Шарын шашин

Эртний Энэтхэг оронд хөгжсөн буддын шашин түүний номлол, ёс жаяг манай тооллын эхэн үеээс эхлэн Азийн улсуудаар ихээхэн дэлгэрсэн билээ. Харин улс түмний  нийгмийн хөгжлийн түвшин, хэм хэмжээнээсээ шалтгаалан уг шашны үзэл суртлын тогтолцоо бүрэлдэн тогтсон байдал харилцан адилгүй байсан юм. Тухайлбал: Энэтхэг, Балба, Хятад зэрэг оронд бурхны шашин бусад шашинтай тэмцэх замаар өөрийн үзэл номлолыг дэлгэрүүлэн зонхилох шашин болж байснаа ахин нөлөөллөө алдан буурч байсан. VII-VIII зууны үед төв Азийн феодалын байгууллагын нөхцөлийн гүнд шарын шашин бүрэлджээ.

Бурхны шашны, дээд хөлгөний ёс шарын шашны хэлбэрээр төв Азийн феодалын байгуулалт бүхий улс түмний дунд дэлгэрэхдээ өөрийн номлол, ёс тогтолцоо нь нилээд өөрчлөгджээ.

Шарын шашны томъёолдог ахуйг зовлон гэдэг үзэл түүнээ үндэслээд “ахуйг тэвчихүй” нь гарцаагүй болох, ахуйн бүхий л хэлбэрийн мөнх бус, зовлон үнэний тухай, хүний урьд төрлийн үйлийн үрээр зовлон бүтдэг, аж төрөх ёсны шунал, хүслээ даван чадсанаар зовлонг гэтлэх мөрийг баримтлах тухай үзэл санаа нь гагцхүү бурханы шашны гол ёсонд тулгуурладаг. Гэхдээ шарын шашин дэлгэрэхдээ юуны өмнө төв азийн улс түмний өвөрмөц зан заншил, феодалын байгууллагын онцлог шинжийг тусгаж байснаар илэрхийлэгдэнэ.

Төвд оронд дэлгэрсэн бурхны шашны үзэл номлол нь дотроо олон урсгалтай, тэдгээр нь нутаг орны буюу сүм хийдийн нэрээр алдаршсан байхад, зарим нь бурхны шашны томоохон зүтгэлтний нэрээр нэршжээ. Төвдөд бурханы шашин дэлгэрээд, номын ёс салбарлахдаа зарим нь дан ганц доод хөлгөний судрын ёсны сургаал номлолыг түшдэг бол, зарим нь дээд очир хөлгөний тарний ёсыг даган баримтлах эсвэл уул хоёр урсгалын үзэл санааг хослох чиг шугамыг баримталсан байна.

Төвдөд бурхны шашин нь Сажавагийн ёс, Гавжидвагийн ёс, Гаадамбын ёс, Нинмаавын ёс, Очир хөлөгтний ёс гэх зэрэг хэд хэдэн урсгал хэлбэрээр дэлгэрсэн юм. Эдгээрээс Гаадамбын салбар нь ХI зууны хоёр хагасд төвд оронд үүссэн бөгөөд түүнийг дэлгэрүүлэх, хэлбэржүүлэхэд Энэтхэгээс залагдаж ирсэн лам Зова Адиша [982-1054] зохих нөлөө үзүүлжээ. Адиша Төвдөд зөвхөн бурхны шашны үзэл суртлыг дэлгэрүүлсэн төдийгүй сүм хийдийн амьдралыг зохион байгуулах, бурхны шашны ёс дэглэм, хурал номын ёсыг тогтоон хэрэгжүүлэхэд их үүрэг гүйцэтгэжээ.

Адиша, бурхны шашны нэр хүндийг Төвдөд сэргээн босгоход чиглүүлэн хувраг лам нарын сахил санваар хүртэх ёс болон заавал биелүүлбэл зохих шашны ёсны хэм хэмжээг мөрдүүлжээ. Адишагийн үндэслэсэн Гаадамбын энэхүү ёсон хожим Богд Зонховын үндэслэсэн салбарт үлэмж нөлөөлсөн юм. Адишагийн дараах үед Төвд оронд бурхны шашныг нийгэм эдийн засгийн байдалд нь зохицуулан цаашид дэлгэрүүлсэн хүн бол түүхэнд шарын шашны “эзэн” хэмээн алдарсан Зонхов Лувсандагва [1357-1419] гэгч хүн  мөн.

Зонховын намтар түүх болон сурвалж эх бичиг, судалсан эрдэмтэн мэргэдийн саналыг үндэс болгон үзэхэд тэрээр Төвд дэх нийгэм түүхийн тодорхой нөхцлийн дотор дэлгэрч байсан бурхны шашны ёс номлолыг гүнзгийрүүлэхэд хүчтэй нөлөө үзүүлсэн төдийгүй, бурхны шашны номлолыг Төвд орны тухайн нөхцөлд тохируулан хэрэглэсэн нь түүний нэрийг шүтлэгтэн олны дотор алдаршуулахад хүргэжээ. Мөн цаашлан шашны зүтгэлтэн нарын бичсэн түүх шастирт хэт өргөмжлөх, тэнгэр бурхны хувилгаан дүр болгон магтан, сайшаах зэргээр сурталчилсаар эцийн эцэст үлгэр домгийн “гайхамшигт” ид шидтэн мэт болж улмаар хоёрдогч бурхан багш хэмээн сүсэгтний дотор өргөмжлөгдсөн ажээ.

Бурхны шашин нь НТӨ VI зууны үед Энэтхэгт үүсээд НТ VII зууны үед Төвдөд нэвтэрчээ. ХIV зууны сүүлчээс эхлэн шар малгайтны болон улаан малгайтны хоёр урсгал салан тус тусын нөлөөг дэлгэрүүлэхээр өрсөлдсөнөөс Төвдөд шарын шашин маш хурдан дэлгэрэв.

Бурхны шашинд шинэчлэлт хийж шар малгайтны буюу Шарын шашныг үндэслэгч нь Төвд лам Зонхав [1357-1419] болно. Тиймээс шарын шашныг Зонхавын шашин ч гэдэг.

Монгол оронд буддын шашин нийт гурван удаа нэвтэрсний гуравдах тохиолдол нь илүү их амжилтыг олон дэлгэрчээ.

Өмнө нь хоёр ч удаа нэвтрээд төрийн шашин болж Их хаадын дэмжлэгийг олж байсан ч хаад язгууртны орд өргөөнөөс төдий л хальж чадаагүй байна. ХYI зууны хоёрдугаар хагасаас Монголд бурханы шашны шарын урсгал хүчтэй нэвтрэн дэлгэрлийг олжээ. Шарын шашин чухам яагаад энэ үед хүчтэй дэлгэрэх болов гэвэл тухайн үеийн нийгэм, улс төрийн байдал Монгол, Төвд хоёр улсын ашиг сонирхол нэгдэн нийлснээс болжээ. Үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлжээ.

Монгол улс: Эв нэгдлийнхээ хүчээр дэлхийг нэгтгэж байсан Монголчууд өөр хоорондоо нэгдэж чадахаа болив. Тиймээс улс орны нэгдмэл байдлыг сэргээн бэхжүүлэх үүднээс Монгол нутгийн эрх баригчид Төвдтэй холбоо тогтоон  шашин дэлгэрүүлж оюун санааны хувьд нэгтгэх бодлого явуулсан гэлцэх. Харь оронд бусдыг дарангуйлан сууж байсан ноёд, сурвалжтанууд нутагтаа ирж эзэмшил нутаг, албат харьяат эд баялаг эрх мэдлээ булаалдан хоорондоо ширүүн тэмцэлдсэн нь жирийн олон түмнийг дайн дажнаар залхаах тайван амьдралыг хүсэх болсонтой бурханы шашны гол номлол тохирсон байх тал бий. Улсын зүгээс лам нарын эрх дархыг хуульчлан биелүүлж дэмжих бодлого явуулсан. Лам нарын зүгээс жирийн олон түмнийг бурханы шашинд оруулахын тулд эдийн засгийн урамшуулал үзүүлсэн нь шашин дэлгэрэх чухал хөшүүрэг болов. Бөөгийн хойллоглох ёсыг халж хүн нас барахад хүн амьтны амь таслахыг хориглосон нь олныг татсан гэдэг.

Төвд улс: Төвдийн эрх баригчид Хятадаас өөрийн улс орон тусгаар тогтнолоо хамгаалахад Монголоос цэрэг улс төрийн дэмжлэг авах зорилгоор өөрсдийн шашныг дэлгэрүүлж Монголчуудтай холбоо тогтоох сонирхолтой байсан байна. Төвд дэх бурханы шашны улаан ба шарын урсгалын эрх баригчдын аль аль нь монголчуудаас цэрэг зэвсгийн дэмжлэгэ авч төвд дахь ноёрхох байр сууриа бэхжүүлэхийг хүсэмжилж байжээ. Монголчуудыг шашиндаа оруулснаас сүсэгтнийхээ тоог нэмэгдүүлж нөлөөллийнхөө хүрээг тэлж төвд улс азийн улс төрийн тавцанд өөрийн эзлэх байр суурь, нэр хүндийг өсгөх зорилготой байв.

Дээр дурьсан хүчин зүйлс нь Монголд бурханы шашин дэлгэрэн хөгжих хөрс суурийг тавьж өгчээ. Монголд уг эхэндээ бурханы шашны шар, улааны урсгалуудын аль аль нь өөрийн нөлөөллөө дэлгэрүүлэхээр тэмцэлдэн байсан ч аажмаар шарын шашин давамгайлах хандлагатай болж нийт монгол орноор түргэн тархжээ.

Шарын шашны их хөлгөн судрууд

Шарын шашин нь өөрийн үзэл номлол ертөнцийг үзэх үзлийн үндсийг боловсруулж тэлж ирсэн түүхэн үзэл, түүний номлолын мөн чанар, учир шалтгаантай цогц шашин билээ.

Шарын шашны ёс зүйн сургаал дотроо санваартан нарын ёс суртахуун, мөргөлийн ёс суртахуун, сүсэгтний ёс суртахуун, түүнчлэн бурханы шашны доторхи томоохон чиглэлээрээ эх хөлөгний бага хөлөгний, очирт хөлөгний ёс сургаал гэгчилэн ялгаварладаг.

Бурханы шашин нь 2500 гаруй жилийн турш өөрийн үзэл сургаалыг багтаасан номын эх цоморлиг өв санг үлдээсэн бөгөөд ийнхүү номын эх сан хөмрөг анх энэтхэг оронд “ Гурван аймаг савын ном“ хэмээх нэрээр алдаршжээ.

Гурван аймаг савын номын цомирлогийн дотрос хамгийн эртнийх нь номготголын аймаг сав гэгч бөгөөд энэхүү сударт бурханы шашны ёсны суварга гэлэн, гэлмаа сахилтний даган мөрдөх, сахил санваарын горим дэглэмийг нарийсган заахын хамт сахил санваар тус бүрийг алдаж гажуудуулах явдалд тохирох гэсгээл залхаас бүхнийг энгийн хэв хэмжээ шардлагаас эхлэн бүхэл бүтэн тогтолцоо хүртэл багтаан оруулжээ. Түүний ертөнцийг үзэх үзийн гол үндсийг бичсэний хамт энэтхэгийн зан заншил ардын уламжлалт шашны олон чиглэлийн тухай мэдлэгийг багтаасан олон судар оруулжээ. Мөн бурханы шашны үндсэн номлол тогтсон тааллыг гүнзгийрүүлэн судар тарни болон ёс явдлын чиглэлийн гол үзэл суртлыг дэлгэрэнгүй сурталжилжээ.

Гурван аймгийн сав номын хамгийн сүүлчин гутгаар цоморлиг нь “Илт номын аймаг сан”  мөн болно. Ийнхүү илт номын аймаг сан бол сав шимийн ертөнц, сайн муу сэтгэл, сансар, нирваан, ертөнцийн тогтоц, зохион байгуулалт зэргийг 4 үнэний ялгавраар нарийвчлан үзүүлсэн шашин, гүн ухааны номын цоморлиг ажээ.

Бурханы шашин Төвд оронд дэлгэрч эхлэх цаг мөчөөс эхлэн Төвдийн шашны олон урсгалынхан Бурханы шашны номлол сургаалийг өөр өөрийнхөөрөө олон түмэн янзаар хэсэгчлэн орчуулж байсан бөгөөд тэр нь цаашдаа бурханы шашны номлолын үндэс санаа, агуулга, үг үсгийг ойлгомж цогц, нэгдмэл хэвээр үлдээхэд бэрхшээлтэй болгожээ. Чухам энэ үед төвд хэлнээ орчуулсан бурханы шашны зохиолуудыг схемчлэн ангилах оролдлогыг хийж эхэлсэн байна. Төвд хэлэнд орчуулсан бурханы шашны бүх ном зохиолыг төвдийн эрдэмтэн Будом Ринчендүбэ ( 1290-1364) тэргүүн ХIY зууны үед эмхэтгэн цуглуулж Ганжуур, Данжуур хэмээн хоёр эх цоморлиг болгосон байдаг.

Ганжуур бол шарын шашны гол эх зохиол бөгөөд монголоор очуулбал зарлигийн орчуулга гэсэн утгатай үг болно. Ганжуур нь нийт 108 найман боть номоос бүрэлдэхийн хамт гол төлөв бурхан бодсидваад нарын зарлиг номын эх цоморлиг гурван аймаг сав номын үндсэн дээр хураангуйлан зохиосон байна. Төвд Ганжуурыг ХIV зууны үеэс монгол хэлнээ орчуулж эхэлсэн гэх баримтууд бий. Тухайлбал Алтангэрэл, Банзрагч, Жадамба, Үлгэрийн далай зэрэг номууд байгаа аж.

Харин төвд Ганжуурыг бүхэлд нь монгол оронд орчуулсан нь бурханы шашин шарын шашин хэлбэрээр өргөн дэлгэрч эхэлсэн үеэс эхлэлтэй. ХVII зууны эхэн үеэс монгол хэлнээ орчуулан хэвлэх ажил төр шашны зүтгэлийн хүчин чармайлтаар ганжуурын орчуулга дууссан байна.

Ганжуур хэмээх номын эх цоморлиг нь дорно дахины ард түмний урлаг, соёл, гүн ухаан, шашин суртахууны их бүтээл болж ирсэн бөгөөд бурханы шашны төвд соёл иргэншлийн нэгэн хүрээнд монголчууд нэгдэн орсноор ийнхүү оюуны соёлыг хүртэн, хүлээн авах боломжийг нээжээ.

Данжуур бол бурханы шашны номын хураангуй эх цоморлиг бөгөөд шарын шашны үүсэл суртлын нэгэн тулгуур зохиол юм.

Данжуур гэдэг нь шашдирын  орчуулга гэсэн төвд гаралтай үг. Эртний энэтхэг, төвд эрдэмтэн мэргэд нарын хөдөлмөрөөс эхтэй бурханы шашны үзэл суртал болон таван эх ухааны оронг [дуун ухаан, дотоод ухаан, учир шалтгааны ухаан, тэжээхүйн ухаан, урлахуйн ухаан] нарийвчлан тусгасан хэдэн мянган зохиолоос бүрдсэн том зохиол болно. Данжуурын доторх зохиолуудыг төвдийн эрдэмтэн IX зууны үеэс эхлэн санскрит хэлнээ орчуулсны хамт өөрсдийн тайлбар бүтээлийн түүнд багтаан оруулсаар иржээ.

Монголын шашин төрийн зүтгэлтэн нар XVII зууны орчмоос ганжуурыг орчуулан хэвэлмэгц данжуурыг орчуулах нүсэр их ажилд орсон байна. Монголын эрдэмтэн бичгийн хүмүүс данжуурын доторхи зарим зохиолыг бүр XIII зууны үеэс орчуулж байсан боловч XVIII зууны тэргүүн хагас гэхэд орчуулан дуусгасан байдаг.

Энэхүү данжуурт багтах зохиол бүтээлийг нийтэд нь хоёр үндсэн хэсэг болгон авч үздэг. Анхдугаар нь дандарын (тарнийн) аймаг нийт 88 боть хамаардаг. Хоёр дахь үндсэн хэсэг нь судрын аймаг нийт 136 ботиос бүрэлдэнэ.

Данжуур багтан орсон ном зохиолыг Энэтхэг, Төвдийн эрдэмтэд бурханы шашны болон шашин гүн ухаан, эртний Дорно дахины соёл шинжлэх ухааны ойлголт бүтээлд тулгуурлан тайлбарласан буюу бие даан туурвих замаар олон үеийн туршид нэмэрлэсээр иржээ. Данжуур хэмээх энэхүү номын эх цоморлиг нь урлаг шинжлэх ухааны бүх салбарыг хамарч байсан боловч бурханы үзэл санааг цаашид дэлгэрүүлэх гүнзгийрүүлэн тайлбарлахад чухал суурь эзэлж байсан учраас бурханы шашныг даган гарч ирсэн урсгал шарын шашны чухаг үндэс болсон байна.

Шарын шашин хүний мөн чанарыг тайлбарлах нь

Хүний тухай шарын шашны сургаалийн үндэс нь бие хүний асуудал зорилго чиглэлтэй хандаж түүндээ зорисон ёс суртахууны тогтолцоог боловсруулсан байдаг. Тэгээд ч шарын шашин хүний тухай асуудалд ёс суртахууны талаас тухайн хүний амьдралын зовлон хэмээн үзэж зовлонгоо эдлэгч хүмүүст нигүүлсэнгүй хандах ёсны үзлийг эрэмбэ дараалалтай номлосон байдаг. Шарын шашны ёс суртахууны үндэс шаардлага нь хүн орчлонгийн зовлонг тэвчих замаар амьдралд шунасан нүгэлт сэтгэлээ дарж, хойд насны жаргалыг эдлэхийн тулд бурханы заасан мөрийг тэвчээртэй даган биширч, бурханы биеийг олох явдал мөн бөгөөд үүний тулд аливаа нүгэл хилэнцийг үйлдэхгүйгээр номхон хүлцэнгүй байх явдал мөн гэдэг. Бурханы ёс зүйн суртахууныг авч үзэх хоёр хандлага бий:

1. Хүний зовлонгоос гэрэлтсэн дээд гэгээрэлд хүргэх нарийн сургаал

2. Хүн доод сэтгэлээ төгөлдөржүүлэх замаар ариун нигүүлсэнгүй амьдралд хүрэх мөр болно. Үүнийг бурханы сургаалд заасан номлолыг төгс хэрэгжүүлэх замаар хүрэх хийсвэрлэнгүй ойлголт буюу онол суртахууны цогц ойлголт гэнэ.

Энэ нь хүнийг төгс гэгээрэлд хүргэх бөгөөд гэгээрэлд хүргэх баримт зарчим нь хүний ёс  суртахууныг төгөлдөржүүлэх, сэтгэлийг ариусгах үзэл дээр тулгуурласаар ирсэн гэж үздэг. Эх хөлгөний сургаалд бурхан багш  (будда) шавьтайгаа харилцан ярилцсан ярианы байдлаар түүний сургаал, номлолыг цогц илэрхийлдэг бөгөөд их шавь Анандтай хийсэн яриандаа “миний бие юуг тайлбарлах вэ хэмээвээс зовлон, зовлонгоос гарах, зонлонгоос тонилгох хийгээд зовлонгоос ангижрах үрийг. Энэ нь ариун сэтгэлээр аж төрөхөд хэрэгтэй. Тонилохуй амирлахуй, чанадад хүрч гэгээрэхүй, нирваанд тус болохын учир тайлбарласан болно” гэсэн байдаг.

Шарын шашны номлолын тогтолцоо бүхэлдээ урьд хийсэн буян нүгэл, нүглийн байдлаар ертөнцөд аж төрж, түүний зовлонгийн уг шалтгааныг ухааран гэгээрч ертөнцөөс “тонилж” аврагдах тухай номлолд төвлөрч байдаг болохоор уг шашны үзлийн тогтолцоонд хүний тухай асуудал чухал байр суурь эзэлдэг.

Хүн бол бүхнийг бүтээгч ер бусын хүчний бүтээгдэхүүн бус үйл шалтгаан эрхээр бүтээгдсэн сансрын зовлонг эдлэгч амьтан болой гэж уг шашинд сургана. Мөн сансрын зовлонгоос бус, ид шидэт хүчээр бус, гагцхүү оюун санаагаа боловсруулж, сэтгэлээ ариусган, бие, хэл, сэтгэлээ төгөлдөржүүлэх замаар бурханлиг чанарт хүрч аврагдана.

Чухамхүү иймийн учир хүнийг үзэх шарын шашны үзлийн тогтолцооид хүний сэтгэл, оюуныг хөгжүүлэх замаар билгийн чадварт хүргэх буюу хүний сэтгэлийг ариусгахад туслах авралын замыг заахад чиглэдэг аж.

Хүний амьдралын утга учрыг ийнхүү зовлонгоор сольж зовлонгоо ухамсарлах чадварыг хүний угийн мөн чанар болгон үзүүлэх явдал бол хүнийг үзэх шарын шашны үзлийн чухал тал. Харин зовлонгоос салъя гэвэл цувиралт бие, сэтгэлийн цогцуудыг арилгах аргыг бүтээн цогцлоох хэрэгтэй. Сэтгэлийн цогцуудын шалтгаан нь зовлонг таригч муу сэтгэл, муу үйл хоёр мөнийн учир түүний уг үндсийг арилган үгүй хийх аж.

Нисванис

Шарын шашны номлол дахь нисванис хэмээх ойлголт нь хүний сэтгэлээр үйлдэх муу сэтгэл, нүгэлт үйлийн төсөөлөл бөгөөд оюуныг саруулжуулж бурхан болж гэгээрэхүйн саад тотгор бүхнийг үгээр төлөөлөн илэрхийлсэн хэрэг юм. Шашин гүн ухааны холбогдол бүхий ухагдахуун бол бие хэмээх үзлийг баримтлан орчлонгийн мөн чанар утга санааг үл ухаарагч, үүгээрээ гэгээрэхүйн мөрд саад болох үндсийг мөн нисванис буюу буруу үзэл хэмээн үзэх явдал бий.

Үйлийн үр

Шарын шашны үзэл сургаал чиг нь шашны ном зохиолуудад “ертөнцөд сайныг хийсний хариу нь сайн, мууг хийсний хариу нь муу ирэх болно” гэдэг. Бие, хэл, сэтгэхүй гурвын үүднээс буян үйлийг үйлдвээс үр нь өндөр язгууртан, муу үйл үйлдвээс үр нь муу заяаны зовлон болох болой.

Гэгээрэхүйн тавилан

Хамаг номд сансар нирваан хоёр багтана гэж үзээд тэдгээрийг тус тусад нь тайлбарладаг нь шарын шашны сургаал. Саран хэмээх шашин номын сургаал ёсоор мөнх чанараар хоосон, дүр нь эндүүрсэн, билэг нь зовлон болон төрснийг хэлдэг аж. Мөнх чанараар хоосон хэмээх учир нь юмс үзэгдэл бүхэн хуран үүссэн, мөнх биш шинжийг эндүүрсэн хэмээн энэхүү мөнх биш ертөнцийн амьдралд шунах сэтгэлийн хорд автагдахыг хэлжээ.

Нирваан хэмээх зовлонгийн сэтгэлээс ангижрах үндсийг хэлжээ. Шашны сургаал ёсоор нирваан хэмээх нь мөн чанараа хоосон, дүр нь хамаг эндүүрлийг барсан билэг нь хамаг зовлогын түвшин аж.

Advertisements

One thought on “Шарын шашин

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s