Хоккайдо – бурхдын цэцэрлэг

Хоккайдо – Японы хамгийн хойд зүгт орших арал. Энэ бол Орос, дорнотой хиллэх тэрхүү зэлүүд цэг билээ. Энэ ид шидийн арал дээр Айну хэмээх эртнээс улбаатай омог амьдран сууна. Тэд Бурхан уг арлын буцлах шавар шавхайг үзэсгэлэнт уулс, ой мод болгон хувиргасан гэж итгэдэг аж. Өнөө үед ч Айну омгийнхон бүхий л амьд амьтад нь ариун байх байгаль лус савдгаа шүтэж залбирдаг. Эдгээр өвөрмөц хүмүүсийн нүдээр бид Бурхдын цэцэрлэг гэх Хоккайдогийн ертөнцөөр аялах болно.

Японы хойд эрэг – дүн өвлөөр. Мөсөн дунд өнгөрөөсөн шөнийн эцэст мандах нарнаар гангар хунгууд сэргэнэ. Жил бүр хойд зүгийн хахир хүйтнээс дүрвэн 10,000 гангар хун ийшээ нүүдэллэн ирдэг. Тэд мөсгүй, дулаан цөөн хэдэн нуур, цөөрмийг сонгодог юм. Энэ нуур нь хунгуудийн хувьд бурхны бэлэг гэлтэй.  Япон номхон далайн галт цагариг дээр оршин тогтдогийн ачаар уг нуур оршдог аж. Японы бусад хэсэгтэй адил Хоккайдо байгалийн сүр хүчин дор захирагдана. Өнөө үед ч сорви ихтэй хөрст газар нь боргилсоор л. Хоккайдо буюу Японы хамгийн хойд зүгийн арал бол Японд онгон зэлүүдээрээ үлдсэн цөөн нутгийн нэг агаад эх арлаасаа харьцангуй хол. Японы ихэнх зэрлэг ан амьтад зүүн өмнөд азиас гаралтай. Харин Хоккайдо тэс өөр юм. Хоккайдогийн ургамлын аймаг Сибириэс гаралтай аж. Энэ нь айну омгийнхны хувьд ч үнэн байх талтай. Айну омгийнхон хойд Японд 1000 гаруй жил амьдарсаар иржээ. Тэдний зүс төрх, хэл, соёл нь Азид  өөр хаана ч үгүй.

Айнучууд бүх амьтдыг бурхдын хойд дүр гэж үздэг. Шар шувуу мэтийн зарим амьтад нь өгөөмөр бурхдын дүр бол зарим нь болгоомжлох ёстой бурхдын дүр ажээ. Анч омог тул айну нар хүнс, хувцас хэрэгслээ эдгээр амьтдын ачаар бүрдүүлж чаддаг байв. Нар, сар, гал, усны хүч ч мөн бурхдынхтай адил чухал үүрэгтэй. Хоккайдод амьдрах нэгэн өвөрмөц амьтан Айну болон Япон ардын төсөөллийг эзэмдсээр иржээ. Энэ бол үндэстний бахархал, урт нас, аз жаргалын бэлгэ тэмдэг болсон Япон цэн тогоруу юм. Аюулгүйн үүднээс Япон цэн тогоруу өргөн мөрөнд шөнийг өнгөрөөдөг. Нар мандмагц л тэд агаарт дүүлэх болно. Эдгээр шувууд тун онцгой тул Айну нар тэднийг диваажингийн тааллаар бүтээгдсэн гэдэг. Япон цэн тогоруу нь ихэвчлэн 50 хүртэл насалдаг бөгөөд насан турш хосоороо амьдарна. Ойн цоорхойд ирмэгц тэд энэ харилцаагаа бататган сүрлэг бүжиг бүжих нь элбэг. Эдгээр хүчит дуудлага нь хэдэн бээрийн цаанаас сонсогдох бөгөөд удалгүй нүд мялаах бүжгийн урьтал хэсэг болдог ажээ. Энэ бүжиг шидийн увидастай мэт. Удалгүй бүх тогоруу зэрэг бүжих болно.

Айну ард энэ явдлыг бэлгэдэн өөрсдийн уламжлалт бүжгээр тэмдэглэдэг ажээ. Энэ нь нөгөө талаар муу санаат сүнснүүдийг хөөх ёслол юм. Цэн тогорууг айну ард хүндлэн дээдэлдэг нь тодорхой авч улаан үнэгийг өөрөөр хүлээн авна. Улаан үнэг нь зальт муу санаат савдагийн дүр болохоос гадна заримдаа өөр амьтдын дүрд хувирах чадалтай гэх домогтой. Дүн өвлөөр үнэг амь гарахын тулд хамаг арга залиа хэрэглэх ёстой болдог. Тиймээс ихэвчлэн урьд ангийнхаа махыг хааяа хадгалж иддэг. Зузаан цас сика буганд ч мөн хүнд нөхцлийг бүрдүүлнэ.

Одой хулсыг идэх боломжгүй болох тусам ирэх саруудад эдгээр бугын ихэнх нь хавартай золгохгүй. Хоккайдо Францтай ижил өргөрөгт орших ч цаг агаар нь илүү эрс тэс юм. Арктикын салхи салхилах талд шөнөдөө ихэвчлэн хасах 30 хүртэл хүйтрэх нь элбэг.

Хоккайдо нь Японы 5 дахь том загасны ан хийх цэгт тооцогдоно.  Эдгээр мөс зүсэгч онгоцнууд нь Сибирээс нүүдэллэн ирсэн тэнгисийн Стеллер бүргэдийн хувьд амин чухал. 2000 ийм бүргэд буюу уг зүйлийн 3-ны нэг нь Хоккайдогийн хойд эрэгт өвлийг өнгөрөөдөг байна. Өглөө бүр бүргэдүүд хөлөг онгоцыг даган ниснэ. 2 метр хүрэх далавчаа дэлгэн нисэхийг нь харвал Япончууд яагаад энэ шувууг о-ваши буюу Их бүргэд гэж дууддагийн учрыг ойлгох болно.

Тэнгисийн Стеллер бүргэдүүд нь хөлөг онгоцыг дагах цор ганц зүйлийн шувуу биш юм. Тэдэн дээр биеэр арай бага Оросоос нүүдэллэн ирсэн цагаан сүүлт бүргэд нэмэгдэнэ. Сайн өдрөө нэг хөлөг онгоц 5 километртэй тэнцэх тор татдаг. Зарим загас онгоцон дээр гарахаас өмнө торноосоо сугарах нь элбэг. Энийг нь л бүргэдүүд хүлээж байдаг юм. Бүргэдийн том сарвуу загасыг уснаас амархан гэгч нь шүүрч чадна. Гэвч цагаан сүүлт бүргэдийн хувьд арай хүндхэн байх нь бий. Айну ард бүргэдийг өөрсдийн анд гэж үздэг. Тэдний домгоор бол өлсгөлөнд нэрвэгдсэн айну ардыг нэг бүргэд далайн гахай барьж ирээд хооллож аварсан гэдэг. Үнэхээр ч эдгээр шувууд үхэхдээ дөхсөн далайн гахай, халимаар хооллох явдал гардаг. Ихэвчлэн далайн мөс дэндүү зузаан үед хөлөг онгоцнууд загасчилахгүй тул бүргэдүүд олон хоног юм идэлгүй явна. Тиймээс хоол хүнс олдсон цагт аль болох ихийг идэх хэрэгтэй. Гэхдээ тэмцэл цаг үргэлж байсаар. Мөс цаашлах хүртэл эдгээр бүргэд энд байх болно.

Одоохондоо Бурхдын цэцэрлэг гүн өвлийн нойронд автан байна. энд дэндүү хүйтэн тул бүр агаар хүртэл хөлдөх мэт.  Илүү зузаан үсээр бүрхэгдсэн үнэгнүүд өвлийг ажрахгүй давах чадалтай. Энэ тэсгим хүйтэн үеэр тэд хоол хүнс хайхаа зогсооно гэж үгүй. Өвлөөр заримдаа аятай тохиол таарах нь бий. Хэрээнүүд ихэвчлэн түрүүлж сэг зэмийг олж хооллодог. Энэхүү чимээ ихтэй гуаглалт нь зальт үнэгт чиглүүлэгч болж өгнө. Айну ард хэрээний зориг самбааг дээдлэн биширдэг. Гэвч тэд биеэр том үнэгийг үргээж үл чадна. шөнөжин хэвтсэн бугын бие тэс хөлдсөн ч гэлээ зүү адил хурц шүд нь үнэгт тус болно. Өвлөөр, үнэг ихэвчлэн ганцаар амь зуудаг. Харин хавар дөхөж дулаарч эхлэх үеэр эсрэг хүйсийн үнэгнүүд бие биеэ олох болно. Үнэгний сээтэгнэлт гэдэг хөгжилтэй бас чухаг үйл явдал юм. Эм үнэг энэ хавиар хэдхэн хоног л үзэгдэнэ. Энэ үеэр эр нь түүнээс аль болох салахгүй байхыг хичээх болно.

Хоккайдогийн эрэг хавиар мөс хайлж урин цаг ойртох үеэр гангар хунгууд далайн эргээр үзэгдэх нь элбэгшинэ. Айну ард энэ шувуудыг шүтэж дээдэлнэ. Тэдний домгоор эм гангар хун айну ардыг сүйрэхээс аварчээ. Тэрээр тэнгэрт дүүлэх сахиусан тэнгэрийн дүрээр дайнаас амь гарсан сүүлчийн айну эрийг аварч хамгаалсан гэдэг. Хунгууд хамтдаа олон үр хүүхэдтэй болж бүх айну ардын өвөг дээдэс болсон гэдэг. Дулаан өдрөөр хунгийн сүрэг тогтворгүй болж, эвцэлдэх өдөр ирснийг мэдэгдэнэ.  Айну ард хунгууд өөрсдийн далавчин дээр өвлийг тээн оддог гэлцдэг. Тэд одоо Японыг орхин нүүдэллэж Сибир дэх үүрээ зорин нисэх болно.  Айну ард хунгууд хаашаа нисдэгийг хэзээ ч олж мэдээгүй ч диваажин руу гэж таамагласаар иржээ.

Айну нар улирал солигдох үйл явцыг домгоор төлөөлөн шүтдэг.Тэдний хувьд Нарны бурхан бол амьдралыг тэтгэгч чухаг хүч ажээ. Хавар ирж бурхдын цэцэрлэгийг олон өнгөөр чимэх болно. Энэ үеэр Айну ардын хамгийн ихээр шүтдэг амьтдын бурхан сэрдэг – хүрэн баавгай. 5 сарын турш ичээнд байсны эцэст өлсгөлөн баавгай гарч ирнэ. Ихэнх нь хаврын анхны ургамлууд ургасан хавцлаар доошлох хэрэгтэй болдог. Айну ард баавгайг бусад бүх амьтдыг захирах уулын хаан гэж итгэдэг. нэгэн цагт тэдний мах, арьс айну нарт тун чухал байжээ. Баавгайг амжилттай агнасан бол зүүн зүг рүү сум харвадаг жамтай. Ингэснээрээ тэд баавгайн сүнсийг уул руу нь хүргэж байгаа аж. Хүрэн баавгай арлын хүрэхэд хэцүү булан тохойгоор амьдрах нь элбэг. Нэг нь Хоккайдогийн хамгийн хойд зүгийн цэг болсон энэ газар юм. Айну ард энэ газрыг ширетоко буюу газар дэлхийн төгсгөл гэж нэрлэдэг ажээ.

Япон цэн тогоруу жилжингээ Хоккайдод амьдардаг боловч хаврын эхэн үеэр тэд арал хооронд нүүдэллэн эргийн намагт хөндийд үр төлөө өсгөх болдог. Шөнө болмогц шинэ найрал дуу чихнээ хадах болно. Өвлийг цасан дор ичиж өнгөрөөсөн Хоккайдогийн бор мэлхийнүүд одоо эвцэлдэхээр цөөрөмдөө цугласан байгаа нь энэ ажээ. Эдгээр мэлхий нэгэн цагт айну эмэгтэйчүүдийн биеийг чимдэг байсан шивээстэй адил юм. Бас нэгэн домгоор эдгээр мэлхий нь үнэндээ эмэгтэйчүүд байгаад гэмт үйлийнхээ төлөө хараагдсан тул мэлхий болон хувирсан гэдэг. Тиймээс айну ард нисдэг хэрмийг илүү дээрд үздэг. Эдгээр мэрэгчид маш олон үр төл гаргадаг тул айну ард тэднийг өнөр үржлийн бурхан гэцгээнэ. Хавраар нисдэг хэрэмнүүд модны мөчрийн ургах навчаар хооллодог. Гэвч ийм гэгээтэй шөнөөр тэд болгоомжтой байх хэрэгтэй. Ойрмогхон домогт махчин тэднийг отоод байж байна – уг нэр нь Блэкистоны загасч ууль. Нисдэг хэрэмнүүд энэ уулийн дуртай идэш нь болдог. Айну ардын хувьд ууль нь тосгоныг ивээх бурхан ажээ.

Айну ард болон уульний аль аль нь энэ арлын хөндийд амьдран суудаг тул хоёулаа л загасчлах тал дээр гаргууд. Хэдий загасч ууль гэсэн нэртэй боловч энэ ууль их олон төрлийн амьтдаар хооллодог. Мэлхий хүртэл орно. Өнөө үед айну ардын загасч уулийн тухай дуулах ардын дуу сонсогдох нь ховор болжээ. Орчин цаг ирж, зөвхөн дурсамж л хот газарт үлдэж байна. Айну ард урьд цагт өөрсдийн бурхдаа дүрслэх нь муу ёр гэж үздэг байлаа. Гэвч өнөө үеийн нөхцөлд амь зуухын тулд ур чадвараа ашиглан бурхдаа урлаж, өөрсдөд нь ариун нандин амьтдаа сийлбэрлэн зарах болжээ. Сүүлийн жилүүдэд айну ардын урлал, ёс заншил дахин сэргэх болсон ч ирээдүй тийм ч өөдрөг харагдахгүй л байна. хэдий 20,000 иргэд айну өвөг дээдэстэй гэж байгаа  ч Одоогийн Японд 100-аас бага тооны цэвэр цусны айну ард үлдсэн гэдэг. 125 сая хүн амтай энэ улсын хувьд айну нар тун цөөн хүн амтай бага ястанд тооцогдоно. Хоккайдод зун айлчлан ирэхэд ан амьтад, ургамал ч цэцэглэн хөгжинө. Цагаан сүүлт бүргэдүүд хавар болмогц ихэнх нь Орос руу нүүдэллэдэг билээ. Гэвч 20 шахуу хос энд жилжингээ өнжин үр төлөө өсгөх нь бий. Зун, бүргэдүүд идэх зүйлээр хомсддоггүй. Тиймээс яагаад ийм цөөхөн нь энд эвцэлддэг нь нууц хэвээр. Магадгүй энд үүрлэх газар цөөнөөс болдог байх. Эдгээр бүргэд үүрээ тэр болгон таарах модон дээр бүтээдэггүй. Тэдний хувьд үүр нь очиход амар, өндөрт байрлах нь чухал.

Цагаан сүүлт бүргэдүүд ихэвчлэн загасаар хооллодог. Гэвч зарим тохиолдолд туулай, бүр үнэг агнах нь бий. Тэд нар мөн бусад шувуудыг ч барьдаг. Тийм учраас л айну ардын хэлэлцдэг намгийн бурхан өөрсдийн үр төлөө сайн нуудаг. Өндөгнөөс гараад ердөө 2 хоносны эцэст япон цэн тогорууны дэгдээхэй үүрээ орхин эцэг эхээ даган хоол олж идэхэд суралцдаг. Үргэлж байраа сэлгэх нь тэдний амь гарах хамгийн найдвартай арга. Ихэвчлэн ердөө нэг дэгдээхэй л өсвөр насаа даван гарч чаддаг бөгөөд сурах ёстой зүйл бүр амин чухал. 20-р зууны сүүлч гэхэд япон цэн тогорууг өднийх нь төлөө агнасааар бараг устахад хүргэжээ. Агналтыг хорьсноос хойш цэн тогоруу 700 гаруй болтлоо өсжээ. Зуны дунд сард Хоккайдогийн намгууд олон шинэ гэр бүлийн цуглах газар болдог.

Бяцхан галуу нугаснууд төрүүт эхийгээ даган байгаль эхтэй танилцана.  Үнэг шаламгай байж болно, гэвч усанд сэлэх тал дээр галууны дэгдээхэйнүүдийг гүйцэх нь юу л бол.

Бага насандаа үнэгний гаврууд мах идэж чадахгүй боловч эхийнхээ сүүгээр нэг хэсэгтээ алзахгүй. Гэвч эх нь тэднийг сүүгээрээ тэжээх үе удахгүй дуусна. Гэхдээ идэх хоол тийм ч их хомс байхгүй нь азтай хэрэг. Орон нутгийн япон тосгон бол диваажингийн бэлэг гэлтэй. Зундаа олон хүмүүс загас барьж өвөлдөө бэлтгэн хатааж хадгална. Зальт үнэгний хувьд үзээд алдах л боломж. Айну ардын адил Япончууд үнэгийг тун сайн мэднэ. Үнэг хүмүүсийн сэтгэлийг эзэмдэж энгийн үедээ хийхээргүй зүйлийг нь хийлгэдэг гэлцдэг. Бас Япончууд үнэг цаг агаарын өөрчлөлтийг урьдчилан мэдэрдэг гэдэг. Хоккайдогийн зун олон гайхалтай зүйлтэй таарах болно. Жил бүр номхон далайн зөөлөн салхи аажмаар хүчээ авч эхлэх тэр цаг мөч. Энэ бол тайфуны улирал – айну ард энэ явдлыг өөрсдийнхөөрөө тэмдэглэдэг.

Хүрэн баавгайн хувьд зуны шуурга тэнгэрийн хишиг болдог гэхэд хилсдэхгүй. Шинэ бороо Хоккайдод шинэ ан амьтдыг уриалан дуудах болно. Өөрсдийн төрсөн усны амтыг даган номхойн далайн хулд загас урсгал сөрөн мянга мянгаараа нүүдэллэдэг. Хүрхрээ хулд загасны өмнө тулгарах хамгийн том саад. Хэдий цөөхөн үлдсэн ч гэлээ урсгал сөрөх аян дөнгөж талдаа орж байгаа нь энэ юм. Японы хүрэн баавгай яаж загасчилахаа мэднэ.

Үерлэсэн мөрөнд Хулд загас барина гэдэг эрсдэл ихтэй тул баавгай хулд загас олноороо хурсан гүехэн хэсгийг хайдаг. Ургамлын навч үндсээр хооллож голоо зогоож байсан баавгай одоо л нэг махтай золгоно. Энэ нэмэлт калори нь ичихээс өмнө тун чухаг үүрэгтэй. Хулд загасны нүүдэл нь Хоккайдод улирал солигдох болсныг гэрчилдэг. Удалгүй намар ирэх болно. Харин одоо анхаарлаа хамгийн өндөр оргилууд руу чиглүүлье. Энэ бол Хоккайдогийн нууцат цэцэрлэг, үүлсээс дээгүүрх тэрхүү ертөнц. Бурхдын дэвжээ. Энэхүү өндөр уулсын дундах хөндийд олон амьтдын хүслэн болсон одой нарс ургаж байдаг. Ялангуяа самар цөмөгчид үүнд нугасгүй. Самар цөмөгч шувуу нь шулуун хошуугаараа самрыг чадамгай цөмж тэжээллэг үрийг нь идэх тул нэрэндээ таарсан гэлтэй. Нарсны самар ийм л их эрэлттэй. Гэхдээ энэ байдал хэдхэн өдөр л үргэлжлэх болно. Самар цөмөгчид өөрсдийн гэдсээ үрээр дүүргэж аваад хаа нэгтээ тэднийгээ булах болно. Энэ нь хоол тэжээл хомс үед хэрэг болох нөөц болох юм. Олон шувууд хаана үрээ нууснаа мартах нь байдаг тул Нарс ч энэ байдлаас хожих нь элбэг. Сибир жирх мөн л нарсны самарт ихээхэн дуртай. Баавгайтай адил тэд ч гэсэн өвлийн турш ичдэг тул намар идэвхтэй идэлтийн үе болж таардаг. Эдгээр жирх Хоккайдогийн ихэнх амьтадтай адил Орсоос гаралтай байх магадлалтай. Гэвч Айну ард өөрөөр боддог юм. Тэд Бурхан ертөнцийг бүтээхдээ санамсаргүй орхичихсон шаахайнаас жирх үүссэн гэцгээдэг билээ.

Хад хавцал дунд, хамгийн өндөр оргилд амьдрах нэг амьтныг мөстөлтийн үеийн амьд төлөөлөл гэж болно. Пика нь хэзээ ч хадан дундаасаа холддоггүй. Дэндүү эрсдэлтэй. Эдгээр хавцал бүргэдийн ан хийх тохиромжтой талбар болж өгдөг. Ялангуяа идэвхжилт ихэссэн намрын улиралд. Өөрийн үүрэндээ аюулгүй байдалд Пика өвөлдөө бэлтгэн ургамал идэн завгүй сууна. Тун удахгүй түүний хадад цэцэрлэг бүрмөсөн цасаар хучигдах болно.

Намар уулсаас доош мөлхөх тэр үед хөндийгөөс нэгэн дуун хадах нь сонсогдох аж. Бугын орооны үе эхэлжээ. Нас бие гүйцсэн Эр буганууд эмэгчингийнхээ төлөө өрсөлдөн өөрсдийн газар нутгаа тэмдэглэн үлдээдэг. Бүр залуу буга хүртэл зүгээр суухгүй. Гэхдээ энэ бол зүгээр л нөхөрсөг тулаан. Агаарыг үнэрлэснээр эр буга согооны хаа явааг олж мэднэ. Энэ согоо янзагаа дагуулсаар явж байна. Гэвч эр буга үүнийг нь тоохгүй. Айну ардын домгоор бол Бурхан ертөнцийг бүтээхдээ яс, шороо хаа сайгүй тараасан нь буга болон хувирсан гэдэг. Харин гол мөрөн рүү загасны яс шидэлсэн гэдэг. Нэгэн цагт Байгаль эх айну нарын хэрэгцээт бүхнийг хангадаг байжээ. Голоос хулд, яргай загас барьж идэж болно. Ойгоос бугын арьс, модны холтос авч хувцас хунар хийнэ. Намаг дундаас тэд хулс огтлон байшин урцаа барьдаг байв. Бүр загас агнах жадны үзүүр нь хүртэл бугын эвэр байх аж. Орчин цагт хуучны энэ бүхэн аажмаар устаж алга болж байна. Намрын сүүл сар болоход номхойн далайн хулд загас Хоккайдогийн гол мөрдийн эхэд тулж ирэн амьдралынхаа сүүлийн зан үйлийг хийдэг. Хүчтэй эрүү, хурц шүдээ гарган эрэгчингүүд эмэгчнээ татахын тулд ширүүн тулалдах болно. Хос хосоо олж тохь тухтай байршил олсон үедээ тэд хосууд өндгөн эс болон спермийг урсгал дагуу цацдаг. Хар толгойт цахлай энэ боломжийг ашиглан өндгөн эс гарсан даруйд нь тамшаалан идэх болно.

Айну ард хулд загасыг өөрсдийгөө золиослосон хүмүүсийн сүнс гэж үздэг. Өөрсдийн зорилгоо гүйцэлдүүлсний эцэст хулд загас амьдралын жамаар аажуу амь бөхнө. Өвөл хаяанд ирэхэд бурхдын цэцэрлэг олон янзын өнгө алаглуулан сүр жавхлангаа энэ ондоо сүүлчийн удаа бадруулах болно. Бүжих талбайдаа дахин нэг цугласан япон цэн тогоруунууд Хойд мөсөн далайн хүйтэн салхи ийшээ чиглэн ирэх өөрчлөлтөд бэлтгэх үйлээ хийдэг.

Хоккайдогийн уугуул амьтдад хахир цаг эргэн ирж байгаа нь энэ. Гэвч Оросоос нүүдэллэн ирэгсдийн хувьд элбэг дэлбэг цаг гэлтэй. Гангар хунгууд буюу Хоккайдогийн өвлийн онцгой оршин суугчид эргэн иржээ. Тэнгэр тэр чигтээ тэдний дуунд автан уярана. Гангар хунгууд эргэж ирсэнийг айну ард халуунаар угтдаг ажээ. Одоо ч айну нар хунг өөрсдийг нь гай зовлонгоос хамгаалах гэж ирсэн диваажингийн улаач нар гэж итгэдэг. Гэвч тэрхүү тусламж хожимдож мэдэхээр байна. Өнөөдөр зөвхөн хамгийн өндөр наст айну л амьдрал ямар байсныг дурсаж чадна. Тэр цагт хүн ард, байгалийн хооронд бодит зохицоо бүрдсэн байжээ. Айну ардын ирээдүй яаж эргэх тодорхойгүй ч тэдний сүнс энэхүү өөр ертөнцийн гэмээр Японы шидэт, бурхдын цэцэрлэгт үлдэх нь гарцаагүй.

“Хоккайдо – Бурхдын цэцэрлэг” баримтат киноноос сийрүүлэв

Advertisements

One thought on “Хоккайдо – бурхдын цэцэрлэг

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s