Шашны үүсэл

Шашны үүслийн тухайд ярихын тулд дэлхийн ард түмний дундах бурхны тухай ойлголтыг тайлбарлаваас зохино. Бурхан гэх үг нь (славян хэлэнд бог буюу эд баялагаар хучигч, эртний иран хэлэнд baga буюу эзэн ноён, хувь тавилан, эртний хинди хэлэнд bhaga буюу аз, аз жаргал бэлэглэгч, эртний грекийн theos, латиний dues, өнөөгийн хиндий хэлний  deva буюу гэрэлтүүлэх гэсэн утгатай үг) ямар нэг далдын дээд зэргийн хүчний мөн чанарыг илэрхийлэгч өвөрмөц хүндэтгэлийн обьект болох шашины-бурханы номлолын үндсэн ойлголт мөн тэрээр шашины итгэл үнэмшилийн хамгийн дээд үнэт зүйлс бөгөөд ямар нэг байдлаар бие хүний шинжийг агуулсан байдаг. Гэхдээ ер бусын, далдын шинж чанар, хүчийг олсон мөн чанараар илэрнэ. Хамгийн өргөн утгаараа бол бурхан нь төгс төгөлдрийн мөн чанар гэгдэнэ. Төгс төгөлдөр утгынх нь хувьд түүнд амьд мэт итгэн, сүсэглэдэг байна.

            Эртний Хятад, Солонгос, Япон, Энэтхэг зэрэг дорно дахины орнуудад бурхадын чуулганы тухай гардаг бөгөөд эдгээрийн дотроос хэн нэгэн нь эртний Грекийн Зевс бурхантай адил тэргүүлэгч байр суурийг эзэлж байдаг. Харин индуизмд ийм зэрэг дэвийн ялгаа байдаггүй аж.

            Бурханы тухай төсөөлөлд хамгийн анхнаасаа байгалийн сүр хүч болох цэлмэг тэнгэр, нар, сар, аянга, салхи, далай тэнгис үргэлж тохиодог. Тэднийг үл үзэгдэгч, үл ойлгогдох хүч болохынх нь хувьд сүсэглэн, мөргөж, түүний цаана байгаа их хүчийг оюун санааны мөн чанар хэмээн үзэж байсан. Ийм учраас эдгээр байгалийн үзэгдлүүд төгс төгөлдөр хүслийн бэлгэ тэмдэг болж байдаг. Эдгээр мөн чанарууд л хүний үл тогтворгүй оршин байхуйд тодорхой, ойлгомжтой, тогтвортой шинжийг олгодог. Хэн тэдгээрт хэр зэрэг сүсэглэж, тэдний хүсэл зорилгыг биелүүлж, тэдэнд итгэн үнэмшинэ тэд түүнээс эд баялаг эрүүл саруул ухаан, оюун санааны сайн сайхныг олж авч, эцэст нь өөрийн мөнхийн амьдралаа “нөгөө ертөнцөд” эдэлнэ гэсэн итгэл тогтжээ.

              Шашны бус сэтгэгчид шашны үүслийн асуудлыг хэрхэн авч үзсэн бэ? Зарим соёлд судлаачид шашин нь хүмүүсийн зовлон, зүдгүүрт өгсөн өвөрмөц хариу үйлдэл мэтээр үздэг. Тэднийхээр үзсэн амьдралынхаа хүнд хүчрийг ойлгон өөр амьдралыг хүсэх болсноос шашин үүссэн ажээ. Чухамдаа ийм мэдрэмж л шашныг бий болгосон байна. Эртний Грекийн ертөнцийг ингэж мэдрэх мэдрэмжийн талаар Фридрих Ницше тэмдэглэсэн байдаг. Тэрээр эртний Грекүүд амьдралын эмгэнэлт байдлыг хэрхэн гүнзгий хүлээн авдагийг тод томруунаар гаргажээ.

             Гэсэн хэдий ч Оросын зохиолч В.В. Вересаев энэ үзэл баримтлалыг хүлээн зөвшөөрдөггүй. Тэрээр бичихдээ “Мэдээж хэрэг амьдрал дахь аймшиг, зовлон, шударга бус байдлыг Гомерийн үеийн эллинчүүд нарийн, хурцаар мэдэрч байсан. Тухайлбал Гомерийн хувьд бүхий л хүчтэй, сайхан, баатарлаг үйлс эмгэнэлт төгсгөлтэй байдаг. Трояны дайнд оролцогчид бараг бүгдээрээ Трои хотын хананы гадна, эсвэл түүнийг эзлэх үед, нэг бол буцаж харих замд амь үрэгддэг. Бурхад энд хүний амьдралд бүдүүлэг, түрэмгийгээр хутгалдаж, түүнийг гутаан, доромжилдог. Хүмүүсийн зовлон зүдгүүрт хүмүүс өөрсдөө буруутай бус харин хүний нөлөөлөлд үл автагдах энэ гадны дээд хүчнүүд буруутай. Хэрэв бурхад хүмүүсийг тайван орхиж, тэднийг өөрийн зорилгодоо зэрлэгээр ашиглаагүй бол Одиссейн аялал ч, Трояны дайн ч болохгүй байсан билээ. Иймд амьдралын утга учрыг ойлгоно гэдэг хамгийн найдлагагүй зүйл болон хувирдаг” хэмээн бичсэн байна.

             В.В.Вересаевын үзэж байгаагаар хэдийгээр Грекүүд амьдралын эмгэнэлт байдлыг мэдэрдэг боловч энд шашин үүсэх үндсийг эрэх шаардлагагүй юм. Эллинчүүдийн хувьд ертөнц бол сайхан, бурханлиг зүйл бөгөөд бурхад түүний салшгүй нэг хэсэг байдаг. Мөн хүн ч гэсэн түүний салшгүй нэг хэсэг бөгөөд өөрсдийн аз жаргалаар дамжуулан эллинчүүд бурханд хандаж байв. Эллинчүүд аз жаргалын бэлэгдэл болох цагаан хувцас, цэцгийн баглаатай бурханд ханддаг байжээ.

            Үүнээс гадна эртний хүй нэгдлийн үеийн ухамсарт суурилсан байдаг айдас, хүчин мөхөсдөхийн мэдрэмжид шашны үүслийг хайсан оролдлого бий. Соёлын хэв маягчлалын асуудлыг ярих үед судлаач Д.Файблман :” Эртний хүй нэгдлийн соёлын шатанд бурхад ба хүмүүс харилцан үйлчилдэг. Зөрүүд бурханы гарт орсон хүн ямар ч найдлагагүй, хүчин мөхөсддөг. Бурхад өөрсдөө бол байгалийг илтгэх домог, ярианы илрэл юм” гэдгийг онцолж байна.

            Шашин үүсэх тухай ийм таамаглалыг анх эртний грекийн философич Демокрит гаргасан байна. Түүний энэ санааг яруу найрагч Стаций “Ертөнцийн анхдагч болох бурхадыг айдас бүтээсэн” хэмээн илэрхийлжээ. Хүн бол ертөнцийн бүтцийн өчүүхэн нэг эс, ширхэг юм. Түүнийг байгалийн аймшигт хүч хүрээлэн буй. Демоктритын үзлийг лавшруулвал тэнгэр хүмүүсийг солироор бөмбөгдөж, газрын хөрс галт хайлмагаар бүрхэнэ. Хүн газар дэлхийн аюулыг үргэлжид амсаж амь зуудаг гэх үзэл төрж мэднэ.

           Э. Фромм хүн байгалийн барьцаанд орох аймшгийн өмнө зогсдог хэмээн тэмдэглэсэн. Гэхдээ түүнийхээр хүн өөрийн ухамсрын дотоодод чөлөөтэй зорчдог. Учир нь тэр байгалийн нэг хэсэг байх заяатай төрсөн бөгөөд түүн дотор байхын зэрэгцээ түүний гадна нэг адил оршиж байдаг. Хүн өөрийгөө ухамсарлахуй нь  хүнд энэ ертөнц дэх тэнүүлчний байр, суурийг олгосон ба тэрээр бүхнээс тусдаа гагцхүү айдсаар амьдарч байдаг байна.

             Хүний өөр хүчнээс хамааралт шинжийн мэдрэмж бол шашин үүсэх цорын ганц үнэн, дээд эх сурвалж мөн гэдгийг соёл судлаачид үргэлж тэмдэглэсээр ирсэн. Немцийн романтик үзэлтэн Фридрих Шлайермахер “Шашин нь бурханаас туйлын хамааралтай байх мэдрэмж, төрөлх шинжээс үүссэн” хэмээж байв.  Энэ санааг Ж. Фрэзер өлгөн авч: “Эхэн үедээ шашин нь хүнд гадаад талаас нь хандсан харилцаа байдгийг зөвхөн өнгөндөө зөвшөөрч байвч,  мэдлэг өсөхийн хэрээр бурханаас бүрэн дүүрэн туйлын хамаарах гүнзгий хамааралд хувирсан. Түүний өмнөх чөлөөт байдал нь далдын зүйлийн нууцлаг хүчний өмнөх энгийн үргэлжлэх шинж билээ” гэжээ. Гэхдээ үүнийг Э.Кассирер: ”Идэвхигүй үндэслэл бүтээлч эрч хүчийг яавч дамжуулж чадахгүй” хэмээн үгүйсгэж байв.

            З.Фройд, Э.Фромм зэрэг бусад философичид шашин үүсэх цэвэр сэтгэл зүйн тайлбарлалыг эрэлхийлж байв. Тэд эцгийгээ ухамсаргүйгээр шагшин магтах түүний дүрийг яруу найргаар мөнхжүүлэх нь бурханы нууцыг тайлах түлхүүр болдог байна. Хүн төрлөхтний хувьд бурхан бол эцэгтээ хандсан хандлагатай холбоо бүхий сэтгэл зүйн санааширлын биежсэн хэлбэр ажээ. Чухам иймээс шашин дахь бурхан үргэлж өршөөж, залхааж байдаг байна. Тэр сайхан сэтгэлтэйн зэрэгцээ, чанга хатуу байдаг. Б.Рассел, З.Фройд, Э. Фромм, К.Г. Юнг зэрэг сэтгэгчид ертөнцийн шашны дүр зургийг хангалтгүй гээд амьдралд итгэгч ертөнцийн мэдрэмжийг үндэслэгч ёс суртахууны шашны бус тулгуур үзлийг илэрхийлж байна. Тухайлбал, Б.Рассел өөрийн “ Би яагаад христийн шашинтан болоогүй вэ?” бүтээлдээ “ Хүмүүс шашныг сэтгэл хөдлөлийн нөлөөллийн үндсэн дээр хүлээн авдаг. Шашин нь хүмүүсийг сайн үйлс бүтээгчид болгон хүмүүжүүлдэг учраас биднийг цаг үргэлж шашныг дайрч, давшлах нь муу үр дагавартай хэмээн ятгаж байна” гэсэн байдаг.

            Гэхдээ Фроммын шашингүй энэрэнгүй үзлийг бүтээх гэсэн тэмүүлэл нь түүний ёс зүйн эрэлхийлэлтэй холбоотой болохоос бус шашныг устгах гэсэн хэрэг биш гэдгийг онцлон тэмдэглэх хэрэгтэй. Энэ хэмжүүрээр бол орчин цагийн христийн шашинтан ба лалын шашинтан шашныг мухар сохроор хүлээн авдаггүй  гэсэн үг юм. Шашин нь тэдний хувьд ёс суртахууны туршлага ба өмнөх эцэг өвгөдийн үеийнх нь хуримтлуулсан туршлагийн биежсэн хэлбэр юм.

             Гэхдээ зарим нэг сэтгэгчид шашныг хүн гэгчийн төрөлхийн мөн чанар гэж үздэг. Энэ байр суурь анх удаа МЭӨ 135-51 онд амьдарч байсан эртний философич стоикч Посидоны үзэлд илэрсэн байна. Гэхдээ энэ үзэл баримтлал ихэвчлэн шүүмжлэлд өртдөгийн учир нь хэрэв шашин нь өөрийгөө хадгалах ба үржин олшрох инстинкт зэрэгтэй адил хүний төрөлхийн мөн чанар юм бол тэрээр биологийн хувьд зайлшгүй байх бөгөөд хүний амьдралын суурь хэрэгцээнд үндэслэж, түүний организмын зайлшгүй нэг хэсэг болсон байх ёстой. Харин эндээс хүмүүсийн төрөлхийн шашинлаг болон шашинлаг бус шинж нь яагаад ийм олон янз байдаг вэ? гэсэн өөр асуулт урган гарч байгаа юм.

Advertisements

3 thoughts on “Шашны үүсэл

  1. Үлгэр домог шиг үзэл, бодит эсэх нь тодорхойгүй түүхыг ач холбогдол өгөн хадгалж үнэмшин, амьдралдаа том байр суурь эзлүүлхийн тулд дан энгийн нэг үлгэр домог шиг ярианд итгэн сүжиглэх, өөрөө хүслээрээ зохиож бодож олох юу л бол./нийгэмд өргөн тархаж байр сууриа эзэлсэн одоо цагт биш/ хүндлэн дээдэлдэг эцэг өвгөдөө ч 1,2 үеийн хойч нь мартдаг бхад тэр нэг илүү дутуу зохиомол үлгэр шиг юманд хэн итгээд сууж байхав. Бодит амьдралдаа л хөлөө олох гэж арга ядаж бхад сөхөө зав юу билээ.
    Гэтэл харагдаж бга барьж тавих бодит эд зүйлсийг энэ биений дотор байх харагдахгүй бга би гэгч нь харж ухамсарлаж ,хүлээж авч,ер бүх зүйлийг тэрний хүслээр хийж, хөдөлгөнө. Хөдөлгөөнгүй хөдөлгөөнгүй бодит бүх зүйлтэй тэр л харьцана. Тэгсн мөртлө тэр яг юуг хэн ч хэлж мэдэхгүй.” Би.”нь өөрийгөө илэрхийлхэд түүнд өөдөөс нь өөр илэрхийлэл ирнэ. Тэр нь би гийн харьцаж хүлээж авч буй “бусад “юм. Бусад-орчлон ертөнц байгаль..гм. энэ харьцагч ухамсаргүй байх гэж бодхоос илүү ухамсартай байж бж надтай ижил болоод харьцаж/мэдэрч хүлээн авч/ бна гэж далд ухамсартаа мэдэрч хүлээж авдаг болу. Ер нь ямар нэг баталгаагүй юманд итгэдэг бдал завхарсан завсрын үед л бдг бх. Эхэндэ хэнч тоохгү

    Like

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s