Неандерталь хүн

Неандерталь хүн (Homo neanderthalensis) нь орчин үеийн хүнээс гадна орших хамгийн дээд хөгжилт хүний төрөл зүйл байсан билээ. Анхны прото-Неандерталь шинжит хүн Европт 350,000 жилийн өмнө амьдарч байв. 250,000 жилийн өмнөөс Неандерталь хэмээн тодорхойлох хүмүүс амьдарсаар ирсэн ба 50,000-35,000 жилийн өмнө буюу Homo sapiens Европт нүүн очсоноос хойш Неандертальчуудын тоо толгой цөөрсөөр 24,000 жилийн өмнө устан үгүй болжээ.

Неандерталь хүний бие Европын хүйтэн уур амьсгалд тун сайн зохицсон олон шинж чанарыг агуулж байдаг. Жишээ нь хүйтэн агаарт зохилдсон том хамар, зузаан гавлын ясны хана, дулаан бага алдах намхан бие гэх мэт. Неандерталь эрэгтэйчүүд нь дунджаар 164-168 см, эмэгтэйчүүд 153-157 см-ийн өндөртэй байв.

Неандерталь эмэгтэй (сэргээн бүтээсэн загвар)

Неадерталийн анхны гавлын яс 1829 онд Бельгийн Энгис, 1848 Гибралтарийн Форбсийн чулууны ил уурхайгаас олдож байсан аж. Неандерталь хүнийг бүрэн тодорхойлох олдоц Чарльз Дарвин “Зүйлийн үүсэл” номоо хэвлүүлэхээс 3 жилийн өмнө буюу 1856 онд Неандерийн хөндийгөөс олдсон байна. Неандерийн хөндий нь XVII зууны Германы теологич, пастор Иоахим Неандерийн нэрээр нэрлэгджээ. Харин Неандерталь хүн хэмээх нэрийг Англи-Ирландын анатомич Уильям Кинг 1863 онд хэрэглэсэн байдаг.

Неандерталь хүн нь орчин үеийн хүнийг бодвол илүү хүчтэй байж. Тэдний булчинлаг, тэс хатуутай байдал нь Плейстоцений үеийн Европын хүйтэн цаг агаарт зохилдсоны үр дүн байж болох юм. Тэд хүйтэн сэрүүн цаг агаарт тун сайн зохицсон, мөн тун ухаалаг, чадалтай хүний зүйл байсан бөгөөд орчин үеийн хүмүүст шахагдсан гол сул талуудын нэг нь гэвэл тэдний булчинлаг том бие асар их калори шаардаж байсных аж. Том биенээс гадна, том тархи их калори шаардах тул тэд өдөрт орчин үеийн хүмүүсээс 2 дахин их калоритой хоол хүнс хэрэглэх шаардлагатай байжээ.

Неандерталь хүний гавлын яс орчин үеийн хүнийхээс ялгаатай нь

Неандертальчуудын тархины эзэлхүүн 1200-1400 см3  байв. Тэдгээрийн гавал, эрүүний яс том, ухархай гүн, хянга яс нь өндөр (урагш төвгөр) оочны төвгөр үгүй байжээ. Тэд чулуун зэвсгийг маш сайн хийдэг байсан юм. Неандертальчууд том тархитай байсан нь тэднийг ихээхэн ухаалаг хүний зүйл байсныг маргаангүй гэрчилнэ.

3 настай Неандерталь хүүхдийн ясан дээрээс үндэслэн сэргэн босголт хийсэн загвар

Неандерталь нярай хүүхдийн булшны олдвор дээр хийсэн судалгаагаар орчин үеийн хүн, Неандерталь хоёр нь төрөх үедээ ижил тархины эзэлхүүнтэй байх авч насанд хүрэхэд Неандерталь тархи орчин үеийн хүнээс дунджаар илүү эзэлхүүнтэй болон хөгждөг байсныг гэрчилжээ.

Неандертальчууд Европын ихэнх нутгаар тархсан байв. Мөн Неандертальчуудын үлдэгдлүүд Хойд Германиас Израйл хүртэл, Өмнөд Испаниас Итали хүртэл, баруун Англиас Узбекистан, Алтайн нуруу хүртэлх нутаг дэвсгэрээс олддог ажээ. Хүйтэнд илүү зохицсон бие бялдартайн хувьд орчин үеийн хүмүүсээс илүүтэй мөстлөгт зохицон хүйтэнд дасан зохицсон амьтдыг даган нүүдэллэдэг байсан нь Неандертальчуудын тархалтыг тодорхойлж байв.

1983 онд Израйлаас Неандерталь хүний гиойд ясыг олох хүртэл Неандерталь хүмүүсийн хэл яриа сул хөгжилтэй байсан гэдэг үзэл өргөн дэлгэр тархсан байв. Гэвч гиойд яс нь төвөнхийг хэлтэй холбодог бөгөөд энэ яс байгаа цагт анатомийн хувьд хэл яриа хөгжсөн байх боломжтой юм. Түүнчлэн Неандерталь хүний гиойд яс нь орчин үеийн хүнийхтэй бараг адил байжээ. Неандерталь хүний яснаас авсан ДНХ-ийн судалгаагаар орчин үеийн хүний хэл ярианд гол үүрэгтэй FOXP2 гэсэн ген байгаа нь илэрсэн байна. Гэхдээ тэдний хэл биднийхээс илүү энгийн, нарийн төвөгтэй авиа багатай байсан нь тодорхой юм.

Мөн 2007 оны генийн судалгаагаар орчин үеийн хүмүүст тохиох MC1R генийн мутаци зарим Неандерталь олдворуудад илэрсэн нь тэд шар үстэй, цагаан арьстай, ногоон, хөх нүдтэй болсон байх үндэстэй гэж үзжээ.

Неандерталь хөвгүүн

Неандертальчууд үхэгсдээ бизоны яс, цэцэгтэй хамт оршуулдаг байсан бөгөөд тэднийг ямар нэг зүйлд шүтэж, ёслол хийдэг байсан байж болохыг үгүйсгэх аргагүй.

Оршуулсан хүмүүсийн ихэнхийн ясан дээр чулуун зэвсгээр зүсэж үүсгэсэн сорви зуралт байдаг ба үүнийг эрдэмтэд каннибализмын жишээ гэж үзсээр иржээ. Гротта Гуаттарийн Неандерталь хүний үлдэгдэл дэх гавлын ясны ангайсан хэсэг нь ямар нэг араатан амьтан дайрсны жишээ байсан бол Крапинагийн олдворийн ясан дээрх сорви ямар нэг ёслолын шинжтэйгээр талийгаачаас махыг салгасан уу, аль эсхүл хоол тэжээлийн зорилгоор махыг салгасан уу гэдэг нь тодорхойлоход хэцүү хэвээр байгаа юм.

Гэвч Францын Абри Мула хэмээх газрын олдвор каннибализм үнэхээр байсныг гэрчилжээ. Тэндээс олдсон хүний ясан дээрх сорви нь хоол тэжээлдээ хэрэглэсэн нь илэрхий бугын ясан дээрх сорвитой нэн адилхан байжээ. Каннибализм нь Неандерталийг орчин үеийн хүнээс ялгах гол зүйл биш юм. Орчин үеийн хүмүүсийн дунд ч мөн адил каннибализм явагддаг байсныг гэрчлэх зүйл цөөнгүй.

Гэхдээ орчин үеийн хүмүүстэй адил Неандертальчууд өвчтэй нэгнээ асарч байсны хамгийн том гэрч нь ангийн үеэр гар нь тасарсан нэгнээ ясыг нь бороолтол асарч тойлон олон жилийг үдсэн нь бороолсон яснаас нь батлагдаж байв. Неандертальчууд мөн орчин үеийн хүмүүсээс ялгаатай нь цөөн тооны хүмүүсээс бүрдэх бүлгэмээр амьдарч байжээ. Тэд ихэвчлэн 6-10 хүнтэй бүлгэмээр амьдардаг байв. Зарим тохиолдолд тэд цус ойртолтоос сэргийлэн бүлгэм хооронд хүүхдүүд, эмэгтэйчүүд солилцох явдал байсан нь тодорхой болжээ.

Орчин үеийн хүн европ азид ноёрхлоо тогтооход хүргэсэн явдал нь илүү олон хүнтэй бүлгэмээр амьдардаг, холын бүлгэм хооронд бэлэгдлийн чанартай зүйлсээр мэдээлэл солилцож чаддаг, бүлгэм хооронд шинэ ололт, сэдлийн солилцоо эрчимтэй явагддаг байсан зэрэгтэй салшгүй холбоотой. Үүний нэг тод жишээ нь жад шидэгч байлаа. Жад шидэгч нь жадыг байнд илүү оновчтой, илүү хүчтэй тусахад ихээхэн тус болдог аж.

Харин эсрэгээр Неандерталь бүлгэм тус бүр хоорондоо тэр болгон мэдээлэл солилцдоггүй байсан бөгөөд нэг бүлгэмд гарсан томоохон ололт ихэвчлэн тэр бүлгэмтэйгээ устан үгүй болдог байсантай холбоотой байжээ. Мөн Неандертальчуудын жад нь илүү нүсэр, зөвхөн ойрын зайнаас үхлийн сүлбэлт хийх бүдүүн жад байжээ. Орчин үеийн хүн хэрвээ тэрхүү жадаар ан хийвэл сугалж авч хүчрэхгүйд хүрэх жад байв. Ийнхүү орчин үеийн хүнээс ялгаатай нь ойрын зайнаас ан хийдэг байсан нь Неандертальчууд байн байн бэртэл гэмтэл авахад хүргэж байжээ. Ихэнх Неандерталь олдворууд нь ясны бороолсон гэмтэлээр дүүрэн байх нь гайхаад байх зүйл биш аж.

1995 онд Неандерталь хүний үлдэгдлийн хамт хөндийлсөн баавгайн дунд чөмөгний ясанд хэд хэдэн нүх гаргасан байснаар олдсон бөгөөд энэ нь юунд ашиглагдаж байсан нь тодорхойгүй байгаа юм. Хамгийн боломжит таамаг нь хөгжмийн зэмсэг гэх боловч зөвхөн орчин үеийн хүмүүс л бэлэгдлийн чанартай зүйлс урлаж, зурж, хөгжим тоглох болсон хэмээх ойлголтыг уг олдвор эвдэж байгаа юм. 35,000 жилийн өмнөөс эхлээд Неандертальчуудын дунд соёлын гэж болохуйц олон арван олдвор хурдацтайгаар хийгдэх болсон үсрэлт нь орчин үеийн хүн европт ирсэнтэй холбоотой байж болох ч энэ нь Неандертальчуудын нас уртассанаас илүү хамааралтай байж болох ажээ. Учир нь Неандертальчууд болон тэднээс өмнө хүний зүйл дунд 50 хүрэх нь тун ховор байсан бөгөөд 50-иас дээш наслан өвөө, эмээ нар бий болсноор ач нартаа олон зүйлийг зааж сурган, бэлэгдлийн чанартай зүйлс урлан бүр хадны сүг зураг зурдаг болсон байх магадлалтай. Үүнээс гадна тэд биеийн будаг хэрэглэдэг байсан нь ангийн үеэр ан амьтдад түргэн анзаарагдах цагаан арьст биеэ далдлахаас гадна урлагийн шинж чанартай үйлдэл байсан нь гарцаагүй. Мөн 44,000 жилийн өмнөх Неандертальчуудын олдворын хамт олон төрлийн шувууны өд олдсон нь тэд өдийг гоёлын чанартайгаар хэрэглэдэг байсныг илтгэж байна.

Орчин үеийн хүн, Неандертальчууд нь ойролцоогоор 500,000 жилийн өмнө амьдарч байсан нэг өвгөөс үүсэлтэй байсан нь геномын судалгаагаар батлагдсан. Бид болоод неандерталь геном нь 99,5 %-ийн адил ажээ.

Homo ereсtus бараг 1,500,000 жилийн турш Африк, Азид амьдраад устсан бол Неандертальчууд бараг 200,000 жил оршин тогтноод устаж. Харин анатомийн хувьд хамгийн анхны орчин үеийн хүн 120,000 жилийн өмнө үүссэн бөгөөд бид дахин 80,000-90,000 жил, түүнээс олон жил оршин тогтнох эсэх нь биднээс л шалтгаална.

Хоёр жилийн өмнө буюу 2010 онд хариу нь гарсан нүсэр том эрдэм шинжилгээний ажлаас ойрхи дорнодод орчин үеийн хүн Неандертальчуудтай зэрэгцэн оршиж байхдаа цус холилдон, эвцэлдэж байсны гэрч нь бидний геномын 1-4 хувийг зөвхөн Неандертальчуудад тохиох ген эзэлдгээр батлагдсан. Өнөөгийн Евро-азийнхнаас ялгаатай нь Африкчуудад уг  Неандерталь ген байхгүй тул зөвхөн ойрхи дорнодод эвцэлдсэн нь дахин нотлогдож байгаа юм. Европт орчин үеийн хүмүүс хүрээд удалгүй дахин Неандертальчуудтай эвцэлдсэн нь эрлийз бүлгэмүүд үүсэхэд хүргэж байв. Тиймээс Неандертальчууд бүрмөсөн сөнөөгүй нь илт бөгөөд бидний ихэнхийн дотор оршсоор байгаа гэлтэй.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s