Цэцэний Гомбожав (1901-1937)

Хувьсгалт үеийн театрын тухай ярихад Ц. Гомбожавын нэр чухал байр суурьтай дурдагдах ёстой. Ямар нэг эхлүүлсэн үйл ажиллагааг цааш авч явна гэдэг амаргүй хэрэг байдаг бол тэрхүү үйл хэргийг эхлүүлнэ гэдэг бүр амаргүй билээ. Намын заавраар хүмүүсийг бичиг үсэгтэй болгож, утга зохиолыг хөгжүүлж, театрыг товхинуулах хэрэгтэй байлаа. Хувьсгалт үеийн театрт жүжиг найруулгын аргыг шинээр гаргаж ирсэн хүн бол Ц. Гомбожав юм.

Цэцэний Гомбожав нь 1901 онд Сэлэнгэ аймгийн Цүү манхтай хэмээх газар (Одоогийн Булган аймгийн Сэлэнгэ суманд) төрсөн байна. Цэцэнийх таргын таван үнээтэй, ташуурын ганц морьтой ядуувтар айл байсан боловч ээж Бадам нь үйл үртсэнд яггүй нэгэн байсан тул тайж баядын хувцас хунар оёж амжиргаандаа нэмэрлэж байв. Гомбожавын аав Цэцэн ч гэсэн тэрэг чарга хийх гарын дүйтэй нэгэн байсан тул бас л гарын олбортой байжээ. Хүү Гомбожавыг 5 настайд нь Улаанбургасын сууринд амьдардаг хамаатан эмэгтэй Сүрэнхорынд аваачсан бөгөөд тэнд Гомбожав хүү өөрийн оролдлогоор хятад хэлэнд суралцжээ. 1916 онд Их шавийн Балданцэрэн хэмээх хүнээр хэдэн сар монгол бичиг үсэг заалгаж аваад тус ондоо Хиагтад цагдаа, гаалид хэлмэрч зэрэг ажил хийж явжээ. 1918-1919 оны үед Хиаг дахь цахилгаан шуудангийн хорооны орлогч даргаар ажиллаж байхдаа мөн хятад хэлтэй Дамбадорж хэмээх эртэй танилцаж нөхөрлөсөн байна.

Дамбадорж нь Д. Сүхбаатарын бүлгэмтэй холбоо барьдаг болсноор тэр үед арван найман настай Гомбожавыг төмөр утасны хооронд галч зарлагын ажилд томилжээ.

Ц. Гомбожав нь Хиагт Хүрээ хоёрын хооронд чухал нууцыг солилцох хэрэгт амь хайргүй зүтгэж, хэл хүргэж явахдаа хэд хэдэн удаа баригдаж ширүүн байцаалтад орж байсан ч хувьсгалын нууцыг нэг ч задруулаагүйгээр барахгүй Д. Сүхбаатарын байгуулсан партизан цэрэгт элсэн хатуу ширүүн тулалдаанд орж байжээ. Хүрээг эзлэх тулалдаанд оролцож дараа нь коммунист нам засгийн үзэл суртлыг нэвтрүүлэх анхны коммисаруудын нэг болж байсан байна. Түүнийг Тувад анхны элчин сайд байсан Гомбожаваас ялгахын тулд жаал Гомбожав ч гэж нэрлэдэг байлаа.

Ц. Гомбожав энэ ажлынхаа хажуугаар урлагт элэгтэй, хөгжүүлэхийн төлөө зүтгэдэг хүн байлаа. Тиймээс ч 1921 оны сүүлээрх “Сумъяа ноён” жүжгийг тоглоход Сумъяагийн дүрд Ц. Гомбожав анх тогложээ. Үүнээс хойш Гомбожав дөнгөж байгуулагдаад байсан уран сайхны бүлгэмийн зохион байгуулалтын ажлыг хариуцах болжээ. Яваандаа жүжигчдэд яаж жүжиглэх, үгээ чанга хэлэх үү, аяархан хэлэх үү гэдгээ асуух хэрэг тулгарахад С. Буяннэмэх, Гүнсэн гүн, Насанбат нар хариулах боловч ихэвчлэн Ц. Гомбожавын хэлснээр явдаг байлаа. Тэрээр С. Буяннэмэхийн “Ойрхи цагийн түүх буюу Сандоо амбан” хэмээх жүжигт хятад худалдаачны дүрийг маш чадварлаг гаргаж байжээ.

Энэ жүжгийнх нь тоглолтын үеэр найз бүсгүй нь хятад худалдаачны дэргэд суусанд Гомбожав буу гаргаж ирээд дээш хий буудан үймээн тарьсан байна. Энийг нь дарга нар нь хэлэлцэж, Гомбожаваас яагаад ийм хэрэг хийснийг нь лавлахад Гомбожав “Хятад худалдаачид, эмэгтэй хүний сэтгэлийг ч худалдаж авч болно гэж боддог, бузар санаатай улс тул би тэднийг үргэлж үзэн ядаж байх болно, ингэсний минь төлөө намайг яавал ч яа” гэж хариулж байсан гэдэг. Харин дарга нар нь хэргийг хэлэлцээд энэ удаад нь шийтгэлгүй өнгөрөөсөн байдаг.

Ц. Гомбожав үүгээр зогссонгүй дараа дараагийн жүжгүүдэд хятадуудыг буруушааж, жигшсэн хэсгүүдийг өөрөө нэмж өгдөг байжээ. Тэрээр 1930 онд цэргээс бүрмөсөн халагдаж цэнгэлдэх хүрээлэнд даргаар ирсэн байна. Мөн оны 6 сард А. Ефремов мэргэжилтнээр ирж, театр байгуулах ажилд оролцоход Ц. Гомбожав түүний баруун гар нь болж, хэлмэрч орчуулагч, үйлчлэгч сүүлд нь уран чадварын туслах багш хүртэл болж ажилласан гэдэг.

Театрын түр сургуулийг олон жүжиг хийлцэж төгсүүлээд бас 2 удаагийн курс ажиллуулахдаа Д. Намдаг, М. Лувсанжамц нарыг зөв таньж, найруулагчийн ажилд ойртуулсан байдаг. 1933 онд Москвад болсон ажилчны театрын олимпиадад Монголын театрыг оролцуулж өндөр үнэлгээ дүгнэлт авсан нь Ц. Гомбожав, А. Ефремов нарын нөр их хөдөлмөрийн үр байсан юм.

1934 оны 6 сард Тагна Тува улсын засгийн газрын урилгаар Тувагийн нийслэл Кызыл болон аймгуудаар очиж Д. Нацагдоржийн “Учиртай гурван толгой”, М. Ядамсүрэнгийн “Халхын баатар” жүжиг, концерт зэргийг тоглон явахад мөн л их ажил хийжээ. Ц. Гомбожав. А. Ефремовын хамт цөхрөлтгүй ажилласаар 1935 оны эхээр А. Ефремов М. Лувсанжамцыг Москвагийн найруулагчийн сургуульд авч явсан байна. Ц. Гомбожав 1936 оны эхээр хүндээр өвдөж 1937 оны 4 сарын 12-нд Москвад нас баржээ.

Э.Оюун “Монголын театрын түүхэн замнал” номноос

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s