Хөрсний микрофлор

Хөрсний ихэнх хэсэг органик бус нэгдлүүдээс тогтох бөгөөд түүнд агуулагдах амьд организмын нөлөөгөөр хувирч өөрчлөгдөж байдаг. Хөрсний микроорганизмууд газрын гүний тос, чулуулаг болон ургамлын эд эрхтэнд тархсан байдаг.

Хөрс судлалын шинжлэх ухааныг үндэслэгч В.В. Докучаев “Хөрс бүрэлдэн тогтоход амьд организм, түүний дотроос микроорганизмуудын гүйцэтгэх үүрэг их болох”- ыг анх тэмдэглэсэн байдаг.

Хөрсний микробын популяцийн тоо маш өндөр байдаг. Гадаргуун хөрсний 1г хуурай жинд 108-109 тооны эс оршин байх явдал ч бий. Мөн 1г хөрсөнд хэдэн зуун метр урт мөөгөнцөрийн гифүүд оршдог. Мөөгийн таллус хөрсний гадаргуугийн доор тархсан байдаг. Тухайлбал Armillaria bulbosa хэмээх мөөг модлог ургамлын үндэстэй хамт ургадаг. Мичиган хотын Пенсильван мужид ойролцоогоор 30 акр газрыг бүрхсэн Armillaria- ийн нэг колонийг илрүүлсэн. Үүний жинг хамгийн багадаа 100 тонн (нас бие  гүйцсэн хөх халим 150 тонн жинтэй) хүрнэ гэж тооцоолсон бөгөөд 1500 жилийн настай гэж үзсэн. Иймд зарим мөөгийн мицелүүд дэлхий дээр орших хамгийн эртний амьд организмд тооцогдож болох юм.

Хөрсөнд гол төлөв Bacillus, Azotobacter, Pseudomonas, Clostridium, Staphillococcus- ийн төрлийн бактериуд, Actinomyces, Micromonospora, Streptomyces– ийн төрлийн актиномицетүүд, Mucor, Aspergillus, Penicillium- ийн төрлийн хөгц мөөгөнцөрүүд зонхилон тархсан байдаг. Хөрсөнд тосны хүчлийн болон өөх тос задлагч бактериуд, эслэг задлагч, аммонификацлагч, денитрофикацлагч, нитрификацлагч, азотфиксацлагч бактериуд агуулагддаг. Хөрсөнд ялзруулагч, спор үүсгэдэг, аэробуудаас Bacillus mycoides, Bacillus subtilis, Bacillus mesentericus ба Bacillus megatherium, ялзруулагч, спор үүсгэдэггүй, аэроб болон факультатив анаэробуудаас Ps.flourorescens, Proteus vulgaris, Bacterium aquatilis ба Bacterium flavum, өмхийрүүлэгч анаэробуудаас Cl.sporogenes, Cl.putrificum ба Cl.perfringens, азот шингээгч нитрофикацлагч, хүхэр болон төмрийн бактери, сапрофит коккуудаас Micrococcus albus, Micr.candicans, Micr.cereus ба Sarcina ureae гэх мэт агуулагддаг.

Хөрсний микроорганизмуудыг нийтэд нь дараах үндсэн бүлгүүдэд хуваана. Үүнд:

  1. Хөрсөнд унасан ургамлын болон амьтны гаралтай олон янзын органик нэгдлүүдийг задлагч сапрофит микроорганизмууд.
  2. Хөрсний ялзмагийн нэгдлийг задлах чадвартай микорорганизм. Энэ бүлгийг С.Н. Виноградский “Автохтон” гэж нэрлэжээ.
  3. Олиготроф микроорганизм. Энэ нь шинэгний маш бага концентрациас органик бодис нийлэгжүүлэх чадвартай микроорганизмууд юм.
  4. Автотроф микроорганизм. Эдгээр нь эрдэс нэгдлүүдийн эсэлдэлтээс энерги гарган авах чадвартай бактерийн зүйлүүдийн бүлэг юм. Нитрификацын бактери, төмөр, марганц гэх мэт нэгдлүүдийн эсэлдүүлэгч бактериуд байна.

Микроорганизмийн хөрсөн дэх тархалт, тоо хэмжээ, зүйлийн бүрэлдэхүүн нь тухайн хөрсний физик, химийн шинж чанар, хөрсөнд ургаж буй ургамлын зүйлийн бүрдэл, үндэсний системийн бүс, цаг уурын нөхцөл болон судалгааны арга зэргээс ихээхэн хамаарах бөгөөд хөрсний дээд давхарга нь ялзмагийн агууламжаараа өндөр болохыг Карсельников (1944), Мишустин, Ещев (1978), Бабоева, Белова (1983), Паранкина (1984) нар тогтоосон.

Бичил биетнүүд хөрсний өнгөн хэсэгт зонхилж тархсан байх ба доошлох тусам буурна. Энэ нь хөрсний өнгөн хэсэгт дулаан, агаар, тэжээлийн бодисын хангамж сайн харин эдгээр нөхцөл хөрсний өнгөн хэсгээс доошлох тусам буурдаг зүй тогтолтой холбоотой юм. Хэрвээ тэр нөхцөл гөдны хүчин зүйлийн нөлөөгөөр өөрчлөгдвөл бичил биетний зүйлийн бүрэлдэхүүн, тархалт, тоо нь мөн адил өөрчлөгдөнө. Микроорганизмаар баялаг хөрс бол шао шороон, элгэн хүрэн, бор шороон хөрс, мөн тусгай боловсруулсан хөрс байдаг. Эдгээр хөрсний 1г дахь бактерийн тоо заримдаа хэдэн арван саяд хүрдэг. Элсэрхэг уулын болон говь цөлийн хөрсний микрофлор ядмаг байдаг. Гэсэн ч говь цөлийн хөрсний бактерийн тоо 1г-д 10-100 мянгад хүрдэг. Хөрсний хамгийн их бактери агуулсан хэсэг бол 10-20см- ийн гүнд юм. 1-2 метрээс эхлээд тэдгээрийн агууламж эрс багасдаг.

Хөрс хэлбэржихэд түүний үржил шимт чанар их чухал нөлөөтэй. Хөрсний микроорганизм молекул азотыг шингээж ургамалд ашиглагдах хэлбэрээр буюу нүүрстөрөгч, азот, фосфорт нэгдэл хэлбэрт шилжүүлдэг. Хөрсний микробын өсөлт хөгжилтийн эхний үед ургамалын үлдэгдлийн задралын процесс мөөг болон спор үүсгэдэггүй бактерийн үржил хөгжилтэй холбоотойгоор эрчимтэй явагдаж, дараа нь бацилл болон актиномицетийн тоо нэмэгддэг. Олон янзын микроорганизмууд бие биенээ сэлгэн хөрсөн дэх олон төрлийн органик бодисын эрдэсжилтийн процессыг нөхцөлдүүлж байгаль дахь бодисын эргэлтэнд оролцож байдаг.

Хөрсөн дэх органик бодисын хэмжээ нэмэгдэхэд микроорганизмийн тоо өсдөг нь органик бодис ихэнх бактерийн тэжээлт орчин болдогтой холбоотой. Хөрсний органик бодисын үндсэн нөөц 1га-д 400 тонн хүртэл байдаг ба үүний ихэнх хэсэг нь хөрсний гадаргуугийн давхраа (30см хүртэл)-н дээр оршдог.

Хөрсөн дэх микроорганизмийн тоо улирлын байдлаас хамаарах ба өвөл, намрын улирлаас хавар, зуны улиралд ихэсдэг болохыг судлаачид баталсан байна. Мөн газарзүй ба экологийн нөхцөл, хүчин зүйлүүд тодорхой зүй тогтолтойгоор нөлөөлдөгийг судлаачид судалж умард зүгийн хөрснөөс өмнө зүгрүү шилжих тутам микробын биомассын хэмжээ өсдөг гэсэн дүгнэлтэнд хүрчээ.

Хөрсөнд амьдардаг микроорганизмийн зөвхөн өчүүхэн бага хувийг нь л (ойролцоогоор 10%) лабораторын нөхцөлд өсгөвөрлөөд байна. Молекул техникийг ашиглан судлагдаагүй үлдсэн микроорганизмуудыг лабораторын нөхцөлд гарган авах судалгааны ажлууд хийгдэж байна. Жишээлбэл: Crenarchaeota ийн бүлгийн бактериудыг ойн хөрснөөс илрүүлж PCR (Полимеразын гинжин урвал)- аар ДНХ- ийг нь олшруулсан. Сиберийн тундрын сүүлийн үеийн молекул судалгаагаар нилээд хэдэн зүйлийн мироорганизмуудыг илрүүлсэн бөгөөд тэдгээрийн ихэнх нь одоогоор мэдэгдээд байгаа зүйлүүдэд хамаарагдахгүй байсан. Газрын тосны нөөцтэй хөрсөнд зарим зүйлийн бичил биетнүүд оршдог. Гипертермофиль архей бактериуд ийм нөхцөлд амьдардаг болох нь тогтоогдсон. Хөрсөнд грам-эерэг бактериуд бага судлагдсан байдаг. Грам-эерэг бактерид coryneforms, nocardioforms ба жинхэнэ утаслаг бактери буюу актиномицетүүд ордог (Хүснэгт-1).

Бактерийн бүлэг

Гол төлөөлөгч төрлүүд

Тайлбар ба

 төрлийн шинж чанар

Coryneforms 

 

Mycobacteria

Nocardioforms

Actinomycetes

ArthrobacterCellulomonas

Corynebacterium

Mycobacterium

Nocardia

Streptomyces

Thermoactinomyces

Савханцар ба коккЦеллюлозийн задралд оролцоно

Бороохой хэлбэрийн эсүүд

Хүчилд тэсвэртэй

Сууриасаа салаалсан

Аэроб, утаслаг бактери

өндөр хэмд ургадаг

      Хүснэгт-1 [ Prescott, Harley and others., 2002 ]

Эдгээр бактериуд хөрсний нүүрстөрөгч, ургамлын үлдэгдэл, хөрсний ялзмагийн задралд чухал үүрэгтэй оролцдог. Мөн зарим зүйл нь пестицидийг задалдаг. Утаслаг бактери болох Streptomyces нь goesmin хэмээх үнэрт нэгдлийг ялгаруулж хөрсний үнэрийг үүсгэдэг.

Ус, салхи, тоос шороо, ургамал, амьтнаас хөрсөнд байнга микроорганизмууд шилжин орж байдаг. Гэхдээ тэдгээрийн ихэнх нь хөрсөнд амьдардаг микробын нөлөөгөөр өсөлт нь дарангуйлагдах юмуу эсвэл Protozoa- ийн хоол тэжээл болдог тул хөрсөнд удаан амьдарч чаддаггүй. Хөрсний микробууд хөрсний нүүрстөрөгч, азот, хүхэр, төмөр, мангани зэрэг элементүүдийн эргэлтэнд чухал үүрэгтэй оролцдог.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s