Эсийн мембраны бүтэц, онцлог

Эсийн тулгуур эрхтэн болох мембраны тухай бид авч үзнэ. Бүх амьд организмын үндсэн нэгж бол эс юм. Организм дотор явагдах бүх процесс эсийн дотор явагддаг. Эс бол бүхэлдээ мембраны систем гэж хэлж болно. Учир нь эсийн бөөм,  митохондри, рибосом, лизосом, гольджийн аппарат зэрэг эсийн бүх органойд 4-10 нм зузаантай мембранаас тогтдог.

Мембран нь эсийн нийт бодисын 80 % хүртэлхийг  эзэлдэг бөгөөд мембранаар  хүрээлэгдсэн органелл прокариот эсэнд байхгүй байхад эукариот эсэнд митохондри, хлоропласт (ургамал, зарим замаг), эндоплазмын тор, гольджийн аппарат, лизосом (зарим амьтдад)  зэрэгт байдаг.

Эс нь орчноосоо эсийн мембранаар тусгаарлагдах ба бөөм сийвэнг агуулна. Гольджийн аппарат, митохондри, эндоплазмын тор, лизосом нь мембрант бүтэцтэй эрхтэнд хамаарагдах бөгөөд мембрант бүтэцгүй эрхтэнцэрт рибосом бичил гуурсууд хамаарна.

Эсийн мембраны бүтэц, онцлог

Амьд организмын гадаад орчинтойгоо бодисын солилцоо явуулахыг эсийн мембран гүйцэтгэж өгнө. Эсийн мембран нь хана хэрэм шиг бус суваг, канал, рецептор зэргийг агуулсан уян хатан байгууламж байдаг.

Эсийн мембран нь дараах гол онцлог шинжүүдтэй:

  1. Эсийн мембран нь хавтгай байгууламж. Зузаан нь 60-100 А зузаантай. Өөрөөр хэлбэл хэдхэн давхар молекулаас бүрддэг.
  2. Эсийн мембраны үндсэн хэсгийг уураг, өөх тос бүрдүүлнэ. Эдгээр нь 1:4-4:1 харьцаатай байна.
  3. Мембраны бүтцэд орсон өөх тос нь том биш молекулуудаар үүсгэгдсэн байна. Эдгээр нь өөр дээрээ гидрофоб болон гидрофил хэсгийг агуулдаг. Усан орчинд эдгээр пептидүүд нь бимолекуляр давхаргыг үүсгэдэг бөгөөд туйлт нэгдэл нэвтрүүлэхгүй.
  4. Мембраны үүрэг нь тэдгээрт агуулагдаж буй уургийн бодисуудаар тодорхойлогдоно. Эдгээр уургууд нь насос, суваг, рецептор, энергийг хувиргагчийн үүрэгтэй. Уургууд нь липидийн үе давхаргад суусан байх ба уургууд өөрийн үүрэг гүйцэтгэх нөхцөл болно.
  5. Мембран нь ковалент бус байгууламж.Өөрөөр хэлбэл мембраныг үүсгэхэд оролцож байгаа холбоонууд ковалентийн бус сул холбоо байна.
  6. Мембран нь ассимметри (тэгш хэмт бус) байгууламж. Гаднах болон доторх орчин бүтэц, үйл ажиллагааны хувьд ялгаатай.
  7. Мембран нь шингэн байгууламж. Өөрөөр хэлбэл мембраныг үүсгэхэд оролцож буй харилцан үйлчлэлийг арилгавал уураг, липидийн хэсэг салж уусмал дотроо чөлөөтэй шилжинэ.

Мембран  нь:

  1. Эсийг гадаад орчноос тусгаарлах (хоригийн ба бодисын солилцоо явуулах)
  2. Тохируулгын
  3. Гадаад орчны мэдээллийг цахилгаан дохио болгон хувиргах үүрэг гүйцэтгэнэ.

Эс нь хэвийн үйл ажиллагаа явуулахын тулд шаардлагатай бодисуудыг гаднаас авч бодис солилцооны эцсийн бүтээгдэхүүнээ эсээс зайлуулж байдаг. Эсийн мембран сонгон нэвтрүүлэх чадвартай ба хоригийн үүрэг гүйцэтгэнэ. Үүнтэй холбоотойгоор эсийн мембраны 2 талд бодисууд ижил биш  хэмжээтэй байна. Ийнхүү концентрацын ялгаа нь эсийн мембранаар бодисын солилцоо явагдах, бодис шилжихэд чухал үүрэгтэй.

Мембраны ангилал

Мембраны гүйцэтгэх үүрэг, гарал үүсэл, бүтцээр нь дараах ангиудад хуваана:

  • плазмын буюу эсийн гаднах мембран
  • эндоплазмын торын
  • гольджийн аппаратын
  • бөөмийн
  • митохондрийн
  • хлоропластын
  • мэдрэлийн эсийн миелинэн бүрхүүлийн
  • вирус
  • бактери
  • цочирдог

Энэ мембранууд хоорондоо бүтэц үүргээр ялгаатай. Энэхүү өвөрмөц шинж чанарууд суусан уургаар ялгаатай.

Бөөмийн мембран

Эсийн сийвэнгээс 2 давхар мембранаар тусгаарлагдана. 100нм хүртэлх диаметр бүхий олон тооны бичил сүвүүд байх ба үүгээр макромолекулууд чөлөөтэй нэвтэрч байдаг.

Мембраны гадаад давхраа нь бөөмийг эсийн сийвэнгээс тусгаарлах ба дотоод мембранд хромосом тэлэгдэн бэхлэгдэнэ. Бөөмийн мембраны дотор бөөмийн сийвэн, нуклейплазм байх ба тэнд бөөмхөн ба хромосом байна.

Эндоплазмын тор

Цитоплазм дотор торлосон суваг, насос, хоолой (цистерн) үүсгэдэг мембрант бүтэц юм. Эндоплазмын торын гаднах мембран дээр рибосомууд байна. Эндоплазмын тор нь эсэд нийлэгжсэн уургийг цуглуулагч, бодисыг зөөгчийн үүргийг давхар гүйцэтгэдэг органойд юм. Плазмын мембран болон митохондрын мембрантай холбогдсон байна.

Гольджийн аппарат

Мембранаар хүрээлэгдсэн цэврүүнүүд давхарлан байрласан юм. Эсийн метаболизмын бүтээгдэхүүнээр тухайлбал уургийг гадагшлуулж лизосомын урьдал бүтэц үүсгэнэ. Мөн эндоплазмын торын мембраны гадаргууд үүсгэн бодисууд хуримтлагддаг газар болдог.

Митохондри

2-10 нм өргөн, 3-40 нм урттай зууван хэлбэртэй 2 давхар мембрант бүтэцтэй эрхтэнцэр. Гадаад болон дотоод мембран нь липид ба ферментийн бүрэлдэхүүнээр ялгаатай. Гадаад мембран ихэнх бага молекул жинтэй бодисыг нэвтрүүлдэг бол дотоод мембран нь ус, глицерин, бага молекул жинтэй тосны хүчил,мочевиныг нэвтрүүлж Na, K, Mg, Cl, Br, H, сахароза, ихэнх амин хүчлийг нэвтрүүлэхгүй. Дотоод мембранд электроныг хүчилтөрөгч дээр зөөж макроэргет нэгдэл болгох АТФ-г нийлэгжүүлдэг фермент болох амьсгалын гинжний 4 комплекс түүнчлэн АДФ-АТФ транслоказа, АТФ-синтетаза мембраны бусад зөөвөрлөгчид байна.

Бактери, вирус

Цитоплазмын сарьсны гадуур 3-5 давхар (15-20) нм зузаан полимержсэн нүүрс ус, липидээс тогтсон эсийн хана байдаг нь төрлийн холбоогоор ургамалтай илүү ойрхон гэдгийг баталж буй хэрэг юм. Зарим бактери үүний гадуур нэмэлт капсул үүсгэдэг. Гадаад орчны үйлчлэлээс хамгаалахын зэрэгцээ цитоплазм, гадаад орчин хоёрын хооронд ионы концентрацын зөрөөг тогтмол байлгаж ингэснээрээ биоцахилгаан үзэгдэл үүсгэх бололцоо явагддаг.

6 thoughts on “Эсийн мембраны бүтэц, онцлог

Leave a reply to hulan Хариулт болиулах