Эвдрэл

Экологичдийн өмнө 1980-аад оноос дор хаяж хоёр шийдвэрлэх ёстой асуудал гарч иржээ.

  1. Ихэнх экологичид одоо ихэнх бүлгэмдэл нь тогтворт байдалд ордоггүй гэж үзэж байна.
  2. Бүлгэмдлийн экологид олон төрлийн эвдрэл чухал үүрэгтэй байдаг.

Петр Уайт ба Стьюарт Пикетт нар эвдрэлийг экосистемд гэнэтийн өөрчлөлт гаргадаг харьцангуй ховор явагддаг үзэгдэл гэжээ. Эвдрэл нь тухайн газар нутгийн ургамлан бүрхэвчийн хэсгийг (хэмжээ нь янз бүр) алга болгоход хэрэглэгддэг. Энэ нь нэг ургамлын гэмтлээс мянга мянган гектар ой мод, тал хээрийн ургамлыг үгүй хийх хүртэл хэмжээтэй байж болно.

Эвдрэлийг үүсгэгч эх үүсвэр нь түймэр, шуурга, хөрсний нуралт, газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт, үер, хүн, амьтаны үйл ажиллагаа, ургамлын өвчин зэрэг болдог. Эвдрэлийг ангилах нэг зам нь бүлгэмдлийг бүтнээр нь үгүй хийж байгаа юу үгүй эсэх байдаг.

Энэхүү хоёр янзын эвдрэлээс 2 янзын сукцесс (байгаль эргэн сэргэх процесс) үүсдэг. Анхдагч сукцесс нь урьд өмнө ургамал ургаж байгаагүй газар ургамал ургахыг хэлдэг байна. Жишээ нь, лав урсаж өнгөрсөн газар, мөсөн голын татралаар ил гарсан газар, хадны дороос ил гарсан газар гэх мэт нь анхдагч сукцесс явагдах талбай болж болно.

Анхдагч сукцесс хүний үйл ажиллагаагаар үүсэх газар явагдаж болно. Жишээ нь уурхайн орхигдсон хэсэг гэх мэт. Анхдагч сукцессийн гол шинж нь процесс хөрсний хөгжлөөр эхэлдэгт байгаа юм. Хоёрдогч сукцесс ургамал урьд өмнө нь амьд бүлгэмдэл оршиж байсан хэсэгт давамгайлан ургаж эхлэх процесс юм. Энэ тохиолдолд хөрсөнд ургамлын пропагул, үр зэрэг нь бэлэн байж байдаг.

Гал түймрийн дараа ой дахин сэргэх нь хоёрдогч сукцессийн нэгэн тод жишээ юм. Мөн өөр нэгэн хоёрдогч сукцессийн жишээ гэвэл газар тариалангийн хагядсан хуучин талбайн сукцесс юм. Хөрс сайн байх тохиолдолд анхдагч болон хоёрдогч сукцессийн хоорондын ялгаа багасдаг.

Эвдрэл нь бүх экосистемд тохиолддог энгийн үзэгдэл ч ихэнх экологичид экосистемийн эвдрэлийн зэргийг тодорхойлдог. Бид эвдрэлийн зэргийг гурван шинжээр нь тодорхойлдог – эрчим, хэмжээ, давтамж.

Эвдрэлийн эрчим нь өөрчлөлтийн зэргээс хамаарна. Ойн түймрийн хувьд авч үзэхэд хөнгөн гадаргын түймэр гэж бий. Энэ нь хөрсний гадаргын ургамлан бүрхэвч болох намхан ургамал, бутыг сүйтгэдэг юм.

Харин титмэн түймэр өвслөг ургамал, бутыг сүйтгээд зогсохгүй бүх ойг сүйтгэдэг юм. Эвдрэлийн хэмжээ гэдэг нь хамарч буй газар нутгийн хэмжээ юм. Шуурга нэг модыг унагаж болох ч хар салхи зуу зуун модыг унагадаг.

Эвдрэлийн давтамж буюу эргэлтийн интервал нь нэгэн газар эвдрэл дунджаар хэдэн удаа болж байгааг илтгэнэ. Энэ гурван шинж нь ихэвчлэн хоорондоо харилцан хамааралтай байдаг. Бага эрчимтэй эвдрэл их эрчимтэй, том хэмжээний эвдрэлээс илүү их давтамжтай байдаг.

Цоорхой

Эвдрэлийн хэмжээ нь эвдрэл явагдсан газар ургаж эхлэх зүйлүүд ямар байхыг шийддэг. Эвдрэл нь бүлгэмдлүүдэд зүйлээр дүүргэгдэх ёстой цоорхойг үүсгэж байдаг. Ямар ч бүлгэмдэлд хэмжээ нь ямар ч байж болох цоорхой хэзээ ч үүсэж болно. Тиймээс сукцесс ямар ч хэмжээгээр үүсэн явагдаж болно.

Жишээлбэл Хойд Америкийн талд доргоны (Taxidea taxus) үүсгэсэн довууд 0,2-0,3 метр квадрат хэмжээтэй байдагч жил болгон талын нийт талбайн 0,01% нь шинэ дов үүссэнээс болж эвдрэлд ордог. Довыг ойр орчмын үр нь тархах боломж муутай ургамлууд колончилж эхэлдэг.

Үүний эсрэгээр том хэмжээний ойн түймэр хэдэн мянган гектар газрыг хамардаг тул ойр орших үрийн эх үүсвэр үлддэггүй. Тиймээс эхний колончлох ургамлуудын үр нь салхи, амьтдаар хол зайд үр нь тархдаг байх ёстой байдаг. Ой нь хэмжээний хувьд маш их хэлбэлзэлтэй жижиг дэд хэсгүүдээс тогтдог бөгөөд эдгээр нь олон төрлийн, эрчмийн хувьд ялгаатай эвдрэлд ордог.

Хойд Каролины Аппалачийн уулст хэмжээний хувьд харилцан адилгүй цоорхойнуудад хийсэн туршилтаар хамгийн том цоорхой нь хамгийн бага цоорхойтой харьцуулахад нарны гэрлийн шаралт хоёр дахин их, хөрс болон агаарын температур харьцангуй илүү байсан байна. Мөн хамгийн том цоорхой нь хамгийн багаас ургамлын биомасс, газар дээрх анхдагч бүтээмж нь гурав дахин их байжээ. Зүйлийн баялаг байдал том цоорхойд илүү, зүйлийн бүрдэл цоорхой болгонд харилцан адилгүй байдаг.

Сүүлийн жилүүдэд экологичидын эвдрэлийн талаарх үзэл аажмаар өөрчлөгдсөөр байна. Экологийн шинжлэх ухаан хөгжиж эхлэх үеийн экологичид эвдрэлийг байгалийн бус, гэнэтийн, бүлгэмдлийн байдлыг өөрчилдөг үзэгдэл гэж үзэж байсан байна. Гэвч сүүлийн 15 жилд эвдрэлийг бүлгэмдлийн нэг хэсэг, байгалийн энгийн үзэгдэл гэж үзэх болжээ.

Түймэр

Түймэр нь олон бүлгэмдлийн эвдрэлийн гол эх үүсвэр болдог. Түймэр нь маш олон янз. Урьд нь дурдсаны адилаар эрчим, хэмжээ, давтамжаараа ялагагдана. Түймрийн эрчмийг хэмжих нэг хэлбэр нь нэгж хугацаанд нэгж талбайд ногдох дулааны хэмжээ байдаг. Хамгийн хүчтэй түймэр хэдхэн минутад 500,000 кЖ/м2 дулааныг ялгаруулдаг нь хөнгөн цагаан араат моторыг хайлуулахад хангалттай байх юм.

Мак нуурын түймэр нь ойролцоогоор 3×1012 кЖ энергийг ялгаруулж байсан нь 90 дуу цахилгаант шуурга, Хирошима дээр хаясан атоын бөмбөгнөөс 9 дахин хүчтэй бөмбөгний энергитэй тэнцэх юм. Түймэр тархах хурд нь эрчмийг тодорхойлох өөр нэгэн хүчин зүйл болно. Гадаргын түймэр хурдан тархдаг. Хойд Америкийн богино өвст талд слахи ихтэй бол түймэр 22 км/цаг хурдтайгаар тархах нь Олимпийн богино зайны гүйлтийн тамирчны дээд хурдтай тэнцэж байгаа юм.

Моддын оройн түмрийн хурд 12 км/цаг байдаг. Түймрийн давтамж бүлгэмдлийн бүтэц, бүрдлийг тодорхойлох түлхүүр болж өгдөг. Энгийн талд түймэр 2-3 жилд нэг тохиодог. Энэ түймэр нь давамгайлж болох моддыг устгаж талыг тал хэвээр нь байлгаж байдаг. Калифорний бутлаг ойн бүлгэмдэл 25 жил тутамд нэг удаа түймэрт өртдөг байна.

Түймрийн эргэлтийн интерваль нь өөр өөр бүлгэмдэлд өөр өөр байдаг. Олон ургамлын зүйлүүд түймэрт зохицсон байдаг. Нэг зохилдлогоо нь меристемийн байрлал юм. Түймэр богино давтамжтай гардаг талд ургамлуудын меристем газар дор байрласан байдаг. Хөнгөн, хурдтай гадаргын түймэр ургамлын ишийг шатааж болох ч меристемд хүрдэггүй юм.

Хэд хэдэн мод болон бутны зүйлүүд үндэс болон ризомоос дахин ургах чадвартай байдаг. Давтамж ихтэй түймэрт ихэвчлэн өртдөг АНУ-ын зүүн хэсгийн Pinus rigida, Quercus ilicifolia зэрэг нь үүний нэгэн жишээ юм. Дээрхтэй адил зохилдлогоотой ургамлууд гэвэл Австралийн Eucalyptus spp., Хойд Америкийн Populus tremuloides, Калифорнийн Adenostoma fasciculateum юм.

АНУ-ын зүүн хэсгийн Quercus velutina, баруун хэсгийн Pinus ponderosa зэрэг нь гадаргын түймрийн үед модны камбийг хамгаалах зузаан холтостой байдаг. Эдгээр модод ургахдаа доод хэсгийн мөчрөө хаядаг нь гал авирахаас сэргийлсэн зохилдлогоо юм. Зарим зүйлүүд түймрийн дараа жимс, боргоцой зэргээсээ үрээ хаядаг.

Зарим нарсанд серотинт шинж илэрдэг. Энэ нь боргоцой дотор байгаа үрийг олон жил хадгалж байхад зохилдсон резинэн бодисоор нягт барьцалдуулсан байдаг. Энэ бодис нь түймрийн үед хайлж үрийг гадагшлуулдаг.

Серотинт шинж илэрдэг нарснууд гэвэл Pinus contorta, P. banksiaca, P. rigida юм. Серотинт боргоцой нь газар дээрх үрийн сан болж өгдөг юм.

Үүнтэй төстэй зохилдлогоо нэг наст болон олон наст өвслөг ургамлуудад илэрдэг. Түймрийн дараах үлдэгдэл болох үнс нурам, утаанд агуулагдах химийн нэгдлүүдээр үрийн сан нь өдөөгдөн задардаг.

Pinus palustris нь зүүн өмнөд АНУ-д зонхилох мод юм. Америкийн зүүн өмнөд хэсэгт гадаргын түймэр 3-5 жилийн давтамжтайгаар гардаг бөгөөд залуу нарсны үрслэгчүүд амархан өртдөг ажээ. Pinus palustris энэ богион давтамжит түймэрт зохицсон амьдралын циклтэй байдаг.

Хойд Америкийн бүлгэмдлийн төрлүүд дэх түймрийн зэргийн жишээ

Түймрийн зэрэг Бүлгэмдэл
Байгалийн түймэр ховор эсвэл бүр үгүй Баруун хойд зүгийн эрэг орчмын ой, зүүн зүгийн навчаа гөвдөг ойн чийглэг хэсэг, баруун өмнө зүгийн цөл
Давтамж болон эрчим багатай гадаргын түймэр Ихэнх зүүн зүгийн навчаа гөвдөг ой, баруун өмнө зүгийн царс, арцат ой.
Давтамж ихтэй, эрчим багатай гадаргын түймэр. 1-25 жилийн эргэлтийн интервальтай ба 200-1000 жилийн интервальтай өндөр эрчимт түймэр. Сиеррагийн холимог нүцгэн үрт ой, баруун зүгийн нарст ой, Зүүн өмнөдийн нарст ой, Небраска, Оклахомийн тал.
Давтамж багатай, эрчим өндөртэй 25-аас дээш жилийн эргэлтийн интервальтай гадаргын түймэр, 100-300 жилийн интервальтай оройн түймэр Их Нууруудын ойролцоох нарст ой, Рокигийн нам дор газрын ой, Калифорнийн улаан модот ой
Давтамж ихтэй, эрчим ихтэй 25-100 жилийн интервальтай гадаргын болон оройн түймэр. Ихэнх хойд зүгийн ой, баруун зүгийн өндөрлөг газрын ой, Калифорноос Техас хүртэлх бутлаг ой.
Давтамж багатай 100-с дээш жилийн интервальтай оройн түймэр. Баруун хйод зүгийн эргийн уулархаг бүсийн ой, баруун зүгийн уулсын ой, Хавайн ширэнгэн ой.

Эхний нэг жилд залуу ургамал нь газар дээр ургасан багц шилмүүс байдалтай байдаг. Энэ нь өвс адил харагдана. “Өвслөг үе”-дээ нарс их урт үндсийг ургуулдаг ба шим тэжээлийн бодисыг хуримтлуулж эхэлдэг байна. Шим тэжээлийн бодисын хуримтлал хангалттай хэмжээнд хүрсэн тохиолдолд нарсны үрслэгч маш эрчимтэйгээр өсөж эхэлдэг байна. Энэ нь хэдхэн жилийн дотор зузаан холтостой болдог.

Хэрэв цаг агаарын байдал өөрчлөгдөж гал гарах нөхцөл бүрдвэл гал гарах магадлал шатах материалын хэмжээнээс хамаарна. Талд өвөл болоход ихэнх ургамал үхдэг тул гал авалцах материал ихээр хуримтлагддаг. Ойд өвсний үлдэгдэл их байх тусам бусад өвслөг ургамлууд тэр хэсэгт колоничлолт явуулахад хялбар болдог.

Австралийн эвкалиптын ой, Хойд Америкийн нарсан ой, Калифорнийн бутлаг ойд дээрхтэй адил гал авалцах материал хуримтлагддаг. Гэхдээ энэ тохиолдолд эдгээр нь зөөлөн мөчир, ишний үлдэгдэл, зонхилогч модны навч зэргээс бий болдог. Бусад бүлгэмдэлд гал гарах магадлал дээрхтэй адилаар жилээс жилд өсдөггүй юм. Энэ бүлгэмдлүүдэд цаг агаарын нөхцөл түймэр гарах дамвтамж болон эрчмийг зохицуулдаг.

Зарим ургамлын зүйлүүд пирогеник байдаг – энэ нь тэдгээрийн хуримтлагдсан навч, зөөлөн мөчрийн үлдэгдэл нь тос болон шатамхай химийн бодис агуулж байдаг. Үүнд эвкалипт, бутлаг ургамлууд  мөн нарс орно. Пирогеник байдал дээр олон эрдэмтэд маргадаг. Энэ нь эволюцийн зохилдлогоо мөн гэж үү?

Пирогеник зүйлүүд нь түймрийн дараа үрийн сангаа ашиглан хялбархан дахин сэргэн үржиж ургадаг. Энэ нь магадгүй өрсөлдөгч зүйлийн ургамлуудыг устгах зохилдлогоо ч байж болох юм.

АНУ-ын засгийн газрын бодлогоор ойн түймэртэй тэмцэх ажлыг эрчимтэй явуулдаг байжээ. Гэвч ойн түймрийг экосистемийн энгийн нэгэн үзэгдэл гэдгийг экологичид, байгаль орчны мэргэжилтнүүд сүүлийн үед хүлээн зөвшөөрөх болсноор шинэ засгийн газрын бодлогоор хүн болон эд материалийн хохирол учруулахааргүй л бол байгалийн түймрийг унтраахыг урьтал болгохоо байсан бөгөөд хяналттай түймрийг тавьдаг болжээ. Хяналттай түймэр нь хуучин модод, шатамхай өвслөг ургамлын хуримтлалыг зайлуулах ач холбогдолтой.

Гэвч 1980 онд гарсан Yellow Stone үндэсний паркийн түймрийг зогсоох арга хэмжээ аваагүй нь олон түмний дургүйцлийг хүргэжээ. Хяналттай түймрийн талаар ч олон маргаантай асуудлууд байгаа юм. Хяналттай түймрийг ой судлаачид цаг агаар, бусад нөхцлийг нарийн тооцсоны үндсэн дээр тавьдаг. Хяналттай түймрийн ихэнх нь шатамхай үлдэгдлийг арилгаж галд зохилдсон зүйлүүд болох урт шилмүүст нарс зэргийн сэргэлтэд эерэг нөлөө үзүүлдэг юм.

Гэвч хяналттай түймэр алдаанаас болоод хяналтаас гарсан тохиолдлууд байдаг. 1980 оны 5 дугаар сарын 5-нд Мак нуурын их түймэр эхлээд хяналттай түймэр байдлаар тавигдаж байсан байна. Энэ нь хяналтаас гараад 12 цагийн дотор 10,000 гектар газрыг шатаасан бөгөөд харамсалтай нь нэг гал унтраагч нас барж, 44 айлын гэр шатсан байна.

Сүүлийн үед ойд газар худалдаж авах явдал ихэссэнээр ойн түймрийн асуудлыг шийдэхэд улам хүндрэлтэй болсоор байгаа юм. Мод бэлтгэх үйлдвэрийнхэн мөн хяналттай түймрийн эсрэг зогсож байна. Тэд шатааж байснаас модыг нийгмийн хэрэгцээнд зориулан бэлтгэж байсан нь дээр гэж үзэж байгаа юм. Гэвч шүүмжлэгчид мод бэлтгэгчид нь зөвхөн ашигтай байж болох том моддыг огтолж, галд амархан шатаж болох жижиг моддыг үлдээдэг тул түймрийг зогсооход ямар ч нөлөөгүйгээс гадна ойн экосистемийг ноцтойгоор эвдрэлд оруулж байна гэж үзэцгээж байна.

Салхи

Салхи нь эвдрэлийн бас нэгэн том эх үүсвэр болдог. Салхи нь нэг мөчир хугалахаас ойн хэдэн мянган акр газрын модыг булгалах чадалтай байж болно. Салхины цохилт гэж цөөн тооны моддыг унагахыг хэлнэ. Салхины цохилт нь Тропикийн ширэнгэн ойд чухал үүрэгтэй байдаг. Ширэнгэн ойд өндөр модод нь хоорондоо холбоотой байдаг тул нэг мод салхины цохилтоор унахдаа бусдыгаа татан унагадаг.

Африкийн Габон улсын МПасса ойн бүлгэмдлийн цоорхойн 51% нь ганц унасан модноос үүдэлтэй байдаг ба энэ нь бүх цоорхойн нийт талбайн 16%-тай тэнцэнэ.

Цоорхой үүссэн тохиолдолд ойр орчмын мод салхинд цохигдон унах магадлал ихэсдэг. МПассад энэхүү цоорхойн ойр орчмын модны уналтаар үүссэн цоорхой нь нийт цоорхойн 13%-г эзэлж байна. Энэ ойд нэг цэгт цоорхой үүсэх дундаж хугацаа нь 60 жил ба цоорхойн дундаж талбай 3 га байдаг. Энэ төрлийн ойд мод унах явдал нь эвдрэлийн гол эх үүсвэр болдог.

Хар салхи, торнадо мэтийн хэт хүчтэй шуурга нь ховор ч салхины эвдрэлийн нэгэн гол эх үүсвэр юм. Хар салхи, тайфун, циклон зэрэг нь эргийн хэсэгт чухал нөлөөтэй. Карибын хар салхи 15-20 жилд 1 тохиохдоо ямар ч ойг давж гардаг байна.

1938 онд Нью Ингландад 253,000 га ойн модыг хар салхи булгалжээ. АНУ-ын баруун дундад хэсэгт байрлах “Торнадогийн зурвас” хэмээх газар Торнадо бүлгэмдэлд хүчтэй нөлөөлдөг. Хойд Висконсины ойд жилд дунджаар 52 цоорхой салхины цохилтоор үүсдэг байна. Салхины цохилтоор үүсэх цоорхой нь ойн бүлгэмдлийн динамикийн чухал хүчин зүйл болдог юм.

Салхиар үүсгэгдэх хөрсний нуралт нь мөн илүү нээлттэй бүлгэмдлүүд болох хуурай цөлөрхөг газар, хагалсан талбай, тал зэрэгт эвдрэлийн гол эх үүсвэр болдог ажээ.

Ус

Ус нь шингэн байдлаараа бол үерийн болон үерийн биш хөрсний элэгдэл хэлбэрээр, хатуу байдлаараа бол цас, мөс хэлбэрээр эвдрэлийн нэгэн эх үүсвэр болно. Үер нь гол, мөрний эргэн тойрон дахь бүлгэмдэлд хүчтэй эвдрэлийг үзүүлдэг. Ийм төрлийн системд жил болгоны үер нь бүлгэмдлийг гэмтээж, устгаж, бас бий болгодог.

Аляскт Salix exigna хэмээх ургамал голын хөвөөний элсэрхэг газарт ургадаг ба хавар мөс хайлснаас үүдэх үерт автаж мөн сэргэж байдаг. Хүчтэй аадар бороот шуурга хөрсний гулсалтад хүргэдэг. Энэ төрлийн эвдрэл нь анхдагч сукцесс явагдахад хүргэдэг. Учир нь үер ургамалжилтгүй, шинэ хөрсийг бий болгодог.

Үүнтэй адилаар цасны нуралт нь сэрүүн бүсийн ойд эвдрэл үзүүлдэг. Канадийн Роки уулст жил бүрийн өвлөөр нийт ойн 1% нь цасны нурангид дарагддаг байна. Цасан шуурга нь мөн сэрүүн бүсийн эвдрэлийн нэг гол хүчин зүйл болдог ажээ. Энэ нь ихэвчлэн бага хэмжээний эвдрэлийн эх үүсвэр болдог. Гэхдээ цасан шуурга маш том хэмжээний эвдрэлийг үзүүлж болно. 1998 оны нэгдүгээр сард АНУ-ын Нью Иорк, Нью Ингланд, Канадын Онтарио, Квебек, Нью Брансвик мужуудыг хамарсан нэг удаагийн цасан шуурганаар нийт ойн 25%-д нь хөнгөнөөс хүнд хүртэлх гэмтэл учирсан байна.

Амьтад

Амьтдын хувьд ургамлын бүлгэмдэлд эвдрэл үүсгэх нь харьцангуй бага байдаг. Эвдрэл үүсгэгчид нь ихэвчлэн өвсөн тэжээлтнүүд байдаг. Гэвч зарим тохиолдолд өвсөн тэжээлт амьтад хүчтэй нөлөө үзүүлэх нь бий. Жишээ нь, сүрэг заан моддын навчийг идэх гэх мэт (нэг заан өдөрт 225 кг навч хэрэглэнэ). Шавж ч мөн адил ургамалд том хэмжээний гэмтэл үзүүлдэг, ялангуяа популяцийн хэт өсөлтийн үедээ.

1868 онд Массачусеттст торгоны эрвээхэйтэй эрлийзжүүлж сайн торгонй эрвээхэй гаргахын тулд Европоос цыган эрвээхэйг авчиржээ. Торгоны гарцыг сайжруулах нь үр дүнгүй болсон бөгөөд цыган эрвээхэй нь алдагдаж Хойд Америкийн ойгоор ихээхэн тархсан байна. Одоо энэ эрвээхэй нь АНУ-ын баруун зүгт Орегон хүртэл, өмнө зүгт Арканзас хүртэл тархжээ. Популяцийн хэт өсөлтийн үедээ авгалдайнууд нь ойн ихээхэн хэсгийг сүйтгэж олон моддыг үхүүлдэг байна.

Газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт

Газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт зэрэг сейсмик үзэгдэлүүд нь хүчтэй эвдрэлийг үзүүлдэг ба эдгээр эвдрэлийн дараа анхдагч сукцесс явагддаг. Далай дахь галт уулын лав нь шинэ арал үүсгэх юм уу, хуучин аралыг булхдаг.

Вашингтон мужын Сент Хеленс галт уул 1980 оны 5 сарын 18-нд дэлбэрэхэд лав 16 км2 нүцгэн газрыг бий болгожээ. Чилид 1960 онд болсон цуврал газар хөдлөлтөөр үүссэн шороо чулууны нуралт, газрын гулсалт, шаврын урсгал зэрэг нь Валдивия мужийн нийт газар нутгийн 2,8%-ийг буюу 25,000 га газрыг бүрхжээ.

Өвчин

Туулайн бөөр модны өвчин нь Хойд Америкт 20-р зууны эхэнд дэлгэрч байжээ. Энэ нь зүүн зүгийн навчаа гөвдөг ойн биомын ихэнхийг сүйтгэсэн байна. Учир нь өвчилсөн туулайн бөөр мод үхдэг ажээ. Тиймээс өвчин нь эвдрэлийн нэг эх үүсвэр юм.

Хүн

Байгалийн бүлгэмдэлд үзүүлэх эвдрэлийн хамгийн гол шалтгаан нь хүний үйл ажиллагаа, тэжээвэр амьтадтай холбоотой байдаг. АНУ-ын ойн түймрийн 35% нь шатсан талбайн 19% нь хүмүүсийн анхаарал болгоомжгүйгээс үүдсэн байдаг. Мод бэлтгэх нь АНУ-ын ойгоос жилд их хэмжээний модыг огтолдог байна. Мод огтлолт нь хоёр янз байдаг – бүрэн огтлолт, сонгон огтлолт.

Бүгдийг огтлох бүрэн огтлолтын дараа мод бэлтгэх компаниуд шинээр мод тэр хэсэг газартаа тарих ёстой гэж АНУ-ын хуулинд заасан байдаг ажээ. Гэвч дахин тарьсан модод нь зөвхөн нэг төрлийн, хурдан ургадаг, мод бэлтгэлд ашигтай байх модод байдаг тул энэ нь урьд өмнөх ойгоос тэс өөр ой болдог. Үүнээс гадна шинэ ойн модод нь ижил настай байдаг агаад энэ нь монокультур ойг үүсгэдэг.

Тропикийн ойн хувьд бүрэн огтлолт хийгдэж сул гарсан талбайг ногоо тариалах талбай болгож байгаа нь экосистемийг бүрэн өөрчилж буй хэрэг юм. Ширэнгэн ойн хорогдол секундэд 1 га, өдөрт 87,000 га, жилд 32 сая га-р хэмжигдэнэ. Мөн тэжээвэр амьтад бэлчих нь талын ургамлын бүлгэмдэлд ихээхэн эвдрэлийг үзүүлдэг юм.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s