Платоны гүн ухааны товч тайлбар

platon

Платоны өмнө ч, хойно ч философийн олон урсгал чиглэл байсан. Тэдгээрийг Платон өөрийн сургааль ухаанаар ч, бусад олон чухал талаараа ч хялбархан давсан билээ. Түүнээс өмнө оршиж байсан урсгалууд бол нэгд Хомер, Мусей, Хесиод нарын бий болгосон яруу найргийн гүн ухаан, Ионий сургаалиас үүдэлтэй бас өөр нэгэн урсгал бий – Түүнийг Хераклит, Фалес, Анаксагор нар үндэслэжээ. Бас Пифагор, Парменид нарын философи бий.

Харин Платоноос хойш Стойкууд, Эпикурчууд болон Препатетикийн  урсгалууд үүдэн бий болжээ. Бас шинэ Академийн урсгал гэж байв. Шинэ Академийг дагагсад скептикүүдээс ялгаатай. Оршин байгаа бүх юмны аль нь ч танин мэдэхүйд өртөгдөх боломжгүй хэмээн скептикүүд үздэг. Гэтэл шинэ Академийн урсгалыг баримтлагчид оршин байгаа бүх юмсын зарим нь танин мэдэхүйд үл өртөнө, мөн юмны тухай тодорхой үе шат бүхий мэдлэг оршин байна гэж үзэхэд биднийг хүргэж байгаа тийм юмс байна гэж үздэг.

Эдгээр урсгалуудтай харьцуулахад Платон өөрийн давуу байдлыг харуулжээ. Оршин байгаа бүхний дэг цэгцийг магтан дуулдаг яруу найрагчдаас суралцахдаа Платон тэднийг юугаараа давсан бэ гэхүл найрагчдийн яриа зохиол нотолгоо нь үгүй, Платоны өөрийнх нь хэлснээр догшин, омгорхсон, баримжаагаа алдсан байдаг гэнэ. Платоны илэрхийлсэн санаа нь ямагт үндэслэгдэн нотлогдсон байх нь олонтаа. Түүний хамт тэрээр тэдгээрийг үнэхээр цэвэр ариун, үнэн зөв домгоор даван гардаг. Яруу найрагчид үлгэр домгийг санасан зоргоороо холбодог бол Платон бүхний тухай хүүрнэх гэж буй хүмүүн уншигчийг төөрөгдөлд оруулахгүйн тулд тодорхой журмыг дагах хэрэгтэй гэжээ. Тухайлбал, бурхан бол үлэмж чанартан мөн – ямар ч тохиолдолд түүнийг үнэнийг мэдэхгүйгээс болов уу, хорон муу санаанаас болов уу гэдгээс үл хамааран худал зүйлд буруутгах нь байж болшгүй хэрэг. Түүнээс гадна аливаа бурхан үл өөрчлөгдөх бөгөөд байнгын юм. Учир нь бурхан сайн руу ч, муу руу ч бүрэн өөрчлөгдөж чадахгүй. Яагаад гэвэл муу руу хувирах нь түүний уг чанарт харш, сайн руу хувирах нь боломжгүй зүйл. Учир юу гэвэл бурхан өөрөө мөн чанараараа оршин байгаа бүхнээс хамгийн сайн нь юм. Энэ бүхнийг мэдэх нь үлгэр домогт ариун сайхан үнэн зөвийг олгоно. Үлгэр домог уншиж байгаа хүн бүхэн үүнийг санах хэрэгтэй. Ёс суртахууныг хүлээж, суртахуунаас үлгэр домгийн утга санааг мэдэх гэж (Эзопын ёгт үлгэрүүдэд байдаг шиг) хүүхдүүд оролддог байх нь муу хэрэг, тийн оролдох нь хүүхдүүдэд хор хохирлыг авчирна. Харин үлгэр домогт байгаа ашигтай бүхнийг шууд ил тод тайлбарлах хэрэгтэй.

Ийнхүү Платон үндэслэгээ гаргах чадвар, үнэн ариун сүжиг хоёроороо яруу найрагчдийг давсан юм. Бас Ионий урсгалыг баримтлагчид болон физикчдээс Платон алс хол түрүүлсэн билээ. Бид нар хам шалтгаан оршин байгаа тухай ярьдаг байлаа. Харин Платон энэхүү хам шалтгааныг бие биеээс нь салгаж, ямар шалтгаан бийг буюу тухайлбал жаяг болох, үйлдлийн, зорилгот гэсэн шалтгаанууд байгааг тайлбарласан юм.

“Ухаан бол үйлдлийн шалтгаан” хэмээсэн Анаксагорын ухаарч гүйцээгүй бүрхэг төсөөллийн хувьд Анаксагор ухаан гэдэг нь үүсэх, устахын хувьд ямар ч хамаагүй бөгөөд эдгээр шалтгаанд салхи агаарын хуй болохоос биш, ухаан огт биш гэж үздэг байлаа. Иончууд махбод гэдэг нь матери мөн гэж үздэг байлаа. Гэтэл Платоны хувьд үл харагдах матери нь хэлний зүйд 24 үсгэнд тохирно, чанарыг эзэмшээгүй бие үед тохирно. Харин 4 махбод үсгэнд тохирно. Иймд тэдгээрийг үеүүдтэй ч харьцуулан үзэж болохгүй гэдгийг харуулсан юм.

Платон Пифагорчуудаас тооны тусламжаар юмсыг тэмдэглэх санааг олсон. Энэ аргыг “Темей” зохиолдоо ашигласан байдаг. Тэгэхдээ тодорхой ба тууштай чанараараа Пифагорчуудыг өөрсдийг нь хол орхисон билээ. Тэрээр Парменидын философийг ч давж гарсан. Оршин байгаа бүхний эхлэл нь ахуй мөн гэсэн нотолгоог няцааж, нэгдэл нь ахуйн өмнө байна гэдгийг харуулсан юм. Үнэндээ хэрэв ахуй эхлэл юм бол оршин байгаа бүхэн түүн рүү тэмүүлэх ёстой. Учир нь бүх юм өөрийн эхлэлтэйгээ салшгүй холбоотой байдаг. Гэтэл зарим нь ихээхэн сайн сайхны сонирхлын үүднээс өөрийнхөө оршин буйг үл тоомсорлож байгааг бид харж байна. Тиймээс бүхний гав ганц эхлэл нь ахуй бус, харин түүнээс дээгүүрх нэгдэл юм.

Оршин байгаа бүх юмс бол биетүүд юм гэж хэлдэг Стоикуудаас Платон илүү хүчтэйн учир нь биегүй зарим мөн чанар ч оршин байна, чухам хэлбэл сүнс биегүй гэж Платон хэлсэн юм. Сүнс биегүй, түүнээс дээгүүр орших сахиулсан тэнгэрүүд ч биегүй, бурхны элч, сахиулсан тэнгэрийн угтал болсон оюун ухаан ч биегүй. Буян гэж Платоны нэрлэсэн эхний шалтгаан ч биегүй. Эпикурчууд эндэх газрын ертөнц демиургийн (бүтээгчийн) үйлдлийн гадна байна гэдэг. Бүтээгчийн үйлдэл зөвхөн тэнгэрийн эрхсийг удирддаг. Учир нь хэрвээ бүтээгчийн үйлдэл эндэх газрын ертөнцийг ч гэсэн удирдвал бүтээгч хэтэрхий олон зүйлд санаа тавьж асар их ажлыг өөр дээрээ авахад хүрэхсэн билээ гэж тэд хэлдэг. Харин Платон эндэх газрын ертөнц ч гэсэн бүтээгчийн үйлдэлд захирагдана хэмээжээ.

Стоикууд бүтээгч зөвхөн эндэх газрын ертөнцийг удирддаг юм бол тэрээр ямар нэг багаж зэвсэг, хөшүүргийг хэрэглэхээс өөр аргагүй гэдэг. Учир нь биетэд үзүүлэх аливаа нөлөө, үйлчилгээ нь ямар нэг багаж хэрэгслийн тусламжтайгаар өрнөдөг. Гэхдээ нэгэн бие нөгөөдөө нөлөөлөн үйлчилдэг билээ. Платон харин биегүй мөн чанар оршин байгаа гэдгийг өөртөө нотолсноороо энэхүү мунхаг дүгнэлтээс зайлсхийж чаджээ. Гэвч бурхан шүтээний үйлдэл эндэх газрын ертөнцийг захирдаг гэдэг дээр Стоикуудтай санал нэг байв.

Препатетикууд бүхний эхлэл нь оюун ухаан гэж боддог байсан бол Платон нэгдэл бол оюун ухаан болоод бусад бүх зүйлээс анхдагч гэдгийг харуулсан. Хэрэв ухаан оршин байгаа бүхний эхлэл мөн юм бол бүх юм ухаантай байх ёстой. Учир нь оршин байгаа бүх юм өөрийнхөө эхлэлтэй нягт холбогддог. Гэтэл зарим нэг зүйлс оюун ухааныг эзэмшдэггүй гэдгийг бид мэднэ. Препатетикууд ухааныг оршин байгаа бүхний зорилгот шалтгаан гэж нэрлэсэн. Харин Платон нэгдэл бол үйлчлэгч шалтгаан ч мөн, зорилгот шалтгаан ч мөн гэдгийг нотолжээ. Шинэ Академчид нь зарим юмс үл танигдана гэж үзэж байв. Харин Платон шинжлэх ухаанд танин мэдэгдэх боломжтой зүйлс оршин байна гэж нотолсон.

Бүх оршин байгаа юмс Эмпедоклын санаж байсанчлан 2 биш, Эпикурчуудын бодож байсанчлан тоо томшгүй олон бус харин нэг эхлэлтэй гэж Платон үзжээ. Энэ эхлэл нь Стоикуудын үзэж байсанчлан ямар нэгэн бие биш харин биегүй учраас тэр нь амь биш. Эс тэгвэл зөвхөн амьд амьтан л оршин байгаа болохсон. Эхлэл нь бас сүнс ч биш, ухаан ч биш, ахуй ч биш. Энэ бүх таамнал нь энд хэлэгдэж байгаагийн эсрэг алдаатай дүгнэлтэнд хүргэхсэн билээ. Энэ эхлэл нь нэгдэл бөгөөд Платон түүнийг мөн буян хэмээн нэрийддэг. Нэгдлийн дараагаар хязгаар, хязгааргүй хоёр бий болжээ. Тэдгээрийг залгаад оюун ухааныг таних огторгуй оршин байна, дараа нь огторгуйн дээрх бурхад байна. Мөн огторгуйн дотоод бурхад байна. Тэдгээрийн араас 12 төрлийн сахиулсан тэнгэрүүд, цаашаа хүний сүнснүүд, араас нь ярьдаггүй адгуусны сүнснүүд оршино. Эцэст нь ургамлын сүнс, дараа нь бие, материаллаг ба материаллаг бус зүйл, мөнхийн ба мөнхийн бус зүйл байна. Биеийн цаана материйн дотоод хэлбэр, эцсийн эцэст нь матери оршино.

Advertisements

One thought on “Платоны гүн ухааны товч тайлбар

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s