Шилжилтийн эдийн засгийн өсөлт

Энэхүү судалгааны ажлын гол зорилго нь 1990-ээд онд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжсэн хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүн орнууд, мөн Төв болон Зүүн Европын улсуудын макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг судлахад оршино. Шилжилтийн эдийн засагтай орнуудын хувьд 1. Үйлдвэрлэлийн бууралт, 2. капиталын хорогдолт 3. Хөдөлмөрийн шилжилт, 4. Худалдааны өөрчлөлт, 5. Эдийн засгийн бүтцийн өөрчлөлт, 6. Институциудын нуралт, 7. Трансакцийн зардал зэрэг асуудлууд нийтлэгээр тулгамдаж байв. Энэ бүхэн эдийн засагт ямар нөлөөтэйг судлахыг зорьж байгаа.

Оршил

1991 онд ЗХУ задран унаснаар бидний мэддэг социалист мөрөөдөл үгүй болсон. Энэ бүхний үр дүнд эдийн засгийн хурдацтай өсөлтөнд хүрнэ гэж ихэнхи эдийн засагчид бодож байлаа. Учир нь эдгээр орнуудад аж үйлдвэрын салбар хөгжсөн, хүн амын өсөлт нь хэт их биш бөгөөд эрүүл мөн боловсролтой ажиллах хүчинтэй байсанд оршино. Ялгаатай ганц зүйл нь технологийн хоцрогдол байсан ба үүнийг хөрөнгийн данс нээлттэй болсон нөхцөлд шийдэхэд хялбар асуудал гэж үзэж байв.

Гэвч бүх зүйл өөдрөг байсангүйгээр барахгүй маш олон асуудлуудтай тулгарсан юм. Эдгээр орнууд чөлөөт эдийн засагтай болсоор 10 жил өнгөрөхөд хамгийн түрүүнд ажиглагдсан зүйл бол үйлдвэрлэлийн огцом бууралт байлаа. Шилжилт хийсэн 25 орноос 1999 оны байдлаар 2 улс л  1989 оны ДНБ-ний түвшиндээ эргэж хүрч чадсан байна (EBRD, 2000).

Энэ судалгааны ажлын зорилго бол төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт эдийн засгийг сонгосон орнуудад өнгөрсөн 10 жилийн хугацаанд эдийн засаг хэрхэн өөрчлөгдсөнийг эдийн засгийн онол ашиглан тайлбарлах явдал юм. 1990 онд бий болсон эдгээр орнуудын шилжилт нь 20-р зууны чухал үйл явдлуудын нэг яах аргагүй мөн. Шилжилтээс болж урт хугацааны тренд өөрчлөгдсөн бөгөөд зарим зүйлийг сонгодог эдийн засгийн онол ашиглан тайлбарлах боломжгүй болсон. Шилжилтийн эдийн засагтай орнуудын хувьд бид эдийн засгийн өсөлт гэсэн ойлголтыг урт хугацааны нэг хүнд ноогдох ДНБ-ны өсөлт, эсвэл хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт гэсэн ойлголтуудаар хязгаарлаж болохгүй. Өсөлт гэдэг утгын дор бүхий л зүйлийг авч үзэх шаардлагатай болсон.

Шилжилтийн эдийн засаг дахь өсөлтийн үйл явц

Энэхүү хэсэгт шилжилтийн эдийн засгийн онол өсөлтийн талаар юуг тайлбарлах ёстойг авч үзнэ. Гэвч тоон мэдээллийн тал дээр социалист орнууд ихээхэн дутагдалтай байсан. Тэдний хувьд үнийг төрөөс зохицуулдаг байсан учраас үнийн түвшний өөрчлөлт буюу инфляци, ажилгүйдлийн тоог капиталист орнуудтай харьцуулахад хангалтгүй мэдээлдэг байв. Шилжилтийн эхний жилүүдэд албан бус секторын хэмжээ маш хурдацтай өссөн юм ( Simon Johnson, Daniel Kaufmann, Andrei Shleifer, 1996; Freidrich Schneider, Dominik Enste, 2000)

1990 оноос өмнө ба хойно

Эдийн засгийн гол үзүүлэлт нь өсөлт хэдий ч социалист дэглэмийн үе дэх өндөр өсөлт нь технологи болон бүтцийн өөрчлөлтөөс илүүтэйгээр хуримтлалыг илэрхийлж байв (Ofer, 1987).  1960 он хүртэл эдийн засгийн асар өндөр өсөлт нь аж үйлдвэржилтийн үр дүнд бий болж байсан боловч үүнээс хойш өсөлтийн бууралт ажиглагдаж эхэлсэн ба энэ нь технологийн түвшний ялгаатай хамааралтай байжээ. Өөрсдийн хатуу дэглэм болоод эдийн засгаа авч үлдэхийн тулд эдгээр орнууд цэргийн салбарын технологийг хөгжүүлж эхэлсэн юм.

Зураг №1. Хуучин ЗХУ-ын орнууд хоорондын дивергенц.

1970 оноос эхэлж эдийн засгийн өсөлт саарах хандлагатай болж, эдгээр орнуудын эдийн засаг хооронд конвергенц бий болж байгаа эсэхийг зарим эдийн засагчид судалжээ (Saul Estrin, Giovanni Urga, 1997). Гэвч судалгааны үр дүнд конвергенцээс илүүтэйгээр дивергенц буюу хоорондын ялгаа улам ихсэж байсныг баталсан. Үүнийг дээрх зурагнаас харж болно. Жишээлбэл: Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүн орнууд болох Узбекстан, Литва улсууд 1971-1980 оны хоорондох эдийн засгийн өсөлтийн дундаж Тажикстан болон Туркменстан зэрэг улсуудынхтай харьцуулахад харьцангуй их байгаа юм.

Зураг №2. Төв болон Зүүн Европын орнууд хоорондын дивергенц.

1971-1980 оны хооронд эдийн засгийн дундаж өсөлт Чех болон Румын, Болгар улсуудын хооронд ялгаа ихтэй байсан.

Зураг №3. Зарим улсуудын эдийн засгийн дундаж өсөлт

Эдийн засгийн өсөлтөөр бид тухайн эдийн засаг ямар байгааг мэдэж болдог. Гэвч социалист нийгэм яагаад задран унасан бэ? Дээрх зурагнаас бид эдийн засгийн өсөлт маш хурдацтай саарч байсныг зарим орны тоон мэдээлэл дээрээс харж байна. 1971-1980 оны дундаж эдийн засгийн өсөлт маш өндөр, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүн орнуудын хувьд дундаж нь 3,8 байсан. Гэвч 1980-1990 оны хооронд өсөлт буурах болж, дундаж нь 1,5 болсон. 1991-1997 онд шилжилтийн үр дүнд дундаж нь -7,7 болтлоо буурчээ. Энэ бүхэнд 2 гол шалтгаан байв. Эдгээр орнуудад хөдөлмөрийн бүтээмж муу байсан ба үйлдвэрлэлийн хүчин зүйл хоорондын орлуулалтын мэдрэмж маш бага байсанд оршино. Мөн капиталын зах зээлгүй, хүнд үйлдвэрд тулгуурласан эдийн засгийн бүтэц энэ бүхэн чөлөөт өрсөлдөөнийг хааж байсан учраас эдийн засгийн өсөлт буурсан гэж ойлгож болно.

Шилжилтийн эдийн засагтай орнуудын хувьд анхны нөхцөл ямар байснаас эдийн засгийн өсөлт хамаарч байгаа юм. Жишээлбэл зарим орнууд 1990 оноос өмнө шинэчлэл хийх алхмуудыг эхлүүлж байсан бөгөөд энэ нь эерэг үр нөлөөг үзүүлсэн.

Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн бууралт

Зураг №4. Шилжилтийн эдийн засагтай улсуудын 1991-1997 оны дундаж эдийн засгийн өсөлт

1990 он гарсаар төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт эдийн засагт шилжсэн эдгээр 23 улсын хувьд 1991-1997 оны дундаж эдийн засгийн өсөлт Словени, Унгар, Польш-оос бусад орнуудад сөрөг гарсныг харж байна. Өөрөөр хэлбэл шилжилтийн үр дүнд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ маш ихээр буурсан юм. 1989 онд эдгээр орнуудын нэг хүнд ноогдох ДНБ 3031$-9630$ хооронд байсан бол 1998 онд энэхүү ангилалдаа Балтикын улсууд л үлдсэн байсан.

Гэвч нэг хүнд ноогдох ДНБ буурсан нэгэн шалтгаан нь албан бус секторын хөгжил бөгөөд энэ нь өөрөө албан тооцоонд ордоггүй аж. Энэ бүхнээс харахад нэг хүнд ноогдох хэрэглээ нэг хүнд ноогдох үйлдвэрлэлийн түвшнээс багаар буурсан нь тодорхой байна.

Капиталын хорогдол

            Социалист нийгэмд капиталист нийгэмтэй харьцуулахад хөрөнгө оруулалтын хэмжээ хэдий их боловч үр өгөөжийн хувьд муу байжээ. Шилжилтийн үе дэх гадаадын шууд хөрөнгө оруулалт нь дунд хугацааны хадгаламж болон хөрөнгө оруулалтын тэнцвэрийг хангахаас гадна шинээр эдийн засгаа бий болгоход туслаж байдаг.  1991 оноос хойш гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ шилжилтийн эдийн засагтай орнуудад тогтвортой өсч байгаа боловч улс болгонд харилцан адилгүй байгаа юм (Nauro Campos, Yuko Kinoshita, 2001). Кампос болон Киношита нарын 2008 оны судалгааны үр дүнгээс харахад гадаадын шууд хөрөнгө оруулалтанд худалдааны чөлөөлөлтөөс илүүтэйгээр санхүүгийн зах зээлийн хөгжил, хувьчлал илүү нөлөөтэйг байсан.

Энэхүү 23 орны хувьд дотоодын хөрөнгө оруулалтын хэмжээ 1991 онд 1989 онтой харьцуулахад их хэмжээгээр буурсан аж. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалт буюу капитал хуримтлал үйлдвэрлэлээс илүү хувиар буурсан байна.

Хөдөлмөрийн шилжилт

Хүмүн капитал бол эдийн засгийн өсөлтийг тодорхойлогч гол үзүүлэлтүүдийн нэг. Шилжилтийн улмаас ажилгүйдэл ихэсч, дунд сургуульд сурагчдын хувь буурч ирсэн. Ажилгүйдэл ихэссэн шалтгаан нь мэдээж үйлдвэрлэлийн бууралттай холбогдох боловч нөгөө талаар социалист дэглэмийн үед хэтэрхий олон төрлийн нарийн мэргэжил олгож байсантай холбоотой. Шилжилтийн үед төрийн сектороос хувийн сектор луу олон ажилчид шилжиж байсан байна.

Худалдааны өөрчлөлт

Эдийн засаг чөлөөт системт шилжсэнээрээ нээлттэй болсон. Өөрөөр хэлбэл эдгээр орнууд барууны буюу өндөр хөгжилтэй орнуудтай худалдаа хийх боломжтой болж, 1998 оны байдлаар Төв болон Зүүн европын шилжилтийн эдийн засагтай орнууд экспортын бүтээгдэхүүнийхээ 60%-ийг аж үйлдвэржсэн орнууд луу гаргадаг болсон байв. Шилжилтийн эдийн засагтай орнуудын нээлттэй байдал капиталист орнуудтай харьцуулахад муу биш байгаа нь ажиглагдсан байна (Oleh Havrylyshyn болон Hassan Al-Atrash, 1998).

Бүтцийн өөрчлөлт

Шилжилтийн эдийн засагтай орнуудын хувьд эдийн засгийн бүтэц нь өөрчлөгдсөн.

Зураг №5. Шилжилтийн эдийн засагтай улсуудын 1990-1998 оны ДНБ-д эзлэх аж үйлдвэрийн хувь

Өмнөх дэглэмийн үед ДНБ-д эзлэх аж үйлдвэр ихэнхи буюу дунджаар 45%-ийг эзэлдэг байсан бол 1998 онд 35%-д хүрэхгүй байгаа юм. Төв болон Зүүн европын орнуудын хувь үйлчилгээний салбар маш хурдацтай өсөхийн хажуугаар аж үйлдвэрийн эзлэх жин буурч байсан бол хуучин ЗХУ орнуудын хувьд ДНБ-д эзлэх аж үйлдвэр болон ХАА-н эзлэх хувь аажмаар буурч байсан.

Шилжилтийн эдийн засгийн өсөлт: Онолын хувьд судлагдсан байдал

Шилжилтийн эдийн засгийн өсөлтийн онолын асуудлуудыг шилжилтийн үеийн үйлдвэрлэлийн бууралт мөн эдийн засгийн дунд хугацааны асуудал гэсэн 2 хэсэгт хувааж авч үзэж болох юм.

Үйлдвэрлэлийн бууралтыг тайлбарлах нь

Эдийн засгийн систем солигдсоноор ДНБ  яагаад хурдацтай буурсан талаар олон тайлбар байдаг. Жишээ нь: Бланчард, Кругман, Дорнбуш зэрэг эдийн засагчид эрэлтийн бууралттай холбон тайлбарладаг бол зарим эдийн засагчид “худалдааны тэсрэлт” хэмээх ойлголтыг ашигладаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр системээ тэр чигт нь өөрчилж байгаа үед өмнөх зохицуулалтын институцийг орлох механизм тийм хурдан бий болохгүй юм.

Хэдийгээр чөлөөт эдийн засгийг сонгосноор үнэ чөлөөлөгдөж, ЗГ-ын оролцоо буурч, худалдааны хориг арилснаар эдийн засагт илүү үр өгөөжийг бий болгох ёстой боловч эдгээр орнуудын түүх эдийн засгийн онол амьдралд үргэлж биелэхгүйг харуулсан. Тийм учраас зах зээлийн эдийн засгийн загварыг ашиглан шилжилтийн эдийн засгийг бүрэн тайлбарлаж чадахгүй. Өөрөөр хэлбэл Кейнсийн загвараас илүүтэйгээр нийлүүлэлтийн талыг анхаарах хэрэгтэй.

Үйлдвэрлэлийн бууралтыг тайлбарлах 2 гол ойлголт нь зээлийн зах зээл болон муу зохион байгуулалт юм.

 Зээлийн зах зээлийн төгс бус байдал

Зээлийн зах зээлийн хөгжил нь хугацаа их шаарддаг зүйл. Калво болон Коричелли (1992,1993)  нарын үзэж байгаагаар зээлийн зах зээл нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагт дутагдаж байсан хамгийн гол зүйл байсан гэдэг. Шилжилт эхэлснээр эдийн засагт зээлийн хэрэгцээ асар их нэмэгдсэн боловч хувийн сектор үүнийг хурдан хөгжүүлж чадахгүйн улмаас зээлийн хямрал бий болсон. Өөрөөр хэлбэл хөрөнгийн дутагдлаас шалтгаалж үйлдвэрлэл их хэмжээгээр буурсан гэж хэлж болно.

Зээлийн хямралаас бий болох хамгийн гол үр дүн бол эдийн засгийг муу тэнцвэрт хүргэдэгт оршино ( Calvo, Coricelli, 1996 ). Энэ нь төлбөрийг бэлэн мөнгөөр хийхээс илүүтэйгээр эрсдэл багатай бартерийн худалдаагаар орлуулж байгаагаар илэрнэ. Эцсийн дүнд бие биендээ итгэх итгэл буурч эдийн засгийн өсөлтөнд сөрөг нөлөөг үзүүлж эхэлнэ ( Alesina, La Ferrara, 2000).

 Муу зохион байгуулалт

Энэ ойлголт ялангуяа хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүн орнуудын шилжилтийг тайлбарлахад илүүтэй хэрэглэгдэх болно. Хуучин зохицуулалтын систем нуран унаснаар шинэ систем бий болох хүртэл хямрал үргэлжлэх юм. Үйлдвэрлэлийн процессоос их зүйл шалтгаална гэсэн үг. Бүтээгдэхүүн бий болгоход ашиглагдах яль нэг орцын нийлүүлэлт буурснаас, эсвэл нийлүүлэхээ болисноос болж үйлдвэрлэлийн бууралт бий болсон гэж хэлж болно. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед голдуу ганцхан үйлдвэрээс нийлүүлэлтээ авдаг байсан бол зах зээлд шилжсэнээр аль үр ашигтайг нь сонгох сонголттой тулгардаг юм.  1990 оноос өмнө зах зээлийн эдийн засагт шилжихээр зарим нэгэн шинэчлэлүүдийг хэрэгжүүлж байсан улсууд хямралд бага өртсөнийг дээрхийг ашиглан тайлбарлаж болно.

 Үр ашигтай нуралт болон шилжилтийн оновчтой хурд 

Нөөцийн ахин хувиарлалтаар тодорхойлогдсон гарцын динамик нь шилжилтийг тайлбарлахад өргөн хэрэглэгддэг аргуудын нэг юм. Өөрөөр хэлбэл нөөц төрийн үйлдвэрээс хувийн секторт шилжсэнээрээ бүтээмжийг өсгөнө. Энэ тохиолдолд зохицуулалтын зардал, хайлтын зардал гэх мэт зардлууд үүсч байвал эхэндээ үйлдвэрлэл буурах хэдий ч хувийн сектор боломжийн хэмжээнд хүрснийхээ дараагаас эргээд өсөх болно. Шүмптерийн “Үр ашигтай нуралт” гэдэг нь үр ашиггүй үйлдвэрүүд хаалгаа барин, оронд нь ашигтай үйлдвэрүүд бий болохыг хэлдэг.

Эхний үйлдвэрлэлийн бууралт аль болох богино хугацаанд үргэлжлэх нь сайн гэж бодож болох хэдий ч үр дагавар нь цаг хугацаанд үргэлжилсээр байх болно.

Филип Агион болон Оливер Бланчард (1994) нарын загвар нь эдийн засаг 2 сектортой, ажилчид бүгд хувийн секторт ажилд орохоор ажил хайж байгаа гэсэн үндсэн нөхцлүүдийг тавьсан байдаг. Хувийн сектор дах ажлын байр бий болгох функц нь тухайн пүүсийн одоогийн болон хүлээгдэж буй ашгаас хамаарна. Гэтэл нөгөө талдаа төрийн үйлдвэрүүд дампууран  ажилгүйдэл нэмэгдэн, ЗГ-ын нийгмийн зардал өсөх хандлагатай болж, энэхүү зардлаа нөхөхийн тулд хувийн секторт илүү татварын дарамтыг бий болгох болно. Өөрөөр хэлбэл шилжилтийн хурд хурдан байх тусмаа тэнцвэр хурдан тогтох хэдий ч ажилгүйдлийн өндөр түвшинг бий болгож байна. Энэхүү загварт хөрөнгө оруулалтыг тооцоогүй байгааг санах хэрэгтэй.

 Гарцын динамик болон капитал хуримтлал

Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагт биет болон хүмүн капиталдаа хангалттай хөрөнгө оруулдаг байсан боловч энэ бүхэн нь чөлөөт зах зээлийн эдийн засагт тийм ч хэрэгтэй зүйл болж чадаагүй юм. Майкл Kастенхэра болон Жерард Роланд (2000) нарын загвар нь Рамсейн загвар дээр суурилсан, 2 сектортой, Леонтивийн үйлдвэрлэлий функцтэй юм. Энэ судалгааны ажил нь динамик ерөнхий тэнцвэрийн загварыг ашиглан шилжилтийн хурдыг тооцдог. Нийт үйлдвэрлэл дараах байдлаар илэрхийлэгдэнэ:

Энэ загварт шилжилт нь капитал хуримтлал болон ажилчдын хуримтлалаар дамжин явагдана. Хэрэглээ, хадгаламж дээр суурилан сектор хооронд болон цаг хугацаа хооронд нөөцүүд хэрхэн хувиарлагдаж байгааг харуулж чаддаг. Гэвч загвар хаалттай гэдгийг санах хэрэгтэй. Учир нь шилжилтийн эхний жилүүдэд гадаадын шууд хөрөнгө оруулалт маш бага байснаас загварыг хаалттайгаар авч үзэхэд гажилт бага гэж үзсэн байна.

Эцсийн дүндээ шилжилтийн хурд нь ЗГ-ын үйлдвэрүүд хэр хурдан хаалгаа барьж байгаагаас шалтгаалах бөгөөд, хэрэв хэт хурдан байвал энэ нь шилжилтийн үйл явцыг удаашруулдаг боловч эсрэгээрээ хэт удаан байсан нь ямар нэгэн нөлөөгүй гэж гарсан.

Харин Чадха, Коричелли (1994) нарын загвар шилжилтийн үе дэх бүтээмжийн өсөлтөд илүү анхаарсан байдаг. Шилжилтийн үед хувийн секторд алдагдалтай ажиллаж байсан ч төрийн сектороос илүү бүтээмжтэй байж чаддаг. Бүтээмжийн өсөлт хамгийн гол нь хүмүн капиталын хуримтлалаас шалтгаалах боловч нийт хүчин зүйлийн бүтээмжийн өсөлт шилжилтийн сүүл үед илүү үр нөлөөгөө өгдөгийг батлан харуулсан.

Институци ба өсөлт

Өсөлтөнд нөлөөлж буй чухал хүчин зүйлийн нэг нь тухайн орны институци байдаг.  Девапорт болон Жерард Роланд нар шилжилтийг том хэмжээний институцийн өөрчлөлт гэж тодорхойлсон. Институцийг бүрэн тайлбарлах хэцүү боловч нийгмийн дэд бүтэц, нийгмийн капитал зэрэг ойлголтуудаар дамжуулан зарим нэг зүйлийг онолын үндэслэлтэй тайлбарлаж болно. Жишээ нь: санхүүгийн зах зээлийн хөгжил эдийн засгийн өсөлтөнд чухал нөлөө үзүүлэгч ба нийгмийн дэд бүтцийн гол хэсэг юм.

Шилжилт нь өөрөө бүрэн шинэчлэлт хийх шаардлагатай байдаг учраас институцийн өөрчлөлт цаг хугацаа их авдаг. Энэ үед төр голлох үүргийг гүйцэтгэдэг бөгөөд өөрчлөлтийг эрс хийх, эсвэл аажмаар хийх гэсэн 2 аргын хоорондох сонголттой учирна. Аль ч замаар явсан эцсийн дүндээ үр ашигтай институцийн бүтцийг бий болгох зорилготой ба ямар нэгэн бодит жишээ байснаараа хүмүүст илүү итгэл төрүүлнэ. Төв болон Зүүн европын орнуудын ихэнхи нь Европын холбоонд нэгдэснээрээ тэдгээр орнуудын иргэдийн хувьд зөв институцийн бүтэц лүү өөрчлөгдөж байгаа гэсэн итгэлийг илүү төрүүлсэн.

Ашигласан материалын жагсаалт

  1. Mark De Broeck, Vincent Koen. “The Soaring Eagle.” 2000.
  2. Miceal Castanheara, Gerard Roland . “The optimal speed of transition: The general equilibrium analysis.” International Economic Review, 2000: 219-239.
  3. Nauro Campos, Fabrizio Coricelli. “Growth in transition: What we know, what we don’t and what we should.” William Davidson Working Paper. 2002.
  4. Nauro Campos, Yuko Kinashita. “Foreign Direct Investment and Structural Reform: Panel Evidence from Eastern Europe and Latin America.” On the Causes and Consequences of Structural Reform. 2008.
  5. Phillipe Aghion, Oliver Blanchard. “On the speed of transition in Central Europe.” NBER Macroeconomic Annual, 1994: 283-320.
  6. Saul Estrin, Giovanni Urga. “Testing for ongoing convergence in Central and Eastern Europe.” CEPR . 1997.
Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s