйн зохиол “Марал, Шар” жүжиг, Ганболдын зохиол “Бадам хөвгүүний жүжиг” зэрэг үндэстний жүжгүүдээс гадна, жижиг шог үзэгдлүүд, мөн дуу, хөгжим, бүжгийн цуваа номерийн концертуудыг гаргаж байжээ.

С.Буяннэмэх
С.Буяннэмэх

С. Буяннэмэхийн “Марал, Шар” жүжиг нь 7 бүлэгт жүжиг бөгөөд Марал хэмээх ёс суртахуунт залуу бүсгүйг Шар хэмээх завхай эм, Базар хэмээх хорон санаат панзчин хоёр буруу явдалд уруу татахыг оролдож байгааг үзүүлнэ.

Ардын цэнгэлдэх хүрээлэнгийн жүжгийн бүлгэмийнхэн өмнө нь олон жүжиг тавьж байсан бөгөөд эдгээр жүжгүүдээ дахин дахин тавьдаг байлаа. Энэ дунд нь доорх олон давтагддаг сэдвийг жижиг жүжгүүд ч гэсэн орох юм. Үүнд:
1. Сандоо амбан
2. Автономитын үеийн дээд хурлын тухай
3. Ядуу эмгэн, өвгөний байдал
4. Гадаадын хулгайчийн байдал
5. Завхай хүүхэн ба шалиг ламын тухай
6. Дээр үеийн монголын ард түмний заншил байдал
7. Хятад ээрэг гадаадын эзэрхэг түрэмгий улсаас Монголын ард түмнийг хэрхэн дарлаж байсан тухай
8. Шог инээдмийн зүйлүүд.
9. Сахилаа мартсан лам
10. Журамт охин Алтанцэцэгийн жүжиг
11. Бэлэн Сэнгийн үлгэрээс
12. Мянга Ёндон үлгэрээс
13. “Сумъяа ноён” аялгуут жүжиг
14. “Сайн бэлгийн түүх” жүжиг
15. “Ушаандар” үлгэрийн жүжиг
16. “Таван тив“ жүжиг

Энэ үеийн жүжиг, жижиг үзэгдлүүдийг төрөл хэлбэр, сэдвийн хувьд хэд хэдэн ерөнхий бүлэгт хувааж үзэж болно.

Нэгд, Ардын харилцаа дуу – “Сумьяа ноён”, “Ванли“, “Дүнгэр даа лам” зэргүүд нь утга санаагаараа нэгдмэл юм. Энэ харилцаа дуунуудыг тоглосон жүжигчдийн улс төрийн ухамсар, ерөнхий мэдлэгийн хүрээнээс шалтгаалан улс төрийнх нь утга гүн юм уу гүехэн болдог байжээ.

Хоёрт, Бичгийн уран зохиолоос жүжиг болгон тоглуулсаны жишээ нь “Гэсэр хааны тууж”, “Уушаандар хааны домог” зэрэг эохиолууд сургамжит дуутай жүжгүүд болж байлаа.

Гуравт, Харилцаа дууны үндсэн дээр уянга энэрлийн маягаар зохиосон жүжгүүд: “Өнчин хүү”, “Хоньчин хүүхэн” зэрэг нь яриа, дуу хосолсон жүжгүүд байв. Эдгээр жүжиг нь ядуусын зовлон, тарчлааныг реалист хэлбэрээр харуулдаг.

Дөрөвт, дуутай зохиосон жүжгүүд. Үүний нэгэнд хагас үг нь бичигдсэн, хагас нь цээж зохиолын жүжиг “Баян Доной” орно. Энэ жүжиг нь үнэн бодит реалист чиглэлд алхам хийсэн гэж болох билээ. Тайз, хувцас нь бодлоготой хийгдсэнээс гадна эсрэг дүрийг зөвхөн гажууд байдлаар инээдэм болгох гээгүй, харин дарлагч ангийнхан нь зальтай, аюултай хүмүүс байдаг гэдгийг үзүүлэхийг зорьсон байдаг.

Тавд, Нийгэм улс төрийн нэг сэдэвт яриан жүжгийн бичмэл зохиол “Бадамдорж шанздав” юм. “Ойрх цагийн товч түүх” жүжиг өргөн олон сэдвийг хамарч Хувьсгалын бүх түүхийг харуулах гэсэн бол энэ жүжиг нь урвагч Бадамдоржийн тухай өгүүлэх юм.

Зургаад, Уянга оргилуун тэмүүллийн жүжиг. Энэ нь бас л харилцаа дууны үндэстэй боловч хуурамч сэтгэлийн хэт нялуун чигт огт үгүй болсноороо онцлог юм.

Долоод, Тэр үеэ тодорхойлсон аж байдал, нийгэм болон хувь хүний тухай хөгжимтэй жүжгийн зохиолууд юм. Үүнд: С. Буяннэмэхийн “Марал, Шар”, Л. Дамдинбазарын “Лэтийдэг”, “Сүнс дуудах” зэрэг орно.

Наймд, жүжгийн зохиол, жинхэнэ жүжиг биш боловч тайз, хувцас хэрэглэж үзэгч олонд хүртэмж сайтай байсан ганцаардал, харилцаа, дуудлага, уриа зэрэг театрын төрөл юм.

1926-1928 оны үед театрт барууны хэлбэрэл гаарч, ардын уламжлалыг үл хайхрах болж, хятад жүжгүүд ч тавигдах болсон байна. Энэ үед “Ший мэргэний шийтгэсэн түүхээс”, “Ли мин шансан”, “Гаргүй Шоожоо”, “Шаазан хадах”, “Боовонжин”, “Зургаан сарын цас” зэрэг жүжгүүд тавигджээ. Эдгээр нь Хятадын түүх, үлгэр домог дээр сэдэвлэсэн бүтээлүүд байсан юм.

1928 онд С. Буяннэмэх “Нууц товчоо” дээр сэдэвлэн “Баатар хүү Тэмүүжин” хэмээх жүжгийг тавьсан байна. 1928 онд хуралдсан Намын VII их хурлаар марксист-ленинист үзэл баримтлалыг хөхүүлэн дэмжиж хятадын үлгэр, ахуй дээр сэдэвлэсэн жүжгүүдийг тоглохыг хориглосон байна. Ардын цэнгэлдэх хүрээлэнгийнхэн дээр дурдсан үлгэр домгийн жүжгүүдийг тавихаа больж өөрийн нам засгаас чухалчлан явуулж байсан бодлогыг олон түмэнд нэвтрүүлэх, ялангуяа дэлхий мийтийн асуудлыг хөндсөн сэдэвт жүжиг хийхийг зорьж байжээ.

Гэвч үгийг тэр дор нь зохион жүжиглэх (импровизаци) жүжгүүд 1930 он хүртэл үргэлжилсэн юм. 1927 онд бичигдсэн С. Буяннэмэхийн “Марал. Шар” зэргээс үзэхэд зохиол бичих аргыг сайн мэддэг байсан боловч олон жүжиг тоглогдож байх ёстойгоос гадна өөрөө гадуур дотуур ажил ихтэй байсан тул зарим хэсгий нь шууд зохион жүжиглэхээр бичсэн байдаг.

Шүүмжлэгч нарын хатуу тодорхой шүүмжлэл, нарийн жич боловоруулсан судалгаагуйгээр уран бүтээлчид үзэгчид ч урагш ахиж шинийг эрэн бүтээхгүй билээ. 1929 онд Алтанбулагт сайн дурын уран сайханчидтай хамтран хөгжимддөг байсан хөнхөр хэмээх Лувсан хуурч тэргүүтэй хүмүүс Дээд-Үдэд (одоогийн Улаан-Үдэ) Буриадын урилгаар явж тоглосон байна. Лувсан хуурч нь өөрийн хувьд хөнгөн хялбар арга барилаар хөгжимд анхлан суралцжээ. Өвөг эцэг нь хуурч, эцэг нь ч сайн дурын ажиллагаан дээр тулгуурлан хуур сурсан бас ч муугүй хуурч байжээ. Түүнийг арван хоёр настайд эх нь нас барж хуурыг нь Лувсан өвлөж авсан гэдэг. Тэрхүү Буриадад хийсэн тоглолтын хөтөлбөрөөс харахад Лувсан хуурч монгол ардын аман зохиол, хятад ший, буриадын хувьсгалын дуу, өвөрлөгчдийн шог дуу зэргийг зөвхөн хуур хөгжмийн хамт жүжиглэн тавьж тоглосон байдаг байна.

Үүнээс үзэхэд манай ардын уламжлалт дууны урлагийг сайн эзэмшиж чадвал хаана ч, хэзээ ч үнэ цэнээ алдахгүй гэдэг нь тодорхой ажээ. 1920-иод оны төгсгөлд ардын дуу, хөгжмийг ихэд чухалчлан улмаар Ардын цэнгэлдэх хүрээлэнд Д. Ишдулам ихэвчлэн удирдаж тоглуулдаг байжээ. Харин 1920-иод оны төгсгөлд жүжигчдийн уран чадвар хэдий сайжирсан ч хангалттай түвшинд хүрч чадаагүй юм. Олон аймаг сумдуудад клубууд нээгдэж байсан ч бичиг үсэггүй, хөнгөн самгай улсууд жүжиг тавьдаг байсан нь олонд клубын нэр хүндийг унагахад хүргэсэн байна. Бүлгэмийн уран сайханчид ч бичиг үсэггүй байсан ба Ардын цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэдэх нам, эвлэлийн байгууллагууд бүлгэмийн уран сайханчдын дунд бичиг үсгийн хичээл хийлгэх, улс төрийн яриа зохион байгуулах болсон байна.

Э.Оюун – “Монголын театрын түүхэн замнал” номноос

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s